Categories
мэдээ нийгэм

Цэвэрлэгээнд 448 хүн ажиллалаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 12 сарын 24-ний өдөр шинэ оныг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас нийт 448 хүн ажиллалаа. Үүнээс зам талбайн үйлчлэгч 308, офиссын ажилтан 35, Автобаазын 50, Төвлөрсөн хогийн цэгийн менежментийн албаны 55 хүн хамрагдсан. Офиссын ажилтнууд Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэлх явган хүний зам, замын голын зурвас хэсгийг, Автобаазын ажилтнууд баазын хашааны дотор, гадна орчмын цэвэрлэгээг хийсэн байна. Нарангийн энгэрийн хогийн цэгийн ажилтнууд мөн орчмын цэвэрлэгээ хийж, 4 рейсээр 20тн, Цагаандавааны хогийн цэгийн ажилтнууд 1 рейсээр 1тн, Морингийн давааны хогийн цэгийн ажилтнууд 1 машинаар 1 рейс хийж, 0.5тн, нийт 6 рейсээр 21.05тн хог хаягдал тээвэрлэсэн байна. Автобаазаас 10-н битүү машин, 2 задгай ачааны машин ажиллаж, хуваарьт замын хог хаягдлыг тээвэрлэж байна.

Categories
мэдээ нийгэм

Түлэгдсэн гэр бүлд таван ханатай гэр бэлэглэжээ

Цахим орчинд энэ постыг хараагүй хүн ховор биз. Тэд бол Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Баасанбаярын гэр бүл. Тэднийд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө гал гарч,Б.Баасанбаярынх гэр бүлээрээ түлэгдэж, галд орон гэрээ алдсан билээ.

Гал гарах үед гэрт нь Б.Баасанбаяраас гадна түүний эхнэр, охин хоёр байсан.

Тэгвэл өнөөдөр тэдний гэр бүлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй хувиасаа иж бүрэн таван ханатай гэр хүлээлгэн өгчээ. Галын улмаас нөхөр Б.Баасанбаяр 10 хувь, эхнэр н.Ундармаа нь 80 хувь, охин Б.Бадмаараг нь 20 хувийн түлэгдэлттэй Гэмтэл согог судлалын үндэсний төвд 40 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн билээ.

Түлэгдсэн гэр бүлд таван ханатай гэр бэлэглэжээ

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Image result for хүйтний эрч эрс чангарнаЭнэ сарын 25-аас 26-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2016 оны 12 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 22-27 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

2016 оны 12 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26-нд баруун аймгуудын хойд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-27-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна

Categories
гадаад мэдээ

Цөмийн зэвсгийг хориглох асуудлаар хэлэлцээ хийх тухай тогтоолыг НҮБ баталлаа

НҮБ. /Kyodo/. Цөмийн зэвсгийг хориглох гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийж эхлэх тухай тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталжээ.

Цөмийн зэвсгийг хориглох гэрээ байгуулах зорилгоор ирэх оны гуравдугаар сараас хэлэлцээ хийж эхлэхийг улс орнуудад уриалсан тогтоолын төслийг 113 улсын дэмжлэгтэйгээр баталсан байна.

БНХАУ болон Энэтхэгээс бусад цөмийн зэвсэгтэй улс орнууд уг тогтоолын төслийг батлахыг эсэргүүцжээ. Япон улс мөн эсэргүүцжээ. Тус улсын Засгийн газар “зэвсэг хураах ажлыг цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэггүй улсуудын аль алиных нь оролцоотойгоор үе шаттайгаар хийх хэрэгтэй” гэж үзэж байна.

Уг тогтоолын төслийг цөмийн зэвсэггүй 50 гаруй улс орон өргөн барьжээ.

НҮБ-ын эх сурвалжуудын мэдэгдсэнээр, цөмийн зэвсгийг хориглох гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээ ширүүхэн болж магадгүй юм. Цөмийн зэвсгээс татгалзахыг НҮБ уриалсаар байгаа хэдий ч цөмийн зэвсгийн нөөцтэй улс орнууд зэвсгээ улам боловсронгуй болгож, нөөцөө нэмэгдүүлэхийг оролдсоор байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр цагаан арслан, бартай хамт алхаарай

Монголын үндэсний циркт өнөөдрөөс олон улсын циркийн тоглолт болно. Энэхүү тоглолтод зургаан цагаан бар, хоёр шар бар, хоёр цагаан арслан оролцох юм. Циркийнхэн фэйсбүүк хуудсаар үзэгчдээс санал авч, хамгийн олон санал авсан газарт ирэх амралтын өдрүүдээр араатан амьтдыг ямар ч тор хамгаалалтгүй алхуулахаар төлөвлөжээ.

Циркийн тоглолт хоёр өөр төрлийн хөтөлбөртэй бөгөөд тасалбарыг 19001950 үнэгүй хүргэнэ. Ticket.mn-ээр захиалах боломжтойгоос гадна циркийн билетийн касс өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд циркэд ажиллаж байна. Тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 10-50 мянган төгрөгийн өртөгтэй байх аж.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос эдийн засгаа хөгжүүлэхийн сацуу цөмийн хүчээ бэхжүүлнэ

БНАСАУ урьдын адил эдийн засгаа хөгжүүлэхийн сацуу цөмийн тогтоон барих хүчин чадлаа цаашид бэхжүүлэх болно гэж Солонгосын Хөдөлмөрийн намын дарга Ким Жөн Ун мэдэгджээ. Тэрбээр баасан гарагт Пхеньянд эхэлсэн намын анхан шатны байгууллагуудын нарийн бичгийн дарга нарын улсын хэмжээний анхдугаар бага хуралд оролцон үг хэлсэн байна.

Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагийн /KCNA/ мэдээлснийг үзвэл, Ким Жөн Ун бага хуралд оролцогчдод хандан дэлхийн улстөрийн нөхцөл байдлын талаар ярьсан байна. “Эдийн засгаа хөгжүүлэх, цөмийн хүчин чадлаа тоо болон чанарын хувьд бэхжүүлэх ажлыг зэрэг хийж буй БНАСАУ-ын стратегийн байр суурь зөв болохыг дэлхий дахинд бүрэлдэн бий болсон өнөөгийн нөхцөл байдал харуулж байна” гэж Ким Жөн Ун онцлон тэмдэглэснийг мэдээллийн KCNA агентлаг уламжиллаа.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “империалист харгис хүчний зүгээс хориг тавьж, шахалт үзүүлж байгаа хэдий ч улс орон маань амжилт олсоор байна” гэжээ.

Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт гаргасан амжилтуудыг Умардын Солонгосын удирдагч онцлон дурдсан байна. Түүнээс гадна сүүлийн 60 жилд болоогүй асар хүчтэй үерт нэрвэгдсэн Хамгён-Пукто мужид дэд бүтцийг сэргээн босгох төсөл хэрэгжиж дууссан болохыг тэрбээр мэдэгджээ.

KCNA агентлагийн мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооноос намын анхан шатны байгууллагуудын бага хурлыг зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Өмнө нь намын анхан шатны байгууллагуудын нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн болдог байжээ.

Categories
гадаад мэдээ

Белла Хадид оны шилдэг загвар өмсөгчөөр шалгарлаа

Models.com портал оны шилдэг загвар өмсөгчөөр Белла Хадидыг тодруулжээ. Энэ хугацаанд 20 настай бүсгүй Dior, Nike, Calvin Klein брэндүүдтэй гэрээ байгуулж, хэдэн арван удаа тайзнаа загвар үзүүлж, Victoria’s Secret-ийн үзүүлбэрт оролцож амжжээ. Chrome Hearts ордонтой хамтран тэрээр загварын өөрийн шугамыг гаргахаар зэхэж байна.

“Оны модель – уншигчдын сонголт” шагналыг телевизийн од Ким Кардашьяны дүү Кендалл Женнер авчээ. Кендалл есдүгээр сард Estee Lauder брэндийн нүүр царайгаар шилэгдэж, Modern Muse Le Rouge Gloss сүрчигийг танилцуулсан байв.

Уг сайт эрэгтэйчүүдээс “Оны загвар өмсөгчөөр” 24 настай Жордан Барретийг сонголоо. Тэр Tom Ford, Balmain, Calvin Klein, Versace,Moschino брэндүүдийн үзүүлбэрт оролцсон юм.

Categories
энтертаймент-ертөнц

Дэлхийн улс орнууд шинэ оноо хэрхэн угтдаг вэ?

Аргын тооллыг баримтлагч барууны орнууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж буй шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Монголчуудын хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг үдсэн. Тэгэвч өнгөрсөн зууны 20-иод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн.

Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ хойд туйлын цагаан сахалтай өвгөн, цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сүүлийн хэдэн жилээс цагаан сахалтай, улаан хувцастай залуус тэрхүү өвгөнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж, бэлэг тараагаад дуулж бүжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах, тэмдэглэх ёс, улс улсын аж төрөл, зан үйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.

1. ЕВРЕЙЧҮҮДИЙН ШИНЭ ОНЫ БАЯР

Аливаа улс оронд шинэ жилийн баяр нь нэг жилийн амьдрал, ажил үйлс өнгөрч, шинэ оных нь эхлэх, хүний нас нэмэгдэх цаг хугацааны зааг үе байдаг. Еврейчүүд энэ баяраа “Рош Ха-Шана” гэж нэрлэдэг бөгөөд Песаха ёслолоос 163 өдрийн хойно, есдүгээр сарын 5-аас хойш, аравдугаар сарын 5-аас өмнө тэмдэглэдэг. Энэ өдрийн дараа тэд арав хоногийн турш сэтгэлийн гүн рүүгээ нэвтрэх, ариусан бясалгах үйл хийдэг бол дараагийн арав хоногийг шүүн тунгаах, “Иом Кипур” буюу бурханд эргэж очих өдрүүд хэмээн нэрийдэж дагадаг байна. Баярын өдрүүдэд алим болон хал жимсийг зөгийн баланд дүрэх ёстой.

2. ХЯТАДЫН ШИНЭ ЖИЛ

Хятадад шинэ жилийн эхний өдрийг галын наадам, алиа салбадай болон дэнлүү, тэслэх цаасан пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Галын наадмаараа айл бүр муу ёрын сүнсийг хөөн зайлуулж, аз жаргал, баяр баясгаланг гэртээ урин залдаг гэж үздэг. Хятадад “Синьянь жил” хэмээн нэрийддэг байжээ. Харин 1911 оны Синьяны хувьсгалын дараа энэхүү баяраа Европ дахины шинэ жилийн баяраас ялгаруулахын тулд шинэ хуанли зохиож, хаврын баяр буюу Чуньцзе хэмээн нэрийдэх болжээ.

3. ИРАНЫ ШИНЭ ОНЫ БАЯР

Иранчууд төдийгүй Иран, Персийн хуанлиг дагадаг хүмүүс “Новруз” /Перс хэлнээс орчуулбал “шинэ өдөр”/ буюу шинэ жилээ гуравдугаар сарын 21-22-нд эсванда сарын 30-наас шахривара сарын 1-нд шилжих шөнө, хаврыг угтан өргөн тэмдэглэдэг байна. Новруз нь байгалийн сэргэн мандалтын бэлгэ тэмдэг болдог.

4. КАЗАХЫН НАРНЫ БАЯРЫН УЛАМЖЛАЛ

Адай овог аймгийнхнаас бусад казахууд шинэ жилийн баяраа гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд “Наурыз” хэмээн нэрийддэг. Казахын Адай овог аймгийнхний адайчууд болон мангыстау хавийн оршин суугчид гуравдугаар сарын 14-ний өдөр шинэ оны баяраа тэмдэглэдэг байна.

5. ОРОС ШИНЭ ЖИЛ

Славянчуудын энэ баяр МЭӨ XV зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин 1348 онд Москва хотноо шинэ оныг гуравдугаар сард биш харин есдүгээр сард тэмдэглэж байх тушаал гарчээ. XVIII зуунд Европын бараг бүх католик шашинтай ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн Григорийн тооллыг мөрдөж шинэ оныг тэмдэглэх болжээ.

6. ЭНЭТХЭГТ ШИНЭ ОНЫГ НАР МАНДАХАД УГТДАГ

Энэтхэгт шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж, маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө Энэтхэгчүүд аз жаргалын бурхан – лашмид мөргөдөг.

7. ЯПОНЫ ШЁО ГАЦҮ

Япончууд шинэ оныг “Шёо гацү” гэдэг. Нэг жилийн амьдрал улиран өнгөрөх, дахин нэг шинэ жилийн амьдрал эхлэх үйл явцыг заагладаг цаг тооллын баяр гэж үздэг байна. Япончууд шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн доороо хийж угтана. Японд шинэ оны нэгдүгээр сар гарахаар христийн нийтийн он тооллын шинэ жил, Японы эзэн хааны он тооллын шинэ жил, манайхны 12 жилээр тоолдог аргын цагаан сар цөм нэгэн зэрэг эхлэн тоологддог онцлогтой байна.

8. НИДЕРЛАНДЧУУД ЖИГНЭМЭГЭЭР БЭЛГЭДДЭГ

Нидерландчууд шинэ жилийн баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагираган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.

Categories
гадаад мэдээ

НАТО-гийн шаардлагыг Умард Солонгос эсэргүүцэв

Цөмийн пуужингийн хөтөлбөрөө зогсоохыг шаардсан НАТО-гийн шаардлагыг БНАСАУ эсэргүүцэж байна гэж тус улсын мэдээллийн “KCNA” агентлаг мэдээлэв.

Умард Атлантад аюулгүй байдлыг хангах зорилго бүхий НАТО-гийн эвсэл Солонгосын хойгийн асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа нь эргэлзээ төрүүлж байна гэж “KCNA”-гийн мэдээлэлд дурджээ.

“Цэрэг-улс төрийн НАТО эвсэл АНУ-ын хүүхэлдэй болж байгааг энэхүү шаардлага нотлон харуулж байна. Үүний зэрэгцээ тус эвсэл нь хоногоо тоолж байгаа Пак Гын Хэгийн дэглэмийн эрх ашигт үйлчилж байгааг харууллаа” гэж тус агентлаг мэдэгдсэн байна.

Мөн НАТО-гийн стратегичид Солонгосын хойгийн асуудалд оролцоход чадвар дутмаг байна гэж Умард Солонгосын агентлаг буруушаагаад, тус эвсэл олон улсын энх тайван, тогтвортой байдлыг бусниулахад оролцож байгааг дурджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх пүрэв гаригт эхэлнэ

Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амарна.

Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.

Хуваарийн дагуу Нийслэлийн 6-12-р ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-18, орон нутгийнх нэгдүгээр сарын 5-11-ны хооронд амарна.