Categories
мэдээ спорт

Улсын арслан Р. Пүрэвдагва барилдаан бүхэнд өнгөтэй байна

Энэ жилийн наадамд үзүүрлэж Монгол Улсын арслан цол, Даншиг наадмаар түрүүлж, аварга цол хүртсэн Рэнцэнбямбын Пүрэвдагва өнгөрсөн амралтын өдрүүдэд ӨМӨЗО-д болсон “Алтан бүс” барилдаанд түрүүлжээ.

Энэхүү барилдаанд манай улсаас арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү нарын тэргүүтэй бөхчүүд барилдаж , залуу арслан Р.Пүрэвдагва өвөрлөгч нутгийн аварга н.Батжаргалтай үзүүр, түрүүнд үлдэж, өвдөг шороодуулан, бас нэгэн түрүүгээ авлаа.

Р. Пүрэвдагва арслангийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Дашыг уран гоё өмсөх мэхээр долоо давж, түрүүлсэн. Өнгөрсөн есдүгээр сараас МҮБХ-ноос зохион байгуулдаг заал, танхимын барилдаан аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва нар барилдаанд гараагүй байв. 2016 оны цагаан сар, наадам, аравдугаар сарын 23-нд тохиосон Начин цолны хүндэтгэлийн барилдааныг оролцуулсан нийт 14 барилдааны чансааг отгон арслан Р.Пүрэвдагва 13207 оноогоор тэргүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр 12518, улсын харцага Т.Баасанхүү 12175, харцага Ц.Содномдорж 11600, Б.Гончигдамба 11490 оноогоор эхний тавд бичигджээ. Үүгээрээ тэр мөн үндэсний бөхчүүдээ барилдааны агуулга, чанарын хувьд ахалж байгаагаа харуулав.

Image result for Алтан бүс барилдаанд Р. Пүрэвдагва түрүүллээҮндсэндээ Р.Пүрэвдагва арслан улсын баяр наадамд үзүүрлэж, арслан цол хүртсэнээсээ хойш цөөхөн барилдаанд зодоглож байгаа ч тэр цөөндөө бүгдэд нь түрүүлжээ. Залуу хүчтэнийг Сар шинийн барилдаан, ирэх жилийн наадам гээд чансаа өндөр барилдаанууд хүлээж байгаа ч өдгөө улсын том цолны босгоор алхсан чадамжааа дааж барилдаж байгаа нь үнэлүүштэй.


РЭНЦЭНБЯМБЫН ПҮРЭВДАГВА

Image result for Р.ПүрэвдагваАрхангай аймгийн Булган сумын харьяат Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150-р анги, “Алтан дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх. 1985 онд төрсөн.

Амжилт:

• 2008 онд Архангай аймгийн наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртсэн.

• 2009 онд Архангай аймгийн наадамд үзүүрлэсэн.

• 2010 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, хурц чимэг хүртсэн.

• 2012 онд Улсын баяр наадамд тав давж, Улсын начин цол хүртсэн.

• 2014 онд Улсын баяр наадамд тав давж, Өсөх идэр чимэг хүртсэн.

• 2016 онд Улсын баяр наадамд ес давж үзүүрлэн, Улсын арслан цол хүртсэн.

2016 онд “Даншиг наадам-Хүрээ цам” наадамд түрүүлж Даншигийн аварга цол хүртсэн.




Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Манайх шиг засаглалтай оронд “Bank of China” орж ирээд ч гавьтай зүйл болохгүй

Эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Олон улсын валютын сан уу, Хятадын хөнгөлөлттэй зээл үү гэсэн хоёр хувилбар ид яригдаж байна. Таныхаар аль хувилбар нь дээр вэ?

-Монгол Улсын Засгийн газар шууд төлөх ямар ч чадваргүй болтлоо гадаад, дотоодын өрөнд баригдсан учраас хүнээс мөнгө гуйж таарна. Гуйхдаа мэдээж зээлж авна. Бага хүүтэй, урт хугацаагаар өгөх боломжтой нь Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл байх. ОУВС тодорхой нөхцөлтэйгөөр өгдөг. Энэ удаад ОУВС, Хятад хоёр хамтрах боломж бий гэж харж байна. Учир нь Хятадын мөнгө саяхан ОУВС-д орсон. Тэгвэл бид өрөө дарах хэмжээний зээл авчих болов уу. Мэдээж өр дарлаа гээд эдийн засагт өөрчлөлт орохгүй. Гэхдээ энэ маягаараа цаг алдвал илүү их өрөнд орох эрсдэлтэй. Төр засаг эдийн засгаа удирдаж чадахгүй, нийт ард түмнийг гэхээс илүү тодорхой бүлэглэлийг төлөөлөөд байна л даа.

-Бизнесүүдийг дэмжиж байж л эдийн засаг тэлнэ. Компаниудаа яаж дэмжвэл үр дүнд хүрэх бол?

-Бизнесээ дэмжихийн тулд үнийг чөлөөлж, төр бизнест оролцохоо болих хэрэгтэй. Төрийн өмчит компаниудыг бүгдийг нь хувьцаат компани болгох шаардлага бий. Чөлөөт өрсөлдөөнийг урамшуулж, бонд гэх мэт есөн шидийн мөнгийг хувааж нууж өгдгөөсөө татгалзах ёстой.

-Дифляци гэсэн ойлголт эдийн засагт гараад ирлээ. Иргэдийн худалдан авах чадвар унасан учраас ийм үзэгдэл ажиглагдаж байна гэх юм…?

-Худалдан авах гэж юуг хэлээд байна гэдгээс эхэлнэ л дээ. Хоол хүнс, өргөн хэрэглээний бараа авах нэг хэсэг бий. Нөгөө талд хадгаламжаасаа том зүйл худалдаж авах дунд ангийн хэрэгцээ гэж байгаа. Энэ утгаар нь авч үзвэл хүн амын 20 хувь ядуу байна. Ахиад 20, 30 хувь нь ядуу руу ороход бэлэн болчихсон. Хэзээнээсээ өндөр хувьтай байгаагүй дундаж анги харьцангуй багасчихлаа. Тийм учраас сегмент болгоны худалдан авах чадвар юунаас хамаарч байна вэ гэдгийг хэлэхгүй бол ерөнхийлөхөд хэцүү. Жишээ нь өндөр орлоготой хүмүүс дуртайгаа хэрэглээд явна. Хадгаламжтай хүмүүс нэг хэсэгтээ тэвчинэ. Бага орлоготой хэсэг буюу хүн амын бараг хагас нь хэцүү байдалд байгаа нь үнэн. Үүнээс гарах гарц нь ажлын байр. Ажлын байрыг хувийн хэвшил бий болгодог. Хувийн хэвшилд ажлын байр нэмэх боломж одоогоор алга. Ер нь хувийн хэвшил хумигдаж байна. Компаниудын худалдан авах чадвар буюу хөдөлмөрийн бүтээмж бага байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засаг идэвхгүй болж байна гэсэн үг.

-Эдийн засаг идэвхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Хямралын байдалд орчихоод идэвхгүй болчихлоо л доо. Гадагшаа экспортолдог бүтээгдэхүүний үнэ уначихаар уул уурхайн салбар уруудлаа, ийм шалтгаанаар хямарсан гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ тийм биш. Монголын хувьд үүнээс илүүтэйгээр улс төрийн, засаглалын чанартай хямрал нүүрлэсэн. Бид бонд авснаас болж өрөнд орсон. Бондоо юунд зарцуулахаа төлөвлөлгүйгээр авсан. Энэ бол засаглалын асуудал. Юунд зарцуулахаа тохироогүй, шийдээгүй байж хүнээс мөнгө зээлнэ гэдэг хариуцлагагүй явдал. Тэгээд сандрангуутаа зам тавьчихсан. Гэтэл замыг урт хугацааны дэд бүтцийн хөгжлийн зээл гэж тусдаа зээлээр тавьдаг. Мөнгөө яаж хуваасан нь ил тод биш, бүлэглэлүүд нь хуваагаад авчихдаг гэж ирээд яривал асуудал их бий.

-Дээгүүрээ мөнгө хувааж идээд байгаа бүлэглэлүүдийг задалж хүчийг нь сулруулахын тулд яах ёстой юм бол?

-Ардчилсан оронд зах зээл гэдэг аж ахуйгаа хянаад явдаг зах зээлийн ардчилал гэсэн ойлголт байдаг. Манайд үүнийг явуулах сонирхолгүй хүмүүс төр засаг хянадаг болгоод хувиргачихсан. Улс төрийн нам гэдэг олон хүний үзэл бодлыг илэрхийлдэг институци байхаа больчихлоо л доо. Тодорхой хэсэг бүлэглэлийн сонирхлыг төлөөлсөөр өнөөг хүрсэн. Үүнийг зогсоож, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох хэрэгтэй. Улс даяар иргэний нийгмийг хүчтэй болгох шаардлага бий. Ер нь зах зээлийн ардчилалд хамгийн чухал хүчин зүйл бол иргэдийн, иргэний нийгмийн хяналт шалгалт байдаг. Энэ механизмыг сэргээхгүйгээр хямралаас гарахгүй. Ойлгохгүй удах тусам хямралд илүү их өртөнө. Төлбөрийг нь бүгдээрээ нийлээд төлнө. Хожих хүмүүс нь бидний нэрийн өмнөөс шийдвэр гаргаж өөрсдөө завшаад байгаа этгээдүүд.

-Эрдэнэтийн 49 хувь дээр ямар байр суурьтай байгаа вэ, төр зуун хувь авах нь хэр зөв шийдэл бол?

-Ер нь бол Оросын Засгийн газраас Эрдэнэтийн хувийг авах нь зөв. Процедурын хувьд эргэж харах асуудал бий. Эрдэнэтийн хувийг Монголын Засгийн газраас ч авах хэрэгтэй.

-Эрдэнэтийн хувьтай холбоотой асуудлыг УИХ хэлэлцээд Оросын талд байсан 49 хувийг төр засаг авчихлаа гэж бодъё. Тэгвэл Эрдэнэт өнөөдрийнхөөсөө ч уруудна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Мэдээж. Монголын төрийн эрхийг улс төрийн намууд гартаа авдаг. Улс төрийн намууд нь хэн бэ гэхээр том асуултын тэмдэг гарчихаад байна л даа, яг өнөөгийн нөхцөлд. Товчхондоо, ил тод биш бизнесийн бүлэглэлүүд улс төрийн намуудыг худалдаад авчихсан.

-Таван толгой гэх мэт том төслүүд яагаад ч юм урагшилж өгдөггүй. Таны яриад байгаа бүлэглэлүүдийн зодоон том төслүүдийг гацаагаад байна уу?

-Бизнесийн нууц бүлэглэлүүд буюу ил тод биш үйл ажиллагаатай компаниудын л хийж байгаа ажил. Дахин хэлэхэд улс төрийн намыг хувьчлаад авчихсан нь гол асуудал болоод байна.

-Улстөрчид энэ тэр нам гэхээс илүү, ашиг сонирхлоороо нам дамжаад нэгдчихлээ гэсэн шүүмжлэл таны хэлж байгаатай агуулга нэг санагдлаа…?

-Компаниуд улс төрийн аль аль намд нь орчихсонд хамаг учир байгаа юм. Энэ талаас нь харахаар улс төрийн нам гэдэг институци бараг алга болчихсон. Ганц манайд ч биш посткоммунист орнуудад улс төрийн намууд гэсэн институциудыг нөлөө бүхий бизнесийн нууц бүлэглэлүүд, үйл ажиллагаа нь тодорхой биш бизнесийн группууд авчихсан байгаа. Монголын удирдлагууд гэхэд л бүгдээрээ том бизнесийн эзэд. Тэр хүмүүсийн хоорондын тохиролцоогоор бүх зүйл өрнөж байна. Намын нэр, өнгө ямар ч хамаагүй болчихсон. Түүн шиг худлаа юм байхгүй.

-“Bank of China” Монголд салбараа нээх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хөндөх учраас эсэргүүцээд байна л даа. Ер нь манайх шиг засаглалтай оронд “Bank of China” шиг банк орж ирээд гавьтай зүйл болохгүй дээ. Оруулсан нэртэй, гарсан ч юм шиг, орсон ч юм шиг ажиллах болов уу. Жинхэнэ либериал эдийн засагт бусад орнуудын банк орж ирэх нь тийм онцгой асуудал биш. Ер нь өндөр хөгжилтэй, зөв явсан улс оронд мөнгөний, хөрөнгийн урсгал чөлөөтэй байх тусмаа сайн. Гэхдээ төр засаг нь авлигагүй байх ёстой.

-Тэгэхээр одоо яах ч ёстой юм…?

-Наадах чинь асуулт л даа. Иргэний нийгэм хүчтэй хөгжиж, төр засгийг хянадаг шалгадаг системийг хүчирхэгжүүлэхээс өөр ямар ч сонголт байхгүй. Иргэний нийгмийг хүчтэй хөгжүүлэхийн тулд хараат бус хэвлэл мэдээллийг хүчтэй хөгжүүлэх ёстой. Гол шалтгаан нь бидний толгойноос коммунист сэтгэлгээ арилахгүй байна. Хүчнээс айж байна, хүчний байгууллагууд нь хүчтэй байна. Улс төрийн намуудын удирдлагыг үг дуугүй дагадаг яахаас ч буцахгүй бүлгүүд бий болчихож. Үүнээс гарахын тулд хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Харамсалтай нь ярилцах механизм нь бага байна.

-“Де факто”-гийн зочид их сонирхолтой хүмүүс байдаг. Зочдоо ямар шалгуураар сонгодог вэ?

-Амьдралдаа өөрчлөлт хийсэн, нийгэмд нөлөө болохуйц үзэл санаатай, том хэргийн төлөө зүтгэдэг хүмүүсийг урихыг оролддог. Нэвтрүүлгээ орос, англи, монгол хэлээр хийж байна. Орос, англи хэл эзэмшлээ, баруун зүүнгүй сурлаа, олж авсан мэдлэгээ олон хүнд хүргэе гэсэн чин хүсэлтэй явдаг. Энэ бүхнээ ашиглаад нэлээд баян болъё гэсэн зорилго тавьж байснаа больсон (инээв).

-Хамгийн сонирхолтой ярилцагч чинь хэн байв?

-Олон хүн бий. Мэдээж Далай лам маш сонирхолтой ярилцагч. Уянга гээд хараагүй бүсгүй байна. Яг хараатай юм шиг амьдарч яваа эмэгтэй. Ийм хүмүүсээс эрч хүч авдаг. Улс орны лидерүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, хаан, ханхүү, Нобелийн шагналтан гээд яривал сонирхолтой зочид олон доо. Энэ бүхний цаана тодорхой хувь заяа, өөрчлөлт байдаг. Тэр бүхэн нь яаж бий болсон, ямар зан характер, хэр тэвчээртэй хүн ийм зүйл хийж чаддаг вэ гэдгийг яриулах сонирхолтой шүү. Ер нь амжилтын цаана асар их хөлс хөдөлмөр, шударга ёс, сахилга бат байдаг юм билээ.

-Тэгвэл урьж ярилцахад нэлээд цаг авсан зочин хэн бэ?

-Далай лам. Ярилцах гэж нэг жил хөөцөлдсөн.

-Уриад ярилцаж чадаагүй яваа, ярилцахсан гэж хүсдэг хүн гэвэл хэн байна?

-Түдэв гуай. Хэнээр ч яриулаад хавьтуулахгүй байна. Ухаан санаа нь саруул байгаа дээр ярилцаад авахсан гэж бодох юм. Ер нь энэ хорвоод гайхамшигтай хүмүүс олон бий. Тэр хүмүүсийг монголчуудтайгаа уулзуулж, нөлөөлөхүйцээр асуулт тавиад яриулахсан гэж зорьж явна даа.

-Гадны томчуудаас урихаар төлөвлөсөн хүмүүс өчнөөн биз?

-Зөндөө бий. Тодорхой улсын удирдлагуудаас байгаа. Гэхдээ одоохондоо нэрийг нь дурдаад яахав. Саявтар хойд хөршийн төмөр замын дарга байсан Якунинтай ярилцлаа. Монголд телевизийн ярилцлага өгдөггүй хүн байгаа юм. Их ширүүн характертай нөхөр. Ярилцлага хийх тохиролцоог дөрөвдүгээр сард Москвад хийгээд энд ирэхэд нь ярилцсан.

-Та эдийн засгийн чиглэлээр нийтлэл бичээд нэлээд удаж байна. Ер нь анх хэний саналаар бичиж эхэлсэн юм бэ?

-Талийгаач Ц.Балдоржийн саналаар. 2009 оны долдугаар сарын 1-нээс бичихээр шийдсэн юм. Хөтөлдөг булангаа нэг ч долоо хоног алгасаагүй. Бичсэн нийтлэлээ бизнес радио 98.9-д орой бүр 18.30 цагт өөрөө уншдаг. Энэ жилээс “Де факто тойм” гэж хийж эхэлсэн. Долоо хоногийн онцлох дөрөв, таван үйл явдлыг, яагаад ийм юм болов гэдгийг хараат бусаар тайлбарлахыг оролдож байна. Юу ч хийгээгүй хэрнээ би тэгэх байсан юм гэж ярьдаг хүмүүсийн нэг болчих вий гэж айдаг. Эргээд харахад өөрөөс хамаарах бүхнээ хийжээ гэсэн мэдрэмж төрөхөөр амьдрах хэрэгтэй. Ер нь би их өөдрөг хүн. Улсаа хөгжиж дэвжинэ гэдэгт итгэдэг. Хүн амын маань хагас нь залуус, дарангуйллын системийг мэдэхгүй хүүхдүүд өсч өндийж байна. Тэр хүүхдүүд эрхийг нь хязгаарласан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь монголчууд хамтраад, хийж бүтээгээд, бүтээснээ дэлхийд зарж борлуулаад сайхан амьдрах бүрэн боломжтой, эрхтэй хүмүүс.

-Англи хэлийг бие дааж сурав уу, эсвэл сургууль номоор нь явж байж энэ хэмжээнд эзэмшсэн үү?

-Ямар нэг зүйлийг төгс сайн эзэмших хэцүү, би англи хэлийг төгс эзэмшээгүй. Гэхдээ төгс сурахын төлөө тэмүүлэх хэрэгтэй. Одоо ч сурсаар яваа. Яаж хэлбэл дээр юм, англи, америк, австрали, канадуудын хэллэгийн ялгаа нь юу байна гэж ирээд яривал хэзээ ч дуусашгүй танин мэдэхүйн ертөнц л дөө. Миний хувьд англи хэлийг 18 наснаасаа 20 хүртлээ бие дааж судалсан. 18-тайдаа Орост очмогцоо англи хэл илүү чухлыг ойлгоод сурч эхэлсэн. 20 настайдаа англиар ойлгож ярих болсон минь миний амьдралд том өөрчлөлт авчирсан гэж боддог. Ер нь гадаад хэл сурахад ахиад нэг хүн бий болж байгаа юм шиг ертөнц хүний дотоодод нээгддэг.

-Таныг олон жил бодибилдингээр хичээллэсэн гэж сонссон. Бодибилдингээс өөр ямар спортоор хичээллэдэг байв. Ер нь спорт хүнд юу өгдөг гэж боддог вэ?

-Москвад сурах үедээ цанаар хичээллэж эхэлсэн. Сургуулийнхаа эдийн засгийн салбарын багт орж цанаар арван километрт гүйдэг байсан юм. Ломоносовын их сургуульд сэлж чаддаггүй хүүхдийг төгсгөдөггүй хуультай. Тавь, жараад онд маш олон залуус усанд сэлж чаддаггүйгээсээ болж үрэгдэж байсан учраас ийм шийдвэр гаргасан байдаг юм. Ийм түүхтэй сургуульд сурсан учраас мэдээж сэлэх дуртай. Талын цанаа хориод жилийн өмнө уулын цана болгосон. Бодибилдингээр 24, 25 жилийн турш хичээллэж том биетэй, булчинтай болж үзсэн л дээ. Хийж байгаа ажилд таарахгүй гэсэн шалтгаанаар больсон. Тэгж их унтаж, идээд байвал хэзээдээ юугаа бичихэв гэмээр юм билээ. Одоо гольф тоглож байна. Ер нь хүн зовлогоо зовоох ёстой. Боломжтой бол биеийн тамир хийж биеэ зовоовол нөгөө зовлон нь бага даа. Өвдөх зовлон нь.

-Төрд ажиллаж байсныг тань мэднэ. Гэхдээ нэг их удаан ажиллаагүй. Дэмий санагдсан уу?

-Хувийн бизнес хийе гэж боддог байсан юм. Хийж эхэлж байтал М.Энхсайхан “Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд англи хэлтэй хүн хэрэгтэй байна, чи яриад байхаар хийгээч” гэсэн. Тэгээд М.Энхсайханы Засгийн газрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга болж байлаа. Энэ албанд гурван жил хагас ажилласан. Дараа нь баруунд тэтгэлгээр сурах боломж гарч 2000 онд Америк явсан. Найзууд дөч гарсан хойноо мастер хийхдээ яадаг юм гэж шоолж л байсан. Тоохгүй яваад санхүүгээр мастер хийгээд ирсэндээ баяртай байдаг. Эргэж ирээд төрд ажиллаад дэмий юм байна, шийдвэр гаргах түвшинд л биш бол бүх юм дээрээс хамааралтай учраас үр дүн бага гэж бодоод хувийн салбарт арваад жил ажилласан.

-Та санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үү?

-Санхүүгийн эрх чөлөөний хувьд юуг ямар хэмжээнд хүсч байгаагаа тодорхойлохгүй бол шунал гэдэг хязгааргүй. Бүх юманд дээд хязгаар гэж байх ёстой. Гэхдээ зарим хүмүүст тийм хязгаар байдаггүй юм шиг санагддаг. Хүний наад захын хэрэгцээ гээд харахаар сайхан ор, тохитой дээвэр, эрүүл саруул уур амьсгал, юу байх нь хамаагүй а-гаас б-д хурдан хүргэдэг унаа байх ёстой гэж боддог. Ийм төвшинд хүрээд урсгал зардлаа даагаад явж байгаа бол санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн гэсэн үг. Би ингэж л боддог.

-Таны хувьд нийтлэл бичих, нэвтрүүлэг хийх ажил бизнес болж чадсан уу?

-Миний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар нэг хэмжээгээр бизнес болж чадсан. Хэрвээ би хүнд хэрэгтэй үнэ цэнэ бүтээж байгаа бол тэрийг мөнгөөр илэрхийлж болох учиртай. Жишээ нь би компаниудад мөнгөөр лекц уншдаг. Харин залуус, оюутнуудад үнэ төлбөргүйгээр лекц уншдаг.

-Хувийн томоохон компаниудад хэр үнэтэй уншдаг вэ?

-Томоохон, олон ажилтантай компанид бол маш үнэтэй уншдаг. Хэрвээ намайг нэг компани уриад, нэг ажилтандаа ганц шил шар айраг авч өгч байгаа юм шиг үнэ хэлбэл би очихгүй. Учир нь би ажилтнуудад нь нэг шил шар айраг ууснаас илүү үнэ цэнийг өгч байгаа. Тэр үнэ цэнийг би хийсэн юмаараа батлах ёстой. Миний хувьд монгол, орос, англиар бичсэн номнуудтай. Бичсэн номнууд минь хамгийн том баталгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Наранзул: Азийн бусад улстай харьцуулахад Монгол сүрьеэгийн өвчлөл өндөртэй

ХӨСҮТ-ийн их эмч Д.Наранзултай ярилцлаа.

-Сүрьеэгийн өвчлөл ихэсч байна гэж сонсогдох боллоо. Энэ өвчний тархалтад юу нөлөөлж байгаа вэ?

-Сүрьеэг нийгмийн халдварт өвчин гэж үздэг. Тиймээс хүн амын ядуурал, шилжилт хөдөлгөөн, хэт бөөгнөрөл, ажлын байрны хүнд нөхцөл, хоол тэжээлийн дутмагшил, ажлын хэт ачаалал, зарим хавсарсан өвчин эмгэг гээд сүрьеэгээр өвчлөх, түүний тархалтад нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. Манай улсын эдийн засаг тогтвортой хөгжиж, хүн амын амьжиргаа дээшлэн, эрүүл ахуйн нөхцөл сайжирвал сүрьеэ болон бусад халдварт өвчний дэгдэлт, тархалт буурахад нөлөөлнө. Үүнээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсрол, тусламж хайх зан үйлийн хандлага чухал. Тухайлбал, 14 хоногоос дээш ханиалгах, ялангуяа ханиалга дарах эмчилгээнд үр дүнг өгөхгүй бол яаралтай эмнэлэгт хандаж, оношлогоо хийлгэх шаардлагатай. Сүрьеэ нь амьсгалын замаар халдварладаг тул өвчтөн эмнэлэгт хожуу хандах тусам гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонд халдвар тараахын зэрэгцээ өвчин хүндэрч, амь насаа алдах эрсдэлд ордог.

-Сүрьеэгээр түлхүү өвчилж байгаа аль нэг насныхан байна уу?

-Манай оронд жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 70 гаруй хувийг хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны буюу 16-44 насны залуучууд, 10 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, 70 гаруй хувийг амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой иргэд эзэлж байгаа. Энэ нь сүрьеэ өвчин нийгмийн тулгамдсан асуудал болохыг харуулж байна. Түүнчлэн хяналтад бүрэн орохгүй байгаа нь цаашид тэмцэх, сэргийлэх арга замыг улам боловсронгуй болгох, тусламж үйлчилгээг өргөжүүлэх, оношлогоо, эмчилгээний шинэ техник, технологийг нэвтрүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байгааг илтгэж байна.

-Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өндөр байгаа гэдэг. Энэ төрлийн сүрьеэтэй хүмүүсийг халдвар тараахгүй байлгах талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ байдаг уу?

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болон манай улсад сүрьеэгийн эсрэг хамгийн сайн эмүүдэд сүрьеэгийн нян тэсвэржиж байгаа нь ихээхэн сэтгэл түгшээсэн асуудал болж байна.

Эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсэх нь хүнээс л шалтгаалдаг. Ялангуяа өвчтөн сүрьеэгийн эмчилгээг бүрэн хийлгэхгүй байх, таслах зэрэг нь нийгэм, тухайн гэр бүлд ихээхэн хор уршиг тарьдаг. Сүрьеэгийн эмчилгээний зардлыг манай Засгийн газар болон олон улсын төсөл хөтөлбөрөөс гаргаж, өвчтөнд үнэ төлбөргүй эмчилгээ хийж байна. Гэтэл манай зарим иргэдийн ухамсар дорой, хариуцлагагүй байдал ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал, сүүлийн таван жилийн байдлаар манай улсын хэмжээнд 360 гаруй өвчтөн сүрьеэгийн эмчилгээг тасалсан байна. Энэ нь цаашид эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсч эмчлэхэд төвөгтэй нянгийн халдварыг тарааж байна. Иймд сүрьеэтэй өвчтөнг бүрэн эмчилж эрүүлжүүлэхэд хувь хүн, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон ихээхэн үүрэгтэй юм. Сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаанд үргэлжилдэг учраас олон талын дэмжлэг, туслалцаа ялангуяа нийгмийн халамж, дэмжлэг ихээхэн чухал байдаг.

Ер нь сүрьеэтэй өвчтөн өдөр эмээ уугаад, эмчилгээг бүрэн хийлгэсэн тохиолдолд богино хугацаанд халдваргүй болж, орчиндоо халдвар ялгаруулах, цаашид бусад хүмүүст халдвар тархах нь зогсдог.

-Эдийн засгийн хямралтай үед сүрьеэтэй өвчтөнүүдийн эмийн хангамж ямар байгаа вэ. Олон улсын төсөл хөтөлбөр хэр удаан үргэлжлэх бол?

-Монгол Улс сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр сүрьеэтэй өвчтөнд шаардлагатай эмийг худалдан авдаг. Манай улсын сүрьеэтэй тэмцэх үндэсний бодлого, хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын эм ханган нийлүүлэх байгууллагын стандартын шаардлага хангасан эмийг худалдан авдаг. Өндөр чанартай сүрьеэгийн эмээр сүрьеэтэй өвчтөнийг үнэ төлбөргүй эмчилж байгаа юм.

Харин цаашид буюу ирэх 2018 оноос Глобаль сангийн төсөл дуусах шат руу орно. Иймд манай Засгийн газар цаашид сүрьеэгийн эмийн зардлыг бүрэн хариуцна гэсэн үг. Бид одооноос энэ бэлтгэлийг хангах ёстой.

-Сүрьеэг эмчилдэг эмнэлгүүдийн ачаалал хэр байгаа вэ?

-Халдварт өвчин судлалын үндэсний төвд сүрьеэг эмчилдэг тусгай клиникийн эмнэлэг, бүх аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн дэргэд тусгай тасаг, диспансер, Улаанбаатар хотын есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэд сүрьеэгийн диспансер, өдрийн эмчилгээний цэг ажиллаж байна. Үүний зэрэгцээ бүх Өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүдэд сүрьеэтэй өвчтөн түүний гэр бүлд тусламж үзүүлдэг. Харьцангуй ачаалал ихтэй ч, аль болох тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчид ойр, чирэгдэлгүй зохион байгуулах талаар олон арга хэмжээ авдаг. Тухайлбал, сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаагаар үргэлжилдэг учраас эмчилгээг бүрэн хийлгэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс сайн дурын идэвхтэнүүд сүрьеэтэй өвчтөний ажил, гэрт нь эмийг нь өдөр бүр хүргэж хяналттай уулгах зэргээр үйлчлүүлэгч төвтэй арга хэмжээг олон жил хэрэгжүүлж байна. Энэ нь ч үр дүнгээ өгдөг. Өвчтөн хаана, хэний хяналтад эмчилгээ хийлгэхээ эмчлэгч эмч, гэр бүлтэйгээ харилцан зөвшилцөж сонголт хийх боломжтой. Сүрьеэгийн диспансер, өдрийн эмчилгээний цэг, хоолтой эмчилгээ, сайн дурын идэвхтэн зэргээр хэний хяналтад, хаана эмчилгээ хийлгэхээ сонгох боломж олгож байгаа. Иймээс өвчтөн сонголтоо зөв хийж, боломжийг бүрэн ашиглаж, эрүүлжих нь чухал.

-Ямар үед хүн өөрийгөө эрсдэлтэй гэж үзээд эмчид хандах ёстой вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар илэрсэн сүрьеэтэй өвчтөнүүдэд ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг давамгай илэрсэн байна.

Цаашид манай иргэд дээрх шинж тэмдэг илэрсэн үед харьяа өрх, сум, аймаг, дүүргийн эмнэлэгт хандаж, сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, үзлэг шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай байна.

Тус судалгаагаар сүрьеэгийн сэжигтэй буюу 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 50 орчим хувь нь эмнэлэгт хандаагүй, 16.6 хувь нь шууд эмийн санд хандсан байна. Ялангуяа хотод амьдардаг залуучууд, оюутнууд шууд эмийн санд очих хандлага давамгайлж байна. Үүний зэрэгцээ эрэгтэйчүүдийн 52.3 хувь нь ямар нэг байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй байна. Сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандахгүй байгаа хүмүүсийн дийлэнх нь 25-44 насны залуучууд, ялангуяа хотод амьдардаг иргэд байна. Удаан хугацаагаар эмнэлэгт хандахгүй ханиалгах нь гэр бүл, ойрын хамаатан садан, ажлын хамт олон болон нийгэмд сүрьеэгийн халдвар тараах эрсдэлийг бий болгодог.

Тус судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 44.8 хувь, эмэгтэйчүүдийн 5.5 хувь нь байнга тамхи татдаг. Эдгээр тамхи татдаг эрчүүдийн гуравны нэг нь эмэгтэйчүүдийн 18.2 хувь нь өдөрт 20 ба түүнээс дээш ширхэг тамхи татдаг байна. Үүний зэрэгцээ тамхи татдаггүй хүмүүс ч өдөр бүр дам тамхидалтад өртдөг гэнэ. Мөн судалгаагаар эрэгтэйчүүдийн 63.2 хувь, эмэгтэйчүүдийн 33.5 хувь нь архи хэрэглэдэг гэжээ.

Тус судалгаанд оролцогчдын 27.7 хувь нь артерийн даралт ихсэх эмгэгтэй, 2.5 хувь нь чихрийн шижин өвчтэй гэж хариулсан бол эмэгтэйчүүдийн 31.6 хувь, эрэгтэйчүүдийн 30.9 хувь нь биеийн жингийн илүүдэлтэй байна.

Энэ нь манай улсын хүн амын дунд хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ нэн өндөр байгаа нь сүрьеэ болон бусад өвчин эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дундаж наслалтыг бууруулах, эрт нас барах, амьдралын чанарыг доройтуулах шалтгаан байж болох юм.

-Бусад оронтой харьцуулбал Монгол сүрьеэгийн өвчлөл өндөртэйд тооцогдох уу?

-Монгол Улс нь Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй дөрвөн орны нэг бөгөөд сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна. Азийн бусад улс оронтой харьцуулахад сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны нэг хэвээр байна.

-Улаанбаатарын агаарын бохирдол энэ төрлийн өвчинд өртөх нөхцөл бүрдүүлдэг үү. Орон нутгийн иргэдтэй харьцуулахад нийслэлчүүд энэ өвчинд илүү өртдөг болов уу?

-Манай улсад жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн өвчлөлийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод гардаг. Нийслэлийн бүх дүүрэг ялангуяа Сонгинохайрхан, Баянзүрх гээд хүн ам, газар нутаг, шилжин суурьшигчид ихтэй дүүргүүдэд сүрьеэгийн өвчлөл өндөр байна. Ер нь манай улсын төв болон зүүн бүсийн аймгуудад сүрьеэгийн өвчлөл ихтэй, ялангуяа төмөр замын дагуух аймаг, орон нутаг, Улаанбаатар хотод сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа дүр зураг харагддаг. Сүрьеэ нь амьсгалын замын халдварт өвчин учраас гадна болон дотор агаарын бохирдол, орчны таагүй байдал нөлөөлөх нэг хүчин зүйл байх боломжтой юм.

-Сүрьеэгийн өвчлөлийн талаар гадаадын судлаачидтай хамтарсан судалгаа хийдэг үү?

-Монгол Улсын Засгийн газар, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа”-г 2013-2015 онд үндэсний хэмжээнд хийж дууссан. Судалгааны үр дүнг удахгүй Засгийн газарт хүлээлгэж өгнө.

Хэрэв танд удаан хугацаагаар ханилгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг илэрвэл харьяа эмнэлэгт хандан үзлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Тогтмолын Эрдэнэ-Очир: “Суварган цэнхэр уулс” кинонд хорин найман настайдаа тоглож байлаа

“Дэлхийн кино дуу, дүрсний өвийг хамгаалах” өдрийг 2005 оноос ЮНЕСКО зарласнаар, жил бүрийн аравдугаар сарын 27-нд дэлхийн олон улс оронд тэмдэглэсээр иржээ. Харин манай улсад 2013 оноос эхлэн Архивын ерөнхий газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж иржээ. “Суварган цэнхэр уулс” киног бүтээсний 40 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлчидтэй уулзах уулзалт Архивын ерөнхий газарт болсон. Уг арга хэмжээнд тус киноны ерөнхий найруулагч ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Зундуй, гавьяат жүжигчин Н.Батцэцэг, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэ-Очир нарын жүжигчид, уран бүтээлчид болон СУИС-ийн РТМУС-ийн мэргэжлийн ангийн оюутнууд оролцсон юм. Мөн улсын алтан сан хөмрөг тусгай төрлийн баримтын архивтай оюутнуудыг танилцуулж, уг киног НD хэлбэрт шилжүүлсэн хувийг үзүүлсэн юм. “Суварган цэнхэр уулс” киноны дэслэгч Цэндийн дүрийг бүтээсэн урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин, хөгжмийн зохиолч Тогтмолын Эрдэнэ-Очиртой уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Улаанбаатар хотод ХБДС-ийн хуучрын анги, 1981-1986 онд Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд суралцаж цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн байна. 1971-1974 онд УАДБЧ, 1976-1993 онд Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад хөгжимчин, хөгжмийн багш, хөгжмийн зохиолч, удирдаачаар ажилласан байна. “Нар мандуулсан ээж”, “Хүүдээ дуулсан дуу”, “Тэр үүрээр чинь би төрсөн юм”, “Юугаа ч хайрлахгүй аав минь”, “Богд Дүнжингарав уул минь” зэрэг олон дуу, дан хөгжмийн зохиолууд туурвижээ. “Нар хиртсэн жил” киноны Чулуунхүү, “Суварган цэнхэр уулс”-ын Цэнд, “Цөвүүн цагийн богд”-ын Өндөр гэгээн Занабазар, “Их хааны удам”-ын Довчин бэйс, “Уучлаарай хайрт минь” киноны мөрдөн байцаагч, “Төрийн сүлд өршөө” телевизийн киноны Содномын дүрийг бүтээсэн жүжигчин юм. Хуучраар Болгарын Софи хотод болсон олон улсын залуучуудын уулзалт дээр Р.Шубертийн “Серенада”, Ж.Бизегийн “Кармен” дуурийн антракт, Ц.Сүхбаатарын “Жороо сайхан халиун”-ыг, үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд Моцартын “Рондо”-г хөгжимдөж өндөр үнэлгээ авч байсан хөгжимчин ажээ.

-Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон “Суварган цэнхэр уулс” кинонд та цэргийн дарга Цэндийн дүрийг хэрхэн бүтээсэн тухайгаа яриач?

-Дэслэгч Цэндийн дүр хэдийгээр уран сайхных боловч Монгол Улсын баатар П.Чогдонгийн түүх намтраас ургасан дүр л дээ. Халхын голын Бойтогт манхан, Элст манханд болсон үйл явдлыг гаргасан байдаг. Манай кинонд Чогдон гуай зөвлөхөөр ажилласан. Халхын голын шумуулын хазаж хатгах гэдэг үйлийн үргүй хэцүү. Тэгэхэд Чогдон баатар ердөө ч тоохгүй шүү дээ. “Олон сайхан анд нөхдөө алдсан Халхын голд хонож, кинонд ажиллах хоногийн тоо гүйцээгүй байжээ” гэж санаа алдаж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Кинон дээр морьдоо Элст манханд хэвтүүлж нуугдаж байгаад гэнэт мордоцгоон дайсны бүслэлтийг сэтлэн гардаг хэсэг байдаг даа. Гучин есөн онд Чогдон гуай яг тэгж бүслэлтийг сэтлэн цэргүүдээ авч гарч байсан түүхэн үйл явдал болсон юм билээ.

-Энэ кинонд та ямар шалгуураар тоглох болов?

-Би өмнө нь ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров гуайн зохиол “Нар хиртсэн жил” уран сайхны кинонд тоглочихсон байсан юм. Өөрөө цэргийн хүн болохоор надад цэргийн даргад тоглох тийм ч хэцүү байгаагүй. Манай Батцэцэг их сургуулийн орос хэлний ангид сурдаг, урьд нь “Эх бүрдийн домог” кинонд тоглочихсон байсан. Арван долоон настай хүүхэд байсан. Бид хоёр түрүүнд нь нэг нэг кинонд тоглочихсон хөөрхөн туршлагатай хоёр байсан байхгүй юу.

-Одоогийн харилцаа дуучдыг хараад байхад дүрдээ итгэнэ гэдэг шиг биендээ сэтгэлтэй болоод сууцгаачих юм. Та хоёрын хувьд нэгэндээ сэтгэл татагдах тохиолдол гарч байв уу?

-Социализмын үеийн хүмүүжил гэдэг лут юм байлаа шүү дээ. Би хорин найман настай байлаа. Гэргий, хүүхэдтэй хүн чинь юу боллоо гэж илүү дутуу юманд сэтгэлээ сатааруулахав. Кинонд тоглохын хувьд л Батцэцэгтэйгээ хамтарч байснаас дурлалын харцаар харж байгаагүй.

-Таныг “Суварган цэнхэр уулс” кинонд тоглосноос хойш охид бүсгүйчүүд захиа их ирүүлдэг байсан гэл үү?

-Захиа их ирнэ. Би ерөөсөө хариу өгдөггүй байсан ш дээ. (инээв. сур) Би чинь их бүрэг томоотой залуу байлаа. “Нар хиртсэн жил”-д тоглосноос хойш захиа их л ирдэг байсан. Кинонд залуу охидтой тоглодог байсан ч арай ахмад байсан болохоороо ухаандаа ичдэг байсан шиг байгаа юм. Наймдугаар ангид байхдаа нэг охинд сайн болоод захиа бичсэн ч өгч чадахгүй зөрөөд явчихсан тийм л ичимхий хүүхэд байсан юм.

-Та аль сургуулийг төгссөн билээ?

-Хөгжим, бүжгийн дунд сургуулийн хуучрын ангийг төгссөн юм. Гуравдугаар сургуулийн дөрөвдүгээр анги төгсөөд, Хөгжим бүжгийн сургуульд тавдугаар ангиасаа орохгүй юу. Миний аав Тогтмол гэж тайж гаралтай мундаг хүн байсан.

-Танайх хэдэн онд хотод шилжиж ирсэн юм?

-Дөчин долоон онд олон тэмээ ачаалж хотод нүүж ирж байсан гэдэг. Аав тайж, ээж зайсан хүний хүүхэд байсан болохоор их баян айл байж. Миний эгч нар Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрцгөөж, би харин хотод төрсөн юм билээ. Гэхдээ миний эгч нар Увс нутгаа сайн мэдэхгүй, би бол киноны буянаар нутгаа сайн мэднэ шүү. Би эхээс есүүлээ ч, гурван эгч бид дөрөв л хүн болсон байдаг. Миний ээж дөчин хоёр настайдаа намайг төрүүлсэн хүн.

-“Нар хиртсэн жил” кинонд та бас л цэргийн даргын дүр бүтээсэн дээ?

-Хорин нэгэн настайдаа тоглосон юм. Цэргийн ёсолгоо ч мэдэхгүй хүүхэд байж. Тэр кинонд мянга есөн зуун далан гурван онд тоглоод, далан дөрвөн онд цэрэгт явлаа. Хилийн цэргийн 05 дугаар ангийн тусгай хороонд алба хааж байгаа юм. Тусгай хороонд очоод жинхэнэ утгаар цэргийн амьдралыг туулсан даа. “Нар хиртсэн жил” чинь яг л миний цэргийн амьдрал даа. Цэрэгт хоёр жил болж улираад, хоёрдугаар сард гэртээ очтол ээж маань юм оёод сууж байсан. Тэр кинон дээ “Хүү ирлээ, сүү хөөрлөө” гэж гардаг даа. Яг тэрэн шиг л юм болж байгаа юм. Ээж маань “Хүү ирлээ” гэж тэвэрч үнсээ л. Аав маань эмч хүн байсан. Одоогоор өрхийн эмч хүн байж. Аав маань их олонтой хүн. Увсаас ирсэн хүүхдүүд манайд л байна. Академич Баатар, Ишдорж нар манайд аж төрж байлаа.

-Таны хань хэн гэж хүн байв?

-Миний анхны хань Чулуун-Эрдэнэ гэж нуруу царай сайтай, сайхан бүсгүй байсан. Цэл залуугаараа бурхан болсонд харамсаж л явдаг. Миний охин Энх-Эрдэнэ одоо Америкт, Чикаго хотноо амьдарч байна. Аав, ээж хоёрынхоо Эрдэнэ нэрийг өвлөж авсан хүн дээ, миний үр. Охин маань цагаан сар болгоноор л бэлэг сэлт илгээнэ. Ах нь дөрвөн хүүхэдтэй хүн байгаа юм. Ач маань энэ жил сургуульд орсон. Миний хань Долгор ч ачид минь их хайртай.

-Та “Суварган цэнхэр уулс” кинонд тоглох үедээ ямар ажил алба эрхэлж байв?

-Хилийн цэргийн ансамбльд хөгжимчнөөр ажиллаж байлаа. Цэргийн хувцсан дээрээ ромбоо зүүчихсэн, хийморьтой л амьтан байж. Хувцсандаа түүртэхгүй байна гэдэг чинь цэргийн хүний нэг том соёл юм шүү. Залуу нас ч өөрөө сайхан жавхаалаг үе байж.

-Цэргийн хувцастайгаа кинонд тоглов уу?

-Цэргийн оёдлын үйлдвэрт кинонд өмсөж тоглосон хувцсыг захиалсан. Саарал шинельтэйгээ гудамжаар явж байхад хүүхнүүд их эргэж харна аа. Бүсгүйчүүлтэй ийм ээ, тийм ээ юм болох ямар ч бодолгүй их гэгээлэг бодолтой явлаа.

-Өнөө цагт нэг киног бараг л өдөрт нь зураг авалтыг хийчихээд байна гэж шүүмжлэх болсон. “Суварган цэнхэр уулс”-ыг хэдий хугацаанд хийсэн бол?

-Дорнодын төв дээр, Сүмбэрийн отрядын төв, Эрс уулын зургадугаар застав дээр зураг авч байлаа. Бараг бүтэн жил болсон байх. Хятад, манай хоёр улсын харилцаа тааруухан байсан үе шүү дээ. Кинонд тэсэлгээ энэ тэр хийхээр л Хятадын талынхан түргэн авна. Манай кино чинь Хятадын армийг түргэн авахуулж байсан кино шүү. Ерээд оноос өмнөх кинонууд төлөвлөгөөтэй, их мундаг байж. Дэслэгч Цэндэд анх ардын жүжигчин Жамсранжав гуайг тоглуулахаар пробонд оруулсан юм билээ. Тэгээд харин азаар намайг тоглуулсан байдаг. Киноны туслах найруулагч, Сэлэм Тогмидын дүрээрээ олны танил болсон Цэрэндорж гуай намайг сонгосон гэдэг.

-Киноны уран бүтээлчидтэйгээ амьдрал дээр хэр ойрхон харьцаатай байна?

-Төмөрбаатар гавьяат, Батцэцэг гавьяат, Жийгээ найруулагч нартайгаа бүгдтэй нь л сайхан харьцаатай явдаг. Энэ киног үзээд цэрэгт явсан хүн их олон байдаг.

-Киноны дөчин жилийн ойгоор та бүхэн ямар ажил зохиохоор болов?

-Манай киноныхон саяхан нэг цуглаад кино бүтсэн нутгаар дахин явах талаар ярилцсан. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Сэргэлэнтэй уулзаж аяллын багаа танилцуулсан. Яваандаа бид киноны хоёрдугаар ангийг хийх тухай ч яригдсан. Энэ кино одоо болтол гараад байгаа нь зохиолч Санжийн Пүрэв, найруулагч Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаач Зундуй нарын гайхамшигтай авьяастнуудын авьяас билигтэй шууд холбоотой. Хүмүүс “Кино чинь гарч байна шүү” гэж бараг л өдөр бүхэн утасдана шүү. Киноны хөгжмийн зохиол нь ч агуу шүү дээ. Зундуйн Хангал гэж тэр агуу хүн дэндүү уянгалаг сайхан аялгуу зохиож. Үүнээс улбаалж би ч бас олон кинонд хөгжмийн зохиолчоор ажилласан.

-Та ямар кинонуудад хөгжим бичлээ?

-“Сэтгэлийн уяа”, “Зүрхэнд уяатай хайр”, “Амилсан хайр”, “Гэрээс”, “Нүцгэн натур” зэрэг долоон киноны хөгжим бичсэн. П.И.Чайковскийн хөгжмийн сургуульд сурч байхдаа дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлийн хоёр утастай хуучраар тоглоход багш нар маань гайхдаг байлаа. Зөвлөлт холбоот улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Гордяавын удирдлага дор таван жил сурсан минь үлээвэр хөгжмийн гайхамшгийг мэдрэхэд их тус болсон. Хилийн цэргийн ансамбльдаа ирээд үндэсний цөөхүүл хөгжим, үлээвэр хөгжмийг хослуулан холимог оркестр ажиллуулж эхэлсэн.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Фортуна 99 тэнгэрийнхээ нэгийг явуулахад Н.Мөнхбатыг уг нь аварчихна даа

АН-ын томчууд үнэндээ залуу үеэ, залгамж халаагаа хайр найргүй үрж байна. Дэндүү харамсалтай байна. Дэнзэн, Ганбат, Мөнхбат… ааяа яа… Араас нь ахиад хичнээн залуус ах нарын золиос болохыг мэдэхгүй. Гадаад дотоодын нэр хүндтэй сургуулиудад боловсрол эзэмшсэн олон сайхан залуу мэдлэг чадвараа шавхан, мэрийлт чамбайлттай ажлаа эхэлцгээж билээ. Ард түмэн санаж байгаа байх, хиртэй гараар баримгүй тунгалаг залуус 2012 оны сонгуулийн үр дүнгээр АН-аас албан тушаалд очиж байсныг. Одоо бүгдээрээ ажилгүй болж байх шиг байна. Ажилгүй болох яах вэ, бага хэрэг болох нь. Намынхаа томчуудын дарамт шахалтаар гарын үсэг зурсан, түүнийхээ золиос болсон найзуудынхаа аав ээж, залуу сайхан гэргий, нялх үрсийнх нь нулимстай нүдийг харах тэдэнд үнэхээр аймшигтай байна.

Энэ бүхэн тэгээд юунаас эхлэлтэй вэ. Шулуухан хэлэхэд намынх нь ах нараас. Жишээ нь Женко нарын нөхдүүдийн нэр холбогдсон “Нүүрсчдийн нам”-ын хэрэг байна. Энэ хэрэгт нэр нь холбогдсоноор гадагшаа зугтаасан Ганбат гэж мундаг боловсролтой залуу 2013 онд Төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Либерти Партнерс” компанийг байгуулан захирлаар нь ажилласан. Түүний намтраас товчхон хүргэхэд л тэр Монголд бүү хэл олон улсад ажиллах хэмжээнд бэлтгэгдсэн шинэ үеийн боловсон хүчин. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, ТИС-ийн КТМС, Нью Хэйвэны их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, АНУ-ын Колумбийн их сургуулийг Олон улсын санхүү, эдийн засгийн магистр зэрэгтэй төгссөн. Азийн хөгжлийн банкинд зөвлөх, “Буян холдинг” компанийн гадаад харилцааны хэлтсийн дарга, Нью Йорк хотод ХБНГУ-ын “COMMERZBANK AG” банкны International Structured Finance-т дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байгаад эх орондоо ирж “Женко” Баттулгын саналаар хамтран ажиллаж эхэлсэн байдаг. Эцсийн үр дүн нь одоо тэрбээр эх орноосоо дайжиж, эрүүгийн хэрэгт татагдан эрэн сурвалжлагдаж байна. Хэн түүнийг ийм байдалд хүргэв. Нам нь, намынх нь ах нар.

ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн гэж мундаг потенциалны залуу байна. Өнөөдөр шоронд. Анх 10 жилийн сургуулийн сурагч байхдаа л математикийн улсын олимдиадад гуравдугаар байр эзлэн МУИС-д урилгаар суралцсан хүүхэд. Толгойтой хүүхдүүд л суралцдаг хэрэглээний математикийн мэргэжил эзэмшиж Их сургуульдаа багшилж байгаад АН-ын ах нартаа уруу татагдаж улс төрд орсон. Улмаар Засгийн газрын гал тогоонд гарын үсэг зурдаг хамгийн чухал албанд томилогдож, төрийн өмчийн бүх компанийн ТУЗ-ийн даргаар түүнийг ажиллуулсан. Хийж бүтээх их хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн түүний тэр их зорилго, мэдлэг чадвар АН-ын ах нарынх нь улсын төрийн ашиг хонжооны зорилгод ашиглагдаж, нэр төр, ирээдүйн карьер, намтар цадигт нь арилшгүй муухай мөр үлдээлээ. Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй хатуу тавилан түүнд тохиолдлоо. Тэр хэрэвзээ АН-ын ах нарынхаа улс төрийн золиос болоогүй бол өнөөдөр Монголын том сэхээтэн явна. Түүний чадварыг найз нөхөд нь, хамтран зүтгэгчид нь биширдэг. Ишш… одоо энэ нэг сайд хийж буй нөхөдтэй Дэнзэнг яаж жиших юм бэ, дэндүү гавал толгой шүү дээ гэж ярих улстөрчид одоо ч ордонд байдаг. Гэвч тэр Монголын төрд сүүлийн 26 жил буг болтлоо суугаа АН-ын ах нарынхаа зодооны золиосын золиос болон залуу нас, халуун дулаан амьдралаа үрж шоронгийн торны цаана сууж байна. Түүнийг хүндэтгэдэг хүний тоо өдрөөс өдөрт цөөрч байна. Энэ бол түүний төлөө хийсэн АН-ын томчуудын “гавьяа”.

УИХ-ын М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав гэж эмэгтэй байна. Хятадад өндөр боловсрол эзэмшсэн энэ эмэгтэйн хийсэн гэх хэрэг нэн ээдрээтэй. Яах аргагүй АН-аас УИХ-д суусан М.Батчимэгийн дэргэд байж байгаад л тагнуулын хэрэгт татагдан шоронд суусан. УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн уйгаржин монгол бичгийг дахин сэргээх гэсэн үл гүйцэлдэх, эх орноо дэлхийн хөгжлөөс хойш татсан, гадны явуурга мэт сонин сэдэл санаачилгатай давхцаад л түүний туслах, зөвлөхөөр ажиллаж байсан энэ залуу бүсгүй эх орноосоо урвасан хэрэгт холбогдон амьдралаа үрсэн.

Өнөөдөр ид яригдаж байгаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат гэж залуугийн хувь тавилан байна. Англи хэлний өндөр мэдлэгтэй, боловсролтой энэ сайхан залуу бол ерөөсөө л УИХ-ын гишүүн асан, “фортуна” Н.Батбаярын золиос гэдгийг бүх хүн ярьж байгаа. Туслахаар нь ажиллаж байгаад Хөгжлийн банк байгуулагдахад Фортуна түүнийг захирлаар нь тавьсан. Хөгжлийн банкаар орж гарсан санхүүгийн бүх урсгалын эрх мэдлийг түүнд өгсөн. Өнөөдөр харин харж байхад захирал гэж дээ, Фортуна нарын АН-ын гишүүн бүлэг улстөрч, бизнесмэнүүдийн могойд барьдаг мод байсан нь тодорхой болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улсын гайгүй өндөр мөнгөн дүн, санхүүжилт, төсөл хөтөлбөр, бондын хөрөнгүүд бүгд энэхүү Хөгжлийн банкаар дамжсан. Н.Мөнхбат өнөөдөр АН доторх фракцынхаа ах нарыг аврах уу, алах уу гэдгээ шийдэж ядан “Ганц”-ын өрөөнд хэвтэж байна. Шоронгийн гадаа нь саяхан төрсөн нялх биетэй эхнэр нь, насан өндөр ээж нь уйлаад сууж байна. Түүний хувьд Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наяд төгрөгийг хэрхэн яаж зарцуулснаа Төрийн хуулийн өмнө тайлагнах ёстой. Ийм аюултай нөхцөл байдал дундаас Фортуна л 99 тэнгэрээ дуудаж түүнийг “Ганц”-аас гаргахгүй юм бол баларлаа гэсэн яриа гарсан байна лээ. Өнөө 99 тэнгэр нь “Гүрийхээрээ гүрийнэ шүү, би гаргаад авна” гэж байгаа байх. Энэ сайхан залуу ийм харанхуй нүхэнд залуу насаа өнгөрөөх гэж эрдэм боловсрол эзэмшээгүй. Ээж, аавынхаа ачийг хариулах гэж, эх орныхоо төлөө хөдөлмөрлөх гэж, эхнэр хүүхдүүдтэйгээ сайн сайхан амьдрах гэж мөрөөдөж явсан. Гэтэл АН-ын ах нар нь түүнийг улс төр, бизнесийн золиос болгочихлоо.

Ганц АН ч бус ерөөсөө Монголын улс төрд байгаа том ултөрчид, том хоёр намынхан баруунд боловсрол эзэмшсэн, мэдлэг боловсролтой, авьяас чадвартай олон залуусыг өөрсдийн заваан улс төрдөө хутган, тодорхой албан тушаалд тавьж, дараа нь амаар тушаал заавар өгөн гарын үсэг зуруулж, өөрсдөө ард нь цэвэрхэн үлддэг болсон. Жишээ нь Н.Энхбаярын дотнын залуу анд Г.Шийлэгдамба байна. Түүнийг хэн ийм хүнд, дарамттай амьдралд хүргэсэн тухайд ярих нь илүүц биз. Том сэхээтний удам, ерэн оны үеийн том бизнесмэний хүү. Аль ч утгаараа түүнд буруу төлөвшил байхгүйг нутгийнхан нь, мэдэх таних найз нөхөд нь ярьдаг. Г.Шийлэгдамба Лондонд “Center London” коллеж төгссөн. 2004 онд Голландын Мастрихтийн магистрантурт суралцаж аялал жуулчлалын менежерийн мэргэжилтэй болсон. Залуугаасаа төрийн хоёр том яамыг толгойлж үзсэн онол-практикийн туршлага хуримтлуулсан монгол төрийн сор болох залуу түшээдийн нэг. Гэвч “том ах”-ынхаа улс төрийн том золиос боллоо. МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс түүнийг намдаа санхүүжилт олж ир хэмээн дарамталснаар мөнгө олох гэж яваад ийм хэрэгт унасан нь эмгэнэл.

МАН-ынхны ахмад-залуу үеийн тухай яриад ч хэрэггүй. Үнэн хэрэгтээ МАН-ын араас АН-ын томчууд залуусаа чирээд тоормосгүй явчихлаа гэдгийг л хэлэх байна. МАН бол залуу үеэ хооронд нь алалцуулж, нэгээр нь нөгөөгийнх нь амийг хөнөөлгөхөд хүргэдэг хүмүүс. ХЗХоршооны хэргийн үеэр МАН-ын гишүүн, баруунд боловсрол эзэмшсэн 20 гаруй залуус ээж аав, эхнэр хүүхдийнхээ нулимсыг баран шоронд явж ах нар нь юу ч болоогүй юм шиг ард нь үлдсэн, өнөөдөр ч төр зайдагнан сууж байгааг мэдэх хүмүүс нь мэднэ. Хадгаламж банкны 14 тэрбумын Чимэдцэрэн гэж хичнээн сайн эдийн засагч, боловсролтой залуу байгаад ах нарынхаа хэргийг үүрч шоронд суулаа. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслах сайхан залуус даргынхаа сонгуульд санал худалдаж авахаар мөнгө тарааж яваад баригдаж шоронд орсон. Энэ мэтээр МАН-ын тухай яривал барагдахгүй.

Тэгэхээр МАН-ынхан ч дүүрч, АН-ынхан дагуулсан залуу үеэ ингэж буруу зүйлд уруу татмааргүй байна. Боловсролтой сайхан залуусаар боодогны чулуу хиймээргүй байна. Та нарын үр хүүхэдтэй ялгаа юу байна. Үр хүүхдээ ядаж бодоод өөрсдөө тэдгээр залуусын оронд явцгаа. Эр хүн шиг гарч ирээд “Энэ хүүхдийг би гарын үсэг зур гэж шахсан юм” гэж хэл. Та нарын дарамт шахалт дор зурсан гарын үсэг бүрийнхээ төлөө АН-ын олон сайхан залуус шоронд сууж, амьдралаа үрж, нэр төрөө шороотой хутгаж эхэллээ. Энэ аймшиг хэдүй болтол үргэлжлэхийг мэдэхгүй. Одоо бол АН-ын томчуудын араанга л мэдэх байх.

Д.БАТБОЛД

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өнгөрсөн Баасан гаригт болж, шинэ долоо хоногт ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтыг баталсан. Энэхүү жагсаалтаар лхагва гаригт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.

Өмнөх УИХ-аар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг баталж, энэ хичээлийн жилээс мөрдөж эхэлсэн ч стандарт орчин нөхцөл хангахгүй нөхцөлд хүүхэд харах үйлчилгээг эрхлэгчид цөөнгүй байгаагаас үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг холбогдох яам нь гаргасан. Хуулиараа энэ асуудал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамаарч буй. Тиймээс Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудлаар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийх аж.

Салбарын сайдын хувьд Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлэх байр суурийг яам барьж байгаа. Гол нь стандарт нөхцөл хангахгүй орчинд хүүхэд хүлээн авах нь аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа тул хууль эрх зүйн орчинг сайжруулахаас эхлээд олон зүйлийг засаж залруулж сайжруулах шаардлага үүссэн гэдгийг мэдэгдсэн. УИХ уг үйлчилгээг шинэ онд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр болох 5.8 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгаж өгөөд байгаа юм.

Хэлэлцэх асуудлын хуваарийг тодруулж харна уу.

Арваннэгдүгээр сарын 07-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Арваннэгдүгээр сарын 07-ны Даваа гарагт:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.

Арваннэгдүгээр сарын 08-ны Мягмар гарагт:

  • “Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, Хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

Арваннэгдүгээр сарын 09-ний Лхагва гарагт:

  • Туул голын бохирдлын асуудлаар судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас нийслэлийн зарим дүүрэгт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцана.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Арваннэгдүгээр сарын 08-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдсон, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хэрэгжилт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлын явц, байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлэл.

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

Арваннэгдүгээр сарын 09-ний Лхагва гарагт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл;
  • Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл.

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

Арваннэгдүгээр сарын 10-ны Пүрэв гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Арваннэгдүгээр сарын 10, 11-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдсон, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагваас “Мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, биологийн онцгой шинж бүхий монгол малын ашиг шимийг бүрэн ашиглах чиглэлээр цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр, засгийн газар, салбарын түвшинд ямар бодлого шийдвэр, дэмжлэг шаардлагатай байгаа талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ нийгэм

Өвлийн уур орох улирал 9 цаг 18 минутад эхэлнэ

Аргын тооллын 11 сарын 7, Сумъяа гараг. Билгийн тооллын давхарласан 7, Булаагч одтой, харагчин могой өдөр.

Өдрийн наран 7 цаг 51 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 9 цаг 18 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эрлэг нь УИХ өөрөө юм байна” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн
дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл,
сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонины даваа
гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал,
нэгдүгээр нүүрнээс Монгол төрийн хаан тамга урласан Д.Энхдаваа дархныг хүмүүс
“Төрийн дархан” хэмээн нэрлэдэг. Ганг уяраадаг энэ эрхэм “Торгон хийц” хэмээх дэгийг
бий болгосон. “Торгон хийц нь торгон хээ угалз бүхий язгуурын хөх дархаас улбаалсан
нэгэн зүйлийн дэг” гэж тэрбээр “Хөх дарх” номдоо тайлбарласан байна лээ. Түүний
Хөх урланд зочлосноо онцлон хүргэж байна. Хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар
нүүрнээс УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг
үеийн асуудлаар ярилцсан яриаг хүлээн авч уншаарай.

“Өдрийн
сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж,
нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн
дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Ж.Эрдэнэбатын
Засгийн газрын эрлэг нь УИХ өөрөө юм байна” гэсэн
нийтлэл хэвлэгджээ.

Баримт, үйл явдлын зургаадугаар
нүүрнээс сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар цас орсноос болж нийслэлийн болон орон
нутгийн зарим зам халтиргаа гулгаа ихтэй байна. Жолоо, зорчигч та бүхэн зам
тээврийн хөдөлгөөнд оролцохдоо
автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлсэн
сурвалжлагыг сонирхон хараарай.

Өдрийн сонины нэг,
тав, 11 дүгээр нүүрнээс БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяртай хийсэн ярилцлагыг
хүлээн авч уншаарай.

Манай сонины 14 дүгээр нүүрний “Энэ тухай” буланд гарсан их эмч
Ш.Ариунжаргалтай ярилцлаа. Энэхүү ярилцлагаас эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээ,
мэдээллүүдийг сонирхон хараарай.

Өдрийн сонины 17
дугаар нүүрнмй “Соёл урлаг” булангаас Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110
жилийн ойн хүрээнд бүтээгдсэн “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг
тоглогдож байгаа билээ. Энэхүү жүжгийн талаарх нийтлэлийг хүлээн авч уншаарай

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн
нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай”
шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд,
Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин
борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул
дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг,
Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч
болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас
19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375
дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920
дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН
СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Манай улсын 15-19 насны охид үр хүндүүлж байна

Image result for Хүсээгүй жирэмслэлт

Манай улсад өсвөр үеийнхний
жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг буюу хүсээгүй
жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь үр хөндүүлж байна
гэсэн судалгааг НҮБ-аас гаргажээ. 15-19 насны охидын 36.4 хувь нь жирэмслэлтээс
сэргийлэх арга хэрэгслийн мэдлэг муу бөгөөд гэр бүл төлөвлөлтийн талаар
мэдлэггүй аж.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтын талаар улс
орныг хамарсан цогц судалгаа хараахан хийгээгүй ч гэр бүлийн хүчирхийлэлд
өртөгсдийн 88.3 хувь нь эмэгтэйчүүд, тэдний 40 хувь нь 15-34 насны бүсгүйчүүд
байна

Categories
мэдээ соёл-урлаг

”Утгын чимэг” наадам ирэх сарын 16-нд болно

Image result for Утгын чимэг

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын 10 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжилсэн юм. Тэгвэл тус наадмын тов зарлагдаж ирэх сарын 16-ны өдөр болох гэж байна. МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн “Шувуун саарал” наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрлэж, өдгөө 23 дахь жилтэйгээ золгож байна.

Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.