Монголын Диабетийн Холбооны дэргэд Эрүүл Хооллолтын Клубыг байгуулсан талаар мэдээлэл хийлээ. Энэхүү Эрүүл хооллолтын клуб нь сүүлийн үед бөөрний дутагдлаас болж гемодиализийн аппаратад ордог байсан бол чихрийн шижин өвчнөөс болж бас энэ аппаратад орох болсон талаар ярилаа.
Дэлхий нийтийн хэмжээнд чихрийн шинжин өвчний улмаас зургаан секунд тутамд нэг хүн нас барж, долоон жирэмсэн эмэгтэйн нэг нь жирэмсний чихрийн шижин өвчнөөр өвдөж байна гэсэн тоо байдаг аж. Өвчлөл нас баралтын шалтгааны 60-80 хувийг чихрийн шижин өвчин эзэлж байдаг байна.
17-р зууны үед амьдарч байсан Английн эмч Томас Мэтью “Хүн төрөлхтөн өөрийн шүдээр булшныхаа нүхийг ухаж байна” гэж хэлсэн байдаг. Энэ нь бидний буруу хооллолт, буруу зуршил, хөдөлгөөний хомсдол, архи тамхи зэрэг хорт зуршлуудаас болж бие махбодоо өвчлүүлж байгааг хэлж байна.
Тиймээс өөрсдийн санаачлагаар Монголын Диабетийн Холбооны дэргэд Эрүүл Хооллолтын Клубыг байгуулсан байна.
Манай улсад энэ өвчний талаар дэлгэрэнгүй бүртгэл мэдээллийн судалгаа хараахан хийгдээгүй байгаа учраас бид эмчилгээ авах боломжгүй болсон хойно нь илрүүлж, үр дүн муутай байдаг байна. Чихрийн шижин өвчнөөр дэлхийн хэмжээнд нийт 400 гаруй сая хүн, Монгол Улсын хэмжээнд 120 мянга орчим хүн өвдсөн байх магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд бүртгэлтэй, хяналтанд байдаг 30,000 орчим өвчтөн байдаг байна.