Categories
мэдээ нийгэм

Бага насны гурван хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд гэртээ үлдсэн бага насны гурван хүүхэд шатаж, нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, “Зээлийн барилгын хажууд гэр шатаж байна” гэсэн дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн онцгой байдлынхан хэргийн газарт очиж ажилласан байна.

Шатсан гэрт тус хороонд суух Г (эрэгтэй, 5 настай), Н (эмэгтэй, 4 настай), Ц (эрэгтэй, 07 сартай) нар гэртэйгээ шатаж нас баржээ. Одоогийн байдлаар галын шалтгаан болон дүгнэлт гараагүй байгаа бөгөөд энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Мөн Төв аймгийн Мөнгөнморьт суманд амьдардаг 74 настай иргэн Т-ийн өвлийн байшинд өнгөрсөн шөнө гал гарч, тэрээр хоёр охины хамт амиа алджээ. Гэрт байсан таван настай охин эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийг Мөнгөн морьт сумын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.

Categories
гадаад мэдээ

Оросын Элчингийн амийг хөнөөсөн явдлыг дэлхийн удирдагчид буруушаав

Даваа гарагийн орой Туркэд суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг буудан хөнөөснийг дэлхийн удирдагчид зэмлэн буруушааж байна. Оросын Элчин сайдыг хөнөөсөн тус этгээд нь цагдаагийн тусгай ангийн ажилтан Мевлют Мерт Алтынташ гэдэг нэртэй хүн байжээ. Тэрээр Туркийн баруун хэсгийн Айдин мужид төрсөн, 22 настай, Анкара хотод алба хааж байсан нэгэн аж. Reuters агентлагийн мэдээлснээр, тэр ажилдаа очоогүй ба Орчин үеийн урлагийн төвд өөрийн үнэмлэхээр нэвтрэн оржээ.

Харин HaberTurk агентлагийн мэдээгээр, бүтэлгүй цэргийн эргэлтийн дараа Мевлют Мерт Алтынташ ажлаасаа халагдсан байсан гэнэ.

Тухайлбал, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг: Твиттер хуудсандаа “ОХУ-аас Туркэд суугаа Элчин сайдыг буудан хөнөөснийг би эрс зэмлэн буруушааж байна. Түүний ар гэрийнхэн болон Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ийм аймшигт үйлдлийг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй” гэжээ.

АНУ-ын Төрийн Департамент, Пентагон болон Цагаан ордон: Ямар ч шалтгаантай байсан ийм хэрэг үйлдэх нь буруу. Энэ хэргийг мөрдөн шалгахад чадах бүхнээрээ туслах болно гэжээ.

Цагаан ордны мэдэгдэлд “дипломат корпусын гишүүнийг ийм аймшигтайгаар хөнөөснийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Бид терроризмын аливаа хэлбэрийн эсрэг тэмцэлд Орос болон Турктэй хэзээд хамт байна” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трам: Элчин сайд Карловын амь насыг лалын хэт давруу үзэлт террорист этгээд бүрэлгэлээ. Түүний ар гэрийнхэн болон Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна” гээд “Элчин сайдыг хөнөөсөн нь иргэний нийгмийн бүх хууль журмыг зөрчсөн хэрэг. Дэлхий нийтээрээ үүнийг зэмлэн буруушаах хэрэгтэй гэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн: Терроризмын шинжтэй энэ хэрэг намайг үнэхээр цочирдуулж, сэрдхийлгэлээ. Дипломат ажилтан болон энгийн номхон иргэдийг халдлагын бай болгохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Казахстаны ГХЯ Карловын ар гэрийнхэн: Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлээд “тусгаар тогтносон бүрэн эрхт улсын төлөөлөгчийг онилон террорис халдлага үйлдсэн нь Турк болон Оросын харилцааг хөндийрүүлж, таслах гэсэн оролдлого” гэжээ.

Элчингийн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Орос, Туркийн харилцааг муутгах улмаар Сирийн нөхцөл байдлыг доройтуулах зорилготой өдөөн хатгалга хэмээн ОХУ үзэж байна. Бид хамтын хүчээр буруутанг олох болно. Бид хариугаа авах болно. Москва терроризмын эсрэг тэмцлээ эцэс буцалтгүй эхлүүлж, алуурчдыг шийтгэх болно” гэж мэдэгджээ.

Харамсалтайгаар амиа алдсан Элчин сайд Андрей Карловын талаар Ерөнхийлөгч “Сайн нөхөр, сайн дипломатч байсан. Үнэхээр харамсалтай. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье” гэсэн байна. Мөн албаныханд гадаадын орнуудад ажиллаж буй ОХУ-ын Элчин сайдын хамгаалалтыг нэмэгдүүлэхийг тушаасан аж.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайд мөсөн гулгуурын талбай байгуулав

Хотын дарга 12 дугаар сарын 31-ний үдэш нийслэлийн иргэдтэйгээ шинэ оноо угтах баярын цэнгүүнийг зохион байгуулах бэлтгэл ажлаа базааж эхэлсэн хэмээн мэдэгдлээ.

Цэнгүүний бэлтгэл ажил болох Нийслэлийн төв талбайн сүлд модны гэрлийг өчигдөр асааж, Сүхбаатарын талбайд байгуулсан мөсөн гулгуурын талбайг албан ёсоор нээсэн юм. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хотын удирдлагууд оролцов.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ, “Дэлхийн томоохон хотууд шинэ оноо угтан төв талбайдаа сүлд модоо засч, гэрлээ асаан, бие биендээ сайн, сайхныг хүсдэг. Улаанбаатар хот маань үүний адил сүлд модныхоо гэрлийг асаах ёслолыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс хүүхэд залуустаа зориулан мөсөн гулгуурын талбайг нээлээ” хэмээн онцлов.

Categories
мэдээ соёл-урлаг

Я.БАЯРАА: Яруу найргийг мэдрэх үү, яруу магтаалд баясах уу гэдэг хүний сонголтын л асуудал

-ЯРУУ НАЙРГИЙГ БАЙГААГААР НЬ ХҮРТЭХЭД Л ХАНГАЛТТАЙ-


СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн багш, яруу найрагч Я.Баярааг “Долоо хоногийн зочин” ярилцлагын буландаа урилаа.


-Удахгүй шинэ номоо өлгийдөн авах гэж байгаа юм байна. “Таслал” гэдэг нэрнээсээ эхлээд сонирхолтой юм?

-2011 онд “ЦӨН” гэж шүлгийн түүвэр хэвлүүлснээс хойш ном бүтээл хэвлүүлэлгүй өдийг хүргэжээ. Манай яруу найрагч Т.Баясан, “Яруу найргийн ном бүтэх цагтаа л бүтдэг” гэж нэгэнтээ хэлж билээ. Тэр л ёсоор нэг ийм ном бүтчихлээ. “Таслал” гэдэг нэрийн хувьд шууд утгаар нь өгсөн. Өгүүлбэрт нэг утгат хэсэг төгсөхөөр таслал тавиад, цааш өөр зүйлийн тухай бичдэг дээ. Тэр л зориулалтаар нь энэ номонд “Таслал” гэдэг нэр өгсөн.

-Анх яруу найрагт хэрхэн татагдсан бэ, энэ замд алхан ороход хамгийн их нөлөөлсөн хүн тань хэн бэ?

-Өссөн орчин маань яруу найрагт дурлахад хамгийн ихээр нөлөөлсөн болов уу. Манай нутаг Улаанбаатар хотоос 1500 гаруй км-ийн зайд оршдог, Увс аймгийн Зүүнговь сум. Яруу найрагч Г.Аюурзанын “Зурагтын ганцхан суваг гардаг бяцхан суурин” гээд шүлэг бий дээ. Тийм л нэг бяцхан суурин, тэндэхийн хэл нь ч, сэтгэл нь ч эвдрээгүй хүмүүс, ажин түжин амьдрал намайг ном руу, уран зохиол руу татсан санагддаг. Ээж маань надад А үсэг заасан. Ээжийн минь уран зохиолыг хайрлах сэтгэл намайг шүлэг бичихэд бас их нөлөөлсөн гэж боддог. Гэрийн маань номын санд яруу найргийн хэдэн ном байдаг байлаа. Очирбатын Дашбалбарын “Гэрэлт хайр”, Цэгмидийн Гайтав гуайн шүлгийн түүвэр, Далхаагийн Норовын “Уулын хөх сүүдэр” роман лав байсан. Анх бичиг үсэг тайлагдсаар “Гэрэлт хайр”-ыг уншсан байх шүү. Тэндээс О.Дашбалбар гуайн өөрийгөө илэрхийлж байгаа хэлбэр, сэтгэлийг шүлгээр амилуулж чадаж байгаа байдал нь надад их сонирхолтой санагдсан. Яруу найргаар мэдрэмжээ илэрхийлэхийн амтанд энэ ном л намайг татаж оруулсан.

-Яруу найрагч байна гэдэг таны бодлоор яг юу вэ?

Яруу найрагч байна гэдэг миний бодлоор яруу найрагч л байхын нэр юм даа. Ямар нэг зам мөрийн тухай, жишээлбэл, сахил хүртсэн лам шиг ямар нэг хэмжүүр яруу найрагт байгаа ч үгүй. Байх ч үгүй болов уу. Манайд л яруу найрагчдыг соён гэгээрүүлэгч, ухаарал хайрлагч, хүлээн авалтын микрофон дээрээс хүндэтгэлийн үг хэлэгчгэж боддог байх. Математикт дурлачихсан, хүнд бодолт, гаргалгааны ард гарчихаад маадгар суугаа хүн, ёхийтлоо сууж зураг төсөл гаргачихаад дараагийнхаа байшингийн тухай яриад эхэлдэг архитекторч найзууд маань миний яруу найрагт амиа тавьдагтай агаар нэгэн санагддаг. Нэг нь тооны хэлэнд, нөгөө нь дүрсийн хэлэнд, би үгийн хэлэнд л дурлачихсан яваа.

Яруу найраг бол хүн төрөлхтөнд байсаар ирсэн уугуул мөн чанаруудын нэг. Түүнийг алдаршуулан магтах, дооршаан үзэхийн аль аль нь ч шаардлагагүй. Тиймээс яруу найргийг байгаагаар нь хүртэхэд л хангалттай.

Ер нь хүний хэлийг бүдүүн тоймоор гурван хүрээнд хувааж үзэж болмоор юм шиг. Нэгдүгээр нь, хүмүүс хоорондоо харилцахдаа хэрэглэдэг ярианы хэл, дараа нь сэтгүүл зүй, албан ажил гээд харилцааны хэл орно. Энэ хэлээр бид бие биесээ тодорхойлж, энэ хэлний хүрээнд бидний амьдрал өрнөдөг. Харин яруу найргийн хэл бол дээд хэл юм. Энэ хэл ямар нэг баримт, харилцааг бус сэтгэлийг өгүүлдэг. Үл баригдах сэтгэлийн үелзэл хөдөлгөөн, зүүд зөн, хүлээлт, ганцаардлын хэл. Энэ хэлээр ярих чадвар бяр хүч бидэнд адилхан заяадаггүйн адил хүн бүрт тэгш бус заяадаг бололтой. Хомер, Шекспир, Гёте, Бодлерын шүлгийг ертөнц даяар хэдэн мянган, хэдэн зууны турш уншсаар, мань мэтхэн нь хүртэл эх хэл рүүгээ орчуулчих санаатай нухсаар л байна. Харин тэдний цаг үеийн хаад, түшмэдүүдээс одоо нэг овгор чулуу, орд харш үлдсэн бол их юм.

-Яруу найргийн онгодоо хэрхэн хөглөдөг вэ?

-Онгодын тухай онгодгүй хүмүүс л их ярьдаг юм шиг санагддаг. Миний хувьд бол шүлэг бичмээр санагдвал суугаад бичдэг. Бичмээргүй санагдсан үед ч суугаад л биччихдэг.

-Яруу найрагчид өөр өөрийн давтагдашгүй ертөнцтэй, түүнийгээ дагаад уран бүтээл нь гэрэл сүүдэртэй янз бүр байх шиг. Орчин үеийн үеийн яруу найрагчдыг их бараан зүйл бичдэг болсон гэлцэх болжээ?

-Хүн савныхаа хэмжэээгээр л хорвоогоос хүртдэг гэдэг шүү дээ. Ер нь аливаа зүйлийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгээс л шалтгаалж байх шиг. Гэхдээ ихэнх яруу найрагч юуг ч гэрэл гэгээтэй талаас нь хардаг, гэрэл гэгээг л хөөгөөд явдаг юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж яруу найраг гэдэг бол дан ганц гэрэл гэгээ, сайн сайхныг дуулдаг юм биш. Ер нь үзэгдлийн гүн рүү нэвтрэх тусмаа шүлгийнх өнгө баргар болоод байх шиг хааяа санагддаг. Ерөөсөө үнэн гэдэг хатуу, баргар төрхтэй эд юм биш үү. Энэ бүхэн тухайн шүлэгчийн зан араншин, ямар хэлний орчинд өссөн гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг байх. Жишээ нь Данзангийн Нямсүрэн найрагч ямар ч гүн санааг маш гэгээн шүлгээр илэрхийлдэг. Яруу найргийнх нь гүнээс яруу гаргалгаа нь гэрэлтэж байдаг.

Ямар ч яруу гаргалгаа байхгүй, хуурай тоочилт, сайхан санагдахуйц үгсээр бялдсан мөртүүдээр яг одоо манай яруу найраг үерлэж байна. Их Д.Урианхайн хоёрхон мөрийг уншаад дотор хоосроод, эсвэл амьдарч яваа утга учраа олсон юм шиг санагдаж байхад, төрийн соёрхолт шүлэгчийн тоосго шиг том туульсаас сэтгэлд торох юу ч үгүй байх жишээтэй. Гэхдээ яруу найргийг мэдрэх үү, яруу магтаалд баясах уу гэдэг хүний сонголтын л асуудал. Насаараа морины цол маягаар бичигдсэн шүлгэнд баясаад явдаг хүн ч байна. Тархи, зүрх өрөмдсөн шүлгээр сэтгэлийн таяг хийж яваа хүн ч байна. Аль алийг нь нүдэндээ хавчдаггүй хүн ч байна. Хэнийг нь ч буруутгах, дооршаах аргагүй.

– Тэгвэл та өөрийнхөө шүлгийг ямар хэв төрхөд хамруулж ойлгодог хэрэг вэ?

-Мэдэхгүй юм даа. Шүлэгчийн зовлонг шүлэгч л ойлгоно гэдэг шиг шүлэгч нөхөд маань л миний шүлгийг тодорхойлох байх. Миний бодлоор оюутан цагийн шүлгүүд маань их гэгээлэг, үзэж туулаагүй атлаа амьдралын сайн сайхныг дуулсан, амьдралын өнгөн талын сэтгэл баясгах хүчин зүйлд татагдсан янзтай байсан санагддаг. Яг тийм үедээ би 2008 онд “Нэг урлаг” номоо гаргасан. Одоо Хөвсгөл аймагт амьдарч байгаа яруу найрагч О.Элбэгтөгс найзтайгаа 50, 50 шүлэгтэй хоёр талаасаа уншигддаг ном гаргаж байлаа. Уг нь хоёулаа зуу, зуун шүлэг сонгоод байснаа хассаар яваад тавь гаруй шүлэг номонд маань орж байсан. Харин одооны шүлгүүд маань тэр үеийнхээс арай илүү тодорхой, итгэл үнэмшилтэй болсон юм шиг санагддаг. Өөрөөр өөрийгөө тодорхойлж мэдэхгүй юм.

ЭНЭ ЦАГ ҮЕ МИНИЙ ХУВЬД СОРИЛТЫН ЦАГ ХУГАЦАА

-“Хөх мэдрэхүй” гэдэг бүлгэмийн залуусын тухай уран зохиолын хүрээнд яригдаж эхэлсэн цаг саяхан. “Хөх мэдрэхүй” байгуулагдсан түүхээс хуваалцаач. Ер нь уран зохиолын бүлгэм гэж юуг хэлээд байна вэ?

-Урьд нь бол Монголын яруу найрагт “Дөмөн”, “Гал” гээд бүлэг, нэгдэлүүд байсан. “Дөмөн” нэгдэлд л гэхэд Д.Урианхай, Дарамын Батбаяр гэх мэт томчууд цугладаг байсан гэдэг. О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Л.Мягмарсүрэн, Ү.Хүрэлбаатар нарын хамрагдаж асан “Гал” гэдэг нэгдэлийн талаар сүүлийн үед бас ярих болжээ. 1990-ээд онд О.Дашбалбар найрагчийн уран бүтээлийн үзэл санааг талархан дэмждэг залуус “ГУНУ” урсгалд хамаарч байсан түүх бий. 1991 онд Увсад номоо гаргасан “Зүс бүгэг андууд” бүлэг байна. Энэ бүлэг тухайн үедээ маш их шуугиан тарьж гарч ирсэн тухай зохиолчид одоо ч ярьдаг. Би “Зүс бүгэг андууд”-ын тухай судалгааны ном бичсэн. Ирэх ондоо багтаад гарчих байх. Үүний дараа “Хүрээ хөвгүүд” гээд бүлэг гарч ирсэн. Энэ бүлгийг П.Батхуяг зохиолч, судлаач Г.Ням-Очир, Бадрал найруулагч, яруу найрагч Д.Энхболдбаатар гээд залуус байгуулж байжээ. Люмпен Пастухын уран зохиол хэмээх тэдний шүүмж 1990-ээд оны дунд үеийн Монголын шүүмж судлалын хамгийн анхаарал татсан, хөдөлгөөнд оруулсан үйл явдал байх жишээтэй. “Хөх мэдрэхүй” бол эдгээр бүлгийн л адилаар залуу уран бүтээлчдийн нэгдэл маягаар байгуулагдсан. МУИС-ийн Утга зохиолын нэгдэл дээр төвлөн анх байгуулагдаж байлаа.

-“Хөх мэдрэхүй” бүлэг сүүлийн үед жаахан нам жим болчих шиг?

-Бид баар сав ажиллуулдаггүй, уран зохиол оролддог болохоор үргэлж хангинаж, түчигнэж байна гэж юу байхав. Анх 2008 онд “Хөх мэдрэхүй”-г байгуулснаас хойш бараг 10 гаруй жил өнгөрчихөж. Эхэн үедээ бид гудамж, галерей, номын сан, музей, супермаркет, их сургууль гээд маш олон газар яруу найргийн чөлөөт уншлага, утга зохиолын арга хэмжээ зохиодог байлаа. Бүгд оюутан байсан болохоор тэгж явах цаг зав ч байж, дур ч байж. Харин 2010 онд “Хөх мэдрэхүй” шүлгийн цоморлиг хамтын номоо гаргаснаас хойш бид тус тусын уран бүтээл, ажил руугаа анхаарал хандуулж иржээ. Угаасаа уран бүтээлийг хамтлагаараа хөгжүүлдэггүй, хувь ертөнцийн урлаг учраас бүлэглээд, дарвиад явдаг цаг хугацаанд ч бас хязгаар байх.

“Хөх мэдрэхүй”-д Н.Нарангэрэл, Б.Баясгалан, Ц.Дэлгэрмаа, Ш.Хатанбүүвэйбаатар, О.Элбэгтөгс, Ж.Оргил, М.Хангал, миний бие гээд найман залуу хамаардаг. Манай бүлгэмээс Б.Баясгалан маань “Тагтаа паблишинг” гээд компани үүсгээд давгүй амжилттай явж байгаа. Мөн өдгөө Австралид сурч байгаа Ж.Оргил маань “Валентиний захидал”, “Амьдралд тавтай морил”, ”Зүүдэнд ч оромгүй явдал” гэх мэт 10 гаруй кино зохиол бичсэн. Н.Нарангэрэл маань “Хэлний бодлогын зөвлөл”-ийг удирддаг. Бусад маань яруу найраг, хүүрнэл зохиол, шүүмж судлалын чиглэлээр ид бичицгээж байна даа. Магадгүй энэ цаг үе миний хувьд, бидний хувьд сорилтын цаг хугацаа байх. Энэ үед л бичиж чадахгүй бол цаашид хэзээ ч бичихгүй биз дээ. Тийм болохоор бичицгээж л байна. Бичих процес угаасаа их нам жим эд шүү дээ.

ЯАЖ МОНГОЛОО ЕРТӨНЦИЙН ХҮНИЙ ОЮУН САНААНД АХИН СҮНДЭРЛҮҮЛЭН БОСГОХ ВЭ

-Сүүлийн үед хүмүүс ном унших нь багассан, ихэссэн гэж янз бүрээр яригдаад байгаа. Таны бодлоор уншигчдын боловсрол дээшилсэн гэж боддог уу, эсвэл…?

-Сүүлийн үед уншигчдын боловсрол улам нэмэгдэж байгаа гэж бодож байна. Манай ихэнх залуус англи хэлний дундаас дээш мэдлэгтэй болчихсон байна. Бусад гадаад хэлээр ч чөлөөтэй мэдээлэл авдаг болчихсон байна. Маш олон орчуулагч гарч ирж, залуучууд шинэ юм их хийж, эрэлхийлж байна. Үүнийгээ дагаад уран зохиолын шалгуур улам бүр өндөрсөж байгаа ийм цаг үед бид амьдарч байна. Гэхдээ дан ганц уран зохиол ч биш нийгмийн бүх салбар ийм шатандаа явна. Жишээлбэл манай кино урлаг байна. Би саяхан “Итгэл”, “Шүүдэр дундуур” гээд кино үзсэн. Бас тийм бодол төрсөн. Энэ бодлоо хөгжөөж “Шүүдрээс тунасан шүүдэр”, “Итгэлээс төрсөн итгэл” хэмээх хоёр шүүмж бичсэнээ шинэ оны эхээр гарах “Харах өнцөг” номдоо оруулна.

Бид эрх чөлөөтэй нийгэмд амьдрах болсоор хүний амьдралын хоёр үеийг туулжээ. Ардчилсан хувьсгалтай чацуу залуус одоо л эхнээсээ байр сууриа олж эхэлж байна. Энэ цаг үеийг цөвүүн цаг гэлцээд байдаг улсыг би амьдралын орон зай нь хумигдаж буй хүмүүсийн гомдол гэж ойлгодог. Яг үнэндээ Чингисийн их гүрнээс хойш Монголчууд ийм эрх чөлөөтэй, гар газар, хөл хөсөр байж үзсэн юм уу? Энэ цаг үеийг бүтээж буй урт дурын хүмүүсийн гараар эх орон маань улам цэцэглэн хөгжинө гэж би үнэн голоосоо итгэдэг.

-Монголын утга зохиолд яг одоо хийх ёстой алхам, хөндөх ёстой сэдэв юу байна вэ?

-Чингисийн улс яагаад дэлхийг эзэлсэн агуу гүрэн болсон юм бэ гэдэг нууцыг бид хайх ёстой гэж боддог. Гэхдээ алдаршуулан магтахаас илүү уран яруу, утга учиртай арга замаар энэ эрэлхийллийг хиймээр. Өвөг дээдсээс минь бидэнд өвлөгдөж үлдсэн зүйлсийн талаар эргэцүүлж, гаргаж тавих хэрэгтэй юм шиг санагддаг. Учир нь манай үндэстний ой санамжийг Манж, Хятадууд янаглан хорлох, коммунистууд аймаглан устгах арга замаар арилгачихжээ.

Уран зохиолын хүрээнд 1990-ээд оноос энэ эрлийг эрчимтэй хийж ирсэн. Бидний мөн чанар юу байна, түүнийг яаж урлагаар гаргаж ирэх вэ, юу хэрэгтэй байна гэдэг дээр манай уран зохиолын хоёр том зүтгэлтэннэлээд толгой гашилгасан байдаг. Нэг нь яруу найрагч О.Дашбалбар. Энэ хүн монголын онцлог, оюун санаа урлагт хэрхэн илрэх вэ гэдэг дээр их санааширсан. Тэр санаашрал нь ГУНУ хэмээх үзэл санаанд зангидагдсан байдаг. Бас “БИШҮБИ” гээд томъёолол үүсгэчихээд яваа Д.Урианхай гуай байна. Анхааралтай уншвал энэ хоёр хүнугтаа нэг зүйлийн тухай хоёр талаас нь л бичсэн байдаг. Яаж монгол байх вэ, яаж монголоороо бүтээх вэ, яаж монголоороо хэлбэрдэх, яаж Монголоо ертөнцийн хүний оюун санаанд ахин сүндэрлүүлэн босгох вэ, өрнө, дорнын модернистуудыг дуурайж хэлбэрдэх биш, яаж монголоороо бичих вэ гэдэгт санааширсан улс.

Яг энэ мөн чанарынхаа эрэлд мордоод түүгээрээ дэлхийд мандаж байгаа зохиолчид байна. Жишээ нь, Туркийн зохиолч Орхан Памук. “Хар судар” романдаа исламын шашны ёс зүй , Туркийн соёлын асуудлыг дэлхийн ямар ч хүн ойлгохоор задалж, зарим зүйлийг нь яг Турк хүмүүс уншвал уур нь хүрмээр ёжилж, яруу мөртлөө, гүн гүнзгий хүүрнэсэн байдаг. Памукийн энэ чанар, хүүрнэл түүнд Нобелийн шагнал авчирсан. Манай зохиолчид ер нь бол энэ орон зайг олж хараад, дүүргэх гэж ажиллаж байгаа. Харамсалтай нь их түүхээ дордуулж хүүрнэхээс нэг их холдсонгүй. Миний санахаар энэ талаар хамгийн их амжилт олсон зохиолч бол Сорогдогийн Жаргалсайхан. Энэ хүн Чингис хааныг уран сайхны дүрээр олж харж, бүхэл бүтэн ертөнц бүтээчихээд яваад өгчээ. С.Жаргалсайханы “Хаан түүх”, “Жамух”, “Чингис хааны нууц түүх” гурвыг ядаж ганц удаа бүтэн уншчихвал илүүдэхгүй л болов уу. Зохиолч Г.Аюурзана мөн энэ орон зайд сүүлийн үед чамгүй их цагаа зарж байна. Түүний “Бөөгийн домог” роман манай хүүрнэл зохиол бас нэг том бүлэг нээсэн гэж боддог.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Мэдээж шинэ ондоо олон зүйлийг хийхээр төлөвлөсөн байх. Цаашдын тань зорилгоос хуваалцвал…?

– Ирэх онд хэд хэдэн судалгааны бүтээлээ хэвлүүлэх санаатай байна. Юун түрүүн уран сайхны шүүмжийн эмхэтгэл маань “Харах өнцөг” нэрээр хэвлэгдэхээр бэлэн болоод байна. Дээр хэлсэн “Зүс бүгэг андууд”-ын тухай ном маань ч хэвлэлд үндсэндээ бэлэн болчихсон. Яг хэвлэгдэх нь тодорхой номууд гэвэл энэ хоёр байна. Бусад нь тухайн цагтаа болно биз дээ.

МЗЭ-ийн удирдлагаас санал тавьсаны дагуу бидний хэдэн залуус ЦОГ сэтгүүлийг сэргээж, гурван ч дугаар гаргаад байгаа. Дараагийн дугаар нь ирэх нэгдүгээр сард Д.Нямсүрэн найрагчаар голлож гарахаар агуулгаа бүрдүүлж эхлээд байна. Энэ сэтгүүлийн ажил ирэх онд мөн үргэлжлэх байх. Одоохондоо ийм л сонинтой байх шив дээ.

ЭСЭЭ 1

Нүүдэл тосон гарахаар, цай цүүгээ зэхэх заншил
Зүүд л болж үлдэх ирээдүй
Сүүтэйгээ цуг хөхөж өссөн эх хэлнийхээ
Сүүлчийн яруу найрагч нь гэх хар совин
Цуурын бүүдэн аялгуу шиг цээжний мухраас цуурайлна…
Хэрэв энэ бүхэн үгүй болвол
Хэнийхээ төлөө амьдрах хэрэг вэ гэхээс
Зундуйн Дорж гэх омголон өвгөний өмнө
Зуун зуун буруутай мэт санагдана
Биеийн зовлон, эдийн гачлан төдийгүй
бичсэн хэдэн мөр минь хүртэл
Бирдийн хоосон ходоодноос дуулдах
Биегүй хоосон авиа мэт санагдана…

ЭХЛЭЛ

Г.Баярт

Хавар бүхэн газраар нэг
Хайлган цэцэгс дэлгэрэх болно
Халуун уургаа хөхсөн нярайн
Хариугүй турьхан гар
Эхийнхээ хөхөнд хүрэх болно
Бядан явсан бидний зам
Тэнүүлчний жим биш гэдгийг
Бичсэн мөрийг минь илбэн таалах
Цагийн салхин шивнэх болно
Буцах хаяггүй захидалын буланд
Цэцэг зурсан булбарай хүү
Анир гүмхэн тал нутгийн дууг
Аялан дуулсаар хэлд орно
Үхрийн жим дээр ургасан цэцэг шиг
Үдийн зуурхан өнгөрөх амьдрал
Үхлийн хилийг давсан мөчөөсөө л
Үнэн ёсоороо эхлэх болно.

БҮҮВЭЙ…

Сэрэмж алдаж, нэгэн агшинд дэнсэлсэн
Сэтгэлийн гүнээсээ бүүвэй аялаж суунам
Хэзээ л ингэж, эр сэтгэл минь нялхраад
Хэнхдэг дотроо хайлахын чинээ саналаа


Эртийн амин үгийг хэн нэгэн шивнэх шиг
Энэ дууны аялгуунд амьдралын нууц бий
Энэ дууг аялсаар зүрхнээс зүрхэнд өртөөлсөн
Эрт балрын совин судсанд минь лугшиж бий


Агуйн хүний гунигаар одоо би гуниж
Анх гал үзсэн мэт хөөрөн баясаж
Сонор хэнгэрэгт минь энэ аялгуу үүрлэснээс л
Солиорчихолгүй өдий хүрснээ ухаарч байна.




Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийн асран хамгаалагч нарт эмнэлгийн хуудас олгоно

Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдийн асран хамгаалагчид эмнэлгийн хуудас /лист/ олгох, эмчилгээний төлбөрийг даатгалын сангаас гаргадаг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулинд оруулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат сайд нарт даалгалаа.

Эрүүл мэндийн яамны танилцуулгаас үзвэл улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт амбулаториор үйлчлүүлэгсдийн 5.5 хувийг эзэлж байгаа нь дэгдэлт /10-15 хувь/-ийн хэмжээнд хүрээгүй. Гэхдээ амьсгалын замын цочмог халдварын хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо их байна. Өнгөрсөн оны мөн үед нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал 18.5 хувиар хэтэрч байсан бөгөөд одоо 585 ор нэмэлтээр гаргасан ч ачаалал 10 хувиар илүү байгаа үзүүлэлт гарчээ.

Бага насны хүүхдэд нэн шаардлагатай антибиотикийн үйлчилгээ сул, эмчилгээний үр дүн хангалтгүй, эмнэлэгт 1-2 хоног эмчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн эмнэлэгт эмчилгээний төлбөрийг олгодоггүй, таваас дээш хоног хэвтсэн тохиолдолд л төлбөр хийгддэг байна.

Иймээс тав хүртэлх насны хүүхдийн зонхилон тохиолдох өвчнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эмийн зардал болох тэрбум гаруй төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангаас гаргахыг судлан шийдвэрлэх, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэн хэсэгчилсэн карантин тогтоох, сурагчдын улирлын амралтыг зохицуулж байхыг холбогдох сайд нарт даалгав.

Амьсгалын замын цочмог халдвараар өвчлөгсдийн 90 орчим хувь нь 4 хүртэлх насны, үүнээс 35 хувь нь 1 хүртэлх насны хүүхэд байна. Томуу, томуу төст өвчтэй хүүхдийн 56 хувь нь уушигны хатгалгаа, 22 хувь нь цочмог бронхитоор хүндэрч байгаа нь эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлэх гол шалтгаан. Гэхдээ сүүлийн хоёр сард ханиадны хүндрэл, уушигны хатгалгааны өвчний улмаас хүүхэд нас бараагүй тухай Эрүүл мэндийн яам танилцуулжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нарт тавих хяналтыг эрчимжүүлнэ

Арванхоёрдугаар сарын эхний 15 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 736 зөрчил илэрчээ.

Шинэ жилийн баяр ойртож аж ахуй нэгж, байгууллага ажлаа дүгнэж, хамт олноороо баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Иймд Замын цагдаагийн албанаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны асуудлыг хаалттай хэлэлцэж байна

Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагт эхэллээ. Хурлаар “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Улсын нууцтай холбоотой асуудал багтсан тул хаалттай горимд шилжүүлье” гэсэн санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжиж, хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд байна.

Categories
гадаад мэдээ

Туркт суугаа ОХУ-ын элчин сайдыг буудан хөнөөжээ

Туркийн цагдаагийн ажилтан ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карловыг буудаж, амь насыг нь хөнөөжээ.

Анкара хотод даваа гаригт уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр болсон энэ аллагын шалтгаан нь ОХУ Сирийн асуудалд оролцож, Алеппо хотыг босогчдоос чөлөөлөхөд тусалсан явдал гэж үзэж байна. Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Соилу зэвсэгт этгээдийг 22 настай, Туркийн цагдаагийн офицер Мевлут Мерт Алтинтас гэгч байсныг мэдээлсэн байна.

Тэрбээр Элчин сайдад халдахаар буу гаргаж ирэх үедээ “Алеппог мартах хэрэггүй”, “Аллах Акбар”, “Сирийг битгий март” хэмээн хашгичиж байжээ. Одоогоор түүний ямар нэгэн гэмт бүлэглэлд харьяалагддаг эсэх нь тодорхойгүй байна. Алуурчин этгээд Сири болон Алеппогийн талаар ярьж, орилсныхоо дараа Элчин сайдыг буудсан байна.

Элчин сайд Андрей Карловыг буудан хороож буй бичлэг үлдсэн бөгөөд үүнийг ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас “Террорист халдлага” хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн байна. ОХУ-ын тагнуул болон мөрдөн байцаах ажилтнууд Туркт болсон хэрэг дээр ажиллахаар тус улсад очих талаар Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярьжээ

Хэргийн дараа Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай утсаар ярьж, энэхүү харамсалтай хэрэг хоёр орны диломат харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд, алуурчдыг илрүүлэхэд хамтран ажиллахаар ярилцжээ. Туркийн ерөнхийлөгч Анкара дахь ОХУ-ын элчин сайдын яамны хамгаалалтыг чангатгажээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болсон явдалтай холбогдуулж мэдэгдэл хийгээд байна. Тэрбээр энэхүү эмгэнэлт явдлыг “Орос-Туркийн харилцааг муутгах, цаашлаад Сирийн хямралыг дэврээх гэсэн өдөөн хатгалга. Энэ бүхний хариуд Москва “Терроризмтай тэмцэх тэмцлийг өргөжүүлнэ. Алуурчид үүнийг удахгүй мэдрэх болно” гэлээ.

Путин амь үрэгдсэн Элчин сайд Карловыг “Сайн дипломатч” байсныг дурсаад, төрийн одон медалиар нэхэн шагнахыг албаныханд үүрэг болгожээ. Мөн тэрбээр гадаад орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн хамгаалалтыг чангатгах үүрэг өгсөн байна.

Categories
гадаад мэдээ

Берлинд халдлага болж 12 хүн амиа алдаж 48 хүн хүнд бэртжээ

Германы нийслэл орон нутгийн цагаар даваа гаригийн орой ачааны машинтай этгээд Берлин хотын худалдааны захад дайран орж, олон хүний амийг хөнөөжээ. Ослын улмаас 12 хүн амиа алдаж, 48 хүн хүнд бэртжээ. Осол Берлин хотын баруун хэсэгт орших Брайтшайдплац талбайн орчимд болсон байна. Машин 60 км/цаг орчим хурдтай явж байжээ.

Албаны хүмүүс уг ослыг террорист халдлага гэж дүгнэж буй талаар тус улсын тагнуулын албанаас мэдэгджээ. Гэмт этгээдийг баривчлан саатуулсан, ачааны машин нь Польшийн улсын дугаартай байсныг Германы Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Керстин Цьесмар хэлсэн байна. Ган төмөр тээвэрлэж явсан машин хулгайлагдсан байж болзошгүй талаар тухайн ачааны машиныг хариуцдаг оператор компанийн эзэн Арьел Цуравски мэдээлэл өгчээ. Цуравскийн үеэл уг машины жолоочоор ажилладаг боловч осол болох үед жолоочийн рулийн ард огт өөр хүн сууж байжээ. Гэрчүүдийн яриагаар ачааны машин хурдаа сааруулалгүйгээр явган хүний замыг дайрч, шууд худалдааны захын шилэн цонхыг дайрч орсон гэнэ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболдын айлчлалын үр дүн

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ оны 12-р сарын 15-ны өдөр ОХУ-д айлчилж, 19-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж тус улсын Холбооны үндэсний зөвлөлийн (парламент) дарга, доктор Амал Абдулла Ал Кубаиситай уулзсан юм.

ОХУ дахь айлчлалын үеэрээ 12 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, парламент дахь “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзлаа.

Төрийн Думын орлогч дарга В.А.Васильевтай хийсэн уулзалтын үеэр “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч С.В.Железняк намынхаа төлөөлөгчдийг ирэх онд Монгол Улсад айлчлуулахаар болсноо хэлээд “Эдийн засгийн коридор” төслийн судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах хүсэлтийг дэмжихээр болсноо мэдэгдэв. УИХ-ын дарга М.Энхболд түүнд талархал илэрхийлээд энэ асуудлыг ОХУ-ын Эдийн засгийн яамаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Тэрбээр Монгол Улсад тохиолдоод буй эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад бага хүүтэй, урт хугацаатай, санхүүжилтийг дэмжсэн хөнгөлөлттэй зээл олгох талаар анхаарал тавих хүсэлтийг Төрийн Дум, Холбооны зөвлөлийн удирдлагуудад хандан тавив. Мөн ойрын үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатыг ОХУ-д албан ёсны айлчлал хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.Матвиенко намаа сонгуульд ялуулж, УИХ-ын даргаар сонгогдсонд нь М.Энхболдод баяр хүргээд ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагаанд онцгой анхаарч, шинэ дэвшил гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Ийм нүүр тулсан уулзалт, яриа хэлэлцээний үеэр тулгамдсан асуудлуудаа ний нуугүй ярилцах боломж олддог. Уламжлалт харилцаагаа цаашид амжилттай хөгжүүлэхийн тулд бодит үр дүн гаргах хэрэгтэй байна. Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна. Манай хоёр нам тус тусын сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх барьж байгаа. Энэ бол нэг талаар боломж мөн ч нөгөө талдаа маш том хариуцлага юм” хэмээн онцоллоо.

Хатагтай М.И.Матвиенко Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд байгуулсан Ажлын хэсгийн үйл ажиллагаа эхлэл төдийгөөс хэтэрсэнгүй. Түүнчлэн ШХАБ-д Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байгууллагад элссэнээр Оросын, эсвэл Хятадын нөлөөнд орно гэж үздэг улстөрчид танайд бийг би мэднэ. Энэ бол огтхон ч тийм биш. Харин ч танай улсад илүү ашигтай байх болно. Газар зүйн байрлал, эдийн засгийн нөхцөл байдал гээд аль ч талаараа Монгол Улс энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн байх боломжтой гэж нэмж хэллээ.

Төрийн Думын орлогч дарга В.А.Васильевтай хийсэн уулзалтын үеэр “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч С.В.Железняк намынхаа төлөөлөгчдийг ирэх онд Монгол Улсад айлчлуулахаар болсноо хэлээд “Эдийн засгийн коридор” төслийн судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах хүсэлтийг дэмжихээр болсноо мэдэгдэв.

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСАД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
АЙЛЧИЛЛАА

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-аас Персийн булангийн орнуудад ажлын айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалаа Арабын Нэгдсэн Эмират улсаас эхэлж, тус улсын Холбооны үндэсний зөвлөлийн (парламент) дарга, доктор Амал Абдулла Ал Кубаиситай уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд “Монголын баруун бүс нутгийг эрчим хүчээр хангах Тайширын усан цахилгаан станцын төслийн санхүүжилтэд “Абу Дабигийн сан” 13 сая ам долларын хөнгөлөлттэй зээл олгосонд манай ард түмэн, ялангуяа тус бүс нутгийн иргэд ямагт талархалтай ханддаг. Энэ бүтээн байгуулалт манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн бэлгэ тэмдэг юм” гэж онцлов.

Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж урт хугацааны, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгож өгнө үү хэмээн хүсэж байна. Энэ талаар манай Засгийн газар албан ёсны хүсэлт тавьсан байгаа. Энэ хүрээнд “Абу Дабигийн сан” болон бусад санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхол бидэнд бийг уламжилъя. Хатагтай Таныг энэ асуудалд анхаарлаа хандуулж, төр, засгийнхаа түвшинд дэмжиж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.

ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ АБУ ДАБИ ХОТНОО ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

УИХ-ын дарга М.Энхболд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголоос мах, махан бүтээгдэхүүний экспорт хийх, хөрөнгө оруулалтын томоохон төслүүд дээр хамтарч ажиллахыг бид зорьж байна гэж үгийнхээ эхэнд тэмдэглэв.

Тэрбээр хатагтай Амал Абдулла Ал Кубаисигийн дэвшүүлсэн сэргээгдэх эрчим хүч, боловсрол, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, давхар татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Эмиратад ажиллах хүч гаргах асуудлыг хоёр талаас судлан шийдвэрлэхийг санал болголоо. Монгол залуус Эмиратын бүтээн байгуулалтад оролцож, мэдлэг мэргэжил эзэмшихийн зэрэгцээ хоёр орны ард түмнүүдийн хооронд найрсаг харилцаа тогтооход энэ ажил ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа М.Энхболд онцолсныг хатагтай Амал Абдулла Ал Кубаиси дэмжив.

Хамтын ажиллагааны Санамж бичигт УИХ-ын дарга М.Энхболд, Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор, хатагтай Амал Абдулла Ал Кубаиси нар гарын үсэг зурлаа.

Баримт бичигт гарын үсэг зурах үеэр айлчлалын бүрэлдэхүүнд багтаж яваа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүүг АНЭУ-д удахгүй болох Сэргээгдэх эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад урив.