Categories
мэдээ нийгэм

“Хууль зүйн албаны түүхэн замнал” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан ХЗДХЯ, Архивын ерөнхий газар “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний музейд дэлгэлээ.

Үзэсгэлэнд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэрэг тайж М.Намсрайг томилсон Богд хаантаны зарлиг, М.Намсрай Богд хаантаны шагнасан тамгыг хүлээн аваад яам байгуулж, хэрэг шийтгэснийг айлтгасан айлтгал, 1913 онд Богд хаантаны зарлигаар батлагдсан Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны эрхлэн шийтгэх хэргүүд, мөн тус яамны албан хаагчдын тангарагийн эх, яамны бүтэц, орон тоо, эрхлэн шийтгэх хэргийг тогтоосон Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичгийн заалт зэрэг сонирхолтой баримт бичиг, гэрэл зураг тавигдсан байна.

Түүнчлэн энэ үзэсгэлэнд хилийн цэргийн амьд түүх болсон дэслэгч генерал Б.Цэдэн-Иш, домогт сэргийлэгч Ж.Данзан нарын хувцас хэрэглэл, Хилийн цэрэг, Цагдан сэргийлэхийн ажилтан нарын хэрэглэж байсан буу зэвсэг, модон дохиур, бороохой, гал сөнөөгчдийн дохионы хонх, яамны байгууллагуудын захирлага, тэмдэг зэрэг биет үзмэрүүд дэлгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

420 жолооч ослын газраас зугтжээ

Зам тээврийн осол гаргасан жолооч нар хэргийн газрын орхин зугтсан тохиолдол энэ оны эхний 11 сард 420 бүртгэгдсэн талаар өнөөдөр Замын цагдаагийн алба (ЗЦА)-аас мэдээлэв.

Зам тээврийн осол нь санамсаргүй байдлаар үйлдэгддэг тул хөнгөн хэрэгт тооцогддог. Гэтэл жолооч нар бичиг баримтын зөрчилтэй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж явахдаа осол гаргаж, улмаар хэргийн газраас зугтсаны улмаас хүлээх хариуцлагыг нь хүндрүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, хэргийн газраас зугатсан тохиолдолд ослыг санаатай үйлдсэн хэмээн үзэж хүндэвтэр гэмт хэргийн төрөлд хамруулдаг байна.

Иймд жолооч нарыг зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, гэмтсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлэхийг ЗЦА-наас зөвлөв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд утаа бууруулах шийдэл олох даалгавар өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2016.12.20/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт/БСШУС/-ын сайд Ж.Батсуурь, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нарт Улаанбаатарын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн боломжит шийдлийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, эрүүл мэндэд аюул учруулах болсноор удаж байгаа. Хорт утааг бий болгож байгаа гол газар нь гэр хороолол гэж үзээд өнгөрсөн жилүүдэд утаа бага ялгаруулдаг зуухыг хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэдэд олгосон ч төдий л амжилт олоогүй. Гэр, байшинг дулаалах зэрэг ажил хийж, төрөөс олон зуун тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн багатай туссан.

Мэргэжлийн Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх аргаа өөрчлөхөөр шийдэж, шинжлэх ухааны байгууллагадаа хандлаа.

Энэ талаар сайд Ж.БатсуурьМанай шинжлэх ухааны салбарынхан Ерөнхий сайдаас томоохон үүрэг даалгавар авлаа. Сая Ерөнхий сайдын өрөөнд бидний ярьснаар бол энэ төслийг хоёр үе шаттай явуулна. Эхлээд утааны асуудлыг төгс биш юмаа гэхэд их хэмжээгээр, илүү үр дүнтэй бууруулах хамгийн боломжтарга бүхий төслөө боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Дараа нь түүнийгээ хэрэгжүүлнэ. Тийм учраас манай Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлыг хэсгийг нэн яаралтай байгуулж, томоохон тооцоо судалгааны үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй томоохон төсөл боловсруулж, ойрмогхон Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үнэхээр оновчтой, шалгуур хангасан, бодит үр дүн өгөх төсөл боловсруулж, тэр нь Засгийн газрын хуралдаанаас дэмжигдвэл санхүүжилтийн асуудлыг шийднэ гэдгээ Ерөнхий сайд сая хэллээ. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй цаашдаа томоохон төвлөрсөн суурин газруудад төслийн үр дүнг хэрэгжүүлсний үр дүнд утааны асуудлыг шйидвэрлэх ёстой. Үүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн ойрын зорилго чиглэгдэнэ гэж бид үзэж байна” гэсэн юм.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.РэгдэлУлаанбаатар хотын утааг арилгах төслийг техникийн шийдлийн хамт боловсруулах Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг бид Засгийн газар, ард түмэн шинжлэх ухааны салбартаа ихээхэн итгэл хүлээлгэж хариуцлага ногдуулж өгч байгаа даалгавар гэж хүлээн авч байна. Манайх бол улстөрждөггүй, асуудлыг шинжлэх ухааны үндэстэй боловсруулдаг учраас магадгүй, Монголын ард түмний хувьд утааг арилгах хамгийн сүүлчийн найдвар нь шинжлэх ухааны салбарын эрдэмтэд гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзсэн байх. Улаанбаатарын утаас арилгах суурь судалгааны ажлууд бол манай салбарын хүрээнд их хийгдсэн. Эдгээрийг үндэслэн утааг арилгах бодитой шийдэлтэй төслүүдийг одоог хүртэл боловсруулж хэрэгжүүлээгүй байдаг. Шинжлэх ухааны академийг түшиглэсэн ажлын хэсэгхотын утааг арилгах тодорхой шийдэл гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ойрын хугацаанд илтгэнэ. Улаанбаатар хотын утаа, иргэдийн эрүүл мэнд салшгүй холбоотой байгаа. Утааны асуудлыг шийдэхэд хотын иргэдийн эрүүл мэнд ч сайжирна, иргэд эрүүл орчинд амьдрах Үндсэн хуулийн нэг зарчим хангагдана” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад суугаа Туркийн элчин сайдын яамнаас МЭДЭГДЭЛ гаргав

embassy

Өнөөдөр (2016 оны 12 дугаар сарын 19) Анкара хотод зохион байгуулагдсан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Андрей Карлов зэвсэгт халдлагад өртөж харамсалтайгаар амь насаа алдсан таагүй мэдээг хүлээн авлаа.

Энэхүү жигшүүрт халдлагыг зэмлэн буруушааж байна. Халдлага үйлдсэн этгээдийг устгасан. Уг хэрэг явдлыг хамгийн өргөн хүрээнд бүхий л чиглэлээр шалгах бөгөөд хариуцагч нарыг Туркийн шударга ёсны шүүхээр цээрлүүлэх болно. Элчин сайд Карлов маш хүнд хэцүү цаг үед Турк Улсад амжилт гарган ажиллаж байсан. Хувийн зан чанар болоод мэргэжлийн ур чадвараараа төр засгийн өндөр хүндлэл хүлээсэн шилдэг дипломатч байсан. Түүнийг бид үргэлж дурсан санаж байх болно. Энэхүү халдлагаар Турк-Оросын найрамдалт харилцаанд толбо суулгахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хүнд хэцүү үеийг туулж буй Оросын ард түмэн, Оросын төр засагт чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна. Тус халдлага нь терроризмын хамгийн жигшүүртэй бөгөөд харгис нүүр царайг дахин харууллаа. Турк Улс нь Орос Улстай төдийгүй өөрийн бүх түншүүдийн хамтаар терроризмтэй тэмцэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлах болно.

ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

Шинэ цасанд шинэ төхөөрөмжөө ажиллууллаа

Улаанбаатар хотод өнөө өглөөнөөс эхлэн орсон цасыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан цэвэрлэж байна. Нэн түрүүнд автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж байгаа бөгөөд уламжлалт аргаар буюу шүүрдэхийн зэрэгцээ цас үлээгч гурван ширхэг төхөөрөмж, явган хүний замын цас цэвэрлэгч 12 ширхэг шинэ төхөөрөмж ажилуулж байгаа юм.

Явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжийн хувьд өнөөдрөөс эхлэн ажиллуулж байгаа бөгөөд шинэ цасанд ажлын бүтээмж өндөр, илүү үр дүнтэй болох нь харагдаж байлаа. Мөн зам шүүрддэг 11 ширхэг машин замын нуухны цасыг цэвэрлэж байна. Түүнчлэн хуваарьт замуудын хальтиргаа гулгааг арилгахаар бодис тээвэрлэсэн Камаз машин долоон ширхэг, Зил 130 машин хоёр ширхэг, портер машин хоёр ширхэг тус тус гараад байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өндөр суманд зудын нөхцөл үүсээд байна

Өнөөдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдлаа. Тэд энэ удаагийн хуралдаанаар өвөлжилтийн байдал болон хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус комиссыг аймгийн Засаг дарга Д.Батлут ахалдаг бөгөөд 27 хүний бүрэлдэхүүнтэй.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн цэсийн мал тооллогоор 120.2 орчим мянган толгой мал тоологдсон. Мөн 42.3 мянган төл хүлээн авсан. Энэ оны жилийн эцсийн тооллогоор аймгийн хэмжээнд дээрх үзүүлэлт 485 толгой малаар өссөн дүнтэй гарчээ. Өнгөрсөн сарын 15-аас эхлэн их хэмжээний хур тунадас орж, цочир хүйтэрсэн. Үүний улмаас хоёр сумын 23.5 толгой мал нэмэгдэл тэжээлд, 1.4 мянган толгой мал байран маллагаанд орсон байна.

Холбогдох байгууллагуудаас томилогдсон ажлын хэсгээс хийсэн дүгнэлтээр бэлчээрийн цасны дундаж зузаан 16.5 см, нягт нь 0.15 см.куб байжээ. Цасны зузаан хамгийн их хэсэг нь 23.2 см, хөр цасны зузаан 1-1.5 см байгааг тогтоосон талаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий ярьлаа. Одоо үүсээд буй нөхцөл байдлаас харахад манай аймгийн Баян-Өндөр суманд зудын байдал, Жаргалант суманд зудархуу нөхцөл байдал үүсээд байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна.

Өвлийг өнтэй давахын тулд малчид өөрсдийн нөөц бололцоогоор 8500 гаруй тонн хадлан бэлтгэсэн бөгөөд одоогоор үүнийхээ 30-40 хувийг хэрэглээд байна. Аймгийн Аюулгүйн нөөцөд 20 тонн өвс, 17 тонн тэжээл бэлтгэсэн бол Жаргалант сум 100 тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэсэн аж. Тэгвэл Баян-Өндөр сум Аюулгүйн нөөцдөө 120 тонн өвс, 28 тонн тэжээл бэлтгэжээ. Уг ажилд нийтдээ 76 сая гаруй төгрөгийг зарцуулсан юм.

Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас өгсөн мэдээллээр 12, 1-р сард хур тунадас ахуй орж, олон жилийн дунджаас илүү хүйтрэх гэнэ. Тиймээс Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут холбогдох байгууллагуудад хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зах зээлийн үнээс хямд өртгөөр буюу бэлтгэсэн үнээр нь борлуулах чиглэлийг өглөө. Энэ нь өвсийг 4000, тэжээлийг 7500-14000 төгрөгөөр малчдад олгоно гэсэн үг юм. Мөн цасанд боогдсон зам давааг нээхэд ашигладаг “далпуу” төхөөрөмжийг бэлтгэхийг үүрэгдлээ. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-иас “ажилласан масло” авч нөөцлөх хэрэгтэйг хэллээ. Үүнийг малын туурайг хамгаалахад ашиглах юм. Түүнээс гадна малчдад туслах хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийн талаарх мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад нь үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг цоожилж орхихгүй байхыг анхааруулж байна

Хүйтний улиралтай холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт буурахгүй байна. Гал түймэр гарах шалтгаан нь айл өрхийн пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурамнаас гал алдах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхих, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэргээс үүдэн гарч байна.

Өчигдөр буюу 2016.12.19-ний өдрийн 14:22 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зээлийн барилгын 13 дугаар гудамжинд иргэн Ц-гийн шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн албан хаагчид ажиллаж галыг унтраасан байна.

Дээрхи гал түймэрт Ц /1,7 настай, эрэгтэй/, Н /4 настай, эмэгтэй/, Г /5 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Эцэг, эх нь хүүхдүүдээ гэрт нь цоожилж үлдээснээс нэг айлын бага насны гурван хүүхэд ийнхүү галд өртсөн байна.

2016 онд улсын хэмжээнд ахуйн гал түймэр 3523 удаа бүртгэгдэж, гал түймэрт 50 хүн амь насаа алдсаны 16 нь бага насны хүүхэд байгаа юм.

Гал түймэрт өндөр настай болон өвчтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй иргэд, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээсэн бага насны хүүхэд болон архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг өөрийгөө хамгалдах чадваргүй иргэд өртөн амь насаа алдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Иймд, иргэд та бүхэн гэр, орон сууцандаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж пийшин, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, цахилгааны угсралт түүнд үүсэх хэт ачаалалаас урьдчилан сэргийлэх, шаардлага хангахгүй цахилгааны утас хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Мөн өндөр настан болон бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэрт нь цоожилж үлдээх, орхихгүй байх, халуун, цогтой үнс нурмаа тагтай зориулалтын саванд хадгалах, хэт их галлагаа, хайхрамжгүй үйлдлээс болгоомжлох, эззэнгүй гэр, байшингаа хэт ихээр галлаж орхихгүй байх, автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим аймгуудад нэмж цас орвол байдал улам хүндрэх төлөвтэй байна

Өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас Ус цаг уур орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа П.Баттогтох, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар оролцлоо.

Хэвлэлийн бага хуралд оролцогчид, өвөлжилтийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2016 оны 12, 2017 оны 01 дүгээр сарын цаг агаарын төлөв байдал, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг өгч сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн шинэ жилийн баяраар олон хоног амрах тул иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулав.

DSC_8215

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 15 аймгийн 110 сум, нийслэлийн 1 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн.

Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цастайгаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал, янгир зэрэг ховор ан амьтад идэш хоолгүйн улмаас уулнаас буух, цасанд дарагдах явдал зэрэг хүндрэл гарсан.

DSC_8239

Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байгаагаас аймаг, сум дундын, тусгай хэрэгцээний болон хилийн зурвас отрын бүс нутгаар 16148 малчин өрхөд 6.6 сая толгой мал өвөлжинө.

Их цас, цасан шуурганы үед Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газарт хүндрэл бэрхшээл үүсдэг тул гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангасан.

Цаашид Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нэмж цас орвол цагийн байдал улам хүндрэх төлөвтэй. Мөн Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж байгаа тул мал сүргээ тарга тэвээрэг алдаагүй байгаа дээрээ говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна.

DSC_8259

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн удирдлагууд, малчдын зүгээс бага насны хүүхэд, малчдад дархлаа сайжруулах, биеийн эсэргүүцэл дэмжих амин дэм, илчлэг, тэжээллэг хоол хүнс олгох, улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин шинээр олгох, цасанд суусан, боогдсон, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага нэмэгдэж байгаа тул шатахууны асуудлыг шийдвэрлэх, цасанд хаагдсан зам, давааг нээх зориулалтаар ачигч, түрэгч ковш, туулац сайтай автомашин олгож өгөх хүсэлтүүдийг ирүүлсээр байна.

Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 163 дугаар тогтоолоор 1.1 тэрбум төгрөгийг 12 аймагт (Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий), мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар тогтоолоор 21 аймагт нийт 630.0 сая төгрөгийн үнэ бүхий хүн эмнэлгийн автомашиныг тус тус олгож, урьдчилан сэргийлэх ажлыг эртнээс зохион байгуулах, өвөлжилтийг хохирол багатай даван туулах зорилгоор олон улсын байгууллагаас дэмжлэг, туслалцаа хүссэн.

DSC_8265

Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээгээр 2017 оны 1, 2 дугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтэн байх төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

DSC_8245

Categories
гадаад мэдээ

Франц, Оросын санаачлагаар Алеппогийн талаарх тогтоолыг НҮБ гаргалаа

Арванхоёрдугаар сарын 19-ний даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Алеппо хотын талаарх тогтоолыг санал нэгтэйгээр батлав.

Уг баримтаар хотоос нүүлгэн шилжүүлэх ажилд олон улсын мониторинг хийхийг зохицуулах юм. Тогтлоолын эцсийн төслийг Орос болон Францын санал болгосон үндэслэлээр боловсруулжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд “тогтоолын сайн баримт” дээр ажиллалаа гэж Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгджээ.

Даваа гарагт хотын зүүн хэсгээс байлдаанд оролцож байсан дайчид нарын нийт 2000 хүн гарч явжээ. Гэхдээ нүүлгэлтээс татгалзсан зэвсэгт дайчид хотод үлдсэн хэвээр байна. Урд өдөр нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин түүний турк коллег Режед Таийп Эрдоган хоёр Сирийн талаар утсаар ярилцан Алеппо хотноо галыг бүрэн зогсооход бэлнээ илэрхийлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд АН-ын даргад нэр дэвшигчдэд тус бүр нэг сая төгрөгийн хандив өглөө

АН-ын даргад нэр дэвшихээр таван эрхэм өчигдөр үнэмлэхээ гардан авсан. Тэдний сонгуулийн сурталчилгаа албан ёсоор явагдаж буй. Тэгвэл АН-ын дарга З.Энхболд таван нэр дэвшигчдэд хувиасаа тус бүр 1 сая төгрөг хандивлалаа. Үүнийгээ албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Тэрбээр “АН даргын сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нартаа ав адилхан 1 сая төгрөгийн хандив хувиасаа өглөө. Дүрмээ биелүүлээд шударгаар өрсөлдөөд, ялснаа хүлээн зөвшөөрөөд яваарай. Цаашдаа хамтдаа намаа бэхжүүлж, 2020 оныхоо сонгуульд амжилттай оролцож ялаад улс орноо хөгжүүлэхийг хүсэн ерөөе. Сонгууль хийхэд зардал гардаг, тэр зардлыг нэр дэвшигчдээр гаргуулах дүрмийг саяхан хуралдсан Намын их хурлаас гаргасан. Энэ нь дэнчин биш. Нэр дэвшигчээр дамжуулан өгсөн Таны хандив сонгуулийн зардалд зарцуулагдана. Нийт намын гишүүддээ эдгээр банкны данс болон нэрээр боломжын хирээр хандив өгөхийг уриалж байна” гэсэн байна.

АН-ын даргын сонгууль нэг сарын турш үргэлжилнэ. АН-ын даргад С.Эрдэнэ, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нар өрсөлдөж буй.