Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын хэмжээг шинэчлэн тогтоолоо

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар Засгийн газар тогтоосон.

Тодруулбал, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2400 төгрөгөөр тооцож төлнө. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4800 төгрөг байх юм.

Categories
мэдээ нийгэм

Галд хүүхдүүдээ алдсан айлд гэр олгохоор болжээ

Энэ сарын 19-нд Нийслэлийн ХУД-ийн 12 дугаар хороо, зээлийн барилгын 13 дугаар гудамжинд оршин суух иргэн Ц-гийн гэр шатсан.

Улмаар гэртээ байсан 1 настай эрэгтэй Ц, 4 настай эмэгтэй Н, 5 настай эрэгтэй Г нарын гурван бага насны хүүхэд харамсалтайгаар галд өртөж нас барсан.

Галд гурван хүүхдээ алдсан Ц-гийн ар гэрийнхэнтэй НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр уулзаж, бүрэн тавилгатай гэр болон бичиг баримтыг нь шинээр олгохоор болжээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бутан улсад айлчлав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бутаны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржигийн урилгаар Бутан Улсад 12 дугаар сарын 20-23-нд албан ёсны найрсаг айлчлал хийв.

Тэрбээр айлчлалынхаа явцад Бутан Улсын Парламентын Дэд дарга Чимиддоржи, Ерөнхий сайд Цэрэн Тобгай нарт бараалхан Гадаад хэргийн сайд Д.Доржитой хоёр орны харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар хэлэлцээ хийв.

Бутан Улсын Гадаад хэргийн сайд Д.Доржи хоёр тал 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр болон олон талын хүрээнд амжилттай хамтран ажиллаж байгааг тэмдэглээд Монгол Улсын Засгийн газар Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг өөрийн орны нийслэл Улаанбаатар хотноо байгуулах санаачилга дэвшүүлж тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд идэвхтэй ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, Бутан Улсын Засгийн газар Олон улсын судалгааны энэхүү төвийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай хэлэлцээрт нэгдэн орохоор шийдвэрлэснийг мэдээлэв.

Гадаад харилцааны сайд нар хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хооронд болон хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, ардын уламжлалт эмчилгээ, мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг харилцан айлчлуулах, үзэсгэлэн, кино өдрүүд зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тогтсон бөгөөд ярилцсан асуудлуудаар Хэвлэлийн хамтарсан мэдээ гаргав.

Categories
мэдээ спорт

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медальтай ирлээ

Өмнөговь аймгийн төрөлжсөн биеийн тамир спортын долдугаар сургуулийн багш сурагчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван медальтай иржээ.

Энэтхэгийн Дэли хотод болсон 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус сургуулийн 12а ангийн сурагч Х.Мягмар кик боксын 60 кг-ын жинд хурэл, холимог тулааны 65 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, багш дасгалжуулагч Н.Тайван-Ертөнц холимог тулааны 77кг-ын жинд мөнгөн медаль авч эх орондоо ирсэн байна.

Байгуулагдаад удаагүй байгаа уг сургуулийн багш тамирчид ийнхүү дэлхийн давцанд эх орон, аймгийнхаа нэрийг дуурсгаад ирсэнд говьчууд талархаж байна.

Categories
мэдээ нийгэм

32 албан хаагч төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөв

БОАЖЯ түүний харьяа байгууллагуудын 32 албан хаагчид төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө.

БОАЖЯ-наас 16, Цаг уур орчны шинжилгээний газраас хоёр, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас найм, Горхи- Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас нэг, Туул голын сав газрын захиргааны тав нийт 32 албан хаагчид төрийн захиргааны албан хаагчийн тангарагийн бичигт гарын үсэг зурлаа. Тэд төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа тангарагласан юм.

Тангараг өргөх ёслолын үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Хүний амьдралд нэг л тохиолдох хариуцлагатай, баяртай бас онцлог үйл явдал та бүхний амьдралд тохиож байна. Төрийн албан хаагч болсоноор Та бүхэн захирах захирагдах ёсоо дээдлэх, иргэддээ шударгаар үйлчлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, ил тод зарчмыг ямагт баримтлан ажиллах бөгөөд та бидний үйл хэргээс байгаль орчноо хамгаалах үйлс шууд холбоотойг онцлон хэлмээр байна” гэв.

Тангараг өргөх ёслолд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр тэргүүтэй газар хэлтсийн дарга нар болон харъяа байгууллагуудын дарга нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Ч.Санжаадамба 140 хүүхдэд бэлэг гардуулжээ

Улсын аварга Ч.Санжаадамба хүүхэд, багачуудад шинэ жилийн баярын бэлэг тараажээ.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпорацийн бөх улсын аварга Ч.Санжаадамба гэргий Б.Солонгын хамт 140 гаруй хүүхдэд бэлэг тарааж, бяцхан үрсийг баярлуулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“АЛМА МАТЕР-2016” наадмын оны шилдэг оюутнууд тодорлоо

Монголын Залуучуудын Холбоо сүүлийн таван жил завсарлаад байсан “Алма матер-2016” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагааг ахин сэргээж, эдийн засаг, нийгмийн ухаан, анагаах ухаан, техник технологи, урлаг спорт, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг 12 номинациар оны шилдэг оюутнуудыг өчигдөр тодрууллаа.

“Алма матер-2016” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагааны нээлтэнд МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө. Шинэхүү, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дарга О. Алтансүх, Монгол Улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н. Наранбаатар, Соёмбо академийн Ерөнхий захирал А.Санжмятав, МЗХ-ны нарийн бичгийн дарга С.Бадмаараг, МУ-ын гавьяат багш Ц.Түвшинтөгс нар оролцсон юм.

Оюутан залуучуудын дунд хамгийн нэр хүндтэй, шударга шалгаруулалттай хэмээн онцлогддог уг арга хэмжээг 1996 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд энэ жилийн оны шилдгүүдэд материалаа ирүүлсэн их дээд сургуулийн 200 гаруй оюутнуудаас шилдгийн шилдэг 12 оюутан шүүгчдийн шалгуураар шалгарчээ.

“Алма матер” оны шилдэг оюутнуудад сурлагын голчоос гадна Залуучуудын байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн ажлуудад санаачлагатай оролцож амжилт гаргасан байх, Улсын болон олон улсын тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд анги хамт олон, сургууль, улсын нэрийн өмнөөс оролцож үнэмлэхүй амжилт гаргасан байх зэрэг шаардлагыг тавьсан байна.

Монгол Улсын нийт хүн амын 35.5 хувийг өсвөр үе, залуучууд эзэлдэг бөгөөджилд 180 мянга орчим оюутан 100 гаруй их дээд сургууль, коллежид суралцдаг байна. Тэгвэл эдгээр оюутан залуучуудаа манлайлсан дараах оюутнууд ийнхүү МЗХ-оос гаргасан “Тэргүүний оюутан” алтан медалийн анхны эзэд боллоо.

ШАЛГАРСАН ОЮУТНУУД

  1. Болдын Ууганболор

Төрөл: Хүмүүнлэгийн ажил

  1. Амартайваны Буяннэмэх

Төрөл: Шилдэг судлаач

  1. Гомбосүрэнгийн Нямдаваа

Төрөл: Докторант

  1. Ганцогтын Ичинхорол

Төрөл: Урлаг

  1. Гиваасүрэнгийн Хулан

Төрөл: Нийгэм

  1. Баярсайханы Аръяа

Төрөл: Зохион бүтээгч

  1. Амармэндийн Цэнд-Аюуш

Төрөл: Магистрант

  1. Балдоржийн Бямбадорж

Төрөл: Эрүүл мэнд

  1. Дөшийн Дашдэлэг

Төрөл: Боловсрол

  1. Мөнхжанцангийн Анхцэцэг

Төрөл: Спорт

  1. Даваадоржийн Түвшинцэнд

Төрөл: Илтгэгч

  1. Очирхүрээгийн Зоригт:

Төрөл: Хөдөө аж ахуй

Categories
мэдээ нийгэм

 “ЭНТРЕПРЕНЕР”-ийн шилдгүүд тодорлоо

2016 оны “ENTREPRENEUR-2016” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

20 дахь жилдээ зохион байгуулсан тус арга хэмжээний зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ололт амжилтыг дүгнэн, тэднийг дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлахад чиглэдэг. Оны онцлох 10 аж ахуй нэгж, онцлох бизнес эрхлэгчдийг тодорхой шалгуур үзүүлэлтийг үндэслэн МҮХАҮТ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр шалгаруулжээ.

Гранпри шагналыг “Өгөөж Чихэр боов” ХХК хүртсэн бол оны онцлох ААН-үүдээр “АПУ Трейдинг”, “Бишрэлт холдинг”, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ, “М Си Эс Кока Кола”, “Мобиком Корпораци”, “Монцемент Билдинг Материалс”, “Номин Холдинг”, “Скайтел”, “Сүү”, “ТЭСО” компаниуд шалгарав.

Орон нутгаас “Өег Гурил” дотоодын ханган нийлүүлэгчээр шалгарсан бол “Ган хийц” ХК олон улсын шагнал хүртсэн юм. Харин “Greenpreneur-2016” номинацид “М Си Эс Кока Кола”, байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч “Номин Констракшн Девелопмент”, байгалийг нөхөн сэргээгчээр “Уул уурхайн Үндэсний Олборлогч” ХХК, Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Ган хийц”, “Хатан сүйх импекс” компаниуд тодорлоо.

Дашрамд дурдахад МҮХАҮТ дээрх арга хэмжээнд тэргүүлсэн аж ахуйн нэгж байгууллагууд болон бизнес эрхлэгчдэд алт, мөнгөн Меркури бурхны хөшөөг гардуулдаг уламжлалтай. Меркури нь Ромын эртний бурхдын нэг бөгөөд худалдаа, ашиг орлого, аз хийморийн бурхан юм.

Categories
мэдээ спорт

Х.Эрдэнэт-Од шилдэг дасгалжуулагч болов

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно 2016” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2016.12.23/ болж өндөрлөлөө.

Энэ оны шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн дасгалжуулагчХ.Эрдэнэт-Од шалгарав. Харин “Бөртэ чоно-2016″ наадмын шилдэг шүүгчээр Рио-2016 олимпийн наадмын шүүгчээр ажилласан М.Бөхбат тодорлоо.

Categories
мэдээ нийгэм

Дэлгэрмөрөнд цөмөрсөн иргэдийг аврав

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр Дэлгэрмөрөн голд автомашинтайгаа цөмөрч, суусан иргэдийг Онцгой байдлын албаныхан аварч, голоос татан гаргасан байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 22-нд 15.32 цагт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Далангийн гарам гэдэг газар “Бонго” загварын машинтай зорчиж явсан дөрвөн иргэн Дэлгэрмөрөн голын мөс цөмөрснөөс сууж, аюултай байдалд орлоо гэдэг дуудлага иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын долоон албан хаагч, нэг автомашинтай ажиллаж, дээрх иргэдийг аварч, автомашиныг нь татан гаргажээ.