Categories
мэдээ нийгэм

Ойгоос зулзаган мод тайрч шинэ жилд ашигласан зөрчил илэрчээ

Сүүлийн үед Ойн тухай хууль, тогтоомжийг санаатай болон санамсаргүйгээр зөрчих явдал нэмэгдэж байна. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, шинэ жилийн баярын чимэглэл болгон зулзаган мод тайрч ашигласан зөрчлүүд цөөнгүй шалгагдаж байна.

Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол экологи эдийн засгийн үнэлгээ тогтоож, авто тээврийн хэрэгслийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 1,200,000 төгрөг болно) хэмжээгээр торгодог болохыг анхааруулж байна.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар нийслэлийн Байгаль орчны газрын 328003, 99997193, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 70177000 утсаар мэдэгдэж хамтран ажиллахыг нийслэлийн иргэддээ уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Их говийн хил дамнасан нүүдэл” эрдэм шинжилгээний хурал болно

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, МҮОНРТ, “Их говийн нүүдэл” ТББ хамтран “Хил дамнасан нүүдэл, суудал: шалтгаан, үр дагавар /1930, 1940-өөд он/ сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг маргааш Гандантэгчинлин хийдэд зохион байгуулна.

Хурлаар хил дамнасан нүүдлийн талаар 2016 онд Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагт явуулсан хээрийн судалгааны үр дүн, хөдөө орон нутгийн ахмад настнуудын дунд явуулсан аман түүхийн сонирхолтой мэдээ баримтыг сонирхуулахаас гадна зарим ховор гэрэл зураг, түүхэн баримтыг дэлгэн үзүүлэх юм.

Хуралд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нараас гадна эрдэмтэн судлаачид, түүх сонирхогчид, лам хуварга, хөдөө орон нутгийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцоно.

Categories
гадаад мэдээ

Мексикт салют дэлбэрч 29 хүн нас барж, 72 хүн бэртжээ

Мексикийн Тультепек хотын салютын захад болсон дэлбэрэлтэд өртөж, 29 хүн амиа алдсан талаар Мехико мужийн захирагч Эрувьел Авила мэдэгдлээ. Түлэгдэлтийн шархтай гурван хүнийг эмнэлэгт хүргэснээс гадна өөр 72 хүн хөнгөн бэртжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэрчүүдийн яриагаар нэг салют дэлбэрч, улмаар ар араасаа гал авалцан дэлбэрч эхэлсэн гэнэ. Осол хотын захаас 30 гаруй км зайд байрлах Сан Паблито захад болсон байна. Ослын газарт онцгой байдлын алба хаагчид аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байгаа юм. Мөн хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа гэжээ.

Нийслэл Мехико хотоос хойд зүгт 40 км зайд орших Тультепек хотын гол үйлдвэрлэлийн салбар нь салют, пиротехник аж.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэргийн шүүх хурал эхэллээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Дэд бүтцийн сайд асан, талийгаач С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид дөнгөж сая нээлттэй эхэллээ.

Улмаар хэргийг хэлэлцэх явц хаалттай хуралдана.

Уг шүүх хурал энэ сарын 14-нд болох байсан ч хохирогчдын өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Одоогоор шүүх хурал шүүгдэгчдийн талаас Чулуунбат гэдэг хүн ирсэн бол хохирогч болон гэрчүүдээс хэн нэгэн ирээгүй байна.

Дашрамд дурдахад, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг нь “Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир “маш нууц”-д хамаарч буй. Тиймээс хуралдааныг сурвалжлах хүсэлт гаргасан 55 хэвлэл мэдээллийн ажилтан хурлын зөвхөн нээлтийн дүрс бичлэгийг авах эрхтэй ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Далай ламыг дахин урин залахыг зөвшөөрөхгүй

Далай ламыг Монголд дахин урин залахыг Засгийн газар зөвшөөрөхгүй гэж Монголын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил мягмар гарагт мэдэгджээ.

Сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “шашны зорилгоор ч байсан Далай ламыг Монголд цаашид дахин урин залахыг Засгийн газар зөвшөөрөхгүй” гэжээ.

Шашны нэр барин Түвдийг Хятадаас салан тусгаарлахыг оролдож байгаа гэгдэж буй улс төрийн цөллөгдөгч Далай лам өнгөрсөн 11 дүгээр сарын 18-23-нд Монголд айлчилсан юм.

Хятад-Монголын харилцаанд түүний айлчлал сөргөөр нөлөөлсөнд харамсч байгаагаа сайд илэрхийлсэн байна.

Далай лам Монголд айлчлахыг Хятад улсын зүгээс эрс эсэргүүцэж байсан билээ.

11 дүгээр сарын сүүлчээр БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан мэдэгдэл хийхдээ “Далай ламын бүлэглэлийг “салан тусгаарлагчид” гэдгийг хүлээн зөвшөөрч, Хятад улсын үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэж, эрүүл зөв замаар хөгжиж буй Хятад-Монголын харилцааг бусниулахаас зайлсхийхийн тулд айлчлалын сөрөг нөлөөллийг арилгах талаар дорвитой арга хэмжээ авах”-ыг Монголын талд хандан уриалсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Арабаас зээл тусламж авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Булангийн орнуудад хийж буй айлчлалаа Саудын Арабын Вант Улсад үргэлжлүүлэв. УИХ-ын даргын айлчлал нь хэдийгээр “ажлын” хэмээх тодотголтой боловч тус улсад хийсэн өндөр дээд хэмжээний анхны айлчлал болж байгаа юм.

Тэрбээр Эль-Рияд хотноо Хунтайж Абдулла бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Саудтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцлаа.

УИХ-ын дарга М.Энхболд “Манай улс Ойрхи Дорнодын улс орнуудтай идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж байна. Гэхдээ Саудын Арабтай харилцаагаа илүү сайн хөгжүүлэх шаардлагатай гэж бид үздэг. Бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхиараа тэргүүлдэг Саудын Арабаас хөрөнгө оруулалт татах, уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтэц гээд олон салбарт хамтран ажиллах боломж бидэнд бий. Хууль тогтоох үйл ажиллагааны хамтын ажиллагаа ч чухал. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зээл тусламж авах асуудлыг бид сонирхож байна” хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглэж хэлэв.

Хунтайж Абдулла бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Сауд “Бид Монгол Улстай тогтоосон харилцаагаа хөгжүүлэхийн төлөө байдаг. Манай гадаад бодлого нэгэн үе Европ руу чиглэж байсан бол сүүлийн жилүүдэд дэлхийн бүх улс оронтой эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэхийг эрмэлздэг болсон. Ялангуяа Төв Азийн улс орнууд, түүний дотор Монгол Улстай худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах нь бидний зорилго байх болно. Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг бид сайн мэдэж байгаа. Тиймээс Таны тавьсан санал хүсэлтэд анхааралтай хандана. Бид найрсаг харилцаатай Монгол Улсад туслахдаа баяртай байх болно” гэлээ.

Тэрбээр ХАА, түүний дотор мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн, үр тарианы импортын худалдааг онцлон чухалчилж байлаа. Түүний сонирхсон асуултад УИХ-ын дарга М.Энхболд дэлгэрэнгүй хариулт өгөв.

Эрхэм хунтайж “Монгол бол хөгжиж буй орон. Тиймээс өөр бусад салбарт ч хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой. Тухайлбал уул уурхай, алт зэрэг байгалийн баялгийн хайгуул, олборлолт бол бидний боломжит хамтын ажиллагааны салбар юм. Манайх ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр нэлээд туршлага хуримтлуулсан улс” гэж онцлов.

Уулзалтын төгсгөлд тэрбээр “Миний дээр дурдсан салбаруудад хамтын ажиллагаа өрнүүлж чадвал хоёр улсын харилцаанд цоо шинэ үе нээгдэх юм. Үүний тулд улс төрийн салбарт, өндөр дээд түвшний харилцан айлчлалыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар судалгааны багийг удахгүй Монголд очуулна” гэлээ.

ТОДРУУЛГА: Арабын ертөнцийн хамгийн нөлөө бүхий том улс болох Саудын Арабын Вант Улстай Монгол Улс 2007 онд дипломат харилцаа тогтоожээ. Тус улсын ханхүү, Газрын тосны сайд зэрэг зочид хувийн журмаар Монголд ирж байсан. Харин 2014 оны дөрөвдүгээр сард Гадаад харилцааны сайд Л.Болд тус улсад айлчилжээ. Саудын Арабын Вант Улс дэлхийн газрын тосны нөөцийн дөрөвний нэгийг ганцаар эзэмшдэг, бүс нутагтаа эдийн засгийн хөгжлөөр тэргүүлдэг юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

55 хэвлэл мэдээллийн ажилтан С.Зоригийн хэргийн хурлын зөвхөн нээлтийн дүрс бичлэгийг авах эрхтэй

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Дэд бүтцийн сайд асан, талийгаач С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид өнөөдөр 10:00 цагт эхлэхээр товлогдсон. Эл шүүх хурал энэ сарын 14-нд болох байсан ч хохирогчдын өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан.

Одоогоор шүүх хурал товлосон цагтаа эхлээгүй, шүүгдэгчдийн талаас Чулуунбат гэдэг хүн ирсэн бол хохирогч болон гэрчүүдээс хэн нэгэн ирээгүй байна.

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд хууль, хяналтын байгууллагынхан нэр бүхий хэд хэдэн хүнийг сэжигтнээр тооцон, шалгаж байсан ч гэмт этгээдийг илрүүлж чадалгүй өнөөг хүрээд буй. Ингээд эцэст нь Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Тэдэнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж байна. Мөн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нарын прокурорууд оролцох юм.

Дашрамд дурдахад, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг нь “Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир “маш нууц”-д хамаарч буй. Тиймээс хуралдааныг сурвалжлах хүсэлт гаргасан 55 хэвлэл мэдээллийн ажилтан хурлын зөвхөн нээлтийн дүрс бичлэгийг авах эрхтэй ажиллах юм. Тиймээс шүүх хурлыг сурвалжлах сэтгүүлчдийн гар утсыг хүртэл хураан аваад байна.

Categories
мэдээ улс-төр

Механик, хүч хатуулгийн хэмжлийн лабораторийг шинэчиллээ

яйыйаМонгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хэмжих хэрэгсэл шалгалт баталгаажуулалтын газар /ХХШБГ/-ын Шалгалт тохируулгын албаны “Механик, хүч хатуулгийн хэмжлийн лаборатори”-ийн нээлтэд оролцож, тус газрын үйл ажиллагаатай танилцан албан хаагчдад зарим үүрэг чиглэлийг өглөө.

Манай улсын барилга, автозамын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хүчний хэмжих хэрэгслүүдийг шалгалт тохируулгад хамруулах чиг үүрэг бүхий эталоны баазыг шинэчлэн бүрдүүлж, хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын ажлыг тогтоосон стандарт, олон улсын зөвлөмжийн дагуу гүйцэтгэх шаардлагатай тулгараад байсан юм.

Тиймээс Шадар сайд У.Хүрэлсүх уг асуудлаар БНХАУ-аас Манай Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад хандан хүсэлт гаргаад байсан юм. Шадар сайдын хүсэлтийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тус лабораторид барилгын хавтан, цементийн марк, асфальтны даац тодорхойлох хүчний машин шалгах 5-200 тн-ын даацтай динамометрүүд, барилгын бэлдэцний бат бэхийг шалгадаг шмидтийн алх шалгах 80 мпа/эталон төхөөрөмжийг нэмж суурилуулсан байна.

Өмнө нь шалгалт тохируулгад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг ашиглан автозам барьж байгаа нь шинээр тавьсан өндөр өртөгтэй автозамын чанарт сөргөөр нөлөөлж амархан эвдрэх, хуурч хагарах зэрэг зөрчил үүсдэг байсан. Ийм лаборатори бий болсноор барилга, автозамыг чанартай барих нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Дахин төлөвлөлт буюу гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах төсөл”, “Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих төсөл”, ”Орон нутгуудыг хатуу хучилттай автозамаар холбох төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд Стандарт Хэмжилзүйн газар ихээхэн үүрэг гүйцэтгэх ажээ.

Categories
гадаад мэдээ

А.Карловын цогцсыг Москвад авчрав

АНКАРА. /Anadolu/. Анкара хотод Туркийн цагдаагийн гарт амиа алдсан Оросын Элчин сайдын цогцсыг эх оронд нь авчирлаа.

Даваа гарагийн орой уран зургийн галерейд болсон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр үг хэлж байх үед нь Элчин сайд Андрей Карловыг Мевлют Мерт Алтинтас гэгч 22 настай цагдаа есөн удаа буудан хөнөөсөн юм. Сирийн Алеппо хотод цэргийн ажиллагаа явуулахад Оросын арми оролцсоныг эсэргүүцэн гэмт этгээд Алтинтас энэ халдлагыг үйлдсэн бололтой.

Мягмар гарагийн үдээс хойш Оросоос илгээсэн нисэх онгоцоор Москвад хүргэсэн Карловын шарилыг Туркийн зургаан хүндэт харуул хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна.

Карловын цогцсыг Москва руу илгээхийн өмнө болсон ёслолд Туркийн нөлөө бүхий дипломатчид, шадар сайд Тугрул Тюркеш нар оролцжээ. Амь үрэгдсэн Элчин сайдын хөрөг зургийг Туркийн нэгэн цэрэг барьж, бэлэвсэн эхнэр Марина нь уйлан зогсч байх үед шарилын өмнө Үнэн алдартны шашны лам арц хүж уугиулан, залбирал үйлдэж байв. Лалын шашинт Туркэд өөр шашны лам ийм ёслол үйлдсэн нь тун ховор тохиолдол юм.

2013 онд Анкарад суух Элчин сайдаар томилогдож байсан Карлов руу гэмт этгээд буудах үед Элчин сайдын эхнэр, хатагтай Карлова үзэсгэлэнгийн танхимд хамт байжээ.

Гэмт этгээд Алтинтасыг Туркийн цагдаа нар хэргийн газарт буудан устгасан юм. Алтинтас ямар нэгэн бүлэглэлтэй холбоотой эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Гэхдээ энэ халдлага бол Орос-Туркийн харилцаа болон Сирид энх тайван байдлыг бий болгох үйл явцыг тасалдуулан бусниулахад чиглэсэн “өдөөн хатгалга” гэж Орос болон Туркийн аль аль нь үзэж байна.

А.Карловын аллагын ард хэн байгааг олж тогтоохын тулд хамтран ажиллахаа тус хоёр улс мэдэгдсэн юм. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд туслахаар Оросын мөрдөн шинжээчид өчигдөр Туркэд очжээ.

Туркийн шадар сайд Т.Тюркеш өчигдөр болсон ёслолын үеэр А.Карловыг “Турк-Оросын найрамдлын мөнхийн бэлгэ тэмдэг” гэж үнэлсэн байна.

2015 оны 11 дүгээр сарын 24-нд Сиритэй залгаа хилийн ойролцоо нисч явсан Оросын цэргийн нисэх онгоцыг Туркийн тал агаарын хилийг нь зөрчсөн гэж үзэн сөнөөгч онгоцноос пуужингаар харван унагааснаас үүдэн хоёр улсын хооронд бий болсон томоохон хямралыг даван туулахад ахмад дипломатч А.Карлов асар их үүрэг гүйцэтгэсэн юм. 62 настай А.Карлов 1980-аад оны үед ЗХУ-аас Умард Солонгост суух Элчин сайдаар ажиллаж байжээ.

Туркийн Засгийн газрын нэгэн нөлөө бүхий албан тушаалтан “Associated Press” агентлагт ярилцлага өгөхдөө “А.Карловыг хөнөөсөн хэрэг бол нэг хүний үйлдсэн хэрэг биш, урьдаас сайтар төлөвлөсөн халдлага. Энэ хэргийн цаана мэргэшсэн этгээдүүд байгаа” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Р. Дутерте-г шалгахыг НҮБ уриалав

Р. Дутерте зурган илэрцүүд

НҮБ./Kyodo/. Би гэмт хэрэгтнүүдийг өөрийн гараар хөнөөж байсан гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте мэдэгдсэнтэй холбоотойгоор түүнийг шалгахыг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан газрын тэргүүн уриаллаа.

Р.Дутерте өнгөрсөн долоо хоногт үг хэлэхдээ “би Давао хотын дарга байхдаа цагдаа нарт үлгэр жишээ үзүүлэхийн тулд гэмт хэрэгтнүүдийг хайж олоод, өөрийн гараар устгаж байсан” гэсэн юм. Тэрбээр 1988 оноос хойш тус хотын даргаар гурван удаа дараалан сонгогдон ажиллажээ.

НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Зейд Раад аль-Хусейн мягмар гарагт хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийсэн байна.

Түүний мэдэгдэлд “хэн нэгэн өөрийгөө алуурчин гэдгийг ид тод мэдэгдэж байхад түүнийг мөрдөн шалгахгүй байна гэдэг бол байж боломгүй хэрэг” гэжээ.

Хэрвээ Р.Дутерте үлгэр дууриалал үзүүлэхийн тулд ийм хэрэг үйлдсэн бол энэ нь бусдыг хүчирхийлэлд өдөөн турхирсан үйлдэл мөн гэж комиссар Зейд хэлээд “Хууль шүүхийнхэн Р.Дутерте-г тусгайлан шалгаж, хууль хүн бүрт тэгш үйлчилдэг гэдгийг нотлон харуулах хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэжээ.

Р.Дутерте энэ оны зургадугаар сард ерөнхийлөгч болсноос хойш явуулж буй мансууруулах бодистой тэмцэх кампанит ажлын хүрээнд Филиппиний цагдаа нар шүүхийн шийдвэргүйгээр 6000 гаруй хүний аминд хүрээд байгаа юм. Хүний эрхийг хүндэтгэхийг Р.Дутерте-д хүний эрхийн төлөө тэмцэгчид болон улс орнуудын удирдагчид уриалсаар байна.