Categories
мэдээ цаг-үе

Цөлийн сарнай

Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны шугамаар Арабын Нэгдсэн Эмират Улсад тав хоногийн хөтөлбөртэй яваад ирлээ. Гол зорилго маань цөлийг хэрхэн ойжуулсан, услалтын системээ яаж шийдсэн, аялал жуулчлал хэр хөгжсөн, сэргээгдэх эрчим хүч, Арабын ертөнц ямар байдгийг үзэж судлах, мөн өндөр хөгжсөн оронтой Монголоо бага зэрэг харьцуулалт хийх гэх мэт.

Эмират нь долоон муж улсаас бүрдсэн нэгдсэн улс аж. Олон үндэстнээс бүрдэнэ. Энэтхэг, Пакистан арай их хувь эзэлнэ, эмиратууд нь ердөө 12 хувь (уугуул арабууд). Энд арван хүн тутмын нэг нь араб хүн. Хаантай, сонгууль гэх мэт нь огт болохгүй. Эдгээр улс нь нэг нэгээрээ Английн колончлолоос гарсаар 1971 онд Арабын Нэгдсэн Эмират Улс бий болжээ. Саяхан арванхоёрдугаар сарын 2-нд 45 жилийн ойн баяраа нүсэр тэмдэглэх шиг болсон.

Нэг хүнд ноогдох ДНБ 38 мянган ам.доллар. Абу Даби нийслэлдээ хаан өөрөө сууна, хот байрлах газар нутаг нь нефтиэр асар баялаг. Энд нэг литр цэвэр ус нэг литр нефть хоёрын хооронд ердөө 30 центийн зөрүүтэй, мэдээж импортын брэнд цэвэр ус арай илүү үнэтэй. Ерөнхийдөө усны хэрэглээндээ их эмзэг ханддаг, ерөнхий боловсролын сургуульд нь усны зөв хэрэглээний талаар маш сайн зааж хүмүүжүүлдэг. Зундаа хэт их халдаг тул усны хэрэглээ 92 хувь хүртлээ огцом өсдөг гэнэ лээ.

Абу Даби бүхэлдээ ногоон байгууламж. Цөлд ой бий болгоод тэр ой дотроо бүгдээрээ сайхан амьдрах аж. Манайх шиг -30, -40 хүрч хөлдөөчихгүй, байнгын зунаараа байдаг болохоор өвөлд бэлдээд сүйд болоод байхгүй, зураг төслөө гаргаад, хаана нь зам байна, тэрний хажууд модоо тарьчихна.Тэгээд бүх модоо нэгдсэн услалтын системээр холбож байгаад нарны элч жаахан багасаад ирэхээр услаад эхэлнэ, хурц наранд услалтын 70-80 хувь агаарт ууршдаг болохоор аль болох шөнөөр дуслын систем ашиглаж усалдаг байна.

Орчуулагч нөхрийн ярьснаар бол Абу Даби, Дубай хоёрыг яаж ингэж ойжуулсан юм бэ гэж жуулчид их асуудаг гэнэ. Хариулт нь их энгийн. Хаан нэг өдөр таван сая мод тарь гэж зарлиг гаргаж, тэгээд л тариад эхэлсэн. Усалгааг далайн усыг цэвэрлэж саарал ус бий болгоод л шийдчихсэн гэж хээвнэг ярив.

Мэдээж шинжлэх ухаан талаасаа их судалгаа хийсэн байж таарна. Цөлд ургадаг модыг эр эмээр нь сөөлжилж тарина, байнгын арчилгаа шаардана, тэр их ажилчны цалин мөнгө гээд эдийн засаг талаасаа ч асар их хүчин зүйл орсон байж таарна. Манайх шиг зун болгон нэг мод тарьсан болоод хаяад явчихгүй, юу ч үзэгдэхгүй элсэн цөлийг 20 жилийн дотор ойжуулна гэдэг зөвхөн мөнгө, ажиллах хүчээс гадна улс эх орноо гэсэн сэтгэл тун чухал. Нийслэл Абу Дабид хүний гараар бүтсэн хамгийн том хиймэл арал бий. “Яас айланд” бол 25 км.кв хиймэл арал юм. Сингапур улсын Сентоза арлаас тав дахин том хиймэл арал руу эх газраасаа газар доогуур нэг км туннелиэр холбогдоно. Хиймэл арал дээр Феррари машины үйлдвэр, зургаан одтой зочид буудал, Формула-1 уралдаан болдог гээд ер нь байхгүй юм гэж алга. Удахгүй Америкийн кино компани болох “Варнер Брос” өөрсдийн студиэ хиймэл арал дээр нээнэ гэнэ. Лос-Анжелес хотод байдаг “Юниверсал студи Холливүүд” шиг жуулчдыг татах үзвэр нэгээр нэмэх юм байна. Хиймэл арал хийгээд тэр арлаа ойжуулаад, жуулчдыг татаад байгааг нь бодохоор арабууд чинь бүгд клашник буу бариад гүйлдээд байдаг хүмүүс биш бололтой. Сүүлийн үед холливүүдийннхэн кино зураг авалтаа энд ирж хийх болжээ. “Галзуу хурд 7”, Том Крүзийн тоглосон “Биелэгдэшгүй даалгавар” гэх мэт холливүүдийн алдартай киноны зураг авалтыг энд хийжээ. Тэр ч битгий хэл, алдарт Майкл Жексоныг амьд сэрүүн байх үед нь урьж тоглолтыг нь хийлгэх гэж байсан гэнэ. Даанч Саудын Арабын шахалтаар цуцлагдаж байсан гэж орчуулагч маань дурамжхан ярина лээ.

Персийн булангийн орнуудаас аялал жуулчлал хамгийн хөгжсөн нь Дубай. Хот ногоон байгууламжаас гадна бүхэлдээ уран барилга. Энд үл хөдлөх хөрөнгийн арилжаа их хөгжсөн. Рийл стэйт буюу үл хөдлөх хөрөнгийн бизнес нь хотын төсвийнхөө 65 хувийг босгодог гэнэ. Хотын ногоон байгууламж нь Абу Дабитайгаа адилхан арга техникээр шийдэгдсэн. Аялал ,жуулчлалын бүс гэсэндээ архи, пиво гэх мэт алкохолын төрлийн ундааг эндээс олно. Гэхдээ дэлгүүрт нь зарахгүй зөвхөн зөвшөөрөгдсөн газруудаар үйлчилдэг гэсэн. Энэ тал дээр хууль хатуу. Аялал, жуулчлал өндөр хөгжсөн нь олон хүчин зүйлээс хамаарна, Арабын ертөнцөөрөө үзвэрийн газар шиг биш, их хатуу дэг жаягтай болохоор араб ертөнцийг хамгийн аюулгүй түвшинд үзэхийг хүссэн хүмүүс бүгд энд цуглана. Илүү эрсдэлтэй аяллыг хүсвэл хажууханд Ирак, Иран гэх орнууд бий. Аялал жуулчлалын гол зарчим нь аюулгүй, үйлчилгээ сайн, ямар ч хулхи бүдүүлэг харьцаа байхгүй, соёлтой найрсаг гээд үйлчилгээ талдаа шаардлага өндөр.

Араб ертөнцөд эмэгтэй хүний эрх гэж байхгүй, эрэгтэйчүүд нь хэдэн ч эхнэртэй байж болдог гэж ойлгодог байсан үе саяхан, гэвч энд тийм биш юм. Яахав, Дубaйгаас бусад араб орнуудад очвол яадаг юм гэхээс. Энд араб эмэгтэйчүүд нь мини юбка өмсөөд тамхиа зуучихсан машин унаад хурдны замаар жирийлгэж явааг хараад нэг их гайхах хэрэггүй. Ганц нэг шейхүүд нь хоёр эхнэртэй. Ногоон хөгжил, аялал жуулчлал өндөр хөгжсөн шалтгаан нь нефтиэс олсон мөнгөө боловсролдоо ихээр зарцуулжээ. 2020 он гэхэд хамгийн тогтвортой хөгжилтэй улс болохыг зорьж байгаа аж. Үүний тулд эдийн засаг, байгаль орчин, хүний хөгжлөө илүү анхаарч байгаа гэнэ. Уугуул арабчууд хаанаасаа эхлээд дийлэнх нь Англид боловсорсон, Хаан өөрөө Оксфордыг төгссөн байна. Англи хэлгүй араб гэж бараг байхгүй ээ. Манайх шиг харийнхан зайл, харь хэл сурахгүй гэж орилолдвол толгойгүй болж мэднэ. Амьдралаа авч явахад бизнес хэрэгтэй, баруунтай бизнес хийхэд хэл хэрэгтэй. Харь хэл нь мөнгө олоход тусалж байвал тэр харь хэл биш, харин ч амь зуух хэл болж хувирна.

Дубайгаас цаг хэртэй давхиад элсэн Сафарид очлоо. Япончууд зөвхөн тэдний Сафарид зориулж “Middle East” ланд крүзер 200-г нийлүүлдэг байна. Араб хөгжмөө асааж байгаад дрифтийг элсэн дээр янзын үзүүлнэ. Манайхан наадмаар морио дагаад машинаар давхидаг ч үүний хажууд нь юу ч биш юм аа. Ялгаа нь, тэнд босох шороогүй, харин ланд крүзер машин л шороо шиг их юм. Элснээс тоос босдоггүй ажээ.

Амралтын өдрөөрөө хотоосоо гараад хурдны замынхаа хоёр талаар түүдэг гал асаан шийшаа тамхиа татаaд элсэн дээрээ хоночих юм. Бидэн шиг сүүлд суурин амьдралтай болсон болохоор ч тэр үү, их ойр дотно харагдсан. Зундаа Туул голоо дагаад гал асаагаад сууцгаадаг шиг дотнохон. Тэдний хувьд гол мөрөн байхгүй учир хурдны зам нь гол шиг үнэ цэнэтэй шахуу.

Эмират аялал, жуулчлалын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөгөөр 2021 онд гадаад, дотоодын аялагчдын тоог 45 саяд хүргэнэ гэж үзжээ. Тиймээс “Ecotourism” буюу ‘эко-аялал, жуулчлал”-ыг хөгжүүлэх шаардлагатай болсон гэнэ. Энэ их хүний хөлд далайн эргээсээ эхлээд, агаарын бохирдол нөгөө хэдэн тарьсан мод, цэцэг нь сүйд болно.

Эко аялал жуулчлал нь эдийн засаг талаасаа ч ач холбогдол өндөр, ажлын байр илүү ихээр бий болгож, ганц нефтиэсээ хамааралгүй солонгорсон эдийн засгийг бий болгоно. Улсын төсвийн хориод хувь нь аялал жуулчлалын салбараас бүрддэг. Эко аялал жуулчлал нь үндэсний өв соёлоо хадгалж үлдэхэд нь чухал нөлөөтэй.

Абу Даби нарны эрчим хүч, салхины эрчим хүч гэх мэт сэргээгдэх эрчим хүчээр удахгүй дэлхийд цойлох бололтой. Тэнд амьдрах үлгэр жишээ эко хотыг бий болгоно гэнэ. Абу Дабигийн онгоцны буудлаас холгүй Масдар гэх жижиг ханан хотыг британичуудтай нийлж барьж байгаа. Энэхүү төсөл хот нь 2025 он гэхэд 50 мянган оршин суугчтай эко хот болохоор төлөвлөгдсөн юм байна. 600 га газарт бий болох хот гэхээсээ илүү нарны эрчим хүчний судалгааны төв бололтой. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэснээр нүүрсхүчлийн хийг багасч, агаарын бохирдол буурна. Энэ хот нь эрчим хүчний эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчээр солих эхлэл нь гэнэ.

Энэ төсөл дээрээ америкчуудаас дэмжлэг авч байгаа юм байна. Саяхан Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний агентлаг гэдэг байгууллагыг эмиратчууд бий болгожээ. Байгууллагын зорилго нь дэлхийд сэргээгдэх эрчим хүч болон түүнийг хэрхэн зохистой хэрэглэхийг сурталчлах. Манайх сэргээгдэх эрчим хүч ашиглавал Улаанбаатар хотынхоо утааг багасгах боломжтой санагдсан. Улаанбаатар хотод 4,704 км.кв талбайд нэг сая гурван зуун мянган хүн амьдардаг бол Дубай хотод 4,114 км.кв талбайд хоёр сая зургаан зуун мянган хүн, жуулчин гийчинтэйгээ нийлээд гурван саяулаа нээх айхтар машин замын түгжрэлгүй амьдрах юм. Энэ хоёр хотоор явж байхад Монголд сонгуулийн үеэр яваа мэт санагдана. Учир нь хэд алхаад хааныхаа хөрөг зургийг байшин болгон дээрээ залсан байх юм.

Эцэст нь дүгнэхэд, Арабын Нэгдсэн Эмират Улс элсэн цөлд сарнай ургуулж, алтанд умбан амьдарч байгаа мэт харагдана. Энэ амьдралыг сүүлийн хорьхон жилд бий болгосон гэж амтай бүхэн нь шагшрах юм. Ялангуяа манай орон өөртэйгөө харьцуулаад…

Тэгэхдээ хаант засагтай ийм оронд монголчууд бид л лав амьдарч чадахгүй байх. Хэн яаж амьдрахыг эцсийн эцэст хаан л шийднэ шүү дээ. Хаант засаглалтай байх нь ардчилсан нийгэмд өсч хүмүүжсэн бидний үеийнхний ухаан санаанд багтамгүй санагдах юм билээ.

М.БАЯНБУЛАГ

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 8 хэмийн хүйтэн байна

Image result for Улаанбаатарт цасОйрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ж.Батболдыг суллажээ

-ТҮҮНИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ ӨӨРИЙН БИЕЭР БАТЛАН ДААЛТАД АВСАН БАЙНА-

Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ж.Батболдыг мөнгө угаасан гэх хэргээр Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан саяхан цагдан хорьсон билээ. Түүнийг Автотээврийн үндэсний төвд хэрэгжүүлсэн тендерээс их хэмжээний мөнгө бусадтай бүлэглэн угааж албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Ж.Батболдыг хорихоос өмнө Зам тээврийн сайд асан А.Гансүхийн зөвлөх асан Ж.Бямбацогтыг цагдан хорьсон байдаг. Түүнийг 2012 онд тус яамнаас зарласан тендерийг будлиантуулж замаас нь 5.9 тэрбум төгрөгийг завшсан хэмээн буруутгаж буй талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Харин Ж.Бямбацогтын хэрэгт холбогдуулан Ж.Батболдыг ийнхүү цагдан хорьжээ. Ж.Батболд нь Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн даргын албыг хашихаас гадна Зам тээврийн хөгжлийн яамны Далайн тээврийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалыг давхар хашдаг юм байна. Уг нь энэ хоёр албан тушаал нь орон тооных бөгөөд нэг хүн давхар хаших боломжгүй аж. Гэвч Төрийн албаны хуулийг зөрчин тэрбээр ийн хоёр албан тушаал зэрэг хашдаг болох нь тогтоогдсон байна .

Ж.БАТБОЛД ГЭЖ ХЭН БЭ?

Ж.Батболд нь Зам тээврийн яаманд 2015 оноос ажиллаж эхэлжээ. Тэрээр 1982 онд Улаанбаатар хотод төрж, ерөнхий боловсролын сургуулиа орос III сургуульд сурч төгсчээ. Дараа нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн аж. Ажлын гараагаа “Магнай трейд” компанид менежерээр эхлүүлж, “Вектор интернэшнл” компанид менежер гэх албыг хашиж байгаад Зам тэээврийн яаманд Далайн тээврийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн хийж байсан байна. Үүний дараа Гадаад хэргийн яаманд Эдийн засгийн хамтын ажиллагааны мэргэжилтнээр ажиллаж байгаад Зам тээврийн хөгжлийн яаманд газрын даргаар эргэн ирсэн аж.

ЯМАР ХЭРЭГТ ТҮҮНИЙГ БУРУУТГАВ

Хэдэн жилийн өмнө буюу 2014 онд Автотээврийн үндэсний төвд нэгэн тендер хэрэгжсэн байдаг аж. Тэр тендерийн хүрээнд хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг улсын хэмжээнд хянах “Тээврийн удирдлага, хяналтын төв” гэдэг газрыг байгуулан ажилласан аж. Энэ төв нь тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн системийг ашиглан улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэл болох автобусуудын байршлыг тогтоон хяналт тавьж, ямар нэг эсрдэл гарвал мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй хийгдэж байсан. Өөрөөр хэлбэл, GSM/GPRS систем болон сансрын холбоогоор /Inmarsat/ дамжуулж мэдээллийг төв серверт хадгалах ба компьютер болон ухаалаг гар утас ашиглан тээврийн хэрэгслүүдээ хянах боломжтой, дэвшилтэт технологид суурилсан цогц систем. Энэ дагуу Хот хоорондын зорчигч тээврийн том оврын 306 автобус, дунд оврын 194 автобус, бага оврын 260 автобус гээд нийтдээ 760 тээврийн хэрэгсэлд нэг бүр нь гурван сая гаруй төгрөгийн үнэтэй байршил тогтоох төхөөрөмжийг суурилуулсан байна. Гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудад нэмэлт дарамт үүсгэхгүй байх үүднээс сансрын холбооны болон GSM/GPRS системийн мэдээлэл дамжуулалтын зардлыг Автотээврийн үндэсний төв хариуцахаар болсон. Нэг тээврийн хэрэгслийн мэдээлэл дамжуулалтын нэг сарын зардал 50 мянга орчим төгрөг болсон гэдэг. Энэ асуудалд Ж.Батболдыг буруутгах хэд хэдэн үндэслэл гарсан байна. Ингээд шалгах явцад мөнгө угаасан гэх баримт ч олдсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм. Энэ ажил нь “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-ын тендертэй холбоотой юм байна.

5.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАВШСАН УУ

Энэ тендерийг хэрэгжүүлэхдээ замаас нь 5.9 тэрбум төгрөгийг завшсан, мөнгө угаасан гэж үзэж байгаа аж. Энэхүү тендер нь 2012 оны долдугаар сарын 17-ны өдрөөс 2012 оны наймдугаар сарын 16-ныг хүртэл “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-д зарцуулагдах мөнгө байсан аж. Тендерт гадаад, дотоодын олон компани оролцож, эдгээрээс Болгар улсын “Контракс Еад” компани шалгаран хамтран ажиллахаар болсон аж. Гэтэл тус компани 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр45/А дугаартай ажлын гэрээг байгуулж, үүндээ 2014 оны хоёрдугаар сарын нэгэн гэхэд дээрх ажлыг хийж дуусгахаар тусгасан аж. Энэ үеэс эхэлж тендерт ирүүлсэн үнийн санал болон бас бус зүйл дээр албан тушаалтнууд ажилласнаас болж 2014 оны тавдугаар сард 45/А дугаартай дээрх гэрээг цуцалжээ. Гэрээг цуцлах болсон шалтгаан нь тухайн үед тодорхойгүй байсан бөгөөд энэ асуудал салбарын хувьд багагүй дуулиан дэгдээгээд байсан юм. Харин энэ бүх гэрээний санхүүгийн асуудлыг сайтар нягтлаад үзвэл ихээхэн хэмжээний мөнгөн дүн гарчээ. Ийм учраас гэрээ болон мөнгөний учрыг олох ёстой болсон аж. Шалгалтын явцад тендерийн ажлаас хэн хэдий хэрийн ашиг олов гэдгийг тогтоосон гэх мэдээлэл байна. Ингэхдээ дээрх эрхмүүд нэг компанийн данс руу мөнгө шилжүүлж, бэлнээр их хэмжээний мөнгийг авсан байдаг гэнэ. Мөн тендер нэрээр хөтөлбөр хэрэгжүүлж харагдавч үнэндээ улсын хөрөнгийг зувчуулсан гэх баримт ч гарч ирсэн байна. Энэ мэтээр тэдний холбогдож буй асуудлууд одоохондоо ийм хүрээнд яваа гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Харин Ж.Батболдыг цагдан хориод удаагүй байхад буюу арав гаруй хоногийн дараа Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хуулийнхан руу залгаж “Газрын даргыг хорьчихсон. Ажил явахгүй байна. Би батлан даая” хэмээжээ. Ингээд цагдан хорих эсэхийг нь шүүхээр шийдэх хурал болж, Д.Ганбат сайд өөрийн биеэр очиж чамгүй мөнгөн барьцаа төлж байж түүнийг суллаж авсан гэнэ. Зам тээврийн хөгжлийн яамныхан “Сайд өөрийн биеэр батлан даалтад авч байгаа юм. Өөрийнх нь гарын хүн гэдэг нь тодорхой байгаа биз дээ. Батлан даах хүн олдоогүй юм байх даа” гэцгээж байв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дэлхийн мисс”-ийн түүхэн дэх анхны илбийн үзүүлбэрээрээ шилдэг 20-т шалгарлаа

2016 оны “Дэлхийн мисс” тодрох мөч ойртсоор. Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож байгаа билээ.

Манай мисс тэмцээний шалгаруулалтуудад тун амжилттай оролцож байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тухайлбал, А.Баярцэцэгийн Авьяасын үзүүлбэр шилдэг 10-т шалгараад байсан. Тэгвэл түүний үзүүлбэр Mobstar аппликейкшны санал хураалтад тэргүүлж, шилдгийн шилдгээр шалгарлаа.
Улмаар манай мисс “Дэлхийн мисс”-ийн шилдэг 20 миссийн нэгээр албан ёсоор шалгарлаа.

Одоо бид А.Баярцэцэгийг шилдэг 10 оролцогчийн нэг болгохын тулд Miss world аппликейкшнаар саналаа өгөх ёстой.

Дашрамд дурдахад, манай мисс уран бичлэгийг /калиграф/ бүжиг болон илбэтэй хослуулан үзүүлсэн бөгөөд түүний энэ үзүүлбэр “Дэлхийн мисс”-ийн түүхэн дэх анхны илбийн үзүүлбэр болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хувиргасан амьд организмыг хэрэглэхгүй байх тухай хуулийн төсөл өргөн барилаа

uihУИХ-ын гишүүн Х.Болорчулуун, М.Билэгт, Ц.Даваасүрэн нар өчигдөр /2016.12.16/ Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өргөн барилаа.

Монгол Улсын хүн амын тоо цөөн, байгалийн арвин баялаг нөөцтэй тул дотоодын хүнсний хэрэглээг ямарваа нэгэн генетикийн өөрчлөлтөд ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаарлалт тавих эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортод хяналт тавих зайлшгүй шаардлагатай байгаа тул уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

uihХүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 3 зүйлтэй юм. Төслийн 1 дүгээр зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тариалах, үйлдвэрлэхийг хориглох болон импортын стандартыг тогтоох тухай, төслийн 2 дугаар зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсэнд тавих хяналтын тухай, харин төслийн 3 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортод тавих хяналтыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулна.

Хуульд дээрх өөрчлөлтүүдийг оруулснаар иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах, найрлагадаа хувиргасан амьд организм агуулсан буюу генетикийн өөрчлөлттэй хүнс хэрэглэснээр урт хугацааны дараа илэрч болзошгүй эрсдэлээс сэргийлэх юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг намын даргад өрсөлдөнө

Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг өнөөдөр намын даргын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Тодруулбал, Н.Алтанхуяг дөнгөж сая Ардчилсан намын даргад албан ёсоор нэр дэвшихээр намын сонгуулийн хороонд мөрийн хөтөлбөр, өргөдлөө гардууллаа. Тэрээр өргөдөлдөө намынхаа эв эеийг хичээн ялалтын буухиагаа үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Ингэсэнээр АН-ын даргад зургаан хүн албан ёсоор нэр дэвшихээр болж байгаа юм. Намын даргад нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өнөөдөр /2016.12.17/ 16.00 цагт дуусах юм.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн Х.Баатар ХАА-н биржийг удирдана

Хөдөө аж ахуйн биржийг “Гаалийн” гэх тодотголоор олонд танигдсан Х.Баатар удирдахаар болжээ. Хэд хоногийн өмнө Хөдөө аж ахуйн биржийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Өнгөрсөн сард УИХ-аар төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл сонсох үед Хөдөө аж ахуйн бирж нэлээд асуудалтай газраар нэрлэгдэж, захирлыг өөрчлөх асуудал хөндөгдсөн нь ийн биеллээ олжээ. Тус биржийн өмчлөлийг тодруулбал, 49 хувийг төр, 49 хувийг Хятадын хөрөнгө оруулалттай таван компани, хоёр хувийг нь 30 гаруй иргэн эзэмшиж байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад тусламж хүргүүлэв

JCI Монгол байгууллага Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан хандивын аянд нэгдэж өвөлжилт хүндэрсэн, хүндрэх төлөвтэй байгаа сумдад өвөлжилтийг хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэхээр малын нэмнээ, дулаан хувцас, бээлий зэргийг хандивлаж байна.

JCI Монгол байгууллага нь нийгэмд болон гишүүддээ чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд эдгээрийн нэг нь “Илгээлтийн эзэн” төсөл юм. Илгээлтийн эзэн төсөл нь 2011 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд жил бүр аль нэг аймгийг сонгон гишүүдээс цугласан хандив тусламжийг малчдад түгээн, мөн 50-70 гишүүд 2-3 өдөр малчин айлд очиж мал ахуйд нь тусалж, үүгээр дамжуулан гишүүд залуусдаа малчдын аж амьдралтай танилцах боломж олгодог төсөл юм. Мөн энэхүү төсөл нь нүүдлийн ёс заншил, уламжлалыг залуу үед таниулах, малчдын гэрээр очиж мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношлогоо хийх, малчдад итгэл, урам зориг өгдөг давхар ач холбогдолтой юм.

Энэ удаад JCI Монгол байгууллага төслөө эрт эхлүүлж, эхний ээлжинд малчдын хэрэгцээнд хандивын зүйлс цуглууллаа. Цугларсан дулаалгын материалаар хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч оёдлын үйлчилгээ үзүүлэх боломжтой иргэдийг давхар дэмжиж Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бит-3” төвийн уран бүсгүйчүүдээр бод малын нэмнээ, бээлий оеулав.

Жил жилийн “Илгээлтийн эзэн” төсөлд АПУ ХК, Хөвсгөл Алтандуулга ХК, НВЦ ХХК, Өгөөж-Чихэр боов ХХК, Урбанек ХХК, Мах Маркет ХХК, Денкфарм ХХК, Монкон Групп ХХК зэрэг компаниуд гол хандивлагчаар оролцдог бөгөөд энэ удаад “Нирвана VIP салон болон ОБЗЕРВ консалтинг ХХК болон гишүүдийн зүгээр хандивласан 10 хайрцаг дулаан хувцас, бодын нэмнээ 61, бээлий 100 хос болон малчдад хэрэгцээтэй бусад зүйлсийг ХХААХҮЯ-нд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгч байна.

Гишүүдийн малчдаа гэсэн халуун сэтгэл, хүч зүтгэлээр босгосон хандивын зүйлс малчдад маань нэмэр тус болохыг хүсч, мөн олон олон байгууллагууд, иргэдийг энэхүү аянд нэгдэхийг JCI Монгол байгууллага уриалж байна.

Categories
мэдээ спорт

“Богд хайрханы хишиг” барилдаантай

Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Богд хайрханы хишиг” барилдаан болох гэж байна. Барилдаанд энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдах юм.

“Богд хайрханы хишиг” барилдаан маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр 14 цагаас “Бөхийн өргөө”-нд болно.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний гол нэрийн барааны үнэ 4.3 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Энэ сарын 14-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 4.3 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.4 хувиар өсчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.9 хувь, үхрийн ястай махны үнэ 3.3 хувь, үхрийн цул махны үнэ 7.4 хувь, ямааны ястай махны үнэ 9.8 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.6 хувь, үхрийн ястай махны үнэ 7.9 хувь, үхрийн цул махны үнэ 5.7 хувь, ямааны ястай махны үнэ 6.4 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 12-р сарын 14-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 4260 төгрөг, үхрийн /ястай/ мах 5685 төгрөг, үхрийн цул мах 7670 төгрөг, адууны /ястай/ мах 4405 төгрөг, ямааны /ястай/ мах 3650 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.4 хувь, задгай 1-р зэргийн гурилын үнэ 2.3 хувиар буурч, савласан дээдийн дээд гурил болон савласан 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байв. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 12-р сарын 14-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.5 хувь, луувангийн үнэ 10.4 хувь, байцааны үнэ 42.8 хувиар өсч, манжингийн үнэ 2.4 хувиар буурч, сонгины үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад луувангийн үнэ 4.3 хувиар буурч, төмсний үнэ 1.4 хувь, байцааны үнэ 20.5 хувиар өсч, манжин болон сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.6 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 3.2 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүн болон “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.6 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байв. Өндөгний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 8.5 хувиар өссөн байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.