Categories
мэдээ нийгэм

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ: Үндэсний шилдэг хуримтлуулагч таксины Оюунаа эгч

МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛТАЙ 42,000 ИРГЭН БИЙ

Голомт банк иргэн бүрийг хуримтлалтай, улс орны эдийн засгийг дархлаатай болгох зорилгоор Үндэсний хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэхүү хөтөлбөрт нийт 42.000 иргэн нэгдэж, хуримтлуулах зуршлыг өөртөө төлөвшүүлж чадсан учраас Голомт банкны хамт олон Монголын банк санхүүгийн салбарын хамгийн өндөр өгөөж болох 20 хувийн урамшууллыг олгож байна.

Гэхдээ Голомт банк нэг болзол тавьсан. Энэ бол та 20, 50, 100, 300, 500 мянган төгрөгийн хуримтлалаас сонголтоо хийж, сар бүр тогтсон өдөр тогтмол дүнгээр хуримтлалаа өсгөх юм. Ийм шаардлага тавьсны гол шалтгаан нь харилцагчийг хуримтлуулах зуршилтай болгох ганцхан зорилготой ажээ.

ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ХУРИМТЛУУЛАГЧ Н.ОЮУН-ЭРДЭНИЙГ ЗОРЬСОН НЬ…

Голомт банк Үндэс­ний хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн үеэс иргэдэд хуримтлалын ач тусыг ойлгуулах зорилготой чамгүй олон ажил хийсний нэг нь МҮОНР-тэй хамтарсан “Гэр бүлийн санхүүгийн боловсролд” нэвтрүүлэг байлаа.

Сонсогчдын таларх­лыг хүлээсэн тус нэвтрүүлгийн олон мянган байнгын сонсогчдын нэг нь Сэлэнгэ аймгийн иргэн Н.Оюун-Эрдэнэ. Тэрбээр зүгээр ч нэг үндэсний хуримтлуулагч бус. Өөрийн гэсэн хуримтлуулах арга туршлагатай, үүнийгээ бусадтай хуваалцаж ирсэн, арвин туршлага бүхий “ГИЙГҮҮЛЭГЧ” юм.

Тиймээс Гурван гийгүү­лэгч буландаа түүнийг урихаар бид МҮОНР-ийн Тэнхлэг студийн сэтгүүлчдийн хамт Сэлэнгэ аймгийг зорилоо.

ХҮҮХДИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ САР ГАРУЙН ХУГАЦААНД ЦУГЛУУЛЖЭЭ

Нутгийнхан нь түүнийг таксины Оюунаа эгч гэхээр андахгүй. 14 жилийн өмнө жолооны курс төгсөхөд нөхөр нь түүнд машин авч өгснөөс хойш, байнгын үйлчлүүлэгчидтэй, өдрийн орлогоор тасрахгүй болжээ. Оюунаа эгч биднийг найрсаг Сэлэнгэчүүдийн нэгэн адил идээ будаагаа дэлгэн угтсан юм.

Ой өнгөрсөн зээ, анагаахад сурдаг охин, хүү, тооцоог нь бодчихдог том охин, зургийг нь зурсан өвгөн нь гээд энэ айлын хүн бүрийн хөлс хүчээ шингээж, өөрсдийн гараар барьсан орон сууц нь тун тухлаг.

Ширээ дүүрэн өрсөн жимс жимсгэнээ намар хямдхан үед нь худалдаж авдаг тул өвөлжингөө “Витаминжуулалт”-ын аян тасардаггүй гэнэ. Өөрсдийн хашаанд тарьсан хүнсний ногоо нь хуримтлалаа өсгөхөд нь чамлахааргүй хувь нэмрээ оруулчихдаг тийм л ажил хөдөлмөрч гэр бүл. Үнэхээр ч Д.Улаанхүү гуайнх нэг нэгнээ гэсэн халуун дулаан сэтгэлээр “Пүнхийсэн” айл байлаа.

Оюунаа эгч орлого зарлагаа хөтөлдөг дэвтэртэй. Дэвтрийн хуудсыг 3 эгнээ болгон хуваасан байх бөгөөд эхний эгнээнд өдөрт 16,000 мянган төгрөгөөр 10 литр бензин авна… гэх мэтээр зарлагаа тэмдэглэжээ. Харин 2 дахь эгнээнд үйлчлүүлэгчдээсээ авах авлага, гурав дахь эгнээнд түүний өдрийн орлого бий. Тэрбээр орлого зарлагаа ийнхүү 14 жил хөтөлж байгаа, зургаан ч том дэвтэр дуусгажээ.

Түүний тэмдэглэлийг сайтар харвал хуримтлалдаа мөнгө хийгээгүй өдөр гэж огт үгүй. Анх тэрбээр монголын радиогийн “Гэр бүлийн санхүүгийн боловсролд” нэвтрүүлэгт оролцохдоо 7 хоногт 35,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хуримтлуулж, хүүхдийнхээ сургалтын төлбөр болох нийт 450,000 төгрөгийг хураана гэсэн зорилт тавьжээ. Тэр үед олон сонсогч өдөрт 5000 төгрөг хуримтлуулна гэдэгт нь эргэлзэж байгаагаа илэрхийлж байж.

Хамгийн мундаг нь Оюунаа эгч энэ мөнгийг гурван сар биш сар хагасын хугацаанд цуглуулчихаж. Яаж гээч. Тэрбээр өдрийн 5000 төгрөгийн орлогоо өдөр бүр дансандаа хийхээс гадна, 10-т 20-т 50-т гэх мэт бидний задгай мөнгө хэмээн ад үзэж хүүхдүүд рүүгээ илүүчилдэг мөнгөө машиныхаа урд хайрцагт цуглуулсан байна. Нэг санаад үзэхээр л нөгөө мөнгө нь хэдийн 20-30,000 мянга болчихсон байдаг байж. Үүнийгээ хуримтлалын дансандаа хийсээр хугацаанаасаа өмнө зорилгоо биелүүлж чаджээ. Харин нэг хачирхалтай зүйл ажиглагдсан нь тэрбээр 3 сарын хугацаанд 243,000 төгрөгийн кола ууснаа анзаарсан байна. Гэртээ орохдоо бариад ордог ганц сав ундаа, хичнээн их мөнгө залгиж орхисныг ярихдаа тэрбээр толгой сэгсэрч байлаа.

Голомт
банкны хамт олон Н.Оюун-Эрдэнэ эгчийн хуримтлуулах зуршил болон өөрийн арга туршлагаа МҮОНР-ийн сонсогчидтой хуваалцаж ирсэн тэрхүү эрхэм сэтгэлд талархан 200,000 мянган төгрөгийн урамшуулал олгосон бөгөөд 2016.12.08-ны өдөр Үндэсний хуримтлалын хөтөлбөрт нэгдсэн Сэлэнгэчүүдээс хоёр
азтаныг тодруулсан байна.

Оюунаа эгчийн эхний зөвлөгөө:

– Эхлээд зорилго тавь

/Том байх тусмаа сайн/

– Дараа нь түүндээ хэдий хугацаанд хэрхэн хүрэхээ төлөвлө /Өдөр бүр зорилгодоо үнэнч бай/

– Орлого зарлагаа тэмдэглэ

– Задгай мөнгөө цуглуул

/Яг өнөөдрөөс хэвшүү­лээрэй/

– Эрүүл мэндэд хортой дэмий зүйлд бүү мөнгө үр

/Зардалдаа хяналт тавь/

Хуримтлалтай болно гэхээр хүмүүс харамч хүн мэтээр ойлгодог. Гэтэл энэ нь ухаалаг зарцуулалт хийж чаддаг хүнийг хэлдэг.

Оюунаа эгчийг багад нь ээж аав нь хоол ундны мөнгөө бариулдаг байжээ. Нэгдүгээр гурил 1 төгрөг, элсэн чихэр 4 төгрөг байхад гэрийнхээ хоолонд яаж хүргэх үү хэмээн тооцож, дэвтэрд тэмдэглэснээрээ л худалдаа хийж, илүү дутуу үрдэггүй занд сурсан байна. Тэглээ гээд Оюунаа эгчийн амьдрал муудаагүй юм.

“Хүмүүс хуримтлалтай болно гэхээр, гэнэт их мөнгө банкинд хийнэ гэж боддог. Гэтэл жишээ нь би Үндэсний хуримтлалын хөтөлбөрт 20 мянган төгрөгний данс нээлгээд, сард 2 удаа 10,000 төгрөг хийхэд жилийн дараа би ямар ч сэтгэлийн дарамтгүйгээр өөртөө 300 орчим мянган төгрөг хуримтлуулсан байна. Одоо би 50,000 төгрөгөөр хуримтлал үүсгэнэ” гэж ярих түүнд олон зорилгыг нь биелүүлэх олон төрлийн хадгаламж бий. Гэнэтийн үед хэрэглэх, хүүхдийн сургалтын төлбөр, ач зээ нартаа зориулсан гээд хадгаламжаа төрөлжүүлэхийг тэрбээр сануулж байсан шүү.

Жишээ нь гутал авахдаа сард хэдий хэр мөнгийг хэдий хугацаанд цуглуулахаа тооцож, хуримтлуулчихвал нэг дор бөөн мөнгө гарахгүй, өөрт ямар ч сэтгэлийн дарамтгүйгээр худалдан авч чаддаг байна.

Хамгийн гол нь урт хугацааны хадгаламж хамгийн өгөөжтэй. Оюунаа эгч мөнгөө хуримтлуулж байгаад нөхөртөө машин бэлэглэж байжээ. Бас тэд гэр бүлээрээ зун болгон эх орноороо аялдаг. Мөн тэд хуримтлалаа барьцаалж, үр хүүхдүүддээ байр орон сууц авч өгсөн. Аймгийн төвдөө хувийн орон сууц барьсан гээд хуримтлалын ач тусыг хүртэж буй үлгэр жишээ гэр бүл юм. Та Оюунаа эгчийг ганцаараа гэр бүлийнхээ санхүүг зөв удирддаг гэж бодож байна уу? Тэгвэл түүний нөхөр Д.Улаанхүү гуайд түүнийхээс нямбай хөтөлсөн дэвтэр бий.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ эдийн-засаг

”Оюутолгой” зэсийн баяжмалын экспортоо эхлүүллээ

Оюутолгой зэсийн баяжмалын тээвэрлэлтийг энэ сарын 1-нээс эхэлж зогсоож, экспортоо хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй байсан юм.

Тэгвэл “Туркиз Хилл Ресурс” компанийн зүгээс “Оюу Толгой” зэсийн баяжмалаа БНХАУ руу тээвэрлэж эхэлсэн талаар албан ёсоор мэдэгдлээ.

“Туркиз Хилл Ресурс” ”-ээс мэдээлж буйгаар ” Одоо тээвэрлэлтийг хэвийн явуулж эхэлснээр ойрын хэдэн долоо хоногийн дотор 11 дүгээр сарын түвшинд хүргэж нэмэгдүүлнэ” гэв.

Түүнчлэн экспортыг ийнхүү түр хугацаагаар зогсоосон нь “Оюу Толгой”-ийн олборлолтод нөлөөлөөгүй байна. Тус компани 2016 оны эхний 11 сарын байдлаар Гашуунсухайт боомтоор нийт 849.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Үүнээс зөвхөн 11 дүгээр сард л гэхэд нийт тээвэрлэлтийн дүн 68 мянган тоннд болсон талаар Гашуунсухайт боомтын захиргаа мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгос пуужингийн туршилт хийжээ

Умард Солонгосын тал энэ сарын эхээр шумбагч онгоцноос баллистик пуужин хөөргөх загварчлан дуурайсан туршилтыг хуурай газарт явуулсан гэж АНУ-ын Засгийн газрын төлөөлөгч мэдэгдэв.

Умард Солонгосын хийж буй үйлдлүүдийг ажиглах явцад тус улс туршилтын байгууламждаа шумбагч онгоцноос баллистик пуужин хөөргөх боломжийг шалгах туршилт хийсэн гэж тэрбээр мэдэгдлээ. Умард Солонгос шумбагч онгоцон дотор түлшийг ноцоолгүйгээр хий болон агаарын даралтыг ашиглан баллистик пуужин хөөргөх технологийг боловсронгуй зорилгоор энэ туршилтыг хийсэн бололтой. Энэ аргыг “хүйтэн агаараар хөөргөх” технологи гэдэг аж.

Умард Солонгос өнгөрсөн дөрөв, долоо, наймдугаар саруудад ийм төрлийн туршилт хийсэн билээ. Наймдугаар сард хөөргөсөн пуужин нь 500 км орчим зайг туулсан байна. Умард Солонгос энэ мэтээр туршилт хийж, шумбагч онгоцноос баллистик пуужин хөөргөх чадавх боломжоо нэмэгдүүлсээр байна гэж АНУ үзэж байна.

Умард Солонгос энэ сард туршилт хийснээр шумбагч онгоцноос пуужин хөөргөхөд шаардлагатай технологийн мэдээллүүдийг олж авсан байх гэж АНУ-ын албаны хүн мэдэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхлэхээр товлогдсон ч нэг цагаар хойшилж эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчлал хийж байгаатай холбогдуулан хуралдааныг дэд дарга Ц.Нямдорж даргалж байна.

Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж шүүмжлэлтэй хандаж, “Их хурлын бүрэн эрх нь эхлээгүй ирц нь бүрддэггүй УИХ гэж юу байхав. Ингээд суугаад байхад хэн хариуцлагатай болох вэ” хэмээн бухимдлаа илэрхийлж шүүмжлэлтэй хандав.

Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
гадаад мэдээ

Эйфелийн цамхгийн гэрлийг унтраажээ

Алеппо хотод олон мянган хүн амиа алдаж, хүмүүнлэгийн асар том хямрал болж байна гэж НҮБ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан Парис хотын захирагч Энн Идальго Алеппо хотынхонд хүндэтгэл үзүүлж тэдэнтэй хамт байгаа гэдгээ илэрхийлж 300 м өндөр Эйфелийн цамхгийн гэрлийг унтраана гэж өчигдөр мэдэгджээ.

Эйфелийн цамхгийн гэрлийг голдуу шөнийн 01:00-02:00 цагт унтраадаг бөгөөд уг байгууламжийг эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж үздэг билээ. Өмнө нь “Orlando” гэдэг ижил хүйстнүүдийн клубт буудалцаан болж 49 хүн амиа алдсаны дараа Эйфелийн цамхаг солонгын долоон өнгөөр гэрэлтэж байсан бол Брюссельд болсон халдлагын дараа Бельгийн төрийн далбааны өнгөөр гэрэлтэж байв. Харин өнгөрсөн онд Парист болсон халдлагын дараа Францын төрийн далбааны гурван өнгөөр гэрэлтжээ.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчид 21 хоног амарна

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь “ЕБС-ийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г батлан, бүтцийг жил бүр өөрчилж ирснийг больж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргасан юм.

Энэхүү журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед гурван долоо хоног буюу энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амрах юм. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм. Өөрөөр хэлбэл хот, хөдөөд сурагчдын хичээллэх болон амрах хугацаа нэгэн адил байна.

Харин аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байхаар болсон. Мөн орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мал төлөлтийн үеэр амрааж байх зохицуулалтыг хийж, тухайн орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд сурагчдын гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох аймгийн Засаг даргад олгожээ.

Сургалтын ачаалал, амралтын харьцаа зохистой байх шаардлагад нийцүүлэн бага ангийн сурагчдын зуны амралтыг эрт эхлүүлж байхаар зохицуулсан. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сарын 25-наас, 3-5 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс тус тус амардаг болно.

Categories
гадаад мэдээ

Форбес “Оны хүн”-ээрээ Путинийг сонгожээ

Америкийн “Форбес” сэтгүүл жил бүр “Оны хүн”-ийг тодруулдаг билээ. Тэгвэл тус сэтгүүл энэ оны “Оны хүн”-ээр ОХУ-ын В.Путинийг нэрлэсэн талаар “TASS” агентлаг мэдээлэв. Путин ийнхүү дөрвөн жил дараалан “Оны хүн” болж байна.

Харин хоёрдугаар байранд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй тэрбумтан Дональд Трамп жагсчээ. Удаах байранд Германы Канцлер Ангила Меркел, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Ватиканы тэргүүн Францис жагссан байна.

Тэгвэл тун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусах Барак Обама уг жагсаалтад 47 байранд жагссан аж. Тэрбээр таван жил тасралтгүй эхний 10 байранд жагсч байсан юм.

Мөн Британийн Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон Дэвид Камерон 48 байр, Британийн Ерөнхий сайдаар сонгогдоод буй Тереза Мая 13 байр, Японы Ерөнхий сайд Шинзо Абе 37 байр, технологийн “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс 17 байр, “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күк 32 байрт жагссан аж.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банк хамтарч төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д хийх айлчлалаа өчигдөр эхлүүлсэн. Тэрээр айлчлалаа ОХУ-ын “Нэгдмэл Орос” намынхантай зөвлөлдөх уулзалт хийснээр эхэлжээ. “Нэгдмэл Орос” намын төв байранд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдыг тус намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов угтан, хоёр намын хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцсан байна.

Ноён Б.Грызлов хөрш зэргэлдээ оршдог төдийгүй найрамдал, хамтын ажиллагааны олон жилийн баялаг түүхтэй Монгол Улс, Монголын ард түмнийг бид гүнээ хүндэтгэдэг хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглээд “Бидэнд улс орноо хөгжүүлэх, эдийн засгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, харилцаа хамтын ажиллагаагаа илүү өндөр түвшинд хөгжүүлэх нийтлэг сонирхол бий. Үүнд хоёр намын хамтын ажиллагаа, парламент хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэнэ.

Хөршүүдийн харилцааны хүрээнд ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан “Эдийн засгийн коридор” байгуулах хэлэлцээнд 30 гаруй төсөл багтаж байгаагийн дотор зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн олон төсөл бий. Тэдгээрийг амжилттай хэрэгжүүлэхэд эрх баригч улс төрийн хүчин болох “Нэгдмэл Орос” нам болон Монгол Ардын Нам онцгой анхаарал хандуулах ёстой. Хоёр орны хоорондын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Өнгөрсөн оны байдлаар бараа эргэлтийн хэмжээ 1.1 тэрбум ам доллар байгаа нь чамлалттай байна. Гэхдээ 2000 онтой харьцуулахад энэ үзүүлэлт 6 дахин нэмэгдсэн” гэлээ.

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Төрийн Думын сонгуульд ялалт байгуулсанд нь Б.Грызловт баяр хүргээд бидний айлчлал, энэ үеэр гарын үсэг зурах баримт бичиг хоёр намын хамтын ажиллагаанд чухал үйл явдал болж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард миний бие ОХУ-д айлчилсан. Энэ үеэр Их өрийн үлдэгдлийг нэгмөсөн шийдсэнээр хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцаанд таатай, шинэ орчин үүсэн бий болсон.

Айлчлал: Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банк хамтарч төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ

Түүнчлэн “Нэгдмэл Орос” нам Думын сонгуульд, манай нам энэ оны VI, X сард явагдсан хоёр сонгуульд ялалт байгууллаа. Ийнхүү хоёулаа засгийн эрх барьж буй нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшинд амжилттай хөгжих суурь нөхцөл болж байна. Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа эрчимжих хандлагатай боллоо. Хөрш 3 улсын тохиролцоог ажил хэрэг болгох нь чухал гэдэгтэй санал нэг байна. Энэ тохиролцоогоор “Эдийн засгийн коридор” байгуулах төслийн судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулахаар тохиролцсон. Энэ талаар та бүхэн анхаарч, дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Намуудын хамтын ажиллагааны хүрээнд намын дэргэдэх залуучууд, эмэгтэйчүүдийн гэх мэт төрийн бус байгууллагуудын хэлхээ холбоог бэхжүүлэх нь чухал юм. Манай намын залуучуудын байгууллага “Нэгдмэл Орос” намын дэргэдэх “Молодая гвардия” байгууллагатай хамтран ажиллахаар болсон нь сайхан эхлэл боллоо. Түүнчлэн намын улс төрийн ажилтнуудыг харилцан туршлага солилцуулах, “Нэгдмэл Орос” намын сонгуулийн сурталчилгаа, мэдээллийн туршлагаас бид суралцан судлах саналтай байна гэв.

Уулзалтын үеэр “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч С.В.Железняк, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар харилцан үг хэлж, хоёр улс болон намуудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ.

Айлчлал: Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банк хамтарч төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ

Дараа нь УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызлов нар намуудын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Баримт бичигт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “Сбер” банкны Удирдах захирал А.Иванов нар гарын үсэг зурлаа.

“Сбер” банк нь ОХУ-ын хамгийн том банк бөгөөд энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрийг “Сбер” банк санхүүжүүлэх боломжтой болж байгаа ажээ.

Айлчлал: Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банк хамтарч төсөл хөтөлбөр санхүүжүүлнэ

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзах юм байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Ж.Мөнхбатад албан бичиг хүргүүлэв

Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг даргын хууль зөрчсөн шийдвэртэй холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт албан бичиг хүргүүллээ.

Тус газраас “Дархан-Хот байгуулалт, барилга захиалагчийн газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Элдэвсайханыг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллах талаар аймгийн Засаг дарга С.Насанбатад албан бичгийг хүргүүлсэн юм. Гэвч Д.Элдэвсайханыг уг албан тушаалд томилсон нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх этгээдийг хууль зөрчин нийтийн албанд томилон ажиллуулж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул түүнд хариуцлага тооцох, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг нийтийн албанд томилсон зөрчлийг арилгуулах шаардлагатай юм.

Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-д нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Хавдар судлалын үндэсний төвд хавдраар шаналсан иргэд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж үйлчлүүлдэг. Тэдний 50-60 хувь нь Улаанбаатар хотын иргэд байдаг байна. Тиймээс ХСҮТ-ийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус төвд элэг шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах 1 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэхээр болж, өнгөрсөн 10 дугаар сард санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл элэг шилжүүлэн суулгах мэс засалд зайлшгүй шаардлагатай уг тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр ХСҮТ-д хүлээлгэн өглөө.

ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн “1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжид элэг шилжүүлэн суулгах мэс заслын унтуулга, хагалгааны дараах хяналт, мэс заслын үед хэрэглэх багажууд багтаж байна. Энэхүү хөрөнгө оруулалт хийгдсэнээр зөвхөн элэг шилжүүлэн суулгах төдийгүй ХСҮТ-ийн бусад мэс ажилбаруудын чанар ч сайжрах ач холбогдолтой. Зөвхөн элэг солиулах хүмүүст л хэрэгтэй гэж ойлгож болохгүй юм. Манай эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар 1 давхраас 9 давхарт цойлох шиг боломж гарч байна гэж харж байна. Тиймээс хотын дарга С.Батболдод ХСҮТ-ийн хамт олныхоо өмнөөс талархсанаа илэрхийлье” гэсэн юм.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Э.Эрхэмбаяр “Нийслэлийн Засаг даргын 2016 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ХСҮТ-д нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж өгч байна. Хотын даргын 2016 оны А/719 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 11 багц тендер зарласан. Уг тендерт шалгарсан 5 компанитай нийслэлийн Өмчийн харилцааны газар гэрээ байгуулж, өнөөдөр тоног төхөөрөмж хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулж байна” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.hosut

hosut