Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2494 төгрөгтэй тэнцлээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сард 2720 төгрөг болж хөөрөгдсөн долларын ханш 250 төгрөгөөр буурснаас хойш тогтвортой байгаа. Арав, арваннэгдүгээр сард хоногийн дотор 30-40 төгрөгөөр өсч байсан долларын ханш долоо хоногийн хугацаанд 10 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 2480 орчим төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 2492-2494 төгрөгийн хооронд байна.

Капитрон

2,480.00 2.00

2,492.00

Евро Ази

2,485.00

2,492.00

Голомт

2,478.00

2,493.00 1.00

ХХБанк

2,478.00

2,493.00 1.00

ХААН

2,478.00 4.00

2,493.00 1.00

КРЕДИТ банк

2,478.00 5.00

2,493.00 2.00

Төрийн банк

2,478.00 2.00

2,493.00 1.00

East Eagle

2,489.00

2,493.00

Капитал банк

2,477.00

2,494.00

Уран уургач

2,492.00

2,494.00

“Номин Карт” ББСБ

2,487.00 4.00

2,494.00 5.00

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бараг л шинэчлэгдэх шахсан АН-ын Их хурлын тухай

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ер нь бол сая болсон Их хурлаараа АН шинэчлэгдэх өнгөндөө орлоо. Ямарч байсан найман жилийн дараа Их хурлаа хийлээ. Энэ бол эхний алхам. Хоёрдугаарт, намынхаа бүх давхаргаас Их хуралдаа оролцууллаа. Ахмад, дунд, залуу үе, шинэчлэл яригчид… гээд бүгдийг нь хамрууллаа. Гуравдугаарт, ярья гэсэн бүгдийг яриулж сайн сонсогч байж чадлаа. Энэ бол энэ намын дотоод зангирлыг суллаж, хий хуйг нь гаргалаа гэсэн үг. Дөрөв дэх хамгийн том дэвшил бол намынхаа даргыг бүх гишүүдээсээ асууж сонгохоор боллоо. Энэ дөрвөн асуудал бол ямар ч байсан шинэчлэлийн эхлэл, шинэчлэгдэх шахаж байна гэсэн үг. Харин тэр фракцгүй нам болно энэ тэр бол үнэндээ утопи санаа. Дэлхийн аль ч орны улс төрд фракцгүй нам гэж байдаггүйг судлаачид хэлдэг. Дэлхийн хамгийн дэглэмт улс Хятадад гэхэд өнөөдөр Бээжингийн, Шанхайн, Тяньжины, Комсомолын гэсэн дөрвөн том бүлэглэл биесээ хэмлэж байгааг улс төр судлаачид тодорхой бичиж байгаа шүү дээ. Веьтнам бол өнөөдөр дэлхий дээр байгаа хамгийн төгс коммунист намтай улс. Энэ улсын их улс төрд нь фракцууд байдаг гээд бод. Тэгэхээр манайхан олон улсад фракцийн хэм хэмжээ ямар байдаг, тийм л зохист харьцаа, ёс зүйг нь улс төрдөө бий болгох, төлөвшүүлэх тухай ярих хэрэгтэй.

АН Их хурлаараа асуудлуудыг нэлээн системтэй явуулчих ёстой байсан юм. Хурлыг удирдаж буй долоон хүнийг харахад долоон фракцын төлөөлөл байгаа харагдсан. Хурал удирдсан “халзан” Баттулга бол хотын, Үүлийн чигийн, бүр цааш нь яривал хэний ч байдаг юм, фракцын хүн юм байгаа биз дээ. Х.Тэмүүжин “Нэг ардчилал”, Лу.Болд нь “МоАН санаачилга”, Д.Зоригт МҮДН, С.Одонтуяа “Шонхор”… гээд маргаангүй л дээ. Эхнээсээ ингэж ойлголцоод, хурал даргалагч нараа эн тэнцүү сонгоод явж байгаа юм чинь дүрмийн шинэчлэлээ хийчих юм байна гэж харж байлаа. Гэтэл өнөө монгол зангаараа ажлаа эхлүүлээд дуусгалгүй зогсоочих юм. Энэ нь зориудын юм уу, эсвэл үнэхээр цаг хугацаандаа баригдаад тэгсэн үү мэдэхгүй байна. Их хуралд идэвхтэй, огт гарч орохгүй суусан хоёр хүн байсан нь Г.Батхүү, Ц.Оюунгэрэл нар. Ёстой бөгсөө хавтгай болтол суусан даа, энэ хоёр. Энэ намын лидер гэгддэг хүмүүс энэ хоёр шиг идэвх зүтгэлтэй байвал гэж бодогдож л байлаа. Бусад нь бол яах вэ, яг хуучнаараа, 20 жилийн л өмнөх шигээ орж гараад л… Хурлын төлөөлөгчдийг айхавтар хайрцагласан тухай яриа гарч л байсан. Тийм болохоор л фракц байхгүй болгох тухай ярих нь үлгэр юм биш үү гээд байгаа юм. Дүрмийн шинэчлэлээр бол сонгуульд өрсөлдөөд унасан хүмүүс, намын үүр, хороодоо удирдаж ороод унагасан хүмүүс дөрвөн жилдээ ямарч сонгуульд өрсөлдөх эрхгүй байхаар тусгасан байсан. Өнөөдрийн нөхцөлөөр бол тэр хамаагүй боллоо. Хэн ч байсан намын даргын сунгаанд орж болно, Ерөнхийлөгчид нэр дэвшиж болно. Дүрмийн ийм тодорхойгүй байдал нь санаа зовоосон асуудал мөн. АН-д зогсохоо мэдэхгүй шаргуу, ажлаа хаядаггүй, нэг л өглөө “Хууль дүрэм ийм юм боллоо” гээд зогсож байдаг ганц нэг хүмүүс бий. Ийм хүмүүс нь шаргуу ажиллахын тулд Их хурлаа зогсоож байх вий дээ. Өөрсдөдөө хэрэгтэй, ашигтай дүрэм гаргуулчихвий дээ. Монголын нийгмийн сэтгэл зүйд ёс зүй байгаа учраас ёс зүйгүй болчихсон АН-ыг саяын сонгуулиар төрийн сэнтийгээс арчсан. Өнгөрсөн дөрвөн жил хоорондоо хэмлэлдээд улс орныг тараачих шахсан улс төрийн хүчнийг ийм хувь тавилангаас өөр юу хүлээх билээ. Гэхдээ АН бүхлээрээ ёс зүйгүй болсон гэвэл алдас болно. АН-ын фракцуудад хуваагдсан ҮЗХ нь ёс зүйн чадамжгүй болсон учраас хэлж байгаа юм. Тийм учраас энэ намд шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Улс төрийн нам нь амьд организм, өнөөдөр яриад маргааш шинэчлэгдэнэ гэж байхгүй. Үйл явц нэлээн өрнөнө. Тэр нь л зөв байгаасай. Тодорхой бүлэг хүмүүс дүрмийн шинэчлэлээ өөрсдөдөө ашигтайгаар эргүүлчихвий гэж дахин дахин сануулмаар байна.

Нөгөө талдаа бас шинэчлэл нь арай хэтэрчих вий дээ гэсэн болгоомжлол байна. Жишээ нь өнөөдөр намд элсээд, маргааш нь намын дарга, эсвэл Ерөнхийлөгч болно гээд дайрах боломж нээлттэй байна шүү дээ. Хөгжсөн, хөгжиж буй орны төрд тохиолдлын хүн гарч ирнэ гэсэн ойлголт бараг байдаггүй юм. Намын тогоонд тодорхой хэмжээгээр чанагдсан, зовлонг нь биеэрээ туулж мэдэрсэн, сайн сайхныг нь ч үзсэн тийм л хүмүүс гарч ирдэг. Энэ бол бичигдээгүй хууль. Гэтэл хий онол ярьсан, хэн нэг том хүний татаас дэмжлэгээр явахыг эрмэлзсэн хүмүүс олон болж. Өнөөдөр хэн дуртай нь намын дарга руу санаархаж болох дүрэмтэй байгаа нь намын амьдралыг бүү хэл өөрсдийнхөө амьдралыг хэлж мэдэхгүй хүмүүсийн хийж буй ажил шиг харагдах боллоо.

Ер нь АН-ынхан МАН-аасаа суралцвал яасан юм бэ. Энэ намаас суралцах юм их байна шүү. МАН нь ахмад, дунд, залуу үеийнхээ харьцааг зохистой хэмжээнд авч явж чадаж байна. Мэдээж улс төр л болсон хойно өөрөөсөө илүү боловсрол мэдлэгтэй, ажлын туршлагатай ганц нэг мундаг залуусаа буланд шахах байдал харагдаж байгаа. Гэхдээ АН-ыг бодвол харьцангуй зохист харьцааг барьж чадаж байгаа нь тэдэнд үлгэр болохоор байгаа юм. Дээр нь Х.Тэмүүжингийн хэлсэн “Бид аливаад шинжлэх ухаанчаар хандах” гэсэн үг бий. Энэ их зөв үг гэдэг нь МАН-ын өнгөнөөс харагддаг. Харин АН-д бол байхгүй. АН нь хэтэрхий шашинжсан, бөөжсөн, мухар сүсэгт автах болсон нь гунигтай. Бүх даргынх нь ард заавал нэг бөө удган, лам үзмэрч сууж байдаг. Цөхрөлийн эцсийн цэг бол шашин гэж нэг ухаантан хэлсэн нь бий. Хүн аливаа асуудлын шийдлийг олж хүчрэхгүй болохоороо оюун санааны хувьд хамгийн ойр зүйл нь бөө шашин, лам үзмэрч болдог гэж хэлсэн нь амьдралын үнэн бололтой. Монголын төр засгийн толгойд 26 жил зайдагнаж байгаа эдгээр нөхдийн оюуны бяд дуусчихсан юм шиг байна, потенциал нь шавхагдсан бололтой, тэдний толгойд төрийн, намын ажлыг бөө, ламаас асуухаас өөр зүйл орж ирэхээ больчихож. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг ард түмэн нь хэдэн зуун мянгаараа яагаад эсэргүүцэн жагсав. Яг үнэн хэрэгтээ түүнийг албан тушаалаа хэтрүүлсэн, авлигын асуудалд орооцолдсон гэдэг шалтгаанаар ард түмэн нь буруутгаагүй шүү дээ. Ганцхан төрийн ажлыг бөөгөөс асууж хийдэг байсанд, улс орноо мухар сүсгээр удирдсанд Солонгосын ард түмэн уурсан зэвүүцэж огцруулахад хүрлээ. Хөгжсөн нийгэм ингэж хүлээж авдаг юм байна. Манай нөхдөд үнэхээр дээрдэх юм алга. 888 төсөл ч гэх шиг, 1206 он, тэгэхээр арванхоёрдугаар сарын 06-нд Их хурлаа хийнэ ч гэх шиг. Ингэж мухар сүсгээр сонгосон өдрөө Их хурлаа хийхээр болж, ёстой хөл толгойгүй шуураад цуглацгаатал хэлэлцэх ёстой шинэчилсэн дүрмийн төсөл нь төлөөлөгчдийнхөө гар дээр очоогүй байх жишээтэй. Төлөөлөгчид дүрмийн төслөө ядаж нэг, хоёр хоногийн өмнө авч судалсан байх ёстой байдаггүй юм уу. Тэгэхээр чинь яах гэж цугласан байхав. Заавал 1210 төлөөлөгч байх ёстой гэдэг нь бас ямар мэргэ төлгө юм мэдэхгүй. Намын шинэчлэл ярьж байгаа залуус нь заавал монгол дээл, жанжин малгайтай их хуралдаа оролцох ёстой гэнэ.

Ийм шинжлэх ухаанч бус байхаар чинь улс орон урагшаа яаж алхах юм бэ. Өнөөдөр хүн төрөлхтөн өөртөө ямар шаардлага тавьж, юунд зорьж тэмүүлж байгаа билээ. Монголчууд нэг үеэ бодвол хальт мульт англи хэлтэй болж дэлхийн шинэ хандлагатай танилцаж, мэдэрч л байна. Тийм атал янз бүрийн мухар сүсэг ярьж, түүнийгээ улс орны удирдлагын түвшинд аваачихаар чинь хэлэх үг олдохгүй юм байна шүү дээ. Тийм болохоор АН өнөөдрөөс эхлээд шинжлэх ухаанч байх хэрэгтэй. Шинжлэх ухааныг урьтал болгох ёстой. АН бол Монголын ардчиллын хувь заяа мөн. Энэ нам балай байвал улс орны хувь заяанд хортой. Хортой нь сүүлийн хэдэн жил харагдаж, сая сонгуулиар дүнгээ тавиуллаа. Бидний коммунист гэж ярьдаг МАН нь АН-ын дэргэд хамаагүй баруунжсан, шинжлэх ухаанжсан, боловсон хүчнийхээ цөмд оюунлаг хэсгээ багтаасан, орчин үеийн улс төрийн хүчин маягтай харагддаг боллоо.Гэтэл АН-ын байгаа царай ийм л маягтай байна. Гэхдээ яахав, ямарч байсан Их хурлаа хийлээ. Намын даргаа бүгдээрээ сонгохоор боллоо. Шинэчлэгдэх өнгөндөө орлоо гэсэн үг. Гэхдээ шинэчлэлээ маргааш хийе гэнэ. Маргааш нь тэгээд харин юу болдог юм бол доо.

Categories
мэдээ цаг-үе

Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Бичигтийн боомт орох гээд явж байтал нум болтлоо гэдсээ татсан зээрд морь хатирч явахтай таарав. Хавирга нь хэрзийгээд, өнгө зүс нь гундаж, сүүл нь оодойчихсон, ташаан толгойны үс нь тэр чигтээ халцарсан байх аж. Газар үнэрлээд л хангинатал янцгаах юм. Үе үе эргэж харсаар хатирч харагдана. Гэтэл урд уулын зүүн мөрөөр мотоцикльтой хүмүүс гараад ирлээ. Нөгөө зээрд морины барааг харангуутаа л хаазлаад хурдалж гардаг байна шүү. Хэдхэн минутын дотор зээрд морийг гүйцчихэв. Мотоцикльтой залуус хашгирч, гуугачиж араас нь сигналдаж, зүүн тийш эргүүлэн туух гэж оролдож байв. Харин зээрд морь мотоцикльтой залуусын ар, өврөөр бултаж баруун тийшээ л тэмүүлэх аж. Залуусын нэг нь мотоцикльтойгоо гүйцэж очоод, шилбүүрээр өөд уруугүй ороолгож, голынхоо дуугаар хашгирах аж. Шилбүүрээр ороолгуулах бүртээ зээрд морь татганаж, гишгэгдэл алдаж байсан юм. Хэсэг хугацааны дараа зээрд морь, эцэж туйлдсан бололтой. Шаасан гадас шиг тэр дороо нам зогсчихлоо. Тэгсэн мотоциклийн ард сундалж явсан улаан шаргал дээл, хүрэн өнгийн хүрэмтэй залуу үсэрч буугаад л зээрд морийг тийрээд унагачихлаа. Тэгснээ хэд хэдэн удаа толгой руу нь өшиглөөд авлаа.

Энэ бүгдийг хараад зогсож байсан бид залуус дээр яваад очлоо. Залуустай мэнд мэдэлцээд, яагаад адуу мал зодож нүдээд байна вэ гээд шуудхан асуучихлаа. Тэгсэн намхан биетэй, бор царайтай залуу “Хувхай нугасандаа хутга шаалгамар чинь хашаа давж харайгаад нутаг руугаа зугтаачихдаг байна ш дээ. 20 хоног юу ч идээгүй юм байж шандастай муу шир байх нь. Гурван ч удаа хашаан дээгүүр харайгаад баригдаж байгаа юм. Биднийг 400 мянган төгрөгийн өрөнд оруулчих гээд байна” хэмээн уурсав. Зээрд морийг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас худалдаж авчээ.

Дэлгэрэх сумаас Бичигтийн боомт хүртэл гурав хоног ачигдаж ирсэн байна. Ингээд 19 хоног машины тэвшин дээр өвс, усгүй байсан гэнэ. Харин хоёр хоногийн өмнө бага хэмжээний өвс өгчээ. Зээрд морийг мяндсаар ногтолж, хөтлөөд явцгаалаа. Хар хөлс нь цувж, хөх мах нь чичирсэн зээрд морь дөрвөн хөлөө дааж ядан хөтөлж яваа хүний хойноос сажилж байлаа. Бид ч Бичигтийн боомтыг чиглэн хөдөллөө. Замд үхсэн адуу тэвшин дээрээ дүүртэл ачсан машин зөрж таарав. Хогийн цэг дээр аваачиж хаях гэж яваа бололтой.

“Бичигтийн боомт дээр 1200 гаруй адуу хилээр гарч чадахгүй 20 гаруй хонож байна. Шадар сайд У.Хүрэлсүх улсын хилээр адуу гаргахгүй гэсэн шийдвэр гаргаснаас хойш боомтын ойролцоо олон зуун адуу машины тэвшин дээр өлбөрч үхэж байна” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэр Бичигтийн боомт дээр очихоор явж байхдаа дээрх үйл явдалтай таарсан юм.

Монголчууд молор эрдэнэ хэмээн үеийн үед шүтэж ирсэн адуугаа яаж тамлан, тарчлааж, турааж алж байгааг Бичигтийн боомт дээрээс харж болох. Банзан хашаагаар дүүрэн адуу хашсан байлаа. Багцаагаар 400 гаруй адуу байна, тэнд. Мөн хашааны гадна талд хүнд даацын машины тэвш дүүрэн адуу ачаатай байх аж. Нэг машины тэвшин дээр гараад харлаа. Тэвшин дээр байгаа адуунуудын сүр сүлдний талаар ярих ч юм биш. Бүгд олон хоног өлгүй байснаас болоод нүднээс гарчихсан, бүрзийсэн зогсож байв. Арай л гэж хөл дээрээ тогтож байгаа бололтой. Бие биедээ тулгуур болж байгаадаа л босоо байна уу гэмээр. Ташаан толгойны яс нь горзойгоод, хавирга нь хэрзийгээд харахаас нүд халтирмаар байв. Цагаан гүү, хул зүсмийн морь тэвшний хойд хэсэгт амь тавих гэж байгаа бололтой харагдлаа. Зүүн талын хашаанд байх дөрвөн ханатай гэрээс гурван залуу гараад ирлээ. “Хөөш юун хүмүүс машин тэрэг рүү өнгөлзөөд байгаа юм бэ. Яах гэж яваа юм” гээд нэлээд омогтой гарч ирцгээлээ. Тэдэнтэй мэнд мэдэлцээд, адуугаа хэзээ эргүүлэн татах гэж байгаа талаар асууж тодруулав. Хотоос компанийн захирал хүнд даацын машин хөөцөлдөж байгаа гэж сая ярилаа гэснээ “Энэ хэдэн үдээрийг Хятад руу гаргачих юм бол ажлын хөлс мөнгөө аваад явчихмаар байдаг. Гэтэл хилээр гаргахгүй гээд шийдвэр гарчихлаа. 20 хоног энд хийх ажилгүй зогслоо” гээд уурлаж байна. Тэгэхээр нь “Та нар яагаад уурлаад байгаа юм бэ. Адуу мал турж үхээд байна гээд хотод бөөн яриа болж байна шүү дээ” гээд асуулаа. Тэгсэн өөдөөс “Тэгэхгүй яах юм бэ. Энэ хэдэн адууг ачсанаас болоод баларч байна. Хамаг ажлаа алдаад 20 гаруй хоночихоор хэний ч гэсэн уур хүрнэ биз дээ. Бид ардаа амьдралтай хүмүүс шүү” гэв.

Өндөр биетэй өөрийгөө Ширэндэв гэж танилцуулсан залуу “Өө п….. нөгөө цагаан гүү, хул морь хоёр чинь үхэж байна ш дээ. Сэгнүүд чинь яасан үхэж дуусддаггүй юм бэ” гэж ачаатай адууг зүхэж хараасаар машины тэвшин дээр гарлаа. Тэгснээ арынхаа хаалтыг онгойлгов. Нэг нь цагаан гүүний сүүлнээс, нөгөөх нь чихнээс нь зулгаав. Харин Ширэндэв тэвшин дээрээс их биеийг нь хөлөөрөө түлхэж, шороон дээр пидхийтэл унагачихлаа. Цагаан гүү газарт унаад хэд хэдэн удаа татваганаж байгаад амьсгаагаа татчихлаа. Хул морийг мөн л энэ янзаараа буулгав. “Одоо наадах чинь тэгж байгаад үхнэ биз. Гэрт ороод хөзрөө үргэлжлүүлэх үү” хэмээн хоорондоо ярих ажээ. Хашаатай байгаа 40 гаруй адуу мөн л өр өвтгөмөөр дүр төрхтэй байна лээ. Олон хоног өвс идээгүйгээс болоод нэгнийхээ дэл сүүлийг юу ч үгүй болтол нь идчихсэн байх. Мөн хашааны буланг энд тэндээс нь хэмлэсэн шүдний ором мөр хаа сайгүй гарчээ. Хүн ирсэн бараанаар бүгд үүрсэж, хашаа л хөдөлнө гар дагаж хараад бүлтгэнээд л зогсоод байх юм. Хашаатай байгаа 400 гаруй адуунд 50-иад боодол өвс өчигдөр орой тавьж өгсөн гэсэн.

“ҮХСЭН АДУУГ НЬ ТЭВШИН ДЭЭРЭЭСЭЭ БУУЛГАЖ ШИДЧИХЭЭД Л СУУЖ БАЙНА”

“Түмний хүнс” компанийн ажилтан Б.Дэлгэрдалайгаас цөөн асуултад хариулт авлаа.


-Энд хэзээ ирсэн бэ. Хаанаас адуу ачиж ирсэн бэ?

-Энд ирээд сар болох гэж байна. Гэрээсээ гараад 40 гаруй хонож байна даа. Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгаас ченжүүдээр дамжуулан худалдаж авсан адуу байгаа. Нэг адууг 70 мянган төгрөгөөр ачихаар тохиролцсон юм. Адуугаа ачиж дуусаад шороон замаар гурав хоног явсан. Арай гэж боомт дээр ирсэн Шадар сайд У.Хүрэлсүх улсын хилээр адуу гаргаж болохгүй гэсэн түр шийдвэр гаргасан. Хилээр адуу гаргахгүй гээд хорьчихсон. Компанийн захирал болон бусад хүн өнөө маргаашгүй хилээр гаргах юм гэнэ. Гаргасан хоригоо цуцлах гэж байгаа” гэсэн яриа гарсан. Тэгээд л гаргасан шийдвэрээ цуцлахыг нь хүлээгээд л энд байгаад байсан. Энэ байдлаар 20 гаруй хоночихлоо.

-Таны ачиж ирсэн адуунаас хэд нь үхсэн бэ. Яагаад машины тэвшин дээрээсээ буулгахгүй, өвс, ус өгөхгүй 20 гаруй хоног болгочихсон юм бэ?

-Адуу үхэж байгаатай бид ямар холбоотой юм бэ. Та нар эсэн мэнд ачаад боомт ор гэж хэлсэн. Бид ч ороод ирсэн. Адуу худалдаж авсан ченжүүд болон компанийнхан ачаатай нь байлгаж бай гэж хэлсэн. Эзэд нь тэгж хэлж байхад бид өмнөөс нь юу хэлэх юм бэ. 20 хоноод л миний ачиж ирсэн адуу эхнээсээ үхэж эхэлсэн. Одоогоор арав гаруй адуу үхчихсэн. Дандаа л хөгшин гүү үхээд байх юм. Анх сайхан тарган адуу ачиж байсан. Тэвшин дээр багталцахгүй чихэлдээд байдаг байсан юм. Одоо харин турж эцээд нүднээс гарч байна.

-20 гаруй хоног өвс идэж, ус уухгүй байхад ямар ч мал үхнэ шүү дээ. Ядахдаа тэвшин дээрээсээ буулгачихаж болоогүй юм уу?

-Өнөөдөр гаргаж чадсангүй, маргааш гаргана гэсэн. Адуугаа битгий буулгаарай гэж хэлсэн гэж сая ярьсан шүү дээ. Сүүлийн үед хөдөөнийхөн адуугаа огт унахаа больчихсон. Бүгд хангал дошгин байна. Энэ олон адууг ачих гэж бөөн юм болсон. Тэгэхээр ганцаараа байгаа би буулгаж чадахгүй. Хүмүүс гуйгаад буулгачихаж болно. Эргүүлээд ачиж чадахгүй шүү дээ. Өөрөөсөө мөнгө гаргаад өвс худалдаад аваад өгч чадахгүй. Үхсэнийг нь тэвшин дээрээсээ буулгаж шидчихээд л сууж байна.

-Шадар сайд хилээр амьд адуу гаргахыг хориглосон шийдвэр гаргасан. Та хэд адуугаа яах бодолтой байна вэ?

-Хот руу аваад явна гэсэн. 870 километр газар туулна шүү дээ. Хэд нь үхээд хот орохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан ус, өвс өгч байгаад л аваад явна даа гэв.

“ЖОЛООЧ, КОМПАНИЙН АЖИЛТНУУД МӨРИЙТЭЙ ТОГЛООД ДУЛААН ГЭРТ ХЭВТЭЖ БАЙХАД ГАДАА АДУУ ТУРЖ ҮХЭЭД БАЙЖ БАЙНА” ГЭВ

Хилийн боомтын орчимд амьдарч байгаа иргэд “Адуу ачиж ирсэн жолооч нар хилээр адуу гаргахгүй гэсэн түр шийдвэр гарснаас хойш энд архидаж байна. Мөрийтэй хөзөр тоглоод л дулаан гэрт хэвтээд байсан. Харин хөлдүү тэвшин дээр адуу турж үхээд л үнэхээр хэцүү байна. Унаж яваа машинаа бөөцийлөөд л бүтээгээд байдаг. Тэгсэн мөртлөө сүлд хийморь болгон шүтэж ирсэн адуу үхэж байгааг огт тоохгүй байна лээ” хэмээн мэдээлэл өгч байв. Биднийг очих үед 800 орчим адууг нийслэл рүү ачсан байлаа. Налайх дүүргийн “Цайз”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт” захуудад нядалгаанд оруулахаар ачиж байгаа нь энэ аж.

Бид Бичигт боомтын хажуу талын төмөр ногоон хашааны үүдэнд очлоо. Машины тэвшин дээр 30 гаруй адуу байв. Хоёр залуу гартаа хурц үзүүртэй шөвөг барьчихсан зогсож байв. Хот руу хөдлөх гэж байна. Хэвтчихсэн байсан хэдэн адууг босгож байна. Тэвшин дээр гараад адуун дундуур явж болохгүй юм. Хэвтчихсэн адуу өргөөд босохгүй. Харин хондлой руу нь шөвөгдчихөөр годос гээд л босоод ирж байна” гээд л инээд алдаад зогсож байлаа.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухааны хосгүй эрдэнэ болсон академич Д.Цэрэнсодномынд өнжлөө

Олон улсын Алтай судлалын төвөөс Монголын хоёрхон эрдэмтэнд “Алтан медаль”-иа хүртээсэн билээ. 1963 оноос дэлхийн эрдэмтдэд олгож эхэлсэн тус шагналыг 1965 онд нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гуай хүртэж байжээ. Харин үүнээс тавин жилийн дараа академич Далантайн Цэрэнсодномд энэхүү шагналыг олгосон байдаг. Түүхийг нэхэн дурссаны учир гэвэл энэ удаа Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Далантайн Цэрэнсодном гуайнд өнжсөнөө тодотгосон хэрэг л дээ. Үнэндээ Д.Цэрэнсодном гуайн гэрт гэхээсээ илүүтэйгээр түүний номын буюу ажлын өргөөнд илүү цагийг өнгөрөөсөн гээд хэлчихэд болно. Сайн эрдэмтэн улсын баялаг гэдэг. Баялгийн уурхай болсон Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн хоёр давхарт энэ эрхмийн ажлын өрөө байх аж. Болзсон цагтаа үүдийг нь тогшлоо. “Ор ор хүү минь” гэх хариугаар дотогш ороход бичиг, ном дүүрэн хураасан ширээний араас академич Д.Цэрэнсодном гуай өндийж ирээд “Та нарыг ирэхийг хүлээж суулаа” гэв. Түүний өрөөний хойморт Чойжи-Одсэрын хөрөг зураг залаастай харагдана. Чойжи-Одсэр бол XIV зууны яруу найрагч бөгөөд Монголын хэл, соёл, уран зохиолын гарамгай төлөөлөгч гэгддэг. Уг хөргөөс харц салгаж үл чадах намайг академич маань анзаарсан бололтой. “Миний анхны ганц сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл бол билгүүн Чойжи-Одсэр. Энэ бүтээлийн редактороор Цэндийн Дамдинсүрэн багшийг томилсон юм. Багшийн гэрт бүтээлээ бариад очлоо.

Тэгсэн багш “Тэнд тавьчих, уншиж байж редакторлох эсэхээ шийднэ” гэдэг юм байна. Хэд хоногийн дараа утсаар ярьж “Хүрээд ир” гэж дуудлаа. Гэрт нь очтол “Уншиж үзлээ. Чи арай ч үхэр шиг хивчихдэггүй юм байна” гэж хэлээд редакторлож байлаа” хэмээн сэтгэлдээ өнөөг хүртэл хадгалж явдаг ховор хийгээд сайхан дурсамжаасаа хуваалцлаа.Академич Д.Цэрэнсодномыг монголын хэл, соёлын арвин сан гээд тодорхойлчиход маргах хүн ховор биз ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди монгол айл бүрийг “Монголын нууц товчоо”-той болгох зарлиг гаргаж байсан. Тэр цагаас эхлэн монголчуудын гэрийн хоймор залагдаж буй “Монголын нууц товчоо”-г боловсруулж, эрдэм шинжилгээний судалгаа хийх ажлыг академич Д.Цэрэнсодном гуай ахалсан байдаг. Түүний болон түүнтэй гар нийлж баг болон ажилласан Төмөртогоо, Чоймоо, Дашцэдэн тэргүүтэй эрдэмтдийн хишиг буянаар бид өдгөө эх түүхийнхээ нэгээхэн хэсгийг үр хойчдоо өвлүүлэн үлдээж байгаа билээ. Эрдэмтдийн өөр өөрийн өнцгөөс өлгийдсөн “Монголын нууц товчоо”-ны судалгааны олон хувилбар байдаг.

Гэхдээ дээр дурдсан нь эдгээр эрдэмтдийн бүтээлийг нэгтгэж хамгийн түүхийн үнэнд ойртсон бүтээл гэж хэлж болох аж. Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн хувилбараар анх Монголын ард түмэн “Монголын нууц товчоо”-той танилцаж байсан. Тухайн үед судалгаа, шинжилгээ хийхэд хүнд, одоогийнх шиг “бэлэн хоол” болчихоор ном бүтээл ховор байхад Ц.Дамдинсүрэн гуай өөрийн хосгүй авьяас билгээр ард түмэндээ ойлгогдохоор энгийн бөгөөд уран яруу тансаг бүтээл бүхий ном гаргасан болохыг академич Д.Цэрэнсодном гуай их л нямбай тайлбарлав. Ингээд академичийн ном бүтээлийн яриаг түр засварлаж ар гэр, ахуй амьдрал руу нь яриа хазайлгахаар болов.

АРСЛАН, ЗААН ТӨРСӨН АЛДАРТ БӨХИЙН УДМААС АНГИД МӨР ХӨӨСӨН АКАДЕМИЧ

Академич Цэрэнсодном гуайн туулж өнгөрүүлсэн амьдралын зам тийм ч олон салаа бус. Аравдугаар ангидаа шарлаж айхтар өвдөж байсныг эс тооцвол басхүү бартаат даваа, толгод ч үгүй мэт. Эрдмийн мөр хөөсөн хүүгийн эгэл амьдрал дардан хийгээд дээш тэмүүлсэн замналтай аж. Цэрэнсодном гуай Сүхбаатар аймгийн Халзан суманд төржээ. Түүний аав Чойдорын Дамдинсүрэн хүүгээ мэндлэх үед цэргийн албанд татагджээ. Тиймээс өвөө нь ээж Долгорыг нь өөр хүнд богтлоод өгчихсөн гэнэ. “Тухайн үед цэргийн албыг таван жил хаадаг байсан. Гэвч хугацаагүй, эргэж ирэх нь ч тодорхойгүй учир залуухан охиныхоо амьдралыг бодоод өөр хүнд богтолж намайг нагац ах маань өсгөсөн юм болов уу” гэв. Хар багадаа эцэг, эхээсээ хагацсан хүү үнээний сүүгээр угжуулж хүн болсон нь хожим харамсах бус харин ч ард түмэндээ хүндлэгдсэн эрдэмтэн болох зам мөрийг нээсэн байж болох юм. Түүний нагац С.Далантай үлгэр тууль ярьдаг, нутаг усандаа нэлээд алдартай дархан хүн байжээ. Тиймээс хүү улаан үнээний сүүнээс гадна үлгэр домгоор угжуулж өссөн гэнэ. Далантай хүүхдүүдийнхээ эрдэм мэдлэгт их анхаардаг сүрхий хүн байсан бөгөөд тооны хүрдгийг ягштал цээжлүүлдэг байж. Тиймээс Цэрэнсодном хүү нэгдүгээр ангид ороход үе тэнгийнхнээсээ мэдлэгээр хол давсан байлаа. Багш нарын зааж буй хичээл хүүгийн сонирхлыг татахгүй байсан тул хоёрдугаар анги руу дэвшин оруулсан байна. Улмаар сум, аймгийнхаа сургуулийг дүүргэж 1957 онд одоогоор МУИС-ийн Монгол хэлний ангид элсэн орсон байдаг. Тэрээр өөрийгөө болон үеийнхнийгээ их азтай хүмүүс гэв. Яагаад гэвэл Хэл шинжлэлийн агуу эрдэмтдийн төлөөлөл болох Т.Пагма, Ш.Гаадамба, Д.Чойжилсүрэн нараар хичээл заалгаж байсантай холбоотой юм. Ингэж л тэрээр эрдмийн замд эргэлт буцалтгүй орсон байна.Угтаа Цэрэнсодном гуай гайгүй сайн бөх болж болох байсан аж. Түүний аав Ч.Дамдинсүрэн цэргийн заан хүн. Дүү нь Цэрэнтогтох гээд аймгийн арслан бөх байжээ. Тиймээс түүнд бөхийн удам байсан боловч энэ талын авьяас, сонирхол нь дутмаг байсан гэхэд болно. Тэгээд ч “Над шиг бие жижигтэй бөх гэж юу байхав. Миний сонирхдог зүйл биш” хэмээн Цэрэнсодном гуай егөөдөөд авав.

Уламжлалт анагаах ухааны музей. Бэр хүү хоёрын хамт

ШИНЖЛЭХ УХААНЫ ЭРДЭМТЭН ЯРУУ НАЙРАГЧИЙН ШАГНАЛ АВЧ, ШИНЭ ХРОМОН ГУТАЛТАЙ БОЛСОН НЬ

Үнэндээ эрдэмтэн болохоос ихээ өмнө өрнөсөн түүх. Цэрэнсодном гуай хэл шинжлэлийн ухаанаар сурахын хажуугаар утга зохиолын дугуйланд явдаг байж. Академичаас “Та яруу найраг бичдэг байсан юм уу” гэж асуухад “Сурагч ахуйдаа “Суралцах замд” нэртэй өгүүллэг бичсэн. Манай уран зохиолын багш Д.Гомбожав. Нэг өдөр манай аймагт гурван том зохиолч ирсэн юм. Найруулагч С.Гэндэн, Ч.Лхамсүрэн,С.Дашдэндэв гээд. Би ч багшийнхаа дуудлагаар очиж энэ том хүмүүст өгүүллэг уншиж өглөө. Миний өгүүллэг гайгүй болсон юм байлгүй, хот руу аваад явчихсан. Харин оюутан болсныхоо дараа Лхамсүрэн гуайтай таарсан чинь “Чи өгүүллэгийнхээ шагналыг аваа юу” гэж байна. Би ч мэдэхгүй болохоор шагнал өгдөг эсэхийг нь лавлаад Лхамсүрэн гуайгаар заалгаж аваад Хэвлэх үйлдвэрийн ойролцоо нэг хаалгаар орлоо.Хаалгаар орох гэж явтал өмнөөс сэгсийсэн үстэй хүн зөрөөд гарлаа. Би ч тухайн үед дотроо их гайхав. Содон туссан хэрэг л дээ. Цаашаа өөр нэг өрөөний үүдээр шагайж ямар зорилготойгоо нэг хөгшинд хэлтэл надад өгүүллэгийн шагнал гэж 400 төгрөг өгөв.Миний амьдралдаа үзээгүй их мөнгө шүү дээ. Бөөн баяр болж өөртөө шинэ хромон гутал авч өмсөөд үлдсэнийг нь үрж дуусгах гэж зовсон шүү” хэмээн харааны шилээ дээш өргөж ирээд л хөхрөв. Түүнийг цочоож зөрсөн эрхэм бол Бямбын Ринчен гуай байсан гэнэ. “Үүрийн туяа” романыхаа шагналыг аваад гарч байсан нь тэр байж л дээ. Энэ тохиолдлын дурсамжийг академич их бэлгэшээдэг байна. Амьдралдаа авсан хоёр томоохон шагналыг Б.Ринчен гуайн араас хүртэх хувьтай байж.

Хүү Ц.Сүмбэрийн хамт

МОНГОЛЫН ХЭЛ, СОЁЛЫН АГУУ ЭЗЭД Ц.ДАМДИНСҮРЭН, Б.РИНЧЕНИЙ ҮРГЭЛЖЛЭЛ…

Их сургуулиа төгсөөд Цэрэнсодном Хэл зохиолын хүрээлэнд анх ажилд оржээ. Түүнээс авьяас билиг цухуйж буйг Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нар аль хэдийнэ ажигласан байж. Ажилд ороод удаагүй байхдаа өнөөх айж гайхшруулсан сэгсийсэн үстэй Б.Ринчен багштай Увс, Ховдын хязгаарт судалгаа, шинжилгээ хийж хоёр сар хамт явсан нь тэднийг нэлээд ойр дотно болгожээ. Ринчен гуайг хамт хөдөө орон нутгаар явахад нутгийн хүмүүс их хүндэлдэг, хүүхдэдээ нэр хайрлаач гэж их ирдэг байсан тухай хуучлав. Д.Цэрэнсодном “Нэг удаа орон нутгаар салж ажиллах болоод эргэж уулзах болж Ринчен багшид цахилгаан явууллаа. Хоёр талаасаа уулзъя гэсэн утгатай захиа.Тэгсэн тэр цахилгаан захиаг багш барьчихсан “Энэ захиа тэдэн төгрөг төдөн мөнгө болох байлаа. Цэрэнсодном нуршуу бичсэнээс болж улсад тэдэн төгрөг, төдөн мөнгөний хохирол учрууллаа” гэж ирээд хошигнож билээ. Үгийн хазгай андахгүй. Багш надад “Насны нарыг жаргахаас өмнө амжихын төлөө шинжлэх ухаанд яардаг юм шүү” гэж захисныг би өдгөө ч мартдаггүй. Хичээж явна” гэв. Харин Ц.Дамдинсүрэн гуайгаар анхны ганц сэдэвт бүтээлээ редакторлуулснаас хойш дотно харилцаатай болжээ. Ц.Дамдинсүрэнтэй 1959 онд анх танилцаж байжээ. Тэрээр “Би 1985 онд Дамдинсүрэн багштай Германы Боннын их сургуульд болсон хуралд оролцсон. Аян замдаа сайхан ч яриа өрнүүлж байсан дурсамж бий. Бас л шударга, шулуун хүн. Миний шүтээн болсон хүмүүс юм даа. Албан тушаалд дургүй. Аль болох өөрийгөө чөлөөлж уран бүтээл, судалгаа шинжилгээний ажилдаа зориулах хүсэлтэй. Ш.Лувсанвандан багш байна.Монголын хэл, уран зохиолын гурван том сүмбэр уул” хэмээн санаа алдан бид чинь алтан үеийнхнээсээ маш бага зүйл авч үлдэж. Шанагаар хутгах эрдмээс халбагын төдийг л хутгасан байна шүү дээ” гэлээ.Академич Д.Цэрэнсодном гуай үнэхээр л багш нарынхаа хийж дуусгаагүй ажлыг залгуулж, Монголын агуу эрдэмтдийн үргэлжлэл болсон хүн гэж хэлмээр. Их мэргэдээс авч үлдсэн мэдлэгээ өдгөө Монголын үр хойчид түгээж яваа хүн билээ. Гэвч энэ биений сурч мэдсэн зүйлээс атгаад аваад үлдэх залуус ховор болсон нь түүний ганц эмзэглэдэг зүйл бололтой.

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙГ АВАРСАН АЛТАЙ СУДЛАЛ

Түүнийг Алтай судлалын төвөөс “Алтан медаль” хүртсэн хоёр дахь монгол хүн гэж дээр дурдсан билээ. Тэгвэл түүний Алтай судлалын ачаар Шинжлэх ухааны академи татан буугдаж их сургуулийн бөөрөнд наалдахаас аврагдсан гэмээр сонин дурсамж үлджээ. Төрийн эрх мэдэлтнүүд гадна дотно үзсэн зүйлээ Монголд шууд буулгах гэж зүтгэж Шинжлэх ухааны академид юу ч хийдэггүй хэдэн эрдэмтэнг цалинжуулж байна хэмээн их сургуулийн харьяа болгох оролдлого их явж. Яг энэ эгзэгтэй үеэр эртний өвөг алтай хэлнээс салаалж гарсан манж, тунгуз, түрэг, ирэн, монгол, уйгар, перс эрэг хэл соёлыг судалдаг Алтай судлалын ажилд судалгааны үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн олон улсын хүрээлэнгээс нэр хүндтэй шагналыг Д.Цэрэнсодном академичид олгожээ. Үүгээр Монголын эрдэм шинжилгээний судалгаа дэлхийд дээгүүрт явдаг гэдгийг нотолж чадсан байна. Мөн Цэрэнсодном гуайн томоохон судалгаа бол “Турфаны цуглуулга”. Энэ тухай академич “Дамдинсүрэн багш Герман явж ирэхдээ эрдэмтэн Э.Хэйнишийн бичсэн номыг өгсөн нь “Турфаны цуглуулга” л даа. Цуглуулга доторх уранхай, дутуу эх бичгүүдийг судалж эхэлсэн. 1963 оноос цуврал өгүүлэл бичсэн. Манай багш нар төдийгүй германчууд миний судалгааг дэмжиж, тоосон. Ингээд Германд жил зургаан сар судалгааны ажил бичсэн. Э.Хэйнишийг өөд болсных нь дараа ширээн дээр нь сууж судалгаагаа бичсэн. Тэгэхээр би их азтай хүн байгаа биз. Их буянтай хүний ширээн дээр суусан учраас надад тэр бага ч гэсэн буян заяа нь шингэсэн байж таараа” хэмээн хуучлаад цагаа харангаа “Хэдүүлээ одоо гэрийн зүг хөдөлье” гэлээ.


НЭГ СУРГУУЛИАС АМЬДРАЛАА ХОЛБОСОН ХОСУУД

Цэрэнсодном гуай хөл нь жаахан тааруу учир таягтай явах. Гэхдээ түүний явах зам маш тодорхой. Гэр, музей, Шинжлэх ухааны академи. Долоо хоногийн гурван өдөр ажлын өрөөндөө сууж эрдэм шинжилгээний судалгаандаа төвлөрдөг байна. Эрдэм шинжилгээний судлаач сууж сурсан байх хэрэгтэй хэмээн ёжтой инээнэ. Одоогоор академич маань докторын зэрэг хамгаалж байсан “Дундад зууны үеийн монголчуудын бичгийн яруу найргийн эх ундарга хийгээд өвөрмөц шинж” бүтээлээ ганц сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл болгохоор ажиллаж байгаа аж. Ингээд машинд өнөөгийн нийгмийн талаар ойр зуурын хэдэн үг солив. Тэрээр “Ард түмэн эсэргүүцээд ирэхээр төр засаг буруу ажиллаж байгаагийн том илрэл гэдэг. Хаашаа ч юм бэ дээ. Би ч улс төр хүсдэггүй болохоор олон юм яримааргүй байна” гэв.

Ингээд Цэрэнсодном гуайнд орлоо. Түүний гэргийг Доржийн Ичинхорлоо гэдэг.Тэрбээр МУИС-ийн химийн ангийг дүүргэжээ. Мөн Орост мэргэжлээ дээшлүүлсэн гэнэ. Сүүлд Хүнс, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.Гэр бүлээрээ Герман болон Хятадад амьдарч байсныг эс тооцвол Улаанбаатартаа ихэнх амьдралаа үдсэн хоёр буурай аж. Д.Ичинхорлоо гуайгаас “Эрдэмтэн, судлаач хүний хань байна гэдэг амаргүй байх даа. Ар гэрээсээ илүү албан ажилдаа ихэнх цагаа зарцуулдаг болов уу гэж асуухад “Хэлэх юм биш. Ар гэрийн амьдралд тусалсныг асуух ч хэрэггүй” хэмээн хошигноод авав. Эднийх гурван хүүхэдтэй. Том охин Хадаа хоёр хүүхэдтэй, эцэг эхийнхээ цай хоолыг ганц дөхүүлдэг хүн гэнэ. Хүү Баяраа Германд амьдардаг бол бага хүү Сүмбэр гэр бүлээрээ аавынхаа байгуулсан Уламжлалт анагаах ухааны музейг хариуцан ажиллуулдаг. Д.Цэрэнсодном гуай “Би “Данжуур”-ын 225 ботийг бүтэн уншсан. Энэ их хөлгөн судрын таван боть нь анагаах ухааных байдаг. Миний биеийн тал нь уламжлалт анагаах ухаан болсон гэхэд болно. Анагаах ухааныг хөгжүүлэх төслүүдийг удирдаж энэ чиглэлийн оюутнуудыг унших номтой болгосон. Бурхан шашны номыг монгол уншлагаар уншуулах зорилготой “Номунгэрэл” төв байгуулаад сүүлдээ энэ төв анагаах ухааны музей болсон л доо” гээд музейгээ танилцуулахаар гарав. Тус музейд уламжлалт анаагах ухааны ховор нандин өвс ургамал, жор гээд хүний биед тустай хэрэгцээтэй зүйл цөм бүрэн гэмээр харагдана.Монголчууд сүүлийн үед ургамлын гаралтай, байгалийн гаралтай гээд Хятадын уламжлалт эмчилгээ рүү хошуурах болсон. Тэгвэл хил давах шаардлагагүй жинхэнэ уламжлалт анагаах ухааны мэдээллийг эндээс авч болох санагдав. Нас өндөр гарсан хэдий ч академич Д.Цэрэнсодном гуай ухаан саруул, билиг оюун танхай хэвээр аж. Тэрээр орос, англи, герман, хятад зэрэг гадаад хэлтэй. Түүний эрдэм шинжилгээний маш олон судалгааны бүтээл Монголдоо төдийгүй гадаадын олон оронд олон хэлээр хэвлэгдэн гарсан билээ.

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Л.Идэрбат: Норовбанзад багшийг шуранхайлахад тэнд байсан хөгжимчид бүгд босоод зогсчихсон

Хөгжим бүжгийн их сургуулийн морин хуурын багш, Монгол Улсын гавьяат жүжигчин, морин хуурч Л.Идэрбаттай ярилцсаныг сонирхуулъя.


-Энэ сарын эхээр Үндэсний урлагийн их театр таны уран бүтээлийн цэнгүүнийг хийсэн.

-Манайх чинь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга байсан шүү дээ. Саяхнаас Үндэсний урлагийн их театр болсон. Шинэ нэртэй болоод шинэ тоглолтынхоо хуваарийг гаргасан. Энэ хуваарийн хүрээнд миний уран бүтээлийн цэнгүүнийг зохион байгуулсан. Их Театрын уран сайхны зөвлөлөөс ахмад уран бүтээлчдийнхээ тайлан тоглолтыг хийе гэсэн санал дэвшүүлжээ. Ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, Ардын жүжигчин, бүжиг дэглээч Ц.Сэвжид гээд олны танил болсон алдартай уран бүтээлчдийн цэнгүүнийг хийсэн юм. Би энэ театртаа 44 жил ажиллаад гавьяаныхаа амралтанд гарсан. 14 настайдаа анх орж байлаа. Одоо бол Хөгжим бүжгийн их сургуульд багшилдаг. Уран бүтээлийн цэнгүүн маань 70 насны ойтой давхацлаа.

-Та 14 настайдаа морин хуур тоглож сурсан гэсэн үү?

-1962 онд Л.Мөрдорж багш маань Үндэсний найрал хөгжмийг дөнгөж байгуулчихаад байсан үе. Тэр найрал хөгжмийн нэг эд эс нь би. Тухайн үед одоогийн Хөгжим бүжгийн сургууль Хөгжим бүжгийн дунд сургууль нэртэйгээр дөнгөж байгуулагдсан, төгсөгчгүй байсан. Би Үндэсний найрал хөгжимд орж, оройгоор сургуулиа төгссөн. Ингэж 14 настайдаа Үндэсний найрал хөгжимд дагалдан хөгжимчин болсон юм. Намайг тэр үеийн уран сайхны удирдаачаар ажиллаж байсан Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ардын жүжигчин Л.Мөрдорж гуай хоёр шалгаж авч билээ. Л.Мөрдорж гуай манай чуулгын хөгжмийн багш байсан. Миний аавыг Лувсангомбо гэдэг. Хүмүүс халзан хуурч гэдэг. Өөрөө намайг дагуулж ирж шалгуулсан юм. Хөгжимчин хүн байсан болохоор намайг өөр шигээ морин хуурч болно гэж бодож. Ингээд шалгуулаад тэнцсэн. Тухайн үед хөгжмийн сургууль төгссөн хүн байгаагүй. Ингээд би Батбаяр гэж хүнд шавь орсон. Одоо 80 нас гарсан хүн бий. Морин хуурч болохоор сургалтаа дөнгөж эхлэх гэж байхад Л.Мөрдорж багш маань, Ардын жүжигчин Г.Жамьянг авчирч надад мэргэжлийн тавилт заалгуулж билээ. Морин хуурч болохоор олон хүүхэд суралцаж байхад Л.Мөрдорж багш ганцхан надад тавилт заалгуулах гэж Г.Жамьян гуайг дуудаж авчруулсан юм. Нарийн мэргэжил болохоор энэ нь их чухал л даа. Яагаад ч юм, Л.Мөрдорж багш маань надад их анхаарал хандуулдаг байсан. Ингэж яваад л мэргэжлийн морин хуурч болсон доо.

-Л.Мөрдорж гуай таныг авьяастай, сайн хөгжимчин болно гэдгийг мэдээд ингэж анхаарал хандуулсан байх аа.

-Тийм л алсын хараатай хүн байж гэж би ойлгодог. Намайг өдий хүртэл морин хууртай нөхөрлүүлсэн хүн дээ. Төрийнхөө хуурын буянг эдэлж байна аа. Л.Мөрдорж гуайн дараа Чойдог багш маань чуулгад ирсэн. Мэнд-Амар, Чойжилжав болон надад гээд хэдэн хүнд тусгайлан хичээл орно. Эргээд бодоход хүнээ олдог л байж дээ гэж бодогддог юм. Бид залуу байж, халааг нь аваад явчихна гэж боддог байсан байх л даа. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай манай уран сайхны удирдаачаар ажилласан. Мань хүн юм л бол намайг өрөөндөө дуудаад даалгавар өгнө. “Энэ үгэн дээр ая хийгээд надад үзүүл” гэнэ. Ая зохиогоод очихоор болохгүй байна гээд л буцаана. Д.Лувсаншарав багш маань нэг бүжгийн ая хийчихээд “Үүний оркестрыг хийгээд ир” гэнэ. Яаж хийхийг нь хэлж өгөхгүй. Миний ухааныг задлах гээд л тэр. Хийгээд очихоор үзчихээд болоогүй байна гээд ураад хаячихна. Тэр олон хөгжмийн оркестрыг хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цэрэндорж гэж хүн байлаа. Эдгээр хүмүүс надад маш ихийг зааж сургасан. Жаахан хүүхэд байсан болохоор үгэнд нь орохгүй, заасан юмыг нь суралгүй алдсан явдал бий. Ийм мундаг багш нарыгаа би их хүндэлж, хайрлаж явдаг юм. Чуулгынхаа гурван үеийг үзлээ би. Анх Улсын ардын дуу бүжгийн чуулга, дараа нь Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга болсон. Одоо харин Үндэсний урлагийн их театр боллоо.

-Та чуулгад зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуайтай цуг ажиллаж олон удаа хамт бэлтгэл сургууль хийж, тайзан дээр цуг гарч байсан гэсэн?

-Тэгэлгүй яахав. Анх уртын дууг тоглох ухааныг алдарт дуучин Ж.Дорждагва гуайгаас сурч билээ. Тэр чинь 1963 он, “Алтайн дуу” гэдэг концерт тоглох гэж байлаа. Ж.Дорждагва гуай тайзан дээр гарахдаа хүүхдээр хуурдуулна гээд. Тэгээд намайг хажуудаа суулгаад “Өвгөн шувуу”-г хуурдуулж өөрөө дуулж билээ. Уртын дуу хуурдахыг тэгж л анх сурсан. Намайг жаахан хүүхэд байхад аав маань ч уртын дуу их зааж өгнө. Их л холыг харж дээ. Морин хуур тоглож сурахад аавын маань зааж өгч байсан дуунууд цээжинд байж байсан шүү. Тэгээд л Ж.Дорждагва гуайгаас эхлээд Норовбанзад, Лхамжав, сүүлийн үеэс Баттөмөр, Түвшинжаргал, Нэргүй гээд бүгдтэй нь хуурдсан даа. Н.Норовбанзад гуайтай би анх удаагаа гадаад явж байлаа. 1966 онд Ташкентад болсон Монгол-Зөвлөлтийн залуучуудын их наадамд оролцсон юм. Н.Норовбанзад багш маань ч их залуу байж дээ. “Алтан Богдын шилийг дуулсан. Концерт дундаа ороод Монголын жүжигчдийг зарлалаа.

Тэр хооронд би морин хуурынхаа хөгийг нэлээд дээшлүүлчихсэн. Томоогүй байж л дээ. Ингээд л тоглоод эхлэхдээ “Дээшээ шуранхайлаад яадаг бол” гэж бодоод их айж билээ. Ингээд ая улам дээшээ явахад Н.Норовбанзад гуай толгойтой үс арзайтал шуранхайлж билээ. Тэгэхэд театрын яаманд сууж байсан хөгжимчид босоод ирсэн. Тэднийг дагаад үзэгчид боссон. Өөр гариг, ертөнцөөс ирсэн юм шиг уртын дууг их сайхан дуулдаг байсан. Тэгж л би Н.Норовбанзад гуайн агуу авьяас, ухааныг мэдэрсэн юм.

-Та Н.Норовбанзад гуай Японд очиж тоглоход нь цуг явж байсан биз дээ?

-Явж байсан. Зууны манлай уртын дууч маань өөрийн гарын хуурчтай байсан шүү дээ. Гавьяат жүжигчин Цогбадрах гэж байлаа, их сайхан тоглоно. Японд тоглолт хийхдээ “Уяхан замбуу тивийн наран”, “Хоёр бор”-ыг бас Японы уртын дуу маягтай дууг дуулна. Судалж байгаад яг япон үндсэн маяг ухааныг олж дуулдаг хүн байсан. Үзэгчид уйлаад л сүйд болно. Тоглолтоо дуусаад гараад ирэхэд нь гадаа хүмүүс хүлээж байгаад зургаа авахуулна гээд л. Тийм мундаг хүнтэй цуг явахад их сайхан байдаг байсан.

-Та манай алтан үеийн гэгддэг нэртэй жүжигчид, дуучидтай цуг ажиллаж байсан юм байна шүү дээ.

-Тийм ээ, бүгдтэй нь хамт ажилласан. Түмэндэмбэрэл, Дорждэрэм, Норовбанзад, Сүглэгмаа гээд л. Алтан үеийнхэн маань уран бүтээл дээрээ хэрхэн ажиллахын гайхамшгийг үзүүлж байсан. Тэр үеийн ардын урлагийнхан мэргэжлийн сургууль төгсөөгүй. Уртын, ардын дууны сургууль гэж байсангүй, хөгжмийн сургууль дөнгөж байгуулагдаад байсан үе.

-Та олон шавьтай биз дээ?

-50 –иад оюутан бий.

-Ингэхэд сүүлийн үед эмэгтэй морин хуурчид нэлээд их болсон. Энэ талаар ямар бодолтой байна. Урьд нь яагаад эмэгтэй хүн морин хуур тоглодоггүй байсан юм бол?

-Уламжлал, цаг үетэй холбоотой байсан болов уу. Ер нь яагаад болохгүй гэж, болно шүү дээ. Бүгд л эмэгтэй хүнээс төрдөг. Одоо бол цаг үе өөр болсон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дэлхий нийт Монгол хэмээх хулхи “гар”-ыг хүн болгохоор шийдэв бололтой” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы шинэ долоо хоногийн эхний дугаар 16 нүүрээр хэвлэгдэн,
захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага,
ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд
Өдрийн сонины даваа гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг
дэлгэрүүлэн уншаарай.


Төрийн
ордны өмнөх “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Үндэсний түүхийн музейн урд
талын хэлмэгдэгсдийн хөшөө, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж, Сэрэлтийн Бумаагаараа
олонд хайрлагдсан Т.Цэвээнжав, Улс төрийн товчооны Д.Төмөр- Очир, Мэргэн гүн
Гомбожав зэрэг алдартнуудын өөрийн гэсэн характер нь хачин тод сийлэгдсэн,
өвөрмөц шийдэлтэй хөшөөнүүдийг урласан Төрийн соёрхолт Л.Болдынд өнжлөө. Энэ
талаарх нийтлэлийг нэг болон арвангуравдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

өдрийн сонин зурган илэрцүүд

Эрхэм
уншигч та https://admin.dnn.mn/plugins/news/login/ гэсэн линк дээр дарж
манай сонины цахим хувилбарыг ашиглах боломжтой.

Ардчилсан
намын даргад өрсөлдөх хүмүүсээ Сонгуулийн хороо нь өнгөрөгч бямба гаригийн 16
цагаар тасалбар болголоо. Намын даргын сунгаанд орно гэж байсан хүмүүсээс
УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, П.Цагаан нар нэр дэвшихээ
илэрхийлээд байсан ч нэр дэвшсэнгүй. Харин энэ удаа Ардчилсан намын даргад УИХ-ын
гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр
нар өрсөлдөхөөр бүртгүүллээ. АН-ын даргын төлөөх сунгааны талаарх мэдээллийг
улс төрийн хоёрдугаар нүүрнээс унших боломжтой. Мөн УИХ-ын өнгөрсөн баасан
гаригийн чуулганы үеэр Ерөнхий сайдын мэдээллийг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт
гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том
талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд манай
сонины улс төрийн албаны сэтгүүлч Д.Гансаруулын “Дэлхий нийт Монгол
хэмээх хулхи “гар”-ыг хүн болгохоор шийдэв бололтой” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

өдрийн сонин зурган илэрцүүд

Эрхэм уншигч та
https://admin.dnn.mn/plugins/news/login/ гэсэн линк дээр дарж манай сонины цахим
хувилбарыг ашиглах боломжтой.

УИХ-ын
гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжавтай
ярилцлаа. Тэрбээр “Агаарын бохирдолтой тэмцэхэд мөнгөн дүн бус
арга зам оновчтой байх ёстой” хэмээн онцлон хэллээ. Ярилцлагыг манай
сонины улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс сонирхон хараарай.

Дэнзэн зурган илэрцүүдЕрөнхий
сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэгддэг Г.Дэнзэнд хамаарах хэргийг шүүхэд
шилжүүлжээ. Тэрбээр их хэмжээний мөнгөний асуудалд холбогдсоноор олны хараанд
өртөж эхэлсэн. Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж
Шинэчлэлийн Засгийн газрын үед “Эрдэнэс-Таван толгой” компаниас тендер авч,
эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх
үндэслэлээр 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Тэгвэл жил гаруй
хугацаанд үргэлжилсэн уг хэрэгт хамаарах шинэ нотлох баримт олджээ. Энэ талаарх
нийтлэлийг “Өдрийн сонин”-ы баримт, үйл явдлын зургаадугаар нүүрнээс
унших боломжтой.

Таван толгой зурган илэрцүүдТаван
толгойн хэлэлцээр хэрхэн үргэлжлэх, ажлын хэсгийн түвшинд ямар тохиргоо
хийгдсэн талаарх мэдээлэл олны анхааралд байна. Хэлэлцээрт Таван толгойн өмнөх
тендерт ялсан Японы “Сүмитомо” Хятадын “Шинхуа”
Монголын “Энержи ресурс” компаниуд консорциум болж оролцох эсэх
дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй
байгаа юм. “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй
ярилцлаа. Тэрбээр “Шинхуа”, “Сүмитомо” “Энержи ресурс” Засгийн газартай яриа
хэлэлцээрээ үргэлжлүүлнэ” хэмээн хэллээ. Энэхүү ярилцлагыг эдийн
засгийн арваннэгдүгээр нүүрнээс сонирхон хараарай.

дуучин Б.Мягмарсүрэн зурган илэрцүүдМУСТА
дуучин Б.Мягмарсүрэнтэй уулзаж ярилцлаа. Шүтэн бишрэгчдийнхээ дунд Ану нэрээр
алдаршсан уран бүтээлч маань дэлхийн урлагийн нийслэл хэмээгддэг Парис хотноо
сүүлийн арваад жил ажиллаж, амьдарч байгаа бөгөөд энэ сарын 19-нд “Үүр
шөнийн оддоос асуугаарай” тоглолтоо хийх гэж байгаа ажээ.
Тоглолтынхон өмнө түүнтэй хийсэн ярилцлагыг 12 дугаар нүүрний уран бүтээлч
булангаас хүлээн авч уншаарай.

өдрийн сонин зурган илэрцүүд

Эрхэм
уншигч та https://admin.dnn.mn/plugins/news/login/ гэсэн линк дээр дарж манай сонины цахим
хувилбарыг ашиглах боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол
шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан,
“Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах
бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн
завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах
цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин
борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол
цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж
худалдан авч бас болно.

Categories
мэдээ спорт

Богдхан хайрханы нэрэмжит 256 бөхийн барилдаан болж байна

Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Богдхан хайрханы нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан эхэллээ.

Өнөөдрийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул улсын аварга Сүхбаатарын Мөнхбат, Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс, Намсрайжавын Батсуурь, Ренчинбямбын Пүрэвдагва, Төв аймгийн Баянхангай сумын уугуул улсын заан Батзоригийн Баянмөнх, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Цэдэвийн Содномдорж, Нямаагийн Батзаяа нарын зэрэг улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаа болж байна.

Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Богдхан хайрханы нэрэмжит барилдааны өдгөө 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Түрүү жилийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн билээ.


Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон охиныг олжээ

Image result for ОБЕГЗавхан аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуулийн сурагч, зургаан настай М өнгөрсөн баасан гаригийн 13.00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон байна. Хичээлдээ суухаар явсан охин үдээс хойш гэртээ ирээгүй байна. Улмаар энэ тухай дуудлага тухайн өдрийн 21.15 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирснээр аврах 39 дүгээр ангийн албан хаагчид болон охины ар гэрийнхэн хамтран эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

Ингэснээр М-ийг Тосонцэнгэл сумын төвөөс 18 километр зайтай “Оргих” багийн Гэзэгийн даваа гэдэг газраас эсэн мэнд олсон байна.

Бага ангийн сурагчдыг хараа хяналтгүйгээр сургууль руу нь явуулахгүй, мөн тарахад нь эцэг, эх, ах, эгч нар нь авч байх шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Тушёнка

Орц: (дөрвөн хүний)

Үхрийн мах – 400 гр

Лууван – 1-2 ширхэг

Төмс – 1-2 ширхэг

Сонгино – хоёр ширхэг

Сармис – гурван хумс

Чинжүү – 2-3 ширхэг

Гурил – 80-100 гр

Цуу – тал цайны халбага

Үхрийн шөлний амтлагч – нэг ширхэг

Оливын тос – гурван хоолны халбага

Давс – 1/2-1 цайны халбага

Хар перец – тал цайны халбага

Вандуй – 2-3 хоолны халбага

Ус – 800 гр

Улаан дарс – нэг цайны аяга

Орегано – тал цайны халбага

Улаан чинжүү – тал цайны халбага

Хийх арга:

Сонгино, чинжүү, лууван, төмсөө томоор хэрчиж бэлтгэнэ. Мөн том том хэрчиж бэлдсэн өөхгүй үхрийн махыг цуу, мах амтлагч сүмс, үрж жижиглэсэн сармис, давс, перецээр амтлаад сайтар хутгаж битүү орчинд хагас цаг амраагаарай. 180 хэмийн гал дээр халаасан оливын тосонд хэрчсэн сонгиноо хийж хуурна. Сонгино үнэртэж шаргал өнгөтэй болмогц амталсан үхрийн махаа дээрээс нь хийж үргэлжлүүлэн хуураарай. Үхрийн махыг хүрэн бор өнгөтэй болмогц хэрчсэн чинжүүг хийж ахин хэдэн минут хуурна. Ингээд нэг цайны аяга улаан дарс болон нэг цайны аяга ус хийж хутгаарай. Үхрийн шөлийг өтгөн сайхан амттай болгоё гэвэл үхрийн шөлний амтлагч хийж болно. Ингээд дээрээс нь ус нэмж хийгээд хуурай амтлагчууд болох орегано, паприка, давс, перец зэргийг хийж хутгана. Дараа нь хэрчсэн лууван, төмс, ногоон сонгиноо хийнэ. Шөлийг өтгөн болгохыг хүсвэл бага зэргийн арвай буудай хийж болно.

Эсвэл 1/4 цайны аяга хуурай гурил хийж сайтар хутгаарай. Ногоон вандуй мөн нэмж хийнэ. Халуун амт оруулахыг хүсвэл халуун чинжүү хийж болно шүү. Ингээд зөөлөн гал дээр 1-2 цаг буцалгана. Буцалгах явцдаа үе үе зөөлөн хутгаарай. Шөл аажмаар ширгэж өтгөн, бор өнгөтэй, амттай, шүүслэг болох болно.

-Франц багетти талх хийж сурцгаая

Орц: (гурван хүний)

Гурил – 3,5 цайны аяга

Хөөлгөгч – нэг цайны халбага

Давс – 1-1,5 цайны халбага

Ус – 1-1,5 цайны аяга

Хийх арга

Талхны хөрөнгийг исгэхдээ нэг цайны аяга гурил, 1/2 цайны аяга хүйтэн ус, чимх хөөлгөгчийг хольж сайтар зуураад тасалгааны нөхцөлд 12-14 цаг амраана. Үүний дараа 3/4 цайны аяга халуун бүлээн усанд нэг цайны халбага хөөлгөгч хийгээд 1-2 минут болгоод хөөлгөгчөө хутгаарай. Талхны хөрөнгө дээрээ гурил, давсыг нэмж хийсний дараа хөөлгөгчтэй усыг хийж зуурч эхэлнэ. Автомат зуурагч ашиглан зуурч болно. Эсвэл гараараа арав орчим минут нухаарай. Энэ үед гурил эвэнд орох ба бага зэргийн бэржгэр байна. Гурилыг бөөрөнхийлөөд битүү саванд хийж таглан дулаан нөхцөлд нэг цаг орчим байлгаарай. Хэрвээ та яараагүй бол 1-2 цаг хөөлгөхөд илүүдэхгүй шүү. Ингэснээр гурил сайтар хөөж талх сэвсгэр зөөлөн сайхан амттай болох болно. Ингээд хөөсөн зуурмагийг савнаас нь гаргаад нухахад гөлгөр зөөлөн болсон байх болно. Талхны зуурмаг уян хатан, сунамтгай хэрнээ нялцайж наалдахгүй. Зуурмагийг талх хийх хэмжээгээр тэнцүү хувааж 15 минут амраана. Ингээд тус бүрийг гарын алгаар хавтгайлж дөрвөлжлөөд нэг талаас нь хумьж орооно. Ингэхдээ зах хэсгээр нь гараар дарж хумиад урт нарийн хэлбэртэй болгоорой. Мөн бага зэргийн тосоор гаднаас нь жигд тосолно. Ингээд хуурай гурилан дээр тавьж 20-25 минут хөөлгөнө. Үүний дараа хуурай гурилнаас гаргаж нарийн боовны цаас дэвссэн листэн дээр тавиад талх тус бүрийг 45 градусын хөндлөнгөөр хэрчээрэй. Энэ нь талхыг шарах шүүгээнд болоход хөвсгөр зөөлөн болоход тустай. Мөн шарахын өмнө талхны дээрээс хуурай гурил, арвай, овьёос цацаж болно. Шарах шүүгээг 250 хэмд урьдчилан халаасан байх ба талхыг хийгээд 20-30 минут болгоно. Талх гаднаасаа бор шаргал өнгөтэй болж үнэртэж эхлэхэд гаргаад сайтар хөргөөрэй. Ингээд франц багетти талх тань бэлэн боллоо.

Бэлтгэсэн: А.ЗУЛ

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хямралаас хурдан гарах боломж байна

БГД- ийн VII хорооны иргэн З.Шижирбаатар.


Миний хувьд хямралаас гарах боломж бий гэдэгт итгэлтэй явдаг. Харин нэг эх үүсвэрээс хэт их зээл авч, түүнийхээ эршээлд орох вий гэсэн бодол төрдөг. Харин ОУВС-гаас бол хөнгөлөлттэй нөхцөлтэй бодлогын зээл олгодог, өндөр шалгууртай, санхүүгийн хатуу сахилга бат шаарддаг учраас тэдний хөтөлбөрт хамрагдах нь зөв гэж үздэг билээ. Хөрөнгийн эх үүсвэрийг дотоодоосоо илрүүлэн нэмж чадвал Монголын эдийн засаг сэргэхэд илүү их хувь нэмэр оруулах юм.

Манай Үндсэн хуульд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар түүнчлэн газрын хэвлий түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гээд заачихсан байгаа. Тэгвэл төр яагаад өөрийнхөө өмчийн зохих хэсгийг төв банкныхаа тэнцэлд бүртгэж, баялгийн сан байгуулж болдоггүй юм. Энд би бүх баялгийг тэнцэлд бүртгэнэ гэж бодохгүй байна. Зөвхөн хайгуулын лиценз авч нөөц нь тогтоогдоод одоо ашиглагдаж эхэлсэн цөөн тооны баялгийн 1-2 хувийг Монголбанкны тэнцэлд байршуулж активаа нэмэгдүүлэх боломжтой. Надад ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон материал олдохгүй шүү дээ. Зөвхөн төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гарч байгаа Таван толгойн нүүрсний ордын нөөцөөр тооцож үзэхэд нэг хувь нь 3.78 их наяд төгрөг гарч байгаа юм. Тэгэхээр нөөц нь тогтоогдоод ашиглаж байгаа бусад баялгийг нэмж тооцоход 20-иод их наяд төгрөгийн эх үүсвэр нээгдэнэ. Энэ мөнгө зөвхөн банкны тэнцэлд бүртгэгдэх зүйл биш. Баялаг нь банкны активт байна. Эх үүсвэрийн талаас багагүй хэсэг нь санхүүгийн эх үүсвэр болно. Сангийн яаманд байршуулсан эх үүсвэрийг зөвхөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын шийдвэрээр “Чингис” бондын төлбөр… гэх мэт тулгамдсан төлбөрийг төлөхөд зарцуулна. Элдэв төрлийн жижиг өр төлбөрт энэ мөнгийг зарцуулахгүй, маш нарийн хяналттай байна. Дотоодын томоохон хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд ашиглаж болох байх л даа. Түүнийг зөвхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ шийдвэрлэх байх.