Categories
мэдээ нийгэм

15 сая төгрөгийн хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн залуус баригджээ

ЦЕГ болон Монголбанк хамтран мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдвэрлэсэн залуусын талаар мэдээлэл хийлээ. Иймэрхүү гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай болжээ. Цагдаагийн ерөнхий газарт 2016 он гарсаар 10, 20 мянган төгрөгийн дуурайж, хуурамчаар хийсэн гэх 259 гомдол иржээ. Нийт ирсэн гомдлын 37 материалд нь эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж буй аж.

Хуурамч мөнгөн тэмдэгтийг 35 хүртэлх насны компьютер, график, дизайн чиглэлийн мэргэжилтэй залуус бүлэглэж, хэвлэдэг байжээ. Одоогоор нийт 15 сая төгрөг бүхий мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн гурван бүлэг этгээд буюу 10 гаруй залуусыг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн прокурор руу шилжүүлсэн байна.

Ард иргэдэд сэрэмж, болгоомжтой байхыг анхааруулав. Хуурамч мөнгөн тэмдэгт нь ихэвчлэн хуучирч, үрчийсэн байдаг гэнэ. Арилжааны банкууд бол хуурамч мөнгийг илрүүлэх боломжтой. Банкны мөнгө тоологч машин хурамч дэвсгэртийг шууд таньдаг. Харин жижиг худалдаа эрхлэгчид хуурамч мөнгөн дэвсгэртийг таньж, ялгах боломжгүйгээс хохирч үлдэх нь түгээмэл аж.

Хэрэв Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар хэвлэж, үйлдвэрлэвэл Эрүүгийн хуульд зааснаар 10-15 жил хорих ял оноодог. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлд Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулах тухай заасан байдаг.

176.1. Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

176.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

176.3. Энэ хэргийг зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш арван таван жил хүртэл хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Монгол Улсын хөгжлийн гарц нь эрдэм боловсролтой, өндөр ур чадвартай монгол хүн

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дэд дарга,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хийх Засгийн газрын ээлжит мэдээллийг Дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлага гэсэн сэдвээр бэлтгэж, холбогдох мэдээллийг УИХ-ын гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн.

2010-2014 онуудад Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлттэй байж, олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид Монгол Улсын цаашдын хөгжлийн таамаглалыг боловсруулахдаа дунджаас дээгүүр орлоготой улс орнуудын бүлэгт шилжинэ хэмээн тооцож байсан бол өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байна.

Монгол Улсын өмнө тулгараад байгаа хөгжлийн бэрхшээл, сорилтуудыг даван туулж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах үндэсний чадавхийг бүх талаар бүрдүүлэх шаардлагатай байна.

Дэлхийн хурдацтай хөгжиж байгаа улс орнуудын туршлагаас харвал өөрийн орны хөгжлийн онцлогт тохирсон боловсролын болон инновацийн тогтолцоог хөгжүүлж, бүтээмжээ дээшлүүлэн мэдлэгт суурилсан, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд гол анхаарал, хүчээ төвлөрүүлдэг бөгөөд ур чадвартай хүний нөөц болон өндөр технологийн судалгааг хөгжүүлэхэд дээд боловсролын салбар чухал үүрэг гүйцэтгэж, хөгжлийн нэг гол хөдөлгөгч хүч болсоор ирсэн билээ.

Манай улсын хувьд монгол хүний шинийг эрэлхийлж, хошуучлан зүтгэх тэмүүлэл, оюуны чадвартаа түшиглэн бусад улс орны хурдацтай хөгжлийн туршлагыг нутагшуулж хугацаа товчлох, оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд бусдын шууд хамааралгүй өөрийгөө тасралтгүй цэнэглэн хөгжүүлж байдаг мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, дээд боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай.

Цаашид шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д тусгагдсан урт хугацааны хөгжлийн зорилтуудыг баримтлахын зэрэгцээ богино, дунд хугацаанд дараах чиглэлүүдийг баримтлан ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:

  1. Төрийн бодлого, хөрөнгө оруулалтыг судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, байгальд ээлтэй технологи бүхий нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох цогц чадамжтай хүний нөөцийг бэлтгэхэд чиглүүлэх,
  2. Монгол Улсад мэдлэгийн хүчийг төвлөрүүлэхийн тулд гадаадаас эрдэмтдийг урих, тэнд ажиллаж байгаа монгол эрдэмтдийг хамтарсан судалгааны ажилд татан оролцуулах замаар бүтээсэн мэдлэг, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаадад экспортлох бодлого барих,
  3. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн судалгаа, хөгжлийн ажилд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг оновчтой болгох зэрэг болно.

Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн бодлого нь “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”-той уялдаж, мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах ур чадвар бүхий монгол хүнийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгоход чиглэж байна. Үүнд:

  • 2016-2020 онд: Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлж, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх түвшинд хүрэх,
  • 2021-2025 онд: Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн дагуу шинжлэх ухаан, технологийн кластер, парк байгуулж, үндэсний дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг их сургуулийн эгнээнд оруулах,
  • 2026-2030 онд: Олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоо 2030 он гэхэд бүрдсэн байхаар төлөвлөгдөж, хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтуудыг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нарийвчлан тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шат дараатай боловсруулан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт:

“Төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ” гэж дээд боловсролын талаар баримтлах дунд хугацааны бодлогыг тодорхойлсон.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг дараах байдлаар багцлан авч үзэж болохоор байна. Үүнд:

  1. Дээд боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
  2. Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх,
  3. Үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх,
  4. Стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх,
  5. Оюутны хөгжил, нийгмийн баталгааг хангах зэрэг болно.

Бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа эрх зүйн орчны шинэчлэл, баримталж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулъя.

1. Дээд боловсролын хөгжлийн асуудлыг Боловсролын системийн нэгдмэл байдлын хүрээнд цогцоор нь судалж, эрх зүйн орчны шинэчлэлийг тогтолцооны шинэчлэлтэй уялдуулан хийнэ.

2. Мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлооход их, дээд сургуулийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, судалгааны чадавх, үр өгөөжийг сайжруулах, үр дүнг нь зах зээлийн эргэлтэд оруулж инноваци болгох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, дэлхийн зах зээлд гаргаж улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багц зорилтыг хэрэгжүүлнэ. Бодлогын арга хэмжээг нэгтгэн багцалж, “Судалгаанд суурилсан их сургууль” үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

Их сургуулийн үйл ажиллагааг судалгааны чиглэлд хөгжүүлэхийн тулд багш, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны чадварыг тасралтгүй дээшлүүлэх, их сургуулийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, инновацийн төв болгон хөгжүүлэх, улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чадамжийг дээшлүүлэх, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэртэй болох боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Энэ хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагыг энтерпренёр сургууль болоход дэмжих зорилгоор “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн санхүүжилтээр нийт 5 сургуулийн 13 төсөлд 485,0 сая төгрөгийн, судалгааны ажлыг дэмжих зорилгоор байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн 60 судалгааны төсөлд 1,6 тэрбум төгрөгийн тэтгэлэгт санхүүжилт олгосон байна. Тус төслүүд нь гарааны компанийг дэмжих, судалгааны ажилд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, технологийн шинэ, шинэлэг шийдэл хэрэгжүүлэх зорилготой.

Мөн дэлхийн шилдэг их дээд сургуулиудтай түншлэх, туршлагаас нь суралцах, нутагшуулах ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Монгол Улс- ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр Герман-Монголын Ашигт малтмалын технологийн их сургуулийг байгуулсан. Тус сургуулийн лабораторийн барилга барихад шаардлагатай 7,0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг ХБНГУ олгохоор шийдвэрлэсэн.

Их сургуулиудын лабораторийн орчныг сайжруулахаар 2015 онд “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд 1,2 сая ам.долларын санхүүжилтээр МУИС, ШУТИС-д 12 лаборатори байгуулсан. Цаашид 1,4 сая ам долларын санхүүжилтээр МУИС, ХААИС, ШУТИС, Багшийн их сургуульд дундын ашиглалтын лаборатори нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

3. Сургалтын үйл ажиллагааны чанарын шинэчлэлийн хүрээнд “Үр дүнд суурилсан боловсрол”-ын тогтолцоог хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж байна. Сургалтын хөтөлбөрийн хүрэх үр дүн, төсгөгчийн эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшил хандлагыг ажил олгогчийн эрэлт хэрэгцээ, тэднээс авсан судалгаанд тулгуурлан урьдчилан тодорхойлж, түүнд зориулан сургалтын агуулга, арга зүй орчиноо сайжруулах, үнэлгээний аргачлалыг өөрчлөн, үр дүнгээ тасралгүй хянаж чанарын баталгаажуулалтыг хийдэг цогц үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодлого баримтална.

Ингэснээр сургалтын үр дүнг зөвхөн оюутны мэдлэгийн үнэлгээгээр бус ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшсэн байдлаар нь үнэлдэг системд шилжинэ. Эцсийн үр дүнд онолын өндөр мэдлэгтэй, бүтээлч, практик ур чадвар, чадамжтай, зөв төлөвшил хандлагатай мэргэжилтэн бэлтгэгдэнэ. Түүнээс гадна хөтөлбөрийн чанарын шинэчлэл хийх, судалгааны ажлаа танилцуулах боломж нөхцөлийг бүрдүүлж байгаад оршино.

4. Дээд боловсролын чанарын үнэлгээний зөвхөн мэдлэгийг олгодог, шалгадаг аргаас мэдлэгээ хэрэглэх, дүн шинжилгээ хийж нэгтгэн дүгнэх, үр дүнг тооцох чадвар, бүтээлч сэтгэхүй төлөвшил хандлагыг нь үнэлдэг системд шилжих бодлого баримталж байна. 2016 оны 4 дүгээр сард батлагдсан Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрх зүйн байдалд олон нэмэлт өөрчлөлт орсон, түүний дагуу илүү тодорхой болгон баталсан.

Үүнд нийцүүлэн “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм” бусад дотоод эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний Зөвлөлийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх чиглэлд ажиллаж байна.

Дээд боловсролын байгууллагуудад дотоод хяналтын болон хөндлөнгийн үнэлгээний механизм бүрдүүлэх, сургууль, хөтөлбөрийг дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлд үе шаттай хамруулах, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийг чадавхжуулах ажлуудыг шат дараатайгаар хийж байна.

Олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлдэж буй 7 хөтөлбөрөөс анхдагч нь болж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Хүний их эмч” хөтөлбөр нь Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Энэ хөтөлбөр нь манай улсын олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн 16 дахь хөтөлбөр боллоо.

5. Оюутнуудын нийгмийн баталгааг хангаж чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд тэднийг тодорхой хэмжээгээр орлого олох эрх зүйн орчин, нөхцлийг бүрдүүлж сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэл, бэрхшээлгүй байлгах, эрүүл мэндийн үйлчилгээг харъяаллын дагуу авдаг, тав тухтай орчинд сурч амьдрах орчин бүрдүүлэх бодлого баримталж байна.

  • Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор “Боловсролын зээлийн сан” байгуулж, “Оюутны хөгжлийн зээлийн журам” батлуулан сургалтын зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлээд байна. Боловсролын зээлийн сан нь гадаад, дотоодод суралцагчдын сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий байгууллага бөгөөд тухайн байгууллагын төсөвт дотоодын оюутны зээлийн эх үүсвэрийн санхүүжилтэд 2017 оны төсөвт 90.0 тэрбум төгрөг батлагдсан.
  • Оюутнууд суралцангаа цагийн ажил, сайн дурын ажил эрхэлж орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Орлоготой оюутан” хөтөлбөрийг батлан гаргаж, хэрэгжүүлж эхэллээ.

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Боловсролын талаар төрөс баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, улс оронд хэрэгцээтэй, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө Засгийн газар хүчин чармайлт тавин ажиллах болно.

Боловсролын тогтолцооны хөгжил нь төрийн зөв бодлого, их дээд сургуулийн чанартай сургалтын тогтолцоо, суралцагчдийн суралцах хүсэл эрмэлзэл, хүчин чармайлт гэсэн олон талуудын тэгш оролцоо, хамтын ажиллагааны үндсэн дээр амжилтад хүрэх боломжтой юм.

Иймээс урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан боловсролын салбарын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр мэдлэг, ур чадвар бүхий боловсон хүчин бэлтгэн гаргахын төлөө бүхий л талуудын идэвхитэй оролцоо, санаачлага, бодлогын дэмжлэг цаашид ч нэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсыг хөгжлийн шинэ дээд шатанд гаргах чадварлаг боловсон хүчин олноор бэлтгэгдэж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай мэргэжилтэн улам бүр олширч байхын ерөөлийг дэвшүүлье.

Монгол Улсын хөгжлийн гарц нь зөвхөн эрдэс түүхий эд бус, эрдэм боловсролтой, өндөр ур чадвартай монгол хүн гэдгийг дэлхийн дахинд нотлон харуулцгаая гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Атрын III аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Монгол улсад Орчин үеийн үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, УИХ-ын гишүүн, ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар, МХЭХХТХ-ны тэргүүн С.Байгалмаа, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Лхагважав, МХЭАХНХ-ны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, Монгол Улсын худалдааны салбарын ажилтан, ажиллагсад, бизнес эрхлэгчид болон хөгжлийн түүхийг хөдөлмөрөөрөө бүтээлцсэн үе үеийнхэн, төрийн ордоны их танхимд ойн баярын хуралд оролцлоо.

Ардын хувьсгал ялсны дараа тэр үеийн төр, нийгмийн зүтгэлтэн, ард иргэдийн үндэсний хоршоо, худалдааны байгууллага бий болгох санаачилгыг дэмжин Богд хаан “Зарлиг мэдэв” хэмээн айлдсанаар Ардын харилцан туслалцах хоршоог 1921 оны 12 дугаар сард нийслэл хүрээнд үүсгэн байгуулж, өргөжүүлэн хөгжүүлсэн нь Монгол улсад орчин цагийн хоршоо, худалдааны салбар үүссэн түүхтэй.

Монголын үндэсний худалдааны салбар 1950 оноос бусад улс орнуудтай гадаад худалдааг өргөжүүлэн хөгжүүлж, 1960-1970 онуудад олон тооны үндэсний аж үйлдвэрийн газрууд ашиглалтанд орсноор жижиглэн худалдааны бараа гүйлгээнд орж, эх орны үйлдвэрийн өргөн хэрэглээний барааны эзлэх хувь хэмжээ 51,3 хувь хүртэл нэмэгдэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхийн хирээр экспорт, импортын барааны бүтцэд ихээхэн өөрчлөлт орж, 1990 он гэхэд 27 оронтой гадаад худалдаа хийж байсан бол өнөөдөр 148 улс оронтой гадаад худалдаа хийж, олон улсын түвшинд хүрсэн худалдааны төв, супермаркетууд болон сүлжээ дэлгүүрүүд хүн арддаа худалдаа, үйлчилгээг үзүүлэн, худалдааны салбар богино хугацаанд эрчтэй хөгжиж байна .

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулдаг худалдааны салбар нь өнөөгийн байдлаар ДНБ-ий 17 хувийг бүрдүүлж, нийт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 43 хувийг эзэлж, 200 гаруй мянган ажиллагсадыг эгнээндээ багтаасан томоохон салбар болсон байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг тус тус эхлүүлж, “Атрын-III” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.

Монгол Улсын Засгийн газраас олон улсын тогтсон хэм хэмжээний хүрээнд гадаад, дотоод худалдааг хөнгөвчлөх, дэмжин хөгжүүлэх, үндэсний эдийн засгаа хамгаалах, эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор “Худалдааны тухай” хуулийн төслийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх, худалдааны салбарыг бодлогын шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байна.

Монгол улсад Орчин үеийн үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын хүрээнд өчигдөр /2016.12.15/ “Худалдаа эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, цаашид Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, худалдааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, хоршоологчдын идэвхи оролцоо, дэмжлэг нэн чухал болохыг онцлон тэмдэглэж харилцан санал солилцсон бол өнөөдөр салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, алдартнуудыг шагнаж урамшуулах зорилгоор баярын хурлаа хийж байна. Баярын хуралд орон нутаг, нийслэлээс нийт 800 төлөөлөгч оролцов. Энэхүү ойн баярын арга хэмжээг ХХААХҮЯ, ГХЯ, УБ хотын Захирагчийн ажлын алба, Монголын худалдаа, эд хэрэглэгчдийн хоршооллын төв холбоо, МҮХАҮТанхим болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд хоёр өдөр амарна

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 29-ний өдөр болон ирэх 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тус тус ажиллахгүй, амарна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Дээрх өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй учраас хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амрах юм.

Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна. Бусад өдрүүдэд 2016 онд БНХАУ-тай тохиролцсон хуваарийн дагуу ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгийг тоолох “Зэсвэг-2016” арга хэмжээ үргэлжилж байна

Image result for Галт зэвсгийг тоолох

Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд буй галт зэвсгийг тоолох “Зэсвэг-2016” арга хэмжээ үргэлжилж байна. Тус арга хэмжээ арванхоёрдугаар сарын 20-нд дуусна.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Лхагвадорж “Зэвсэг-2016” арга хэмжээ 80 орчим, галт зэвсгийн тооллогын явц 60 орчим хувьтай явж байна. Тооллогын хугацаа дуусахаас өмнө иргэд маань харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст галт зэвсгээ авч очин бүртгүүлж иргэний үүргээ биелүүлээрэй. Галт зэвсгийн тооллогын ажил амралтын өдрүүдэд ч хийгдэнэ. Гэрчилгээгүй, бүртгэлгүй галт зэвсгийг бүртгүүлээд гэрчилгээ авах боломжтой. Ямар нэгэн торгууль, шийтгэвэр, нөхөн татвар төлүүлэхгүйгээр, хэв загварыг нь өөрчлөөгүй галт зэвсгийг бүртгээд, гэрчилгээ олгож байгаа” гэв.

Иргэд галт зэвсгээ тоолуулахаар очихдоо зэвсгээ биетээр нь, эзэмшигчийн гэрчилгээний хамт авчрах хэрэгтэй. Хуулийн этгээд бол байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшигчийн гэрчилгээтэйгээ очиход болно. Галт зэвсгээ зориулалтын саванд хийн, замгийг түгжиж, гохны түгжээ хэрэглэж, аюулгүй байдлаа ханган цагдаагийн байгууллагад авч очих хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

А.Баярцэцэгийг дэмжихийг топ модель Х.Бадамгэрэл уриаллаа

Өнөөдөр топ модель Х.Бадамгэрэл болон Л.Энэрэл нар дэлхийн мисс-д амжилттай оролцон эхний аравд үлдээд байгаа А.Баярцэцэгийг дэмжин ажиллах талаар мэдээлэл хийлээ.

Гоо сайхны олимп хэмээгддэг тус тэмцээн нь “Мисс авьяас”, “Спортлог мисс”, “Зорилго бүхий гоо сайхан”, “Мультимедиа буюу масс хандалт”, “Топ модель” хэмээн үндсэн таван шалгуураар тэргүүн титмийн эзнийг тодруулдаг уламжлалтай.

Эх орноо төлөөлж буй А.Баярцэцэг нь миссийн хувьд “Мисс авьяас”-д Монгол бүжгийг калиграф буюу уран бичиглэл, илбэ шидтэй хослуулан чадварлаг үзүүлснээрээ бусдаас онцлог байж, шилдэг 10 миссийн нэг болсон. Тус шалгуурын шилдгийг олон нийтийн санал асуулгаар тодруулах учраас Mobstar аппликэйшнээр дамжуулан саналаа өгөх нь чухал хэмээн топ модель Х.Бадамгэрэл хэллээ.

А.Баярцэцэг маань үзүүлбэрээ маш сайн үзүүлж, өөрөөс шалтгаалах бүхнийг хийн шилдэг 10-д шалгарсан. Одоо энэ шалгуурын шилдэг болох эсэх нь биднээс шалтгаалах тул Монголчууд маань идэвхтэй саналаа өгөөрэй” гэв.

А.Баярцэцэг “Мисс авьяас”-д санал авсан тоогоороо шилдгийн төлөө Филиппиний мисстэй саналын тоо тун ойрхон өрсөлдөж байгаа юм. Энэхүү шалгуурын санал авах хугацаа Бямба гаригийн 13:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тиймээс амжиж саналаа өгөөрэй хэмээн уриаллаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол явагдана

Image result for НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол явагданаАрванхоёрдугаар сарын 18-нийн өдөр буюу энэ ням гаригт НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн сугалааны тохирол явагдана. Тус өдрийн 19:00 цагаас МҮОНТВ-ээр шууд дамжуулах сугалааны тохирол энэ оны хувьд сүүлийнх ажээ. Энэ удаагийн сугалаанд арваннэгдүгээр сарын 1-30-ны хугацаанд худалдан авалт хийсэн баримт хамрагдах юм.

Энэ хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудаа арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим талбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хулгайн гэмт хэргийг илрүүллээ

Image result for хулгайн гэмтБаянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 12 холбогдогчтой, 54 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Гэмт этгээдүүд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэд өдрийн цагаар үйлчилгээний төвүүдээр явж бэлэн мөнгө, бараа, гар утас зэргийг хулгайлдаг бол шөнийн цагаар харуул хамгаалалтгүй хүнсний дэлгүүрээс орлогын мөнгө, архи согтууруулах ундаа хулгайлдаг байж.

Гурван бүлэг болж хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг насанд хүрээгүй П, Б, Т нар нь зохион байгуулдаг. Насанд хүрээгүй этгээдүүд учир таслан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байгаа тухай Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Б.Баярсайхан мэдээлэв.

Иргэдийг өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулах, хяналтын камер байрлуулах зэргээр хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Цөмөөхэй-2016”-д МУГЖ Д.Алтанхуяг, Жинетт Мончо нар гоцолно

Энэ удаагийн “Цөмөөхэй-2016” сонгодог бүжгийн жүжиг үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

Тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг болон “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчин Жинетт Мончо нар гоцлох юм. Дэлхийн балетын урлагийн салбарт өндрөөр үнэлэгддэг “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчний мэргэжлийн ур чадварыг Монголчууд үзэх боломж олдож байна.

Тэрээр анх “Alfonso Pérez Isaac”-ийн Урлагийн сургуулиас балетын хичээлээ эхэлж, улмаар “Кубын үндэсний балет” сургуулийн профессор Мариа Роза Хернандез, Эстер Гарсиа, Мирта Хермида, Марта Айрис Фернандез болон алдарт Жосэфина Мэндез нарын удирдлаган дор хичээллэжээ. Тэрээр сургуульд суралцах хугацаандаа буюу 1998, 1999, 2002 онд Олон улсын балетын заах арга зүйн уралдааны алтан медаль, тус уралдааны 2000 оны мөнгөн медаль, 2001 онд урилгаар Колумб улсын Кали хотноо болсон Иберо-Америкийн Гала тоглолтод оролцон тоглосон байна.

2002 онд тэрээр “Кубын үндэсний балет” театрт алдарт Алисиа Алонсогийн удирдлаган дор ажиллах болсон бөгөөд “Кубын үндэсний балет” театрынхантай Америк, Европ, Ази, Авистрали, Египит тив зэрэг олон улс орноор аялан тоглолтод оролцон бүжиглэжээ. Тэрээр романтик болон орчин үеийн, үндэсний балетын жүжигт гоцлол дүрийг Куба болон олон улсын балетмейстеруудын удирдлаган дор дүр бүтээж, 2016 оноос “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа юм.

УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 24-25-нд болох тус тоглолтод МУГЖ Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд гол дүрүүдийг бүтээж, сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт 200-аад хүүхэд оролцох юм.

Categories
гадаад мэдээ

Филлипинд унтаж байсан зургаан настай хүүг гэрт нь хөнөөсөн хэрэг олныг цочроолоо

Манила хотод зургаан настай хүүг унтаж байхад нь эцэгтэй нь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Энэ нь тус улсын ерөнхийлөгч Р.Дутертэтэй холбоотой бөгөөд тэрээр сонгогдсоноосоо хойш хар тамхитай холбогдсон хүмүүсийг толгой дараалан буудан хөнөөж байгаа билээ.

Зургаан настай хүүгийн эх 29 настай Елизабет Наварро юу болоод байгааг ч сэхээрч амжаагүй байхад нь хоёр удаа буун гарчээ. Тэрээр хэдий залуу ч таван хүүхдийн эх аж. Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутертэ саяхан өөрийгөө хүн алж байсан талаар ярьсан юм. Тэрээр төрсөн хотынхоо захирагч байхдаа хар тамхитай холбогдсон хүнийг алж байжээ. Түүнийг улс даяар хар тамхитай тэмцэх аян явуулснаас хойш 5900 хүн амь үрэгдээд байна. Өдөрт 2-3 хүнийг хүмүүсийн нүдэн дээр гудамжинд буудан хөнөөдөг байна. Мөн 40 мянган сэжигтэн баривчлагдан шоронд хоригдож байгаа юм байна.

Зургаан настай бяцхан хүүг хөнөөсөн ил хэрэг гарснаас хойш ард түмэн нь түүнд дургүйцэж эхэлсэн бөгөөд эхэндээ дэмжиж байсан ч одоо айж эхэлж байгаа гэнэ. Гэвч түүнийг огцруулахад парламентийн 2/3 нь дэмжсэн байх хэрэгтэй. Гэтэл ихэнх хувь нь түүний сонгогдсон намын гишүүд байгаа учир түүний огцрох магадлал тун бага гэнэ.

О.ӨНӨР