Нийслэлийн Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл сонсч, гарц, шийдэл юу байгаа талаар ярилцлаа.
Энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажилд 3,1 тэрбум төгрөг зарцуулахаар нийслэлийн төсөвт тусгасан байна. Гэсэн ч утааг бууруулах чиглэлээр эрх баригчид дорвитой ажил хийхгүй байгаа талаар АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хэллээ. Тэрбээр “бичиг цаас, судалгааны ажил дээр ихэнхи мөнгөө зарцуулж байгаа юм байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой бодлого байхгүй байна. Хийх ажил нь тодорхойгүй байна. АН-ын бүлгийн зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ, стратегийн чиглэлд болон ирэх онд юу хийх вэ гэдгийг ярилцаж байна” гэлээ.
Өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллыг дахин төлөвлөх, нүүрсний хэрэглээг хэсэгчлэн хязгаарлах, утаагүй зуух, түлш хэрэглүүлэх зэрэг арга хэмжээг авсан. Гэсэн ч агаарын бохирдол буурахгүй байгааг албаныхан хэлсэн юм.
Тиймээс утааг бууруулах чиглэлээр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо болон хотын захиргаа, ТББ-ууд хамтран ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Түүнчлэн утааг бууруулахын тулд нүүрсний хэрэглээг хязгаарлах, шөний цахилгааны тарифийг тэглэх зэрэг ажлыг хийх боломжийн талаар төлөөлөгчид тодруулж байсан. Хэрэв шөнийн цахилгааныг тэглэж, айл өрхүүдэд халаагуур хэрэглүүлж хэвшүүлбэл, агаарын бохирдол хэдэн хувиар буурах боломжтой эсэхийг асууж байсан юм. Энэ нөхцөлд аль нэг компанийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулах нь төслийн зорилгод нийцэхгүй тухай Цэвэр агаарын төслийн мэргэжилтэн хэлсэн юм. Түүнчлэн Цэвэр агаар төсөл дээр гурван сая доллар байгаа ч үүнийг ямар ажилд зарцуулах нь тодорхойгүй байгаа аж. Мөн тодорхой бүс нутагт цахилгаан халаагуурыг эзэмшүүлье гэх асуудал яригдаж байгаа аж. Учир нь өмчлүүлэх ажил хийхээр, иргэд зарж борлуулдаг тохиолдол гардаг байна. АН-ын бүлгийнхэн “Дарь-Эх орчимд агаарын хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллах ёстой. Энэ жил утааг бүр мөсөн алга болгочихгүй учраас эрүүл мэндийн талаас нь маск тараах, хүүхдүүдэд сүү өгөх зэрэг ажуудыг хийх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.
Бүлгийн дарга Ц.Баатархүүгийн хэлснээр “утааг бууруулахад эрс шийдэл хэрэгтэй байна, хэний буруу вэ гэдгээ бие, биенээсээ хайж байхаар хамтраад ажиллах ёстой. Ер нь бол төсөвт мөнгө байгаа юм байна, гэхдээ юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй байна” гэсэн юм.
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Нийслэлээс 2017 онд агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулан 3 тэрбум 150 сая төгрөг төсөвлөөд байгаа. Урьдчилсан байдлаар дээрх хөрөнгийг дөрвөн ажилд зарцуулахаар тогтоод байна. Үүнд,
“Монватт” компанийн үйлдвэрлэдэг Тулгат зуухны хэрэглээг нэмэгдүүлэхэд НЭГ ТЭРБУМ /Энэхүү зуух нь цахилгаан эрчим хүч ашиглан 8-10 цагийн хугацаанд өөрийгөө цэнэглэж дулааныг хуримтлуулснаар 24 цагийн турш таны гэр болон амины орон сууцыг халуун дулаанаар хангах боломжтой/
1. Нийслэлийн байгаль орчны газартай хамтран хотын ногоон байгууламж, ойжуулалтыг дэмжихэд 400 сая
2. Агаарын чанарыг шинжлэх явуулын лабораториудын тоног төхөөрөмжийн шинэчлэлд НЭГ ТЭРБУМ 150сая
3. Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлах судалгааны ажилд 600 саятөгрөг зарцуулахаар төлөвлөж байна” гэв.
4. 2017 онд агаарын бохирдлыг бууруулахад Улсын төсвөөс ТАВАН ТЭРБУМ, Нийслэлээс ГУРВАН ТЭРБУМ 150 сая, “Улаанбаатар Цэвэр агаар төсөл”-өөс 2.6 САЯ АМ.ДОЛЛАР зарцуулах юм байна.