“Авьяаслаг монголчууд” шоуны шүүч, хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.
-“Авьяаслаг монголчууд” шоу хоёр дахь удаагаа амжилттай зохиогдлоо. Шоуны талаар таны сэтгэгдэл?
-Монголд тэр болгон дэлхийн хэмжээний шоу зохиогдоод байдаггүй. Дэлхийн 68 оронд зохиогдсон энэ том шоу Монголд болж байна гэдэг нь бахархууштай юм. “Монгол” телевиз стандартын дагуу, мэргэжлийн түвшинд зохион байгуулж чадсан учраас төдий чинээ үнэ цэнэтэй байлаа. Уран бүтээлч хүний хувьд энэ том шоуны шүүгч хийнэ гэдэг хүндэтгэл бас хариуцлага. Миний хувьд хөгжим дотроо хамгийн нарийн хөгжим болох хийлийг мэдэрч тоглодог. Энэ чиглэлээрээ ч чамгүй олон жил суралцсан. Тиймээс энэ шоунд миний мэргэжлийн талын мэдлэг болон дотоод мэдрэмж хэрэг болсон байх. Хийлч хүн дотоод сэтгэлээрээ тэр бүр түмэнд танигдаад байдаггүй. Шоуны шүүгч болсноор дотоод сэтгэл, мэдрэмжээ уудалж ярих боломж олдсон гэж болно. Хүн мэдрэмжээрээ л шүүдэг юм билээ. Түүнээс энэ хүн юу гэж хэлэх бол, ямар санагдах уу гэдэг талаасаа биш. Тэгэхээр өөртэйгөө ажилласан хоёр жил байлаа. Би хувь хүнийхээ хувьд миний байх газар хаана вэ гэдгийг маш сайн ухамсарладаг. Тэр газраа өөрийнхөө хийх ёстой зүйлийг л сайн хийх дуртай. Олон зүйлд санаа зовох дургүй. Шоуг маш чадалтай, чадварлаг продюсер удирдаж байсан учраас бусад зүйлд санаа зовоогүй. Миний урьд хожид үзээгүй сайн продюсер байлаа. Тэр Урлагийн гавьяат зүтгэлтнээс эхлээд 16 настай шинэхэн ажилтанг хүртэл нэг баг болгож зангидаж чадсан. Сэтгэл хангалуун байна.
-Шоуны ялагч Энх-Эрдэнэ болсон. Шижирбатыг ялагч болох байсан гэх үзэгчид ч цөөнгүй байна. Таны хувьд?
-Мэдээж хамгийн сүүлийн шийдвэр бол ард түмний сонголт байсан. Ард түмэн минь сонголтоо хийж шоуны ялагчийг тодруулсан. Мөн шүүгчдийн зүгээс санал, сэтгэгдлээ хэлсэн шүү дээ. Баттай эх сурвалж гэж бол хэлж чадахгүй байна. Ямартай ч Энх-Эрдэнэд дэлхийн хэмжээний дуу бичлэгийн студи болох “Sony records”-оос хамтран ажиллах санал тавьсан гэнэ. Хэрэвзээ энэ үнэн бол уран бүтээлч хүний хувьд маш том боломж олдож байгаа юм. Өнөөдрийг хүртэл Монголын нэг ч уран бүтээлч “Sony records”-той хамтарч байгаагүй. Тэд жинхэнэ авьяастнуудыг л хайж байдаг. Тиймээс монгол уран бүтээлчдийн хувьд үүн шиг баяртай үйл явдал байхгүй. Тэгэхээр энэ удаагийн шоуг маш үр дүнтэй, амжилттай боллоо гэж үзэж байна. Шоуны хувьд бидэнд эхлээд сургалт явуулсан. Түүгээр юуг хэлсэн бэ гэхээр “Та нар шүүгч гэдэг нэртэй боловч, заавал шүүх талаасаа битгий суугаарай. Та бүхэн энэ том төслийн нэг хэсэг шүү” гэж хэлсэн л дээ. Тиймдээ ч би айхтар шүүх гэсэн байр сууринаас суугаагүй. Ямар нэгэн үзүүлбэр үзэхдээ надад ямар сэтгэгдэл, мэдрэмж төрж байна гэдгийг дотоод сэтгэл рүүгээ өнгийж олж харж байсан.
-Шоуны үзүүлбэрүүдээс таны сэтгэлд хамгийн гүн үлдсэн нь ямар үзүүлбэр байв?
-Бүжигчин охин Ууган-эрдэнийн үзүүлбэр байлаа. Хүний авьяас л гэж тэрийг хэлэх байх. Хэдий балетын бүжигчин шиг хүнд хөдөлгөөнүүдийг хийгээгүй ч гэсэн хүмүүсийг уярааж чадсан. Түүнийг тайзан дээр гараад үзүүлбэрээ үзүүлэхэд хэн ч, хэзээ ч уярч хайлж байгаагүйгээрээ сэтгэл нь хөдөлдөг. Хүний сэтгэлийн утсыг хөдөлгөнө гэдэг амаргүй зүйл шүү дээ. Магадгүй авьяасаар л хөндөгддөг байх.Уярааж чадсан гэдэг утгаараа түүнд маш их авьяас байна. Үнэхээр хайрламаар сайхан охин.
-Та бусад шүүгчидтэй харьцуулахад өөрийнхөөрөө байдаг. Үүнд үзэгчид ч сайшаалтай байгаа санагддаг…
-Би мэргэжлийн хөгжимчин, уран бүтээлч хүн. Бас өөрийгөө олсон хүн. Мөн би зөвхөн өөрийнхөө төлөө биш нийгмийнхээ төлөө ямар нэгэн зүйл хийх ёстой гэдгийг ухамсарладаг болсон байна. Зөвхөн өөрийгөө бодох хүрээнээсээ халиад байна гэсэн үг шүү дээ. Би Монголынхоо охид, эмэгтэйчүүдэд хайртай. Аз жаргалтай, сайхан байгаасаа гэж хүсдэг юм. Тиймээс уран бүтээлч бид тэдний дуу болох үүрэгтэй гэж ойлгодог. Тэгэхээр хүчтэй бай, зоригтой бай гээд хэлээд байхаасаа илүү өөрөөрөө байх нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх нэг арга шүү гэдэг мессэжийг л өгсөн юм. Магадгүй энэ шоугаар би хүргэж чадсан болов уу гэж ойлгож байгаа. Одоо монгол эмэгтэйчүүд маань өөрөөрөө, зоригтой байх цаг болсон. Ер нь бол эмэгтэй хүн ямар ч үед эрх танхи, хөгжилтэй, дураараа, итгэлтэй байх тэр хүчийг өөртөө цогцлоож чадах юм бол хамгийн мундаг нь байна. Үүнийг л ойлгуулж дуу хоолой нь байхыг хүссэн юм. Тэр ч утгаараа би зоригтой байсан.
-Тэгвэл охид бүсгүйчүүддээ өөрөөрөө байхын тулд ямар алхам хийх ёстой талаар зөвлөөч?
-Эхлээд хүн өөртөө маш их эд баялгийг цуглуулах хэрэгтэй л дээ. Тэр нь оюуны болоод гоо сайхны эд баялаг байх юм. Мөн үзэж харж туулсан бүхэн орно. Энэ бүхнийг цогцлоох хэрэгтэй. Гэхдээ айхтар их новш болохооргүйгээр л дээ. Бас хэт хоосон ч байж болохгүй. Үүний дараа л өөрийгөө олох, итгэх гэсэн асуудал яригдана.
Би хорин хэдэн насанд гэж ярих дуртай. Эмэгтэй хүн 20-30 насандаа үхтлээ дурлаж, хаягдаж үзэх хэрэгтэй. Уучлаарай бас явалдах ч хэрэгтэй юм. Тэглээ гээд хүн танихдаа гол нь биш л дээ. Өөрийгөө юунд дуртай, дургүйг, юу надад таашаал өгдөг юм бэ, намайг юу хурцалдаг бас унтраадаг юм бэ гэдгийг мэддэг болох ёстой юм. Энэ бүхнийг мэдрэхээр үүн дээрээ дүгнэгдсэн сонголт хийдэг. Эмэгтэй хүний хамгийн чухал сонголт, амьдралынх нь чиг шугам болж байдаг зүйл бол хань ижил байдаг. Тэр үзэж туулсан бүхэн л энэ сонголтыг хийхэд хамгийн том нөлөө үзүүлдэг гэж боддог.
Харин одооны охид аливаа зүйлийг ойлгох, сэрэхдээ маш амархан болчихсон. Гэхдээ тэр бүхнийг хэт товчлох гээд гоомой зүйл хийгээд байдаг. Жаахан зүйл мэдчихсэнээ асар их зүйл мэддэг гээд бодчихдог. Энэ бүхэн нь эргээд хүмүүсийг хүнд байдалд оруулдаг л даа. Энэ хамгийн том шалгуур бол дотоод мэдрэмж шүү дээ. Хэн ч, хэзээ ч өөртөө худлаа хэлж, хуурч чаддаггүй л байхгүй юу. Хүн өөртэйгөө л учраа олчих юм бол хорвоо ертөнцтэй учраа олчихлоо гэсэн үг шүү дээ.
-Та өөрийгөө олсон гэлээ. Өөрийгөө олоход тань юу хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Өөрийгөө олсон хүн аливаа зүйлд асар их гайхаж, баярлаж, гомдохоо болчихдог. Хэт их сэтгэл хөдлөлөө удирдаж чадна. Яагаад гэхээр өөрийгөө хаана, хэн байх вэ гэдгийг мэддэг болчихдог юм. Хүн мууллаа гэхэд үхтлээ гомдож уйлахгүй, хүн магтлаа гэхэд оодроод гүйчихдэггүй. Би чинь тийм хүн шүү дээ гэдгээ мэдчихсэн. Үүнийг л өөрөө өөрийгөө олно гэдэг юм болов уу даа. Хэтэрхий хувиа хичээсэн сонсогдож байж магадгүй. Бүх зүйл л надад таашаалтай, зөв байх ёстой гэсэн үндсэн чиг шугамыг барьдаг. Тэр утгаараа өөрийгөө олсон гэлээ.
-Та бас энэ бүхний учрыг олох гэж алдаж, эндэж л явсан уу?
-Тэгэлгүй яахав. Хүмүүс туршлагаасаа яриач л гэдэг юм. Би ч гэсэн залуу л байна шүү дээ. Хүмүүс хэлдэг ш дээ, “60 хүрч ухаараад, 61-тэйдээ үхнэ” гээд. Яг л тэр шүү дээ.
-Таныг шоуны үеэр задгай хувцаслалаа гэж нэлээд шуугиан дэгдсэн. Бүр шүлэг хүртэл зохиосон байсан?
-Хэрэв хууль боловсруулах гэж байхдаа би задгай хувцас өмссөн бол хэл аманд өртөх нь зүйн хэрэг. Энэ бол дэлхийн хэмжээний шоу, мөн би урлагийн хүн учраас энэ талаас нь хүмүүс харах хэрэгтэй байх л даа. Гэхдээ би тэр хэл ярианд нэг их эмзэглээгүй. Яг үнэндээ тэр хувцсыг өмсөх надад хэцүү байсан бол би өмсөхгүй. Надад хамгийн сайхан харагдах хувцсыг олж, стиль имижийг бүрдүүлж чадах чадалтай хамт олон ажиллаж байсан учраас би биеэ тэр чигт нь даатгасан. Дээрээс нь энэ миний шоу биш. Би шоуны нэг хэсэг учраас тэд юу хүсэж байна, би түүнийг хийх үүрэгтэй гэдгээ ухамсарлаж, дуртай хамтарч ажилласан. Шоуны хамт олонг хүндэтгэсэн учраас дараа нь миний юу гэж хэлүүлэх нэгдүгээрт тавигдах асуудал биш байсан л даа. Хүмүүс яахав, шуурч л байдаг. Гэхдээ эмэгтэй хүний гоо сайханд дургүй эр хүн гэж байхгүй. Түүнд манай эрчүүд маш таатай хандсан гэж бодож байгаа. Ер нь эмэгтэй хүний гоо сайхан бол энэ дэлхий дээр байгаа хамгийн том гоо сайхан гэж ярьдаг шүү дээ.
-“Авьяаслаг монголчууд” дараа жил болохгүй гэсэн үү?
-Одоогоор дахин зохион байгуулагдахгүй гэж байгаа.
-Та арван жилийн дараа “Авьяаслаг монголчууд” шоуны Цэнгүүнтэй уулзах уу?
-Би аливаа зүйлийг ямагт өөдрөгөөр хардаг. Цэнгүүний нас хэд, минийх хэд билээ. Гэтэл арван жилийн дараа уулзахаар болбол би өнөөдрөөс эхлээд өөртөө илүү их анхаарч, сайн сайхан авч явах ёстой гэсэн үг шүү дээ. Уулзсан ч бай, уулзаагүй ч бай сайхан явах нь надад хэрэгтэй байгаа биз.
-Таны хувьд хайр сэтгэл гэж юу вэ?
-Хайр сэтгэл анхнаасаа байвал байж л байдаг. Байгаагүй бол тэр чигтээ л байхгүй. Түүнээс дасаад гэнэт л хайртай болно, хайр үүсдэг гэж би хэлэхгүй. Тэгэхээр тэр хүнийг хайртай болчих болов уу гэж итгэх шиг шал дэмий юм байхгүй.
-Та ямар эмэгтэйг хамгийн сайхан эмэгтэй гэж боддог юм бэ?
-Алаг нүд, час улаан уруулыг би сайхан эмэгтэйн тодорхойлолт гэж хэзээ ч хэлэхгүй. Сайхан эмэгтэйн тодотгол юу гээч. Хүнд тусалж чаддаг, тусалж чадахгүй ч тусалчих юмсан гэсэн тэр бүлээхэн сэтгэл зүрх юм шүү дээ. Тийм л хүнийг би сайхан эмэгтэй гэж хэлнэ. Тийм эмэгтэйг тойроод үргэлж сайхан зүйл хүрээлж байдаг юм. Гэхдээ хүн бүрт бурхнаас өгсөн буян заяа, төрөл гэж байдаг байх. Тэр өгөгдлөөрөө л амьдардаг гэж бодож байна.
-Шинэ уран бүтээл хийж байна уу?
-Ямартай ч шоу маань дууслаа. Дараагийн ажлууд хүлээж байна.“Degi’s music school” гээд сургуультай болсон. Мөн “Young artist” гээд хийл, төгөлдөр хуур сонирхон судалдаг хүүхдүүдийн дунд анхдугаар уралдаан зарлалаа. Энэ долоо хоногийн сүүлээр уралдаан минь болох юм. Маш их хүүхэд хамрагдаж байна. Эцэг, эхчүүдэд нь баярлалаа гэдгээ хэлье. Дээр хэлсэнчлэн одоо хувь хүн гэдгээсээ илүү нийгэм рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа хийж байгаа. Урлагийг зөвхөн мэргэжлийн хүмүүст хамаатай гэж ойлгох биш нийтэд хамааруулж, тэдэнд урлагийг ойлгуулах, соёлжуулах хэрэгтэй юм байна гэсний үндсэн дээр хийж байна. Ер нь хүсэл, мөрөөдөл олон байна. Миний бас нэг мөрөөдөл бол гаднаас харахад нэг давхарт нь балет бүжиглээд, дээд талын давхарт нь хүүхдүүд дуу дуулаад, дараагийн давхарт нь хөгжим тоглоод л байж байдаг академитай болохыг хүсдэг. Манай Улаанбаатар хот удахгүй метротой болно байх. Тэр академи маань яг метроны хажууд, орой болоход метронд сууж яваа хүмүүст харагдахаар байвал бүр гоё оо.
-Та бага насныхаа тухай яриач?
-Би эхээс дөрвүүлээ. Манайд надаас өөр урлагийн хүн байхгүй. Харин би хувь заяаны төөргөөр хийлч болсон доо.
-Ээжийгээ хэзээ хамгийн их баярлуулж байв?
-Ер нь эрүүл саруул байгаагаараа л баярлуулж байгаа болов уу. Их айхтар гялайж, гялтайгаад ээжийгээр баярлуулна ч гэж юу байхав. Тийм зүйлд ч эх хүн баярлахгүй. Өөрийнхөө ажлыг хийгээд л явж байвал баярлана байх. Миний ээж одоог хүртэл надтай хамт байна. Би их азтай хүн. Энэ хугацаанд би ээжийгээ нэг ч удаа гомдоож байгаагүй. Хүний амьдрал сайн сайхан байгаагийн хамгийн том хүчин зүйл нь ээж, аавдаа хэрхэн хандсанаас болдог гэж би боддог. Тиймээс амьдрал минь сайхан байгаа нь ээжийгээ гомдоогоогүй, сайн хандсаны л үр дүн юм болов уу даа.
-Удахгүй шинэ он гарах гэж байна. Шинэ жилийн баяр таны хувьд чухал уу?
-Хамгийн их орлоготой сар. Бас хамгийн их үдэшлэгт уригдаж, завгүй байдаг сар юм даа.
-Таны хамгийн дургүй зүйл юу вэ?
-Хүнээс мөнгө авчихаад өгдөггүй хүнд би үнэхээр дургүй. “Дээгий л энэ мөнгөөр дутав гэж” гэсэн сэтгэлийг мэдрэх л жигшмээр байдаг.
-Гадагшаа гарч амьдрах бодол бий юү?
-Би Монголдоо байхдаа хамгийн их одтой, хийморьтой байдаг. Гадаадад би түмний нэг л болно. Ер нь бол ид хийж бүтээх насандаа Монголдоо амьдрахыг л хүсэж байна.
О.АРИУНЦЭЦЭГ