Categories
мэдээ улс-төр

БОАЖЯ-аас “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ

УИХ-ын өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгийг хийж байна. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уг хуралдаанд мэдээлэл хийлээ.


Тэрбээр цаг үеэ олсон хэлэлцүүлэг зохион байгуулж буй Өргөдлийн байнгын хорооныхонд талархал илэрхийлэв. Салбарын сайдын мэдээлснээр агаар бохирдуулагч гол бодис PM10 тоосонцрыг 2016 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 11 цэгт 312 удаа тодорхойлоход 220 удаад нь буюу 71 хувьд нь стандартаас давсан байна.

Харин РМ2.5 тоосонцрыг 11 дүгээр сард нийт зургаан цэгт 167 удаа тодорхойлоход 147 удаад нь буюу 88 хувьд нь стандартаас давжээ. Азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламж ч өндөр гарч байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээ жилд 5.9 сая тонн бөгөөд үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байгааг сайд илтгэлдээ өгүүллээ.

Харин цахилгаан станцад түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа ч агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний зургаан хувийг эзэлж байгаа нь өндөр яндантай, утаа хол хаягддагтай холбоотой гэв.

Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон ба эдгээр автомашин агаарын бохирдлын хувь хэмжээний 10 хувийг эзэлж байна. Ялангуяа түгжрэлд зогсож байгаа автомашин тормос гишгэх үедээ агаар бохирдуулагч хүнд металыг ихээр ялгаруулдаг гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

2011 оноос өнөөдрийг хүртэл олон улсын хамтын ажиллагааны төслүүдийн үнийн хөнгөлөлт, “Цэвэр агаар сан”-гийн татаастай үнээр Улаанбаатар хотод 175 мянга 618 сайжруулсан зуух тараасан тухай БОАЖ-ын сайд мэдээлэлдээ дурдав.

“Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын 2015 оны нэгдсэн тоо, бүртгэл”-ийн дүнгээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт 161 мянган зуух бүртгэгджээ. Үүнээс 38 хувь буюу 61 мянга нь энгийн зуух, 62 хувь буюу 100 мянга өрх нь сайжруулсан зуух ашиглаж байна. Энэ тооллогын дүнгээс харахадУлаанбаатар хотод тараагдсан сайжруулсан зуухны бараг 50 хувь нь ашиглагдахгүй байгаа аж.

Түүнчлэн өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 198,000 өрхийн 30 хувь нь амьдралын нөхцөл боломж муугаас хуучин дугуй шатаах, ашигласан тээврийн хэрэгслийн тосонд тоосго дүрч шатаах, хог хаягдал түлж байгаа судалгааг гаргасан байна. Иймд дээрх түүхий нүүрсээ авч түлж чадахгүй байгаа иргэдийг халамжийн бодлогоор хяналттай зөв механизмаар сайжруулсан зуух болон түлшээр хангах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгааг сайд өгүүллээ.

2015 оны төсвийн тодотголыг УИХ 2015 оны 11 дүгээр сард хэлэлцэж баталсан бөгөөд “Цэвэр агаарын сангийн төсвийг нийт 11 тэрбум төгрөгөөр бууруулсан. Гэвч тус сангийн төсвийг бууруулж баталснаас 2015 онд гэрээ байгуулсан ажлын гүйцэтгэл нь бүрэн дууссан гүйцэтгэгч 11 аж ахуйн нэгжид нийт 2,108.5 сая төгрөгийн гүйцэтгэлийг санхүүжүүлж чадалгүй татан буугдсан байна.

“Цэвэр агаар сан”-гийн чиг үүрэг БОАЖЯ-ны харьяанд шилжиж ирсэн ба дээрх өрийг өнгөрсөн 11 дүгээр сард Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас барагдуулсан тухай Д.Оюунхорол сайд мэдээллээ.

Агаарын бохирдлыг бууруулахад тулгарч байгаа сорилт, бэрхшээл:

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар:

  • олборлосон нүүрсний 1 кг тутамд 1 төг,
  • импортлосон, үйлдвэрлэсэн органик уусгагчийн 1 кг тутамд 10 төг,
  • автомашины ангиллаас хамаарч жилд 1,800-9,500 төгрөг татвар хураах зохицуулалттай.

Дээрх төлбөрөөс жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг.

Гэвч агаарын бохирдлын төлбөр улсын төсөвт орж, зориулалтаараа зарцуулагдахгүй байгаа нь хуулийн амин сүнс болсон хэрэгжүүлэх механизм хангалтгүй байгааг харуулж байна гэв. Байгаль орчны хяналтын тогтолцоо нь Байгаль орчны яамнаас тусдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хэрэгжиж байгаа нь тогтолцооны хувьд буруу байгааг ч сайд шүүмжиллээ. Үүнийг бодлого, хяналт хоёр уялдахгүй байгаагийн илрэл гэсэн юм.

УИХ, Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгааг ч БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцоллоо. Тухайлбал, УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж агаарын бохирдлыг бууруулах чиглэл, зөвлөмжийг гаргасан.

Мөн НҮБ-ийн Хүүхдийн сан болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Хүүхдийн Эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” судалгааны тайланг хүлээн авах ажлыг зохион байгуулж холбогдох төрийн байгууллага аж ахуй нэгжүүдэд чиглэсэн санал зөвлөмжийг гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 2016 оны анхдугаар хуралдаанаа зохион байгуулж тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг мөн өгүүллээ.

Дээрх хурал зөвөлгөөнөөс гарсан шийдвэрүүдийг үндэслэн ойрын хугацаанд хийх ажлын стратегийг салбарын сайд хэллээ.
Үүнд:

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийнэ.
  • Орон сууцжуулах хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Хятадын 50 сая юанийн буцалтгүй тусламжийг энэ хөтөлбөрт зарцуулахаар шийдвэрлэсэн.
  • Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах,
  • Холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж “Цэвэр агаар сан”-г сэргээх,
  • Түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулах,
  • Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх,
  • Хог хаягдал боловсруулан, эрчим хүч үйлдвэрлэх төслийг дэмжин ажиллах,
  • Тавдугаар цахилгааны станц барих ажлыг эрчимжүүлэх, эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх талаар төсөл боловсруулах,
  • Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх,
  • Улаанбаатар хотын зорилтот бүлгийн айл өрхийг сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр хангах,
  • Нүүрс олборлогчийг газар дээр нь нүүрсээ угаах, боловсруулалт хийхэд нь дэмжлэг үзүүлэх
  • Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлэн хий гаргах үйлдвэрийг дэмжих
  • Элэгдэж, эвдэрсэн газрын доройтлыг бууруулах, авто замаас үүсэх тоосжилтыг багасгах зорилгоор нийслэл хот, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, замын ус зайлуулах эко системийг иж бүрнээр төлөвлөх,
  • Автомашины улсын үзлэгийн оношлогооны чанарыг сайжруулах
  • Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Евро 4, 5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, 7-оос дээш насжилттай автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авах,
  • Нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй, хүртээмжтэй болгох, автобусыг хийн түлшинд үе шаттай шилжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

“АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД – ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО” АЯНЫГ ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЭХЛҮҮЛНЭ

Агаар бохирдлыг бууруулах чиглэлээр “Цэвэр агаар сан”-гаас 2011-2015 онд 135 тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн гараагүй байгааг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэмдэглэв. Буруу төлөвлөлт, алдаатай бодлого, салбар хоорондын уялдаагүй байдлын улмаас гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрүүд ч бодитой хэрэгжээгүй гэв.

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь мөн л асуудал дагуулж сайжруулсан болон шахмал түлшний үйлдвэрүүдийн хаалгыг барихад хүргэсэн. Цаашид өнгөрсөн алдаагаа давтахгүй, салбар хоорондын бодлогын уялдааг хангаж ажиллах шаардлагатайг БОАЖ-ын сайд онцлов.

Өнөөгийн хөрөнгө санхүүгийнхээ нөхцөлд түшиглэсэн зөв бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа ч тэмдэглэлээ. Хамгийн хүчтэй Засгийн газар ч агаарыг бохирдлыг дангаараа шийдвэрлэж чадахгүй бөгөөд иргэдийн ухамсар, оролцоо, хариуцлага чухал гэдгийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол онцолсон юм.

БОАЖЯ-наас агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, мэдлэг мэдээллийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Агаарын бохирдлыг бууруулахад – Иргэн таны оролцоо” аяныг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлж байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь төсөв хөрөнгө, ард иргэдийн амьжиргааны төвшинтэй шууд уялдаатай учир шат дараалсан шийдвэртэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг ч онцоллоо.

Агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр иргэн, байгууллага, аж ахуйн нэгж бүр өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзлэл байвал асуудал шийдэгдэнэ гэж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол мэдээллийнхээ төгсгөлд онцлов.

Categories
мэдээ эдийн-засаг

46 компанийн 54,372 хувьцаа арилжлаа

2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 46 хувьцаат компанийн 54,372 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцаа өсч, 13 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 13 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хөдөөгийн тээвэр” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Мерекс” 13.38%, “Э-Транс ложистикс” 12.76%-иар тус тус өслөө. Мөн 17,499 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 1,755,367,178.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 851.34 нэгж болж 0.73%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,465,209,553,845.00 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Амтат хоолны жороор гэртээ бэлтгэх “Гэртээ” аппликэйшн-д зочлоорой

Цахим ертөнцөд амжилттай ажиллаж буй “Гэртээ” пэйж хуудас гэр бүлийн
бүх гишүүдэд зориулан амтат хоолны жор болон хэрэгтэй мэдээллүүдийг
хүргэдэг билээ. “Гэртээ” пэйжийнхэн олон төрлийн амтат хоолны жор болон
зааврыг богино бичлэг болгон хүргэдэг нь бусдад өгөөжтэй, хоол хийхэд
хялбар болгосон юм.

Тэгвэл тус пэйж хуудас өөрийн гэсэн “Гэртээ” гар утасны аппликейшнтэй
болсон аж. Энэхүү гар утасны аппликейшн төрөл төрлөөр нь ангилан хоолны
жор хүргэхээс гадна эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, ганц биечүүдэд
зориулсан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд хэрэгтэй мэдээллийг
хүргэх юм байна.

Мөн хямдрал урамшууллын талаархи мэдээллийг цаг алдалгүй хүргэх аж.
Түүнчлэн “Гэртээ” пэйж хуудасны аппликейшнийг гар утасныхаа app store
болон play store-оос үнэгүй татаж авах боломжтой юм байна. Дашрамд
сонирхуулахад, “Гэртээ” пэйж хуудасны бүсгүйчүүд жил хүрэхгүй хугацаанд
амтат хоол хийх 200 гаруй бичлэгийг бэлтгэн хүмүүст хүргэсэн ажээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам Монголд айлчлахгүй

ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

-Би Далай ламын айлчлалын асуудлаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн. Ингэхдээ хувь хүний бус Засгийн газрын байр сууриа илэрхийлсэн. Өөр дотоод гадаадын хэвлэлд ярилцлага, мэдэгдэл өгөөгүй. Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж ирсэн. Цаашид ч баримтална. Түвд бол БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг. Энэ бол БНХАУ-ын язгуур эрх ашгийн асуудал. Далай ламын Монгол Улсад шашны байгууллагын шугамаар хийсэн айлчлал улс төрийн ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Гэсэн хэдий ч энэ айлчлалаас болж хоёр улсын хооронд үл ойлголцох харилцаа бий болсон. Үүнд манай улс харамсаж байгаагаа илэрхийлсэн. Энэ айлчлалыг зохион байгуулахад УИХ, Засгийн газар оролцоогүй. Харамсалтай нь энэ айлчлалын асуудал хоёр орны харилцааны, үүнээс улбаалаад эдийн засгийн санхүүгийн үр дагавартай асуудал болсон. Энэ бүхнийг харгалзаад “Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам Монгол Улсад айлчлахгүй” гэсэн байр сууртай байгаагаа илэрхийлсэн. X богд шашны асуудал. Тиймээс Засгийн газар оролцохгүй. Би зөвхөн Засгийн газрын байр суурийг энэ хэмжээнд тайлбарлаж ярина.

Давхар харъяаллын асуудлаар мөн “Өдрийн сонин”-д сэтгүүлч байр сууриа илэрхийлсэн байсан. Гэтэл энэ нь миний өгсөн ярилцлага мэтээр ойлгогдож цахимаар түглээ. Үүнд “Өдрийн сонин” залруулга гаргасан. Давхар харъяаллын хувьд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Гадаадын 78 оронд ажиллаж, амьдарч байгаа 130 мянга гаруй иргэдийг төлөөлөөд 400 гаруй төрийн бус байгууллага хоёр асуудал тавьсан. Зарим тохиолдолд монголчуудыгаа эргээд харъяалалд нь аваач ээ, мөн гадаадад амьдарч ажиллаж байгаа иргэдийн хүүхдийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлээч гэсэн асуудлыг тавьж байгаа. Үүнийг судалж, дэмжих хэрэгтэй. Үүнийг гуйвуулаад олон мянган гадаад иргэдийг Монголын харъяалалд оруулах гэж байгаа мэт улстөржүүлжээ. Дэлхийн 172 улсаас давхар харъяаллыг 51 нь зөвшөөрдөггүй, 50 нь зөвшөөрдөг. Үлдсэн 71 нь зарим тохиолдолд зөвшөөрдөг. Манай улс зөвшөөрдөггүй 51 улсад хамаардаг. Харин бид өнөөдөр зарим тохиолдолд зөвшөөрдөг улсынх нь тоонд орох уу гэдгийг судалж байна. Ингэхдээ гадаадын иргэнийг Монгол Улсын харъяат болгохгүй. Монгол аав, ээжтэй хүүхэд гадаадад төрөөд, гадаад иргэн болсон тохиолдолд монгол улсынхаа иргэн болгохоор судалж байна . Хятад улс угаасаа давхар харъяалал зөвшөөрдөггүй. Тиймээс Хятадуудыг харъяалалдаа авах нь гэж улстөржүүлэх хэрэггүй хэмээлээ.

Categories
мэдээ улс-төр

“Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн нээлт боллоо

“ДЭЛХИЙД ТҮГСЭН МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” НОМ, “МОНГОЛЫН ТҮҮХИЙН ЦАХИМ ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН НЭЭЛТ БОЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” ном, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр нийтэд хүргэж буй “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн нээлт өнөөдөр Үндэсний номын санд болов.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эрдэмтэд судлаачдын төлөөлөл оролцлоо.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар үг хэлсэн юм.


  • “ДЭЛХИЙД ТҮГСЭН МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” БҮТЭЭЛИЙН ТУХАЙ:

Уг бүтээл нь монгол түмний оюуны соёлын нандин сурвалж дэлхий дахинд хэрхэн түгсэнийг баримтаар харуулаад зогсохгүй “Монголын нууц товчоон”-ы судалгааг шинэ шатанд гаргахад судалгааны чухал хэрэглэгдэхүүн болох юм.

Монгол туургатны язгуур эх түүх, үндэсний хэл бичиг, ардын билиг зүй, эртний утга зохиол, монгол хүмүүний ёс заншлын их нэвтэрхий толь бичиг, уламжлалт оюуны соёлын хосгүй гайхамшигт туурвил болох “Монголын нууц товчоо”-г дэлхийн 30 гаруй улс оронд азербайжан, алтай, англи, болгар, буриад, герман, испани, итали, казах, мажар, марати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, уйгур, франц, халимаг, хятад, чех, эсперанто, япон зэрэг гуч шахам хэлээр орчуулж, эл сурвалж таван тивд түгэн тархжээ. Эдүгээ вьетнам, румын хэлээр орчуулж байгаа аж. Энэ баримтаас харахад “Монголын нууц товчоо” хэмээх монгол туургатны оюуны нандин сурвалж монголчуудаар овоглосон дэлхийн бүтээл болсон байна. Бас комикс цуврал, брайль үсэг, жүжиг хэлбэрээр ч олны хүртээл болжээ.

2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнд “Монголын нууц товчооны каталоги” сэдэвт төслийг хэрэгжүүлж, түүний үр дүнд “Дэлхийд түгсэн МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООН” хэмээх энэхүү бүтээлийг хэвлүүлжээ. Уг номыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид хамтран бүтээжээ. Төслийн удирдагчаар Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар ажилласан. Эл бүтээл эдүгээ дэлхий дахинд гарсан “Монголын нууц товчоо”-ны холбогдолтой бие даасан номын товч танилцуулга төдийгүй уг сурвалж дэлхий дахинаа түгэн тархсаныг батлан харуулах бодит баримтын цоморлог юм. Тус цоморлогт “Монголын нууц товчоо”-ны судалгааны бүтээл, орчуулга хөрвүүлэг, хялбаршуулсан номыг аль болох давхардуулахгүй оруулжээ. Ялангуяа гадаадад хэвлэгдсэн бүтээлийг бүрэн хамруулахыг чухалчилсан байна.

Номын тайлбарыг кирил, монгол бичиг, англи хэлээр бэлтгэж, зарим бүтээлийн галиг, хөрвүүлэг, орчуулгын онцлогийг тодорхой харуулах үүднээс “Монголын нууц товчоо”-ны нэгдүгээр зүйлийг үлгэр болгон хавсаргажээ. Мөн уг сурвалж бичгийн холбогдолтой марк, тэмдгийг шигтгэн оруулсан байна.


  • “МОНГОЛЫН ТҮҮХИЙН ЦАХИМ ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН ТУХАЙ

“Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн онцлог нь Монголын түүхийг сонирхон үзэхийг хүссэн хэн бүхэнд мэдлэг өгөх төдийгүй, өөр өөрийн мэддэг түүхийн аливаа асуудлаар дэлхийн аль ч булан бүрээс тус толийн толгой үгийг бүтээх боломжтой болж байгаа тул хүн бүр эх түүхээ бүтээхэд хувь нэмрээ оруулах, эцэг өвгөдөөс мэдсэн мэдлэгээ үлдээх боломж бүрэн нээлттэй боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын багийн бүрэлдэхүүнтэй төслийн багийнхан “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийг сүүлийн жил гаруй хугацаанд хийж дуусгасан байна. Төслийн гүйцэтгэгч багийн ахлагчаар ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор С.Чулуун ажилласан юм.

Тус төсөл нь агуулгын хувьд Монгол нутагт хүн үүссэн цаг үеэс эхлэн өнөөг хүртэлх 800 мянган жилийн Монголын түүхийн тулгуур гол дурсгалууд, түүхэн зүтгэлтэнүүд, түүхийн үйл явдал, үйл явцыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын үндсэн суурь судалгаанд үндэслэн, олон хэлний сурвалж эх хэрэглэгдэхүүн, архивын баримт, аман түүхийн мэдээлэл ашиглаж шинжлэх ухааны судалгааг үндэслэн олон нийтэд түүхийг цогцоор нь, үнэн зөв ойлголт өгөх, эх түүхийн мэдлэгийг өргөжүүлэх, түүхийн судалгааг өргөн олонд хүртээмжтэй байлгах үүднээс хийгдсэн байна. Монголын түүхийн цахим тайлбар толь нь түүхийн судалгааны хамгийн сүүлийн үеийн болон хамгийн бодитой судалсан эрдэмтдийн судалгаанд үндэслэсэн болно. Түүнээс гадна Монголын түүхийн аливаа асуудлыг судлахад монголын байр суурь, монголын судалгааны чиг хандлагыг зөв харахад томоохон түлхэц өгөх ажил болжээ.

Тус тольд эхний удаад нийт 999 толгой үгийг багтаасан бөгөөд урьд өмнө ийм том хэмжээний монголын түүхийн толь бичиг Монгол улсад ч, дэлхийн улс орнуудад ч гарч байгаагүй болно. Уг толь нь анх удаагаа орчин үеийн монгол үсгээс гадна хуучин монгол бичиг, аудио хэлбэрээр хийгдэж байгаа нь хэн бүхэнд илүү сонирхолтой болох бөгөөд хамрах хүрээг өргөжүүлсэн байна.

Тус түүхийн тольд нийтдээ 2000 гаруй гэрэл зураг, түүхийн баримт, эх сурвалжийг багтаасан бөгөөд 4000 гаруй нэмж дэлгэрүүлж унших эх сурвалж, ном, өгүүлэлийн нэрсийг бас багтаажээ. Уг төсөл нь ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнд түшиглэн тасралтгүй үргэлжлэх бөгөөд 2020 он гэхэд 5000 толгой үгийг бүтээхээр зорьж байгаа юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн, эх хэл, соёл, түүхийн чиглэлээр гаргасан зарлиг, санаачилга; хэрэгжлүүлсэн төсөл, хөтөлбөр:

  • Олон улсын монголч эрдэмтний X, XI их хурлыг дэмжин холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан.
  • “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах санаачилга гаргаж, хэрэгжүүлсэн.
  • “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” зарлиг гаргасан.
  • Их эзэн Чингис хаан мэндэлсэн огноог албан ёсны болгон ёсчлох тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлал тогтсон.
  • Бурхан халдун хайрхны тухай зарлиг гарган ЮНЕСКО-д бүртгүүлж, хамгаалах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
  • ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтдийн эрхэлсэн Монголын түүхийн цуврал зохиол: ” А.Амарын “Монголын товч түүх” тэргүүтэй “Монгол эх түүх” 7 ботийг анх бичсэн гар бичмэл болон кирил үсэгт буулгасан эхийн хамтаар хэвлэж, олон нийтийн хүртээл болгосон.
  • ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачдын “Монгол хэлний их тайлбар толь” төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
  • ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн судлаачдын, Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө”, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” баримт-гэрэл зургийн цомог бүтээх төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
  • Рашид-Ад-Диний “Шаштирын чуулган” бүтээлийг монгол хэлээр орчуулан гаргах ажлыг дэмжиж ажилласан.
  • Хадны зургийг судлахад анхаарч олон улсын хурал, уран дархны урлагийн хөгжүүлэх зорилгоор дархчуудын нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулсан. Уран дархны урлагийг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан.
  • МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Баярсайханы “Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд” нэг сэдэвт бүтээл; “Ил-хаадын судлал: Шинэ хандлага” судалгааны эмхэтгэл; “Ил хаадын судлал: Шинэ хандлага” баримтат киног бүтээх төслийг дэмжин хэрэгжүүлсэн.
  • Монгол Улсын Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэдийн хүү, туульч А.Балдандорж, нэрт цуурч Паарайн Наранцогтын ач хүү, цуурч Б.Наранбат нарын монгол тууль, цуурын уламжлалыг үргэжлүүлж буй хичээл зүтгэлийг дэмжиж, үндэсний соёлын өвийг дэлгэрүүлэх зорилгоор “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” цомог бүтээх төслийг хэрэгжүүлсэн.
  • 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Эх хэл, түүх, соёлоо судлах хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” 162 дугаар зарлиг гаргасан.

Categories
мэдээ спорт

Олон улсын жүдо бөхийн холбооноос оны шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдочдыг шалгарууллаа

-Косово улсын олимпийн анхны аварга Майлинда Кельменди, Японы алдарт жүдоч Шохэй Оно нар оны шилдэг боллоо-

Олон улсын жүдо бөхийн холбооноос оны шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдочийг онлайн санал асуулгаар тодрууллаа. Энэ жилийн шилдэг жүдочдод “Рио 2016” олимпийн наадмын аварга болон медальтнууд нэр дэвшээд байсан юм. Ингээд эмэгтэй жүдочдыг Косовогийн тамирчин Майлинда Кельменди 5299 саналаар тэргүүлсэн бол эрчүүдээс Японы алдарт жүдоч Шохэй Оно 2166 саналаар шилдэг нь боллоо. Тэд Риогийн аваргууд юм.

Майлинда Кельменди

Майлинда Кельменди

Косовогийн жүдоч Майлинда Кельменди Риогийн татамид 52 кг-д түрүүлэхдээ нэгэн түүхэн амжилтын эзэн болсон. Балканы жижигхэн орон Косово улсын олимпийн анхны алтан медалийг авчирсан тэр энэ жил улсынхаа төдийгүй дэлхийн шилдэг жүдоч болох амжилтыг үзүүлсэн.

Шохэй Оно

Шохэй Оно

Тэгвэл эрчүүдээс Японы алдар жүдоч Шохэй Оно шилдэг нь байлаа. Дэлхийн хошой аварга Оно Риод жиндээ /73 кг/ түрүүлж, олимпийн анхны алтаа хүртсэн. Энэ жил 24 настай Риогийн аварга хэдхэн хоногийн өмнө Ц.Шийрэв багшид мэндчилгээ дэвшүүлсэн билээ.

Энэ жилийн дэлхийн шилдэг жүдочдын санал асуулгад эрэгтэй, эмэгтэй есөн тамирчин нэр дэвшсний дунд Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг амжилтаараа багтсан юм.

Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: Хөгжлийн банкны ихэнх зээлийг төрийн өмчийн томоохон компаниуд авсан байна

АН-ын бүлэг өнөөдөр Хөгжлийн банкны талаар хэлэлцжээ. Тус намын бүлгийн хоёр гишүүн нь намын даргын сонгуульт ажлаар хөдөө орон нутагт ажиллаж байгаа. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэнийг АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Болд нар хэвлэлийнхэнд танилцууллаа.

БҮЛГИЙН ДЭД ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ:

“Чингис”, ”Самурай” бондоор нийт 1.8 тэрбум амдоллар, мөн 580 сая еврогийн бонд босгосон. Энэ хөрөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж босгосон юм. Гэтэл бондын хөрөнгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулж, идэж уусан гэж МАН-ынхан улстөржсөн. Хөгжлийн банкны шалгалтын талаарх 200 хуудас дүгнэлттэй өнгөрсөн долоо хоногт манай бүлэг танилцсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад, Хөгжлийн банкны нийт зээлийн 50 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, бүтээн байгуулалтын 389 төсөл хөтөлбөрт зарцуулсан гэж байна. Тэр төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг олон нийтэд ил болгох хэрэгтэй. 25 хувийг нь арилжааны банкаар дамжуулан 2000 орчим компанид зээл олгосон. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлд зээлийн эрсдлийн сан байгуулаагүй. Тэгэхээр нийт зээлийн 75 хувь нь асуудалгүй. Үлдсэн 25 хувийг Хөгжлийн банк 16 төсөл хөтөлбөрт зээл олгосон. Нийт зээлийн дөрвөн хувь дээр нь эрсдэлийн сан байгуулсан байна. Эрсдэлийн сан байгуулсан компаниудын ихэнх нь төрийн өмчийн компани байгаа юм. Тодруулбал, Дулааны цахилгаан станц, Амгалан станц, МИАТ, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой”, ТОСК зэрэг томоохон төрийн өмчийн компани энэ зээлийн ихэнхийг нь авсан. Энэ мэт төрийн өмчид компани, мөн хувийн хэвшлийн компаниуд дээр зээлийн эрсдлийн сан байгуулсан. Хувийн хэвшлийн компаниуд дунд МАН-ын гишүүдтэй холбоотой компани байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. АН-ын бүлэг шалгалтын дүнгийн 200 хуудас материалыг олон нийтэд нээлттэй болгох шаардлага тавьсан. Энэ шаардлагыг Засгийн газар биелүүлнэ гэж амлассан. Мөн Хөгжлийн банкны тухай хуулийг хурдан шуурхай хэлэлцэж, улстөрчдөөс хараат бус байх боломжоор хангах хэрэгтэй. Энэ долоо хоногт хуулийн төслийг хэлэлцүүлнэ” гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА:

Бид өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкаар дамжуулж олгосон нийт зээлийн 54 хувийг Монгол Улсын эдийн засгийг дэмжихэд зарцуулсан. Ялангуяа эдийн засгаа солонгоруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдсан. Энэ бүгдийг хувийн сектор хийсэн. Хувийн салбараа дэмжих ажил орлоготой болгохын тулд бонд гаргасан. Үүнийг зүгээр л үр ашиггүй өр гэж нэг талаас нь тайлбарлах зохимжгүй. Тиймээс тоон дээр суурилж дүгнэлт гаргахыг хичээсэн. Яг өнөөдрийн байдлаар “Чингис” бондын 2,6 их наяд төгрөгийн зээл байна. Засгийн газар Хөгжлийн банкны шалгалтыг актыг нууцын зэрэглэлээс ил гаргасны дараа шалгалтын материалыг фейсбүүк дээр тавина. Төсөл хэрэгжүүлсэн компаниуд төсөвт өртгөө нэмэгдүүлсэн гэж буруутгах нь зохимжгүй. Зарим нэг алдаатай зүйл байгаа байх. Хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь тогтоогоод өөрсдийн шугамаар ажлаа хийдэг баймаар байна. Тэр болгоныг улстөржүүлж, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй. Тиймээс шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн зарчмын өөрчлөлт хийхгүй бол болохгүй юм байна гэж үзсэн. Тодруулбал, Хөгжлийн банкаар дамжуулж хэрэгжих Монгол Улсын хөгжлийн бодлого, урт хугацааны баримт бичгүүдтэй уялдуулж, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл нь Хөгжлийн банкны нийт санхүүжилтийн хэдэн хувь нь байх юм бэ гэдгээ тодорхой тогтоож журам стандартаа тодорхой болгож өгөх хэрэгтэй байгаа юм. Ингээгүйгээс болоод тус банкнаас гарч байгаа ихэнх зээл УИХ, Засгийн газар дээр яригдаж шийдэгддэг болсон. Энэ нь тус банкны бие даасан байдлыг алдагдуулж байгаа юм. Тиймээс санхүү, төлбөрийн чадварын зохистой харьцааны үзүүлэлтүүдийг хуульд тодорхой зааж өгөөд, хэн тогтоохыг нь тодорхой хэлж өгөх нь чухал байна.

Хоёрдугаарт, Хөгжлийн банк бие дааж ажиллах боломжийг олгож өгөхгүй бол бүх зүйлийг улс төрөөс хамааралтай санхүүжүүлэхээр хараат бус, бие дааж ажиллах чадваргүй болчихоод байна. Тийм чадвартай болгохын тулд эрх, үүргийг нь өргөн болгож өгөх хэрэгтэй. Үүнийг хуульд тусгасан байна. Тийм учраас бид энэ хуулийн дэмжиж байгаа.

Мөн Хөгжлийн банкны удирдлагын хараат бус байдал. Өнөөдөр тус банкны ТУЗ-ийн есөн гишүүний зургааг Засгийн газраас томилж байна. Тэгэхээр Хөгжлийн банкны ТУЗ улс төрөөс хараат, тэр тусмаа Засгийн газар төрийн албан хаагчдаа тийш нь томилох нь утгагүй зүйл. Энэ цэвэр мэргэжлийн хүмүүсийг тавьдаг байх ёстой гэж хуульд оруулж өгч байгаа.

Олон нийтийн хараа хяналтыг сайжруулах үүднээс хараат бус ТУЗ-ийн гишүүн гэж гурван хүн ажилладаг. Тэрийг сонгодог утгаар нь хараат бус байх, аж ахуйн нэгжүүд, хувийн секторын төлөөллийг оролцуулдаг заалтыг оруулж өгөхгүй бол энэ Хөгжлийн банк хараат бусаар ажиллаж чадахгүй болоод байна. Иймэрхүү үндсэн зарчмуудыг энэ хуульд суулгаж өгч байгаа учраас хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжинэ” гэв.


Ийнхүү мэдээлэл хийсний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулсныг товчлон хүргэе.

-Хөгжлийн банкнаас хувийн хэвшлийнхэнд олгосон зарим зээлд Засгийн газар баталгаа гаргасан. Хэдэн аж ахуй нэгжийн зээлд Засгийн газар баталгаа гаргасан бэ. Ер нь Засгийн газар баталгаа гаргаад байх нь хэр оновчтой вэ?

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Ажлын хэсгийн акт дээрх мэдээллээс хувийн хэвшлийнхний авсан хэдэн зээлд Засгийн газар баталгаа гаргасан тухай мэдэх боломжтой. Яг цээжээр хэлэх бололцоогүй байна. Ер нь АН-ын бүлэг улс орны эдийн засагт зайлшгүй хэрэгтэй томоохон төсөл хөтөлбөрүүдэд Засгийн газар баталгаа гаргадаг байвал зохилтой гэсэн байр суурьтай байгаа. Одоо гаргасан байгаа Засгийн газрын баталгаа хуулийн дагуу юу, үгүй юу гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтээс аваарай. Ажлын хэсгийн дүгнэлт нууцын зэрэглэлээс удахгүй гарна. Засгийн газрын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл, Засгийн газрын баталгаа гаргаж олгосон зээл хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй.

Бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж: -Хөгжлийн банкнаас гаргаж байгаа зээл, Засгийн газрын баталгаа хоёр өөр зүйл. Засгийн газар хэд хэдэн компанийн зээлд баталгаа гаргасан гэж сонссон. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны 500 сая долларын зээлэнд баталгаа гаргасан байх жишээтэй. Засгийн газрын баталгаа Хөгжлийн банктай ямар нэг байдлаар холбоогүй явна.

-Чуулган дээр яригдаж байсан 3,2 их наяд төгрөгийг энэ сараар тасалбар болгож, Сангийн яамд хариуцуулж байгаа юм байна. Үүнийг дэмжиж байна уу?

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -УИХ-аас батлахаар яригдаж буй тогтоолын төслийн нэгдүгээр заалтан дээр Засгийн газар, Хөгжлийн банк хоёрын хоорондох өглөг, авлагын тооцоог нийлүүлэхээр тусгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, засгийн газар өөрийнхөө нэрийн өмнөөс гадаад зах зээл дээр гаргасан бондын нийт дүн 2.6 их наяд хүрсэн. Энэ мөнгөө Хөгжлийн банкаар дамжуулж, дэд бүтэц, зам барих, үйлдвэрлэлийг дэмжих гэсэн гурван үндсэн чиглэлээр тодорхой төслүүдэд санхүүжилт хийсэн. Нөгөө талд Хөгжлийн банкны эх үүсвэрийг засгийн газар зээлэх замаар санхүүжүүлсэн төслүүд бий. Эдгээр төслүүдийн мөнгийг засгийн газар төсвөөс нөхөн төлөх хэлбэрээр өглөгөө барагдуулахаар зохиуцуулалт хийгдэх юм. Ингээд тооцохоор Хөгжлийн банк засгийн газарт 2.6 их наяд төгрөгийн өглөгтэй, 3.2 их наяд төгрөгийн авлагатай байгаа юм. Энэ хоёр байгууллага авлага, өглөгөө тооцоолж, блансаа цэвэрлэх зорилгоор УИХ-аас тогтоолын төсөл батлахаар ажиллаж байна гэсэн үг.

-Тэгэхээр тогтоолын нэгдүгээр заалтыг танай бүлэг дэмжинэ гэсэн үг үү?

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Бондын эргэн төлөлтийг хэн хэн төлөх бэ гэдэг асуудал маш тодорхой байгаа. Нэгэнт төр өөрөө захиалаад дэд бүтцээ бариулж, станцуудаа бариулчихсан тохиолдолд төр төлөлтөө хийнэ. ААН-үүд эдгээр ажлуудыг тендерт орж шалгарах замаар гүйцэтгэлээ хийгээд л явчихсан. Тэгэхээр 2.6 их наяд төгрөгийг ААН-үүд төлөхгүй. Төлөлтийг цэвэр засгийн газар хариуцах учраас Хөгжлийн банкны бланс дээр байлгаад байх нь зохимжгүй гэж үзсэн. Учир нь, Хөгжлийн банкинд дахин эх үүсвэр хэрэгтэй. Цаашдаа санхүүжилтээ хийгээд явахад блансаа цэвэрлэх шаардлага үүсээд байгаа учраас тогтоолын нэгдүгээр заалтыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаа.

-Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөсөө 111 тэрбумын сан байгуулснаар чанаргүй зээлүүд хаагдана гэж ойлгох болох уу?

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Бүх зээлүүдийг чанартай, чанаргүйгээр нь ангилж, төлөгдөх боломжгүй зээлүүдийг Хөгжлийн банк өөрийнхөө хөрөнгөөр сан байгуулж хаахаар ярьж байна. Үүний дагуу 111 тэрбум төгрөгийн сан байгуулаад нэр бүхий ААН-үүдийг чанаргүй зээлийг хаагаад явна. Тэгэхээр Хөгжлийн банкинд өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Тийм ч учраас УИХ үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Хөгжлий банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тогтоол оруулж ирсэн гэж ойлгох хэрэгтэй.

-Хөгжлийн банкны хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж байгаа. Танай бүлэг энд ямар байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Анх нэг их наяд төгрөгөөр Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх санал орж ирсэн. Энэ тооцоон дээр АН-ын бүлэг ажиллаж, “500 тэрбум орчим төгрөг байхад болно” гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Яагаад гэхээр, сан байгуулах гээд буй 11 тэрбум төгрөгөн дотор шаардлагагүй төслүүд ч байна. Нийт 17 компанийн 7 нь төрийнх. Төрийн өмчит компанийн өрийг төр барагдуулахаар нэг хармаанаасаа аваад, нөгөө хармаа руугаа хийж байгаа л хэлбэр. Тийм учраас төрийн өмчит компаниуд дээр сан байгуулах хэрэг байна уу гэсэн байр сууринаас АН-ын бүлэг хандаж байна.

Төрийн өмчит компаниудын зээлүүдийг ямар зохицуулалтаар эргэн төлөлт хийлгэх боломжтой бэ?

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -ТЭЦ-4, МТЗ, МИАТ, ТОСК зэрэг нэр бүхий зургаан төрийн өмчит компаниудад зарцуулсан санхүүжилтийн 90-95 хувь нь эргээд үр дүнгээ өгч эхэлсэн байна. Тэгэхээр Хөгжлийн бан өөрийн хөрөнгөөр эдгээр зээлийг даралгүйгээр зтодпорхой зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. ТОСК л гэхэд Хөгжлийн банкны санхүүжилтээр барилгаа барьчихсан. Одоо барилгуудаа борлуулаад, зээлээ төлөх гарц байна. Гол нь энд зээлийг урт хугацааны ангилалд оруулахад сан байгуулах ямар ч шаардлага үүсэхгүй.

Categories
мэдээ нийгэм

Энэ оны “Онцлох хүүхэд” маргааш тодорно

Энэ оны “Онцлох хүүхэд” маргааш тодорно

Ерөнхий сайдын тэргүүлдэг
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр
бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын 2016 “Оны
онцлох хүүхэд”-ийг маргааш тодруулан, алдаршуулах гэж байна.

Тус арга хэмжээ Төрийн ордны Их танхимд болох бөгөөд энэ үеэр Монгол
Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны онцлох хүүхдүүдэд батламж
гардуулж, баяр хүргэнэ.

1991 оноос хойш нийт 300 гаруй хүүхэд үе тэнгийн найз нөхөддөө үлгэр
дууриал үзүүлж, бусдыгаа манлайлан “Онц онцлох хүүхэд”- ээр тодорчээ.

Тэгвэл улиран өнгөрч буй 2016 онд Үндэсний болон Олон Улс, тив, дэлхийн
түвшинд оюун ухаан, урлаг, спортын төрлөөр үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөн,
онцгой амжилт гаргаж, эх орноо сурталчлан, манлайлсан шилдэг 9 сурагч
“Оны онцлох хүүхэд” болно.

Дашрамд дурдахад Монголын Улсын ”Оны онцлох хүүхэд” шалгаруулалтад анхан
шатны байгууллагаас шалгарсан 270 хүүхдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд”
медалийг олгоно.

Categories
мэдээ нийгэм

Жагсагчид хөл хүнд, хүүхэдтэй эхчүүдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэхийг шаардав

Аргаа барсан ард түмний жагсаал нэгээр нэмэгдэв. Өмнө нь цэвэр агаарын төлөө жагсана гэж хэн ч санаагүй буй за. Тэгвэл өнөөдөр хүмүүс жагсаж байна. Эхийнхээ хэвлийд бойжиж байгаа нялх үр эсэн мэнд төрж ээждээ тэврүүлэхийн тулд та биднээс амь гуйж байна. Тахир дутуу, хараагүй, сохор доголон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ л утаа хэмээх хар мангасын хар гайгаар хорвоод тарчилж байна. Төр засаг нь өдөр хоног өнгөрөөн аргацаасан шийдвэр гаргаж буй өнөөгийн өндөр албан тушаалтнуудыг сэнтийнээсээ бууж бодит байдалтай эвлэрэхийг хүсч байна. Эхчүүдийн хоолой зангиран хэлэх үгс нь ердөө л хүрэлцээтэй ор дэртэй эмнэлэгтэй байхсан, хүүхдээ амьсгалуулахсан гэж хүсч байна. Тэд эцсийн эцэст амьсгалах боломж олгохыг л шаардаж байна. Хүн уг нь үндсэн хуулиндаа амьд явж, агаар амьсгалах бүрэн эрхтэйсэн биш билүү.


ЖАГСАГЧИД ЗАСГИЙН ГАЗАРТ ДАРААХ ШААРДЛАГЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА

  • Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, бодитой арга хэмжээ авах. Зохих нэмэлт өөрчлөлтийг Гамшгийн тухай хуулинд оруулах.
  • Засгийн газар арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хурлаа Баянхошуунд зохион байгуулж, нөхцөл байдлыг нүдээр үзэх.
  • Агаарын бохирдлын эсрэг сүүлийн 15 жилд зарцуулсан хөрөнгө, санхүү, хийсэн ажлын тайланг 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор иргэдэд тайлагнах.
  • Агаарын бохирдлыг 2018 он гэхэд 80 хувиар бууруулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, 2017 оны нэгдүгээр сарын 26-нд иргэдэд нээлттэй танилцуулах.
  • Хүүхдийн өвчлөл, хэвтэн эмчлүүлэлт, амбулаторийн үзлэг, нас баралтын статистик мэдээг ангилан, долоо хоног бүр олон нийтэд мэдээлэх.
  • 2017 оны нэгдүгээр сарын 10 гэхэд нэг ч монгол хүүхэд эмнэлгийн коридорт хэвтэж эмчлүүлэхгүйгээр зохион байгуулах.
  • Агаарын бохирдлоос болж айл өрхөд учирч буй алдагдсан боломжийн зардлыг тооцох аргачлал яаралтай боловсруулж, энэ зардалд ирэх жилийн төсөвт хөрөнгө хуваарилах.
  • Агаарын бохирдол хэмжигч суурин станцыг Дархан-Уул, Орхон болон аймгийн төвүүдэд суурилуулж, нэгдсэн мэдээллийг иргэдэд өгөх.
  • Утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг 2017 оны нэгдүгээр сарын 15 гэхэд 25 хувиар бууруулах арга хэмжээ авах.

Жагсаал зохион байгуулагчид 14.00 цагаас УИХ-ын өргөдлийн байнгын хороонд БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яамны удирдлагууд болон Хотын дарга С.Батболд нарыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.Мөн энэ үеэр Засгийн газарт шаардлага хүргүүлэх юм байна.

ЖАГСАГЧИД ХОТЫН ЗАХИРГААНД ДАРААХ ШААРДЛАГЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА

  • Агаарын бохирдлын голомтод хордож буй жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг бохирдол багатай бүс рүү нүүлгэн шилжүүлэх.
  • Улаанбаатарын гэр хорооллын хүүхдийн цэцэрлэг бүрт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байрлуулах.
  • Агаарын бохирдлоос үр хүүхдээ хамгаалах мэдээллийн цогц арга хэмжээг явуулах.
  • Нийслэлд агаарын чанар хэмжигч 15 ширхэг суурин станц шинээр суурилуулах.
  • Энэ оны арваннэгдүгээр сарын 15-наас хойш хотын утаанаас дайжиж сувилуулсан жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээж, аавуудад зардлын 50 хувийг нөхөн олгох.

Өнөөдрийн тайван жагсаалыг улс төр, нам эвслээс ангид, зовлонгоос үүдсэн эцэг, эхийн нэгдэл хэмээн жагсаал зохион байгуулагчид онцоллоо. Тэд дээрх шаардлагын хариуг нийслэл, Засгийн газраас 2017 оны нэгдүгээр сарын 10-ны дотор хүлээн авахыг хүсчээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Өнгө үзэмжээ алдсан тэмдэгүүдийг засч байна

Улаанбаатар хотын хэмжээнд хазайж муруйсан шонтой, тэмдэг нугарсан,
унжсан, өнгө үзэмжээ алдсан тэмдэгүүдийг засч, сэргээж байна.

Тодруулбал, Замын цагдаагийн алба, “Улаанбаатар Зам засвар арчилалтын
газар” ОНӨААТҮГ-тай хамтран хазайж муруйсан шонтой, тэмдэг нугарсан,
унжсан, өнгө үзэмж алдсан, засч сайжруулах шаардлагатай нийт 414
тэмдэгийг засч, сэргээх ажлыг эхлүүлжээ.

Одоогийн байдлаар Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах 220 тэмдэгийг сэргээн ажиллаж байна.