Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлш, зуухны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болжээ

Сайжруулсан түлш, зуухны хөтөлбөрийг зурган илэрцүүд

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар хийх ажлуудын дотор гэр хорооллын айлуудын шөнийн цахилгааны тарифыг хөнгөлж, сайжруулсан түлш, сайжруулсан зуух хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болжээ. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад энэ жил нийт 8.7 тэрбум төсөвлөөд буй. Үүнээс 3.9 тэрбум төгрөгийг гэр хорооллын иргэдийн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхөд, 400 сая төгрөгийг сайжруулсан түлш нийлүүлэхэд, мөн 400 сая төгрөгийг сайжруулсан зуух хөтөлбөрт зориулах аж.

.Мөн “Утаагүй хот-2030” төслийн ажилд 3.1 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ нь эхний шатанд хийх ажилд зориулагдах гэнэ. Мөн нэн ядуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түлшээр хангахад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 600 сая төгрөг гаргахаар төлөвлөсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх пүрэв гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Ирэх пүрэв гараг буюу 12 дугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр тохиож буйтай холбогдуулан бүх нийтийн амралтын өдөр болгохоор тогтоосон билээ. Тиймээс энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйчлэхгүй.

Энэ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн албанаас амралтын болон бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар журамласан байдагтай холбоотой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Замын цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна

Замын цагдаа зурган илэрцүүдШинэ жилийн баяр дөхөж, худалдаа үйлчилгээний байгууллагуудын ачаалал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгджээ. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болдог байна. Иймээс Замын цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай, ая тухтай зорчуулах зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлжээ.

Ялангуяа баяр ёслолын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох зөрчил нэмэгддэг тул иргэдийг болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалж дүрэм, журмынхаа дагуу замын хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлын эсрэг жагсаал маргааш болно

Image result for агаарын бохирдолАгаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардсан иргэдийн жагсаал маргааш Сүхбаатарын талбайд болно. Урьдчилсан байдлаар энэ жагсаалд 20 мянган эцэг, эх оролцоно хэмээн зохион байгуулагч болох “Утааны эсрэг эцэг эхийн холбоо”-ныхон мэдээлсэн. Жагсаалд хүссэн хүн бүр оролцож, дуу хоолойгоо өргөж болох юм байна. Сүхбаатарын талбайд маргааш 10.00 цагт жагсаал эхэлнэ.

Уг жагсаалыг фэйсбүүк дэх ээжүүдийн группийн гишүүдээс санаачилсан юм. Учир нь “Агаарын бохирдлоос үүдсэн уушгины өвчлөл нэмэгдэж байна. Нэг жилд л гэхэд 0-1 насны 500 гаруй хүүхэд нас барж байна. Ирэх жилээс энэ тоо 25 хувиар нэмэгдэх хандлагатай. Ихээр бодоход 30 жилийн дараа уушгины өвчлөл, сүрьеэтэй бүхэл бүтэн үе гарч ирэх гээд байна. Нэг хэсэг шарлалт, элэгний өвчтэй үе гарч ирсэн. Тэр түүх давтагдах гээд байгаа тул нэн даруй агаарын бохирдлын эсрэг дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй” хэмээн Утааны эсрэг аав, ээжүүдийн төлөөлөл болсон Х.Энхбаяр хэлсэн юм.

Жагсаалын хүрээнд тэд Засгийн газарт тодорхой хэдэн шаардлага тавина гэж мэдээллээ.

  1. Засгийн газар утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч зарлах хэрэгтэй. Гамшгийн тухай хуульдаа “Утаа бол гамшиг” гэдгийг нэмж оруулж онцгой байдал зарлах.
  2. Онцгой байдал зарлахад авдаг бүх арга хэмжээг авах.
  3. Ялангуяа хүүхдийн эмнэлгийн хүртээмжийг нэмэх.
  4. Агаарын бохирдолтой тэмцэх үр дүнгүй хуучин аргуудаа өөрчилж дорвитой ажиллах гэсэн үндсэн шаардлага тавихаар төлөвлөжээ.

Утааны эсрэг тэмцэхэд 20 мянган иргэн гэдэг нь хангалттай тоо биш тул Улаанбаатарын иргэн бүрийг нэгдэхийг уриалсан юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын даргад нэр дэвшигчид Сүхбаатар аймгийн гишүүдтэйгээ уулзав

Image result for АН-ын даргадХэнтий аймагт нээлтээ хийсэн АН-ын даргад нэр дэвшигчдийн уулзалт хэлэлцүүлэг гурав дахь өдрөө Буруун-Уртын Жаахан шарга театрт үргэлжиллээ. Тус аймгийн Ардчилсан намын дарга Ж.Батсуурь уулзалт хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрээр хэлэхдээ: “2016 оны улс төрийн сонгуульд Ардчилсан нам ялсан хоёр аймаг бий. Буруун талд Завхан, зүүн бүсээс Сүхбаатар аймгийн Ардчилсан нам ялалт байгуулсан. Бид бол ардчилсан үзэлтэй хүмүүс. Тиймээс намын даргад нэр дэвшиж буй таван лидерийнхээ илтгэл, санаа бодлыг нягтлан үзэж, өөр өөрсдийн мэргэн сонголтыг хийгээрэй, мөн өөр өөрсдийн намын үүр, дэмжигчиддээ ухуулан таниулаарай” хэмээн захилаа.

Намын даргын сонгуулын хорооны дэг ёсоор Жаахан шарга театрт өрнөсөн илтгэл хэлэлцүүлгийн салхийг хагалж нэр дэвшигч Д.Эрдэнэбат илтгэл мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Дараа нь Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, С.Эрдэнэ нарын нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулан тайлагналаа. Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд дэмжигчдийн санал хүсэлт, асуултыг тоймлон хүргэвэл:

– Монгол улсыг газар нутаг өрийн хүүнд явчих гээд байна шүү. Үүнд та бүхэн онгой анхаарч улс эх орны хойчийн ирээдүйд санаа сэтгэлээ чилээгээрэй.

– Та бүхний хэн нь ч Намын дарга боллоо ч гэсэн удирдаж чадахаар, чадах ч ёстой улс төрчид байна. Нэг зүйл сануулж хэлэхэд намын бүлэглэлийг тараана гэсэн саналыг оруулж байгаа нь сайн хэрэг. Гэвч ялагдсаныхаа дараа бүлгээ тарааж, ялахаараа бүлэглэл, фракцаа байгуулдаг байдлаа болиорой.

– Юуны өмнө манай нам орон оронтой, оочих аягатай нам болох хрээгтэй байна. Намын шинэ байр барих тал дээр анхаарал хандуулаач ээ.

– Намын даргаа нийт гишүүдийн сонголтоор батална гэдэг бол үнэхээр сонгодог санаа болжээ. Хөдөө орон нутгийн гишүүд дэмжигчид бид чинь унтрах, асахаа мэдэхгүй байж байхад ирж бидний нүдэнд итгэлийн гал бадрааж өгсөнд баярлалаа. Гэвч Сүхбаатар аймгийн ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялчихаад байхад засаглах эрх нь алга. Үүнийг одоо яаж шийдэх вэ зэрэг 20 орчим асуулт саналд нэр дэвшигч тус бүр 10 минутад багтаан хариулт өгсөн юм.

Categories
гадаад мэдээ

Оросын 91 зорчигчтой онгоц сураггүй болжээ

Image result for Онгоц сураггүй болжээОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” цэргийн нисэх онгоц Сочи хотоос хөөрснийхөө дараа холбоо тасарсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Уг онгоц хөөрөөд удалгүй радарын дэлгэцнээс алга болсон хэмээн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Онгоцонд багийн 10 гишүүнээс гадна 81 хүн зорчиж явсан гэнэ. Хуваарийн дагуу онгоц Сочи хотоос Сирийн Латакиа мужид очихоор төлөвлөж байжээ.

Categories
мэдээ цаг-үе

Охидын цагаан даашинз, гүнжийн титэм, сахиусан тэнгэрийн далавч эрэлт ихтэй байна

Хүүхэд багачуудын хувьд шинэ жилийн баяр бол хүсэн хүлээдэг хамгийн сайхан баяр билээ. Сурсан, мэдсэнээ багш нар болоод эцэг, эхдээ үзүүлдэг энэ баяраар хүүхдүүд хамгийн гоё хувцсаа өмсөж гангардаг. Тун удахгүй буюу энэ сарын 20-ноос эхлэн ихэнх цэцэрлэг, сургуулийн шинэ жилийн баяр болох тов гараад буй. Энэ сургаар томоохон худалдааны төвүүдэд охидын цагаан даашинз, гүнжийн титэм, сахиусан тэнгэрийн далавч, төрөл бүрийн амьтны хувцас, баг, хөвгүүдийн ёслолын хослол эрэлт ихтэй байгаа аж. Хүүхдийн шинэ жилийн гоёл ямар үнэтэй байгааг сурвалжлахаар Дүнжингарав худалдааны төв дээр очлоо. Тус төвийн дунд хэсэгт хүүхдийн хувцасны төрөлжсөн лангуунууд байдаг юм байна. Цагаан өнгийн хүүхдийн гоёлын даашинзууд лангуу болгон дээр дэлгээстэй харагдав. Зарим хэсэгт нь ягаан, улаан, цэнхэр өнгийн даашинзыг төрөлжүүлэн хүний нүдэнд харагдахаар өлгөжээ. Мөн хөвгүүдийн хослолыг өнгийн сонголттой дэлгэсэн байв. Лангууны хажуугаар эцэг, эхтэйгээ өнгөрөх охид даашинзуудыг сонжин харж, зарим нь өмсөж үзэн толины өмнө эргэлдэнэ. Худалдан авалт хийхээр охиноо дагуулж явсан Баянзүрх дүүргийн иргэн Г.Учрал “Ганц охины маань цэцэрлэгийн шинэ жил болох гээд цалин буумагц таалагдсан даашинзыг нь авч өгөх санаатай дагуулаад явж байна.

Сонголт их болохоор бид хоёр алийг нь авахаа мэдэхгүй эргэлзээд л явна. Охин маань өөрөө энэ 75 мянган төгрөгийн даашинзыг л сонирхоод байна. Эхний ээлжинд цагаан триког нь авчихсан л даа. Одоо ямар даашинз авахаасаа шалтгаалаад гутал, титэм, сахиусан тэнгэрийн далавчаа сонгоно. Эхнэр маань завгүй ажилтай болохоор зургийг нь явуулчихаад саналыг нь хүлээнгээ өөр зүйлс хараад явж байна” гэв. Түүний охин У.Солонго “Би цэцэрлэгтээ цасан охиноос хөөрхөн сахиусан тэнгэр болох гэж байгаа. Аав надад авч өгнө. Тийм ээ” гээд зальтай нүд гарган инээмсэглэв. Аав, охин хоёр ийн ярьж, шинэ жилийн гоёлоо өмсөж үзсээр үлдсэн юм.

Ерөнхийдөө “Дүнжингарав” худалдааны төвд хүүхдийн гоёлын даашинзын үнэ 45-95 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. 95 мянган төгрөгөөс илүү үнэтэй даашинз авах нь тун ховор учир бараг авчирдаггүй юм байна. Энд гүнжийн титэм 5000-7000 төгрөг, сахиусан тэнгэрийн далавч 7000, 8000, 10000 төгрөг, охидын цаа бугын эвэр, туулайн чихтэй үсний даруулга 2000, 5000 төгрөг, гоёлын бээлий 5000 төгрөгөөр худалдаж байгаа аж. Мөн амьтны хувцас 12000, 23000, 28000 төгрөг, баг 5000, 8000 төгрөгийн үнэтэй борлуулж байна. Эрэгтэйхүүхдийн ёслолын хослолыг хар, саарал, хөх, бор өнгийн сонголттойгоор 65 мянган төгрөгөөр худалдаж байлаа. Цагаан сорочкин цамц 15-25 мянган төгрөг байсан бол өмд 18-25 мянган төгрөгийн үнэтэй борлуулж байна. Охидын туфль 25000-45000 төгрөгийн үнэтэй байсан бол эрэгтэй ботинк 35000-50000 төгрөгийн сонголттойгоор өрсөн харагдав.

Худалдагч М.Дэлгэр “Арванхоёрдугаар сар гарах үед Бээжин рүү шинэ жилийнхээ бараанд явдаг. Голдуу л охидын цагаан даашинз, элдэв гоёл, хөвгүүдийн ёслолын хослол авчирдаг юм. Энэ жил өмнөх жилээ бодвол юань өссөн учраас барааны үнэ бага зэрэг өссөн байна. Гэхдээ хэрэглэгчээ алдахгүйн тулд зарим барааг хуучин үнээр нь зарж байгаа. Бидний хувьд ч бараа таталтаа эрс багасгасан. Ерөнхийдөө арванхоёрдугаар сарын 10-д гаргаад худалдан авалт эрс сайжирдаг. Хүмүүс хямралтай байсан ч гэсэн хүүхдүүддээ гар татдаггүй. Шинэ жилийн гоёлын хувцаснаас үлдсэнийг нь хавар үсэглэлийн баяр болон хүүхдийн баяраар гаргаж зардаг” хэмээн ярилаа.

Худалдагч нараас энэ жил охид ямар даашинзыг илүү сонирхож байгааг асуухад “Жаахан хүүхдүүд учраас голдуу ганган, олны дунд онцгойрохуйц хээнцэр даашинз сонгодог. Материал, загвараасаа шалтгаалаад даашинзуудын үнэ өөр өөр байгаа ч охид голдуу гүнжийнх шиг бөмбөгөр хормойтой цагаан даашинз авдаг. Харин хөвгүүд ёслолын хослолоос гадна сорочкин цамц, өмд худалдаж авдаг” гэлээ.

Эндээс гараад “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Энд “Дүнжингарав” худалдааны төвийг бодвол үйлчлүүлэгч арай их, сонголт өргөн байсан юм. Үнийн тухайд хүүхдийн гоёлын даашинз 25-100 мянган төгрөг байв. Энд охидын титэм шүдтэй, шүдгүй, нөмрөгтэй гэх зэрэг олон сонголттой бөгөөд 3000, 5000, 10000 төгрөгийн үнэтэй худалдаж байна. Мөн хөвгүүдийн ёслолын хослол өнгө өнгийн сонголттойгоос гадна 48, 50, 55 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Мөн охидын гоёлын даашинзанд тохируулан зүүх хослол 10-25 мянган төгрөгийн үнэтэй байсан бол дан бөгж өнгө үзэмж, хэмжээнээсээ шалтгаалаад 5-10 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. Мөн амьтдын хувцас 20-25 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бол багуудыг 5000-8000 төгрөгөөр борлуулж байв. Тус худалдааны төвийн худалдагч А.Оюун-Эрдэнэ “Энэ жил худалдан авагчдын чадвар эрс муудсан нь мэдэгдэж байгаа шүү. Үнийн хувьд дундажлан 55 мянган төгрөгийн даашинз авч байгаа. Өмнөх жилүүдэд тав, зургаан сая төгрөгөөр бараа татдаг байсан бол одоо гурав, дөрвөн саяар л бараагаа татдаг болсон. Үлдэгдэл үлдээхгүйн тулд аль болох дундаж үнэтэй даашинз сонгодог” гэлээ. Харин худалдан авагч Сүхбаатар дүүргийн иргэн Ү.Жаргалмаа “Ажил хажууд байдаг учраас цайны цагаараа орж ирээд хоёр охиндоо даашинз харж байна. Хөөрхөн загвартайгийнх нь үнийг дийлэхгүй янзтай. Амралтын өдөр зах орж үздэг юм бил үү гэж бодож байна” гэсээр гарч одсон юм. Худалдааны төвүүдийн хүүхдийн хувцасны лангуунуудад охидын цагаан даашинз нэлдээ шүхэр мэт бөмбийн цайрч харагдана. Аав ээждээ хөтлүүлсэн танхил бяцхан охид тэрийг ч авна, энийг ч авна гэж зааж, сонголтоо хийсээр үлдлээ.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

ӨД БЭХ: Хөххүү

“Болор цом”-ын тэргүүн шагналт зохиолч, яруу найрагч Баттөрийн Мягмаржавын эл өгүүллэг “Утгын чимэг-2016” наадмын дэд байрын шагнал хүртсэн юм.


Манай сумынхан нэгэн учир битүүлэг айдаст нэрвэгдээд дөрвөн жил гаруй болж байна. Энэ айдас эхлээд хоёрхон хүнд маш хүчтэй илэрсэн цагаас хойш халдварт өвчин мэт хүрээгээ тэлсээр одоо гучин хэд, дөчин хэд хэмээн сумаараа маргахад хүртлээ өсчээ. Энэ айдсын хорлонтой нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хос хосоороо тусдаг бөгөөд хамгийн гол нь тэр хоёр заавал нууцлаг нарийн холбоотой байж гэмээнэ хүчин төгөлдөр болдог хачин золиг. Тэгсэн мөртөө эхнэр, нөхөр хоёрт огт халддаггүй нь гайхаш төрүүлнэ. Манай энэ айдаст өвчнийг хэн ч тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Хөл хорио тогтоогоод ч нэмэргүй. Хаа л бол хаанаас энэ өвчнийг тээгч олдож болно гэдгээрээ бүүр ч аюултай. Тэр ч байтугай талийгаач хүртэл тусч болдог энэ аймшгийг дарахад орчин үеийн шинжлэх ухаан ч хүчин мөхөсдсөн билээ.

Бүхэл бүтэн суманд айдас хуруулсан энэ явдал тэр жилийн хавар саамгар Дашийн Хөххүүг галзуурснаас үүдэлтэй болохыг сум даяараа мэднэ. “Таван онцын эзэн”, ангийн дарга байсан Хөххүү гэнэт галзуурч аймаг руу түргэний тэргээр явсансан. Сумынхан “Зодоон цохион хийж яваад тархи толгойдоо гэмтэл авсан уу? Хаврын элдэв саа дайрлагад өртсөн үү?, хайран хүүхэд толгой сайтай юмсан” гэх зэргээр нэг хэсэг ярилцаж байснаа тэгсгээд мартагдаж билээ.

Тэр жилээс эхлэн Хөххүү хавар болгон сонгуульд нэр дэвшиж галзуурдаг болов. “Би сонгуульд бие даан нэр дэвшээд явж байна. Миний төлөө саналаа өгөөрэй. Яагаад гэвэл би энэ сумын бүх үнэнийг мэднэ” гэж ирээд л улс амьтан үймүүлж, бас миний мөрийн хөтөлбөр хэмээн сумын захиргааны гадаах самбар, дэлгүүр хоршоо, сургууль соёлын хашаа хорооны ханан дээр ухуулах хуудсаа наана. Сумандаа цор ганцаараа галзуу тэрнийг хүүхдүүд шоолж, хөгшид өрөвдөн, залуус зугаа наадам хийнэ.

Гэтэл нэр дэвшигч Хөххүүгийн нэгэн ухуулах хуудас нь хамаг амьтны анхаарлыг тэр дор нь татаж орхилоо. Тэр хуудсан дээр юу гэж бичсэн бэ гэвэл “Тал булаг” дэлгүүрийн эзэн ахар Лхагваагийн хүүхдийг сургуулийн манаач Жаргалын эхнэр Жавзан төрүүлсэн нь үнэн болно” гэсэн зарлал байлаа. Тэр хавар сонгууль болж таарсныг хэлэх үү. Тэгтэл манай Хөххүүгийн сурталчилгааны хуудас олныг хуйлруулж, нам намаас нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг ёстой л нам дарж шуугиан тарилаа.

Энэ ухуулах хуудсыг үзсэн учир мэдэх хүмүүс аргагүй л таараад байна. Энэ золиг худлаа галзуурч байгаа нь гарцаагүй гэх боловч галзуу хүний хажууд галзуу гэж хэлдэггүйг санаад ч тэр үү? Хөххүүд хэлсэн хүн огт үгүй. Харин энэ хүмүүсийн талаар хаанаас мэдсэн юм бэ? гэж асуухад “төрийн нууц” гэчихээд улам ч албархана.

Эхлээд хийх ажилгүй хэрэгт дуртай хэсэг хүмүүсийн бах тавыг хангаж байсан Хөххүүгийн сурталчилгааны самбар сүүлдээ сум даяар анхаарал татаж, өглөө болгон очиж үзэж шинэ мэдээлэл авдаг бараг л албан ёсны зарлалын самбар болж байлаа. Зарим хүний муу үзэхийг хүсэгчид “маргааш хэн хэн нэмэгдэх бол?” гэхдээ нойр нь хулждаг болоод байлаа. Дургүй хүргээд байвал Хөххүүд хэлж бичүүлнэ шүү гэж тоглоом шоглоомын завсарт бие биенээ сүрдүүлдэг болсон юм. Харин Хөххүү энэ мэтийн хов живийг үл тоож зөвхөн өөрийн олж авсан баримттай материал дээр үндэслэн ухуулгын самбараа ажиллуулна.

Тэгж байтал өнгөрсөн хаврын нэг өглөө “Засаг дарга Болхоогийн таван настай хүүг хоёрдугаар багийн малчин Цэцэгмаа тэжээж байна” гэсэн сурталчилгаа гарсан нь сумын хөдөлмөрчдийг тэр чигт нь хуйлруулав. Энэ тухай ам ярианд итгээгүй нь заавал сумын төв орж тэр сурталчилгааг амьдаар нь харж байж сая нэг үнэмших жишээтэй. Малчдаа эргэхээр явахдаа Засаг дарга Болхоо Цэцэгмаагийнхаар бууж морддогийг ч учир мэдэх хүмүүс жиг жуг ярих боллоо.

Болхоо дарга энэ талаар хурал зөвлөгөөн дээр “Галзуу хүний үгийг битгий тоо” гэж хэдэнтээ хэлсэн боловч хэн нэг нь за ч гэсэнгүй бас үгүй ч гэсэнгүй, харин ч даргынхаа өөдөөс үнэнийг эрсэн нүдээр цоо ширтээд сууцгаадаг болжээ. Хөдөлмөрчид ийнхүү дуугүй байгаа нь даргынхаа явдлыг зөвшөөрсний тэмдэг болон хувирч байлаа.

Болхоо дарга тэгэх тусам бууж өгсөнгүй. Аймаг руу өдөр болгон утасдаж байж Хөххүүг эмчилгээнд явуулаад сая нэг бүтэн амьсгаа авч эхлээд долоо ч хоноогүй байтал мөнөөх гайхал нь буцаад ирдэг юм байна. Учрыг лавлавал хэл ам, хэлбэр дүрсээрээ галзуу боловч хорхойд хоргүй түүнийг хэд хоног байлгаж байгаад “орчиндоо аюулгүй” гэсэн дүгнэлтээр буцаан явуулжээ. Хөххүү аймагт байхдаа Болхоо даргатай холбоотой бас нэг чухам үнэнийг олж ирээд сумынханд дэлгэснээс болж Болхоо дарга арга буюу хадам дүүдээ ажлаа өгөөд өөрөө наймаагаа хөөх боллоо.

Дэлгүүрийн эзэн Лхагваагаар эхэлсэн Хөххүүгийн сурталчилгаа сумын Засаг даргыг ажлаа өгөхөд хүртэл нөлөөлөх замдаа яг ийм арав гаруй “жинхэнэ үнэн”-ийг сөхөн гаргаснаас таван гэр бүл салж сарнин хоёр тийш болж, одоо арваад айлын эхнэр, нөхөр хэрүүл тэмцлийн шатандаа яваа ажээ.

Энэ явдлаас хойш манай сумын улс төрийн хүчнүүд эхлээд сөрөг хүчний талаас хэн нэгнийг ингэж илчлээсэй хэмээн битүүхэн хүлээдэг байсан бол яваандаа өрсөлдөгчөө унагахын тулд Хөххүүд захиалга өгөх гэж үзжээ. Гэвч Хөххүү “Би ямар ч нам эвсэлтэй нэгдэхгүй. Бүх сонгуульд бие даан нэр дэвшинэ” гээд огт халгаалгүй өдий хүрсэн юм. Тэгээд ч зогссонгүй энэ хаврын сонгуулийн үеэр Хөххүүг нухчих юмсан гэсэн улс төрийн хүчин байхад зарим нь хамгаалалтад авах тухай ч яриад амжлаа.

Энэ үеэр насаараа сонгуульдаа оролцож арав гаруй төрийн нүүр үзсэн туршлагатай сонгогч Гангаа өвгөн “Манай Хөххүү ч үнэнийг олж мэдэх шиг мэдэж, хэлэх шиг хэлнэ дээ. Уг нь сонгочихмоор байдаг. Даан ч галзуу юм даа” хэмээн ярьж явсан удаа бий.

Манай суманд Хөххүү гэж нэг ийм галзуу одоо хүртэл байгаа. Заримдаа Хөххүү эрүүл харин бид галзуу юм биш биз? гэсэн хачин ёрын бодол төрөхөд зүүн урд зүг рүү гурав нулимчихаад явахад хэсэгхэн зуур сэтгэл санаа гайгүй болно. Тэгэвч үе үе ингэж бодогдоод байхаар нь би өөрөөсөө айж эхэлсэн юм.

Тэгээд энэ айдас минь өдөр ирэх бүр улам нэмэгдсээр ерөөсөө хот орж Шархаданд үзүүлье гэж бодох боллоо. Тэгээд Хөххүүтэй хамт сонгуульд нэр дэвшчихсэн сумаар нэг сурталчилгаа хийж зүүдлэхдээ ямар их баяр хөөртэй явна гээч.

Харин сэрсэн хойноо “энэ сумын хоёр дахь галзуу нь би юм биш биз?” гэж бодохоор ар нуруу луу хүйт оргино.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ховд аймаг хорио цээрийн дэглэмээ цуцалжээ

Related imageХовд аймгийн Ховд сумын Баянбулаг багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалсан тухай ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал тус багийн Салон гэдэг газар оторлож буй Жаргалант сумын Рашаант багийн малчин Т-н 40 ямаанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн юм. Өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд “Ямааны цэцэг” өвчин болох нь тогтоогдсон. Үүний дагуу Ховд сумын Засаг даргын захирамжаар өнгөрсөн сарын 23-ноос хорио цээрийн дэглэм тогтоосон билээ. Хорио цээрийн дэглэмийн хугацаанд нэмж мал өвчлөөгүй тул захирамжийг ийнхүү цуцалсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Тэмээ гэдэг тэнгэрлэг амьтан

Image result for ТэмээТэмээний тухай бичих даалгавар аваад жигтэйхэн баярлав. Баярласнаа “Би тэмээний тухай юу мэдэх сэн билээ” гэж бодов. Уран сайхны талаас нь ардын уран зохиолч Пунцагийн Бадарч баавайгийн шүлгийг гүйцэх юм алга гэж хүлээн зөвшөөрөв. Нөгөөтэйгүүр, манай “Өдрийн сонин”-ы эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналт зохиолч Жамбалын Мягмарсүрэн гэдэг “акул”-аас эмээв. Учир нь түүний бичсэн “Долоо дахь хөхний гавар”, “Унагаа зуусан хулан”, “Барын зулзага бамбар” номууд монгол даяар тун ч алдартай билээ. Зүрхшээлээ гээд яалтай билээ. Тэмээний тухай “Ингэн эгшиг”, “Ингэн нулимс” гэдэг манай найруулагчдын кинонууд баруунд алдартай. Тэр нь ч аргагүй биз. Тэмээгүй газрын хүмүүст тив нээснээс ч сонин байсан биз. Сэлэнгэ аймгийг “Долоон тэмээт”-ийнхэн гэж нэрлэдгийг бодохноо миний Баянхонгорын Заг сум бол тэмээний л эх орон. Гэхдээ би тэмээ гээч амьтанг их хожуу, арваад насандаа л “таньсан”. Наян долоон оны зуднаар юм даа. Загийн голын зүүн урд байх Ягаан байшин хэмээх газарт “Давшилт” нэгдлийн хорин нэгэн тэмээ маллах хувь тохиов. Тэр үед тавдугаар ангийн сурагч байсан болохоор тэмээ малласан гэдэг худлаа л даа. Сумын эмчилгээ, тэжээлийн цэгийн адуу, тэмээний хэсэг тэнд төвлөрч, өндөр нагац Ойдовын Дашдонров буюу олон түмэн Ёнгоо хэмээдэг ах маань тэнд ажилладаг байсан учраас тавдугаар ангийн хүү би тэднийд долоо хоногийн амралтын өдрөөр очиж тусалдаг байв. Хагас, бүтэн сайны тэр хэдхэн цаг надад дэндүү жаргалтай санагддаг байсан. Даваа гарагт хичээлдээ явахдаа жигтэйхэн их эрч хүчийг олсон байдаг сан. Тэгэхэд л би тэмээ гэдэг малын ач тус, ашиг шимийг мэдсэнсэн. Тэр тэжээлийн цэгт Гурванбулагаас гуларч ирсэн номхоон шар ат байлаа. Ёнгоо маань тэмээ ачаалахыг үндсэндээ тэр л тэмээн дээр зааварлана. Тэмээний ачлаганы татлага гэхэд л надад шинжлэх ухааны хэмжээнд хүрсэн зүйл гэж бодогддог. Өөрийгөө жинхэнэ монгол гэж байгаа хэн нэгнээс тэгнээ ачааг тэвхэддэг модыг “ожуу” гэдэг эсэхийг асуухад “Ёстой бүү мэд” гэж хариулахыг би сайн мэднэ. Хом, бамбай гэж юуг хэлдгийг миний үеийн хөдөөнийхөн бол хэлэх л байх.

Image result for ТэмээЗа, энэ тухай үл лавшруулж тэмээ гэдэг “элсэн говийн хөлөг онгоц”-ны тухай хөөрөлдөцгөөе. Дэлхийд байдаг тэмээ гээч амьтны ерэн хувийг наран тэмээ буюу ганц бөхт, ес арваны зургаан хувийг хос бөхт тэмээ эзэлдэг юм байна. Хос бөхт тэмээ гэхээр манай зэрлэг хавтгай ч орно гэсэн үг л дээ. Хятадын хойд говь, Монгол Улс, Халимаг, Казахстан, Кыргыз улс хос бөхт тэмээгээрээ алдартай. Өөрөөр хэлбэл, дэлхийд ховорхон болоод байгаа хос бөхтэй тэмээний удмын үндсэн санг Монгол Улс хадгалан үлдсэн цөөн орны нэг юм. Хос бөхт тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөс хавтгай аж. Манай орны Алтайн цаадах говьд хавтгай хэмээх эл зэрлэг тэмээ 927 тоо толгой байгаа. Юунд ийн тов тодорхой мэднэ вэ гэвэл өнгөрөгч намар Алтайн цаадахь говиор явахдаа албаны хүмүүсээс тодруулсан хэрэг л дээ.

Image result for ХавтгайХавтгайг Венецийн жуулчин Марко Поло XIII зуунд дэлхийд мэдээлж, 1870-1884 онд Оросын жуулчин Н.М.Пржевальский Төв Азиар хэдэнтээ аялахдаа Монголоор дайрч хавтгайг үзэж тодорхойлж бичсэний дээр агнаж гавлын яс, арьсыг нь судалгаа, үзмэрийн дээж болгон авсан байдаг. Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь таван мянган жил болж байгаа гэсэн судалгаа бий. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсний дүнд Хүн гүрэн, Их Монгол Улс хүчирхэгжин мандсан юм. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоход хэцүү. Говь, цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй, элсэн хөрсөнд явах тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамлаар хооллох, олон хоногийн өл хоол даах чадвартайг нь танин мэдэж уналга эдэлгээнд ашиглах болсон байдаг.

Image result for Тэмээний домогТэмээний тухай олон түүх домог байдаг. Буганд хууртаж эврээ алдчихаад ус ууж зогсохдоо одоо болтол алсыг ширтэн “Эврийг минь хэзээ авчирч өгөх юм бол” гэж санааширдаг гэсэн домог байдаг. Нөгөө зудны номхон шар ат маань ч тэр л дүрийг давтаад байдаг. Хулгана, тэмээ хоёр 12 жилд орохоор маргалдсаны эцэст хэн өглөөний нарыг түрүүлж харсан нь жилд багтахаар тохирч гэнэ. Тэмээ өндрөөрөө “Би эхэлж нар үзнэ” гээд урагш нар гарах зүгт хараад зогсоход хулгана хойт бөхөн дээр нь уулын оройд нар тусахыг хүлээгээд сууж гэнэ. Уулын оройд нар тусахыг харсан хулгана “Би эхэлж нарыг харлаа” хэмээн үсрэн бууж, хаясан үнсэн доогуур оржээ. Үүнээс хойш тэмээ үнс хараад хулганад өшиж хөрвөөдөг болсон гэнэ гэх жишээний.Тэмээ их өрөвдөлтэй л дөө. Идшинд хэрэглэнэ гэсэн тэмээ үйлийн үрээ мэдрэх шиг нулимсаа цувируулаад л зогсчихно. Унаган эзэн хүн нь бол яагаад ч “гаргаж” чадахгүй. Нулимсаа урсгаад л хараад байгаа амьтанг чинь яаж муулах вэ дээ.

Наяад оны сумын нядалгаагаар харин нүд халтирам зүйл харсан нь тэмээ нядлах байсан. Урт банз барьсан ах нар хөлөөс нь оосорлосон тэмээг дагаж гүйж байгаад банзаараа шилэн хүзүү рүү нь цохиж унагаж байсан. Тэнгэрийн гэмээр тэр сайхан амьтны амь нэг банзны үзүүрт л байдаг гэхээр гайхахаас аргагүй. Тэмээг монголчууд өвчихдөө яг л хэвтэж байгаа янзаар нь хоёр бөхийг нь тасдаж аваад доош нь хуулдгаараа бусад малыг муулахаас арай ялгаатай юм уу даа. Тэмээний цээжин хэсгийн яс бөгсөн биеэсээ хүчирхэг учир булчингийн хөгжил цээжин талдаа илүү сайн. Ууцны яс, харцаганы нугаламтай уян холбогдсон нь түүнийг зөөлөн явдалтай болгодог ажээ. Тэмээ хэвтэхдээ залааны хоёр, өвдөгний хоёр, тойгны хоёр, өвчүүний нэг бүгд долоон сайран дээр тулдаг учир зундаа 60-70 хэм хүртэл халж, өвөлдөө 30 хэм хүртэл хүйтэрдэг газрын гадаргаас биеийг нь хамгаалдаг байна. Тэмээний арьс нягт зузаан, атираагүй, уян, хөлсний булчирхай нь голчлон суга цавиар байрладаг нь хөлөрч ус чийг алдахаас хамгаалдаг. Тэмээний уруул хөдөлгөөн сайтай, сэтэрхий уруулынх нь баруун, зүүн тал тус тусдаа хөдөлдөг нь говийн ургамлаар хооллох зохилдлогоог бий болгож. Энэ онцлогоос хамаарч тэмээний сур, үдээр хатахдаа татаж хатаж сунадаггүйг мэдэж ханын үдээр, авдар савны углуурга, заадал эмээлийг хүртэл наалгүйгээр тэмээний арьсаар бүрж, үдэж хийдэг байна. Үсэн бүрхүүл нь сор үс, завсрын үс буюу ноолуураас тогтдог сайн чанарын ноостой, уян зөөлөн, дулаан тул төрөл бүрийн утас, ноосон эдлэл, хөвөнгийн оронд дээлэнд тавьж ашиглаж ирсэн байдаг. Дэлүү нь бөөрний хавьд өлөнгийн хонхор тушаа байрладаг тул амархан гэмтдэг. Хашир малчид тэмээг унагах, цохиж нүдэхээс болгоомжилж бөөр нь уначихна гэдэг нь ийм учиртай. Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг. Үнэр сайн мэдэрдэг. Ус, худаг, айл бууцыг гучаад километрийн цаанаас мэдэрдэг байна. Иймээс ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтайгаараа хүнд хань түшиг болж, хайр булаадаг амьтан юм.

Image result for Тэмээ усАливаа амьтан ус чийгийг амьсгал, хөлс, ялгадсаар алддаг. Тэмээний хамар урт нарийн тул амьсгалаар усыг ууршуулдаггүй. Хамрын хөндийн салст бүрхүүлийн олон үрчлээс ус ууршихаас хамгаалж хадгалж үлдээдэг байна. Нэг минутад 8-10 удаа амьсгалдаг нь усыг ууршихаас хамгаалах бас нэг зохицолдолгоо юм. Говь, цөлийн өвс ургамал, ус, эрдэс бодис ихтэй байдгаас тэмээ давс хужрыг ихээр хэрэглэдэг. Хүнээр бол ч “цагаан хор”-ыг их хэрэглэдэг нөхөр юм л даа. Энэ нь биеийн дотоод даралтыг ихэсгэж ус барих чадварыг нэмэгдүүлдэг. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж, өл даах чадвараараа бусад малаас илүү. Тэмээ хэдэн долоо хоногоор ус уухгүй байж чадна. Энэ үед шээс нь өтгөрч 0.5 л хүртэл буурна. Тэмээ усаар дутагдсан үедээ бөөрнийхөө сүвнүүдэд хуримтлагдсан шээсээ эргүүлж шингээн гүзээндээ буцаах чадвартай бөгөөд гүзээнд буцаж ирсэн шээсийг тэнд орших бичил биетүүд уураг болгон хувиргах замаар илүүдэл бодисоо дахин ашиглах, усны хэрэгцээгээ хангах зохилдолготой болжээ. Тэмээний бас нэг сонин зохилдолгоо бол агаарын температур ихсэх үед хөлөрч усаа алдахгүйн тулд биеийн температураа нэмэгдүүлэн өнгөрөөж чаддаг явдал юм. Тэмээ бөхнийхөө өөхийг задлан ус болгож чадна. Өдөрт 80 л хүртэл ус уудаг. Үүнийг гүзээндээ олон хоног хадгалан аажимдаа зарцуулдаг. Биедээ их хэмжээний өөх хуримтлуулдаг хоёр бөхнөөс гадна гадар, дотор өөх нь 80-100 кг хүрдэг. 100 грамм өөх задрахад 107 мл ус гаргадаг гэж үзэхэд тэмээний усны дутагдлыг хангах нэг эх үүсвэр нь өөх болдог. Туршилтаар тэмээг идүүлэх ч үгүй, услах ч үгүй байлгахад 56-70 хоног, өвс өгч услахгүй байлгахад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86-131 хоног тэсч байжээ. Тэмээг удаан хугацаагаар цангаахад биеийн жингийн гурваны нэг буюу 200 кг жин алдах үед услахад гурван минутын дотор усны алдагдлыг нөхдөг байна. Тэмээ ердийн нөхцөлд өтгөн бага, хуурайвтар хоргол гаргадаг нь бас л усны алдагдлыг багасгаж байгаа бөгөөд, жин үдийн халуун нар луу харж идээшилдэг нь нарыг биеийн бага талбайд тусгах байгалийн зохилдлогоо гэнэ.

Тэмээ 30-35 жилийн настай амьтан. Амгалан дөлгөөн зантай энэ амьтан бэлчээрт тархан идээшилдэг. Уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог зантай. Дуу хуур, уянгалаг аялгуунд уярамтгай. Энэ чанарыг нь ашиглаж ингэнд ботго авахуулна. Үнсэн дээр хөрвөөх дуртай, эдэлгээнд хүлцэнгүй, эзэндээ дуулгавартай амьтанг хүмүүс бас “чөтгөр шүглэсэн” энэ тэр гэж нүд үзүүрлэх нь ч бий. Тэмээ жалга, нөмөр бараанд салхины уруу харж хэвтвэл тэнгэр хүйтэрнэ, ингэ ботгондоо хоргодон буйлаад байвал цас бороо орно гэж ард түмэн хэлцдэг. Тэмээний махыг өргөн дэлгэр биш ч гэсэн хүнсэнд ашигладаг. Ер нь сэрүүн чанарын мах л даа. Тэмээний махыг удаан хугацаагаар нөөцөлж хадгалан хэрэглэх нэг арга бол говийн малчдын уламжилж ирсэн борц хийх арга юм. Монгол Улсын хэмжээнд 1985 онд 559 мянган тэмээтэй байсан бол 1990 онд 537.5 мянга, 1995 онд 367.5 мянга, 2000 онд 315.5 мянга, 2005 онд 254.2 мянга болон жилээс жилд цөөрсөөр байна. 2009 онд 277.1 мянгад хүрэв. Дэлхийд нэг бөхт тэмээ байнга өссөөр байхад хос бөхт тэмээ нь хорогдож тоо толгой нь цөөрсөөр байгаа нь гунигтай.

Image result for Тэмээ усМонгол тэмээ голдуу хүрэн, бор, улаан зүстэй бөгөөд дотроо Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн гэдэг хоёр омог байдаг. Мөн Говь-Алтай аймгийн Төгрөг суманд үржүүлдэг Дөхөм Тунгалагийн тэмээ үржлийн бие даасан хэсгээр батлагдсан юм. Дөхөм Тунгалагийн тэмээ нь дотроо ноосорхог, биерхэг гэсэн хэвшилтэй бөгөөд. гол онцлог нь хоолой, шилнээс гадна хүзүүний хоёр талаар давхар зогдортой байдаг. Манай орны говийн тэмээний дотроос Өмнөговь аймгийн тэмээ арай биерхэг болохыг И.Ф.Шульженко 1954 онд, Б.Лувсан 1975 онд тус тус тэмдэглэсэн байдаг. Нас гүйцсэн ингэ намар 529 кг, ат 621 кг жинтэй байдаг байна. Д. Буянхишигийн 1994 оны судалгаагаар атны намрын амьдын жин 603 кг, ингэнийх 521 кг, гурван настай өсвөр тэмээ 404 кг, хоёр наст 329 кг, нэг наст тором 267 кг, тухайн жилийн ботго 157 кг жинтэй байжээ. Монгол тэмээний угсаа гарлыг Өмнөговийн Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Баянхонгорын Ламын гэгээний жаахан шар, улаан, Говь-Алтайн Дөхөм тунгалагийн хос зогдорт гэж угшлаар нь ангилдаг. Ховд аймгийн нэгэн жинчний мэлтгэр хүрэн гэдэг тэмээ ямар ч уулын өндрөөс сүр цохидоггүй тэмээ байсан гэнэ. Оросын нутагт байх алдарт Чуйн замын өндөр даваагаар давахад уулын өндрөөс сүр цохиж ачаатай тэмээ их осолддог тул бүх тэмээний нүдийг боож уул давуулахад ганц мэлтгэр хүрэнгийн нүдийг боодоггүй байсан хэмээн эзэн нь дурсан бичсэн байдаг. Орсон буурын тухай олон ч сонин хөврүүлж болно. Өвлийн ид хүйтнээр буур орохдоо цагаан хөөс цахруулан шүдээ хавирч, шилээ шөргөөж, хүрхэрч шаваад муухай загнан ижил сүрэгтээ хүн мал ойртуулахгүй дов, сондуулд хөрвөөх, ойртсон хүн малыг хөөх зэргээр сүр хүчийг үзүүлдэг. Орсон бууртай тэмээнд чоно ч айгаад ойртдоггүй. Үүнээс үүдэн чоно “Орсон буурны дуу сонссоноос оготор шарын дуу сонссон нь дээр” гэсэн домог яриа байдаг. Орсон бууранд морьтой хүн хөөгдөж бариулсан, суудлын машиныг шөргөөж өмнүүр хэрж хөндөлдөөд явуулахгүй байсан гээд баримттай болсон явдал, хууч яриа олон бий. Говийн нэгэн аймагт Жанжин хүрэн хэмээх буур ид орооныхоо үед өөр нэгэн бууртай тэмцэлдэн хүч тэнцээд биесээ отож хөдлөхгүй хэвтсээр хоёулаа үхсэн гэсэн домог яриа ч тэмдэглэгдэн үлджээ. Дээхнэ үед нэгэн хүн орсон бууранд хөөгдөж худагт оржээ. Гэтэл нөгөө буур нь худгийн амыг таглан дээр нь хэвтэхэд нөгөө хүн буурыг босгох санаатай дороос нь хутгаар гэдсийг зүсэхэд буур босолгүй байсаар хоёул тэндээ үхсэн эмгэнэлт явдал байдаг.

Image result for Тэмээ усТэмээ бол их сониуч зантай амьтан бөгөөд аливаа зүйлийг харж сонирхох, үнэрлэх түүнээсээ үргэж тоглох, эзэн хүндээ эрхлэх, хол газар тасралтгүй ширүүн явахад орилж хад, харгана, буттай газар хоргодон хэвтэх, үнсэн дээр хөрвөөж, дэвслэх, өглөө үүрээр бусад малаас түрүүлэн бэлчих, шилээ шөргөөж буур болон бие, биетэйгээ тохуурхан ноцолдох, хоорондоо хэрэлдэх, бурантаг хазах, уяа тайлах зэрэг зан авир гаргадаг. Бурантаг хаздаг тэмээний ойролцоо уясан бурантаг хаздаггүй тэмээ нь нэгнийгээ дууриаж бурантгаа зуух буюу хазаж сурах зэргээр дуураймтгай зан гаргадаг. Тэмээ их хужирсаг тул бударгана шарилжаар голдуу хооллоно. Зуны халуунд олон хоног усгүй явж чаддаг нь хоёр бөхөндөө усаа хуримтлуулж, түүнээсээ цангаагаа тайлдагтай холбоотой аж. Монголчууд хоёр бөхт тэмээгээ дэлхийн Гиннесийн номд бүртгүүлэхээр Өмнөговь аймагт 2016 оны гуравдугаар сард тэмээг сургах, буйллах, уналга, эдэлгээнд хэрэглэх зэрэг олон үйл үзүүлсэн юм. Мөн Монголын 11 аймгийн 1132 тэмээг гарааны зурхайгаас нэгэн зэрэг амжилттай гарган 15 км зам туулан уралдуулж, 1108 тэмээ барианд оруулснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна. Урьд нь Өмнөд Монгол 550 тэмээгээр дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.