Categories
мэдээ улс-төр

Хилийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод өнөөдөр 9 цаг 50 минутаас 55.9 хувийн ирцтэйгээр хамтран хуралдаж, эхлээд Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн О.Батнасан танилцуулга хийсэн юм.

Ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн зарим нэр томьёог жигдэлж, дэгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Б.Пүрэвдорж нарын асуултад ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хариулт өгсөн юм.

Ингээд дэгийн хуулийн холбогдох заалтын дагуу ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Тухайлбал, хуулийн төслийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг “Хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар илрүүлсэн гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг гадаадын иргэн, харьяатын байгууллага шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн хуулийн дагаж мөрдөх хугацааг зохицуулсан төслийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг “2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Энэ саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн дагаж мөрдөх хугацаа хэт тулгамдуу байгаа юм биш үү, үүний цаана хүний асуудал яригдах учраас 4 дүгээр сарын 1 болгох шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Харин энэ талаар төрийн холбогдох байгууллагын удирдлагуудын байр суурийг тодруулахад Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүнийг халах, шилжүүлэх асуудал байхгүй. Хууль хүчин төгөлдөр болох үед хил хамгаалах байгууллагад буцаж ирэх хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн цол олгож, зохих албан тушаалд нь ажиллууллна”, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Хилийн боомтын тухай хуультай холбогдож 400 орчим орон тоо манай байгууллагад шилжиж ирсэн, одоо 200 гаруй ажилтны асуудал бий. Тэдгээр албан хаагчдыг нэр устай нь, цалингийн сантай нь шилжүүлэх юм” гэсэн хариулт өгөв.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төслийн 48.5 дахь хэсгийг хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа обьектод хүч хэрэглэн халдсан, хүч хэрэглэхээр завдсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэх агуулгаар өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авлаа. Харин хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, О.Батнасан нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнгүй. Ингээд Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалтыг хуулийн төсөл тус бүрээр явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос боловсруулсан хоёр зүйлтэй уг хуулийн төсөлд Улсын Их Хурлаас 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэх чиг үүргийг гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэнтэй холбогдон бүтцийн өөрчлөлтөөр шилжсэн хилийн цэргийн албан хаагчдыг энэ хууль батлагдах хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцохоор тусгажээ. Уг хуулийн төслийг Монгол Улсын хилийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөх юм байна.

Байнгын хорооны хамтарсан хуралдаанаас уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гарган 77.3 хувиар дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.

АН-ЫН БҮЛЭГ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСЛҮҮДЭЭС ЗАВСАРЛАГА АВЛАА

Байнгын хороодын хамтарсан хуралдааны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.

Дипломат албаны тухай хуулийг 2000 онд баталсан. Дипломат албаны бодит нөхцөл байдлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 6 дугаар сард хэлэлцэж, энэ талаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байна. Энэ дагуу Засгийн газраас Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дөрвөн зүйл бүхий уг хуулийн төсөлд төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газраа нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлах; Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгож өөрчлөх, Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлагыг харгалзан хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг зохицуулалтыг тусгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гадаад харилцааны чиглэлээр сүүлийн үед яригдаж байгаа асуудлаар Гадаад харилцааны сайдаас мэдээлэл авах шаардлагатай гэж намын бүлгийн хурлаас шийдвэрлэсэн тул Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн “Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаас УИХ дахь АН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу намын тус намын бүлэгт ажлын таван өдрийн завсарлага өгч байгаа, түүнчлэн Байнгын хорооны ирэх оны эхний хуралдаанаар эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээс гадна сүүлийн үед яригдаж байгаа асуулалтай холбогдуулан Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсоно гэдгийг мэдэгдлээ.

Дараа нь Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ талаархи төсөл санаачлагчийн илтгэлдээ, Олон улсын гэрээний тухай хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онд тодорхой нэмэлтүүд оруулсан байдаг. Тус хуульд Олон улсын гэрээний эрх зүйн тухай Вөнийн конвөнцоор зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, Монгол Улс нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар олон улсын гэрээг байгуулж байгаа, олон талт гэрээнд нэгдэн орох процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүй, хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулах зарим гэрээний орчуулгын хяналтыг хийх субъект тодорхойгүй, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх, орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас бүх гэрээний орчуулгыг Гадаад харилцааны яам хянан баталгаажуулдаг зэрэг хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн УИХ-д мэдүүлсэн.

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан. Тус хуулийн 37 дугаар зүйлд хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Иймээс Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийг хүчингүй болгох шаардлагын дагуу энэхүү хуулийн төслийг боловсруулсан тухайгаа дурдлаа

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, О.Баасанхүү нар асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүгийнх нь амиа алдсан талаар хуулийн байгууллага хууль бус шийдвэр гаргасан гэв

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 19 настай хүүгээ замын ослоор алдсан эх мэдээлэл хийлээ. Уг осол өнгөрөгч долдугаар сарын 10-ны орой Замын цагдаагийн газрын урд талын зам дээр гарчээ. Тухайн үед хүү мопедтойгоо найзтайгаа уулзахаар явж байсан гэнэ.

Гомдолтой байгаа зүйл нь хүүгийнх нь амиа алдсан хэргийн талаар хуулийн байгууллага хууль бус шийдвэр гаргасан учраас хэвлэлийнхэнд хандаж буй нь энэ аж.

Талийгаачийн ээж Н.Дэжидмаа хэлэхдээ “Өнгөрсөн долдугаар сарын 10-нд шилжих шөнө энэ хэрэг гарсан. Би тэр шөнө Хэнтий аймаг явчихаад харих замдаа тэр ослыг харсан. Гэхдээ миний хүү байна гэж даанч санаагүй. Би тэр ослыг харсан. Тэгээд гэртээ ирээд удаагүй байтал хүүгийнхээ талаар сонссон. Үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг миний хүүг 100 хувь буруутгасан байгаа нь шударга бус юм” гэв.

Тэрбээр үргэжлүүлэн “Би Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэсийн байцаагч Ц.Ганболдод ослын камерны бичлэг үзэх хүсэлтээ удаа дараа тавьсан. Гэтэл хоёрын хоёр камер байгаа гэсэн атлаа надад нэг ч камерны бичлэг үзүүлээгүй. Үнэхээр миний хүү замын урсгал сөрж явсан бол тэр камерыг нь үзүүлээд өгөөч гэсэн. Тэгтэл намайг үл ойшоож, уулзсан. Миний хүүг дайрсан А.Батбилэг гэгч залуу надтай нэг удаа ч уулзаагүй. Надад хэлэхгүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн байсан. Уучлалт ч гуйгаагүй байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн дүгнэлтүүд нь гарчихсан байгаа юм.” хэмээн нулимс дуслуулан ярилаа.

Энэ хүн “Пэйнт технологи” компанид менежер хийдэг залуу юм билээ. Баян, мөнгөтэй хүний талд хуулийн байгууллагууд ингэж үйлчилдэг юм байна” хэмээн гомдолтой байгаагаа нэмж хэлэв.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Осолдсон Ту-154 онгоцны нэг хар хайрцаг олдлоо

Өнгөрсөн Ням гарагт Хар тэнгист осолдсон Оросын армийн Ту-154 онгоцны нэг хар хайрцгийг шумбагчид олсон тухай мэдээллээ.

Мөн хар хайрцагны орчмоос зорчигчдын цогцсыг нэмж олсон байна. Армийн эх сурвалжийн мэдээлснээр “Эрлийн үеэр онгоцны нисгэгчийн бүхээгт байрлах хар хайрцгийг оллоо. Удахгүй уснаас гаргах болно” гэжээ. Хоёр дахь хар хайрцаг нь онгоцны сүүл хэсэгт байрладаг бөгөөд түүнийг хараахан олоогүй байна.

Эх сурвалж өгүүлэхдээ “Одоогийн байдлаар ослын шалтгааныг хөдөлгүүрт гадны биет нэвтэрснээс үүдэлтэй гэж үзэж байна” гэсэн бөгөөд нисгэгчийн алдаа, техникийн гэмтэл зэрэг хувилбаруудыг мөн шалгаж байгаа гэжээ.

Өнгөрсөн шөнө нэмж гурван зорчигчийн цогцсыг уснаас олсон байна.

Ням гарагт Сочигийн нисэх буудлаас хөөрсөн Ту-154 онгоц Хар тэнгист осолдож, 92 хүн амиа алдсаны дотор алдарт Александровын нэрэмжит армийн найрал дууны чуулгын 64 гишүүн, хэвлэл мэдээллийнхэн, хүмүүнлэгийн ажилтнууд багтаж байсан юм.

Аялалын зорилго нь Сирийн Латакиа дахь Оросын цэргийн баазад шинэ жилийн концерт тоглох байжээ.

Categories
мэдээ нийгэм

​Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчдэд үнэмлэх гардууллаа​

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон шүүгчдэд өнөөдөр үнэмлэх гардууллаа. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж сонсгов. С.Амардэлгэр, Б.Батбаатар, М.Баясгалан, Б.Цолмонбаатар, Н.Одонтуул, Б.Мөнхбаяр, Ц.Оюунчимэг, Б.Сайханцэцэг нарын 36 шүүгч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үнэмлэх гардан авсан юм. Үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, анхан шатны шүүхийн шүүгч, мөн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч гэсэн албан тушаалд томилогдож байгаа нийт шүүгч нарт баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жилийн ой тохиож байна. Тэр үед анхлан байгуулж байсан төрийн байгууллагуудын нэг нь шүүхийн байгууллага юм. Шүүхийн 105 жил, дээд шүүхийн 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Өмнө нь Ерөнхийлөгч шүүгчдэд үнэмлэх гардуулдаг уламжлал байгаагүй. Би Ерөнхийлөгчийн албан тушаалыг аваад шүүгчид маань онцгой ажил үүрэг хүлээж байдаг учраас уулзаж үнэмлэхийг нь гардуулж өгдөг байя гэж бодсон. Энэ нь ард түмний нэрийн өмнөөс та бүхэнд үзүүлж байгаа итгэлийг илэрхийлж байгаа хэлбэр гэж үзэж байна.

Нөгөө талаас шүүх, хууль хяналтын байгууллагад хийж байгаа шинэчлэлийн талаар өмгөөлж, хамгаалж нэлээд ярьж байгаа. Та бүхний ажил бол тийм амар ажил биш. Тийм учраас төрийн зүгээс энэ хэцүү ажлыг хийж байгаа хүмүүсийг би хамгаалж, аль болох зөв талаас нь ойлгуулах талаар явах ёстой гэж боддог.

Энэ нь зөвхөн шүүгчдийг хамгаалж, шүүх эрх мэдлийг хамгаалж байгаа ажил биш юм. Нөгөө талаасаа ард түмнээ хамгаалж байгаа ажил гэж хэлж болно.

Манай шүүгчид сайн ажил хийдэг. Тэр нь юу вэ гэхээр аливаа улс оронд ард иргэдийн дийлэнх олонх нь хуулиа хэрэгжүүлээд, биелүүлээд явж байгаа хүмүүс байдаг. Тэр дундаас төрийн тогтоосон хууль тогтоомжийг зөрчиж, буруу үйлдэл гаргаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Тэдэнтэй хариуцлага тооцно гэдэг бол нөгөө талдаа их ард түмнээ хамгаалж байгаа юм гэж ойлгож байна.

Шүүх, хуулийн байгууллагыг шинэчилж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулдаг бүтэц болгохын төлөө бид ажиллаж байна гэдэг бол улс орныхоо, ард түмнийхээ төлөө хийж байгаа ажил юм.

Ажил яваад, удаад ирэхээр хүмүүс түүнд дасч, шүүмжлэх тал гарч ирдэг. Энэ бол байдаг үзэгдэл. Бид үүнийг зөвөөр ойлгож, хүлээж авч хийх ёстой. Шүүхийн чиглэлээр төлөвлөж байсан хууль, тогтоомжууд нэлээд нь батлагдсан.

Би нэг зүйлд талархалтай байдаг. Шүүх байгууллагад ажилладаг хүмүүс маань хууль, шүүхийн байгууллагад хийхээр төлөвлөсөн, хийж байгаа, цаашдаа ч хийхээр бодож байгаа сэтгэл зүрхээрээ их дэмждэг. Яагаад гэвэл энэ хүмүүс галын фронтод ажиллаж байгаа. Юу хийх шаардлагатай, юу болохгүй байгаа вэ гэдгийг та нар их сайн мэддэг. Энэ тал дээр сайн зүйл гараад, дэвшил гараад ирвэл та бүхэн талархалтай байдаг хүмүүс.

Мэдээж бидний хийж байгаа бүх зүйл онож байгаа гэж би хэлэхгүй. Аливаа ажил төгс байна гэж байхгүй. Аливаа шинэчлэл ч төгс байхгүй. Хэцүү үйл явц дундуур явна. Хүмүүс шинэчлэл хийгээд дуусчихна гэж боддог. Бидний 5 жил, 7,8 жилийн өмнө баталсан хуулиудад эргээд цагийн шаардлагаар тодорхой хэмжээний өөрчлөлт орох шаардлага гарна.

Шинэчлэлийн үйл явц байнга байдаг юм байна гэдгийг ойлгох ёстой. Амьдрал явж байгаа. Алдаа оноо байгаа учраас болж өгвөл бид алдаа бага гаргаж, амжилт руу зүтгэх хэрэгтэй. Одоогийн нийгэмд сорилтой, хүндрэлтэй ч тал бий. Сайн ч тал бий. Үнэхээр шүүгчид мэдлэгээ дээшлүүлье, ажлын ур чадвараа дээшлүүлье гэвэл далай шиг их боломж байна.

Иргэдийн талаас тавьдаг шаардлага бас их өндөр болчихлоо. Төрийн байгууллага, бидэн рүү хандаж тавьж байгаа шүүмжлэлд эмзэглэж, түүнийг буруу санаж хүлээж авахаасаа илүүтэй ойлгож хүлээж авах ёстой гэж би боддог. Энэ биднийг улам сайн ажиллах тал руу түлхдэг. Тайвшраад, тогтчихсон ус шиг байгаад байлгүй ийм байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Ард иргэд дуу, хоолойгоо илэрхийлэх, эрх нь зөрчигдөх юм бол эрхээ хамгаалах чиглэл асар өндөр хөгжсөн. Ийм боломж манай иргэдэд байгаа.

Үүнийг бас буруу зөрүү ашигладаг, хүний нэр төрд халддаг, янз бүрийн үйл ажиллагаа гаргадаг хүмүүс бий. Гэхдээ түүнийг алга болгоно гээд том олсон ололтоо алга болгож болохгүй. Тийм учраас жижигхэн, хатгасан зүйлд бид дассан байх хэрэгтэй гэсэн бодлоор би ажилладаг. Та бүхэн ч тэгж ажиллах байх гэж итгэж байгаа.

Шүүхийн салбарт хийсэн бидний хамтын үйл ажиллагаа бол цаашдаа үр дүнгээ өгнө гэж бодож байгаа. Нэг зүйл бол таван хуулийг буцаасныг би буруу алхам болсон гэж боддог. УИХ-тайгаа дахиж ярилцаад, шинээр гарч ирсэн Засгийн газар ажиллаад энэ хуулиуд эргэж өргөн баригдаж байгаа байх. Энэ хуулиуд ойрын үед батлагдвал зүгээр байгаа юм. Та бүхний хэрэглэдэг хамгийн гол хуулиуд шүү дээ. Энэ хуулиуд батлагдвал шүүх эрх мэдлийн салбарт төлөвлөж байсан ажлуудын гуравны хоёроос илүү хувь нь бодит ажил болох боломж байгаа.

Хуулиудаа батлаад хэрэгжүүлээд ирэхэд хүндрэлтэй, өөрчилмөөр шаардлагатай ажлууд гарах юм бол байнгын парламент байна. Хүмүүс харж байна. Амьдрал юм чинь болохгүйгээ шинэчлээд л явчихна. Ерөнхийдөө суурь нь хадгалагдаад, цаашаа нэлээд олон жил явах байх гэсэн бодолтой байна.

Одоо орж байгаа хууль маань ч тиймэрхүү байдлаар гараад ирэх болов уу гэсэн найдвар тавьж байгаа. УИХ-аас гэмт хэргийн, зөрчлийн асуудлууд, тэдгээртэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол гээд хуулиуд маань батлагдах байх гэсэн найдвартайгаар хүлээж байна.

Шүүгчдийн цалин мөнгөтэй холбоотой зэрэг зарим асуудалд иргэдийн зүгээс шүүмжлэл гардаг. Тэр бүхнийг, шүүгчдийн хийж байгаа бүх зүйлийг иргэд дэмжээд, ойлгоод байна гэж байхгүй. Гэхдээ бид хүрсэн ололтоосоо ухармааргүй байна. Эдийн засаг, мөнгө, санхүүгийн хүндрэлтэй асуудал байгаа боловч энэ салбарт хүрсэн ололтоосоо ухарч болохгүй гэсэн зарчмаа барьж яваа. Цаашдаа ч энэ зарчим Монголын төрд баримтлагдах байх аа. Та бүхэн ажилдаа эзэн болж яваарай. Ингэж чадна гэж би итгэж байгаа. Хичээж ажиллах шаардлагатай шүү гэдгийг хэлье.

Шүүгчээр ажиллах хугацаанд иргэдийн эдэлдэг зарим эрх хязгаартай байх ёстой гэж би боддог. Уулзаж учирдаг хүн хязгаартай байх ёстой. Ажлын байр өөрийн нарийн дэг журамтай, сахилгатай байх ёстой. Тэгж байж биднийг хүндэлнэ. Шүүх засаглалыг хүмүүс хүндэлнэ шүү. Зохион байгуулалтаараа бусад байгууллагаас бид ялгарах ёстой.

Хэрэгжүүлж байгаа хууль, авч байгаа арга хэмжээ, гаргаж байгаа шийдвэрээрээ бид ялгарах ёстой. Зарим ажлыг өнөөдрийн хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Дараа дараагийн хүмүүс судлаад үзэхэд үнэхээр тийм нөхцөлд энэ шүүгч ингэж хуулиа барьж шийдээд явсан байна. Энэ зөв болжээ гэсэн үр дүн үлдээсэй гэж бодож байна.

Бид барьдаг хуультай, хийдэг ажилтай, маш тодорхой үүрэгтэй улсууд. Тийм учраас энэ үүргээ ажиллаж байгаа албан тушаал дээрээ зохицуулаад 100 баллд ойрхон ажиллах хэрэгтэй. Түүнээс доош орж болохгүй.

Ойрын өдрүүдэд шүүх байгууллагын 105 жил, орчин үеийн шүүхийн бүтэц бий болсны 90 жилийн ой болж байна. Та бүхний шагнал бол ард түмний шүүх засаглалд итгэх итгэлээр хэмжигдэнэ шүү. Түүнд онцгой анхаарч яваарай. Тэгш ойн үеэр, оны төгсгөлд уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхний ажилд дахин амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.



Categories
мэдээ спорт

Э.Бэхбаяр 23 мянган ам.долларыг авахаар болжээ

Бэхбаяр зурган илэрцүүдЭнэтхэгийн чөлөөт бөхийн “Pro Wrestling League season” лигийн тэмцээн ирэх нэгдүгээр сарын 2-19-ний хооронд болох билээ. Харин энэхүү лигт барилдах гадаадын бөхчүүдийн цалингийн цэсийг гаргажээ. Иймд Дели хотын багийн нэрийн өмнөөс барилдах Э.Бэхбаяр 23530 ам.долларын цалин авах юм байна. Мөн тус лигийн тэмцээнд уригдсан Риогийн олимпийн аварга Гүржийн В.Хинчегашвили 70, дэлхийн аварга ОХУ-ын Магомед Курбаналиев 69 мянган ам.доллар авахаар болжээ. Тэгвэл эмэгтэй тамирчдаас хамгийн өндөр цалинг Азарбайжаны Мариа Стадник авах бөгөөд тэрбээр 69117 ам.долларыг авах юм байна.

2017 оны нэгдүгээр сарын 2-19-ний хооронд болох “Pro Wrestling League season II” тэмцээнд 18 баг оролцох аж. Баг бүр эрэгтэй 57, 65, 74, 97, 125 кг, эмэгтэй 48, 53, 58, 69 кг-ын жингийн нийт есөн бөхийн бүрэлдэхүүнтэй байна. Халз барилдаан бүрт эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр легионер бөх барилдуулж болох дүрэмтэй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хяналтын камераар 42 гэмт хэргийг илрүүлжээ

Улаанбаатар хотын хэмжээнд 2016 онд хяналтын камераар 42 гэмт хэрэг, 163 зөрчлийг илрүүлсэн байна.

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд техник технологийн дэвшлийг ашиглах, үйл ажиллагаагаа дэлхийн жишигт ойртуулж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд хөдөлгөөнт төхөөрөмж дээрээс хандаж тээврийн хэрэгсэл болон түүнтэй холбоотой даатгал, оношилгоо, жолоочийн мэдээлэл, мөн цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалт, ял шийтгэлийн мэдээлэлтэй танилцах, хайлт, лавлагаа хийх, дуудлага, мэдээллийг алба хаагчдад шууд дамжуулах, бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, эргүүлийн чиглэлийн байршлыг төлөвлөх боломжтой програм хангамж бүхий иж бүрдэл төхөөрөмжийг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 152 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдан авч хөдөлгөөнт эргүүлийн 67 автомашинд суурьлуулан ашиглаж эхлээд байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Абе Сувдан эрэгт айлчлав

Японы Ерөнхийлөгч Шинзо Абэ Хавайн арлуудын нэг “Сувдан эрэг”-т айлчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ийнхүү 1941 оноос хойш тус аралд айлчилж буй анхны Японы төрийн тэргүүн болж буй юм.

Японы цэргүүд 1941 оны арванхоёрдугаар сарын 3-нд Сувдан эрэгт гэнэтийн дайралт явуулж, АНУ-ын Усан флотын 2403 цэргийг хөнөөсөн билээ.

Уг үйл явдлын улмаас хоёр улсын харилцаа хурцадсан юм. Абе тус бүс нутагт айлчилж, хохирогчдод хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр “Хоёр улсын харилцаа шинэ шатанд хүрсэн гэдгийг батлахын тулд би ийнхүү Сувдан эрэгт айлчилж байна” гэж хэлжээ. АНУ-ын Барак Обама мөн өнгөрсөн долоодугаар сард Америкчуудын атомын бөмбөг хаясан Японы Хорошимад айлчилсан анхны нэгдсэн улсын төрийн тэргүүн болсон юм.

Мөн Вашингтон өнгөрөгч долоо хоногт Окинава дахь АНУ-ын цэргийн бааз байрлах газар нутгийг япончуудад эргүүлэн өгсөн билээ.

Categories
мэдээ нийгэм

“Оны онцлох” 20 сурагч тодорлоо

Сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн сайн үйлсээрээ бусдыгаа манлайлсан 20 сурагчид Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 2016 оны “Оны онцлох” батламж, дурсгалын зүйлийг гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбат шилдэг сурагчдад хандан “Улс эх орныхоо ирээдүй хойч болсон дүү нартаа шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Мэдлэгтэй, боловсролтой, чадвартай иргэн болж өсөж байгаад талархаж байна. Та бүхнийг харахад Монгол Улсын хөгжил, ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна. Боловсролтой, мэдлэгтэй байх нь ирээдүйн амьдралын баталгаа гэж ухамсарлаж, эцэг эхдээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой гэж хүсэн ерөөе” гэлээ.

Шалгаруулалтыг нийт 20 аймаг, 9 дүүрэгт 9 номинац дор зохион байгуулсан бөгөөд 115 хүүхдийн материал ирснээс үе тэнгийнхнийгээ манлайлсан шилдэг 20 сурагчийг шалгаруулсан байна.

2016 оны “Оны онцлох” 20 сурагч:

Нэг. Сурлагын амжилт

  • Б.Хулан
  • Б.Төрхүү

Хоёр. Урлаг, уран бүтээл

  • Б.Өнөржаргал
  • Э.Төгөлдөр

Гурав. Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил

  • Э.Хүслэн
  • Т.Номиндалай
  • Э.Пүрэвжав
  • Н.Түвшинбаяр

Дөрөв. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага

  • Э.Бүрэнчөдөр
  • Б.Ундармаа

Тав. Бүтээлч, ажилч хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа

  • Х.Мөнхшагай
  • Д.Мөнгөнзул

Зургаа. Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс

  • С.Амарзаяа
  • Д.Бямбадорж

Долоо. Техник сэтгэлгээ, шинийг сэдэх, санал санаачилга

  • М.Мичидмаа
  • З.Чингис

Найм. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин

  • Б.Батлхагва
  • Ж.Хулан

Ес. Эх орны түүх, соёл, өв уламжлал

  • М.Цэрэндэжид
  • Б.Оюундарь нар байна

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс 61.5 сая мал тоолууллаа

Үндэсний статистикийн хорооноос энэ оны мал тооллогын урьдчилсан дүнг мэдээллээ. 2016 оны жилийн эцэст мал сүргийн нийт дүн 61 сая 542 мянган толгойд хүрчээ.

Энэ нь өнгөрсөн оноос 9.9 хувь буюу 5562.3 мянгаар өссөн үзүүлэлт юм байна.

Урьдчилсан дүнгээр адуу 3634.9 мянга, үхэр 4080.3 мянга, тэмээ 401.3 мянга, хонь 27853.4 мянга, ямаа 25572.2 мянгад хүрчээ.

Нийт мал сүргийн дотор адуу 5.9, үхэр 6.6, тэмээ 0.7, хонь 45.3, ямаа 41.6 хувийг эзэлж буйг статистикчид онцолж байна. Тодруулбал хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Төв, Баянхонгор аймгууд багтжээ.

Харин Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр зэрэг 18 аймаг, Улаанбаатар хот малаа таван төрөл дээр өсгөжээ.

Categories
мэдээ улс-төр

Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Масато Такока өнөөдөр ИЖБ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такока өнөөдөр ИЖБ барив.

ИЖБ барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Масато Такокаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Масато Такокад баяр хүргэж амжилт хүслээ. Төрийн тэргүүн цааш нь хэлэхдээ “Япон, Монгол хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтож олон салбарт харилцаа идэвхтэй явж байгааг та сайн мэдэж байгаа байх. Улс төрийн түвшний харилцаа маш сайн явж байгаа.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын түвшинд айлчилж, уулзаж ярилцдаг. Ерөнхий сайд Ш.Абэтэй тогтоосон найрсаг сайхан харилцааг бид маш өндрөөр үнэлдэг. Миний хувьд түүнтэй ажил хэргийн шугамаар 10 гаруй удаа уулзаж ярилцсан.

Японы Цог жавхлант Эзэн хаан Монголоос очсон төлөөлөгчдийг элэгсгээр хүлээн авч бидний хооронд сайхан харилцаа тогтсон байдагт бид их баярлаж байдаг.

Монгол Улсын хөгжил дэвшилд Япон Улсын зүгээс үзүүлж ирсэн дэмжлэг туслалцаа маш их чухал үүрэгтэй байсан гэдгийг цохон тэмдэглэе. Хоёр орны хооронд Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, ажилдаа орж байна.

Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих, АШУИС-ийн дэргэдэх эмнэлэг, 18000 инженер бэлтгэх зэрэг том төслүүд хоёр орны хооронд амжилттай хэрэгжиж байна. Таны ажилд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам бүх талаар тусалж дэмжиж ажиллах болно” гэлээ.

Элчин сайд Масато Такока хариу хэлсэн үгэндээ “Монголд томилогдон ирсэн даруйд минь ИЖБ барих бололцоог олгосон нь та болон Монгол Улсын Засгийн газар хоёр орны харилцааг чухалчлан үзэж байгаагийн илрэл хэмээн миний бие хүндэтгэн харж байна.

Миний бие эх орноосоо мордохын өмнө Цог жавхлант Эзэн хаанд бараалхсан. Манай Эзэн хаан тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах хүсэлтэй байдаг гэдгийг минь дамжуулаарай гэсэн. Тэр үгийг одоо би танд хүргэж байна.

Мөн Ерөнхий сайд Ш.Абэгийн зүгээс Япон, Монголын харилцааг чухалчлан үзэж байгаа бөгөөд энэ харилцааг улам бат бэх болгох бодолтой байна гэдгээ хэлж байсан. Таны сая хэлсэнчлэн та болон Ерөнхий сайд Ш.Абэгийн хооронд олон удаа уулзалт, хэлэлцээ хийж, маш онцгой харилцааг хөгжүүлж ирсэн. Хоёр орны дээд түвшний харилцаа онцгой түвшинд явж байна. Энэ нь хоёр талын харилцаанд чухал нөлөө үзүүлж байна.

Япон, Монголын стратегийн түншлэлийн харилцаа гэдэг нэр томъёог эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг 2010 онд Японд айлчлах үеэр анх тогтоосон. Энэ харилцаа өнгөрсөн хэдхэн жилийн дотор маш бат бөх харилцаа болж хөгжлөө. Үүнийг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь миний хийх хамгийн чухал ажил юм.

Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эдийн засаг, гадаад худалдааны харилцаа цаашдаа улам гүнзгийрч хөгжинө гэдэгт найдаж байна. Ирэх 2017 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо. Энэ ойг тохиолдуулан хоёр улсын хооронд тал бүрийн харилцааг илүү өргөн хөгжүүлнэ гэж найдаж байна. Энэ ажилд эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны зүгээс дэмжлэг хүсье.

Япон, Монголын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд дунд хугацааны шинэ хөтөлбөрийг боловсруулах ажил хийж байна” гэв.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны харилцаа нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд ч чухал нөлөөтэйг тэмдэглэлээ.