Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын Цагдаагийн газар тайлангийн хурлаа хийлээ

Улаанбаатар хотын Цагдаагийн газар жилийн тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ. Тус цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нь Монгол Улсын хүн амын 50 гаруй хувьд үйлчлэн ажилладаг. 2016 оны хувьд Улаанбаатар хотын хэмжээнд 323 141 өргөдөл, гомдол хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.5 дахин өсч улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 72.2 хувийг эзэлж байгаа юм. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 65.9 хувийг шалгаж шийдвэрлэн ажилласан, Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд 16 689 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеийнхээс 1.5 хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт 61.5 хувьтай байгаа нь урд оны мөн үеийнхээс 3 хувиар өссөн байгаа аж. 2016 онд болж өнгөрсөн УИХ-ын сонгууль, Ази Европийн дээд хэмжээний уулзалт АСЕМ зэрэг олон томоохон арга хэмжээнүүдэд хэв журмын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус тайлангийн хуралд оролцлоо. Өнгөрсөн онд ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучилж амжилттай ажилласан Цагдаагийн тасаг, хэлтэс болон, шилдгээр шалгарсан алба хаагчдийг шагнаж урамшуулав. Тэрбээр тайлангийн хурал дээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын Цагдаагийн газар нь ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж, төр түмнээрээ үнэлүүлэн хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан арвин их амжилтаар шинэ оноо угтаж байгаад нийслэлийн иргэдийнхээ болон өөрийнхөө зүгээс баярын мэнд хүргэж байна. Өнгөрч буй онд нийслэлээс УБХЦГ-тай хамтран иргэд олон нийтийг татан оролцуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Хэв журмын урамшилт эргүүл”, “Оюутан цагдаа” зэрэг олон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ирэх онд УБХЦГ-ын хамт олонтой нягт хамтран ажиллаж, хийж хэрэгжүүлэх ажлуудын томоохон зорилтыг төлөвлөгөөндөө тусгаад байна” хэмээлээ.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Манай хамт олон ирэх 2017 онд хууль ёсыг дээдлэн, нийслэлчүүдээ түшиж, иргэддээ улам ойртон үйлчилж, хүнлэг, энэрэнгүй, чин шудрагыг эрхэмлэн ажиллаж, хуулиар хүлээсэн чиг үүрэг, өргөсөн тангараг ёсоор төр түмнийхээ итгэлийг хүлээхийн төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан улсынхаа нийслэлийн хөгжил цэцэглэлтэд бодитойгоор хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно” хэмээсэн юм гэжнийслэлийн ЗДТГын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бус тээврийн хүйлчилгээнээс татгалзахыг уриалав

Хууль бус буюу холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр орон нутаг руу зорчигч тээвэрлэж буй жолооч нарын буруутай үйлдлээс шалтгаалан орон нутгийн замд осол гарах тохиолдол нэмэгдэж байгааг өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)наас мэдээлэв.

Энэ онд орон нутгийн замд 334 хүн нас барсны дийлэнхийг хууль бус тээвэрлэлт эзэлж байгааг албаныхан хэлж байна. Хууль бус тээврийн үйлчилгээ үзүүлж буй иргэд ихэвчлэн техникийн үзлэгт хамрагдаагүй автомашин ашигладаг бөгөөд ингэхдээ ачааны даац, хүний тоо болон орон нутгийн замд хурд хэтрүүлсний улмаас осол, аваарт ордог байна. Иймд иргэдийг амь нас, эд хөрөнгө, эрүүл мэнд хамгаалж, албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг ЗТХЯ-наас уриалав.

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-тэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттайгаас гадна осол саатал гарсан тохиолдолд галт тэргэнд шилжин суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгодог бөгөөд тээврийн хэрэгслүүд нь техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагддаг аж. Одоогоор АТҮТ-аас 51 аж ахуйн нэгжтэй хот хоорондын зорчигч тээврийн үйлчлгээ үзүүлэх гэрээ байгуулсан байна. Дээр аж ахуйн нэгжүүд улсын хэмжээнд 71 чиглэлд 45 хүний суудалтай том оврын автобус 554, 24-36 хүний суудалтай дунд оврын автобус 109, бага оврын автобус 19, 245 суудлын автомашин, 1154 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэл хийж байна.

Харин хууль бус зорчигч тээврийн 3000 орчим жолооч байгаа аж. АТҮТ болон Замын цагдаагийн албанаас нийслэлээс орон нутгийг зорих автозамуудад 24 цагийн турш хяналт, шалгалт хийж, хууль бус тээвэрлэлтийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ авч байгаа аж.

ЗТХЯ-наас салбарын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүкт “Зам, тээврийн хөгжил” групп нээн ажиллуулж байгаа аж. Иргэд уг группт нэгдсэнээр хууль бус тээвэрлэлтийн талаар мэдээлэл өгөх, гомдол, хүсэлт гаргах, боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

“Монголын археологийн сонгомол өв” хэвлэгдлээ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн “Монголын археологийн сонгомол өв” хоёр боть ном уншигчдын гарт очлоо.

Доктор, профессор С.Чулуун, доктор, профессор Д.Цэвээндорж нарын баг эрдэмтдийн бүтээсэн “Монгол археологийн сонгомол өв” 6 боть цуврал бүтээл нь 2016 оны “Шилдэг бүтээл”-ээр шалгарсан юм. Тус бүтээлийг эмхэтгэн 2 боть болгон хэвлүүлсэн нь энэ юм.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт болсон номын нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, номын зохиогчид болон бусад зочид төлөөлөгчид оролцов.

Categories
гадаад мэдээ

Сахарын цөлд 37 жилийн дараа цас оржээ

Алжирийн Айн-Сефра хот дахь Сахарын цөлийн хойд хэсэгт цас орсон талаар дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Африкийн хойд хэсгээр 37 жилийн дараа цас орж буй нь энэ юм. Цас орсонд нутгийн ард түмэн баярлан хүлээж авсан бөгөөд бяцхан баяр наадам ч хийжээ. Харин тэнд ирсэн жуулчид цагаасаа эрт буцацгааж байсан гэнэ. Цас орж хүйтрэх нь далдуу модыг идсэн хорхой шавьжийг устгах сайн талтай учир ургац арвин байна гэж нутгийн иргэд үзэж байгаа юм байна.

Уг байгалийн ховор үзэгдлийг зургийг гэрэл зурагчин Карим Бучетата авчээ. Энэхүү ховор үзэгдлийг хараад тэрээр дуу алдаж байжээ.

Сахарын цөлд хамгийн сүүлд 1979 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр цас орж байсан хэмээн албаныхан мэдээлэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглов

ОХУ-д үйлдвэрлэсэн “Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг Монголын хилээр нэвтрүүлэхийг хориглосон талаар МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар мэдээлэв.

ОХУ-д метилийн спирт болон антифриз хэмээх хөлдөөх шингэн агуулсан “Боярышник” гоо сайхны бүтээгдэхүүн уусны улмаас 58 хүн нас барж, 13 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар, ОХУ-ын холбогдох албаныхан дээрх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хувийн цехийн хоёр эзнийг нь саатуулсан. Мөн цехээс “Боярышник”-т ордог 500 литр түүхий эд болон “Белая береза”, “Царская водка”, “Пшеничная”, “Финское серебро” гэх нэртэй архи, дарс байсныг хураан авчээ.Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагчийн үүрэг даалгаврын дагуу хилийн боомтуудаар нэвтэрч буй хүнсний бүтээгдэхүүн, архи согтууруулах ундаанд тавих хяналтыг чангатган ажиллаж байна. Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн “Боярышник” нэрийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 80 хувь нь асуудалтай гэв

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Хууль тогтоомжийн төслийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл өнөөдрийн хэлэлцүүлгийн хуваарьт байхгүй байна. Ондоо багтаж энэ асуудлыг хэлэлцэж дуусгах хэрэгтэй” гэсэн асуудлыг тодруулахад Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Байнгын хороодоор асуудлыг хэлэлцээд дуусч байна. Хууль зүйн байнгын хороон дээр асуудлыг нэгтгээд ирэх долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ” гэсэн тайлбар өгөв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг ондоо багтаж хэлэлцэж дуусах хэрэгтэй гэсэн санал гаргасан бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд хаалттай горимоор хэлэлцэх хэрэгтэй гэв. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл утаа болон ханиад томууны асуудлыг яаралтай хэлэлцэх саналтай байгаагаа хэлсэн. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, “Одоо шууд хэлэлцэхэд мэдээлэл бэлэн биш. Засгийн газрын мэдээллийн цагаар сонсоё” гэсэн чиглэл гаргав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт болох 200 хуудас материалыг үзэж танилцах шаардлага тавьлаа. Иймээс АН-ын бүлэг завсарлага авч байгаагаа мэдэгдсэн ч завсарлагаа хэдий хугацаатай авч байгаагаа хэлээгүй тул олонх завсарлага авч хугацаа алдах шаардлагагүй гэсэн эсрэг байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Хөгжлийн банкны асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү. Тус банкнаас олгосон зээлийн 13,8 хувь нь чанаргүй, 69.6 нь хугацаа хэтэрсэн нийтдээ 80 гаруй хувь нь асуудалтай. АН-ын бүлэг дүгнэлттэй танилцаад үдээс хойш гэхэд хэлэлцэж эхлэх хэрэгтэй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Оны эцэст балансаа хянах боломжгүй болно. Монгол Улсын төсөв тасрах аюул нүүрлэнэ. Улс орны эдийн засаг доголдоход хүрвэл хэн хариуцлагыг нь үүрэх вэ” гэлээ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, “Бүлгийн завсарлага авах эрхийг хүндэтгэж байна. Эхний асуудлуудаа хэлэлцэж байх хооронд шалгалтын дүгнэлттэй АН-ын бүлэг танилцаж байг” гэснээр өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллыг батлав.

Чуулганаар одоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Энхтайвны гүүрийг ослын улмаас засварлаж байна

Өчигдөр шөнө 03:20 цагт “Nissan X-Trial” маркийн автомашинтай согтуу жолооч цагдаагаас зугтааж яваад энхтайваны гүүрний хашлага болон гэрлийн шонг мөргөн доош унасан хэрэг гарсан байна. Үүнээс үүдэн гүүрний зарим хэсгийн хашлага нурж, гэрлийн шон унажээ.

Ийнхүү осол гарсантай холбоотойгоор замын хөдөлгөөнд өөрчлөлт орох эсэх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулахад “Ослын газарт засварын бригад очин, засварын ажлыг эхлүүлэх гэж байна. Ингэснээр Энхтайваны гүүрний нэг эгнээг хааж, замын цагдаагийн албан хаагч зохицуулна” гэсэн хариу өглөө.

Categories
мэдээ спорт

Спортын шилдгүүд маргааш тодорно

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ маргааш буюу энэ сарын 23-нд болно. Энэ онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн байна.

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах энэхүү ёслолын үеэр оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг билээ. Мөн шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Цагдан хорих 461 дүгээр ангид С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл шүүх хурал дөнгөж саяхан шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын мэдүүлгээр эхэллээ.

Хоёр дахь өдрөө болж буй шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм.

Харин гэрчээр Г.Чулуунбат, н.Давааням гэх хоёр оролцож байна. Гэрч Г.Чулуунбат нь хохирогчийн ар гэрийг төлөөлж хуралд оролцож байгаа бол н.Давааням нь хохирогч, шүүгдэгчийн алиных нь талаас төлөөлж шүүх хуралд оролцож байгаа нь тодорхойгүй байна. Мөн онцгой байдлын хоёр шинжээч өнөөдрийн шүүх хуралд дахин оролцож байгаа гэнэ. Тэд ямар үүрэгтэйгээр нууцын зэрэгт багтсан хэргийг шүүх хуралд суусныг мөн л нууцалж байна.

Шүүх хурал “маш нууц”-ын зэрэглэлтэй эл хэргийн шүүх хурал хаалттай болж байгаа бөгөөд шүүх хурлын эхлэлийг хэвлэлийнхэнд мэдээлж цааш хаалттай үргэлжилж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг дагалдан орж ирсэн 15 хуулиас гурвыг нь буцаан татжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдсанаар хүчирхийлэгчийн асуудлаар гомдол ирж, бүртгэгдсэн тохиолдолд анхны удаад захиргааны хуулиар шийтгэж, дараагийн удаад эрүүгийн хэрэг үүсгэж, гэмт хэрэгт тооцон ял оноох заалт оруулж байгаа юм. Харин гэр бүлийн хэн нэгнийг үг болон үйлдлээр тохуурхан даажигнасан тохиолдол ч гэмт хэрэгт тооцогдох тухай заалт гишүүдийн дэмжлэгийг авсангүй.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.