Монгол Улсын төрийн шагналт зохиолч Д.Гармаа таалал төгслөө. Тэрээр 1937 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт мэндэлжээ. Зохиолч Д.Гармаа 1955 оноос эхэлж уран бүтээлээ туурвисан юм. “Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө” уран сайхны кино зохиол бичиж дэлгэцнээ гарсан нь үзэгчдийн талархал хүлээсэн билээ. “Хүүхдийн зохиолын нэрт төлөөлөгчдийн нэг Д.Гармаа нь “Гал манахын нуу”, “Дайны сүүдэр”, “Хуучин хэрэм”, “Халуун амьсгал”, “Өвөөгийн намар”, “Тасын суудал”, “Тайгын цэнхэр манан”, “Харуул Алтай”, “Үхэл өөрөө ирдэггүй”, “Нарны будан”, “Эцгийн голомт” зэрэг тууж, роман, өгүүллэг, жүжиг, киноны зохиол бичин эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил,амьдралын эрээн барааныг тод томруун харуулсан юм” хэмээн мэргэжил нэгт нөхөд нь дурслаа. Түүний зохиол бүтээлүүд Орос, Хятад, Украин, Киргиз, Казак, Молдав зэрэг арав гаруй орнуудад хэвлэгдсэн байна.
Д.Гармаагийн хөдөлмөр зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж 1971 онд “Дайны сүүдэр” номонд нь МҮЭ-ийн шагнал, 1969 онд “Хөгжөөнтэй тууж” номонд нь МЗЭ-ийн шагнал, 1982 онд “Газар тэнгэр” романд нь Д.Нацагдоржийн шагнал, 1988 онд “Хөгжөөнтэй тууж” номонд нь төрийн шагнал олгож, 2006 онд соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ.