Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: “Стэнд бай”-гаас гадна хөнгөлөлттэй зээл авч, том төслөө хөдөлгөж байж л хямралыг давна

СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Ойрын найдвар “Стэнд бай” болоод байна. Манай улсад энэ хөтөлбөрийн хүрээнд ихдээ хэчнээн ам.доллар орж ирэх боломжтой вэ?

-Өнөөгийн нөхцөл байдал биднээс өмнөх алдаагаа давтахгүй зээл, олсон орлогоо зөв, тооцоо судалгаатай зарцуулахыг шаардаж байгаа. Ер нь зээл болон бүх шатны төсвийн зарцуулалтыг зөв чиглэлд, судалгаа шинжилгээтэй, үр дүнд суурилсан байдлаар шийдэлгүйгээр энэ хүндрэлийг даван туулах боломжгүй л дээ. “Стэнд бай” хөтөлбөрийн хувьд Монгол Улс 1991, 2009 онд авч хэрэгжүүлсэн. Сүүлийн хөтөлбөрийн хүрээнд 122.6 сая зээлжих тусгай эрх буюу 200 орчим сая долларыг авч 2010 оны аравдугаар сард аль аль тал хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн хэмээн дүгнэж хааж байсан. Үүнээс гадна гурван удаа бага хэмжээний харьцангуй урт хугацаатай зээлийг ОУВС-гаас авч ашигласан түүх бий. 2011 оноос валютын сангийн зүгээс хөтөлбөрүүдийг өөрчилж, зээлийн хэмжээг бас нэмсэн. Валютын сангийн зүгээс гаргасан өөрчлөлт, Монголын эдийн засгийн хэмжээ өссөн зэргээс шалтгаалж бид өмнөх зээлээс илүүг авах боломжтой. Нэг тэрбум ам.доллараас багагүй хэмжээний зээл авчих байх. Энэ зээлийг валютын сангийн зүгээс тавих шаардлагын дагуу болон улсынхаа эдийн засагт үр ашигтай өөрчлөлтүүдийг хийх зүйлд зарцуулах нь чухал. Миний хувьд аливаа эх үүсвэрийг үр ашигтай дэд бүтцийн салбар, өрсөлдөх чадвар өндөр салбаруудад эдийн засгийг төрөлжүүлэх зорилготойгоор зарцуулах нь өгөөжтэй гэж боддог. “Стэнд бай” хөтөлбөрийн тухайд эхний хувилбарт зарцуулах боломж нь зээлдүүлэгчийн шаардлагаас хамаараад илүү боломжтой байх магадлал өндөр.

-“Стэнд бай” хэрэгжээд эхэлсний дараа Япон, Хятадаас хөнгөлөлттэй зээл авах зайлшгүй шаардлагатай, тэгж байж эдийн засаг сэргэнэ гэсэн байр суурьтай та санал нийлж байна уу?

-Аливаа улс оронд хөнгөлөлттэй зээлийг ашиглах шалтгаан, цаг хугацаа гэж байдаг. Олон улсын байгууллага, хандивлагчдын хүрээнд хөнгөлөлттэй зээл тусламж ашиглаж байсан үе манайд бий. Япон зэрэг гол хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас авч байсан зээлүүд эдийн засагт хэрэгтэй үедээ чухал үүрэг гүйцэтгэсэн нь ч бас бий. Харин сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг өсч хөнгөлөлттэй зээл тусламж авахаа зогсоосон байсан. Буурай хөгжилтэй орноос хөгжиж буй орны ангилалд орох болж хандивлагчидтайгаа түншүүдийн хэмжээнд харилцах цаг болсныг зарлаж явсан цаг ердөө саяхан шүү дээ. Энэ боломжтой зэрэгцээд Монгол гэдэг улс анх удаа арилжааны зээл авах боломжтой болж 2012 онд 580 сая ам.долларын бонд, араас нь “Чингис” бондыг гаргасан.

Гэвч боломжоо зөв ашиглаж чадаагүй. Бондуудын мөнгө, уул уурхайгаас орж ирэх орлогыг бодлогогүй буруу зарцуулснаас болж түүхэндээ хөнгөлөлттэй зээл тусламжийн тухай маш богино хугацааны дотор эргэн ярих болж байгаа нь харамсалтай хэрэг. Өнөөгийн нөхцөл байдалд таны сая дурдсан орнууд болон бусад орнуудаас хөнгөлөлттэй зээл авахаас аргагүй. Учир нь ойрын жилүүдэд бий болох өрийн дарамт, эдийн засгийн хүндрэлий дан ганц “Стэнд бай” хөтөлбөрийн зээлээр давах боломжгүй. Гэхдээ чухам юунд зарцуулах, зээлдэгчидтэй хэрхэн зөвшилцөх асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй.

-Гадны улс орны хөнгөлөлттэй зээлийн давуу болон сул тал нь юу вэ?

-Хөнгөлөлттэй зээл гэдгийг урт хугацааны, хүү болон үндсэн төлбөрийн хувьд харьцангуй таатай нөхцөл бүхий зээл гэж ойлгож болно. 2012 оноос өмнө бид энэ хүрээнд гадны улс орон байгууллагуудаас тусламж дэмжлэг авсаар ирсэн. Хөнгөлөлттэй зээлийн давуу тал нь арилжааны зээлээс урт хугацаатай хүү багатай ч зээлдэгчийн тавьсан шаардлага, хязгаарлалтын тодорхой хүрээнд зарцуулах шаардлагатай болдог. Үүнийг нь сул тал гэж хэлж болох юм. Сүүлийн дөрвөн жилд авсан арилжааны зээлүүдийн хувьд өндөр хүүтэй, харьцангуй богино хугацаатай ч юунд хэрхэн зарцуулах нь бидний асуудал байсан. Зээлийн эх үүсвэрийнхээ хувьд давуу тал л даа. Харамсалтай нь энэ давуу талаа ашиглаж чадалгүй их хэмжээний мөнгийг бодлогогүй зарцуулснаас болж хэцүү байдалд орчихоод байна.

-Хятадын хөнгөлөлттэй зээлийг авлаа гэхэд бид юун дээр анхаарах ёстой вэ?

-Аль ч улстай эдийн засаг, санхүүгийн харилцаанд орохдоо тухайн харилцааны өнөөгийн эерэг талаас гадна ирээдүйн үр дагаврыг тооцоолох хэрэгтэй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Чингис” болон бусад бондыг гаргахдаа их мөнгөтэй болох тухай бодсоноос биш яаж зөв зарцуулах, эргүүлж хэрхэн төлөх талаар бодлогогүй хандсан. Өнөөдөр тодорхой нэг улстай санхүүгийн харилцаанд орохдоо энэ бүдүүлэг алдаагаа давтаж болохгүй. БНХАУ манай худалдаа, бизнес, санхүүгийн хамгийн гол харилцагчдын нэг байсаар ирсэн, байх ч болно. Өнөөдөр өмнөд хөршийн эдийн засаг хүчирхэгжиж бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд томоохон байр суурь эзэлж байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй хөгжих хандлагатай байгаа. Бидний хувьд өмнөд хөршөөс бүх талын хамааралтай, зээл авснаар энэ хамаарал улам нэмэгдэх эрсдэл бий. Иймээс хэр хэмжээтэй зээлийг ямар нөхцөлөөр авах, гол нь юунд зарцуулах нь тодорхой байх хэрэгтэй. Мэдээж эргэн төлөх тодорхой төлөвлөгөө зайлшгүй чухал. Дэлхийн хэмжээнд гээд харахаар Хятадын санхүүгийн хараат байдлаас хамаарч газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдах, үндэсний мөнгөн тэмдэгтээ урд хөршийн үндэсний валютаар солих тохиолдол ойрхон гарч байгааг анзаарахгүй орхиж болохгүй.

-Зээл авахгүйгээр эдийн засгаа сэргээх боломж бий юу. Байгаа бол тодорхой гарц, хувилбарууд хэлээч?

-Гурван жилийн өмнө бол болно гэж хэлэх байлаа. Тухайн үед нөхцөл байдал маш өөр байсан. Тэр үедээ л төр, төсвийн шинэчлэлээ цогцоор нь хийж, өрийн удирдлага, уул уурхайн талаарх том жижиг асуудлаа зөв шийдчихсэн бол “Стэнд бай”, хөнгөлөлттэй зээл ярих хэмжээнд хүрэхгүй байсан гэж би хувьдаа үздэг. Нүүр тулсан өрийн дарамт, төсвийн томоохон алдагдал, хүндэрсэн эдийн засаг, гадаад зах зээл дэх нэр хүндийн уналт гээд олон сөрөг хүчин зүйлийн дарамт нэмэгдсэн энэ үед зээл авахаас өөр арга байхгүй. Гэхдээ зээл тусламж аваад л эдийн засаг сэргэчихнэ гэж бодох нь өрөөсгөл хандлага. Зээл бол эдийн засгаа сэргээх олон ажлын зөвхөн нэг нь. Үүнээс гадна төсвийн шинэчлэл, төрийн хариуцлага, эдийн засгийн гол болон бусад салбараа сэргээх оновчтой бодлого тодорхойлох гэх мэт олон ажлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай.

-Ойрхон хугацааны арга гэвэл том төслүүдээ хөдөлгөж байж л хямралаас гарах байх…?

-Уул уурхай, тухайн салбарын томоохон төслүүд эдийн засгийн тулгуур гэдэгтэй санал нэг байна. Том төслүүдийг хэрхэн хөдөлгөх, өмнөх төслүүдэд гарсан алдааг засч чадах эсэхээс эдийн засаг сэргэх боломж нэмэгдэнэ. Гэхдээ сүүлийн хэдэн жилд уул уурхай, гадаад зээлд хэт анхаарлаа хандуулж, тухайн чиглэлийн мөнгөнд хэт дулдуйдсан эдийн засаг, төсвийн шийдвэр гаргалтыг хийснээс болж алдаанд хүрсэн байх талтай.

-Таван толгойн хэлэлцээ дахин эхэллээ. Ер нь Таван толгойг яаж хөдөлгөвөл эдийн засагт өгөөжөө өгнө гэж та бодож байна?

-Таван толгойн асуудлаар эерэг мэдээллүүд гарч, тодорхой үр дүнд хүрч байгаа нь сайн хэрэг. Төслийг бүрэн шинэчлэн хэрэгжүүлэхийн хувьд өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шалгаруулсан тендерийн үр дүнд ялсан консорциумыг боломжийн хувилбар байсан гэж үздэг. Одоо “Шинхуа”, “Сумитомо”, “Энержи ресурс” гэсэн гурвалтай хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд болохгүй гэх газаргүй.

-Тавдугаар цахилгаан станц, нүүрсээ тээвэрлэх төмөр зам гэх том төслүүд өчнөөн жил яригдсан ч өнөөг хүртэл ажил болоогүй. Таныхаар шалтгаан нь яг юундаа байна вэ?

-Манайд цаасан дээр батлагдсан бодлого, хөтөлбөрүүд хангалттай их бий. Гэхдээ бодит байдалд буулгаад харахаар биелсэн нь маруухан байдаг нь гэм биш зан болчихсон. Хэрвээ уул уурхай, төмөр зам, хүнд үйлдвэрлэлийн талаар өмнө батлагдсан бодлого, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр ийм байдалтай суухгүй байсан. Энэ мэтээр яриад байвал бидэнд маш олон “хэрвээ” байгаа. Гол шалтгаан нь төрийн бодлогын алдаа, тогтворгүй байдал, хэт улстөржилт. Төрийн нэгдсэн ул суурьтай, тооцоо судалгаатай хөгжлийн бодлого байхгүй нь бидний гол алдаа. Нэг нам эрх барих хугацаандаа төрийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, тэр нь өмнөх бодлогын залгамж чанарыг алдагдуулдаг, цаг зуурын шийдвэр гаргадаг. Энэ л өнөөгийн хямралын гол шалтгаан. Дээрээс нь хэт улстөржилт, улс төрийн амлалтад тулгуурласан буруу шийдвэрүүд нь нөхцөл байдлыг улам дордуулж байна.

-Манай улсын болон арилжааны банкуудын зээлжих зэрэглэлийг саявтар буулгасан. Зээлжих зэрэглэл буурсан шалтгаан нь юу вэ. Зээлжих зэрэглэл буурснаар бидэнд ирэх сөрөг нөлөөлөл…?

-Зээлжих зэрэглэл буурсантай холбоотой олон талын байр суурь байна. Эхлээд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Үүний дараагаар банкуудын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан нь бусад байгууллагын зээлжих зэрэглэлийг эргэн харах суурь нөхцөл болсон гэж харж байна. Бууруулсан үндсэн шалтгаан нь Монгол Улсын хувьд өрийн дарамт нэмэгдсэн, шийдвэрлэх арга зам тодорхойгүй хэвээр байгаа болон төсвийн алдагдал гэж харж байна. Харин арилжааны банкуудын хувьд чанаргүй зээлийн хэмжээ, валютын ханшийн дарамт, бодлогын өндөр хүү зэрэг нь голлон нөлөөлсөн. Энэ нь Монгол Улсын банкуудын хувьд гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлээс үнэт цаас болон бусад хэлбэрээр эх үүсвэр нэмэгдүүлэх боломжийг хязгаарлах сөрөг нөлөөтэй. Ингэснээр валютын орох урсгалын санхүүгийн салбарын дүнд сөрөг нөлөө үзүүлнэ. Монгол Улсын хувьд зээлжих зэрэглэл буурсан нь хөрөнгө оруулагчидтай хийх тохиролцоо, гадаад санхүүжилт авах байдлыг харьцангуй төвөгтэй байдалд хүргэнэ гэж харж байна.

-Төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлого эдийн засгийн хямралын энэ үед хэр оновчтой гэж та бодож байна вэ?

-Төв банкны зүгээс бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн нь эдийн засгийн хямралын нөхцөл байдалд тийм ч зохистой зүйл гэж үзэхгүй байна. Төв банк тодорхой эрсдэлийг бууруулах зорилготой гэж тайлбарласан. Бодлогын хүүг огцом нэмснээр валютын ханшийн өсөлтийг саармагжуулах зорилгоо бол биелүүлсэн. Харин эдийн засгийн хувьд эерэг нөлөө багатай. Энэ утгаараа одоогийн байгаа өндөр хүүг удаан хадгалахгүй гэсэн хүлээлттэй байна. Бодлогын хүүг энэ хэвээр хадгалах нь мөнгөний нийлүүлэлтэд хязгаарлалт болж эдийн засагт тодорхой эрсдэл учрахаас сэргийлэх сайн талтай. Гэхдээ эдийн засгийн уналтыг даамжруулах, сэргэлтийг удаашруулах сөрөг нөлөөллийг бий болгох өндөр магадлал бий. Монголбанк өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг хязгаарласан нь сайн ч гэлээ мөнгөний хэт хумих бодлого барих нь өнөөдрийн хувьд тийм ч тохиромжтой биш.

Categories
мэдээ цаг-үе

М.Энхтуяа: Хувцасны дизайнер мэргэжлээр сурах эрмэлзэлтэй хүүхэд ирэхэд сайн дизайнер болгоно гэж боддог

М.Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн хувцасны дизайны багш М.Энхтуяаг энэ удаад “Багш” буландаа урьсан юм. Тэрээр саяхан болж өнгөрсөн “Гоёл 2017” наадамд оролцож үндэсний хувцасны төрөлд шилдэг дизайнераар шалгарсан байна.


-Таны мэргэжил уг нь дизайнер юм байна. Ямар сургууль төгссөн юм бэ?

-ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дизайны сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр дүүргэсэн.

-Дизайнер хүн яаж яваад багш болов?

-Би багш болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Хэзээ ч багш болохгүй гэдэг байсан. Гэтэл сургуулиа дөнгөж төгсчихөөд байхад нэг найз маань Үйлдвэрлэл урлалын сургууль гэж байдаг. Их гоё сургууль. Тэнд хувцасны дизайны багш авна гэж байна гэж хэлсэн. Би очоод анкетаа бөглөөд ярилцлаганд ороод тэнцсэн. Одоо 13 дахь жилдээ багшилж байна. Сургуулиа төгсөөд л багшаар ажлынхаа гарааг эхэлсэн.

-Та бол дизайнер багш юм байна. Багш мөртлөө нэлээд онцлогтой ажил байх гэж бодож байна?

-Дизайнер бол хүний имижийг өөрчилдөг. Тиймээс оюутнуудынхаа тэр чадварыг нь хөгжүүлж, гаргаж ирэхэд нь тусалдаг гэж хэлмээр юм уу даа.

-Тэгвэл таны хичээл заах онцлогийг юу гэж тодорхойлох вэ?

-Миний хичээл заах онцлог гэвэл практик тал руугаа нэлээд хандсан. Бүтээл гаргах, үр дүн нь шууд л нүдэн дээр ил харагдаж байдаг мэргэжил.

-Үйлдвэрлэл урлалын политехник коллежид багшилснаасаа хойш хичнээн оюутанд хичээл зааж хувцасны дизайнер, оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр төгсгөв?

-Миний тооцоогоор 300-аад оюутанг төгсгөсөн. Намайг анх энэ сургуульд ажилд ороход хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр гурван жил сургадаг байсан. Дараа нь хувцасны загвар зохион бүтээгч гэдэг мэргэжлээр аравдугаар ангийн аттестаттай төгсгөдөг болсон. Хувцасны дизайнч мэргэжлээр бол гурван жил сурдаг.

-Танай сургуульд л хувцасны дизайнч мэргэжлээр сурах гэсэн юм сонирхолтой хүүхдүүд ирдэг үү?

-Ер нь бол тийм хүүхдүүд ирдэг шүү.

-Багш хүний хамгийн том бахархал бол шавь нар нь. Та 300-гаад оюутанг төгсгөсөн юм байна. Эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа шавь нарынхаа талаар яриач?

-Бахархдаг шавь нар байлгүй яахав. “Ану-Үжин” салоны дизайнер Оюунтуяа гэж бий. Өөрөө салон нээгээд ажиллуулж байгаа шавь нар байна. Хөх хотод мэргэжлээрээ бараг 7-8 жил ажиллаж байгаа Түвшинзаяа гэж бий. Тэндээсээ ирж “Гоёл” наадамд хоёр ч удаа оролцож шагнал урамшуулал хүртсэн. ОХУ-д очиж үндэсний хувцасны коллекцийг танилцуулсан байгаа “Чиг” гэдэг салонд дизайнераар ажилладаг Туул байна. Мөн хувцасны дизайн чиглэлээр хувиараа ажиллаж байгаа хүүхдүүд ч олон.

-Та “Гоёл-2017” наадамд амжилттай оролцсон юм байна. Ямар бүтээлээрээ шилдэг дизайнераар шалгарав?

-Энэ жил манай сургууль байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан маш олон бүтээл гаргасан. Тэдний нэг “Хатдын жавхаа” нэртэй үндэсний коллекцийг оёдлын багштайгаа хамтран хийлээ. Эдгээрийг Монголын хатдын чигч шулуун, зоримог, дайчин зан чанараас сэдэвлэн судалгаа хийж зохиосон байгаа. Дээд зэргийн торгыг ангийн үс, капронтой хослуулан, шүр, сувд, гар хатгамал хээгээр чимж, гутал болон малгайтай хослуулан хийсэн. Эдгээр загваруудыг бүтээхэд манай сургуулийн удирдлагууд болон сургалтын албаны зүгээс маш их дэмжлэг үзүүлсэн. Үүний хүчинд энэ хүндтэй шагналыг хүртсэн гэж боддог.

-“Гоёл” наадам дээр толилуулсан загваруудыг урлахад оюутнууд тань тусалсан биз дээ?

-Тэгэлгүй яахав. Эдгээр загварууд олон хүний хүч хөдөлмөрөөр бий болсон. Шүр чимэг гэхэд л 18 мянган ширхэг орсон байгаа. Энэ их ажлыг оюутнууд маань нугалж өгсөн.

-Загвар зохион бүтээгч, загвар өмсөгчийн мэргэжил одоо моодонд орчихоод байгаа. Дизайнер болно гэж эргэлт буцалтгүй шийдсэн, маш шаргуу дайчин оюутнууд байдаг биз?

-Зорилгодоо хүрэхийн төлөө тууштай, хичээнгүй зүтгэдэг оюутнууд бий. Манай сургуулийг дүүргэчихээд одоо ШУТИС-д сурч байгаа Цэнд-Аюуш гэж шавь байдаг. Маш дайчин, ямар нэг зүйлийг суръя гэж бодсон бол огтхон ч шантардаггүй. “Ану-Үжин” салонд ажиллаж байгаа шавь Оюунтуяа байна. Ер нь нэрлээд байвал олон хүүхэд бий. “Чиг” салонд ажиллаж байгаа Туул бол унаган авьяастай. Багадаа Хүүхдийн ордны дугуйланд явчихсан, дизайны маш өндөр мэдрэмжтэй. Ер нь бол ирээдүйд юм дуулгана гэж боддог. Хувцасны дизайнер мэргэжлээр юм сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхэд ирэхэд би сайн дизайнер болгоно гэсэн зорилготой ажилладаг. Хамгийн гол нь оюутнууд маань хүсэл эрмэлзэлтэй, түүнийхээ төлөө явдаг байх ёстой. Гэтэл дундаас нь шантраад хаячихдаг хүүхдүүд ч бий. Ер нь бол дизайнер гэдэг бол их гоё мэргэжил шүү дээ. Хүмүүс бидний бүтээсэн хувцсыг хараад маш их таашаал авдаг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МУ-ын Ерөнхийдөө сайд

-ФЕЛЬЕТОН-

Манай Ерөнхий сайдууд ямар нэг донтой явж иржээ. Жишээлэхэд, ардын засгийн анхны Ерөнхий сайд нь авгайчуудын гэзэг хайчлах дуртай хүн байсан гэдэг. Бас, нүх рүү шагайчихаад л “гэрэл харагдаж байна” гэж зүтгэдэг, сул газар л харагдвал мориор сольдог Ерөнхий сайдуудтай байв. Түүнчлэн хувийнхаа мөнгөнд аймаар харамч боловч улсын мөнгийг нэг нүдээрээ үздэггүй, хаа олдсон газарт нь тарааж өгдөг Ерөнхий сайд ч таарч байлаа.

Дээхнэ үед “нэгийн дон” туссан нэг сайхан хархүү (шар хүү гээгүй болохыг анзаарна уу) манай Ерөнхий сайд байв. Яагаав нөгөө, бүх шалгаруулалтын нэгдүгээр байрт орохгүй бол гомдчихдог нөхөр. Шилдэг улстөрч, шилдэг уулчин, тэргүүлэх хартай хүн (хар царайтай биш, шилдэг хар найзтай хүн, жишээлэхэд, Манделатай найзалдаг), топ шартай хүн (хор шартай биш онцгой сайхан шартдаг хүн)…гэхчилэнгээр шалгаруулалт болгоны нэгдүгээр байрт тэр л ордог байлаа. Ямар сайндаа, оны шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулахдаа шууд хоёрдугаар байраас эхлэн тодруулдаг уламжлал тогтох билээ.

Дараа нь тууз хайчлахын энтэй ба бас Ерөнхий сайдтай байлаа. Эхэндээ нээлтийн тууз хайчилдаг байснаа даамжраад хөндлөн даавуу л харагдвал тэсгээхээ больсон доо. Хөдөө, айлын гадаа сэмхэн давхиж очоод гэрийн бүсийг хайчлаад хаясан гэж байгаа. Гэр нь налмайгаад явчихаар айсан авгай, чавганц нар орилолдоод гараад ирэхэд мань эр алга ташаад зогсож байсан төдийгүй нэг бүрчлэн гар барьж баяр хүргэжээ. Цуу ярианд итгэх юм бол, охидын гэзэг хайчилсан явдал бий гэлцдэг.

Ихэнхдээ, иймэрхүү дон сайн юманд хүргэдэггүй. Хөөрхий ардын засгийн анхны Ерөнхий сайд коминтерний төлөөлөгчийн гарыг хайчлах гэсэн хэрэгт орооцолдоод дууссан. Харин нэгийн донтой нөхөр маань хэцүү нэртэй (Авто техникийн газар) газрын тусгүй жагсаалтын нэгт ороод баларсан. Цуу ярианд үнэмших бол, уг жагсаалтыг шалгаруулалт гэж андуураад зориуд өөрийнхөө нэрийг толгойд нь бичүүлснээс болсон ч гэдэг.

Тууз хайчлагчийн тавилан ч сүрхийгүй үлджээ. Тэрээр тун ч “болохгүй хүн”-ий улаан зангиаг тууз гэж андууран хайчлаад тэрнээсээ эсэн юм болсон гэх. Болоод өнгөрсөн түүх иймэрхүү.

Харин одоогийн Ерөнхий сайд “нээх”-ийн донтой нөхөр таарчээ. Ерөнхий сайд болсныхоо маргааш л Сэлэнгэ аймагт огт өөр хүний бариулсан гүүрийг нээгээд эхэлсэн дээ. Буцах замдаа тааралдсан бүх айлын үүдийг нээгээд орхисон гэх. Нутгийнхан, ид хүйтнээр ирээгүйнх нь төлөө бурхандаа залбираад үлдсэн гэх.

Нээхийн амтанд орсон Ерөнхий сайд тэр эрчээрээ арваад жилийн өмнө барьсан Төмөртэйн төмөр зам болон олон жил ашигласан боловч олигтой нээж амжаагүй байсан Хүдрийн уурхайг хамтатган бас нээгээд буцсан байдаг.

Улмаар, Дорнод аймагт очиж хэд хэдэн хуучин обьект нээснээр зам нь шулууджээ. Дараахан нь амаржих газартай танилцаж явахдаа, “төрөх гэж байгаа эхийн савны ам нээгдэж байна” гэлцэхийг дуулаад “Би очиж нээнэ” хэмээн сандаргасан гэдэг…

Одоо, Их тэнгэрийн буудлын буфетыг өглөө болгон нээж санаа нь амраад ажилдаа явдаг гэсэн. Хэрвээ худалдагч охин түрүүлж ирээд буфетээ нээчихвэл аймаар гомдоод, “тэгүүл би ажилдаа явахгүй” гэж тийчлээд, аргаа барсан комиссарууд нь дэлгүүрээс шилтэй өгөрций авчирч, мань эрээр онгойлгуулж (үүнийгээ “өгөрций нээх ёслол” гэж хэлдэг) баймаажин Засгийн газрын хуралдаанд авчирсан дуулдана.

Занг нь андахгүй болсон сайдууд хуралдаан эхэлмэгц гэрээсээ авчирсан хайрцагтай жигнэмэг, лаазтай молоонк зэргээ гаргаж Ерөнхий сайдаараа “нээлгэн” баярлуулна. Нөгөөдүүл нь Ерөнхий сайдаа улам баярлуулах гэж цүнх, цүнх нээх болон онгойлгох юм зөөгөөд Засгийн газрын хурал юм ярих завгүй болсон гэх. Ганцхан удаа л асуудал хэлэлцэж шийдсэн нь БНУ тунхагласан ойн өмнөх ажлын өдрийг амралтын өдөр болгосон тогтоол аж. Үүндээ урамшсан Ерөнхий сайд маань ямар ч асуудал танилцуулсан “Ерөөсөө амралтын өдөр болгоод л шийдчихье” гэх гээд байх болж гэнэ.

Ерөнхий сайд маань өдөржингөө юм юм нээж өчүүхэн ч чөлөө завгүй. Туслахууд нь бичиг сачиг танилцуулахдаа хүртэл хавтас цүнхэнд битүүмжлэн өгч өөрөөр нь нээлгэн баярлуулна. Орж ирсэн хүний цүнхийг комиссаруудаараа булаалган авч нээнэ. Зарим нэг цуурхалд, цай зөөгч охид түүний өрөөнд нь орохоосоо айгаад байгаа гэх. (Та нар юу гэж ойлгосон? Би бол косметикны савных нь тагийг нээнэ гэж дайрдаг байх гэж бодсон)

Хамаг анхаарлаа “юм нээх” асуудалд зориулдгаасаа болоод их мартамхай болсоон. Улаан цайм хэлчихээд “Би тэгээгүй” гээд гүрийчихнэ. Эртүүд , “сайд, дэд сайдын асуудлыг намын хурал шийдсэн” гэж ярилцлага өгчихөөд, залгуулаад “Би сайд, дэд сайдын асуудлыг намын хурал шийдсэн гэж хэлээгүй” сэдэвт хэвлэлийн хурал хийгээгүй юу? Дараа нь ярилцлага, хэвлэлийн хурал хоёроо хоёуланг нь үгүйсгэсэн нэвтрүүлэг хийлгээ л, айн? Ингээд зогссон бол их юм.

Саяхан манай Ерөнхий сайд Японд айлчлахдаа эзэн хаанд нь бараалхжээ. Оруутаа л

-Намайг Эрдэнэбат гэдэг гээд нэрээ хэлжээ

Хаан хариуд нь

-Сайн байна уу, Эрдэнэбат аа гэхэд, манай хүн

-Би нэрээ Эрдэнэбат гэж хэлээгүй хэмээн зүтгээд, ээ базарваань. Үүнийг харсан япончууд яг өгөх гээд тоолж байсан мөнгөө буцаагаад далд хийчихжээ.

Энэ бүхнээсээ ч болсон юм уу, даргадаа загнуулсаар байгаад юу яачихав уу, сүүлийн үед өөрөө мэдэж үг хэлэхээ байсан гэнэ. (Зарим нэг цуу яриагаар бол, дарга нь орой дуудаж авчраад “Яах гэж тэгж хэлсэн. Дахиж тэгэхээ байх уу, чи” гэж загнан, толгой руу нь укааскаар тоншсоор байгаад хачин болгоцон ч гэх юм билээ)

Үүнээс хойш, Ерөнхий сайд маань ерөнхийдөө л тиймэрхүү болцроод,

-Сайн байна уу гэхээр хариу мэндлэхийн оронд утасдаж “юу гэж хариулах нь зөв бэ, дарга аа” хэмээн асуух болсон гэлцэнэ.

Саяхан, Монгол Улсын Ерөнхий сайдаас ярилцлага авахаар ирсэн ВВС-гийн сурвалжлагч

-Та Монгол Улсын Ерөнхий сайд мөн үү, гэхэд

-Би даргаасаа асуучихаад ирье гээд дэгдчихжээ…тэгээд таг болж, болж ирээд

-Та тэгж асуугаагүй. Худлаа ярьж байна хэмээн дүрэмджээ.

Энэ бүхнийг эс тооцвол сүрхий боловсролтой, ер нь хэл устай, Сэлэнгийн хүн болохоор наймааны орос хэл сайтай гэнэ. (Хятад хэлтэй гээгүй гэдгээ онцлон тэмдэглэмээр байна) Ерөнхий сайд болсон өдрөө л Оросын Ерөнхийлөгч В.Путин руу залгаж “Драасчий кампаань, Я Эрдене-крепкий. Общий минийстр Монголий, У мэня еще многоо министранты и министрацы. Боонд еэст, еэст моноог. Бензээн ест? Сколько гэжээнэ” хэмээн эдийн засгийн чухал сэдвээр ярилцжээ.

Энэ бүхнийг эс тооцвол түүнийг орон даяар хүндэлж, хайрлаж байна. Жишээ нь, түүний нэр хүндийг өргөх үүднээс төгссөн сургуулийнх нь нэрийг шинэ, хуучин алинаар нь ч: Худалдааны техникум, Худалдаа үйлдвэрийн дээд сургууль гэхчилэн тэмдэглэхийг больсон байна. Харин сургуулийг нь “Худалдаар идж Үйлдвардын Оксфоорд, мэргэжлийг нь “төрийн нябо” хэмээн өргөмжлөн, намтарт нь тэмдэглэх болжээ. Харин суманд нябо байсан хэсгийг нь “Засгийн газраас суманд суух санхүү-эдийн засгийн тусгай агент (зарим мэдээлэлд “эдийн засгийн агент-007” гэсэн тал ч байна) болгон дурдаж эхэлжээ.

Түүнчлэн Иргэний бүртгэлийн газраас хотын паспорт шинээр бичиж олгохдоо, оюутан байсан жилийг нь Улаанбаатарт амьдарснаар тооцон “дөрөв гаруй, бараг таваад жил” болгосноо уламжилж, баяр хүргэсэн байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоогийн “Нам үхжээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай хийсэн ярилцлага оржээ. Тэрээр оффшорын хуулийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Хэрвээ гишүүдийн хэлээд байгаагаар оффшорын хуулийг баталбал Үндсэн хууль зөрчинө хэмээн тэр үзэж буйгаа ярилцлагадаа дурджээ.Үргэлжлэлийг тавдугаар нүүрээс уншаарай.

“МАН-ыг төр барьж байгаа цагт Далай лам Монголд хөл тавихгүй юм байна”нийтлэл хэвлэгдлээ. Гадаад хэргийн сайдын хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор энэхүү нийтлэл хэвлэгдлээ.

Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдааны талаарх мэдээллийг өнөөдрийн дугаараас хүлээн авч болох юм.

УИХ-ын дарга М.Энхболдын 20-ны өдрөөс Кувейт улсад хийсэн албан ёсны айлчлалын талаарх мэдээллийг мөн хүргэж байна.

Өдрийн сонин өнөөдрийн дугаартаа энэ онд болж өнгөрсөн онцлох 10 үйл явдлыг нэрлэлээ. Та бүхэн таалан болгооно уу.Та бүхний санаа бодолтой хэрхэн нийлж байгаа талаар сонирхоорой.

Урлаг, спортын буландаа Улсын филармонийн гоцлол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Насанбуянтай хийсэн ярилцлагыг онцоллоо. Тэрээр өөрийн уран бүтээлийн сонин сайхнаас хүүрнэжээ. Өнөөдөр Филармонийн хамт олон “snow melody”тоглолтоо хийх юм. Энэхүү тоглолтоороо шинэ жилийн шинэ болоод хуучин дуунуудыг сэргээн дуулах гэнэ.Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлэн “Цахим сонин”-оос хүлээн авч уншаарай. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан маргааш үргэлжилнэ

17:42 цагт С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван сэжигтэн мэдүүлэг өгсний дараа өнөөдрийн шүүх хурал завсарласан юм. Хурлыг маргааш Цагдан хорих 461 дүгээр ангид 10:00 цагт үргэлжлүүлэх юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 234.2-т “Шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж заасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Шингэн саван ууж амиа алдагсдын тоо 60 хүрч, Эрхүү мужид онц байдал зарлалаа

Биеийн шингэн саванг согтуурах зорилгоор уусан хүний тоо 100-г давж, амиа алдсан хүний тоо 60 хүрсэн тул Эрхүү мужид онц байдал зарлажээ.

Өнгөрсөн шөнө хордож үхсэн хоёр хүний цогцос орон сууцнаас нэмж олсноор амиа алдагсдын тоо 60 болсон тухай Эрүүл мэндийн яамны бүс нутаг хариуцсан төлөөлөгч Татьяна Шкурская өнөөдөр мэдээлсэн байна.

Хэрэг явдалтай холбогдуулан Эрхүү мужийн захирагч Сергей Левченко Мягмар гарагт захирамж гаргаж бүх дэлгүүрүүдэд спиртийн хольцтой угаалгын шингэнийг зарахыг хоригложээ.

Хэргийг шалгаж дуустал уг хориг хүчинтэй байх гэнэ. “Боярышник” буюу долоогоно хэмээх нэртэй уг угаалгын шингэнийг спиртийн найрлагатай гэсэн шалтгаанаар зарим иргэд авч уух болжээ.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр уг бүтээгдэхүүнд архинд байдаг этанол биш харин метанол хэмээх спиртийн төрөл байгаа нь хүмүүсийг үхэлд хүргэж байгаа гэнэ.

ОХУ даяар согтууруулах ундаа хэрэглэгчдийн 20 хувь орчим нь зориулалтын бус эм, үнэртэн, гоосайхны бүтээгдэхүүн ууж согтуурдаг тухай албаны тоо баримт байдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэргийн шүүх хурал дээр дөрвөн цагийн турш ялын дүгнэлт уншив

С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван сэжигтнүүд мэдүүлэг өгсний дараа өнөөдрийн шүүх хурал 17 цаг 42 минутад завсарлажээ. Хурлыг маргааш Цагдан хорих 461 дүгээр ангид 10:00 цагт үргэлжлүүлнэ.

Өнөөдөр Улсын яллагч Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар дөрвөн цагийн турш ялын дүгнэлтийг уншиж танилцуулжээ. Шүүх хуралдаан өнөөдөр дундаа таван минут завсарласан байна. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар татагдаад буй. Харин гэрчээр Г.Чулуунбат нарын хоёр хүн оролцож байна. Шүүх хурлын өмнө С.Оюунчимэг өмгөөлөгчийн даралт ихэссэн байна. Хорихын эмч ирж үзээд даралтны эм өгсөн гэнэ. Өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч Шүүх бүрэлдэхүүн хүлээж авалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр дүүргийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр нийслэл хот болон дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаар дүүргийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг үүрэгдлээ. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг товчлон дурьдвал,

-2016 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулж ирэх онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх,

-Нийслэлийн Засаг даргын санаачилсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг сурталчлах, иргэдээс санал авах асуудалд онцгой анхаарч дэмжлэг үзүүлж ажиллах,
-Энэ сарын сүүлээр хүйтэрч, цас орох төлөвтэй байгаа тул дүүргүүд нутаг дэвсгэр дэх явган хүний зам, гарц дээрх цасыг тухай бүрт нь арилгахдаа аж ахуй нэгж, байгууллагуудаа татан оролцуулах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахад анхаарах,

-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг бүхий талаар дэмжих, бага насны хүүхдүүдэд аль болох өрхөөр нь явж эмнэлгийн тусламж үзүүлэх, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүртээмжийг нэмэгдүүлэн хангах,

-Агаарын бохирдлоос хүүхдүүдээ хамгаалах зорилгоор хэт их бохирдолтой бүсэд байгаа гэр хорооллын 51 сургуулийн бага ангийн сурагчдад амны хаалт тараах, 50 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч суурьлуулахаар болсон. Энэхүү ажлыг зохион байгуулалт, удирдлагаар ханган ажиллах,

-Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, зөвшөөрөлгүйгээр байршуулсан, шаардлага хангахгүй том, жижиг сурталчилгааны самбаруудыг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөхөд хяналт тавьж, дахин зөвшөөрөлгүй ТҮЦ, самбар байршуулахгүй байх асуудлыг биечлэн хариуцах,

-Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр дүүргийн Цагдаагийн хэлтэс, Олон нийтийн цагдаагийн ажилтан, Хэв журмын урамшуулалт эргүүл болон сайн дурын оролцоонд тулгуурласан эргүүлийн ажиллагааг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаваруудыг өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын шимтгэлээ төлөөгүй иргэд он гараад 138240 төгрөг төлнө

2016 онд ЭМД-ын шимтгэлээ төлөөгүй иргэд дараа онд төлсөн тохиолдолд ЭМД-ын шинэчилсэн хуулийн дагуу үндсэн шимтгэлээс гадна төлөх ёстой шимтгэлийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль /138240 төгрөг/ төлөх болжээ.

ЭМД-ын шинэчилсэн дагуу 2016.01.01-нээс эхлэн ажил хөдөлмөр эрхлээгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд ЭМД-ын шимтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар /192000*2%/ жилд 46080 төгрөг, оюутан болон мэргэжлийн сургуульд суралцагч жилд 23040 төгрөгөөр тооцон төлүүлж байхаар заажээ.

Тиймээс иргэд ЭМД-д хамрагдах иргэд иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, хаягийн шинэчилсэн бүртгэл, түр оршин суугаа иргэн хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхээ хаясан иргэд иргэний үнэмлэхний лавлагаа авч ирж ирэх шаардлагатай юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-2017 наадмын бүртгэл эхэлжээ

Яруу найрагчдын хүсэн хүлээдэг “Болор цом” яруу найргийн наадам энэ жил 34 дэхь удаагаа болох гэж байна. Энэ жилийн наадмын онцлог нь “Эрээн цавын эвдрээгүй найрагч” хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн төрсөн нутагт болж буйгаараа онцлог юм. Мөн тэрхүү агуу найрагчийн мэндэлсний 70 жилийн ой 2017 онд болох юм байна.

Оны шилдэг яруу найрагч шалгаруулах “Болор цом” тэмцээн жил бүр бууриа сэлгэж монгол орноо нар зөв тойрон зохион байгуулагддаг. Тэгвэл энэ жил Дорнод аймгийн Чойбалсан хотод нэгдүгээр сарын 28-нд болохоор болжээ.

Наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг 12-р сарын 20-ноос 2017 оны нэгдүгээр сарын 20 хүртэл МЗЭ-ийн байранд хүлээн авах юм байна.

Дашрамд дурдахад өмнөх жилийн “Болор цом”-2016 наадамд Утга зохиол Нийгмийн ажилтны дээд сургуулийн төгсөгч Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг” шүлгээрээ түрүүлж байсан билээ. Ингээд түүний шүлгээс сонирхуулъя.

О.ӨНӨР