Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал түр завсарлалаа

Цагдан хорих 461 дүгээр ангид С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Товлосон цагаасаа 20 минутаар хоцорсон “маш нууц” хэргийн хаалттай шүүх хурал шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын мэдүүлгээр эхэлжээ. Сэжигтнүүд дөрвөн цаг орчим мэдүүлгээ өгсний дараа улсын яллагч, хохирогч, сэжигтний өмгөөлөгчид шүүгдэгчдэд асуулт тавьж, хариулт авсан байна. Сэжигтнүүд 18 жилийн өмнө гарсан хэрэгтэй холбоотой ямар баримт, фактууд шүүх танхимд дэлгэж буй нь нууц хэвээр байна.

Хоёр дахь өдрөө болж буй шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм.

Гэрчийн тухайд өчигдрийн хуралд суусан Г.Чулуунбат, н.Давааням гэх хоёр хүн өнөөдөр мөн л оролцох аж. Гэрч Г.Чулуунбатын тухайд хохирогчийн ар гэрийг төлөөлж хуралд оролцож буй бол н.Давааням нь хохирогч, шүүгдэгчийн алиных нь талаас төлөөлж шүүх хуралд оролцсон нь тодорхойгүй хэвээр байна. Мөн онцгой байдлын хоёр шинжээч өнөөдрийн шүүх хуралд дахин оролцож байгаа гэнэ. Тэд ямар үүрэгтэйгээр нууцын зэрэгт багтсан хэргийг шүүх хуралд суусныг мөн л нууцалж байна.

Шүүх хурал эхлэх үед хэвлэлийнхэнд зураг авах боломж олгосон болохоор явцын талаар мэдээлэл өгч, зураг авахуулахгүй гэж мэдэгдэв. Шүүх хурлын хамгаалалт онцгой чанга байна.

Categories
мэдээ нийгэм

40 мянган хүүхдэд амны хаалт өгчээ

Нийслэлд агаарын бохирдол арванхоёр, нэгдүгээр сард хамгийн өндөр хэмжээнд хүрч, амьсгалын замын өвчлөлийн тархалт нэмэгддэг. Агаарын доод хэсэгт хамгийн их бохирдол, утаа байдаг учраас бага насны хүүхдүүд өртөх эрсдэл ихтэйг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг.

Тиймээс Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдэд хепа шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хүлээлгэн өгчээ. Ингэхдээ эхний ээлжинд утаа ихтэй гэр хорооллын бүсийн 50 цэцэрлэгийг сонгож, 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмж өгсөн байна.

40 мянган хүүхдэд амны хаалт өгчээ

Мөн цэцэрлэгүүдэд агаарын бохирдлыг хэмждэг лазер төхөөрөмж дагалдуулан өгчээ. Ингэснээр 50 цэцэрлэгийн 2-5 насны 7400 орчим хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нөхцөл бүрдэх аж.

Түүнчлэн сурагчдыг амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор утаажилт ихтэй бүсийн 51 сургуулийн 40 мянган орчим сурагчид амны хаалт өгсөн байна.

40 мянган хүүхдэд амны хаалт өгчээ

Categories
мэдээ улс-төр

Оросын тал ХХААХҮ-ийн сайдын хүсэлтийг нааштай хүлээн авчээ

Хил дамнасан малын халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн хүсэлтийг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн Монгол Улсаас мах импортлох хүсэлтэй оросын аж ахуйн нэгж, иргэдийн эрэлт, хэрэгцээ байгаа эсэх, мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр туслалцаа үзүүлэх боломжийг судалж үзэхээ илэрхийлжээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын селекцийн үр тарианы сорт тариалах, нутагшуулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой хэдий ч санхүүгийн эх үүсвэр тодорхой бус байгаа. Иймээс Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор хүсэлт гаргавал Засгийн газар нь хэлэлцэх боломжтойг Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв албан тоотдоо өгүүлжээ.

Харин ОХУ руу экспортоор гаргаж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тус улсын нутаг дэвсгэрт түр хадгалах агуулахын тоог нэмэгдүүлэх талаар хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн холбогдох байгууллагуудад хандах нь илүү үр дүнтэй, энэ чиглэлээр яам шаардлагатай дэмжлэг үзүүлэх болно гэсэн байна.

Цас цэвэрлэх техник, технологи бий болгоно

Авто болон явган хүний зам, талбайн цас цэвэрлэх техник, технологи бий болгох, зохион бүтээх уралдаанд шалгарсан загвар бүтээхэд шаардагдах 50 сая, шалгарсан бүтээлд олгох 22 сая, нийт 72 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

БСШУСЯ энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд уралдаан зарлаж 15 саналын дөрвийг нь сонгон шалгаруулаад байна. ШУТИС, ХААИС, Экобус авто үйлдвэр бага оврын тракторт угсардаг цас цэвэрлэгч, дүүжин төхөөрөмж, машинд суурилуулдаг хүрз, цэвэрлэж ачих төхөөрөмж, шанагат ачигч, цас түрэгч, цасны комбайн зэргийг санал болгожээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадаас авах санхүүжилтээ яаралтай шийдэхгүй бол Монгол Улс дампуурч магадгүй

2016 онд эдийн засгийн өсөлт нь бараг тэг хувьтай гарч, төсвийн алдагдал нь ДНБ-ий 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа Төв Азийн Монгол Улс өр зээлээ буцаан төлөхийн тулд ирэх онд гадаад улс орнуудаас зээл авах зайлшгүй шаардлагатай байгаа талаар “Eurasia” группын ахлах шинжээч Эмили Стромкист http://www.cnbc.com/ сайтад бичжээ. Тэрээр Монгол Улсад хөнгөлөлттэй зээл олгож магадгүй цорын ганц улс нь БНХАУ гэж дүгнэжээ.

Саяхан болсон далай ламын айлчлалтай холбогдолтойгоор Хятадын тал Монгол Улсад үзүүлэх зээл тусламжийн асуудалдаа хориг тавиад байна. Үүнээс болж гуравдугаар сард Монголын Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондын өрийг Улаанбаатар эргэн төлж чадахгүйд хүрэх эрсдэл үүсээд байна.

“Хятадын талаас хэлэлцээг хойшлуулсны улмаас Монгол Улс ирэх хавар гэхэд “дампуурах” эрсдэл бий” гэж Эмили Стромкист хэлж байна.

Шинжээч Э.Стромкист хэлэхдээ “Хятад улс хөнгөлөлттэй зээлийн асуудлаарх хэлэлцээг сэргээнэ гэдэгт Монголын тал найдсан хэвээр байна. Гэхдээ хүлээгээд суулгүй санхүүжилтын өөр хувилбаруудын эрэлд гарах хэрэгтэй. Тухайлбал, Хятадын санал болгож байсан хүүтэй багатай зээлийг хөөцөлдөх хэрэгтэй” гэсэн байна.

Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийн газар тусламж хүсэн бусад улс орнуудад хандсаар байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа талаар тэрээр дурдаад “Сингапуртай өмнө нь хэлэлцээ хийсэн боловч бүтэлгүйтсэн. Учир нь, Сингапурын зээлийн нөхцлийг хэтэрхий хязгаарлагдмал бөгөөд хүү нь хэтэрхий өндөр байна гэж Монголын тал үзсэн. Мөн Япон улс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Харин Монгол Улс оролцооны стандарт дүрэм журмуудыг дагаж мөрдсөн тохиолдолд зөвхөн Азийн Хөгжлийн банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан тусламж дэмжлэг үзүүлэхээ Токио мэдэгдсэн“ гэлээ.

Түүний хэлснээр, Монголын зүгээс тусламж хүсэн холбоо барьсан улсуудын дотор АНЭУ, ОХУ болон Энэтхэг зэрэг улс байна. Гэхдээ эдгээр улс БНХАУ-аас ялгаатай нь Монголд таатай нөхцлөөр зээл олгохгүй байж магадгүй. Мөн эдгээр улс Монголд туслахыг төдийлөн эрмэлзэхгүй байна.

ОУВС-тай Стэндбай хөтөлбөрт ирэх хоёрдугаар сараас хамрагдах талаар ярьж байгаа боловч энэ нь зээлийн эргэн төлөлтийг хангаж чадахгүй хэмээн тэрээр дүгнэжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Хятадтай ойрын хугацаанд хэлэлцээ хийж эхлэхгүй, өөр улс орнуудаас санхүүгийн тусламж авч чадахгүй бол Монгол өрийн хямралд орж дампуурах эрсдэлд орно” гэж бичжээ. http://www.cnbc.com/

Categories
мэдээ спорт

Аварга, арслангууд зодоглоно

Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгийн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан энэ сарын 25-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Энэхүү барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва тэргүүтэй бөх магнайлан зодоглох юм байна.

Түрүү бөхөд 5 сая төгрөг гардуулах аж.

Дашрамд сонордуулахад Архангай аймаг нь нийт 125 улсын цолтонтой бөгөөд үүнийг тодруулбал 5 аварга, 14 арслан, 1 гарьд, 34 заан, 7 харцага, 64 начин цолтон энэ нутгаас төрөн гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Хилийн тухай хуулийг үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны явцад гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Ингээд цайны цаг болсон тул чуулганы хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойш Хилийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

Энэ хуулийг хэлэлцэж байгаа энэ үед олон улсын гиополетикийн нөхцөл байдал хүнд байна. Тиймээс цаашдаа хуульэрх зүйн хүрээнд хил хамгаалах асуудлаар үүрэг хүлээж байгаа төрийн байгууллагынхаа үүрэг, статус хоорондын уялдаа холбооны зохицуулалтыг тодорхой болгохын тулд энэ хууль гарч байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас орхигдсон байгаа 17/4 гэсэн гадаадын иргэн харъяатын байгууллагыг нэмж оруулах саналыг онцгойлон анхаараасай гэдэг саналыг хэлж байна.

100 хүртэл км гэж бичсэн хуулийн хэллэгийг ойлгож байна. Гэхдээ энд тодорхой тайлбар өгөхгүй бол дараа нь ямар нэгэн маргаан үүсэх, хууль хэрэгжээд ирэхээр хүртэл доторход чинь орж байгаан гээд асуудал үүсч магадгүй. Тиймээс хуулийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болгож асуудлыг нэг тийш нь шийдээсэй гэдэг саналыг хэлэхийг хүсч байна. Мөн энэ салбарт ажиллаж байгаа, хил хамгаалах байгууллага түүний харъяа байгуулдлагад ажиллаж байгаа ажиллагсдын нөхцөл байдлыг сайжруулах тал дээр бодлогын хувьд төр анхаарах цаг болсон. Дэлхийн улс орнуудад хил гаалиар орж гарч байгаа үйлчилгээн дээр үзүүлж байгаа хөнгөлттэй байдал, ажлыг шуурхайлсан байдал, тенхик технологийг ашиглаж байгаа зэрэг нөхцөл дээр өнөөдөр монголын төр анхаарлаа хандуулж хөрөнгө мөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлээд аюулгүй байдлаа хангах хил агаарын орчмыг хамгаалах зүйл дээр хуулиа баталсантай холбогдуулаад техник технологи хөрөнгийн шийдлийг нь шийдэж өгөх нь өнөдөөр цагаа олсон асуудал мөн байх.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн:

Хил орчмын нутаг дэвсгэр, хилийн бүс, хилийн зурвас гэсэн гурван ухагдахуун байгаа. Хилийн бүсэд нэвтрэхийн тулд Хил хамгаалах байгууллага зөвшөөрөл өгдөг хуулийн заалт байсан юм. Хориглосон заалт байхгүй мөртлөө Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдгийг болъё гэсэн санал орж ирсэн. Хил орчмы бүс нутаг гэдгийг хөрш оронтой хиллэж байгаа сумдыг хэлнэ гэж заасан байлаа. 100 км гэсэн заалт байхгүй байсан. Хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт байхгүй. Зөвхөн хилийн бүсэд нэвтрэхэд л зөвшөөрөл авдаг. Хилийн бүсэд цэцэрлэг сургууль байдаггүй учраас хүмүүс очдоггүй юм. Тиймээс хилийн цэргүүдэд арай өөр нөхцөл боломж олгож байж авч ажиллуулдаг.

Сулин хээрийн отрядын тухайд хуучин байрлалыг орон нутгийн өмчид шилжүүлж өгөх хүсэлтийг орон нутгийн удирдлагуудад тавьсан. Тэнд алт байвал орон нутаг өөрсдөө авна биз. Сулин хээрийн отрядад 40 барилга байдаг. Отрядын байрыг багийн төв болгох саналтай байгаа. Ашиглах боломжтойг нь ашиглаад боломжгүйг нь актлах саналтай байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

Сулин хээрийн отрядын нутаг дэвсгэр алттай гэдгийг би анх удаа сонсож байна. Ашигт малтмалын орд авахын тулд отрядыг нүүлгэсэн асуудал байхгүй. Гишүүд хардах эрхээр асуудал ярьж байна гэж сүүлийн найман жил ярих болсон. Хардлагад суурилсан дэл сул яриа их яваад байна. Хардах эрх бол жирийн иргэдэд байж болно. УИХ-ын гишүүнд байж боломжгүй асуудал шүү хэмээн тайлбарлалаа.

Дашрамд дурдахад, Монгол Улсын хилээр нэг жилд 4,4 сая зорчигч орж гардаг ажээ. Тэдний 70 орчим хувь нь дотоодын, үлдсэн 30 хувь нь гадаадын иргэд байдаг байна.

Categories
мэдээ нийгэм

17 настай хүүхэд хөршийнхөө өвгөн, эмгэнийг хутгалжээ

Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 20-ны өдөр онц ноцтой хэрэг гарчээ. 70 настай М, хань 67 настай М-ын хамт хэрэг гарах өдөр гэртээ байжээ. Гэтэл үл таних этгээд хаалгыг нь тогшиж “Сууц өмчлөгчдийн холбооноос явж байна” хэмээн худлаа ярьж гэрт нэвтрээд тэднийг айлган сүрдүүлжээ. Тэрээр айлаас эд зүйлсийг нь хулгайлаад зугтахдаа гэрийн эздийг хутгалан хүнд гэмтээсэн байна. Гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй этгээд мөнгөний хэрэг гараад тэднийг хоёулхнаа байдгийг нь мэддэг учир орсон, эмгэн өвгөн хоёр эсэргүүцсэн учир хутгалсан гэж мэдүүлжээ. Тэрээр хохирогчидтой нэг орцонд амьдардаг байсан байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Онцгой байдал зарлаагүй тохиолдолд сурагчдын амралтын хугацааг сунгахгүй гэв

Өнөөдөр ес эхэлж хүйтний эрч улам чангарлаа. Үүнтэй зэрэгцээд ард түмнийг хамгийн их туйлдуулж байгаа зүйл бол утаа билээ. Утаанаас болоод аав ээжүүд хүүхдүүдээ тэврэн аль ойр хүүхдийн эмнэлгийг бараадан үүдэнд нь өнжин хонон хүлээдэг ажилтай боллоо. Учир нь монголын айл өрх бүрт утааны улмаас хүүхдүүд ханиад хүрч, уушиг нь хатгалгаанд зовж байна.

Удахгүй аргаа барсан эцэг эхчүүд энэ сарын 26-д утааны эсрэг жагсаал цуглаан ч хийхээ мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл хүүхдийн хичээлийн амралт энэ жил хэтэрхий богино байгаатай холбогдуулан утааны улиралд олон нийтийн газар ханиад томуу газар авахаас сэргийлэн хүүхдүүдийнхээ амралтыг сунгая гэсэн эцэг эхчүүд их байна. Хэн ч гэлээ хүүхдүүдээ ханиад томуугаар дүүрсэн сурууль, цэцэрлэгт явуулж халдвар авахуулахыг хүсэхгүй.

Энэ талаар хариу авахаар БСШУС-ын сайд Г.Бат-сууриас тодруулахад, тэрбээр “Байгалийн гамшиг, хорио цээрээс хамаараад хөл хорио тогтоох онц байдал зарлаж, үүнд сургууль цэцэрлэгийг амраана гэсэн мэдээлэл онцгой комиссоос өгвөл тэр шийдвэрийг бид биелүүлнэ. Тиймээс агаарын бохирдолтой холбоотойгоор амрат сунгана гэсэн мэдээлэл одоо өгөх боломжгүй” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Н.Содбилэгтийг өсвөрийн шилдэг эрэгтэй шатарчин цолоор шагналаа

Баатар хот Москвагийн нэрэмжит, улсын тэргүүний, үндэсний лаборатори 33 дугаар сургуулийн сурагч, “Уран бэр” шатрын клубын тамирчин Н.Содбилэгт ОХУ-ын Сочи хотод саяхан болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон шатрын сурагчдын дэлхийн аварга болсон билээ.

Н.Содбилэгтийг оны шилдгээр онцоллоо

Энэхүү амжилтыг нь өндрөөр үнэлж Монголын шатрын холбооноос оны шилдэг өсвөрийн шилдэг эрэгтэй шатарчин цолоор шагналаа. Шагналыг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр гардуулан өглөө. Мөн Н.Содбилэгт нь өнгөрсөн долдугаар сард Ираны Тигеран хотод болсон Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон гуравдугаар байр эзэлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг оюутнуудад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээв

Шилдэг оюутнууд зурган илэрцүүд

Шилдэг оюутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртээх ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тэтгэлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгөв.

Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны тэтгэлгийг ШУТИС-ийн Үйлдвэрийн механикжуулалтын 4 дүгээр ангийн оюутан Цэрэнгийн Доржсүрэн, МУИС-ийн Санхүүгийн менежментийн 4 дүгээр ангийн оюутан Мөнхбаярын Мөнхтуяа, СЭЗИС-ийн Санхүүгийн менежментийн 4 дүгээр ангийн оюутан Мөнхбаатарын Шүрэнцэцэг, МУИС-ийн Олон улсын эдийн засгийн харилцааны 4 дүгээр ангийн оюутан Жамъяндагвын Болор, МУИС-ийн Олон улсын эрхзүйн 4 дүгээр ангийн оюутан Энхтайваны Мягмарнаран, ШУТИС-ийн Үйлдвэрийн механикжуулалтын 4 дүгээр ангийн оюутан Дамжингийн Чинзориг, МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн Ардын гоцлол хөгжимчин-Морин хуурын ангийн оюутан Лхамжавын Эрдэнэчулуун, ХААИС-ын Газар зохион байгуулалтын 4 дүгээр ангийн оюутан Батсайханы Энэрэл, “Эм Ай Ю” ДС-ийн Олон улсын бизнесийн менежментийн 3 дугаар ангийн оюутан Жаргалсайханы Ариундэлгэр, МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн Эсгий гар урлалын ангийн оюутан Пүрэвцэндийн Цогт-Очир, МУИС-ийн Олон улсын харилцааны 3 дугаар ангийн оюутан Бат-Эрдэнийн Үүрцайх, МУИС-ийн Санхүүгийн менежментийн 4 дүгээр ангийн оюутан Батмөнхийн Хүслэн, АШУҮИС-ийн Хүний их эмчийн 6 дугаар ангийн оюутан Бямбадоогийн Лхам-Эрдэнэ, МУИС-ийн Эрхзүйн 5 дугаар ангийн оюутан Баасанхүүгийн Түмэннасан, СУИС-ийн Уран зургийн 4 дүгээр ангийн оюутан Чойжхоролын Тунгалагтуяа, АШУҮИС-ийн Хүний их эмчийн 3 дугаар ангийн оюутан Батбаатарын Энхжин, ХУИС-ийн Герман хэлний 4 дүгээр ангийн оюутан Балжиннямын Отгонжаргал, УБЭИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр ангийн оюутан Төмөрбатын Тайванбаатар, МУИС-ийн Социологийн 4 дүгээр ангийн оюутан Ганбаатарын Батпүрэв, ХААИС-ийн Малын их эмчийн 3 дугаар ангийн оюутан Чулуунбаатарын Сарантуяа, МУИС-ийн Биохимийн 4 дүгээр ангийн оюутан Алтантулгын Энх-Ариун, МУИС-ийн Эдийн засгийн онолын 4 дүгээр ангийн оюутан Бямбажавын Насан-Эрдэнэ, СУИС-ийн Соёл урлагийн менежментийн 4 дүгээр ангийн оюутан Мөнхжаргалын Оюунтуяа, ШУТИС-ийн Архитектурын 3 дугаар ангийн оюутан Намжилын Цэрэнчимэд, Ховд ИС-ийн Түүх, нийгэм судлалын 4 дүгээр ангийн оюутан Батзоригийн Мөнх-Эрдэнэ, Сити ИС-ийн Олон улсын худалдааны менежментийн 4 дүгээр ангийн оюутан Бат-Эрдэнийн Болдбаатар, МХҮХ-ны дэргэдэх МСҮТ Хүртээмжтэй технологийн мэргэжилтний ангийн оюутан Өлзий-Очирын Мөнхтөр нарын шилдэг 30 оюутан хүртсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан тэтгэлэг гардуулж хэлсэн үгэндээ:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны тэтгэлгийг оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гарган суралцаж байгаа оюутнуудад мэргэжлийн ур чадвар, сурлагын амжилтыг нь чухалчлан олгож байна.

Оюутны сурлагын амжилт, мэргэжлийн чиглэлийн судалгаа хоёр бол оюутан хүний хамгийн гол шалгуур юм. Мэргэжлийн ур чадвар, өрсөлдөх чадамж, судалгаа шинжилгээнд суурилсан мэдлэгтэй сайн боловсон хүчин болохын төлөө эрдэм оюун, хөлс хүч, хичээл зүтгэлээ бүрэн зориулсан, ирээдүйн өмнө үүрэг хүлээж буй хариуцлагатай цаг хугацаа бол оюутан нас юм. Ийм ч учраас төр засгаас оюутан залуусаа үргэлж дэмжиж байдаг. Оюутнууд маань холыг харж, зөвийг бодож, эрдэм мэдлэгтээ шамдаж байгаагийн хэрээр улс орны маань ирээдүй тодрон гэрэлтэж байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан хүнлэг сэтгэлтэй, монгол үндэсний амин чухал дархлаа: соёл уламжлалаа дээдлэн, өөрийн үйл амьдралдаа хэвшүүлсэн үндэсний сэтгэлгээтэй монгол хүн болон төлөвшиж байгаад баяртай байна.

Манай оюутнууд нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлага, чадвар, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролд тэмүүлж, түүндээ хүрч чадаж байгаа нь бахархууштай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч нэрэмжит тэтгэлгээрээ Та бүхний хичээл зүтгэл, эрдэм оюуныг урмаар шагнаж, зорилго тэмүүлэлд чинь ташуур өгч; гэр бүл, төрөл садан, найз нөхөд, анги хамт олон, сургууль, улс орныхоо өмнө хүлээх хариуцлагыг тань улам нэмэгдүүлж байна. Та нараар үлгэрлэж дүү нар, найз нөхдийг тань сайн бүхэнд уриалж байна.

Та бүхний цаашдын зорилго, ажил хөдөлмөрт их амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

Эрдмийн гэгээн үйлс ашид дэлгэрэх болтугай” гэлээ.