Categories
мэдээ нийгэм

Дорноговийн иргэд гемодиализ эмчилгээг 100 хувь нутагтаа хийлгэдэг болжээ

Дорноговь аймгийн иргэд бөөрний дутагдлын эмчилгээ буюу гемодиализийн эмчилгээ, үйлчилгээг 100 хувь Нэгдсэн эмнэлэгтээ хийлгэдэг болсон байна. Тодруулбал, тус эмнэлгийн гемодиализ эмчилгээний тасаг нээгдээд жил болох хугацаандаа 15 хүнийг, давхардсан тоогоор 733 удаа эмчилгээнд хамруулжээ. Ингэснээр нутгийн иргэд гемодиализ эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хандах шаардлагагүй болжээ.

Тус гемодиализ эмчилгээний тасагт ЭМЯ-аас 40 сая төгрөг, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээр хоёр гемодиализийн аппарат, нэг усны шүүлтүүрийн аппараттайгаар 2015 оны 12 дугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Жаргалсайхан: Нэг хэсэг нь хулгай хийгээд яваад байгаа нь бидэнд таалагдахгүй байна

Өнөөдөр МҮХАҮТ-аас “Валютын ханшийн өсөлт” сэдвээр Монголбанк, Засгийн газар, бизнесийнхний дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, ЗГХЭГ-ын төлөөлөл, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын Банкуудын Холбооны Ерөнхийлөгч О.Орхон болон бусад бизнес эрхлэгчид оролцлоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Зургаадугаар сарын сүүлээс хойш долларын ханш 1,900-2,500-д хүрчихсэн байгаа. Саяын 20 гаруй хувийн уналтаас болж бүх бизнесүүдэд ашгийн тухай ойлголтгүй болчихлоо. Олж байгаа 7-8 хувийн ашиг нь үүндээ идэгдчихэж байгаа юм. Татварын тоон дүнг харахад биелэлт сайн байна. Энэ нь татварын ил тод байдлын хууль, НӨАТ-ын татвар төлөлт нэмэгдсэнтэй холбоотой болохоос эдийн засгийн сайжралтай холбоотой биш. Авдаггүй татвараа авч эхэлсэн гэсэн үг.

Макро эдийн засаг дээрээ Засгийн газар тодорхой бодлого гаргаж чадахгүй байна. Үүнээс болж бид хямралд идэгдээд дуусаж байгаа. Нэг ч улс төрч өнөөдөр хийсэн алдаандаа хариуцлага хүлээгээгүй гэсэн бол “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан энэ асуудлаар нэлээн хүчтэй байр суурь илэрхийллээ. Тэрбээр “Монголбанк бол дампуурчихсан юм байна. Энэ авсан бүх зээлийг чинь энгийн математикаар нэмж хасахад аль хэдийнэ дампуурчихсан. “Буян” компани Монголбанкны оронд байсан бол дампуурчихсан байгаа. Улс төрчидтэй хуйвалдаж бизнес хийж болдоггүй юм. Зах зээлийн эдийн засаг, бизнесийг ар, өврийн хаалгаар хийхээр улс орон тэр чигтээ унадаг юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Шударга байя л даа бүгдээрээ. Бид ядуу байж болно. Улс орон хэцүү байж болно. Гэхдээ бид ил тод байдал, шударга ёсыг хүсээд байна шүү дээ.

Нэг хэсэг нь хулгай хийгээд яваад байх нь бидэнд таалагдахгүй байна. Сүүлийн 10 жил манай улс төрчид банкуудтай хуйвалдаж дэндүү их бизнес хийж байгаа.

Тийм учраас энэ ил тод байдлыг хадгалах хэрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

0-5 насны хүүхдийн томуугийн эсрэг эмийг 100 хувь хөнгөлнө

Бага насны хүүхдүүд дунд ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 0-5 настай хүүхдийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөхөөр боллоо. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зардлыг 100 хувь төрөөс болгох шийдвэрийг өнөөдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргалаа.

Тодруулбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран хүйтний улиралд ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 0-5 настай хүүхдүүдийн эм, хэвтэн эмчлүүлэх төлбөрийг 100 хувь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа.

Ханиад, томуугийн эсрэг хэрэглэдэг 10 гаруй нэр төрлийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөх, 0-5 настай хүүхэд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд төлбөрийг 100 хувь хөнгөлөх нь зүйтэй гэж үзэн ийнхүү шийдвэр гаргажээ. Үүнд улсын төсвөөс 1,5 тэрбум төгрөг төсөвлөхөөр болжээ. Энэхүү хөнгөлөлтөд Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй хувийн эмнэлэгийг ч хамруулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй эмнэлэгт 0-5 настай хүүхдүүд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд төлбөрийг 100 хувь хөнгөлөх юм. Энэхүү шийдвэрийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран удахгүй тогтоол гаргаж, хэрэгжүүлэх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэтхэгийн зээлээр газрын тосны үйлдвэр барина

БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди өнгөрсөн 2015 оны тавдугаар сард Монгол Улсын албан ёсны айлчлал хийхдээ манай улсад нэг тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн билээ. Монголын Засгийн газар, БНЭУ-ын “Экспорт-Импорт” банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнл “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болжээ. Засгийн газраас уг төсөлтэй холбоотойгоор БНЭУ-ын банктай тохиролцохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан байна.

Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт боловсруулах үйлдвэрийг барихаар болсон. Төслийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр барихиад 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолойг байгуулахад 264 сая ам.доллар шаардлагатай байгаа аж. Мөн үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашиг олох бөгөөд хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцжээ.

Газрын тосны үйлдвэр барьснаар жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой. Мөн Монголын эдийн засагт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдана гэж тооцож байгаа аж. Тэрчлэн газрын тосны бүтээгдэхүүний импорт нэг тэрбум ам.доллараар буурах бөгөөд гадагшлах валютын урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ.

Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм. Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцоолсон байна.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилгаагаа төлсөн ч түрээсийн байранд орж чадахгүй байгаа иргэд эсэргүүцлээ илэрхийлэв

Өнөөдөр “Хангай” хотхоны түрээсийн байранд орж чадалгүй олон сар болж буй хохирогчид Барилга, хот байгуулалтын яамны гадна талбайд жагсаал хийхээ мэдээллээд байсан. Гэвч тэднийг өнөөдөр яамны төлөөлөл хүлээн авч уулзан, асуудлыг дахин авч үзэхээ хэллээ. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах долдугаар хороололд 2800 айлын “Хангай” нэртэй хотхон боссон. Тус хорооллын гүйцэтгэгч компани нь “Бэрэн” констракшн аж. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 248-р тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын долдугаар хорооллын “Хангай” хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлсэн билээ.

Эдгээр түрээсийн орон сууцуудад амьдрах иргэдийг шалгаруулах ажиллагааг 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр зохих журмын дагуу “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчийн үйлчилгээний газраас зохион байгуулсан байна. Гэвч тус хорооллын байруудыг барьж дууссан ч түрээсийн байрандаа урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд орж чадалгүй олон сар болсоор байгаа ажээ.

Энэ асуудлаар ТОСК, ТӨҮГ-ын удирдлагууд санаачлан “Хангай” хотхоны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компанийн ерөнхий инженер, ашиглалтын албаны менежер зэрэг албаны хүмүүстэй энэ сарын 6-ны өдөр уулзалт зохион байгуулж, түрээсийн байруудыг ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн амьдрах нөхцөлийг хангахыг шаардсан билээ.

Categories
мэдээ улс-төр

​Н.Номтойбаяр: Элэгний С вирусын эсрэг таван эмэнд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлаар элэгний С вирусын эмийн дүнд хөнгөлөлт үзүүлэх хувь хэмжээг тогтоожээ. Тодруулбал, элэгний С вирусын эсрэг таван эмэнд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ тодорхой эмийн сангуудад үйлчлэх юм байна. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Нэгдүгээр сард хуралдах Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлдөх хурлаар ажлын явцыг танилцуулна. Мөн өвлийн улиралд утаа ихсэж байгаа учраас 0-5 насны хүүхдүүд ханиад, томуугаар өвчлөх нь нэмэгдэж байна. Тиймээс 0-5 настай хүүхдүүдийн хэрэглэх 10 гаруй нэр төрлийн эмийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа.

Эмийн хөнгөлөлт 500 орчим сая төгрөг болох юм. Мөн хэвтэн эмчлүүлэхэд 100 хувь эмчилгээний зардлаас чөлөөлнө. Энэ бүхэнд нийт 1.5 тэрбум төгрөг зарцуулна. Мөн Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдлийн талаар ярилцлаа. Одоогийн байдлаар 557 тэрбум төгрөг арилжааны банкуудад есөн хувийн хүүтэй байршиж байна. Гэтэл Монголбанк 15 хувийн бодлогын хүү тогтоосон. Зургаан хувийн зөрүү байна. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, тэтгэврийн мөнгө авч байна.

Тэтгэврийн зээлтэй ахмадууд нас барсан тохиолдолд тэтгэврийн сангаас өгч байгаа тэтгэвэр нь зогсох ёстой байтал үргэлжлэн олгогдож байна. Энэ мэт луйврын шинж чанартай үйл ажиллагаа гарч байгаа учраас тэтгэвэр тогтоолгох аянгаа улсын хэмжээнд явуулна. Мөн Ажилгүйдлын даатгалын сангийн орлогоос төвлөрсөн 114 тэрбум төгрөг байна. Ирэх онд 38 орчим тэрбум төгрөгийг ажилгүйдлийн даатгалд олгоно.

Categories
мэдээ нийгэм

НОБГ 2016 оны ажлаа дүгнэлээ

Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, гамшгийн аюулаас эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалдаг нийслэлийн Онцгой байдлын газар 2016 оны шилдгүүдээ тодруулж, ажлаа дүгнэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 2016 онд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 2953 удаагийн дуудлагаар шуурхай ажиллаж, 878 эрдэнэт хүний амь насыг аварч, 3,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшгийн аюулаас авран хамгаалж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлж ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газраас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчдад шагнал гардуулав.

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2016 оны шилдэг удирдах ажилтнаар Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа А.Дашням, Шилдэг мэргэжилтнээр Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн Гамшгаас хамгаалах албад хариуцсан ахлах мэргэжилтэн, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Энхжавын Эрдэнэбаатар, шилдэг байцаагчаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал тйүмртйн улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын хошууч Жовдын Хүдэрчулуун, шилдэг санхүүгийн ажилтнаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Нямын Хажидмаа,шилдэг салааны захирагчаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийн захирагч, онцгой байдлын ахмад Ганхүүгийн Пүрэвтулга, шилдэг бүлгийн даргаар Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн дарга, онцгой байдлын дэслэгч Бат-Өлзийн Баттулга, шилдэг жолоочоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн шатны техникч онцгой байдлын ахлах ахлагч Цэдэвийн Ганжаргал, шилдэг гал сөнөөгчөөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Оюунбилэгийн Оюунболд, шилдэг аврагчаар Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Халтарын Цогбадрах, шилдэг дуудлага хүлээн авагчаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, онцгой байдлын ахлах ахлагч Цэрэндоржийн Баярмаа, шилдэг үйлчилгээний ажилтнаар Нийслэлийн Онцгой байдлын газрын үйлчлэгч Жагдхоролын Цэрэнханд нар тус тус шалгарсан.

Мөн тус газрын онцгой байдлын хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийг “Тэргүүний хамт олон”-оор, онцгой байдлын хурандаа А.Батмөнх даргатай Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийг Хоёрдугаар байранд, онцгой байдлын хурандаа Я.Жаргалсайхан даргатай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийг гуравдугаар байрт шалгаруулж шагнасан.
Жилийн эцсийн ажлаа дүгнэх, шилдэг албан хаагчдаа шагнах арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох оролцож баяр хүргэж мэндчидгээ дэвшүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга н.Даваажаргал нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын мэндчилгээг уншиж, нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газар, ОБЕГ, НИТХ, Нийслэлийн Засаг даргаас онцгой байдлын албыг чадавхижуулахад анхаарч ажилласны үр дүнд алба хаагчдын ажиллах нөхцөл сайжирч, гамшгийн эрсдлийг даван туулах, аврах, эрэн хайх ажиллагаанд ашиглагдах техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжүүд шинэчлэгдэж үүрэг гүйцэтгэх чадавхи нэмэгдсэнээр нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж нэмэгдэж байна.

Энэ жил нийслэлийн төсвийн 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнууд, ард иргэдэд газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилготой Иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв үйл ажиллагаа эхлүүлсэн.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг иргэдийн оролцоотой үр дүнтэй зохион байгуулснаар гал түймэр, ослын тоо, хохирол өмнөх оныхоос 26% буурсан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл ТҮЦ эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдөр /2016.12.15/ ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/ эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “ТҮЦ эрхлэгчид Өргөдлийн байнгын хороонд хандсан. Үүний дагуу төлөөллийг хүлээн авч уулзаж байна. Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнуудыг ирүүлсэн” гээд ТҮЦ эрхлэгчдийн өргөдлийг уншиж сонсгов.

ТҮЦ эрхлэгчид өргөдөлдөө “Газрын зөвшөөрөлгүй нэрийдлээр бидний ажлын байрыг хурааж буй нь тулгамдсан асуудал боллоо. ТҮЦ эрхэлсэн цагаасаа зөвшөөрөл авах гэж хөөцөлдсөн ч үр дүнд хүрээгүй. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ингээд хаачихвал олон хүн амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрнэ. ТҮЦ буулгаж байгаа энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” хэмээжээ.

Үүний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Нийслэлийн захирагчийн ажлын албаны албан тушаалтнуудаас тайлбар өгөхийг хүссэн. Асуултад Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Т.Сэргэлэн хариуллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 1132 ТҮЦ байгаа. Нийслэлийн ерөнхий менежерийн баталсан ТҮЦ байршуулах журамд заасны дагуу 375 байршил баталсан байдаг. Үүнээс илүү гарч буй нь зөвшөөрөлгүй гэсэн үг. Иргэд ТҮЦ-ийг орчныг бохирдуулж, хүнсний аюулгүй байдлыг хангахгүй хагас боловсруулсан, хаяг шошгогүй бараа, архи тамхи худалдаалж байна гэсэн гомдол их ирүүлдэг” хэмээн хариуллаа.

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл зөвхөн иргэд гомдол ирүүллээ гээд ТҮЦ-ийг буулгаж асуудлыг шийдвэрлэх бус аль аль талаа бодсон алхам хийх ёстойг хэлсэн.

Үүнд мэргэжилтэн Т.Сэргэлэн “Иргэдийн гомдлын мөрөөр Газрын алба, Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагууд нэгдсэн шалгалт хийж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг баримтаар тогтоосон. Тиймээс эхний ээлжинд зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг хаая гэж байгаа юм. Гэхдээ олон жил ажиллуулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллуулдаг ТҮЦ-ийг зөвшөөрөлтэй байршилд шилжүүлэх, худалдааны төвүүдэд лангуу түрээслүүлэх боломжоор хангах бодлого барьж байгаа” гэж хэллээ.

ТҮЦ эрхлэгчид нийслэлээс гаргаж буй энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрч байлаа. Гэхдээ хугацааг ирэх оны тавдугаар сарын 01 хүртэл хойшлуулж өгөөч гэж санал гаргав. Учир нь өр зээлтэй айл өрх өр зээлээ дарж, дараагийн ажлын байраа бэлтгэхгүй бол амьжиргаагаа залгуулахад хүнд болно гэсэн. Мөн 60-70 ТҮЦ байгуулаад, түүнийгээ түрээсэлж бизнес хийдэг хүмүүсийг үлдээгээд ганц ТҮЦ ажиллуулж амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийг хохироож болохгүй гэсэн байр суурьтай байлаа. Үүнийг Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл дэмжиж, иргэдийн хүсэлтээр ТҮЦ буулгах хугацааг хойшлуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүдэд хандаж хэлсэн.

Мэргэжилтнүүд “Боломжтой гэж бодож байна. Ажлын хэсэгтээ энэ асуудлыг тавьж, эргээд хариу мэдэгдэе” хэмээн хариуллаа. Уулзалтын төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “ТҮЦ эрхлэгч иргэдийн саналыг хүлээж авч шийдэх тохиролцоонд хүрлээ гэж ойлголоо” хэмээн хэлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
энтертаймент-ертөнц

Дэлхийн миссийн тэмцээнд хэрхэн саналаа өгөх вэ

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож буй юм.

Дэлхийн миссийн албан ёсны санал хураалт дуусахад зургаан хоног үлдээд байна. Уг санал асуулгад тэргүүлбэл финалын шатны шилдэг 10-т автоматаар шалгарах юм. Иймд санал өгөх зааврыг танилцуулж байна.

Нэгдүгээрт: Хэрэв та Iphone утас ашигладаг бол App Store аппликейшнаас “Miss World” аппликейшныг татаж суулгана. Уг аппликейшны Contestants гэсээ хэсгээс Монголоо олоод VOTE дарна.

Хоёрдугаарт: Хэрэв та ANDROID утастай бол http://share.mnctv.mn/s/IFl7gqRGFTILrol линкээр уг аппликейшныг татан, дээрх байдлаар санал өгөх юм. Та утасныхаа дэлгэцийг цэвэрлээд хэдэн ч удаа саналаа өгч болох юм.

Мөн Дэлхийн миссийн тэмцээний Авьяасын үзүүлбэрийн шилдэг 10-т орсон үзүүлбэрүүд дундаас ялагчийг MobStar аппликейшны санал асуулгаар тодруулах юм. Санал өгөхдөө “Mobstar” аппликейшнээс “OFFICIAL MISS WORLD” гэж бичин хайлт хийнэ. Үүний дараа Монголынхоо авъяасын үзүүлбэрийг зүүнээс баруун тийш гүйлгэн “YES” хэмээн саналаа өгч, comment бичиж саналаа өгөх юм.

Манай улсын мисс авьяас үзүүлбэрийн санал хураалтаар одоогоор гуравдугаар байранд жагсаад байна. Хамгийн олон санал авсан тохиолдолд Авьяас үзүүлбэрийн ялагч болох төдийгүй тэмцээний шилдэг 20-д автоматаар шалгаран үлдэх юм.

Categories
мэдээ улс-төр

Вьетнам улсын Элчин сайдтай уулзлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар, тус хорооны гишүүн З.Нарантуяа нар өнөөдөр /2016.12.15/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Дан Дуонг-той уулзалт хийлээ. Уулзалтад Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Хоанг Дук Нам байлцав.

Уулзалтын эхэнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны урилгаар хүрэлцэн ирсэнд ноён Элчин сайдад талархал илэрхийлээд уулзалтын зорилгоо танилцуулав.

Тэрбээр “Хоёр улсын жижиг, дунд үйлдэрлэл эрхлэгч, бизнесмэнүүдийг холбож өгч хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байна. Вьетнам улс манай улстай эдийн засаг, худалдааны ажиллагаа төдийлөн сайн биш. Тиймээс хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесмэнүүдийг холбож өгөх зайлшгүй шаардлага байна. Дэлхийн том брэнд үйлдвэрлэгчид танай улсад үйлдвэрлэлээ оруулсан байдаг. Үүнийг бид судалж, Монголд оруулж ирэх талаар та бүхнээс туршлага солилцох хүсэлтэй байна. Хоёр улсын төрийн байгууллагууд холбогдсоноор бизнес эрхлэгчдээ зуучлан уулзуулах боломжтой” хэмээн хэллээ.

Ноён Элчин сайд Фан Дан Дуонг хариуд нь “Монголын ард түмэн манай улсад хүнд цаг үед харамгүй тусалж байсан сайхан сэтгэлийг бид ямагт өндрөөр үнэлж, дурсаж, талархаж явдаг. Манай улсын хувьд Монгол Улстай эдийн засаг, худалдаа хөгжүүлэх сонирхол өндөр байдаг. Гэвч худалдаа БНХАУ-аар дамждаг учир төдийлөн сайн хөгжөөгүй. Хоёр талын хүчин чармайлтаар үүнд ахиц гарна гэж бодож байна. Хоёр улсын Ерөнхий сайд нарын харилцан тохиролцсоны дагуу удахгүй Монгол Улсад Арьс шир боловсруулах үйлдвэр барихаар болсон. Мөн манай улс Монголоос мах экспортлох өндөр сонирхолтой. Манай Худалдаа үйлдвэрийн яамны харьяанд Жижиг дунд үйлдвэрийн хороо байдаг. Энэ байгууллагууддаа таны дэвшүүлсэн саналыг уламжилж, хариу ирэнгүүт таньд мэдэгдэнэ” гэж хэллээ.

Уулзалтын төгсгөлд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесмэнүүдийг холбож өгөх энэ ажлыг маш шуурхай зохион байгуулахад талууд санал нэгдэн тохиролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.