Categories
мэдээ нийгэм

Монголын түүхийн ховор гэрэл зураг, түүхэн баримтыг дэлгэн үзүүлнэ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, МҮОНРТ, “Их говийн нүүдэл” ТББ хамтран “ХИЛ ДАМНАСАН НҮҮДЭЛ, СУУДАЛ: ШАЛТГААН, ҮР ДАГАВАР (1930, 1940-өөд он)” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 10:00 цагт Гандагтэгчинлин хийдэд зохион байгуулна.

Хуралд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нараас гадна эрдэмтэн судлаачид, түүх сонирхогчид, лам хуварга, хөдөө орон нутгийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцох юм.
Хурлаар хил дамнасан нүүдлийн талаар 2016 онд Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагт явуулсан хээрийн судалгааны үр дүн, судалгааны үр дүнд хөдөө орон нутгийн ахмад настнуудын дунд явуулсан аман түүхийн сонирхолтой мэдээ баримтыг сонирхуулахаас гадна зарим ховор гэрэл зураг, түүхэн баримтыг дэлгэн үзүүлэх болно.
Коминтерны зүгээс Монгол оронд улс төрийн тоталитари дэглэмийг тогтоох, хүн амын чинээлэг хэсгийн хөрөнгө, малыг хураан авах, малчдын хувийн мал сүргийг нийгэмчилж, коммунист хамтын аж ахуйнууд байгуулах, худалдаа, тээвэр, үйлчилгээний салбар дахь хувийн хэвшлийн үйл ажиллагааг хориглох, гадаадын капиталыг улс орны эдийн засгаас шахан зайлуулах, сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож, хүн амын шүтэх бишрэх эрхийг боогдуулах зэрэг социалист зорилтуудыг хэрэгжүүлсэн билээ. Үүний уршгаар Монгол орон нийгэм эдийн засгийн гүнзгий хямралд орсон бөгөөд тэр нь богино хугацаанд улс төрийн хямрал болон хувирч, “төр засгийг” эсэргүүцсэн ард олны бослого хөдөлгөөн орон даяар гарсан юм. Эл улс төрийн тогтворгүй байдал нь ялангуяа хил дагуу байрладаг аймгуудад нөлөөлж худал үнэн цуурхал нь ард олныг хамран нутаг орноосоо дайжин нүүх хөдөлгөөнийг эрчимжүүлжээ.
Тэрчлэн зүүнтний үед явуулсан “феодал”-ын хөрөнгө хураалт, жасын кампани, хамтрал коммуныг олноор нь байгуулж, нам, төрийн шалгалт зохион явуулсан зэрэг нь хувиар хөдөлмөр эрхлэгч, эд хөрөнгөөр чинээлэг хувийн аж ахуйтны өмчийг эздээс нь салган авч эзэнгүйдүүлсэн, хүмүүсийн сэтгэл санааны тогтвортой байдлыг алдагдуулан, төрд итгэх итгэлийг хөсөр таягдахад хүргэсэн билээ. Ард олны дургүйцэл янз бүрийн хэлбэрээр илэрч байсны дотор 1930 оны эцсээс Өмнөговь, Алтай зэрэг аймгаас айл өрх, ард олноороо оргож хил даван нүүх, дүрвэх зэрэг үзэгдэл гарч эхэлсэн байна.
Эл дүрвэх хөдөлгөөнд Монгол Улсын хилийн дагуу орших засаг захиргааны одоогийн хуваариар Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгууд хамрагджээ. Эндээс үзвэл хил даван дүрвэх явдал хил залгаа бараг бүх аймгийг хамарсан хөдөлгөөний хэлбэртэй байв. Дүрвэгсдийн дотор лам, хар, феодал агсад, нам, эвлэлийн гишүүд хүртэл оролцсон юм.
1933 оны байдлаар БНМАУ-ын баруун ба баруун өмнө талын аймгуудаас бүрэн бус тоогоор 940-аад өрх айл буюу нэг өрхөд дундажаар 3-4 хүнтэй гэж тооцоход 37 700 орчим хүн дүрвэн гарчээ. Эл дүрвэх хөдөлгөөн хил орчмын нутгийн арав орчим аймагт өрнөсөн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар (бүрэн бус мэдээ) 11 700-аад өрх бүхий 47 000 орчим хүн хамрагджээ. Дүрвэх хөдөлгөөнийг таслан зогсоох үйл ажиллагааг ДХГ авч явуулахдаа, комисс томилон дүрвэгсдийн дунд соёл боловсрол, гэгээрлийн ажлыг зохиож, ард олныг төвхнүүлэх, суурьшуулах ажлыг гүйцэтгэсэн, нөгөөтэйгүүр, тагнуулын ажлыг сайтар явуулсан, тэрчлэн хил хамгаалалтыг бэхжүүлэхэд анхаарсан ба хил даван нүүсэн ард олныг эх нутагт нь буцаан авчрах ухуулан таниулах ажлуудыг эрчимтэй хийсний үрээр олон зуун өрх айл эх орондоо эргэн ирсэн билээ.
Ийнхүү ард олны дотор бухимдал үүсч, хөдөлгөөнд орсон эл үед Засгийн газрын зүгээс анги ялгаварлах бодлогыг хатуугаар баримталж байсан нь дүрвэх хөдөлгөөнийг намжаах бус харин ч улам гааруулж, цаашдаа зэвсэгт бослого болон даамжрах үндсийг бүрдүүлсэн юм.
Эрдэм шинжилгээний хурлын талаар лавлах зүйл байвал дараах утсанд холбогдоно уу. 95641409, 99150893, 11-458305.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ес эхэллээ

Өнөөдөр балчир гурван ес эхэлж байна. Мөн жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохионо. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг балчир гурав, идэр гурав, өтөл гурав гэж хуваагдаг. Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч Монголчууд хаврын улиралтай золгодог. Хэдийгээр нар наашилж байгаа ч Монгол тооллоор өнөөдрөөс хүйтний эрчийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлнэ. Өвлийн ес эхлэнгүүт мал ахуйгаа адгуулан хариулах үйлд ч бас өөрчлөлт орж, үслэг зузаан хувцас хунараа өмсөн хээрийн бэлчээрт явах нь ихэсдэг.

Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг. Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн ес гэж нэрлэдэг ажээ. Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог байна.

Үүнд,

БАЛЧИР ГУРВАН ЕС

Нэг есд нэрмэл архи хөлдөнө
Хоёр есд хорз архи хөлдөнө
Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

ИДЭР ГУРВАН ЕС

Дөрөв есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
Таван есд тавьсан будаа хөлдөхгүй
Зургаа есд зурайсан зам гарна

ӨТӨЛ ГУРВАН ЕС

Долоо есд довын толгой борлоно
Найман есд нял шал болно
Есөн есд ерийн дулаан болно гэдэг билээ.

Сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн наян нэгэн хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Монголын тусгаар тогтнолын түүхийн судалгаа” сэдэвт лекц болно

БСШУСЯ, ШУА хамтран “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг олон нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа билээ. Энэхүү цуврал лекцийн хүрээнд ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, дэд профессор Н.Хишигт өнөөдөр “Монголын тусгаар тогтнолын түүхийн судалгаа” сэдвээр олон нийтэд лекц уншина. Лекц 15.00 цагт “Танан” төвийн хурлын танхимд болох юм.

Энэхүү лекцээр “Монголын тусгаар тогтнолын түүхийн судалгаа” сэдвийн хүрээнд 1945 оны бүх нийтийн санал хураалтын түүхийн зангилаа асуудлуудыг дэвшүүлэн тавьж, архивын эх баримт, гэрэл зураг болон сүүлийн үеийн судалгааны үр дүнд тулгуурлан харуулах юм байна. ХХ зуунд монголчууд тусгаар тогтнолоо хөрш орнууд, олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хэдэн арван жилийн туршид улс төр, гадаад бодлогын идэвхтэй үйл ажиллагааг явуулахдаа олон бодит бэрхшээлийг даван туулахын хамт хиймэл сорилтыг ч бас хүлээж байсан нь тусгаар тогтнолоо батлах бүх ард түмний санал хураалт байв.

Сэдвийг хөндөх нь нэгд, Монголын тусгаар тогтнолын түүхнээ онцгой байр эзлэх нэн чухал үйл явдалд холбогдох асар их хэмжээний материалыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, дэлгэрүүлэн судалж шинэ мэдлэг бий болгох судалгааны зорилтоор; хоёрт, Монголын ард иргэд язгуур эрх ашгийнхаа төлөө тусгаар тогтнолоо батлах санал хураалтад нэг хүн мэт оролцсон түүх, үнэ цэнэ, сургамжийг үндэсний ой санамжид баттай суулгах ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна.

Мөн оффшор дансны тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх тов гарчээ.

Түүнчлэн Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

“Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.

Categories
гадаад мэдээ

Карловт ОХУ-ын баатар цолыг нэхэн олголоо

Анкара хотод алагдсан Оросын Элчин сайд Андрей Карловт ОХУ-ын баатар цолыг нөхөн олгосон зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан тухай Кремлийн албан ёсны сайт лхагва гаригт мэдээлжээ.

Кремлийн албан ёсны төлөөлөгч ДмитрийПесков мэдэгдэхдээ, Карловыг хөнөөсөн хэргийн ард хэн зогсож байгааг тооцож тоолоход яарах хэрэггүй гэжээ. Үүнээс өмнө Туркийн ГХЯ-ны тэргүүн Мевлют Чавушоглу энэ хэрэгт исламын номлогч Фетхуллах Гюлен хамаатайг хэлж байв.

Элчин сайд 62 настай Карлов Анкара хотод арванхоёрдугаар сарын 19-ний өдөр гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт дээр алагдсан юм. Элчин сайдыг буудсан 22 настай, Мевлют Мерт Алтынташыг уг халдлагын дараа буудан устгасан байна. Түүний гэр оронд мөн буудлын түрээсийн байранд нэгжлэг хийх үеэр “Аль-Каида” байгууллага, жихадын ба гюленистуудын тухай ном товхимол илрүүлсэн байна.

Карлов 2013 оны долдугаар сард Оросоос Туркт суух Элчин сайдаар томилогджээ.Үүний өмнө Оросын ГХЯ-ны консулын газарт ажиллаж байв. Мөн тэрээр 2001-2006 онуудад Хойд Солонгост Элчин сайдаар ажиллаж байжээ. Дипломат албанд 1976 оноос хойш ажилласан юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Тавантолгойн хэлэлцээр үргэлжилж байна

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан хөрөнгө оруулагчтай хийх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр түншлэлтэй уулзлаа.

Уулзалтад Засгийн газрын ажлын хэсэг болон түншлэлийн гишүүн Монгол Улсын “Энержи Ресурс” ХХК, БНХАУ-ын “Чайна Шеньхуа Энержи” компани, Япон Улсын “Сумитомо” корпораци тус тус оролцов. Энэхүү түншлэл нь 2010 онд зарлагдаж, 2014 онд явагдсан сонгон шалгаруулалтанд шалгарсан боловч өнөөг хүртэл гэрээ, хэлэлцээ эцэслэн байгуулагдаагүй байна.

Уг сонгон шалгаруулалтад “Эрдэнэс тавантолгой” компанийн эзэмшдэг найман тусгай зөвшөөрлөөс зөвхөн зүүн, баруун Цанхи дахь дөрвөн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нүүрсний нөөцийг ашиглахаар Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Эдгээр дөрвөн тусгай зөвшөөрөлд хамаарах талбай дахь нүүрсний геологийн нөөц нь “Эрдэнэс тавантолгой” компанийн техник, эдийн засгийн үндэслэлд 2,2 тэрбум тонн гэж тооцсон байдаг.

Уулзалтын үеэр ажлын хэсгээс хэлэлцээний үндсэн нөхцөлүүд болох Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, Шеньхуа Энержи компани 49 хувь тус тус эзэмших зэрэг саналаа Засгийн газраас өгсөн удирдамжийн хүрээнд танилцуулав.

Мөн түүнчлэн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хугацааг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай уялдуулан 22 жил байх бөгөөд тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд гэрээний хугацааг сунгаж болохоор, түүнчлэн төслийн зорилтот зах зээлийг БНХАУ төдийгүй гуравдагч орон байх санал тавьжээ.

Төслийн хэрэгжилтэд Монгол компаниудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монголын дотоодын аж ахуйн нэгжийг сонгох, тэдгээр аж ахуйн нэгжтэй 5-аас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах саналыг ажлын хэсгээс тавьсан байна. Хэлэлцээний явцад тодорхой болгох шаардлагатай тээврийн тариф, хамтын ажиллагааны төлбөр зэрэг бусад үндсэн нөхцөлийн талаар санал солилцон хэлэлцээ үргэлжилж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Moon dance” хамтлаг тайлан тоглолтоо хийнэ

Дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн тэмцээнд тавдугаар байрт шалгарсан “Мoon dance” хамтлаг ирэх 2017 онд тайлан тоглолтоо хийхээр болжээ. Дэлхийн бүжгийн тэмцээнд европын орнуудаас гадна Азийн орнуудаа төлөөлж Монголын “Мoon dance” хамтлаг оролцсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний дөрвөн байрыг ОХУ-ын хоёр, Герман улсын хоёр баг эзэлсэн бөгөөд улсынхаа дарааллаар Монгол Улс гуравдугаар байрт шалгарсан юм.

“Мoon dance” хамтлаг саяхан өндөрлөсөн “Авъяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцсон ч шувтаргын наймд шалгарч үлдээгүй юм. Хэрэв уг шоуны шилдэг наймд үлдсэн бол шоугаа орхиж, дэлхийн аваргын тэмцээнээ сонгох байсан гэж тус хамтлагийн ахлагч хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэд ирэх жилийн дэлхийн аваргын наадмын бэлтгэлийг хийж эхэлсэн бөгөөд энэ удаагийн амжилтаа ахиулах зорилго тавьснаас гадна ирэх онд хамтлагийнхаа тайлан тоглолтыг ч хийхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн жилд 57.600 төгрөг ЭМД-д төлнө

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтоолоо.

Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4800 төгрөгөөр тогтоов. Ингэснээр тухайн иргэн Эрүүл мэндийн даатгалд жилд 57 мянга 600 төгрөг төлөх юм байна.

2016 оноос эхлэн хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж буй ялтан, дээрх хуульд заасан иргэний Эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийг Төр бус иргэн өөрөө хариуцдаг болж, сар бүр 3840 төгрөг улсад төлж байсан юм.

Харин их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн Эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд жилд 28 мянга 800 төгрөг төлөхөөр болжээ. Өмнө нь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 1920 төгрөгтэй тэнцүүлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Оюуны элч” шилдэг багшийг өнөөдөр тодруулна

Монголын залуу багш нарын холбооноос жил бүр уламжлал болгон шалгаруулдаг“Оюуны элч” шилдэг багшийг тодруулах ёслолын ажиллагаа өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны их танхимд болно. Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн залуу багш нарын төлөөлөл оролцож буй уг арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга, УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан зэрэг албаны хүмүүс оролцож санамж бичиг байгуулах юм байна. Монголын залуу багш нарын холбоог УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүлдэг юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс “Үдийн цай” хөтөлбөрт асуудал үүсч байна

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Танай байнгын хороонд сүүлийн үед ямар чиглэлийн өргөдөл, гомдол их ирж байна вэ?

-Өргөдөл, гомдол олон чиглэлтэй байна. Гэхдээ ирж байгаа өргөдөл, гомдлын 90 гаруй хувь нь хувийн шинжтэй. Оюутны төлбөр, эмчилгээний зардал, зээл зэрэг гол төлөв ахуйн чанартай хувь хүний хувийн асуудлыг шийдэх чиглэлд байдаг. Үлдсэн хувь нь нийтийг хамарсан, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлууд байна.

-Эцэг, эхчүүдээс сурагчдын “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотойгоор гомдол их ирж бүх газар дээр нь очиж ажилласан байна лээ?

-Баянзүрх, Чингэлтэй дүүргийн сургуулиудын сурагчдын эцэг, эхчүүдийн зүгээс Өргөдлийн байнгын хороонд “Үдийн цай” хөтөлбөр хангалтгүй хэрэгжиж байгаа тухай, үүнд анхаарал хандуулна гэсэн хүсэлттэй өргөдлүүд олон ирсэн. Манай байнгын хорооныхон хүсэлтийн дагуу дээрх хоёр дүүргийн сургуулиуд дээр очиж газар дээр нь байдалтай нь танилцсан. Нийслэлийн тавдугаар сургууль дээр очсон. Гурван мянга гаруй сурагчийнх нь 1600 нь “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг юм байна. “Үдийн цай” хөтөлбөр 2006-2007 оны хичээлийн жилд анх хэрэгжиж эхэлсэн. Тэгэхэд 1-3 дугаар ангийн хүүхдүүд хамрагдаж байсан. Нэг хүүхдэд 300 төгрөгийн зардал төсөвлөж байсан. Дараа нь 2008 онд энэ хөтөлбөрт 1-4 дүгээр ангийн хүүхдүүдийг хамруулдаг болоод нэг хүүхдэд оногдох зардлыг 400 төгрөгөөр тооцож байсан юм. 2012 оноос 1-5 дугаар ангийн хүүхдүүд хамрагдах болсон. Үндсэндээ жил ирэх бүр аль болох хамрагдах хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд ангийг нь ахиулаад байсан. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг хамруулдаг болгоод нэг хүүхдэд ногдох зардлыг 600 төгрөгөөр тооцсон.

Тавдугаар сургуулийн хувьд 600 төгрөгийг нь бага гэхээсээ илүүтэй хүүхдүүдэд халуун хоол, ундаагаар үйлчлэхгүй байна гэдэг гомдол ирсэн л дээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын газраас цайны газрын талбай стандартад нийцэхгүй, бага байна гээд халуун хоол, цай хийхийг нь хорьчихож.

-Тэгээд хүүхдүүдэд ямар хоол, унд өгч байна, тэнд?

-Нэг жижиг еэвэн, эсвэл нэг ширхэг кекс өгч байна. Тэгээд нэг аяга шүүс. Шүүс нь хүйтэн ч гэлээ, багш ажилчид нь хүйтэн улиралд ханиад томуу их байгаа болохоор чацаргана, аньсны шүүсээ өөрсдөө халаагаад өгч байна. Тэнд хүүхдүүддээ сэтгэлээсээ хандаж байгаа хандлага байна шүү. Мэргэжлийн хяналтын газар стандартын зүйл яриад түүнийг нь хангахгүй бол хаана, торгоно гэсэн ийм юм яриад байдаг. Нөгөө талд нь эцэг, эхчүүд болоод айл өрхийн ахуй амьдрал, эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Хүүхдүүдээ тэр “Үдийн цай” хөтөлбөрт нь хамруулаад хоол, цай идүүлчихье, хоолыг нь тэрүүгээр нь аргалчих юмсан, сургуулиас нь өдөрт ганц ч удаа болов хоол, унд өгчихээсэй гэсэн хүсэл нь маш их байгаа юм байна. Яагаад гэвэл өөрсдийнх нь амьдрал хүнд байгаа байхгүй юу.

Энэ нөхцөл байдлыг бид сайн бодолцох хэрэгтэй. Тавдугаар сургуулийн тухайд цайны газрынхаа талбайг томсгочих бололцоо нь байгаа байхгүй юу. Бид газар дээр нь очоод юу гэж дүгнэсэн бэ гэхээр бололцоо нь байгаад байхад хөөцөлдлөгөө алга. Дээр нь манай мэргэжлийн, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй байна. Үүн дээр сургууль нь өөрөө санаачилгагүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь хаагаад л яваад өгдөг. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм билээ. Улсын хэмжээнд 700 гаруй сургууль “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн 200 гаруйд нь иймэрхүү асуудал байна.

Тиймээс манай байнгын хороо ирэх долоо хоногийн хуралдаанаараа яг энэ “Үдийн цай” хөтөлбөрийн асуудалтай холбоотойгоор төрийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулаад үүний шийдлийг гаргана. Үүнээс гадна энэ хөтөлбөр дээр бас нэг асуудал байгаа нь 2014 оныг хүртэл тухайн сургууль сургууль дээрээ “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх компаниа олоод тэднийгээ өөрсдөө хянаад ажиллаж байсан юм байна. Гэтэл 2014 онд Нийслэлийн өмчийн харилцааны газарт сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх компанийн сонгон шалгаруулалтыг төвлөрүүлчихэж. Сонгон шалгаруулалтаар шалгараад тухайн сургууль дээрээ уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүд нь сургуулийн зүгээс өгдөг шаардлагуудыг үл биелүүлж, тоодоггүй болсон байна. Энэ нь эцэг, эхчүүдийн зүгээс гомдол гаргах бас нэг үндэслэл нь болсон. Тийм болохоор өмнөх шигээ сургуулийн зүгээс өөрсдөө хяналтаа тавиад явах бололцоог нь дахин олгох нь зүйтэй юм гэсэн дүгнэлтийг ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

-Ирэх сарын нэгнээс хэд хэдэн хууль хэрэгжиж эхэлнэ. Одоо УИХ-ын чуулганаар ч олны анхаарлыг татсан хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Эдгээр хуулийн төслүүдтэй холбоотой санал, гомдол ирж байна уу?

-Манай хорооны анхааралд нэг асуудал ороод ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжид хамрагдах хувийг бууруулчихсан. Тухайлбал, харааны чадамж нь 70 хувь байхад тэтгэмжид хамрагддаг байсан бол одоо “Та тэтгэмжид хамрагдахын тулд харааны чадамж тань 80 хувь руу орох шаардлагатай” гэж байна. Харааны чадамж нь бүр муудсаны дараа тэтгэмж авах боломжтой болох юм байна л даа. Энэ юу гэсэн үг вэ. Өнгөрсөн хавар ийм өөрчлөлт орсон юм байна. Үүн дээр маш олон өргөдөл, гомдол ирж байгаа. Үүнийг бас асуудал болгож хэлэлцэнэ.

-Байгаль орчны бохирдолтой холбоотой гомдол их ирж байгаа гэсэн?

-Ирж байгаа. Байгаль экологийн чиглэлээр манай хороон дээр олон өргөдөл гаргагчтай гомдол ирчихээд байгаа. Байгаль орчны хохирлыг нөхөн сэргээх асуудлаар ирүүлсэн өргөдлүүд дээр ажиллаад судалгаа хийгээд явж байна. Уул уурхайн компаниуд олборлолт хийчээд нөхөн сэргээлт хийхгүй, тэр чигээр нь орхичихдог. Нөхөн сэргээлтэд нь ямар арга хэмжээ авах юм бэ. Байгаль орчны яамны уул уурхайн компаниудаа шахаж, тэр нөхөн сэргээлтийг нь хийлгэмээр байна. Нөхөн сэргээлт хийгээгүй бодит жишээ, судалгаанууд нь ирчихсэн байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүй бол тэр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалдаг хууль бий. Энэ хууль хэрэгждэггүй. Тухайлбал, Туул голыг тойрсон 54 аж ахуйн нэгж элс, хайрга, дайрга олборлож байна. Тэд нараас ганц нь ч нөхөн сэргээлт хийгээгүй. Тэнд очоод үзэхэд талыг там болгочихсон байгаа. Хөрсөөр нь эргүүлээд хаячихсан. Тэнд нь бороо, цас орж хүмүүс хогоо хаяж, үхсэн мал, нохойгоо аваачаад хаячихдаг. Үнэндээ хүн явах боломжгүй, мал бэлчих газаргүй болчихсон. Ийм нөхцөл байдал улсын хэмжээнд олон бий. Нөхөн сэргээлт огт хийгдэхээ больсон.

-Ханиад томууны дэгдэлт өмнөх шигээ дэгдэж хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлдэхгүй л ажиллаж байна. Энэ талаар гомдол танай хороонд байнга ирдэг байх аа?

-Эмнэлгүүдийн ачаалал хоёр дахин нэмэгдээд байна. Эмнэлгүүд эмч, ажилтнуудынхаа өрөөг чөлөөлөөд өгчихөөр тэнд нь тавих ор дутчихдаг, эмч нар нь ачааллаа дийлэхээ больж дээрээс нь амьсгалын аппарат нь хүрэлцэхгүйн зовлон гарч ирдэг. Ийм асуудлууд гараад байна. Эмэгтэй гишүүд саяхан эмнэлгүүдээр явж ажилласан. Дахиж явж ажиллах шаардлага тулгарч байна. Эрүүл мэндийн яам дээр дурдсан дутагдаад байгаа зүйлүүдийг нөхөх чиглэлд ажиллахгүй бол болохгүй нь. Илүү цагаар ажиллаж байгаа эмч нарын илүү цагийн мөнгө нь олгогдохгүй байна. Ор, амьсгалын аппарат нь хүрэлцэхгүй байна.

Эмнэлгүүдэд согтуу хүн, өвчтөнүүд, хүүхдүүд хамтдаа ирээд уйлаан майлаан, агсам согтуу бүгд өрнөж байна. Энэ асуудал 2016-2020 онд хуулийг боловсронгуй болох үндсэн чиглэлд орчихсон байгаа ч их хойгуур байгаа. Тэр асуудлыг нааш татаж оруулж ирж яаралтай шийдвэрлэхгүй бол эмч нарын хувьд эмчилгээнд нь хамгийн их садаа болж байгаа зүйл нь согтуу хүмүүс болчихоод байна. Эмч нар согтуу хүнтэй зууралдаад байна. Үүнийг яаралтай шийдэх талаар Нийгмийн бодлогын байнгын хороонд санал гаргачихаад байж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан “Эрчүүдийн эсрэг хууль болж байна. Хүчирхийлэлд өртдөг эрэгтэйчүүд маш олон байдаг. Муухай ааштай, адайр зантай эхнэрүүд маш олон байдаг нь гэр бүлийн хүчирхийллийн галыг ноцоодог гол хүчин зүйл. Эр хүний ноён нурууг хугартал хэл амаар доромжилдог эмэгтэйчүүд олон. Тэр үед заримдаа тэвчихийн арга байдаггүй. Ийм эмэгтэйчүүдэд ч энэ хуулиар хариуцлага тооцох ёстой” гэсэн саналыг эрчүүлийн зүгээс гаргаж байгаа юм билээ?

-Хүйсийн тэгш байдлын асуудал ганцхан эмэгтэйчүүдэд хамаатай биш. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгмийн харилцаанд тэгш байх тухай асуудал. Сүүлийн үед эрчүүд ч гэсэн биеийн хүчний биш юмаа гэхэд сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байгаа гомдлууд байгаад байгаа юм. Тэгэхээр энэ хууль эмэгтэйчүүд, хөгшчүүл, хүүхдүүдэд л үйлчлэх хууль гэж эндүүрч болохгүй. Нөгөө талаас хүүхдээ гэртээ оройтоод ирэхээр аав нь хатуухан үг хэлчихээр тэр нь хүчирхийлэл болчих гээд байна гэх зүйлийг яриад байгаа. Тэгэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ганцхан эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хамаатай биш хүчирхийлэлд өртөж байгаа хүн болгонд зориулсан хууль. Бүгдэд нь үйлчилнэ. Түүнээс гадна эрэгтэй талдаа илүү сөрөг байна аа гэж ойлгоод байгаа бол хайр нь дотроо хал нь гаднаа байдаг аавуудад чиглэсэн хууль биш шүү. Дөрвөн настай дүүгээр нь заазуур авчруулаад зургаан настай ахыг нь заазуурдсан тэр харгис эцэг, тийм үйлдэл гаргадаг хүмүүст л чиглэсэн хууль юм. Хамгийн гол нь та гудамжинд хүнийг алгадчихвал гэмт хэрэгтэн болдог. Гэртээ хүн зодчихоор зөрчил болчихдог. Энэ байдлыг л үгүй хийж байгаа юм. Гэхдээ гар хүрсэн юм уу, ямар нэг хүчирхийлэл үйлдсэн эрчүүд шууд шоронд орчих асуудал биш. Сургалт явуулах, гэр бүлээс нь тусгаарлах зэргээр гадаад улс орнуудад хэрэглэдэг гэхдээ монгол орчинд, Монголын хөрсөнд буух тийм зохицуулалтуудыг хийсэн байгаа юм. Өмнөх хууль нь их сайн хууль болсон. Шинээр гарсан ажлын хэсэг тэр өмнөх хуулиас юуг нь өөрчилсөн юм, ямар давуу тал, дэвшил гарав, ямар заалтыг өөрчилж тусгаж байгаа юм гэдгээ тодорхой хэлмээр байгаа юм. Шуурхай ажиллах шаардлага байна. Ажлын хэсгийн түвшинд удаашралтай ажиллаж байна гэж дүгнэж байгаа учраас УИХ-ын чуулган дээр Хууль зүйн байнгын хороонд шаардлага тавьсан. Энэ хуулийг хурдан гаргах шаардлагатай.