Categories
мэдээ нийгэм

“Харшийн сүлд модны наадам” боллоо

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт “Харшийн сүлд модны наадам” боллоо. Энэ удаагийн наадам “Шидэт дэлгэц буюу гайхамшигт хонхны жингэнээ” нэртэйгээр зохион байгуулагдсан юм.

Өчигдөр НЗДТГ-тай хамтран Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх халамж, асрамжийн төвийн хүүхдүүдийг хүлээн авч баярлуулж байна. Харшийн сүлд модны наадамд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын захирал Д.Оюунцэцэг “Жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон халамж, асрамжийн төвийн хүүхдүүдийг Харшийн шинэ жилийн наадамд оролцуулдаг. Бидний анхаарал халамж хэрэгтэй байдаг тэр хүүхдүүдийг уламжлал болгон уг наадамд оролцуулж байгаа нь маш их талархууштай үйл явдал юм” хэмээлээ.

1981 оноос өнөөг хүртэл 37 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадамд тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авьяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдагаараа бусад ижил төстэй сүлд модны наадмаас онцлогтой билээ. Энэ сарын 21-ээс 27-ны хооронд 4500 гаруй хүүхэд багачуудыг хүлээн авахаар болсон байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдолд өнгөрсөн дөрвөн жилд 132.5 тэрбум төгрөг зарцуулжээ

Агаарын бохирдлоороо Улаанбаатар хот дэлхийн улсуудыг тэргүүлсэн жагсаалт саяхан гарсан. Хэрээс хэтэрсэн энэ бохирдолд хүн бүр санаа зовж байгаа боловч дотор нь амьдарсаар. Үр хүүхдээ ханиад, хатгаа тусан зовж шаналж байгааг харах эцэг эхчүүд тэсэхээ байгаад өнөөдөр жагсаал хийх гэж байна. Улс төр нь ч манантсан, урдах зам нь ч манантсан ямар гээчийн аймшигт нийгэмд амьдраад байгаагаа хүн бүр сэрж мэдрэх цаг нь болжээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их байна. Агаарыг бохирдуулж буй гол хүчин зүйл нь гэр хорооллын нүүрсний хэрэглээ юм. Тодруулбал, нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх жилд 1 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд энэ нь агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг байна.

Харин нийслэлд ашиглаж буй 330 мянга гаруй тээврийн хэрэгсэл 10 хувийг, 3 ДЦС 6 хувийг, хөрснөөс дэгдэж буй тоосжилт 4 хувийг эзэлдэг аж.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011-2015 он хүртэл нийтдээ 132.5 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээллийг албаныхан өгч байна.

Categories
мэдээ спорт

“Бөх билэгт” дэвжээ үүсгэн байгуулагдсан ойн барилдаанд Р.Пүрэвдагва арслан түрүүллээ

Хүчтэний өлгий Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой,Архангай аймгаас төрж гарсан улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва, гарьд Ш.Жаргалсайхан, заан Б.Батмөнх, харцага Ц.Содномдорж тэргүүтэй хүчит 224 бөх зодоглосноос арслан Р.Пүрэвдагва түрүүлж, аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Р.Пүрэвдагва аваргаас наадмын даагаа нэхсэн бол Ч.Санжаадамба аварга цол хүртсэнээсээ хойш анх удаа унаж буй нь энэ юм. Харин их шөвөгт олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын харцага Н.Түвшинбаяр, начин Б.Амарзаяа нар шалгарлаа.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын ТУ-154 нисэх онгоцны хар хайрцгийг хайж байна

ОХУ-ын Сочи хотоос хөөрсөн Батлан хамгаалах яамны ТУ-154 цэргийн нисэх онгоц Сирийн Латакиа хотод байрлах Оросын цэргийн бааз руу нисэх замдаа осолдсон хэрэг ням гаригт гарсан билэ. Онгоцыг удалгүй Хар тэнгисийн эргийн ойролцоо сүйрсэн болохыг олж, тогтоосон юм.

Оросын Батлан хамгаалах яамны мэдээллээр онгоцонд 84 зорчигч, нисэх багийн найман гишүүн байжээ. ОХУ-ын зэвсэгт хүчний А.Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулгын 60 гаруй уран бүтээлч байжээ. Тус чуулгын ерөнхий удирдаач Валерий Халилов ч мөн амиа алдсан зорчигчдын дунд байсан гэнэ. Тэд Сири дэх Оросын Хмеймим цэргийн баазад алба хашиж буй цэргүүдийн шинэ жилийн баярт зориулан тоглолт хийхээр явж байжээ.

Ослоор амиа алдсан зорчигчдын цогцсыг Москвад хүргэж, ар гэрийнхнээр нь таниулах ажлыг зохион байгуулахаар болсон тухай тус улсын Зам тээврийн сайд мэдэгдсэн байна.

Батлан хамгаалах яамны мэдээллээр ТУ-154 онгоцны тарж бутарсан сэгийг Хар тэнгисийн эргээс 1,5 км зайд, 50-70 метрийн гүнээс олсон байна. Одоогоор амиа алдсан зорчигчдоос 10 хүний цогцсыг тэнгисийн уснаас гаргаж авчээ. Ослоос амьд гарсан хүн байхгүй гэж мэдээлж байна. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Эмгэнэлт осолтой холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин арванхоёрдугаар сарын 26-нд улс орон даяар гашуудал зарласан байна.

Categories
мэдээ нийгэм

“Агаарын бохирдол Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлэг болно

“Агаарын бохирдол Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлэг маргааш Төрийн ордонд болно. Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар төр, засгаас хэрэгжүүлж ирсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх аж.

Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүд, салбарын эрдэмтэн судлаачид оролцох юм.

Categories
мэдээ цаг-үе

Урлан нь компьютерт багтсан төрийн соёрхолт барималчийнх

Төрийн ордны өмнөх “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Үндэсний түүхийн музейн урд талын хэлмэгдэгсдийн хөшөө, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж, Сэрэлтийн Бумаагаараа олонд хайрлагдсан Т.Цэвээнжав, Улс төрийн товчооны Д.Төмөр-Очир, Мэргэн гүн Гомбожав зэрэг алдартнуудын өөрийн гэсэн характер нь хачин тод сийлэгдсэн, өвөрмөц шийдэлтэй хөшөөнүүдийг урласан Төрийн соёрхолт Л.Болдынд өнжлөө. Барималчийнх цэнгэлдэх хүрээлэнгийн урдхан талын Номун хотхонд амьдардаг юм байна. Оронгуут л хүүхдийн шулганасан яриа, цангинасан инээд угтав. Амралтын өдөр учраас ач нь иржээ. Хүү, охин нь тусдаа гарсан өвөө, эмээгийн жаргалтай өдрүүдийн нэг гэдэг нь харваас илт. Гэрийн эзэн “Манайх чинь хүү, охинтой айл. Хүү маань эдийн засагч. Охин АНУ-д менежмэнтийн чиглэлээр сурч төгсөөд тэндээ аж төрдөг. Бага залуудаа хүүхэдтэй болчихоор тэдэнтэйгээ хамт л өсч төлөвшдөг бололтой юм. Хүүхдийн өхөөрдөм, хайрлам, хөөрхөнийг тавь гарсан насандаа, яг өдийд л жинхэнэ утгаар нь мэдэрч байна.

Уран бүтээлчид бүтээлээ хүүхэд шигээ санадаг гэдэг. Сэтгэл гаргаснаа л зүйрлэж хэлж байгаа байх. Тэрнээс биш үр хүүхдийг юутай ч зүйрлэх аргагүй л дээ” гэж хэлээд инээвхийлж байна. Гэрийн эзэн Сэлэнгийнх, эзэгтэй Сарангэрэл Улаанбаатарынх гэнэ. Аав, ээжийн нутаг ус гэж яривал Л.Болд барималчийн аав нь Хэнтийн хүн аж. Харин эзэгтэйн аав Завханых юм байна. Аавыгаа “Сууж байгаад сургаал хайрлаж байсныг нь санадаггүй. Аав минь тийм байгаагүй. Зөв аж төрөхийг амьдралын хэв маягаараа харуулсан хүн. Мянган сургаалаас илүү үлгэрлэл шүү” хэмээн дурслаа.

Бидний анх орсон өрөөг Л.Болд “Найз нөхөдтэйгөө үүрлэдэг үүр” гэж хошигнов. Ширээ тойруулсан буйдантай, урлаг цэцэглэсэн Тан улсын үеийн бүтээлүүдийг хуулбарласан баримлуудтай, ханандаа Гүюг хааны тамганы дардсыг жаазалж өлгөсөн тохитой гэж жигтэйхэн өрөө юм. Эзэгтэйн бэлдсэн ширээний ард яриа хөөрөө өрнүүллээ. Ардчилсан холбооны Зохицуулах зөвлөлийн анхны хурал урлангийнх нь өрөөнд болж байж. Гэрийн эзэн “Зохицуулах зөвлөлийн 11 гишүүний нэгээр Э.Бат-Үүлийг хүчээр оруулж байсан юм. Мань хүн сэтгүүлч болж тэмцэнэ гээд тэрүүхэндээ хөөрхөн юм болсон” гээд хөгжилтэй инээв. “Одоо таны урлан хаана вэ” гэтэл “Монголд урлангүй ганц хүн би л байх. Миний урлан энэ шүү дээ” гэж хажуудаа байсан цагаан өнгийн i mac-ийг заагаад жуумалзав. Барималч урдаа байсан халуун байхууг оочлонгоо “Москвад хөшөө дурсгалын мэргэжлээр төгссөн хоёр хүний нэг нь би. Тиймээс өдөр тутмын жижиг баримал энэ тэрд сэтгэл татагдаад байдаггүй юм. Хөшөө дурсгалаа гүйцэтгэх, боловсруулах ажлыг энэ өрөөндөө л хийдэг. Гүйцэтгэх болохоороо тав, арван метрийн өндөртэй заал түрээсэлдэг” гэж ярилаа. Өрөөндөө найзынхаа аавын хөргийг бүтээж эхэлжээ. Ойрын хүнийх нь аав учраас жижиг баримлын ажил эхэлсэн бололтой.

Удам сударт нь урлагийн хүн байсан эсэхийг сонирхоход “Би анх ном, замаар нь яваад барималч болсон гэж боддог байлаа. Арван жилийн маань ангийн багш мужаан, дүрслэх урлагийн дунд сургуулийн төгсөгч гэсэн зам л барималч болгосон гэж сэтгэнэ. Ихдээ л аавыгаа бодно. Аав минь хуучин бичгээр хачин гоё бичнэ л дээ. Чөлөөлөх дайнд штабын бичээчээр ажиллаж байсан хүн. Нэг удаа төрийн хүлээн авалтын үеэр хэсэг уран бүтээлчтэй уг удмаа ярилаа. Н.Жанцанноров гуай ээжийгээ сайхан дуулдаг гэж яриад. Н.Сувдаа гуай ойлгомжтой. Ээж нь мундаг. Би аавыгаа хэллээ дээ. Гэтэл гавьяат Г.Эрдэнэбат “чи боль л доо” гээд дургүй гэж жигтэйхэн байна. Аав маань Хэнтийн Батноровынх болохоор мань эр аавыг мэднэ. Тожил дархнаас гаралтай нутгийн хүн байж гэж ирээд нэг их зэмлэсэн нь санаанаас гардаггүй юм. Тийм л дээ, Монголын уран дархны агуу хийц тэнд байдаг. Тэр дундаа цутгаж бүтээдэг Батноров хийц. Би одоо болтол барималч гээд хөөмөл цутгаад явж байна. Миний аав тэр дархыг хийгээгүй, уламжлаагүй ч гени нь надад байгаа хэрэг. Тэр үеэс хойш өөрийгөө Хэнтийн Батноровын үр хойчис, урлалыг нь дамжуулж яваа нэгэн гэж боддог болсон” гэж байна.

Хэлмэгдэгсдийн хөшөөг цоолж балласанд эмзэглэж яваагаа нуусангүй. “Засах гээд цагдаа цэрэг болоод байх шиг. Сэтгэл шимшрээд очиж үзээгүй ээ. Хүмүүсээс дуулах нь ээ, 200 гаруй цоолсон сурагтай” гэв.

“Чингисийн хамгийн бодитой гэж хэлж болох зураг Тайваньд байдаг гэдэг. Ордоны өмнөх хааны дүрийг бүтээхдээ ямар зургийг барив” гэхэд “Миний шийдэл. Олон янзын үзэл байсан учраас өөрийнхөөрөө бүтээсэн” гэж байна. Хятадын зарим эх сурвалжид Чингис хааныг 197-201 см өндөр, зөв царайтай гэж дүрсэлсэн байдаг бол хэд хэдэн эрдэмтэн Тайваньд байдаг хааны хөргийг бодитой биш гэж үгүйсгэдэг гэнэ. Төрийн ордны урд талын Өгөөдэй, Хубилайг харин маргашгүй гэдэг утгаар нь Тайванийн зургаар бүтээжээ.

Өмнөд Монголд Чингис хаан болон Их Монголын түүхтэй хамаатай хэд хэдэн хөшөө урласнаа нөүтбүүкээсээ сонирхуулав. Хорчин нутагт хорчин гэж үгийг морины хэлбэрээр урласан хөшөө нь анхаарал татахаар содон юм. “Хорчин хошууны 84 хувь нь монголчууд болохоор тэр үү, хятадууд нь хүртэл монголоор ярьдаг юм билээ” гэх мэтээр урд зүгийн монголчуудын тухай баахан яриа өрнүүлэв.

Л.Болд барималчийн “Есүхэйн захиас” гэж хөшөө Сөүлээс ойрхон Ичон гээд газарт олон улсын баримлын паркт байдаг юм байна. Зургийг нь харлаа. Гарны хэлбэртэй өвөрмөц бүтээл юм.

Гэрийн эзэн Жанрайсигийг бүтээх ажлыг таван жил удирдсанаа ярьж сууснаа Ардчилсан холбоотой хамаатай бас нэгэн түүх дэлгэв. “Ардчилсан холбооны анхны хурлаар шууд надтай хамааралтай гурван зорилго тавьсан юм. Эхнийх нь хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж хөшөө босгох. Хоёр дахь нь өв соёлоо сэргээхийн тулд оросуудын бууны сум хийхээр авч явсан гэх Жанрайсигийг бүтээх. Гурав дахь нь Чингис хааныхаа хөшөөг мөнхжүүлэх. Хувь тавилангаар уу, азаар гэх үү гурвууланг нь би хийсэн. Ардчилсан холбооны анхны хурал дээр өгсөн даалгаврыг биелүүлсэн гэсэн үг. Энэ болгонд Н.Энхбаяр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байж таарсан. Ухаандаа Ардчилсан холбооноос дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд Н.Энхбаярын оролцоо байдаг юм” гэснээ үе үеийн төрийн тэргүүнүүдийг “Бүгдээрээ урлагт хайртай, элэгтэй, урлагийг үнэлэх үнэлэмжтэй улс” гэж магтав. Л.Болд барималч Урчуудын эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж байхдаа П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяртай харилцаж байж. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай “Шууд харилцах ажил үүрэг байхгүй ч урлагийн өндөр үнэлэмжтэйг нь мэднэ. Уран зургийн хоббитой. Өөрөө зурдаг, хувийн маш баялаг галлерейтэй. Ордны өмнөх цогцолборыг эхлүүлэх шийдвэр гаргахад голлох нөлөөтэй ажилласан” гэж ярив.

Сонирхуулж хэлэхэд, Төрийн соёрхолт барималч маань оюутан ахуйдаа хамтлагт цахилгаан гитар тоглож манаргаж явж. Төрийн соёрхолт С.Саранцацралтын нөхөр зураач Бат-Эрдэнэ, “Нохойн орон” бүтээлээрээ нэг хэсэг шуугиан тарьсан Д.Төрмөнх гээд хэсэг зураач залуус хамтлаг болж явжээ. Хамтлагийнх нь найзууд өнөөдрийн Болдыг бүтээхэд нөмөр түшиг, хөг болсон хэмээн гэрийн эзэн ярилаа.

Барималч өрөөнийхөө хойморт Бурхан багшийн хөргийг залжээ. “Шүтэхдээ философи болгож судалсангүй. Бодол, сэтгэл цэгцлэх цэг, түшиг тулгуур маань бурхан багш болчихоод байна л даа. Хүнийг сайхан руу чиглүүлэх нь шашны мөн чанар гэж хардаг. Тэр талаас нь бодож хүндэлж, шинийн 29-нд Очирваань бурхандаа мөргөх хэмжээний л шүтлэгтэн” гэж өөрийгөө тодорхойлов.

Номын сан нь их даруухан юм. Зураг, баримал, урлагийн голдуу ном өржээ. Үе үе дэлгэж хардаг нь 30000 жилийн дэлхийн урлагийг багцалсан зузаан гэгчийн цагаан хавтастай ном юм байна. Сингапураас монгол төгрөгөөр бол хагас сая орчим төгрөгөөр авчээ. Зураг сайтай, товч, ойлгомжтой тайлбартай энэ номд Монголоос Занабазарын нэг бүтээл багтжээ. Гэрийн эзэн номоо бидэнд сонирхуулчихаад “Ямар ч байсан хүмүүний урлагийн түүхэнд дурсагдах агуу уран бүтээлчтэй л ард түмэн” гэж хэлээд номын сан руугаа эргэв.

Гэрийн эзэн “Зураач хүн гэхээр зурахаас өөрийг мэддэггүй гэж шүүмжилдэг. Спортынхныг ч ялгаагүй. Гэтэл Түвшинбаярыг олимпийн аварга болоход монголчууд яалаа. Талх үйлдвэрлэдэг хүн биш л бол юу ч хийдэггүй нөхөд гэсэн ойлголтыг эвдэж чадсан. Уран бүтээлчээс гадна Улаанбаатарт амьдарч яваа хүний, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож явдаг сонгуульт болон томилогдсон ажлууд бий. Урлагийн зөвлөлийг байгуулсан. Ирэх жил 15 жилийн ой нь болно. Өнгөрсөн жилүүдэд зургаан сая ам.долларыг Монголын урлагт олж ирж зарцуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл улаанбаатар хотын ерөнхий зураач гэсэн ажилтай. Орон тооны биш л дээ. Жил бүрийн наадмын чимэглэл гэхэд миний нуруун дээр. Цалингүй, сэтгэлээрээ хийдэг ажлууд. Үүргээ л биелүүлж яваа гэж ойлгодог доо” гэсээр биднийг үдлээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Монголбанк, Сангийн яам ажиглах биш эдийн засгийн уналтыг нэн даруй зогсоох үүрэгтэй. Юуг нь ажиглаад байгаа юм бэ

Өдрийн сонины №293 (5558) дугаараас

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.


-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар хаа хаанаа л хичээж байна. Хямралыг даван туулах гол арга зам юу байх бол. Манайхны ярьж байгаагаар “Стэнд бай” хөтөлбөр, гадны зээл гэх юм. Монгол Улсын эдийн засгийн дотоод нөөц боломж энэ бүхнийг даван туулахад хангалтгүй юм уу?

-Эдийн засаг хямралтай байна. Хямралаас гарахад мэдээж дотоод, гадаад нөөц бололцоо гэж байлгүй яахав. Бид аль алийг нь зөв ашиглах хэрэгтэй. Дотоод нөөц боломж гэвэл орлогоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийнхээ үр ашгийг дээшлүүлэх, шинэ төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэхчилэн замууд бий. Болж өгвөл хөнгөлөлттэй зээл, тусламж авах нь чухал байлгүй яахав. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг харилцан үр ашигтай нөхцөлөөр явуулах гээд гарцууд байна. Гэхдээ бид алийг нь ч хэрэглэсэн ачааны хүндийг өөрсдөө л үүрч гарах ёстой. Гаднаас хэн нэгэн мөнгөтэй хүн ирээд Монгол Улсын эдийн засгийг хямралаас гаргаад өгнө гэж хүлээх нь учир дутагдалтай. Тиймээс бид дотоод нөөц бололцоогоо дээд зэргээр дайчлах хэрэгтэй байгаа биз дээ. Төсвийнхөө алдагдлыг багасгаж, орлого, зарлагаа баланслуулах тал дээр томоохон алхам хийх шаардлагатай. Манайхан “Бүсээ чангална, бүсээ чангална” гээд маш их ярьдаг. Үнэндээ бид бүсээ чангалаагүй яваа юм шүү дээ. Хэмнэлтийн горимд шилжих зэрэг арга хэмжээг авах цаг болсон. Эдийн засгийн энэ хүнд байдлаас гарахад амаргүй. Эдийн засаг хэдий чинээ хүндэрсэн байна, түүнийг эрүүлжүүлэх эм төдий чинээ гашуун байна гэсэн үг. Өнөөдөр бид гашуун эм уугаагүй л байгаа.

Гадаад талдаа бусад оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлье гэж байгаа бол “Монгол Улстай хамтран ажиллаж болно. Өнөөдөр эдийн засаг нь хүнд байгаа ч гэсэн үүнээсээ гарч чадна” гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэх хэрэгтэй. Эдийн засаг нь хямарчихсан, зээлжих зэрэглэл нь буурчихсан үед тэр итгэлийг хэрхэн сэргээх вэ гэдэг нь харин асуулт байсаар байна. Засгийн газар шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах ёстой. Тэр нь “Стэнд бай” хөтөлбөр байж болно. Эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөр ч байж болох юм. Манайхан л “Стэнд бай” гээд байгаа болохоос Олон улсын валютын сан дотроо олон хөтөлбөртэй. Гэхдээ ийм хямралтай үед хямралаас гарах, тогтворжуулах хөтөлбөр хэрэгждэг. Тийм болохоор нэн даруй Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг авах хэрэгтэй л дээ. Ингэснээр наад зах нь гурван гол үр дүн гарах учиртай.

-Яг ямар үр дүнгүүд юм бол?

-Нэгдүгээрт, Монгол Улс хямралаас гарах зөв бодлоготой болно. Олон улсын валютын сан дэлхийн 200 гаруй орныг нэгтгэсэн том байгууллага. Дэлхийн олон оронд ажиллаж байсан арвин туршлагатай. Ийм байгууллагатай хамтран зөв бодлогоо тодорхойлох ёстой. Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй байна гэдэг бол бодлого нь зөв боллоо гэдэг мессэж очих эхлэл юм.

Хоёрдугаарт, тодорхойлсон бодлогоо хэрэгжүүлэх сахилгатай болно. Манайхан сайхан бодлого, гоё хөтөлбөр гаргадаг л даа. Хэрэгжилт дээрээ харин таг зогсдог. Таг зогсдог гэдэг нь таг мартчихдаг гэсэн үг. Манайд асар их хөтөлбөр, төлөвлөгөө байгаа. Үүнийгээ харин хэрэгжүүлэхээ ор тас мартдаг. Сонгуулиас хойш Засгийн газрын мөрийн хөтөлбөр, дараа нь эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр гэхчилэн хангалттай хөтөлбөрүүдийг баталлаа. Харамсалтай нь үүнийгээ тууштай хэрэгжүүлэх сахилга байдаггүй. Олон улсын валютын санд хамрагдчихвал сахилгатай болно. Валютын сан хамтран боловсруулсан хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангуулахын тулд хяналтаа тавина. Тиймээс бодлогоо хэрэгжүүлэх сахилга сайжрах юм.

Гуравдугаарт, дэлхий дахинд зөв сигнал очно. Монгол Улс Олон улсын валютын сантай хамтран ажиллаж байгаа, бодлоготой, сахилгатай улс. Одоо хямралтай байгаа ч хөрөнгө мөнгө оруулаад явах боломжтой гэдэг мессэж очно. Хамгийн наад зах нь ийм гурван үр дүн гарна. Тэр утгаараа Олон улсын валютын сангийн хөтөлбөрт нэн даруй хамрагдах нь зөв. Засгийн газар дэндүү удаан байна. Сонгуулиас хойш хагас жил өнгөрчихөөд байхад хөтөлбөр авах уу, үгүй юу гэдгээ нэг мөр тогтож чадсангүй. Валютын сангийнхан 2-3 удаа манай улсад ирлээ. “Хэрвээ Монголын тал хөтөлбөрт хамрагдахаар болоод санал тавивал бид хамтарна” гээд байна.

-Манайхан яагаад ингэж удаад байгаа юм бол. Зээл хүлээгээд байгаа юм уу. Ер нь цаг алдалгүй асуудлаа шийдээд явах нь хамгийн зөв гарц баймаар юм?

-Өдий болтол манайхаас Олон улсын валютын сантай хамтрах санал тавиагүй л байхгүй юу. Яахав манайхан болгоомжилдог байж магадгүй. Валютын санд хамрагдчихвал нөхцөл тулгаад эрх чөлөө хязгаарлагдана гэсэн айдас байдаг. Тулгана гэдэг чинь тохирсон бодлогоо хэрэгжүүллээ л гэсэн үг. Ил тод бай, төсвөө сахилга баттай зарцуул л гэж байгаа юм. Энэ шаардлагаас айгаад эрх чөлөө хумигдах нь гэж өнгөцхөн ойлгож байгаа бол Засгийн газрын буруу. Валютын санд хамрагдлаа гээд бусад улс орнуудтай хамтрах нөхцөл хоригдохгүй. Хэнтэй ч хамтран ажиллалаа гэсэн эдийн засгаа сэргээхэд чиглэсэн эдийн засгийн зөв бодлогын хамтын ажиллагаа байх ёстой юм. Өөр этгээдээс зээл авч болно. Гэхдээ өндөр хүүтэй арилжааны зээл авч болохгүй. Учир нь манай эдийн засаг даахгүй. Тиймээс урт хугацаатай хөнгөлөлттэй зээл ав, чөлөөтэй гэж байгаа. Ийм хүнд нөхцөлд орсон үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь эдийн засгийн ганц баталгаа болж өгнө. Тэр утгаараа эргэлзэж, тээнэгэлзэн болгоомжлоод байх шаардлага байхгүй. “Стэнд бай” хөтөлбөрт бид гурав дахь удаагаа орж байна. Өмнө нь өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Энэ болгонд манай эдийн засагт эерэг үр дүн гарч байсан. Дахин хэлье, ганц зөв зам бол валютын сангийн хөтөлбөртэй болох.

-Урт хугацаатай, бага хүүтэй Хятадын зээл яригдаж байгаа. Тэр нь улс төрийн зээл байгаад улсаа дэнчин тавьчих вий дээ гэсэн болгоомжлол байх юм. Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд л байна. Энэ бүхнийг та хэрхэн харж байна вэ. Эдийн засагт ногоон гэрэл асаахад хэр дэмтэй байх бол?

-Ер нь улс орны хамтын ажиллагаа олон талын болоод хоёр талын гэсэн хэлбэртэй байдаг. Олон талын гэдэг нь олон улсын байгууллагад элсээд гишүүн байгууллагуудтайгаа хамтран ажиллахыг хэлнэ. Хоёр талын хамтын ажиллагаа бол улс гүрнүүд хоорондоо хамтран ажиллах. Гэхдээ өнөөгийн нөхцөлд тохирсон хамтын ажиллагаа, зээл, тусламж байх хэрэгтэй. Олон улсын байгууллагын дунд тогтсон “хөгжлийн албан ёсны тусламж” гэдэг хамтын ажиллагааны хэлбэр байдаг юм. Энэ нь урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл байхгүй юу. Манайхан ч үүнийг өмнө нь зөндөө л ашиглаж байсан. Ийм төрлийн зээл хэдийг бол хэдийг авч ашиглаж болно. БНХАУ гэхэд Олон улсын валютын сангийн гишүүн улс. Хятадаас энэ чиглэлийн зээл авахад чөлөөтэй.

Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах боломж бий. Тэгэхгүйгээр өндөр хүүтэй, богино хугацааны зээл авчихвал манай эдийн засаг өөрөө эрсдэлтэй байгаа тул цаашид өрийн дарамтад орох магадлалтай. Ийм тусламжийг бид авч болохгүй. Хамтын ажиллагаагаа л хөгжүүлэх нь чухал болохоос заавал тэрнээс зээл ав, тэрнээс болохгүй гээд байх зүйл байхгүй. Зөвхөн Хятадаар бид хязгаарлагдаж болохгүй. Дэлхий дээр зээл авчихаар олон улс гүрэн бий. Тухайлбал, Тайваниас зээл авч болно. Тайвань эдийн засгийн хувьд чадвартай болчихсон. Эдийн засгаараа дэлхийд эхний тавд багтдаг. Тэгж ярих юм бол АНУ, япон, хятадууд Тайваниас зээл авчихсан байна. Бид яагаад тэднээс хөнгөлөлттэй зээл авч болохгүй гэж. Боломж байгаа биз дээ.

-Далай ламыг Монголд айлчилснаас болоод Хятадын зээл бүтэхээ байчихлаа гээд “боож үхчих” гээд байцгаах юм байна шүү дээ. Одоо өнгөрсөн, цаашаа ингээд элгээрээ мөлхөх нь гээд сүр бадруулаад байх юм?

-Эдийн засгийн хамтын ажиллагаа, улс төр хоёрыг бид зааглах хэрэгтэй. Зээл тусламж авах, хөтөлбөрт хамрагдах бол эдийн засгийн хамтын ажиллагаа. Улс төртэй огт холбоогүй. Энэ хоёр тусдаа асуудлыг хүчээр холбох гээд эсрэг тэсрэг болгоод байх шаардлагагүй. Далай лам айлчилснаас болоод эдийн засгийн сөрөг нөлөө гараагүй, гарах ч үгүй гэдэгт итгэж байгаа.

-Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр баталсан. Тэнд Оюу толгой, Таван толгой, Гацууртын ордыг ашиглах болон хэд хэдэн цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн. Энэ бүхэн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ?

-Эдийн засаг хүнд байгаа үед өөрсдийн нөөц боломжоо хамгийн дээд зэргээр дайчилж чухал ордуудаа эргэлтэд оруулах нь огт буруу биш. Гэхдээ яаж оруулах вэ гэдэгт асуудал бий. Харилцан үр ашигтай байлгамаар ашигламаар байна. Оюу толгой шиг сайхан зүйл хүсч байгаад эцэст нь үр дүн муутай хамтын ажиллагаа болчихдог гашуун түүх сургамж байгаа. Үүнээс сургамж аваад харилцан үр ашигтай байхаар ажлаа урагшлуулах нь зөв. Өмнө нь байгуулсан гэрээ хэлцлүүдээ дахин хянах хэрэгтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой бий. Тэр бүү хэл Оюу толгой, Таван толгойн гэрээ хэлцлийг дахин хянаж, харилцан ашигтай байх нөхцөл бололцоог бүрдүүлнэ гээд заачихсан. Тодорхой болчихсон төслүүд дээрээ идэвхтэй, хурдтай ажиллах зайлгүй шаардлага бий.

-Засгийн газрыг удаан ажиллаж байна гэсэн шүүмжлэл байгаа. Та ч гэсэн яриандаа хэдэнтээ онцоллоо. Ямар шалтгааны улмаас цаг алдаад байгаа юм бэ?

-Засгийн газрын үйл ажиллагаа удаан байна. Өөрөөс нь хамаарсан шалтгаан бий л байх. Асуудлаа өөрийн болгож, хурдан хугацаанд боловсруулах хурд дутаж байгаа нь илт харагдах юм. Дээрээс нь Их хурал Засгийн газрыг удаан болгоод байх юм л даа.

-Яагаад Их хурал гэж. Танай бүлэг чинь Их хуралд 65-уулаа байж гацаах шалтгаан байгаа юм уу?

-Тэр тусмаа. Яагаад удаан байна гэхээр бодитой зүйлдээ цаг бага гаргаад төсөв, төлөвлөгөө боловсруулахад хамаг цагаа зарцуулж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсруулна гээд 60 хоног ажилласан. Дөнгөж боловсруулж дуусаад хэрэгжүүлж эхлээгүй байхад нь Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр гаргана гээд дахиад 60 хоног хуралдлаа. 60 хоног хуралдаж хөтөлбөрөө баталж дуусахаар нь одоо л ажилдаа орох нь гэтэл оны эцэс болоод тулгамдсан асуудлууд хоолой дээр нь тулчихсан. Дөрвөн жилийнх нь хөтөлбөрийг батлаад өгчихсөн юм бол хурдтай ажиллах бололцоог гаргаж өгөөд эрх зүйн зохицуулалтуудыг нь шуурхай хийж өгөх хэрэгтэй. Тэгээд Засгийн газраа түргэн ажиллуулах шаардлагатай байна. Тэгэхгүйгээр нэг хөтөлбөр гаргахаар нь төлөвлөгөө гаргана гээд төлөвлөгөө гарахаар хуульд өөрчлөлт оруулна гээд хууль дээрээ очихоор өнөөхөө боловсруулж байна гээд цаг алдаад байгаа юм. Хуульд өөрчлөлт оруулъя л гэж байгаа юм бол ямар зохицуулалт хэрэгтэй юм, түүнийг нь хийгээд өгчих хэрэгтэй. Хагас жил өнгөрчихлөө. Цаг нартай уралдаж байгаа бидний хувьд их ажил амжуулчих хугацаа.

-Олон улсын зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ өсөөд байна л гэх юм. Манайхан энэ бүгдийгээ гаргасан хэвээр байгаа атал эдийн засагт өөрчлөлт гарсан юм алга. Өмнөх жилүүдээс экспортын хэмжээ огт буураагүй юм билээ?

-Бодит хэмжээгээр өсч байгаа. Гэсэн хэдий ч орж ирдэг нь буураад л байна. Энэ бодит үнэн. Сүүлийн саруудад зэс, нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа нь эдийн засагт эерэг нөлөө авч ирэх байх. Одоо эдийн засагт мэдрэгдсэн зүйл байхгүй байна гэдэгтэй яах аргагүй санал нэгдэх ёстой.

-Ер нь бол танай намынхан өмнөх дөрвөн жилд АН, МАХН хамтарч засгийн эрх барьж байхдаа эдийн засгийг навс унагасан гэдэг зүйл ярьдаг. Таны хувьд Сангийн сайдаар ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн энэ хямралд таны оролцоо ч байгаа юм биш үү. Таныг Сангийн сайдаар ажиллаж байхад эдийн засаг яг ямар байсан юм бэ?

-Гэнэтийн юм гэж байдаггүй. Тэр тусмаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил гэнэт нэг өдөр муудаад, нэг өдөр сайжирчихдаг юм биш. Урт хугацааны тогтвортой бодлого гараад бодлогын дагуу тууштай, зөв ажиллаж чадвал сайжраад л явна. Бодлогогүй, урсгалаараа яваад байвал байдал эрс муудна. Тиймээс үүн дээр нэлээд ул суурьтай хандах хэрэгтэй. Миний хувьд үндсэндээ таван Засгийн газарт Засгийн газрын гишүүнээр ажилласан. 1990 оноос хойш эдийн засгийн шилжилтийн үед УИХ-ын гишүүн, Сангийн сайдын албан тушаал хашиж байлаа. Энэ чиглэлд санаа зовж, дүгнэлт хийх гэж хичээдэг эрдэмтэн, судлаач хүн. Тэр утгаараа аваад үзэх юм бол бидэнд хэд хэдэн анхаарах зүйл байна. Нэгдүгээрт, бодлогоо тууштай хэрэгжүүлж чаддаггүй. Бид дандаа бодлого гаргадаг ч түүнийгээ мартдаг. 1995 онд Монгол Улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэж гаргаж байв. Гэтэл энэ бодлого орхигдсон. Угтаа одоог хүртэл хэрэгжээд явж байх ёстой байсан. Дараа нь 2008 онд Эдийн засгийн хөгжлийн цогц бодлого гэж гаргасан. Мөн л 2020-2030 он хүртэлх бодлого. Бас л мартагдсан. Өнгөрөгч өвөл бид Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого гээд гаргасан. Бид ингээд бодлого гаргаад байдаг ч хэрэгжүүлэх дээрээ тулахаар мартдаг талтай.

Хоёрдугаарт, эрх барьж буй улс төрийн хүчнүүд дандаа шинэ зүйл хийх гэж оролддог. Үүнээс болж урагшаа алхдаггүй, байрандаа л байдаг. Төрийн залгамж чанар уламжлагдаж, шинэчлэгдэж явах ёстой. Гэтэл шинэчлэл нь давамгайлаад уламжлалаа бид мартдаг. Бүх зүйлийг шинээр хийх гэж оролддог нь бидний сул тал.

Гуравдугаарт, эвсэж, хамтарч ажиллахдаа учир дутагдалтай. Өнгөрсөн 26 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтцийг он оноор нь судлаад үзэхэд хамтарсан Засгийн газрын үед эдийн засаг дандаа муудаж ирсэн дүр зураг харагддаг. Урт хугацааны, уламжлагдсан бодлогогүй учраас манай хөгжил догонцдог. 1992 оноос хойш явагдсан бүх УИХ-ын сонгуулиудыг аваад үз. Дөрөв, дөрвөн жилээр энэ хоёр нам ээлжилж засаг барьсан. Дараалан найман жил Их хуралд ялалт байгуулсан улс төрийн хүчин байдаггүй. Сайн үр дагавар гарч байгаа бол аль алинд нь хамаатай. Муу үр дагавар гарсан бол мөн л аль алинд нь хамаарна. Тиймээс тэрнээс болоод эдийн засаг муудсан гэх нь учир дутагдалтай тул ялгаж, салгаж ярих ёстой. 2012-2016 оны эхний хоёр жил АН, МАХН хамтарч “Шинэчлэлийн” Засгийн газарт ажилласан. Энэ хугацаанд хөгжлийн эх үүсвэр босгож, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлд нэлээд ахицтай ажилласан. Сүүлийн хоёр жил орчимд нь “Шийдлийн” Засгийн газар ажилласан. Энэ Засгийн газрын үед харин эрч хүч нь суларч, гадна талд хийсэн гэрээ хэлцэл дээр буулт хийж Монголын эрх ашигт нийцээгүй зүйл заалт дээр гарын үсэг зурсан. Түүнчлэн төсөв, хөрөнгө мөнгөний тал дээр сахилга батгүй, замбараагүй болсон. Ингэж үе үеэр нь ялгаж, салгаж ажиллах хэрэгтэй. Түүнээс биш Улаанаас болсон гэж байгаа бол учир дутагдалтай.

-Эдийн засгийн энэ донсолгоотой байдал тэгэхээр улс төртэй салшгүй холбоотой болж таарах нь ээ…

-Эргэлзэх зүйлгүй шууд хамааралтай.

-Одоо тэгэхээр УИХ, Засгийн газрын гишүүд яг ямар байж гэмээнэ эдийн засагт хор хүргэлгүй явцгаах юм бол. Популизм хийдэг гишүүдээс болоод эдийн засаг хямарсан гэж онцолдог шүү дээ?

-Юуг популизм гэж байна гэдгийг ялгаж салга. Байгалийн баялгаа зөв ашиглая, өгөөжтэй байя, завшуулахгүй байя гэж шаардлага тавьж байгаа хүнийг популист гэж байгаа бол би л хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Харин нөгөө талд байгаа нөхдүүд зориудаар ийм яриа гаргаж байна гэж ойлгох хэрэгтэй. Оюу толгойгоо үр дүнтэй ашиглая, монголчууддаа илүү өгөөжийг нь хүртээе, байгалийн баялгаасаа өгөөжөө хүртэж хурдан хөгжье гэж хэлсэн хүн яагаад популист байдаг юм. Буруу нь юу байгаа юм. Эдийн засгийг улстөржүүлж болохгүй.

-Гэхдээ яаж ийж байгаад л улстөржүүлчих юм…

-Манайд улстөржилт дээд цэгтээ хүрсэн. Сууж байгаа мөчрөө хөрөөддөг хүн хамгийн тэнэг байдаг биз дээ. Эдийн засаг чинь нийгмийн хөрс суурь, мөчир нь байхгүй юу. Харин улс төр гэдэг чинь үүн дээр бий болсон давхарга. Гэтэл улс төр нь дандаа мөрчөө хөрөөдсөөр ирлээ. Үүнийг ойлгоод бид эдийн засгийн тал дээр үр ашиг чанар талаас нь ханддаг болох хэрэгтэй. Манайд өнөөдөр харамсалтай нь бүх зүйлийг улс төр талаас нь харж байна. Үүнээс болоод бид хүнд байдалд орж байгаа. Дээр нь гаднын явуулга байгаа гэдэгт огт эргэлздэггүй.

Би хувьдаа хамтын ажиллагааг үгүйсгэдэг хүн биш. Манайх шиг хөгжлийн түвшин буурай, байгалийн баялаг ихтэй, шийдвэрлэх асуудал олон байдаг улсад хамтын ажиллагаа маш чухал. Үүнд цаг хугацаа шаардагддаг. Чуулганы хуралдаан дээр “Оюу толгой үр ашиггүй байна” гээд ярьсны төлөө популизм хийлээ гэж зэмлүүлж байсан. Энэ чинь улс төр биш шүү дээ.

-Д.Тэрбишдагва гишүүн та хоёр Оюу толгойн асуудлаар асуулга тавьсан. Засгийн газар хэзээ хариулах юм бэ. Хойшлоод байх шиг байна?

-Нэлээд хугацаанд хойшлогдоод хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй болчихлоо. Эдийн засгийн хямралаас гарах арга замыг идэвхтэй хайж байгаа энэ үед анхаарлаа төвлөрүүлж яриад, санаа бодлоо нэгтгээд, цаашаа явах нь зөв л дөө. Оюу толгой төслийн үр ашгийн тал дээр анхаарах асуудлууд бий. “Рио Тинто” Монголын баялгийг барьцаалаад асар их хэмжээний зээл авсан. Тэр зээл нь бидний хяналтад биш гадна байгаа. Валютын нөөц шавхагдсан гээд байгаа энэ үед Монголын баялгийг барьцаалаад авсан дөрвөн тэрбум ам.долларын эх үүсвэр “Рио Тинто”-гийн дансанд хадгалагдаж байна. Хэрэв тэр доллар Монголын банкны системд орж ирсэн бол манай орны валютын нөөц гэж харагдаж үнэлэгдэх юм. Зээлжих зэрэглэл ингэж унахгүй байсан. Энэ мэтчилэн тулгамдсан шийдэх гээд байгаа асуудлууд дотор гарах арга зам байгаа. Нүдээ нээх хэрэгтэй байна. Тэр утгаараа үүнийг яриачээ гэдэг асуудлыг оруулж байгаа хэрэг. 1.8 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил байгаа. Үүнийгээ шийдэх хэрэгтэй. Тэгж чадвал ирээдүйд бидэнд ирэх өрийн дарамт багасна. Хугацаа алдах шаардлагагүй зүйл дээр ингэж хойшлогдож байгаа нь Засгийн газар удаан байна гэдэг дүгнэлтийг нотлоод байгаа юм. Валютын сантай аль эрт учраа олчихсон бол ажил нэлээд урагшилчихсан байх байлаа.

-Эдийн засгийн уналт үүнээс цааш үргэлжлэх үү?

-Унаж байгаа нь ойлгомжтой. Уруудаж яваа зүйлийг аль болох тогтоох нь зүйн хэрэг. Зөнгөөр нь унагаагаад байж болохгүй. Эдийн засагт ёроолдоо хүртэл уначихлаа гэдэг шалгуур байдаггүй юм. Унасаар байгаад юунд хүрч болох вэ. Ямар сөрөг үр дагавар гарч болох, тэр бүхэн рүү явна. Тийм их эрсдэл рүү явуулж болохгүй. Төр байгаа юм бол ажлаа хийх ёстой. Үндсэн хуульдаа бид “Төрийн зохицуулалттай зах зээлийг хөгжүүлнэ” гээд заачихсан. Энэ хямралыг зөнд нь орхиж аз турших ёсгүй. “Зараа зам дээр зогсоод азаа үзлээ” гэдэг шиг явж огт болохгүй. Төр зөв бодлого явуулж энэ хямралыг зогсоож авах нь чухал. Зогсоосны дараа тогтворжуулж аваад сайжруулах зүйл ярих ёстой. Зөнд нь орхивол өргөн хэрэглээний барааны үнэ ханш жолоодлогогүй болно. Энэ зам ойрхон шүү.

1992 онд бид жилдээ 360 хувийн инфляцитай байсан. Боддоо, жилд юмны үнэ 360 хувиар өснө гээд. Тэр хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар муудна. Ийм зүйл рүү явуулж болохгүй. Дээрээс нь валютын нөөцөө шавхаад дуусгаж болохгүй. Гадаадын зээлийн төлбөрийг төлөхгүй дампуурах юм уу. Олон улсын зах зээл дээр дампуурлаа зарлах юм бол хаанаас бид хөрөнгө оруулалт авч хөгжих юм. Тэр нь утгаар нь зөнд нь орхиж аз туршиж болохгүй, ажиглаад суугаад байж бүр болохгүй. Манайд ажигладаг моод гарчихсан юм уу хаашаа юм. Монголбанк нь ажиглаж байна, Сангийн яам нь ч ажиглаж байна гэх юм. Юуг ажиглаад байгаа юм бэ, тэд. Тэд ажиглах үүрэгтэй биш байхгүй юу. Эдийн засгийн уналтыг нэн даруй зогсоох үүрэгтэй. Дараагийн алхам нь эдийн засгаа нэн даруй сэргээх ёстой. Энэ чиглэл рүүгээ л анхаарлаа хандуул. Өнөөдөр нийгмийн халамж руу анхаараад хамаг цагаа алдаж байна. Гэтэл хөрөнгө мөнгөө хэрхэн нэмэгдүүлэх эх үүсвэр нь хаана байгаа юм бэ. Үүнийгээ ярихгүй байж жишээтэй. Их яриа маань төлөвлөгөө болж гардаг, төлөвлөгөө нь ажил болдоггүй. Учир нь эх үүсвэр хөрөнгө мөнгөтэйгөө уялддаггүй.

-Монгол Улсын хэмжээнд төрийн өмчид бүртгэлтэй 94 компаниас 87 нь үйл ажиллагаа явуулж байгаа ч алдагдал нь хэрээс хэтэрсэн байна. Удахгүй хувьчлал явуулна гэж ярьж байна. Хувьчлалын тал дээр ямар бодолтой байна вэ?

-Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж болохгүй. Эдийн засагтаа улстөржиж ханддагаас болоод томилгоонуудыг улс төржүүлэн хийснээс улбаалан мэргэжлийн бус хүмүүс улс төрийн шалгуураар очоод төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа шалдаа хүртэл унасан. Энэ дээд зэргийн хариуцлагагүй явдал. Нэн даруй зогсоох ёстой. Дээрээс нь хянаж шалгаж, тусалж дэмжих учиртай. Тэгэхгүй болохоор дарга нар нь хэмжээгүй эрхт хаан болчихсон мэт аашилж, аж ахуйн нэгжүүдээ бүгдийг нь унагаагаад авсан байна. Эдийн засаг хүндрэлтэй, хөрөнгө мөнгө хомсдолтой байгаа үед хувьчлах, хөрөнгийн эх үүсвэр босгох шаардлага бий. Гэхдээ бид байгаа зүйлсээ дээд зэргээр ингэж үр ашиггүй алдагдалтай болсон үед нь ингэж хувьчлах юм бол хамгийн хямд үнээр л хувьчилна. Хувьчилна гэдэг чинь хэрэгцээгүй болсон зүйлээ хүнд худалдахын нэр бас биш. Хүн өөрт байгаа зүйлийг үнэ хүргэж хувьчлах ёстой. Одоо бол зүгээр л өгөх гэж байна. Ингээд хувьчлах юм бол эдийн засагт ямар дэм болох юм. Энэ жил 160 тэрбум төгрөгийг хувьчлалаас оруулна гээд төлөвлөчихсөн. Тэр хэмжээгээрээ төсөв дутагдчихсан. Энэ чинь өр л болно. Одоо хувьчлах бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Бэлтгэл хийнэ гэдэг чинь бичиг баримт бүрдүүлэхийн нэр биш. Үнэ цэнийг нь нэмэгдүүлэхийг хэлж байгаа юм.

-Үр ашиг гэж та ярилаа. Үр ашгаа нэмэгдүүлэх боломж хэр байгаа юм бол доо?

-Бүх зүйл дээр үр ашиг ярьдаг болмоор байна. Орон тоо, зардал чирэгдэл, үйл ажиллагаан дээрээ ч гэсэн ярих шаардлагатай. Эдийн засгийн хямралыг даван туулах эхний арга зам үр ашгаа дээшлүүлэх. Нэг төгрөг бүрийн үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Төрийн, төсвийн, ард түмний хөрөнгийг зөв зүйлд зарцуулах сахилгаа сайжруулах хэрэгтэй байна л даа. Хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа эрэмбийг зөв тогтоох нь чухал.

Монголбанк, Сангийн яам ажиглаад, зөвлөгөө хүлээгээд байдгаа зогсоомоор байна. Гардан барьж аваад ажиллах ёстой хүмүүс чинь зүгээр суугаад юу болж байгаа нь энэ вэ. Ингэж болохгүй биз дээ. Ялангуяа Засгийн газар чинь өдөр бүр оволзож байх ёстой гал тогоо. Халуун гал дээр үүнийг буцалгаж, шарж түчигнүүлж байх ёстой биз дээ. Жаахан анхаарал сулрахад үнс нурам болно биз дээ. Ингэж болохгүй байхгүй юу. Тиймээс л би хурдан ажилла гээд байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд мэргэжлийн биш, салбартаа ажиллаж байгаагүй, салбарын ажлынхаа гүнд орж ажиллаж үзээгүй хүмүүс шуурхай ажиллаж чаддаггүй юм шүү дээ. Юу руу шуурах гээд байгаагаа мэддэггүй юм. Тиймээс танин мэдэхүйн үе шатаа дуусгаад ажилдаа ормоор байна. Ажиглаад байна гэдэг чинь танин мэдэхүйн үе шат. Хөндлөнгөөс очсон хүн яадаг юм бол гээд учраа олохгүй гайхаад байгаа хэрэг шүү дээ.

Монголбанк, Сангийн сайд хоёр нь ажил хийх гэж байгаа нь энэ гээд хамаагүй мэдэгдэл хийгээд байж ч болдоггүй юм. Ярих зүйл, ярихгүй зүйл гэж байдаг. Валютын ханшаа савлуулж болохгүй. 1992 онд ямар хэцүү байлаа. Валютын хомсдолд орчихсон, бүх зүйл нуран уначихсан, картын бараатай байсан. Нэг жилийн дотор картын барааг халсан. 1993 оны наймдугаар сар гэхэд картын барааг халлаа гэж зарласан. Тэр нь яасан гэхээр бараа таваарын хэмжээ буцаад хэвийн болсон гэсэн үг. Гэх мэтчилэн бодлогын асуудлыг богино хугацаанд шийддэг байхгүй юу.

-2000 онд төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй, сургууль, цэцэрлэгүүд хөлдөх хэмжээнд хүртлээ хэцүүдсэн байсан. Тэр цаг үеийг хэрхэн даван туулж байсан юм бэ?

-Тэр үед хэд хэдэн бодлогын арга хэмжээ авсан. Нэгдүгээрт, Монгол Улсад болоод төсвийн байгууллагуудад байгаа санхүүгийн эх үүсвэрүүдийг ил болгож нэгдсэн зохион байгуулалтад оруулсан. Яг үнэндээ сургууль, цэцэрлэгүүд цалингаа тавьж чадахгүй байна гэсэн боловч төсвийн байгууллагууд дор хаяж 10, 20 дансанд мөнгөө байршуулаад дарга нар нь өөртөө ашигтай хэрэгцээтэй гэсэн зүйлдээ зарцуулаад цалин, тэтгэвэр олгодоггүй байсан. Санхүүгийн дээд зэргийн сахилгагүй байлаа шүү дээ. Тооллого хийж бүх дансыг гаргаж ирээд тодорхой болгоод хянасан. Үүнийг удирдах төрийн сангийн тогтолцоог бий болгосон. Үүнээс цаашлаад албан байгууллага, улсын өрийн асуудлыг шийдсэн. Төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг батлан гаргасан. Урьд нь зардал санхүүжүүлдэг байсныг болиулж ажлын үр дүн санхүүжүүлдэг болсон юм. Ингэж шуурхай ажиллах ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Г.Батцэнгэл: “Шинхуа”, “Сүмитомо”, “Энержи ресурс” Засгийн газартай яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ

Таван толгойн хэлэлцээр хэрхэн үргэлжлэх, ажлын хэсгийн түвшинд ямар тохироо хийгдсэн талаарх мэдээлэл олны анхааралд байна. Хэлэлцээрт Таван толгойн өмнөх тендерт ялсан Японы “Сүмитомо”, Хятадын “Шинхуа”, Монголын “Энержи ресурс” компаниуд консорциум болж оролцох эсэх дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй энэ сэдвээр ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргасан танай компанийн мэдэгдлээс Засгийн газрын Таван толгойн ажлын хэсгээс консорциумтай яриа хэлэлцээр үргэлжлүүлэхээр боллоо гэж ойлгосон…?

-Тийм ээ. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгээс өнгөрсөн пүрэв гарагт консорциумд албан ёсны захидал ирүүлсэн. Нээлттэй хувьцаат компанийн хувьд олон нийт, хөрөнгө оруулагчдадаа мэдээллийг цаг хугацаанд нь түгээх ёстой учраас тухайн өдрийнх нь орой энэ талаар мэдээлсэн юм. Таван толгойн өмнөх тендерт шалгарсан “Энержи ресурс”, БНХАУ-ын “Шинхуа” групп болон Японы “Сүмитомо” корпорацийн хамтарсан консорциумтай Засгийн газрын шинээр байгуулагдсан ажлын хэсэг яриа хэлэлцээрээ хийгээд, Тавантолгойн төслийг үргэлжлүүлэх юм байна гэсэн утгатай мэдэгдэл байгаа.

-Шинэ ажлын хэсэг эхний өдрөө “Шинхуа” группийн удирдлагуудтай уулзсан нь “Ганцхан Шинхуад Таван толгойг өгөх нь” гэх хар дагуулсан. Тэгэхээр “Шинхуа” ганцаараа биш гурван орны консорциум бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцээрт ороод явна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Консорциумын бүтэц анхнаасаа ойлгомжтой байсан. Тэр хэвээрээ байгаа. Монголын талаас “Энержи ресурс”, Хятадын талаас “Шинхуа” групп, Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах үүднээс Японы “Сүмитомо” корпораци хамтарсан. Энэ бүрэлдэхүүнээрээ л Засгийн газрын ажлын хэсэгтэй яриа хэлэлцээрээ үргэлжлүүлээд явна.

-Таван толгойн хэлэлцээрийг үргэлжлүүлэхтэй холбоотойгоор гаргасан Ерөнхий сайдын удирдамжид өмнөх гэрээний нөхцөлүүдийг сайжруулна гэж онцолсон харагдсан. Чухам ямар сайжруулалт хийгдэх тал дээр тодорхой мэдээлэл байна уу?

-Ерөнхий сайдын удирдамжид төслийн компанид Монголын талын хувь эзэмшил доод тал нь 51 хувьтай байна, төмөр замын 51 хувьд Монголын төрийн өмчит МТЗ компани оролцоно, олборлосон нүүрсийг зөвхөн Монголдоо боловсруулсны дараа экспортолно, төслийн боломжит бүх л үе шатанд дотоодын туслан гүйцэтгэгчдийг олноор оролцуулах ёстой гэсэн нөхцөлүүдийг маш тодорхой зааж өгснийг харсан байх. Гэрээ маш олон зүйл, заалтаас бүрддэг. Засгийн газрын тусгайлсан саналуудыг бид хүлээж аваад, консорциум дотроо ярилцаж, аль боломжтой байдлаар саналуудаа тусгаад явах бодолтой байгаа. Тодорхой өөрчлөлт гэвэл жишээ нь, төмөр замын бүтээн байгуулалт дээр Монголын төрийн өмчит МТЗ компани 51 хувийг эзэмшинэ, үлдсэн 49 хувь дээр “Шинхуа” групп оролцоод явна гэсэн өөрчлөлтүүд орсон байна лээ. Гэх мэтчилэн шинэчилсэн нөхцөлүүдийг хүлээж авах бүрэн боломжтой гэж харж байгаа. Ажлын хэсгээс ирүүлсэн захидалд дурдсанаар бол арванхоёрдугаар сарын 21-нээс хэлэлцээр албан ёсоор эхэлнэ. Тэгэхээр хэлэлцээрийн үр дүнг Засгийн газар, ажлын хэсгээс тухай бүрт нь мэдээлээд явах байх.

-“Шинхуа” группийн хувьд гол зах зээл БНХАУ-д тээвэрлэлтийн сүлжээ эзэмшдэг бол “Сүмитомо” Таван толгойн нүүрсийг гуравдагч зах зээлд гаргахад чухал үүрэгтэй. Энэ стратегийн давуу талууд ашиглагдах хэвээрээ юу?

-Консорциумын санал анхнаасаа маш тодорхой байсан. Ерөөсөө Монгол Улсын Засгийн газраас тавьсан шаардлагад нийцүүлж л саналаа тавьж байсан. Энэ стратегийн давуу талууд мэдээж хадгалагдана. Тухайлбал, нийт бүтээгдэхүүний 75 хувийг Хятадын зах зээлд, үлдсэн 25 хувийг далайн чанадын зах зээл, тэр дундаа Япон, Солонгос, Энэтхэг гэх мэт улсад борлуулна гэдгийг саналд тодорхой заасан.

-Ерөнхий сайдын удирдамжид Таван толгойн нүүрсийг зайлшгүй дотооддоо боловсруулж байж экспортолно гэж заасан. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Нүүрсний томоохон төслийг хөдөлгөхөд, ялангуяа Таван толгойн ордын хувьд хоёр зүйл маш чухал. Эхнийх нь мэдээж экспортын төмөр зам, дэд бүтэц. Төмөр замтай болчихвол Монголдоо нүүрс тээвэрлэхээс гадна далайн боомтын зах зээлд хүрэх боломж нээгдэнэ. Дараагийн анхаарах асуудал бол мэдээж олон улсын зах зээлийн эцсийн хэрэглэгчдэд хүрэхийн тулд нүүрсийг түүхийгээр нь биш боловсруулж экспортлох. Дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолсноор экспортын орлого нэмэгдэх давуу талтай. Уул уурхай, геологийн талаасаа ч ордын нөөцийг бүтнээр нь ашиглах, сорчлохгүй байх гэсэн хуулийн заалттай бүрэн нийцэж байгаа. Ийм учраас нүүрсийг дотооддоо бүрэн боловсруулж, экспортлох чиг баримжаатай ажиллана. Шаардагдах хөрөнгө оруулалтуудаа ч хийгээд явна. Бидний хувьд Монголдоо баяжуулсан нүүрс экспортлогч ганц компани учраас хуримтлуулсан туршлага, технологийн давуу тал хангалттай бий. Одоо байгаа үйлдвэр маань жилд 15 сая тонн түүхий нүүрс боловсруулах чадалтай. Төслийн хүрээнд хүчин чадлыг нь 30 сая тонн хүртэл нэмэгдүүлж, өргөтгөл хийхээр төлөвлөсөн. Ингэснээр Таван толгойн ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулахад маш чухал ажил болно. Өнөөдрийнх шиг орд газрынхаа нөөцийг сорчлоод, зөвхөн хамгийн сайн чанарын нүүрсийг түүхийгээр нь олборлож гаргаад байвал ердөө 5-6 жилийн дараа Таван толгой ордын үнэ цэнэ тэг болоод дуусна. Ордыг сорчлох нь ямар аюултайг уул уурхайн мэргэжлийн хүмүүс андахгүй. Өнөө, маргаашдаа ашиг өгч байгаа мэт харагдах ч тухайн орд газрыг олон арван жил ашиглана, нөөц нь бүрэн ашиглагдах ёстой гэдэг талаас харвал маш аюултай. Канад, Австралийн бодлогыг харах хэрэгтэй. Австрали улс бүх нүүрсээ баяжуулж гаргадаг.

-Таван толгой төсөлд зөвхөн консорцуимаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдийг түлхүү татан оролцуулна гэж Ц.Дашдорж сайд мэдэгдсэн. Оролцооны түвшин, нөхцөл тодорхой болсон юм болов уу?

-Дотоодын аж ахуйн нэгжүүдээс янз бүрийн түвшинд хэлэлцээрийн саналыг авсан байх. Гэхдээ бидний ойлгосноор, бүх компани туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцъё гэсэн байдлаар сонирхлоо илэрхийлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, консорциум эрсдэлээ үүрнэ, хөрөнгө оруулалтаа татна, үйл ажиллагааг зангидаж удирдана гэсэн үг. Гэхдээ энэ ажлыг ганцаараа хийнэ гэж байхгүй, монголчууд, Монголын аж ахуйн нэгжүүд бүгдээрээ л нийлээд хийнэ. Ямар оролцоотой байна гэдгээрээ л ялгаатай болохоос биш Таван толгой монголчуудын л төсөл шүү дээ.

Жишээ нь 2008 оноос хойш манай компани Ухаа худагийн төслийг хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар Ухаа худагт ажиллаж байгаа бүх боловсон хүчин 100 хувь монголчууд. Нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, усан хангамж, уурхай, уурхайн төлөвлөлт, геологи, тээвэрлэлт зэрэг бүх ажлыг монголчууд 100 хувь өөрсдөө хийгээд явж байна. Дээр нь сүүлийн зургаан жилд бид давхардсан тоогоор 3000 гаруй дотоодын аж ахуйн нэгжтэй хамтарч ажилласан байдаг. Ханган нийлүүлэлт, гэрээт гүйцэтгэгч, уурхайн тэсэлгээний ажил, өрөмдлөг гээд бүх л ажил дээр 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компаниудтай хамтарч ажиллаж байна. Гэх мэтээр эдийн засгийн цар хүрээгээрээ монгол компаниудаа татаж оролцуулдаг, тэдэнтэйгээ хамт хөгждөг зарчмаа цааш нь үргэлжлүүлээд л явна. Ингэснээрээ монголчууд ажилтай орлоготой, монгол компаниуд бүтээн байгуулалтад оролцоод явна гэж харж байна.

-Цаг хугацааны хувьд нүүрсний үнэ боломжийн сэргэсэн энэ “цонх”-ыг ашиглаж Таван толгой төслийг хөдөлгөх нь зөв гэсэн судлаачдын байр суурьтай та санал нэг байна уу?

-Мэдээж санал нэг байна. Үнэ нэг хэсэг өссөн ч одоо Австралийн далайн боомтууд дээр дахиад буугаад эхэлчихлээ. Би өмнө нь ч хэлж байсан, Цагаан сар хүртэл нүүрсний үнийн өсөлт үргэлжилж магадгүй, түүнээс хойш бол эргээд буурах байх гэж. Иймээс хүлээлт бол нүүрсний салбарын хувьд тийм амар биш. Гэхдээ шаардлагатай бүтээн байгуулалтаа хийгээд, тээвэрлэлт ложистикийн асуудлаа шийдээд, нэг “цонх”-ны бодлогын хүрээнд зангидвал Монголын нүүрс урт хугацаандаа өрсөлдөх чадвартай явах бүрэн боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхий нийт Монгол хэмээх хулхи “гар”-ыг хүн болгохоор шийдэв бололтой

1989 оноос хойш буюу ЗХУ-ны хараанаас мултарч, төмөр савраас нь гарсан цагаасаа эхлэн сүүлийн хорин хэдэн жилд Монгол Улс харин ч нэг хяналтгүй, дур зоргоороо “бурдаг” болсон. Очсон газар болгондоо төр засгийнх нь удирдагчийн гараас атгангаа “Танайх манай гуравдагч хөрш” хэмээгээд өнөө уул уурхайн том ордуудаараа яриагаа чимэн “Таван толгой, Оюу толгойд хамтаръя. Та нар очоод ухаад олборлоод ав. Уран ч байна, олборло л доо. Юу л байна, ашигт малтмал байна, бидэнд. Та нарыг л хүлээгээд байсан ш дээ. Ээ дээ та нар бол манай улсын гуравдагч сайхан хөрш юм шүү” гэж манай бүх дарга нар хэлсээр ирснийг хэн хүнгүй мэддэг. Бүгд яг ийм л яриа хөөрөө дэлгэж, хөмсөг өргөн их л сайхан зан гаргацгааж “Монгол бол найрсаг ард түмэн” хэмээхэд нь дагалдаж яваа сэтгүүлчдээс эхлүүлээд учир мэдэх хүмүүс өмнөөс нь нүүр улайж, ичиж үхэхийн наагуур юм болдог.

С.Баяр ОХУ-тай уран, ашигт малтмал гээд олон зүйл дээр гэрээ хэлцэл хийж “За бушуухан очоод ухаад ав. Очиход чинь бүх юм жин тан байх болно” гэх ухааны юм ярьсан байдаг. Ингээд оросууд ярьсан, хэлснийхээ дагуу Монголд иртэл өнөө найрсаг яриа өдөөд байсан С.Баяр нь АНУ руу явчихсан сураг л үлдсэн. Тийм ч болохоор түүнд Оросын тал өөдтэй хандахаа байж хэлсэн үгэндээ эзэн болдоггүй, ярилцаж тохиролцсоноо булзааруулж, хариуцлагыг нь өөр хүн рүү түлхэж суурин дээрээ хэд ч эргэдэг гэж байх вэ дээ, түүнийг.

С.Баяр ч ганцаараа ийм зан гаргасан нь биш. Н.Энхбаяр Асгатын мөнгөний орд дээр оросуудыгаа мурьж л байсан удаатай. Манай төр засгийн удирдлагууд бүгд л хойно очихоороо чихэнд аль болох чимэгтэй үгс хүргэх гэж хүний санаанд оромгүй зүйлс ярьчихдаг. Худлаа гэвэл хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг ОХУ-д очиход Төрийн Думын “Төмөр хатагтай” гэгддэг В.И.Матвиенкогийн хэлсэн үг бүхнийг нотолно. Тэрээр “Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. Манай Засгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой. Тэр тусмаа танай нам Засгийн эрх барьж байгаа үед энэ байдлыг засч залруулан, уламжлалт нөхөрсөг, сайн хөршийн харилцаагаа сэргээн идэвхжүүлэх ёстой гэж би бодож байна. Би сайн нөхрийн хувьд танд найдаж байна” хэмээн зориуд тэмдэглэн хэлсэн нь бидний хувьд нүүр улайх байтугай юм боллоо. Энэ үгийг сонсч зогссон УИХ-ын дарга ичсэндээ барьц алдаад яажшүү нэг юм амьсгал бүтэн авч хариуг нь аятайхан хэлсэн бол гэхээс дотор харанхуйлна.

Зах зээлд шилжээд хүндхэн байхад гурил, будаа, хуурай сүү зэргээр мань хэдийнхээ бор ходоодыг дүүргэж байсан япончуудаа ч олон удаа “хошгоруулж” байсан. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд тэнд очихоороо л Таван толгойд аятайхан хамтаръя, Оюу толгой ч байна. Та нарын орон зай манай дэд бүтэц, уул уурхайн салбарт байж л байна. Манай үүд хаалга үргэлж нээлттэй. Танайх чинь манай донор, бидний энхрий хайрт гуравдагч хөрш шүү дээ. Том төслүүдэд минь хөрөнгө оруулж, цахилгаан станцуудыг бариад өг” гэнэ. Япончууд ч хэлсэн ярьсандаа, нягт нямбай улс учир манай хэдийн үгэнд итгээд төсөл хөтөлбөрөө бариад, мөнгөө чирч ирээд тендерт оролцдог ч тэднийг манайхан юу ч бодолгүй хасаад хаячихдаг. Өнөө яриад байсан найрсаг харилцаа, үүд хаалга үргэлж нээлттэй гээд байсан улс орны түвшний өндөр гэрээ хэлцэл нь яам, агентлагийн түвшинд очоод унтарчихдаг. Манайхан ямар ч тендерт өөрсдөө хороо найруулаад, тоо бодлогынхоо хариуг аль эрт гаргачихсан байдаг тул тэр мэт дипломат албан ёсны хэлэлцээр энэ тэрийг өчүүхэн ч тоохгүй шүү харин. Сүүлдээ япон түншүүд маань манай төр засгийн төлөөллийнхнийг айлчлалаар очиход харцнаас нь эхлүүлээд гар барилт нь хүртэл нэг л үл итгэсэн янзтай болж Ерөнхий сайд нь хүртэл “Байнга айлчлах юм. Айлчлах бүртээ хэлдэг хэдэн үгтэй. Тэр үгстээ эзэн болооч” гэж хэлээд авсан удаатай. Бизнесмэнүүд нь ч хармаан дахь зоосоо шигшиж сонсгоод “Мөнгө байна. Даанч та нарт итгэх арга алга. Өнөөдөр нэг сайдтай гар бариад гэрээ хийчихээд маргааш нь ажлаа эхлэх гэхээр өөр сайд гарч ирээд ажил зогсоочихдог. Та нар эхлээд дотроо учраа олоод туйлбартай болчих” гэж Ерөнхий сайдын айлчлалын үеэр эдийн засгийн форум дээр манай төлөөлөгчдөд хэлсэн нь бас л бодууштай.

Эхлээд дэлхий гайхдаг байлаа ш дээ, бидний найрсаг занд уяраад. Та бүхэн хараарай даа. Зах зээл гарсны дараахан ганц, хоёр жил болж байхад манайд зочилж ирсэн жуулчид монгол хүний цэвэр ичимтгий, найрсаг, зочломтгой занд “бүүвэйлэгдэн”, “Энэ үндэстэн чинь ёстой гэнэн цайлган хүмүүс юм. Найрсаг, элгэмсэг гэж жигтэйхэн хөөрхөн зантай хүмүүс байдаг юм байна” гэж улс орныхоо сонин хэвлэл, ном товхимолд тэмдэглэсэн байдаг.

Дэлхий нийт тайван замаар шилжилт хийж чадсан монголчуудыг 1990-ээд оны үед ингэж л хүлээж, ойлгож авсан. Гэтэл сүүлдээ биднээс зай барьцгааж шахаж эхэлж байна. Гэхдээ биднийг муу, муухай болохоо байсан аймшгийн улсууд гэж харахгүй байгаа нь авууштай. Бас яахаа ч алдчихсан тэнэг, мунхаг үндэстэн биш гэдгийг мэдрээд энд тэнд биедээ бөмбөг нууж тэслээд шашны янз бүрийн эвгүй үйлдэл гаргачихгүй ард түмэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм цаадуул чинь, уг нь.

Сүүлийн 800 жил, тэр дундаа Манжийн эрхшээлд байсан 200 орчим жилд монголчууд худлаа ярьж, хуурахыг л сурсан. Тухайн үүссэн нөхцөл байдалд тохируулж жүжиглэх, тэр хүний аяыг олж ямар ч дүрд хувирдаг тийм нэг олхиогүй зан түүхэн явцад бидний зан чанар, ерөнхий хандлагад суучихаж. Тэр зан нь яван явсаар сүүлийн 26, 27 жилд гаарч эргэн тойрныхондоо, түншүүд, хамт нэг дэлхийд амьдарч байгаа бусад үндэстэндээ сөрөг нөлөө үзүүлж байгаа учир тэрийг нь дэлхий ойлгоод хариу арга хэмжээ аваад эхэлчихлээ. Хулхиддаг занг нь л болиулах гэж мань хэдийг тэд шахаж байна.

Өнөө хүчирхэг гүрэн, Орос улс биднүүсээс болгоомжилж “Монголчууд яаж ч мэднэ. Улаанбаатар Москвагаар тоглож байж ч мэднэ. Сэрэмжтэй бай” гэдэг болж. Бидний найдваргүй, худалч зан тэр их гүрнийг хүртэл болгоомжлолд оруулаад авч. Манай урд хөрш биднийгээ чангалж байгаа. Монголчууд Хятадтай нэг нүүрээрээ “Мөнхийн хөрш минь. Хамтдаа энэ тивдээ хүчирхэгжиж, биедээ тусалж үргэлж сайхан хөршүүд явъя” гэж бурж бурчихаад нөгөө нүүрээрээ Далай ламыг уриад аваад ирчихсэн сэн. Үүнээс болоод Хятад яаж чангалж байгаа билээ, биднийг. Ерөөсөө л хэлсэндээ бай, ярьсан бол ярьсан. Бандан тас гэж яг юу байдгийг л ойлгуулах санаатай хатуурхаад байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин бидэнд хандан хэлэлцээрийнхээ төгсгөлд “Хэлсэндээ байгаарай” гэж монголоор захиж байсан нь эртнээс л энэ гадны улсууд бидэнд сануулга өгөөд байсны илрэл. ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд ч мань хэддээ итгэхээ байж үргэлж л данс тооцоогоо тулгаж, биднийг ярьсан зүйлсээ гүйцэлдүүлж үр шимийг нь үзэх тэсвэр тэвчээртэй бай гэж үе үе зөвлөх болсон.

Аливаа улс үндэстний нэгдмэл, чадамжтай байх үндэс нь төр засгийн залгамж чанар. Энэ чанар манай улсад алдагдаад удаж байна. Урьд тохиролцсон зүйл хичнээн ч засаг, төр солигдож сонгууль боллоо ч хойшид үргэлжлэх ёстой гэдэг алтан дүрэм, бичигдээгүй хуулийг манайхан мэддэггүй. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар эдийн засаг хүндэрчихлээ, элгээрээ мөлхөж байна, манай улс ер нь дампуурчихлаа, “будаа” боллоо гэж зарласан нь нэг ёсондоо бүх юм дууссан шүү, урьд хэлсэн ярьсан, гарын үсэг зурсан хэлэлцээр, гэрээ бол одоо явахгүй шүү гэдэг ойлголтыг гадныханд өгчихсөн. Өмнөх гэрээ хэлцэл өөрсдөд нь, намд нь хамаагүй гэж хэлэх гээд тэгсэн ч юм уу. Манай сайд, дарга нар амныхаа зоргоор ингэж л мэдэгдэл хийцгээдэг. Хариуцлагатай байх, төр нь төр шиг байх чанар үнэндээ монголчуудад үгүйлэгдэж байна.

Айлд намар шиг, гэртээ хавар шиг гэдэг нүүдэлчдийн үг бий. Айлд зочлохоороо сүрхий сүрхий юм ярьж нэг л их налайж аз жаргалдаа умбасан, хүн бүрийг л гэртээ урьж, дайлж цайлна гэж элбэг хангалуун загначихаад гэрт нь очихоор хаврын хуйсагнасан зэвэргэн тарчиг өдрүүдийг санагдуулам зан гаргаж, хоосон, дутуу, байхгүйгээ зарлаж хачин зан гаргадаг айлууд бий. Бид тийм л болчихож. Хөрөнгө оруулаарай, бидэнтэй хамтраарай гэж урьчихаад ирэхээр нь шоронд бариад хийчихнэ. Элдэв татвар нэхэж дарамтална, гарын үсэг зурж хэлэлцээр хийчихсэн мөртлөө ирэхэд нь өөр хүнтэй тохирчихсоон гэж хээвнэг сууж л байдаг бүдүүлэг хүмүүс болж. Алсын бодолгүй, өнөө маргаашийн ахархан, холч ухаангүйн зовлон нь л энэ. Энэ зовлон төрд очиж наалдахаараа төрийн залгамж чанар үгүй болж, нэг сайд нь гарахаараа өмнөхийгөө үгүйсгэж хийж байсан ажлуудыг нь тас цохин зогсоодог. Айлд очихоороо намар шиг байсан юм бол гэртээ ирээд ч намар шиг загнаж чаддаг байхыг л дэлхий нийт хүсээд байгаа учир биднийг хүн болгох санаатай л тал талаас чангалж байна. Түүнээс өөрөөр биднийг яав л гэж.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Эрдэмтдэдээ найдах нь савдагтаа даатгахаас дээр” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн нүүрт УИХ-ын гишүүн Н.Оюундарь:”Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийг бах бөх байлгах, эвлэрүүлэн зуучлахыг эрмэлзэж байгаа” ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр ярилцлагадаа “Гэр бүлийн хүчирхийллийн хуульд яг ийм заалт байхгүй гэхдээ энэ нь Эрүүгийн хуультай нягт холбоотой. Бие махбодиор хохирсон хүн ялгаагүй сэтгэл санаагаар хохирдог.

Энэ үйлдэл нь давтагдсан бол эрүүгийн хэрэг үүсгэнэ. Харин бие махбодиор хохироогүй ч сэтгэл санаагаар хохирсон хүмүүс байдаг. Тухайлбал, бусадтай харьцахыг хориглох, сургуульд явуулахгүй байх, байнга мөрдөж мөшгөх гэх мэт хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийх нь сэтгэл санааны хохирол. Эдгээрийг бид гэмт хэрэгт тооцох болсон нь хуулийн бас нэг давуу тал…” хэмээн ярьсан байна.

Өнгөрсөн баасан гаригт Гадаад харилцааны яаманд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны болон Орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойд зориулсан “Монгол Улсын тусгаар тогтнол ба гадаад бодлого” эрдэм шинжилгээний бага хурал болсон юм. Уг хурлын үеэр Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцсаныг хүргэж байна. ТэрбээрМонгол Улс хүчирхэг байхын тулд мөрөөрөө байх ёстой. Гэхдээ энэ нь унтаад бай гэсэн үг биш хэмээн хэлжээ.

Уламжлалт “Танайд өнжье” буланд Гэр музей болсон төрийн соёрхолт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн гэр бүл уригдлаа. Түүнтэй хийсэн амттай яриаг шимтэн уншаарай.

Дэлгэрэнгүйг дараах линкээр бүртгүүлэн “Цахим сонин”-оос хүлээн авч уншаарай. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ