Categories
мэдээ улс-төр

Монголчууд хэлсэндээ хүрдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй

ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, парламент дахь “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзлаа.

Уулзалтуудын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хооронд тогтсон олон жилийн түүхтэй, уламжлалт, найрсаг харилцааны үр ашгийг дээшлүүлж, боломж нөөцөө сайтар ашиглан, илүү өндөр түвшинд хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэж байв.

“Парламент хоорондын харилцаа сайн хөгжиж байна. Энэ харилцааг гүнзгийрүүлж, аймаг, орон нутгийн хурлын болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэж бид үзэж байгаа. Харин худалдаа, эдийн засгийн харилцаа санаснаас доогуур байгаа. Тухайлбал, 2016 оны эхний 10 сарын байдлаар манай нийт гадаад худалдааны дөнгөж 11 орчим хувь нь ОХУ-д ногдож байна. Хөршүүдтэйгээ хийх худалдаанд тэнцвэрийг бий болгох нь бидэнд чухал. Монголоос ОХУ-д экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ 20 орчим хувьтай байна. Хэдийгээр тарифын болон тарифын бус хүндрэл бэрхшээлүүд байгаа боловч одоогийн түвшнийг ахиулах, өмнө байсан түвшинд хүргэх, түүнээс илүү өргөжүүлэх шаардлагатай. Ийм боломж, нөөц бидэнд бий. Үүнд хоёр талын хамтын хүчин чармайлт шаардлагатай бөгөөд эрх зүйн талаас нь зохицуулах, татварыг багасгах, бараа таваарын чанарыг сайжруулах, хэмжээг нэмэгдүүлэх зэргээр гадаад худалдааг аль болох хөнгөвчлөх асуудлыг та бүхэн анхааралдаа авна гэдэгт итгэж байна. Хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд парламентуудын зүгээс дэмжлэг түлхэц үзүүлж ажиллах нь чухал юм” гэж хэлэв.

Түүнчлэн томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг стратегийн түвшний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орлоо. Энэ талаар та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна хэмээн онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд Ази-Европыг холбосон хамгийн дөт зам манай хоёр улсыг дайран өнгөрч байна. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Зам харилцаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж ажиллавал үр ашигтай байх болно. Хурдны төмөр зам байгуулах, авто тээврийг хөгжүүлэх талаар “Эдийн засгийн коридор” төслийн хүрээнд санал санаачилга гарч байгаад бид баяртай байна. Төслийн хүрээнд энэ зорилтыг хэрэгжүүлэх сургалт судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудал яригдсан. Энэ талаар та бүхний санаа бодлыг сонсох хүсэлтэй байгаа. Дэмжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Уулзалтуудын үеэр ноён В.А.Васильев, В.В.Володин, В.И.Матвиенко нар эцэг дээдсээс бидэнд өвлүүлэн үлдээсэн найрамдалт, нөхөрсөг харилцааны түвшинг хэвээр хадгалж, цаашид хөгжүүлэх нь бидний зорилго байх ёстой. Энэ үйл хэрэг биднээс, тухайлбал засаг, төрийн эрхийг барьж байгаа “Нэгдмэл Орос” нам, МАН-аас ихээхэн хамаарна гэдгийг онцолж байлаа.

Ноён В.А.Васильев “Хамтын ажиллагааны түвшин чамлалттай байгаатай санал нэг байна. Сайжруулах ёстой. Улаанбаатарт саяхан болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ойрын үеийн зорилтуудаа хэлэлцэн тохирсон гэж үзэж байна. Эдийн засгийн харилцааг амжилттай болгоход эрх зүйн орчин таатай байх ёстой. Бизнесийнхэнд эрсдэл учрах ёсгүй” гэдгийг онцоллоо.

Тэрбээр “Олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох боломж бидэнд нээлттэй байна. Энэ боломж зөвхөн Евразийн эдийн засгийн комиссоор хязгаарлагдахгүй. Өчигдөр “Нэгдмэл Орос” намтай МАН-ын байгуулсан хэлэлцээр хоёр орны хамтын ажиллагааны цаашдын ирээдүйд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Хоёр орон улс төрийн аливаа асуудлаар бие биенийхээ баримталж буй байр суурийг олон улсын тавцанд дэмжсээр ирсэн. Цаашид ч энэ хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал нэгэнт бодитой аюул заналхийлэл учруулсаар байгаа олон улсын терроризмтай тэмцэх тухай асуудлыг энд дурдаж болно” хэмээн онцоллоо.

Төрийн Думын дарга, ноён В.В.Володин ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага Дум, Монголын төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ хоорондын харилцаа амжилттай хөгжиж байна. Гэхдээ парламентын болон улс төрийн харилцаанаасаа эдийн засгийн харилцаа хоцронгуй байгааг хаана хаанаа мэдэж байгаа. Бидний гол анхаарах асуудал бол энэ мөн хэмээн тэмдэглэлээ. Тэрбээр энэ оны эхээр Төрийн Думийн шийдвэрээр их өрийн үлдэгдлийг тэглэсэн асуудал хоёр орны харилцаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтын орчинд шинэ боломж нээж өгсөн гэдгийг онцлов.

Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.Матвиенко намаа сонгуульд ялуулж, УИХ-ын даргаар сонгогдсонд нь М.Энхболдод баяр хүргээд ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагаанд онцгой анхаарч, шинэ дэвшил гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Ийм нүүр тулсан уулзалт, яриа хэлэлцээний үеэр тулгамдсан асуудлуудаа ний нуугүй ярилцах боломж олддог. Уламжлалт харилцаагаа цаашид амжилттай хөгжүүлэхийн тулд бодит үр дүн гаргах хэрэгтэй байна. Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна. Манай хоёр нам тус тусын сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх барьж байгаа. Энэ бол нэг талаар боломж мөн ч нөгөө талдаа маш том хариуцлага юм” хэмээн онцоллоо.

Тэрбээр ОХУ-ын засаг захиргааны субъектууд, Монгол Улсын аймгуудын хооронд хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг өрнүүлэх нь чухал. Бид цаашилбал олон улсын парламент хоорондын үйл ажиллагаанд ч оролцох ёстой гэж нэмж хэллээ.

Хатагтай М.И.Матвиенко Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд байгуулсан Ажлын хэсгийн үйл ажиллагаа эхлэл төдийгөөс хэтэрсэнгүй. Түүнчлэн ШХАБ-д Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байгууллагад элссэнээр Оросын, эсвэл Хятадын нөлөөнд орно гэж үздэг улстөрчид танайд бийг би мэднэ. Энэ бол огтхон ч тийм биш. Харин ч танай улсад илүү ашигтай байх болно. Газар зүйн байрлал, эдийн засгийн нөхцөл байдал гээд аль ч талаараа Монгол Улс энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн байх боломжтой гэж нэмж хэллээ.

Тэрбээр “Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой. Тэр тусмаа танай нам Засгийн эрх барьж байгаа үед энэ байдлыг засаж залруулан, уламжлалт нөхөрсөг, сайн хөршийн харилцаагаа сэргээн идэвхжүүлэх ёстой гэж би бодож байна. Та бол Улаанбаатар хотын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, эрх барьж буй намын дарга, асар их туршлагатай хүн. Би сайн нөхрийн хувьд Танд найдаж байна” хэмээн зориуд тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд Чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах асуудлыг бид судалж байна. Түүнчлэн ОХУ руу хийж байсан уламжлалт экспортын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт тарифын болон бусад асуудлаас болоод багассаныг нэмэгдүүлэх зорилтыг бид тавьж байгаа. Үүнд та бүхний дэмжлэг бас чухал гэв.

Төрийн Думын орлогч дарга В.А.Васильевтай хийсэн уулзалтын үеэр “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч С.В.Железняк намынхаа төлөөлөгчдийг ирэх онд Монгол Улсад айлчлуулахаар болсноо хэлээд “Эдийн засгийн коридор” төслийн судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах хүсэлтийг дэмжихээр болсноо мэдэгдэв. УИХ-ын дарга М.Энхболд түүнд талархал илэрхийлээд энэ асуудлыг ОХУ-ын Эдийн засгийн яамаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Тэрбээр Монгол Улсад тохиолдоод буй эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад бага хүүтэй, урт хугацаатай, санхүүжилтийг дэмжсэн хөнгөлөлттэй зээл олгох талаар анхаарал тавих хүсэлтийг Төрийн Дум, Холбооны зөвлөлийн удирдлагуудад хандан тавив. Мөн ойрын үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатыг ОХУ-д албан ёсны айлчлал хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдын ОХУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Москва хотоос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

uihУИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хуульд заасан аргачлал, журмыг батлах зэргээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болгосон билээ.

Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцыг хангахад ач холбогдолтой хууль болсон байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах явцад практикт тулгарсан хүндрэл бэрхшээл, сургалтад хамрагдсан албан хаагчдын санал, хүсэлт зэргийг нэгтгэн дүгнэж хуулийг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа зарим асуудлыг шийдвэрлэж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ.

uihХарин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 3 зүйлтэй бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгож, үндсэн шийтгэлийг давхардуулан оногдуулахаар заасан зөрчлийг арилгах зорилготой юм байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг “торгох” шийтгэл байхаар заасан байдаг.

Мөн хуулийн 27.3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд дахин “торгох” шийтгэл оногдуулахаар заасан нь хор уршиг, нийтэд учруулах аюул, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчил үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргээс хамааран харилцан адилгүй зөрчилд нэг төрлийн шийтгэл оногдуулах оновчгүй зохицуулалтыг бүрдүүлэхээр байгаа юм байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас хамааран харилцан адилгүй зөрчил тус бүрт нь тохирсон шийтгэл оногдуулах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн этгээдийн зан үйл, түүнд үзүүлэх хүмүүжлийн нөлөөллийг дээшлүүлэх зохицуулалтыг бүрдүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.3 дахь хэсэгт заасан зөрчилд баривчлах шийтгэлийг дангаар нь оногдуулахаар уг хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлтэй уялдуулан Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд 20 метр өндөр сүлд мод чимнэ

Жанжин Сүхбаатарын талбайн төв дунд байруулсан шинэ жилийн сүлд модыг өчигдрөөс эхлэн засч байна.

Энэхүү сүрлэг ногоон мод нь 20 метр өндөр юм гэж мод засч буй азлуус хэллээ. Хотын хамгийн өндөрт орох энэ модыг төмөр арматураар угсарч, ногоон мөчрөөр хулдаж байгаа юм. Гэрлэн чимгээ зүүсэн үедээ шөнийн гоёлыг үзүүлэх болно. Мөн төв талбайн урд хэсэгт ч мөсөн гулгуурын талбай засч байна. Энэ жилийн төв талбайн гацуурыг гэрэлтүүлгийн компанийн 20 ажилчин засч, чимэглэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ой тогтоолтын олон улсын тэмцээнээс манай тамирчид 9 медаль хүртээд байна

Сингапур улсад 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өчигдөр эхэлж манай тамирчид 9 медаль хүртээд байна. Энэхүү тэмцээн гурван өдөр үргэлжлэх юм байна.

Тус тэмцээнд 232 тамирчин оролцож байна. Ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насны сурагчдын ангилалд өрсөлдөж байна. Манай улсаас уг тэмцээнд 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож байна. Эхний өдөр зохион байгуулагдсан “Нэр, зүс царай”, “Хоёртын тоолол” төрлөөс авч болох боломжит 69 медалиас 9 медалийг хүртсэн юм.

Тухайлбал, “Хоёртын тоолол” төрөлд ОУИМ Б.Шижир-Эрдэнэ /16 нас/, 4635 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр ерөнхий ангилалд насанд хүрэгчдийг ялж аварга болжээ. Мөнхшүр, Энхшүр нар дэлхийн шилдгүүдийг ардаа орхин медалийн болзол хангаад байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана

Хүйтний улирал эхэлж, хотын агаарын бохирдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан хүүхдүүд ханиад, томуу авах нь ихэсч байна. Иймд нийслэлийн бүх дүүргийн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн 12-р сарын 15-аас өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20.00 цаг хүртэл, бямба гаригт 10.00-14.00 цагийн хооронд ажиллаж, шаардлагатай тохиолдолд 0-5 настай хүүхдийг эмч нар гэрээр үзэж, эмчилж байгаа юм байна. Томуу, томуу төст өвчний арванхоёрдугаар сарын 5-11-нд хийсэн тандалтын мэдээллээр, нийслэлийн хэмжээнд амбулаторийн 89 мянга 587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6488 тохиолдол оношлогджээ. Мөн Түргэн тусламжийн дуудлагын 43.3 хувийг амьсгалын замын цочмог халдвар эзэлж байна. Нийт өвчлөгсдийн 85 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж, бага насны хүүхдүүд уушгины хатгалгаа, ялангуяа амьсгалын замын дутагдал илрэх хандлага ихэссэнийг эмч нар онцолж байгаа. Өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдэж дүүргийн эмнэлгүүдийн нийт орны ачаалал нь батлагдсан тооноос 30 орчим хувь, ялангуяа хүүхдийн орны ачаалал 90 хувиар хэтрээд байгаа учраас дүүргийн эмнэлгүүд орны тоо нэмэх, том хүмүүсийн хэвтэн эмчлүүлдэг зарим тасгийг хүүхдийн тасаг болгон ажиллуулахаас гадна хувийн эмнэлгүүдийг ч дайчилж эхэлсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Согтуу 736 жолоочийг илрүүлжээ

Шинэ жилийн баяр ойртож байгаатай тохиолдуулан иргэд байгууллага, хамт олноороо баяраа тэмдэглэх нь ихсэж байна. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн гарч болзошгүй осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Замын Цагдаагийн алба хаагчид 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15-ныг хүртэлх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 736 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр дуусна

Өнөөдөр 17:00 цагт АН-ын даргад өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл дуусна. Хэн нь 250 сая төгрөгөө төлж чадсан нь энэ сунгаанд оролцож байх шиг байна. Зарим нь хандивын аян өрнүүлнэ гэдгээ зарлаад авсан бол үлдсэн нь өөрсдийн бизнесээсээ намдаа өргөл өргөсөн бололтой. Одоогийн байдлраар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү, намын гишүүн М.Чимэддорж нар нэр дэвшихээ илэрхийлсэн. Харин яг мөнгөө төлж албан ёсоор бүртгүүлсэн нь С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар юм байна. Татвараа төлсөн намын гишүүдийн саналаар хэн нь ялж энэ том намыг авч явахыг хүлээх л үлдлээ.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Далай лам Энэтхэгийн ерөнхийлөгчтэй уулзсаныг Хятад улс эсэргүүцжээ

Далай ламын шуугиан тасрахгүй л байна. Тэрбээр саяхан Энэтхэгийн ерөнхийлөгчийн ордонд болсон хүүхдийн арга хэмжээнд оролцсон юм. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Пранаб Мукержитай уулзсан байна.

Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт Хятадын гадаад явдлын яамнаас эсэргүүцлээ илэрхийлж мэдэгдэл гаргажээ.

Гадаад явдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Саяхан Хятадын талын эсэргүүцлийг үл хайхран Энэтхэгийн тал 14 дүгээр Далай Ламыг ерөнхийлөгчийн ордонд болсон арга хэмжээнд оролцуулж, ерөнхийлөгч Мукержитай уулзах боломж олголоо. Хятад улс энэ явдалд харамсаж, хүчтэй эсэргүүцэж байна” хэмээн өгүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Нобелийн шагналт Кайлаш Сатяртигийн хүүхдийн сан уг арга хэмжээг зохион байгуулсан юм.

Энэтхэгийн талаас тус мэдэгдэлд хариу мэдэгдэл илгээжээ.

Мэдэгдэлд “Энэтхэгийн байр суурь тодорхой. Дээрхийн гэгээнтэн Далай Лам бол нэр хүндтэй шашны зүтгэлтэн. Түүний оролцсон арга хэмжээ нь улс төрийн бус, хүүхдийн сайн сайхны төлөө Нобелийн шагналтны зохион байгуулсан үйл явдал байсан” гэсэн байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Москвагийн эрчим хүчний Их сургуулийг “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулав

Энэ 12 дугаар сарын 14-15 өдөр ОХУ-д тус улсын “Нэгдсэн Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызловын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд ажлын айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызловтай тус намын төв байранд уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, 2010 онд байгуулсан Монгол Ардын Нам, ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн гарын үсэг зуржээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Москвагийн эрчим хүчний их сургуулийг Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжил, боловсон хүчнийг бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг тус сургуулийн удирдлагад гардуулав.

Айлчлалаар Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Сбербанкийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурн байна.

Categories
гадаад мэдээ

В.Путин, Шинзо Абэ нар маргаантай арлуудаа хамтран эзэмшихээр болжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт өчигдөр өндөрлөлөө. Энэхүү уулзалтаар хоёр тал Хокайда арлын асуудлаар голлон ярилцаж шийдэлд хүрэх байсан юм. Гэвч харилцан буулт хийж арлыг худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ашиглах саналыг В.Путин тавьсан байна. Мөн энэ удаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүлээгдэж байсан хоёр орны энхийн гэрээг ч байгуулсангүй.

Мөн уулзалтын дүнд бизнесийн 80 орчим гэрээ байгуулсан нь нийлбэр дүнгээр 300 тэрбум иен болсон байна. Үүнд Японы хөрөнгө оруулалт, зээл багтаж байгаа аж.

Баасан гарагийн уулзалтын нэг үр дүн нь удирдагчид маргаантай дөрвөн арлын хуучин оршин суугчдыг төрөлх аралдаа зорчиход дэмжлэг үзүүлэх байв. Энэ бол хүмүүнлэгийн арга хэмжээ бөгөөд тэдэнд ирж очих боломжийг хялбарчилсан механизмаар шийдэж байхаар болж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар маргаантай арлуудад төрж өссөн 6,000 орчим хүн амьд байгаагийн дундаж нас нь 80.7 байгаа аж.

О.ӨНӨР