Categories
мэдээ нийгэм

Утааны эсрэг жагсах зөвшөөрлөө авчээ

Ээж нар “утааны эсрэг ээжүүдийн холбоо”-г байгуулж Сүхбаатарын талбайд энэ сарын 26-нд тайван жагсаал хийхээр төлөвлөөд буй.

Зохион байгуулагчдын зүгээс жагсаал хийх хүсэлтээ энэ сарын 19-нд өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас ирэх Даваа гарагт 12:00 -14:00 цагийн хооронд жагсаал хийх зөвшөөрөл олгосон байна.

Жагсаал зохион байгуулагчид “Утааны эсрэг ээж, аавууд” фэйсбүүк групп, “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” гэсэн хуудас ажиллуулж байгаа юм. Мөн тэд хар масктай жагсах болсноо илэрхийлээд байна.

Жагсаалыг илүү үр дүнтэй болгох тал дээр та өөрийн саналаа хэлж зохион байгуулалтын ажилд оролцох боломж нээлттэй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр Д.Отгонжаргалыг томилов

Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр Д.Отгонжаргалыг томиллоо.

Дамдинсүрэн овогтой Отгонжаргал нь багш, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 2003 оноос хойш ажиллаж байгаа туршлагатай сэтгүүлчдийн нэг.

Тэрээр UBS телевизэд сэтгүүлч, тоймч, албаны дарга, Монгол Улсын Шадар сайдын Олон нийттэй харилцах зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны шинжээчээр тус тус ажиллаж байсан.

Өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга хавсран гүйцэтгэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулж байна

Байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилээ тэмдэглэхдээ алба хаагч, ажилчдынхаа аюулгүй байдалд анхаарах, иргэдийг зам тээврийн ослоос сэрэмжлэхийг ЗЦГ-аас сануулж байна.

Шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол цөөнгүй. Өнгөрсөн 2015 оны 12 дугаар сард улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2883 бүртгэгдсэнээс нийслэлд 1878 байна. Улсын хэмжээнд 2 хүний амь нас хохирсон тоо бий.

Иймд Замын цагдаагийн албанаас хүлээн авалт хийх, баяр ёслол тэмдэглэхдээ өөрийн болон бусдыг аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцож тэмдэглэхийг уриалж дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

– Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жилийн ой, шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ байгууллага, аж ахуй нэгжүүд баярын арга хэмжээнд оролцож байгаа алба хаагч, ажилчидын аюулгүй байдлыг хангаж аливаа гэмт хэрэг болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах.

– Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллаж найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүргэх зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулах.

– Байгууллага, аж ахуй нэгжийн баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг олон нийтэд харагдахуйц газарт байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Categories
гадаад мэдээ

“Лалын улс” Берлинд халдлага үйлдсэн гэж мэдэгдэв

berlinӨнгөрсөн даваа гаригийн орой Германы нийслэл Берлин хотын баруун хэсэгт орших Брайтшайдплац талбай орчимд байрлах худалдааны захад ачааны машинтай этгээд дайран орсны улмаас 12 хүн амиа алдаж, 48 хүн хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн билээ.

Тус улсын тагнуулын албанаас мэдэгдсэнээр, албаны хүмүүс уг ослыг террорист халдлага гэж дүгнэжээ. Гэмт этгээдийг баривчлан саатуулсан, ачааны машин нь Польшийн улсын дугаартай байсныг Германы Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Керстин Цьесмар мэдэгдэв.

Ган төмөр тээвэрлэж явсан машин хулгайлагдсан байж болзошгүй талаар тухайн ачааны машиныг хариуцдаг оператор компанийн эзэн Арьел Цуравски цагдаад мэдээлэл өгчээ. Гэрчүүдийн яриагаар ачааны машин хурдаа сааруулалгүйгээр явган хүний замаар явж, шууд худалдааны захын шилэн цонхыг дайрч орсон бөгөөд 60 км/цаг орчим хурдтай явж байжээ.

“Лалын улс” алан хядах бүлэглэлээс Берлин хотноо Зул сарын баярын үзэсгэлэн яармаг сонирхохоор очсон хүмүүсийг ачааны автомашинаар дайрч, олон хүний аминд хүрсэн халдлагыг үйлдсэн хэмээн мэдэгджээ. Баривчлагдсан этгээд Пакистанаас дүрвэж, энэ оны хоёрдугаар сарын 16-нд Германд орж иржээ.

Энэ оны долдугаар сарын 15-нд Францын Ницца хотод мөн төстэй халдлага гарч байсан билээ. Тухайн үед Бастилийн чөлөөлсний баяр тэмдэглэж байсан хотын голын эрэг дагуу цугласан олныг ачааны тэрэг дайрч, 86 хүний аминд хүрч, 308 хүн бэртэж шархадсан бөгөөд мөн л “Лалын улс” үйлдсэнээ мэдэгдэж байв.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгойн хэлэлцээний ажлын хэсгээс түншлэлийн компаниудтай уулзлаа

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан хөрөнгө оруулагчтай хийх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр түншлэлтэй уулзлаа.

Уулзалтад Засгийн газрын ажлын хэсэг болон түншлэлийн гишүүн Монгол Улсын “Энержи Ресурс” ХХК, БНХАУ-ын “Чайна Шеньхуа Энержи” компани, Япон Улсын “Сумитомо” корпораци тус тус оролцов. Энэхүү түншлэл нь 2010 онд зарлагдаж, 2014 онд явагдсан сонгон шалгаруулалтанд шалгарсан боловч өнөөг хүртэл гэрээ, хэлэлцээ эцэслэн байгуулагдаагүй байна.

Уг сонгон шалгаруулалтад “Эрдэнэс тавантолгой” компанийн эзэмшдэг найман тусгай зөвшөөрлөөс зөвхөн зүүн, баруун Цанхи дахь дөрвөн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нүүрсний нөөцийг ашиглахаар Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Эдгээр дөрвөн тусгай зөвшөөрөлд хамаарах талбай дахь нүүрсний геологийн нөөц нь “Эрдэнэс тавантолгой” компанийн техник, эдийн засгийн үндэслэлд 2.2 тэрбум тонн гэж тооцсон байдаг.

Уулзалтын үеэр ажлын хэсгээс хэлэлцээний үндсэн нөхцөлүүд болох Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, Шеньхуа Энержи компани 49 хувь тус тус эзэмших зэрэг саналаа Засгийн газраас өгсөн удирдамжийн хүрээнд танилцуулав.

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хугацааг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай уялдуулан 22 жил байх бөгөөд тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд гэрээний хугацааг сунгаж болохоор, түүнчлэн төслийн зорилтот зах зээлийг БНХАУ төдийгүй гуравдагч орон байх санал тавьжээ.

Төслийн хэрэгжилтэд Монгол компаниудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монголын дотоодын аж ахуйн нэгжийг сонгох, тэдгээр аж ахуйн нэгжтэй 5-аас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах саналыг ажлын хэсгээс тавьсан байна.

Хэлэлцээний явцад тодорхой болгох шаардлагатай тээврийн тариф, хамтын ажиллагааны төлбөр зэрэг бусад үндсэн нөхцөлийн талаар санал солилцон хэлэлцээ үргэлжилж байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төвбанк Лондонгийн металлын биржийн ханшаар алт авахаар шийдвэрлэжээ

Монголбанк Лондонгийн металлын биржийн ханшаар алт худалдан авах шийдвэр гаргав.

Лондонгийн металлын биржийн үнээс хоёр ам.доллараар доогуур үнээр худалдан авч байсныг Төвбанкны шинэ удирдлагууд ийнхүү өөрчилжээ. Ингэснээр алт тушаалтыг нэмэгдүүлж 20 тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн байна. 11 дүгээр сарын байдлаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ түүхэн дээд буюу 17.6 тоннд хүрчээ.

Албан бус тооцоогоор Монгол Улс жилд 40 тонн алт олборлодог гэсэн тооцоо бий. Үүний 50 хувийг Монгол банк худалдан авах зорилт дэвшүүлж алт худалдан авах үнийг өсгөжээ. Улмаар Төвбанкны зүгээс алт олборлогчдод хандан цөөн хэдэн төгрөгийн илүүг харж эрсдэлтэй алхам хийлгүй Лондонгийн металлын биржийн ханшаар алтаа нийлүүлэхийг уриалав.

Иргэдийн Монголбанкинд тушаах алтны хэмжээ өссөн байна. Тодруулбал эхний 11 сарын байдлаар давхардсан тоогоор 2,973 иргэн Монголбанкинд 10.6 тонн алт тушаасан байна. 2013 онд 3 иргэн нийт 6 кг алт тушааж байжээ. Ийнхүү Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгаа нь Монголбанкны Гадаад валютын албан нөөц нэмэгдэх гол хүчин зүйл болж байгааг Монголбанкны удирдлагууд онцлов. Тодруулбал 2016 онд Монголбанкны худалдан авсан алт 650 сая орчим ам.доллартай тэнцэж байгаа нь Гадаад валютын албан нөөцийн 65 хувьтай тэнцэх дүн юм.

Categories
мэдээ нийгэм

Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

УИХ-ын Хууль зүй болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Энэ хууль дээр ажилласан хүмүүсийн зүй ёсны хөдөлмөрийг зохих ёсоор нь үнэлж байгаарай. Хэлэлцэж буй хуулиуд дотор захиалгын шинжтэй төслүүд их орж ирдэг болсон байна. Ашигт малтмалын тухай хуулийг дурьдаж болно. Мөн хуулийн төсөл дотор өөрт ашигтай зүйл заалт хавчуулах гэж оролдож байна. Хилийн бүсийн 100 орчим км-ийг хассан байсан. Үүнд хариулт өгөөч. Тавантолгойн асуудалд гэхэд Уул уурхайн яамнаас гэрээ байгуулаад байгаа юм биш үү. 2017 онд 500 сая ам.долларын ашигтай ажиллах байтал 49 хувийг нь 400-хөн сая доллараар зарж яах гээд байгаа юм. Нэгэнт баталсан гэрээг бид хүчингүй болгож чадахгүй болно гээд хилийн бүсэд аж ахуйн үйл ажиллагаа явуулах асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар асуулаа.

ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн: Хил орчмын нутаг дэвсгэр, хилийн зурвас, хилийн бүс гэсэн гурван ухагдахуун байгаа. Хил рүү нэвтрэхийн тулд хил хамгаалах байгууллага зөвшөөрөл өгдөг байсан. Нэгэнт хориглосон зүйл байхгүй бол зөвшөөрөл авч хүнд суртал үүсгэдгийг болиулъя гэсэн юм. 100 км гээд хатуу тогтоосон зүйл байхгүй. 100 км гэдэг тодорхойлолт анх сайд нарын зөвлөлийн шийдвэрээр бий болсон зүйл. Энэ нь 1993 он. Энэ мэтчлэн заалт байсан учир хил орчмын нутаг дэвсгэр гэж оруулж ирсэн юм. Гэхдээ хүсэлт авдаг, зөвшөөрөл өгдөг байдлыг түргэн шуурхай болгоход л чиглэсэн. Хилийн бүсэд ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй. Ганцхан нэвтрэх зөвшөөрлийг нь хил хамгаалах байгууллага өгдөг юм билээ. Хязгаарласан зүйл ерөөсөө байдагггүй, хуулиндаа. Бид зөвшөөрөл өгдөг журмыг сайжруулж, чамбайруулна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Улс орны агаарын хилийн орон зай хаана харьяалагдаж байна вэ. Хилийн цэрэгт лав ийм зүйл алга. Агаарын хилийн орон зай гэдэг их амаргүй юм билээ. Тиймээс үүнд УИХ онцгой анхаарч үзээсэй гэх саналыг хэлмээр байна. ҮАБ, хил, агаарын орон зайдаа анхаарах ёстой шүү.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Засгийн газраас оруулж ирсэн төсөлд агаарын хилийн зааг гэж тусгасан байна лээ. Агаарын хил хамгаалах асуудлыг Зэвсэгт хүчний агаарын цэрэгт хариуцуулахаар өчигдөр ажлын хэсгийнхэн ярьсан.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: УИХ-ын чуулганы хуралдааны үеэр би энэ хуулийн төслийн талаар хоёр асуулт асуусан. Миний саналыг хүлээж аван боломж олгосон ажлын хэсгийнхэнд баярлалаа. Гадаадын иргэн харьяатын газар гадаадын харьяатуудаа хилээр оруулахдаа өөрсдөө хянахгүй бол энэ үйл ажиллагаа дутмаг юм биш үү. Мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, гааль, гадаадын иргэн харьяатын газар хил дээр байрладаг. Аль байгууллагаа нь голлож ажилладаг вэ?

Хил хяналтын байгууллага гэдэгт Гадаадын иргэн харьяатын газар байна гэж би ойлгосон. Хил дээр байгаа байгууллагуудын дараалалд энэ газрыг оруулъя гээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Хуулийн төсөлд гадаадын иргэдийн харьяатыг нэм гэдэг санал оруулахаар болсон. Гадаадын иргэн харьяатын газар өөрийнхөө хуулиар энэ асуудлыг зохицуулдаг. Үүн дээр хил оролцоод байх зүйлгүй. Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайтын боомтод гадаадын иргэн харьяатын асуудлыг зохицуулж өгөхөд болно. Хоёр хуулийн хайчин дээр ийм ойлголтын зөрүү гардаг.

Боомтын хуулийг хүчингүй болгох саналыг Засгийн газраас гаргасан. Үүнийг ёсоор болгоё гэж бодож байгаа. Аливаа хуулийг гаргахдаа энэ Монголын нөхцөлд таарах уу гэдгийг бодолцож баймаар байна. Боомтын тухай хууль манай нөхцөлд таарахгүй байса

Categories
мэдээ нийгэм

Залуучууд тогтвортой хөгжлийг авчирна

Би залуу хүнийхээ хувьд юу хийв, ер нь 95 жилийн түүхтэй Монголын Залуучуудын Холбоо юуг, яагаад хийх ёстой болсон юм бэ, улсын хөгжил залуус биднээс эхлэх ёстой юм байна. Гэхдээ хөгжил гэж яг юу юм зэрэг асуултуудын хүрээнд үзэл бодлоо илэрхийлэхийг зорилоо.

2013-2015 оны хооронд Монголын Залуучуудын Холбооноос санаачлан, Засгийн Газрын дэмжлэгтэйгээр хоёр жил дараалан зохион байгуулсан “Ажилтай Орлоготой Монгол Залуу” хөтөлбөрийг цаашдаа улам боловсронгуй болгож жил бүр зохион байгуулдаг болох нь чухал ач холбогдолтой гэх харж байна. Ингэснээр оюутан залуус хөдөө орон нутгийг зорих, зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу дадлагажиж, аливаа ажлыг хийж сурах, олон нийтийг зохион байгуулах, сум орон нутгийн ажил амьдралтай танилцан шинэ техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон сайн талтай байдаг билээ. “Ажилтай Орлоготой Монгол залуу” хөтөлбөр нь дотроо “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн төслүүдтэй. Би өөрөө “Сумын залуус” төсөлд хамрагдан зуны амралтаараа Булган аймгийн Сэлэнгэ суманд суудаг өвөө эмээ дээрээ очиж амрангаа тус суманд байдаг гурван найзтайгаа хамтран ажилласан юм. Энэ төсөл өөрөө нэн чухал модульт ажлуудтай. Жишээлбэл “Шинэчилж шийдье” модулийн хүрээнд улсын хэмжээний томоохон компаний дэмжлэгтэйгээр сумынхаа интернетийн газарт таван компьютер нэмж, интернетийнх нь хүчин чадлыг сайжруулж өгсөн. Англи хэлний сургалтын хүрээнд ЕБС-ийн дунд ангийн 20 гаруй хүүхдэд 14 хоногийн турш хоцрогдол арилгах болон нэмэлт хичээлүүд заасан. Цаашилбал “Соёлын өвийн хамгаалах”, “Спирт үү Спорт уу?” аян, Авлигын эсрэг “Би өгөхгүй авахгүй аян”, “Ардын элч”, “Ухаалаг төрийг сумаас”, “Малчин залуу” зэрэг модульт ажлын хүрээнд ихээхэн шинэ зүйлийг санаачлан хийсэн байдаг. Энэ мэтчилэн 360 суманд эрч хүчээр дүүрэн залуус нэгээс хоёр сарын хугацаанд хөгжил дэвшлийг түүчээлэн ажилсан. Яг энэ жишгээр цааш үргэлжлүүлэн, сум орон нутагт зайлшгүй хэрэгтэй ажлуудыг оюутан залуусаар дамжуулан хийлгэх нь Монгол улсын хөгжлийн зөв гарц байх болов уу гэж би боддог юм. Хамгийн гол нь цаашдаа энэ ажил зогсолгүй, аймаг сумаа хөгжүүлэх зүрх сэтгэлтэй залуусыг бэлтгэж тэднийг дэмжих хэрэгтэй байгаа билээ. Мөн хөдөө орон нутагт ажиллаж буй залуус маань өөрсдийгөө борооны дараах бүрхэг тэнгэрт өнгө оруулж буй “солонго” гэж бодож, бахархах ёстой. Ингээд бодохнээ улсын хөгжил залуусбиднээс эхлэх юм байна гэж ухаарна.

Үүгээр ч зогсохгүй залуус бид нийгмээ урагш ахиулах томоохон шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй байна. Хөгжлийн шинэ гарцыг цаг үетэйгээ хөл нийлүүлсэн залуучууд санаачилдаг гэдгийг түүхийн олон жишээ гэрчилдэг. Чингис хаан хорь гаруйхан наснаасаа эхлээд хорь гаруй жилийн дотор л дэлхийн талыг эзэлсэн. Анхны долоо, Ардчиллыг түүчээлэгчид ч гучаадхан насандаа. Тэгвэл хүний насаар тооцвол оюун санаа нь төлөвшиж, бие бялдар нь боловсорч гүйцэх насан дээрээ манай ардчилал явж байна. Гэтэл цэл залуудаа эх орондоо сайн сайхныг авч ирсэн, улсаа засаглах үйл хэрэгт оролцогсдын маань нас явж, зөөлөн суудлаас мөнгө олох арга нь ихсэх тусам нийгэм, эдийн засаг хямарч буйг бид анзаарч байна. Гэхдээ парламентад заавал залуу хүн суух хэрэгтэй гэхгүй ч хэнбгуай ч залуучуудын шүүлтүүрээр орох хэрэгтэй болжээ. Учир юунд вэ гэвэлби хоёрдугаар курсийн оюутан байхаасаа Монголын Залуучуудын холбоонд ажиллаж байгаа юм. Холбооноос “Үндэсний Залуучуудын Зөвлөл”-ийг үүсгэн байгуулж эх орноо гэсэн сэтгэлтэй, олон зуун хүний төлөөлөл болсон залуусыг нэгтгэсэн. Энд залуус намаар ялгардаггүй харин итгэл, сэтгэлээрээ нэгдэж нийгэмд хэрэгтэй шинэлэг санааг гарган ажил болгодог. Гэтэл нийт залуусын санаачилсан, хөгжил дэвшлийг даллах зарим томоохон үйл хэрэг явж явж засгийн эрхийг баригч, улс төрд байгаа “томчуул”-тай тулаад гацчихдаг байлаа. Манай улсад хямрал гэхээсээ “замаг” нүүрлэжээ хэмээн бид дүгнэв.Урсгал ус тунгалаг байдаг. Бас эрүүл байж чаддаг. Тогтонги болоод ирэхээрээ замагтаж эхэлдэг шүү дээ.Иймээс л улс төрд шургалж биднээс далдуур бидний мөнгийг иддэг, өөрсдийн бизнесийг явуулахын тулд өөрсөддөө хууль батлагчдыг улс нийтээрээ хэлэлцээд хар жагсаалтад оруулж, ахин сонгохгүй байж л нийгэм сайжирна, дэвшинэ. Ийм системийг мөрдөөд эхэлбэл улс төрд одоо орох залуус ч цаашдаа алдаа гаргахгүй гэж найдаж байна.Ер нь парламентад орохыг бодож буй залуус гэлтгүй аль ч улсыг засаглагчид нь нэг зүйлийг ойлгох ойлголтоо өөрчилж байж л хөгжих болов уу. Тэр нь хөгжлийн тухай ойлголт.Хаммер жийп унасан, хаусанд амьдарснаа бид хөгжсөн гэж хэлэхгүй. Цаг хугацаа улиран өнгөрч хүн төрөлхтөний тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр бараа бүтээгдэхүүн, техник технологи нэмэгдсээр байгаа нь үнэн бөгөөд зөв. Гэвч тэдгээрийг үйлдвэрлэхийн тулд байгалийн нөөц баялагийг асар ихээр зарцуулж, сүйтгэж, дэлхий ээжийн хүн төрөлөхтнөө тэтгэх чадлыг бид өөрсдөө багасгасаар байгаа шүү дээ. Хүн өөрийгөө ч судлаж дуусаагүй, хэрхэн эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахаа олоогүй мөртлөө өөрсдийгөө сүйтгэх зүйлсийг зохион бүтээж чадаад байна. Энэ оюун ухааныг байгаль дэлхийгээ тэтгэх, шинэ тутам зөв аргаар цэнхэр гаргийнхаа өгөгдөл, чадамжыг нэмэгдүүлэхийг л хөгжил гэж нэрлэвэл зохилтой.Нэг ёсондоо техник технологийн дэвшил ямар ч түвшинд байж болох агаад түүгээр дэлхий ээжийгээ хэн нь илүү хөгжүүлж чадаж буйгаар, хүнд ээлтэй, хүн байгалийн шүтэлцээ хамаарал ихтэйгээр нь аливаа улсын хөгжлийг тодорхойлж болох юм. Яагаад бид модоо, ургамлаа илүү урт удаан наслуулж төрөл зүйлийг нь шинээр бий болгож ан амьтдынхаа үржил, өсөлт хөгжилтийг нэмэгдүүлж усны ундарга, гол горхи, булаг шандыг хамгаалах системийг өндөр түвшинд хүргэж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах тал дээр хөрөнгө мөнгө, цаг зав, хүн хүчээ нэмэгдүүлж түүнийгээ хөгжил гэж нэрлэж болохгүй гэж. Үүнийг Тогтвортой Хөгжлийн Зорилтууд бидэнд ухааруулна. Энэ хөгжлийн төлөө л хувь хүн, дэлхийн аль ч улсынзасгийн газар, боловсролын систем нь ажилладаг байгаасай гэж би хувьдаа хүсч байна.Иймээс Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хөрсөн дээр буулгаж хөдөө орон нутаг, сум суурины иргэдэд хүргэх ажил зөвхөн Монголын Залуучуудын Холбооны гэлтгүй иргэний нийгмийн байгууллагуудын эрмэлзвэл зохих зүйл болсон байна. Энэ нь ч эргээд залуус бидний ирээдүйн сайн сайхан амьдарлын баталгаа болох билээ.

Г.Сайнбилэг

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн тусгай албаны орлогч дарга цагдаа нарыг зодож танхайрчээ

Энэ сарын 18-нд “Фейс” гэх бааранд согтуу хүмүүс танхайрч байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаа нарыг очиход тэнд байсан 50 болон 40 орчим насны хоёр хүн тэднийг элдвээр доромжилж унаж явсан машинаа асаан дайрна гэх мэтээр агсамнажээ. Тэд ахлах ахлагч цолтой цагдаагийн хувцсыг урж, утсыг нь газар авч шидэн танхайрчээ. Цагдаагийн алба хаагчид тэднийг гавлан зохих газарт нь хүргэжээ.

Эдгээр танхайрагчид нь Төрийн тусгай хамгаалалтын албаны орлогч дарга Н.Батаа, ахлах ажилтан Т.Батбилэг нар байжээ. Өнгөрсөн жил тус газрын дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар амиа хорлосон хэрэг гарч байсан. Тэрээр Цэргийн сургууль төгссөн, хошууч цолтой бэлтгэл офицер Б гэгчтэй ам мурийж, зодолдсон байдаг. Б нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан юм байна. Үүнээс болж Я.Нэргүйбаатар харуулын байранд дээрээ ирж, АКМ загварын буугаар өөрийгөө буудсан байдаг. Энэ мэтчилэн Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид танхайрсан, бусдыг зодсон хэрэг удаа дараа гарч байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

Улаанбаатарын циркт тоглохоор бар, арслангууд иржээ

Монголын үндэсний цирк энэ сарын 24-нөөс олон улсын циркийн тоглолтыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү тоглолтонд зургаан цагаан бар, хоёр шар бар, хоёр цагаан арслан оролцохоор ирээд байгаа аж.

Циркийн фэйсбүүк хуудсаар үзэгчдээс санал авч хамгийн олон санал авсан газарт ирэх амралтын өдрүүдээр араатан амьтдыг ямар ч тор хамгаалалтгүй алхуулах гэнэ.

Циркийн тоглолт хоёр өөр төрлийн хөтөлбөртэй бөгөөд тасалбарыг 19001950 үнэгүй хүргэнэ. Ticket.mn-ээр захиалах боломжтойгоос гадна циркийн билетийн касс өдөр бүр 10:00 – 20:00 цагийн хооронд Циркэд ажиллаж байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-50 мянган төгрөгийн өртөгтэй байх аж.