Categories
мэдээ улс-төр

Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Масато Такаока эхний уулзалтаа хийлээ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг Итгэмжлэх жуух бичиг барихтай нь холбогдуулан 12 дугаар сарын 22-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон М.Такаокад баяр хүргэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, улс төрийн итгэлцэл гүнзгийрснийг тэмдэглэв.

Түүнчлэн энэ оны зургадугаар сард хүчин төгөлдөр болсон Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтэд цаашид анхаарч ажиллах нь чухал байгааг онцлов.

Элчин сайд М.Такаока Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийлэв.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр спортын шилдгүүд тодорно

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөдөөр орой SS клубт болно. Энэ онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн байна.

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах энэхүү ёслолын үеэр:

•Оны шилдэг эрэгтэй тамирчин

•Оны шилдэг эмэгтэй тамирчин

•Оны шилдэг залуу тамирчин

•Оны шилдэг баг

•Оны шилдэг дасгалжуулагчид нэр дэвшигчдийг зарлана.

Өнгөрсөн жилийн “Бөртэ чоно”-ын шилдгийн шилдэг тамирчнаар Дэлхийн хошой аварга, мөнгөн медальт, Олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг тодорч, Монгол улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авч байлаа.

Categories
мэдээ нийгэм

“Оюуны элч-2016” оны шилдэг залуу багш нарыг шалгарууллаа

“Yes! Mongolia” Монголын залуу багш нарын холбоо 21 аймаг, нийслэлийн боловсрол соёлын газруудтай хамтран “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулах ёслолын ажиллагаа Төрийн ордны их танхимд боллоо.

УИХ-ын Н.Учрал гишүүний тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбооны “Оюуны элч-2016” оны шилдэг багш шалгаруулах ёслолын ажиллагаанд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга, НББСШУ байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан зэрэг албаны хүмүүс оролцож, санамж бичиг байгууллаа.

Ёслолын ажиллагааг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Монголын залуу багш нарын холбоо боловсролын салбарыг дэмжиж, тэр тусмаа манай залуу шилдэг багш нарыг шалгаруулж байгаад баяртай байна. Энэ ёслолыг зохион байгуулж байгаад УИХ-ын эрхэм гишүүн Н.Учралд болон ивээн тэтгэж оролцож байгаа бүх хүмүүст БСШУСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна. Шавийн эрдэм багшаасаа гэдэг. Тиймээс ч манай багш нар шилдэг тэргүүний байх хэрээр бидний шавь нар оюунлаг тэргүүний, суралцах хүсэл эрмэлзлэл дүүрэн сайн хандлага, зөв чиг тогтох болно. Энэ ч үүднээсээ багш нарынхаа нийгэм болон бусад үйл ажиллагааг дэмжих, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг нь цогцоор нь шийдвэрлэхийн төлөө манай яамны хамт олон өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж байгаа. Боловсролын салбарыг тэр дундаа залуу багш нарыг дэмжиж байгаад холбооны удирдлага хамт олонд дахин баярлаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Тун удахгүй хэдхэн хоногийн дараа бид нэгэн оноо үдэж, шинэ онтой учран золгох гэж байна. Бидний хувьд улиран одож байгаа он маань амжилт бүтээл арвинтай байлаа. Одоо ирж байгаа 2017 он та бүгдийн санасан сэдсэн бүхэн сэтгэлчлэн бүхэж, амжилт бүтээл арвин байхыг ерөөж байна” гэв.

Ийнхүү Монголын залуу багш нарын холбооны “Оюуны од“ цол тэмдэг, “Оюуны элч” цомын эздийг шалгарууллаа. Тодруулбал, Оны шилдэг их, дээд сургуулийн багш, Оны шилдэг ерөнхий боловсролын сургуулийн багш, Оны шилдэг МСҮТ-ийн багш, Оны шилдэг цэцэрлэгийн багш, Оны шилдэг сургалтын төвийн багш нар шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа нар халаасны хулгайн эсрэг “Үнэгний ав” аяныхаа дүнг тайлагналаа

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас өнөөдөр халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг этгээдийг илрүүлснээ зарлалаа.

Хотын хэмжээнд үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Үнэгний ав” нэртэй арга хэмжээг зохион байгуулжээ.

Арга хэмжээний үр дүнд халаасны хулгайн гэмт хэргийг үгсэн тохирч, зохион байгуулалттай үйлддэг дөрвөн бүлэг этгээдүүдийг олж илрүүлсэн байна. Үүнээс удирдан зохион байгуулж оролцдог нэр бүхий таван этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ажээ.

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ энэ тухай “Арга хэмжээний хүрээнд 19,872,000 төгрөгийн хохиролтой, 33 холбогдогчтой, 47 хэрэг, зөрчлийг илрүүлэн, хулгайд алдагдсан нийт 18 сая төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг гар утас, 850 мянган төгрөгийг хураан авч гэмт хэрэгт өртсөн иргэдийг хохиролгүй болгож ажиллалаа.

Эдгээр бүлэглэлүүд Улаанбаатар хотын их дээд сургуулиуд, томоохон зах, худалдааны төв, албан байгууллагаар явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг.

Ялангуяа их дээд сургуулийн оюутнуудын гар утас хулгайлдаг У, Х нарын 15-25 насны долоон эмэгтэй бий. Тэд нийт 22 удаагийн үйлдлээр иргэдийн гар утас, эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн шалгаж байна. Гол зохион байгуулагч хоёр этгээдийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа.

Арга хэмжээнд Улсын Ерөнхий Прокурор, Нийслэлийн прокурорын газар мөн ажиллаж байна. Цаашид энэ арга хэмжээ үе шаттай явагдах бөгөөд халаасны хулгайн гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ” гэв.

ХУЛГАЙД ЭД ЗҮЙЛСЭЭ АЛДСАН БОЛ ЦАГДААГИЙН ГАЗАРТ МЭДЭГДЭЖ ОЛОХ БОЛОМЖТОЙ

2016 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 3,472 халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, үүнээс 551 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 2015 онд 48.4 хувьтай байсан бол 2016 онд 54 хувь болж 5.6 хувиар өсчээ.

Халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг албан байгууллагууд, хүмүүс ихээр төвлөрсөн их дээд сургуулиуд, худалдааны төв, захуудын телекамерын хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нийтийн тээврийн газар”, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэн хамтран ажиллаж, халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж буй газруудад 64 ширхэг хяналтын камерыг шинээр суурилуулсан зэрэг ажлууд хийсэн гэв.

Мөн халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газруудад телекамер байршуулах саналыг НЗДТГ-т хүргүүлсэн байна.

Иргэд халаасны хулгайчид эд зүйлсээ алдсан ч Цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй өнгөрдөг нь хулгайг өөгшүүлэх хэлбэр болдог байна. Одоогоор дээрх утаснуудыг цагдаагийн байгууллага “Үнэгний ав” арга хэмжээний үеэр халаасны хулгайчдаас авч, эзнийг тодруулахаар ажиллаж байгаа ажээ. Тиймээс та хэрэв өөрийн утсаа алдсан бол 102 дугаарт залгаж даруй мэдэгдээрэй.


Categories
мэдээ нийгэм

Хилээр хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар Монгол Улсын хилээр хар тамхины төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, Монголын хилээр нэвтрэх чиглэлд зорчиж байсан ..03 улсын дугаартай тээврийн хэрэгслийг рентген аппаратаар шалгахад моторын хаалтны хэсэгт сэжигтэй зүйл ажиглагдсан байна.

Автомашины моторын хэсэгт гаалийн хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой оролцуулан үзлэг хийхэд 70 грамм хар тамхи хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. Хар тамхины хэргүүд дунд 70 грамм гэдэг нь маш их хэмжээ учраас хүнд гэмт хэрэгт тооцогдох аж. Энэхүү хэрийг одоогийн байдлаар гаалийн албаныхан Замын-Үүдийн цагдаагийн газарт хүлээлгэж өгч, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

О.Энх-Эрдэнэ “White Christmas” дуугаар фенүүддээ бэлэг барьжээ

“Авьяаслаг монголчууд” шоуны
ялагч болон 100 сая төгрөгөөр шагнуулсан О.Энх-Эрдэнэ оны өмнө фэнүүддээ
зориулан шинэ дуу гаргажээ. Энэ удаа тэрээр Америкийн алдарт дуучин Бинг
Кросбигийн шинэ жилийн баярт зориулсан “White Christmas” дууг дуулжээ. Тэрээр
өдгөө Эрдэнэт хотын ТИС-д уул уурхайн цахилгааны инженерээр гурав дахь жилдээ
сурч байна.

Categories
гадаад мэдээ

Андрей Карловыг сүүлчийн замд нь үдэв

Туркийн нийслэл Анкара хотноо ОХУ-аас суугаа бүрэн эрхт Элчин сайд Андрей Карлов террорист халдлагад өртөж, амиа алдсан билээ. Элчингийн аминд Туркийн цагдаагийн ажилтан 22 настай Мевлут Мерт Алтинтас гэгч үйлдсэн болохыг тогтоосон юм.

Цагдаагийнхан аргагүй хамгаалалтын улмаас хэрэгтэнг буудан хөнөөсөн аж. Халдлагаас 24 цагийн дараа Туркийн албаныхан Элчингийн цогцсыг нутаг буцаасан юм.

Тэгвэл өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Элчин сайдад хүндэтгэл үзүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Путин Тантай хамтран ажиллах нэр төрийн хэрэг байсан. Таны өшөөг заавал авах болно. Би террористуудаас заавал өшөөгөө авах болно” гэж хэлжээ. Мөн Ерөнхийлөгчийн тушаалаар харамсалтайгаар амиа алдсан Элчин сайдад төрийн дээд одон медалийг нөхөн олгосон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрийн Песков мэдэгдэв.

Categories
мэдээ спорт

Ц.Бат-Энх “Алтан Од”-оор шагнууллаа

Ц.Бат-Энх “Алтан Од”-оор шагнууллаа

Монголын үндэсний олимпийн хорооны түүхт 60 жилийн ойн баярыг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Тус баярын хүрээнд спортын салбарт үр бүтээлтэй оролцож, амжилт гаргасан зарим эрхэмийг шагнаж, урамшуулж байгаа билээ. Өчигдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энхийг МҮОХ-ны тэргүүн шагнал болох “Алтан Од”-оор шагналаа. Түүнийг МБХ-нд ажиллах хугацаанд “Лондон-2012” олимпийн наадмаас гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж байлаа.

Categories
мэдээ улс-төр

Ө.Энхтүвшин: Хөгжлийн банкийг эргээд харахад үр могой төрүүлжээ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлаа эцэслэн баталлаа. Хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээтэй холбоотой гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Хөгжлийн банкийг эргээд харахад үр могой төрүүлсэн байна. Бүтэн нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө үрэн таран хийсэн байна. Үүнийг нь ярих гэхээр зээлжих зэрэглэл буурна, адилхан хувааж идсэн уусан гэдэг зүйл ярьдаг. Хариуцлага гэдэг зүйлийг 65 суудалтай манай нам ярихгүй байгаа шүү. Хариуцлага гэдэг үгийг хэлж байгаа ч үйлдэл болохгүй байгаа шүү.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Сая бид хаалттай хэлэлцэх гэж байгаад болилоо. Банк санхүүгийн асуудал мөнгө босгох тал дээр эх оронч үзэлтэй хандах цаг болсон байна. Өнөөдөр Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлээд дүрмийн санг нь нэмэгдүүлнэ гэж байна. Гэвч энэ банкны бодлого ямар чиглэлээр явах гээд байна вэ? Дахиад өмнөх шигээ бодлогогүй танил тал хараад явуулчих юм уу? Ямар ирээдүй харагдаж байна вэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Хөгжлийн банкны дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлэх асуудал оруулж ирсэн. Цаашид ямар бодлого баримтлах вэ гэж байна. Хаалттай хуралдах юм бол бүх тооцоо судалгааг хэлээд явах боломжтой. Хөгжлийн банкны санхүүжүүлэх зээл хүндэрсэн учраас сан байгуулах шаардлагатай болоод байна.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ утааны асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад утааны талаар асуулга тавьлаа. Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч ДЭМБ тогтоосон стандартаас 2-7 дахин их болсон, агаарын бохирдлын уршгаар иргэдийн дундаж наслалт багасгахаас гадна уушгины хорт хавдар 36%, цус харвалтын 34%, зүрхний шигдээсийн 27 хувийн шалтгаан болж байгаа төдийгүй 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд маш сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлсээр байна.

2015 оны статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод нийт 376419 мянган айл өрх байгаагаас 210 гаруй мянган өрх гэр хороололд зуух ашиглан дулаанаар хангагдан амьдарч байна. Зөвхөн гэр хорооллын зуух гэлтгүй агаарыг бохирдуулж буй хүчин зүйлсийг авч үзвэл нийслэлийн 3 цахилгаан станц 6 хувь, гэр хорооллын хэрэглэж буй зуух 52 хувь, нам даралтын зуух 10 хувь, автомашинаас гарах утаа 20 хувь, барилга, байгууламжийн хуурай хог хаягдал 10 хувь хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчимд агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), том ширхэглэг тоосонцор (PM10), нарийн ширхэглэг тоосонцор (РМ2.5), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат болон автомат бус багажаар хэмжин тодорхойлж байгаа. Эдгээр багажаар хэмжсэн үзүүлэлтээр Улаанбаатар хотын 2016 оны 11 дүгээр сарын агаарын чанарыг агаар бохирдуулах бодис тус бүрээр авч үзвэл, PM10 /том ширхэглэг/ тоосонцрын дундаж агууламж 166мкг/м3 буюу өмнөх оноос 26 хувиар их, PM2.5 /нарийн ширхэглэг/ тоосонцрын дундаж агууламж 23мкг/м3 буюу өмнөх оноос 27 хувиар их, азотын давхар исэл NO2-ийн агууламж 52мкг/м3 буюу өмнөх оноос 27 хувиар их, хүхэрлэг хий SO2-ийн дундаж агууламж 29мкг/м3 буюу өмнөх оны мөн үеэс 37 хувиар бага байсан буюу аюулын харанга дэлдэх хэмжээнээс ч хэтэрчээ. Нийслэл хотод амьдарч буй хүүхэдтэй эхчүүд энэ байдалд эмзэглэж жагсаал хүртэл хийхээр нэгдэн сошиал ертөнцөөр дуу хоолойгоо илэрхийлсээр байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2030” төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж зааж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж ажиллаж байна, хугацаа их шаардлагатай гэдэг мэдээллээр иргэдийг аргацааж байна.

Иймд нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ хэрээс хэтэрч байгаа талаар болон үүнтэй холбоотой хийгдэж буй ажлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуулга тавьж байна. Асуулгын хариуг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн дотор бичгээр мэдэгдэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгоно уу гэжээ.