Categories
мэдээ нийгэм

Тэрх нуурт осолдсон хоёр хүний цогцсыг гаргажээ

Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн “Шанаатын тахьдаг-Овоо” гэдэг газар Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан гурван зорчигч бүхий суудлын автомашин мөс цөмөрсны улмаас осолджээ.

Тодруулбал, энэ сарын 17-ны өдрийн 10:35 цагт ослын дуудлага хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, хоёр автомашинтай, Цагдаагийн газрын долоон албан хаагч, нэг автомашинтай, нийт 22 хүн, гурван автомашинтай ажиллаж иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэнийг аварсан байна.

Харин живж амиа алдсан иргэн Т /55 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 18-ны өдрийн 16:04 цагт буюу өчигдөр хоёр удаа шумбалт хийж гарган авчээ. Мөн нуурын гүнд 5-6 метр живсэн автомашиныг гарган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

74 настай эмээг шатаар чирж дээрэмдсэн залуус дээд шүүхэд давж заалджээ


Уг хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал 1990 онд төрсөн, Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ Дорнод аймгийн Матад сумын харьяат 1990 онд төрсөн, Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар 1995 онд төрсөн, нар үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 147.2 зүйл ангиар Амаржаргал 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноожээ.

Тэгвэл эдгээр залуус шүүхээс оноосон ялыг хүндэдсэн хэмээн үзэж өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ сарын 12-нд давж заалдах өргөдлөө Улсын дээд шүүхэд гаргасан бөгөөд одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа гэнэ..

Энэ талаар хохирогчийн ар гэрийнхэн цахим ертөнцөөр дамжуулан ийнхүү бухимдлаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Галын дуудлага ихэсчээ

ОБЕГ-ын харьяа нийслэл болон орон нутгийн ОБГ-уудад объектын гал түймрийн дуудлага ирэх нь ихэссэн байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжийн 50 тоотод “Сайхан” нэртэй хувийн цэцэрлэг шатаж байна гэсэн дуудлагыг 18-ны өдрийн 11:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 7 дугаар гудамжийн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 16:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хотхоны 201 дүгээр байрны 2 дугаар орцны зоорийн давхарт автомашин болон цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг мөн 18:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай, Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж тухайн галуудыг унтраан утаажилтын бүсээс тус байранд оршин суудаг 150 иргэнийг гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 82 дугаар гудамжийн 12 тоотод уурын зуух шатаж байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай очиж унтраажээ. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 5 дугаар гудамжийн 20/А тоотод шатаж байсан байшин болон тус дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжийн 31 тоотод шатсан гэрийг ч унтраасан байна.

Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн Найрамдлын хороо, 4 дүгээр гудамжийн 8 тоотод байшин шатсан бол Баян-Өлгий аймгийн Архуст сумын Хөх хад багийн 31 дүгээр гудамжийн 01 тоотод иргэн Е-ын улсын дугаатай Портер загварын автомашин шатсаныг ч унтраажээ. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Шивээгийн уурхайн нүүрс хатаах цехед гал гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай шуурхай очиж унтраасан байна.

Энэчлэн ахуйн чанартай гал түймэр нэмэгдэж буй тул иргэдийг өөрсдөө сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн баярт зориулсан хамгийн том тоглолтод 200 уран бүтээлч нэгдэнэ

Удахгүй болох шинэ жилийн баярыг тохиолдуулан Улсын Филармони гурав дахь жилдээ хамгийн олон уран бүтээлч оролцсон “Snow melody” тоглолтоо энэ сарын 23-нд үзэгчдэд толилуулна.

Тоглолтын найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ, Улсын Филармонийн ерөнхий найруулагч С.Сүхбаатар ажиллаж байна.

Тоглолтод Филармонийн Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучид шинэ жил, өвлийн сэдэвт шилдэг бүтээлүүдийг эгшиглүүлэх юм. Мөн урилгаар Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ Б.Сарантуяа нарын 200-аад уран бүтээлч оролцохоос гадна өвлийн өвгөн, цасан охин үзэгчдэд бэлэг барих нь.

Тасалбарыг СТӨ, Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа бөгөөд UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна.

Мөн оюутан залуусын хөгжмийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэхүү тоглолтыг хөнгөлөлттэй үнээр үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүн амын сангаас тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа

НҮБ-ын Хүн амын сангаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд болон ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай байгаа 1,2 тэрбум (600,000 ам.доллар) төгрөгийн үнэ бүхий эх, нярайн оношилгоо, эмчилгээнд тусламж үзүүлэх тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тус тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ихээхэн анхаарч бололцоотой бүхий л арга хэмжээг авч, тусламж, үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгохын төлөө ажиллаж байна. Ийнхүү ажиллахад НҮБ-ын Хүн амын сан ямагт бидний хамтран зүтгэгч байж, бүхий л талаар дэмжиж ирсэн. Энэ удаад манай эмнэлгүүдэд хүлээлгэн өгч буй эдгээр тоног төхөөрөмжүүд нь иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид ихээхэн ахиц гарна гэдгийг цохон хэллээ.

Түүнчлэн НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара Монгол Улсын эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах үйлсэд ЭМЯ-аас оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж цаашид бүх шатанд, тэр дундаа анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй сумын эмнэлгүүдэд үйлчилгээний чанарыг сайжруулж, эмнэлгийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй байлгахын тулд дэмжин ажиллах боломжтой гэв.

Люксенбургийн Засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтарсан санхүү, техникийн туслалцаатайгаар ЭМЯ-аас хэрэгжүүлж буй “Эх, хүүхдийн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийг өргөжүүлэх нь” үндэсний төслийн хүрээнд эдгээр тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн бөгөөд дагалдах сургалтуудыг үргэлжлүүлэн дөрвөн өдрийн турш зохион байгуулах юм.

Мөн төслийн хүрээнд эх, нярайн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, лавлагаат тусламжийн төвд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг хөгжүүлэх, үргүйдлийн орчин үеийн эмчилгээний лаборатори байгуулах зэрэг үйл ажиллагаанууд хэрэгжиж байгаа нь манай салбарын тулгамдсан асуудлуудад чухал дэмжлэг болж байгаа юм.

Ийнхүү өнөөдөр нэг эмнэлэгт 5-8 ширхэг буюу нийт 132 тооны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Үүнд:

Ургийн зүрхний бичлэгийн аппарат – 21

Өвчтөний монитор – 21

Пульсоксиметр,нярай – 4

Нярайн суурин инкубатор – 2

Нярай фото эмчилгээний аппарат – 22

Автомат шахуурга, тариурын – 42

Нярайн амьсгалыг эерэг даралтаар дэмжих аппарат, хамраар – 13

Эмэгтэйчүүдийн хэвлийн дурангийн багажны ком – 4

Сургалтын зөөврийн муляж, хэрэгслүүд, багцаар – 1

Зайн оношилгоо, зайн сургалтын сүлжээний сервер – 1

Зайн сургалтын бичлэгийн аппарат, гэрэлтүүлэг, дуу хураагуур – 1

Харин эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх дөрвөн нэр төрлийн 1600 ширхэг эмнэлзүйн удирдамж, зөвлөмж бүхий материалыг мөн дагалдуулан өгсөн юм. Үүнд:

  • Эх барихын гаралтай халдварын эмнэлзүйн удирдамж
  • Ноцтой хүндрэлийн судалгааны үр дүн ба дүгнэлт зөвлөмж
  • Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээнд телемедициний зөвлөгөөг ашиглах нь гарын авлага
  • Дауны хам шинж ба бусад эмгэгийн антенатал илрүүлэг гарын авлага

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэнд хамаарах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнд хамаарах хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрх мэдлээ ашиглан Шинэчлэлийн Засгийн газрын үед Эрдэнэс-Таван толгой компаниас тендер авч,эхнэрийнхээ ”Говь повер” компанид 17 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудлыг баримтаар нотолж, юунд зарцуулсан талаар тогтоохоор ажиллаж байгаа талаар АТГ-ын эх сурвалж онцолж байгаа юм.

Мөн түүнийг шалгаж байх явцад дахин шинэ баримт гарч ирсэнээр хэд хэдэн удаа цагдан хорих шалтгаан болжээ. Сүүлд түүнийг гадуур байцааж байгаад есдүгээр сарын 29-ны өдөр дахин саатуулсан ч 11-р сарын сүүлээр батлан даалтанд гаргасан аж.

Энэхүү хэргийг АТГ-ээс шалгаж дуусаад мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хэрэг, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. АТГ-аас Г.Дэнзэн нарт холбогдох Эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр, харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн тухайн эх сурвалжууд мэдээллэв.

Г.Дэнзэнг албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуй нэгж байгууллага, иргэдэд үлэмж их хэмжээний хохирол учруулсан, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуй нэгжийн өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсэн учраас онц их хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2, 265 дугаар зүйлийн 2, 150,3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт яллагдагчаар тооцож шалгаж байсан юм.

Түүнийг гэмт буруутайг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд тогтоосон бололтой.

Categories
мэдээ нийгэм

С.Баярцогтыг “Оюу толгой”-н гэрээнээс 9.2 сая ам.доллар халаасалсан гэв

Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос С.Баярцогтын оффшор дансны талаар мэдээлэл хийлээ.

Тус холбооноос С.Баярцогтын оффшор дансын асуудлаар 2015 оны арванхоёрдугаар сард шаардлагатай бүх материалыг нотлох баримтын хамт гаргаж, олон улсын шүүхэд ханджээ. Уг хүсэлтийн дагуу энэ оны зургадугаар сард Швецарь улсын холбооны улсын шүүхээс С.Баярцогтод эрүүгийн хуулийн 305 дугаар зүйл, мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар тус холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг “Өнөөдөр бид С.Баярцогтын оффшор дансан дахь мөнгөний бодит үнэнг Монголын ард түмэнд хүргэнэ. 2013 оны дөрөвдүгээр сарын 6-нд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерцумаас С.Баярцогт нь кредит банкинд 1 сая ам.доллартай, оффшор бүсэд компани байгуулсан тухай мэдээлсэн. Дараа нь С.Баярцогт мэдээлэл хийгээд үүнийгээ хүлээн зөвшөөрч 3 сая хүрэхгүй мөнгө дансанд нь байгаа тухай хэлсэн. Улмаар тухайн үед манай холбооноос эрүүгийн цагдаагийн газарт С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргасан. Гэвч хүсэлтийг харъяаллын дагуу АТГ-д шилжүүлсэн. Тус газраас 2013 оны зургадугаар сарын 17-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй гэсэн. Иймд бид олон улсын шүүхэд хандсан. Швецарийн шүүхээс төлөөллөө явуулах хүсэлт ирүүлсний дагуу миний бие уг улсад ажлаад ирлээ” хэмээв.

С.Баярцогтын дансанд одоогийн байдлаар 2009 оны аравдугаар сарын 27-нд шилжин орсон 9.2 сая ам.доллар байршиж буйг хуралд оролцогчид мэдээллээ. Улмаар Швецарийн “Swiss Kredit” банкнаас уг мөнгөний эх сурвалжаа батлахыг шаардаж, албан бичиг явуулжээ.

Уг мөнгөний талаар хуульч М.Туяацэцэг “2009 оны аравдугаар сарын 26-нд Оюу толгойн гэрээг үзэглэсэн. Харин дээрхи мөнгө С.Баярцогтын дансанд тухайн оны аравдугаар сарын 27-нд шилжин орсон байна. Бид анхнаасаа гомдол гаргахдаа “Оюу толгой”-н гэрээнээс гаралтай мөнгө гэдгийг гомдолдоо дурьдсан. С.Баярцогт тухайн үед сангийн сайд байсан. Тэгэхээр “Оюу толгой”-н гэрээг байгуулаад 9.2 сая ам.доллар халаасласан гэдэг хардлага төрж байна” хэмээн ярилаа.

Оффшорын эсрэг хууль УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Энэ хэрэг эцэслэн шийдэгдэх хүртэл оффшорын хуулийг хэлэлцэх ёсгүй гэдэг шаардлагыг хуралд оролцогчид УИХ-д хүргүүлж буйгаа онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

АН-ын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа “Blue Sky”-д болж байна. АН-ын даргын сунгаанд таван хүн материалаа бүрдүүлэн нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлжээ. Үүнд: Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар багтаж байна. Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нэрсийг зарлаж, үнэмлэхийг танилцуулж, нэр дэвшигчдийн намтарыг уншиж танилцууллаа.

Намын дарга асан З.Энхболд хурлын эхэнд дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр, “АН үргэлж анхдагч нь байсан. Энэ удаа ч гэсэн намын даргаа гишүүдээрээ сонгуульдаг дүрмийг баримталж байна. Намын даргад таван хүн нэрээ дэвшүүлэхээр албан ёсоор дүрмийн дагуу бүртгүүлсэн байна. Энэ дүрэм 180 мянган хүнд нээлттэй байсан. Тэрийг бүрдүүлж чадаагүй хүмүүс сошиалаар янз бүрийн гомдол гаргах хэрэггүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд манай нам 10-15 тэрбум төгрөг 4 жилд зарцуулдаг. Гэхдээ энэ удаад 10 дахин бага зардлаар сонгууль хийсэн. 1996 оны намын даргын сунгаа амжилттай болсон. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгууль амжилтгүй болсон. Энэ удаад 1996 оных шиг амжилттай болоосой гэж хүсч байна. Харин улс төрийн өрсөлдөгч МАН-ынхан манай намын даргын шинэчлэлд их санаа зовж байна.Төрийн эрх барьсан та нарт толгойтой үснээс их ажил байгаа. Манай намын сонгуулиас хол бай. Утаагаа алга болго оо. Та нартай, та наргүй бид болчихно. Нэр дэвшиж байгаа та тавын эв нэгдэлтэй байдал бүх гишүүдийг нягтруулж 2020 оны сонгуульд амжилттай оролцох эсэхийг шийднэ шүү. Та бүхэнд амжилт хүсье. Хэн ч ялагдсан бай ялснаа дэмжээд явах нь шударга ёсны энгийн зарчим шүү” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Монголбанк мэдээлэл хийнэ

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдана. Хурлаар бодлогын хүүг бууруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Хуралдааны дараа ямар шийдвэр гаргасан талаараа мэдээлэх аж.

Өнгөрсөн наймдугаар сарын 18-нд бодлогын хүүг гэнэт 15 хувь болгон өсгөсөн нь хатуу бодлого барьсан гэж эдийн засагчид үздэг. Энэ удаагийн хурлаар мөнгөний хатуу бодлогыг зөөллөх байх гэсэн хүлээлт үүсээд байна.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 20-нд зарим газраар, 21-22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсч хүйтэрнэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.