Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: МАН улс төр, эдийн засгийн тогтолцоог өөрчилж чадахгүй. Тэд идэж л чадна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Үнэхээр тийм хэцүү төсөв орж ирсэн юм уу?

-Эдийн засаг хүнд байгаа юу гэвэл тийм. Ийм үед хүнд асуудал ярья гэвэл маш олон зүйл ярихаар байна. Гэхдээ өнөөдөр зохиомлоор алдагдал үүрүүлсэн төсөв боловсруулан оруулж ирлээ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэг барих ёстой юу гэвэл мэдээж хүн бүр дэмжинэ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёсгүй. Оруулж ирж байгаа төсвийг нь уншаад үзэхээр хөрөнгө оруулалтуудыг огцмоор, зохиомлоор нэмчихэж. Бодит байдалд хөрөнгө оруулалтыг нэмж чадах уу гэвэл чадахгүй. Тэгэхээр хоёр арга зам үлдэж байгаа юм. Нэгдүгээрт, хүндрэлээс гарахын тулд яах аргагүй зээл рүү явна. Хоёрдугаарт, өрийн босгоо нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, зээл авахын тулд зохиомлоор төсвийн алдагдал үүсгэж байна гэж харж байгаа. Түүнээс биш хэмнэлт хийе, хэмнэлтийн горим руу шилжье, тэвчиж болох хөрөнгө оруулалтыг зогсооё гэж ярьж болно. Ер нь нэг үгээр тоймлоод хэлбэл мөрөөдлийн төсөв орж ирсэн.

-Эдийн засгаа сайжруулахын тулд янз бүрийн гарц хайж байх шиг байна. Хэрэгжүүлэх гэж буй төсөв хөтөлбөрийг хэрхэн харж байна вэ?

-Би өмнө нь ч ярьж байсан. Одоо дахиад давтаад хэлье. Хятадаас өгөх үгүй нь мэдэгдэхгүй зээл авах, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын аль, аль нь сайн биш. ОУВС-гаас 400 сая ам.доллар зээлээд төсвийн алдагдлаа нөхөж чадахгүй.

-1-1.5 тэрбум ам.долларын зээл олгоно гээд байгаа биз дээ?

-Ямар юмных нь нэг тэрбум ам.доллар вэ. Үсрээд л 400 сая ам.доллар өгнө. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал тодорхой хүүтэй, нөхцөлтэйгөөр 400 сая ам.доллар өгнө. Энийг авбал буруу. Уг хөтөлбөр хэрэгжлээ гэхэд асуудлаас гарчих юм биш. 400 сая ам.доллар авлаа гэхэд бидэнд дахиад л мөнгө хэрэг болно. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж ийм зүйлүүдээ хэмнэлээ гэж ярьчихаад дараа нь дахиад л зээл ярьж тамирдуулах гээд байгаа хэрэг.

Хятадаас тодорхой хэмжээний мөнгө авлаа гэхэд хугацаа, хүү, барьцааны асуудал яригдана. Бизнесийн зээл гэж 1.5 тэрбум ам.доллар авахад тодорхой төсөл бий юу гэж асууж байсан. Өөдөөс мөнгө орж ирэхээр нь төслөө бодож хөрөнгөө хуваарилъя гэдэг байлаа. Тэгж ярьж байсан хүмүүс одоо эхнээсээ шоронд орж байна. Эхлээд ямар төсөлд хэдий хэрийн хөрөнгө оруулах гэж буйгаа УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Дараа нь уг төсөлд зориулж мөнгө хайх ёстой. Хэрэгжсэн ашгаараа өр төлбөрөө төлж явах зарчимтай. Гэтэл манайд хойноос нь урагшаа явах гээд байна. Урд хормойгоороо хойдохоо нөхөх гээд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдал яг л ийм байна шүү дээ. Энийг би буруу гээд байгаа юм.

-Тэгвэл таныхаар ямар гарц байна вэ?

-Нэгдүгээрт, тодорхой төслүүдээ зар. Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болдог. Энэ үеэр манай Ерөнхийлөгч очоод манайх шиг таатай улс төрийн тогтолцоотой гоё оронд хөрөнгө оруулаач гэж ярьдаг. Гоё сайхан байх нь хөрөнгө оруулагчдын сонирхдог сэдэв биш. Хөрөнгө оруулагчдад ганцхан сонирхол байдаг нь ашиг. Та нар энэ төсөлд ийм хэмжээний мөнгө оруулбал ямар хугацааны дараа хэдий хэрийн ашиг олох вэ гэдэг баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, татварын бодлого, Гадаадын хөрөнгө оруулагчдын тогтвортой байдлын хууль зэргээ ярих хэрэгтэй. Ганцхан жишээ хэлье л дээ. Африкт 1990 оноос хойш хичнээн хувьсгал болсон бэ. Цуст хувьсгалууд зөндөө болж байна. Гэтэл тэд Монголоос илүү гадны хөрөнгө оруулалтыг татаж чадаж байна. Манайд цуст бүү хэл ямар ч хувьсгал болоогүй. Ингээд бодохоор Африкийн дэргэд Монгол шиг тогтвортой улс хаа байна. Гэтэл яагаад хөрөнгө оруулагчид манайхыг биш тэднийг сонирхоод байна вэ. Энд хоёр л шалтгаан байгаа. Орос, Хятадын орчин буюу хилийн бодлого нөлөөлж байна. Хилийн бодлого гэж гаалийн бодлогыг ярьж байна. Монголд бараа үйлдвэрлээд Орос, Хятадын зах зээл рүү гаргая гэхээр татвар өндөр. Тэднээс бараа авахдаа таван хувийн татвар төлдөг. Энийг болиулах хэрэгтэй. Ядаж Дэлхийн худалдааны байгууллагаар дамжуулж Орос, Хятадад нөлөөлмөөр байна. Монголд үйлдвэрлэв гэдэг чинь бид өөрсдөө үйлдвэрлэхдээ ч биш. Монгол руу хөрөнгө оруулалт татаад эх орныхоо газар нутагт үйлдвэрлэсэн зүйлийг хэлнэ. Өнөөдөр бид муу сайн хужаа, муу сайн хятад л гээд байна. Дэлхий өнөөдөр Хятадтай л худалдаа хийж байна шүү дээ. Ийм байхад бид урд хөршийнхөө зах зээлд бүтээгдэхүүн гаргахаас өөр аргагүй. Монголыг өнөөдөр үйлдвэрлэл л аварна.

-МАН 65 суудал авч олуулаа болсон үедээ улс төр болоод эдийн засгийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж ярьж байгаа. Тэд өөрчилж чадах болов уу?

-Чадахгүй. Эд идэж л чадна. Өмнө ч ийм байсан, хойшид ч ийм л байна. Өөрчилж чадах уу үгүй юу гэдэг зүйл яривал тэрийг хэн хийх тухай ярина. Одоо та нар хар л даа. МАН Засгийн эрхийг барьснаас хойш хаана, хаана хэнийг томилов. Томилогдсон хүмүүс нь юу хийж чадахаар, ямар туршлагатай, мэдлэг боловсролтой байна вэ. Ганцхан жишээ хэлье. Японд Анагаах ухааны их сургуулийн захирлаар ажиллаж байсан залуу эх орондоо ирээд ажилд орж чадахгүй байна. Гэтэл өнөөдөр манай анагаахын салбарыг ямар хүн удирдаж байгаа вэ. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн л удирдаж байна шүү дээ. Худлаа биш.

-Ирэх онд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Хөрөнгийн бирж, Оргил рашаан сувилал, Төрийн банк гэхчилэн томоохон обьектуудыг хувьчилна гэсэн. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Нөгөө л арга шүү дээ. Гадаадаас нэг удаагийн тариур оруулж ирэхийн тулд дотоодынхоо үйлдвэрийг санаатайгаар дампууруулсан. Яг үүнтэй ижил байдлаар томоохон компаниудыг зохиомлоор дампууруулж байна. Үүнийгээ далдлахын тулд төр муу менежер гэх яриа гаргаад байдаг. Үнэхээр төр муу менежер үү, эсхүл зохиомол нөхцөл байдал үүсгээд байна уу гэдгийг бодох ёстой. Дараа нь хэн авах гэж байна вэ гэдгийг нь хар. Хувьд очоод сайжирдаг гэх баталгаа байхгүй. Бизнес л бол бизнес. Улсын мэдэлд байхаараа муу, хувьд очихоороо сайн ажиллана гэдэг ойлголт бол зүгээр л төөрөгдөл. Хэн удирдах вэ гэдэг хамгийн чухал. Францын жишээг хар л даа. Төрийн өмчийн компаниудаа хувьчлаад дараа нь өндөр үнээр буцаан худалдаж авах гэж зовж байна.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал олны анхаарлыг чамгүй татаж байна. Та тэндхийн иргэдтэй байнга уулзаж байдаг хүний хувьд ямар бодолтой явна?

-“Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг би 2013 онд анх ярьсан. Эрдэнэтийн “Найрамдлын өндөрлөг” гэж газарт очоод “Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах вий. 49 хувийг чинь аваад явах гэж байгаа шүү” гэж яриад тухайн үедээ шоолуулж байсан. Зарим эрдэнэтчүүд намайг бүр хөөсөн. Дараа нь 2016 оны гуравдугаар сард Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан. “Хоёулаа Эрдэнэтээр мэтгэлцье, зарах гээд байгаа юм уу. Мэтгэлцээд чи ял. Ялвал би дахиж сонгуульд нэр дэвшихгүй. Өнөөдөр өргөдлөө өгөөд УИХ-ын гишүүнээсээ татгалзъя. Би улс төрөөс явъя” гэсэн. Дараа нь буюу зургадугаар сарын 11 болоход “Эрдэнэтийн 49 хувийг зарчихсан шүү” гэдгийг анхааруулж хэлсэн. Гэтэл 13-нд нууц зэрэглэлтэй хуралдаж эхэлсэн учраас би цаашид мэдээлэл өгөх боломжгүй болчихсон. Төрийн нууц задруулахгүйн тулд нэг, хоёр өдөр яриад больсон юм. Одоо энэ байдлаар гарах гарц бол хууль. Би аравдугаар сарын 4-нд хуулийн төсөл өргөн барьсан.

-Ямар хууль вэ?

-Байгалийн баялгийн нөөц дуусвал тэнд онгорхой нүх л үлдэнэ. Онгорхой нүх үлдвэл хэн хохирох вэ. Эрдэнэтчүүд хохирч, хамгийн хүнд нөхцөл байдалтай хоцорно. Эрдэнэтийн баялаг хэзээ дуусах вэ гэдгийг үнэнээр нь олон түмэнд ил тод болго. Янз бүрийн тоо хэлж байна л даа. Эрдэнэтчүүд 60, цаашлаад 100 жилийн нөөцтэй гэж мөрөөдөж байгаа. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй нь сайхан юм даа. Үнэндээ бол ямар ч хүн ашигтай зүйлээ зардаггүй. Та өөрт ашигтай машинаа зарахгүй биз дээ. Хэрэв зарлаа гэхэд хоёр шалтгаанаар л худалдана. Мөнгөний хэрэгцээ гарвал, эсхүл асуудал гарсан бол зарна. Тэрэн шиг оросууд хэвийн үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрээ зарахгүй. Монголчуудад нэг муу зан байна. Бүрэн шинжилгээ хийгээд та хорт хавдартай байна шүү гэж хэлсэн хүнд баярлалаа гэхийн оронд яасан муу амтай хүн бэ гэдэг. Тэрэнтэй адил 60, 100 жилийн нөөцтэй байхад ард түмнийг айлгаад байна гээд байгаа. Айлгаад байсан зүйл алга. Нэгдүгээрт, менежмэнтээ тогтооё. Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийн хөгжлийн сан байгуулаад өгөөч гээд байгаа юм. Хувь, улсын мэдлийнх нийлээд 200 сая ам.долларын хөрөнгөтэй сан бий болгоод өгөөч гэж байгаа юм. Би тэндээс сонгогдсон гишүүний хувьд эрдэнэтчүүдийн төлөө хийх зүйл их байна. Наад зах нь 300 орон сууцны асуудлыг зөв шийдмээр байна.

-Юун 300 орон сууц билээ?

-300 орос нутаг буцна биз дээ. Тэдний амьдарч байсан 300 орон сууц үлдэнэ. Зууг нь ахмадуудад өгмөөр байна. Гэх мэтчилэн өмч хөрөнгүүдийг яах вэ. Хангарьд цогцолбор, сувилал, зочид буудал, соёлын төвүүдийн асуудал байна. Энэ бүхэнд УИХ шийдвэр гаргаад Засгийн газарт чиглэл өгч ажиллах хэрэгтэй. Өнөөдөр 49 хувийг авсан эсэх тухай асуудал нэн тэргүүнд тавигдах ёсгүй. Бидний өмчийн эзэн Ч.Сайханбилэг, Б.Болор, Д.Эрдэнэбат байсан. Өнөөдөр (өчигдөр) АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат М.Энхболдын өрөө рүү ороход нь би хэлсэн юм. “За яасан 49 хувиа зарчихаад одоо МАН-д орох гээд явж байна уу” гэж. Харахаас уур хүрээд байгаа юм чинь хэлэхгүй яахав дээ. Энэ нөхөр анхнаасаа л МАН-ын хүн байсан. Бид энэ хүмүүстэй л ярих ёстой. Түүнээс биш 49 хувийг худалдаад авчихсан компанийн нөхөдтэй юу ярих гээд байгаа юм бэ. Зарсан хүмүүстэй хариуцлага тооцооч гэхээр Засгийн газар хууль, хяналтын байгууллагад хандсан байгаа гэсэн хариу өгсөн. Би анхнаас нь хэлж л байсан. Эрдэнэтийг улстөржүүлэхээ боль гэж.

-Одоо улс төрийн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн даргын томилгооны асуудал яригдаж байна. Т.Бадамжунай, Г.Алтан гэсэн нэр сонсогдож байгаа?

-Т.Бадамжунай биш байлгүй дээ. Би үгүй байх л гэж бодож байна.

-Танай намаар сонин сайхан юутай байна вэ. Н.Энхбаяр даргыг АТГ-аас баривчлах нь гэсэн сураг сонсогдож байгаад намжлаа?

-МАХН-тай холбоотой асуудлыг надаас асуудаг нь нэг талаасаа зөв. Нөгөө талаасаа нэг зүйл ажиглаач. МАН-аас ялалт байгуулсан 65 хүн УИХ-д сууж байна. Тэдний 47 нь Н.Энхбаяр даргын дүү нар. Н.Энхбаярын туслах, хуулийн зөвлөх хийж байсан хүн байна. Хажууд нь гүйж харайж яваад бизнестэй болсон хүн ч бий. Дүү нар нь ахыгаа хүнд байдалд оруулахыг хүсэхгүй байлгүй дээ. Тиймээс гайгүй байх л гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилийн З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, О.Баасанхүүгээс хоёр дахин хүчтэй хүн энэ дотор сууж байна. Би бүгдтэй нь уулзаад хэлсэн. “За, чиний дарга шүү. Дарга байхад нь та нар хажууд нь байсан. Одоо та нар энэ хүнийг ядарч явахад нь түшээрэй, туслаарай, хамгаалаарай” гэдэг. Би ганцаараа юу ч хийж чадахгүй байна. Уулзсан хүмүүс бүгд “ойлголоо” л гэсэн.

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт С.Зориг агсны гэргий Б.Булган төрийн ордонд орж ирж хэд хэдэн хүнтэй уулзсан байна лээ. Тэдний нэг нь та. Юу ярьсан бол?

-Эрдэнэтэд “Их залуу” гэж баг байдаг. Тэр багийн иргэдийн дундаас С.Зоригийн хэрэгтэй холбогдсон асуудал гарсан. Хэрэгт холбогдон шалгагдаж буй залуугийн ээж Жавзмаа надад өргөдөл бичсэн байсан юм. Тэрэндээ өмгөөлөгчөөр хангагдаж чадахгүй байгаа тухайгаа бичсэн байна лээ. Үүний дагуу би Улсын ерөнхий прокурор Энх-Амгалантай уулзаж “Дотор болж буй хэргийг би мэдэхгүй. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд төрөөс өмгөөлөгч томилж өгөх ёстой байдаг. Энэ ээж ийм өргөдөл гаргасан байна. Та нар өмгөөлөгчөөр хангаарай” гэсэн. Хэрэг нь шүүхэд шилжсэн байгаа юм байна лээ. Үүний дараахан С.Зориг агсны гэргий Б.Булган манай зөвлөхөөр дамжуулаад уулзах хүсэлт гаргасан. Би уулзаад өнгөрсөн.

-Юу ярьж байх юм?

-Хүмүүс уулзахаараа юу ярьдаг билээ тийм л зүйл ярьсан. Сайн байна уу, сайн гэхчилэн энгийн зүйл яриад явсан байгаа.

-Танаас ямар нэгэн тусламж хүссэн үү. Зүгээр мэнд ус мэдэлцэх гэж уулзаагүй байлгүй дээ?

-Үгүй, тийм нарийн ширийн зүйл бид ярилцаагүй. Нууцын зэрэгтэй хэргийг би заавал мэдэх албатай биш, тэр хүн ч ярих ёстой биш. Тэгээд ч хэрэг төвөгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүнтэй уулзах ямар шалтгаан, шаардлага байгаа юм бэ. Хувь хүнийхээ хувьд л надтай уулзсан.

-Та хоёр өмнө нь бие биенээ таньдаг байсан юм уу?

-Таньдаг байгаагүй. Манай зөвлөхийг мэддэг байсан байх. Өмгөөллийн үйлчилгээ явуулдаг манай компани С.Зориг агсны амьдарч байсан байрны дөрөвдүгээр орцонд 18 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Үнэн мөнийг нь хууль шүүхийнхэн тогтооно биз. Бид хууль, хяналтын байгууллагын асуудалд шууд болон шууд бусаар оролцох боломжгүй. Төрийн нууц, тэр дундаа хүн амины хэргийг няхуур шалгаад явах ёстой. Бодит үнэнийг хуулийнхан тогтооно. Тэр хүн одоо баривчлагдаагүй, хоригдоогүй байгаа. Ийм үедээ хэнтэй уулзаж, хаагуур явах нь тэр хүний л асуудал.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Брестийн цайз мэт Алеппо буюу түүхэнд дуулдаагүй 6000 босогч яагаад оросуудад дийлдэхгүй байна

Сүүлийн үед НҮБ-ын хуралдаан бүрт Москва, Вашингтон хоёр нохой шиг л уралцаж байна. Оросууд “АНУ Сирийн дотоод хэрэгт оролцож, улс орныг сүйрүүлж байна” гэж байгаа бол америкчууд “ОХУ Сирид хүмүүнлэгийн эсрэг гэмт үйл ажиллагаа явуулж байна. Гаагийн олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй” гэж байна. Тэдний хамгийн том хэрүүл Крым байсан бол өнөөдөр Сирийн Алеппо хот болж хувирав. Сүүлийн хэд хоногт энэ хот дэлхий нийтийн анхааралд ороод зогсохгүй, багагүй гайхшралыг төрүүлж байгаа. Сири баруун талаараа Ливан, баруун өмнөд талаараа Израиль, өмнөд талаараа Йордан, зүүн талаараа Ирак, хойд талаараа Турк улсуудтай тус тус хиллэнэ. Исламын ертөнцийн нэг хэсэг Сири улсын хүн амын 74 хувь нь Исламын шашны сунна, 13 хувь нь шиа, арван хувь нь христийн шашинтай. Харин үндэстний бүтцээр 90 хувь нь араб, үлдсэн арван хувь нь курдууд. Нийслэл Дамаск. Тус улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч нь Башар Асад. Тэрээр барууны боловсролтой, эхнэр нь Их Британийн иргэншилтэй.

Сири нь Францын колони байсан. 1946 онд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгджээ. 185 мянган км квадрат нутагтай, 2011 оны байдлаар 23 шахам сая хүн амтай байсан ч өнөөдөр 18 сая гаруй иргэн л Сирид байгаа гэсэн таамаг бий. 2010 оны судалгаагаар нэг хүнд ноогдох ДНБ 5000 ам.доллар байсан. Сүүлийн жилүүдэд ДНБ-ий тухай тоо баримт гараагүй байна.

Харин дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Алеппо хот нь Сирийн хоёр дахь том хот бөгөөд Дамаскаас хойш 340 км-т байрлана. Тус хот 2005 оны хүн амын тооллогоор 2.3 сая гаруй оршин суугчтай байсан мэдээ бий. Сири, АНУ, ОХУ-ын хамгийн том сөргөлдөөний талбар болсон энэ хотод 250 мянган хүн үлдсэн аж. Хотын нийт нутаг дэвсгэр 190 км квадрат. Нисэх онгоцны буудал, их сургууль, эртний түүх, дурсгалт олон барилгатай. XII-XVI зууны үед баригдсан ихэнх барилга өнөөг хүртэл хэвээр хадгалагдсан дэлхийн цөөн хотуудын нэг гэнэ. Алеппо хот нь эртний маш том цайз, хэрэмтэй. Тэр нь Дундад зууны үед олон загалмайтны аян дайнд ялалт байгуулах чухал үүрэг гүйцэтгэж байжээ. НҮБ-ын дэлхийн өвд 1986 онд тус хотыг бүртгэж авчээ. 2013 оны нэгдүгээр сарын 15-нд тус хотын их сургууль руу хоёр удаа пуужин харваж 82 хүн алагдаж, 160 гаруй хүн шархадсан аж. Тухайн үед барилгад 30 мянга шахам дүрвэгч байсан гэдэг. Хохирогсдын ихэнх нь дүрвэгсэд бөгөөд түүнээс хойш энэ сургуулийн ажиллагаа доголдсоор өнөөдөр таг зогссон тухай мэдээ байна. Энэ үйл явдлаас хойш тус хотод байсан ОХУ-ын Ерөнхий консул үйл ажиллагаагаа зогсоожээ. Тухайн үед ОХУ энэ үйлдлийг “өршөөлгүй, цуст өдөөн хатгалга” хэмээн буруушааж байсан аж. Харин пуужин харваснаас хойш хоёр хоногийн дараа CNN “Харвасан пуужингийн эзэн нь Сирийн засаг засаг захиргаа” гэж мэдээлсэн нь Кремлийн гадаад хэргийн сайд С.Лавровыг галзууруулах дөхжээ. Тэрээр Душанбед айлчлах зуураа шууд хэвлэлийн бага хурал хийж “Энэ хэрээс хэтэрсэн гүтгэлэг. Тэр тусмаа өөрийгөө хүндлэх ёстой нэр хүндтэй теле сувгийн хувьд” хэмээн мэдэгджээ. Энэ цагаас Алеппо хот сөрөг хүчний үүр болох эхлэл тавигджээ.

Харин өнөөдөр тус хотод байрласан оросууд “алан хядагч, хэт даврагчид”, америкчууд “Сирийн сөрөг хүчин” хэмээн нэрлэж байгаа 6000 этгээд яагаад оршин тогтноод байна гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Тэд Дамаск төдийгүй дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгтэй Улаан армийг хэдэн сар сөрж чадаж байна. Анх иргэний дайн эхлэхэд л тус хот цахилгаан, ус, хүнсний гачаалд орсон тухай мэдээлсэн. НҮБ-ын тусламжийн цуваа бөмбөгдүүлж, ямар ч тусламж хүртэж чадаагүй. Гэтэл тус хотоос өнөөг хүртэл хойд Солонгост өвс идэж байгаа хүүхэд, Каддаффийн бөгс рүү жадтай АКА-гаар сүлбэж байгаа мэт аймшигт бичлэгүүд ирээгүй. Мэдээж дайн болж байгаа газар үхэл, осол цөөнгүй. Энэ тухай бичлэгүүд олон ирсэн. Бас нэг сонирхолтой мэдээлэл бол тэр 6000 босогчийн 80 хувь нь АКА буюу дэлхий даяар 40 гаруй сая ширхэг тарсан гэдэг Оросын алдарт Калашников автоматтай. Цөөн тооны миномет, танк эсэргүүцэгчтэй. Гэтэл Асад олон тооны хүчирхэг танк, хуягттай. Путины нисэх хүчнээс Обама жийрхдэг. Ийм хүч тэнцвэргүй тулаан 1945 оны зургадугаар сарын 22-ноос эхлэн 40 гаруй хоног ЗХУ-ын хилд Герман довтлох үеэр Брестийн цайз дээр л болсон тухай мэдээ байдаг. Сонирхуулахад, Оросын нэгэн сэтгүүлч “АНУ биднийг 40 сая АКА зарсан гэж байгаа. Тэдний бусад орнуудыг сүйрүүлэхэд худалдсан онгоц, танк, пуужингийн дэргэд манай хэдэн АКА дусал төдий наймаа” гэж бичсэн байдаг. Инээдтэй нь дэлхийн хамгийн том зэвсгийн наймаачин бол АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ. Эдгээр орнууд НҮБ-ын энх тайвныг сахиулах үүрэгтэй Аюулгүй байдлын зөвлөлийн онц эрхт гишүүд. Хаана дайн самуун болно, эдгээр улсууд ард нь зогсож байдаг. Энэ удаад Алеппо хот тэдний улс төрийн сөргөлдөөний золиос болж байгаа нь гарцаагүй. Ус, цахилгаангүй Алеппо хот тэсээд байгаа шалтгааныг зарим улстөрчид үзэл суртлын хэрэгсэл болгож байгаа хэмээн хардаж байна. Москва, Дамаск АНУ-ыг алан хядагчидтай нийлж сиричүүдийг хагалж байна гэсэн зургийг дэлхийд харуулахын тулд хотыг яаран чөлөөлөхгүй байна хэмээн нэг хэсэг нь хардаж байна. Бүр цаашилбал, оросууд Клинтоныхныг удам дамжсан Ерөнхийлөгчийн суудлаас ангижруулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Алеппог чөлөөлөхгүй гэсэн яриа ч гарсан гэнэ.

Оросын нэгэн эдийн засагч телевизээр “Барууныхан хориг тавьчихаад, эдийн засаг хүнд байхад манай зэвсэгт хүчин 6000 алан хядагчийг устгах нэрээр улсын төсвөөр хэдэн сар пицца идээд хэвтээд байж таарахгүй. Цэргээ яаралтай Сириэс татах хэрэгтэй” гэжээ. Хариуд нь Кремлийн төлөөлөгч “Тайвшир. Бурхны авралаар цэрэг дайны хамгийн том зардал болох дарь, нефтийн үнэ шалдаа буучихсан. Энэ жил манай улс асар өндөр ургац авсан тул та ч хямдхан пицца идэх боломжтой” хэмээн даапаалжээ. Бас нэг сонирхолтой мэдээ бол Кремль Вашингтон хоёр анх Крымээс болж муудсан. Европын холбоо Вашингтоны үгээр ОХУ-д хориг тавьсан. Гэтэл өнөөдөр энэ хоригийн хамгийн том хохирогч нь Европын холбоо болчихсон тухай тус холбооны орнуудын тэргүүнүүд гомдоллосоор. Харин энэ хоригт орсноор ОХУ-ын дотоодын үйлдвэрлэл 20 гаруй хувиар нэмэгдэж, ойрын хоёр жилд хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэр бүү хэл ОПЕК-ийн нефтийн үнэ өсгөх хөтөлбөрийг оросууд тоож сонссонгүй. Хоригоос хойш богино хугацаанд эдийн засгаа сэргээж байгаа оросууд хямралтай үедээ танктай, пуужинтай Гүржийн армийг нэг өдрийн дотор бут ниргэж байсан түүх саяхных.

Алеппогийн 6000 партизан дийлдэхгүй байгаа шалтгааныг исламын ертөнцийг судлаач таамаг дэвшүүлж байна. Тус хотод 6000 АКА агссан босогчдод байгаа юм биш. Атгасан гар шиг 250 мянган иргэн бий. Иргэд босогчдыг дэмжигч Асадыг эсэргүүцэж байгаа учраас хот тэр чигээрээ хамгаалалтад орсон. Босогчид иргэдэд Асадаас энэрэнгүй хандаж байгаа учраас тэд босогчдыг бүх талаар дэмжиж байх магадлалтай. Мөн Алеппо хот эртний олон нүсэр барилгатай тул иргэд гудманд гарахгүй, агаараас харагдахгүйгээр барилга дотроо амьдраад байх боломжтой. Тэдний үндсэн хоол нь гурил. Гурил, түлээ, ус байхад тэд хангалттай удаан хугацааг тэснэ. Босогчид Засгийн газрын дайралтыг мэдээд зогсохгүй ямар хугацаанд юутай тулахаа тооцоолсон. Эртний хотууд их хэмжээний усны нөөц, ундаргатай байх нь ердийн үзэгдэл. Ихээхэн хэмжээний гурил нөөцөлсөн байхад л удаан хугацаанд амьдрах нөхцөл бүрдэнэ. Мөн лалын ахан дүүс гэдэг шашны суурь үзэл байдаг. Сирийн эргэн тойронд байдаг хөрш орнуудад Алеппо хотын иргэдийн олон ахан дүүс бий. Тэд ахан дүүсээ ямар ч тохиолдолд зовлон дунд орхихгүй. Ямар нэгэн хэлбэрээр тусламж үзүүлэх чадвартай саятнууд олон бий. Алеппо дахь иргэд, босогчдод АНУ, Турк, Иран зэрэг орны баян иргэд ч тусалж байх магадлалтай. Тиймээс тэнд 6000 босогч биш Асадыг эсэргүүцэгч 250 мянган иргэн байгаа гэж ойлгох хэрэгтэй хэмээн судлаач маань үзэж байна.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

А.Хүү-Ухнаа: Монголчуудын зэвсэг галт хэрэгслийн үйлдвэрлэл 1744 оноос хойш тасарсан

Монгол Улсад гар бууны “7.62х23мм” М загварын сум үйлдвэрлэх технологи боловсруулж, амжилттай туршсан Цэргийн техникийн ухааны доктор, профессор, Зэвсгийн мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн, чөлөөнд суугаа хурандаа А.Хүү-Ухнаатай ярилцлаа.

-Сум үйлдвэрлэх технологи боловсруулж, амжилттай туршсан гэж байна. Хоёулаа сумны дариа хэрхэн гаргаж авсан талаар яриагаа эхлэх үү?

-Би 1966-1972 онд ОХУ-ын Пенза хотын цэргийн зэвсгийн дээд сургуульд суралцаж, артиллерийн зэвсгийн инженер мэргэжлийг эзэмшсэн. Тэр цаг үеэс хойш Монгол Улсдаа Дарины үйлдвэр байгуулахыг, ядаж одоо байгаа сумныхаа дарийг шинжлэх лабораторитой болох юмсан гэж боддог байлаа. Манай улс 1990 оноос зарим мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх болсны нэг нь зэвсгийн мэргэжилтэн байв. 1991 онд одоогийн БХИС-д Зэвсгийн тэнхим шинээр байгуулж, намайг даргаар нь томилж, зэвсэг ашиглалтын инженер бэлтгэх ажлыг хариуцуулсан юм. 1992 онд анхны элсэлтээ авч, 1996 онд найман хүн төгссөний гурав нь дарь тэсрэх бодис үйлдвэрлэх судалгаа хийж, дипломоо хамгаалсан. Харин 2010 онд улсын хэмжээнд зарласан “Цэргийн зориулалттай дарь тэсрэх бодис үйлдвэрлэх” сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл шалгаруулах уралдаанд Батлан хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дайн цэргийн урлаг судлалын төвийн дарга, цэргийн шинжлэх ухааны доктор, (Sc.D) профессор Ш.Паламдоржоор удирдуулсан багийн бүрэлдэхүүнд орж манай баг шалгарсан юм. Тэр төслөө амжилттай гүйцэтгэж, 2012 онд хүлээлгэн өгсөн.

-Цэргийн зориулалттай сумны дарь үйлдвэрлэж эхлэхэд бэлэн болсон гэсэн үг үү?

-Цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх судалгаа үргэлжилж байна. Цэргийн зориулалттай дарины иж бүрэн үйлдвэр байгуулахад наанадаж 1.7 наяд төгрөгийн зардал шаардсан нүсэр ажил бөгөөд түүний хэрэгцээ, ашиглалт, борлуулалтад анхаарал татсан олон асуудал байна. Харин түүхий эд нь хямд үнээр олдох бололцоотой зарим төрлийн хольцот дарь, хар дарийг үйлдвэрлэх боломж бий. Эдгээр дарийг үйлдвэрлэж сургуулийн сум, гранатыг цэнэглэж цэрэг дайчдын сургалтанд хэрэглэж болно.

-Тухайлбал, ямар асуудал байна гэж?

-Бид асар их хөрөнгө, хүч зарцуулаад цэргийн зориулалттай дарины үйлдвэр байгуулчихлаа гэхэд манай улс сум үйлдвэрлэх боломжгүй байна. Үйлдвэрлэсэн дариа экспортолъё гэхэд гадны улс орнууд худалдаж авах эсэх нь эргэлзээтэй. Тийм болохоор бид сум үйлдвэрлэх технологийн судалгааг ч мөн хийж байгаа. Олон улсын гэрээ конвенциор сум үйлдвэрлэх гэж буй улс оронд тодорхой нөхцөл тавьдаг. Тухайлбал, ОХУ-ын зэвсэгт зориулсан сумыг бид шууд үйлдвэрлэж болохгүй. Зөвшөөрөл авах эсвэл лицензийг худалдан авах хэрэгтэй болно. Ер нь сум үйлдвэрлэнэ гэдэг нэлээд нарийн төвөгтэй асуудал. 12 төрлийн суурь машинаар 180 технологийн ажиллагаа гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд сумны зарим эд ангийг худалдан аваад угсрах технологийг олон оронд хэрэглэж байна. Энэ нь ч манайд одоогоор тохиромжтой. Би “7.62х23 мм М” загварын сум үйлдвэрлэх технологи боловсруулж, сумны бялт, хонгиог нь гаднаас худалдан авч туршсан. Амжилттай болсон. Гар бууны сумны хонгиог 25 удаа, АКА-ны сумны хонгиог таван удаа ашиглаж болдог. Тэгэхлээр дээр дурдсан “7.62х23 мм М” суманд зориулсан гар буу үйлдвэрлэх төсөл боловсруулах шаардлагатай болж байна.

-Хольцот болон хар дарийг сумны хонгионд хийж болох уу. “7.62х23 мм М” загварын сумандаа та ямар дарь ашигласан бэ?

-Болохгүй. Модны болон ердийн хөвөнг нитратжуулан гаргаж авдаг коллоид бүтцийн дарийг ашигласан.

-Цэргийн зориулалттай дариа аль улсын ямар технологиор гарган авсан бэ?

-ОХУ, АНУ, Австрали, БНСУ, Хятад зэрэг улсуудын технологи дээр үндэслэн өөрсдийн боловсруулсан технологиор үйлдвэрлэж байгаа.

-Цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болон нийгэмд ямар ач тустай вэ?

-Ямар ч улс орны зэвсэгт хүчний байлдах чадвар тайван цагт хийсэн цэргийн сургуулилтаас ихээхэн хамаардаг. “Тайван цагт хөлс хэр их урсгана, дайны цагт цус бага урсгана”, “Цэрэг эрсийг 1000 өдөр тэжээж, нэг хоромд ашиглана” гэсэн цэргийн жанжин, судлаачдын хэлсэн үг байдаг. Тийм болохоор байлдааны цагийн байдал бий болгох, зэвсэг галт хэрэгсэл эзэмшиж сургахад цэргийн зориулалттай дарь чухал үүрэгтэй. Бидний лабораторийн нөхцөлд гарган авсан хар дарь, хөнгөн цагааны болон аммиакийн шүүний дарийг байлдааны цагийн байдал бий болгох, зэвсэг галт хэрэгсэл эзэмшиж сургахад ашиглана гэсэн үг. Эдгээр дариар тэсэлгээ хийх, тэсрэлтийг дуурайлган үзүүлэх, сургуулийн гранатыг цэнэглэж болох юм. Энэ төрлийн сургуулилт хичнээн ач холбогдолтойг миний амьдралд тохиолдсон сургамжууд надад бэлхэн харуулсан. Тухайлбал, 1973 онд намайг Зүүнбаянд байлдааны гранат шидүүлэх сургалт хийлгэж байх үед армид он удаан жил ажилласан нэгэн дэд хурандаа гранатныхаа хамгаалагчийг авсны дараа шидэж чадалгүй надад эргүүлэн өгч байж билээ. 3-4 секундэд гранат дэлбэрэх ёстой байсан юм. Мөн 1986 онд нэгэн ахлагч шидэх гэж байсан гранатаа алдаж олон хүний амь нас сүйтгэх аюул учруулж байсан. Орчин үед нийгэм ард иргэдэд нэлээн ач тустай, нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлыг зохицуулахад аминд халгүй сум гранат чухал үүрэгтэй. Саяхан Монгол Улсад зохиогдсон “Аминд халгүй зэвсэг” сэдэвт олон улсын сургалт семинарт энэ сэдвээр намайг илтгэл тавьж хэлэлцүүлэхэд гадаадын зочид их сонирхож байсан.

-Тэгвэл нийгэмд, хүн ардад ямар ач тустай вэ?

-Улсын захиалгатай цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх технологи боловсруулах төслийн судалгааны ажилд оролцсон Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн зэвсгийн албаны даргын туслах, БХИС-ийнмагистрант, ахлах дэслэгч Э.Эрдэнэ-Очир судалгааны ажлаа үргэлжлүүлэн хар дарины үйлдвэр байгуулах бэлтгэл ажлаа хангаж байна. Хар дарийг цэргийн зориулалттай хэрэглэхээс гадна ард иргэд ядарсан малыг тэнхрүүлэх адуу, үхрийн ханиад эмчлэх, хүний бие дээр гарсан түүхий, яр шархыг эдгээх, нохой хээлтүүлгээс урьдчилан сэргийлэх зэргээр хэрэглэж ирсэн. Гэвч энэ нь эрдэм шинжилгээ судалгааны аргаар батлагдаагүй, ардын уламжлалт эмчилгээний арга тул болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн ахлах дэслэгч Э.Эрдэнэ-Очир нь ёслолын буудлагын хэрэгсэл, олон өнгийн пуужин үйлдвэрлэх, пиротехникийн бодис гарган авах судалгааны ажлаа амжилттай хийж байна.

-Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас таныг хэрхэн дэмжиж байна?

-Маш сайн дэмждэг. Улс орныхоо батлан хамгаалах чадавхийг дээшлүүлэхэд олон талт арга хэмжээ авахаас гадна дотоод нөөц бололцоондоо тулгуурлан шинжлэх ухаан технологи, инновацийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд дарь тэсрэх бодис, сум гранат үйлдвэрлэх технологи боловсруулах төсөл хэрэгжүүлж байна.

-Монголчуудын зэр зэвсэг, нум сум Чингисийн үед дэлхийд гайхагдаж байсан гэдэг. Түүнээс хойш монгол цэргүүд буу зэвсэг, дарь, сум хийж байсан түүх бий юу?

-Их Монгол Улс байгуулагдахаас өмнө Монголын нутаг дэвсгэр дээр оршин байсан улс гүрнүүд дарь хийдэг байсан. Чингис хаан болон түүний залгамжлагчдын хийсэн дайн байлдаанд дарьт зэвсэг хэрэглэж байсныг гадаадын эрдэмтэн судлаачид түүхэн эх сурвалжуудад үндэслэн тогтоосон. Монголчууд 1220 оноос газрын тостой бортгыг (дарьт сав) гал урвуур (их буу) гэдэг оньсон багажаар хол зайд харвадаг байсан. Энэ нь хот балгасыг эвдэж, хэрмийг цөмлөдөг байв. Мөн Ойрхи Дорнод, дундад Ази, Европт монголчууд дарийг хамгийн анх дэлгэрүүлсэн гэж үздэг. Мөн орчин үеийн шатаагч, утаат, гэрэлтүүлэгч, задран дэлбэрдэг зэрэг олон төрлийн галт хэрэгслийн анхдагч нь монголчууд юм. Монголчуудын зэвсэг галт хэрэгслийн үйлдвэрлэл 1744 онд Зүүн гарын хаант улсын хан Галданцэрэн гүн 50 кг жинтэй, сумтай, мортер (миномот) бууг зохион бүтээж ашиглаж байснаас хойш тасарсан.

-Та энэ салбарт ямар, ямар судалгааны ажлууд хийж байв?

-2006 онд “Монгол орны нөхцөлд галт хэрэгслийн удаан хадгалагдах чадварыг үнэлэх нь“ сэдвээр цэргийн техникийн ухааны докторын зэрэг хамгаалж, 2007 онд БХИС-ийн профессор цол хүртсэн. Үүнээс өмнө “Пуужин артиллерийн зэвсэглэлийн ашиглалтын гарын авлага’’, “Цэргийн зэвсгийн галт хэрэгсэл”, “Дарь, тэсрэх бодисын шинж чанар, үйлдвэрлэл, хэрэглээ”, “Зэвсэглэлийн түүх, орчин үе, хэтийн төлөв” зэрэг 20 гаруй ном, сурах бичиг бичиж хэвлүүлсэн. Монгол орны нөхцөлд дарь, тэсрэх бодис, дарин бүтээгдэхүүн, гар бууны болон ангийн бууны сум, сургуулийн гранат үйлдвэрлэх улсын захиалгатай шинжлэх ухааны төсөл гүйцэтгэж, технологи боловсруулсан нь Монгол Улсад зэвсэг, галт хэрэгслийн үндэсний аж үйлдвэр хөгжих эх суурь болж байна.

-Манай улсад энгийн дарины 20 гаруй үйлдвэр байдаг гэж сонссон. Цэргийн зориулалттай дарь нь энгийн даринаас юугаараа ялгаатай вэ?

-Цэргийн зориулалттай дарь нь тэсрэх бодисын нэг төрөл бөгөөд хүчин чадал баллистик үзүүлэлт, хими физик шинж чанараараа энгийн үйлдвэрлэлийн тэсрэх бодисоос эрс ялгаатай, удаан хугацаагаар хадгалах шаардлагатай байдаг. Тэдгээр 20 гаруй үйлдвэрээс гаргаж авсан тэсрэх бодисыг уул уурхайн тэсэлгээнд голдуу ашиглаж байна. Монгол оронд дарины түүхий эд элбэг байдгаас гадна хүнд аж үйлдвэрийн хаягдал илүүдэл бүтээгдэхүүнийг ашиглах бололцоотой. Жишээлбэл, биодизель түлшний үйлдвэрээс их хэмжээний глицерин хаягдал болон гардаг. Энэ нь нитроглицерин дарины үндсэн түүхий эд болдог. Нитроглицерин дарийг 1888 онд Шведийн эрдэмтэн А.Нобель нээж динамит үйлдвэрлэх болсон. Цэргийн зориулалттай утаагүй дарийг нитратжуулахад хүхрийн хүчил гол үүрэгтэй байдаг. Гэтэл цэвэр зэс боловсруулах үйлдвэрээс хүхрийн хүчил хаягдал илүүдэл бүтээгдэхүүн болон гардаг. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулж 300000 тонн цэвэр зэс үйлдвэрлэж эхэлбэл нэг сая тонн хүхрийн хүчил хаягдал болон гарах тооцоог уул уурхайн эрдэмтэд хийсэн байгаа юм.

-Таны үйлдвэрлэсэн дарийг кино зураг авалтад ашиглаж байсан уу?

2015 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Найдандоржийн найруулсан “Тэр жилийн тэр нэг өдөр” киноны байлдааны ажиллагаа, буудлага, тэсрэлтийг дуурайлган үзүүлэхэд ашигласан.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Би хэрхэн ажилладаг вэ?

(Анрийд сайтын асуулгад өгсөн хариулт)

Байршил: Улаанбаатар

Одоо хашиж буй ажил, албан тушаал: НЭПКО хэвлэлийн газрын ТУЗ-ийн дарга

Хэрэглэдэг гар утас: Самсунг галакси нөүт 3

Хэрэглэдэг компьютер: Эппл

Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээлч, чөлөөт, үр дүнтэй хөдөлмөрч.

Сошиал хуудсууд: @baabarniitlelch

ҮНДСЭН АСУУЛТ

1. -Таны ажлын хамгийн онцлох арга барил?

-Онцлоод байх юм үгүй дээ. УИХ-д дөрвөн жил байхдаа цагт хавчигдаж байсныг эс тооцвол дураараа, ямар ч төлөвлөгөөгүй, тааваараа байдаг, тааваараа ч ажилладаг.

2. -Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, программ, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

-1975 онд “Москва” гэдэг бичгийн машинтай болсон. 1989 онд Монголд бараг хамгийн анхных байх, хувийн компьютертэй болсон. Монэл компьютер манайд анх угсарч эхлэхэд. Тун шаардлагатай программ аппликэйшнийг сураад авдаг, цаашид онц хэрэггүй бол тэгсхийгээд мартчихдаг. Компьютер дээр нэг л тоглоом бий. Юм хийж байтал гэнэт гацчихвал тэр тоглоомыг ажиллуулж пауз авдаг. Гагцхүү тоглоомондоо улайрах, хожих гэж тэмүүлэх дэмий. Тоглоомоо анзаарахгүй өөр юм бодож суудаг.

3. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

-Завгүй хүнд цагийг хэмнээд байх шаардлага үгүй болов уу. Тодорхой цаг нартай онгоц, машин, болзоо зэрэгт л гэнэт цагт хавчигдан “хэмнэх” гэж сандардаг тохиолдол надад олон тохиолддог.

4. Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

-Ёстой юун дээр ч хөтөлдөггүй. Тогтоогоод авчихдаг. Гэхдээ сүүлийн үед нас ахиад юм мартдаг болоод байна аа. Би уг нь ой тогтоолт их сайтай хүн юмсан. Одоо юм мартдаг, хүний нэр ус санаанд орж ирэхгүй болохоор их бухимддаг болоод байна. Гэхдээ манай эхнэр хэлэхдээ “Чи хичнээн юм мартдаг болсон ч жирийн хүнийхээс илүү л байгаа шүү дээ, юунд нь бухимддаг юм. Ер нь хүн юм мартаж байж л юм тогтооно шүү дээ” гэдэг юм.

5. Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

-Зураг, зодоон хоёрыг холоос харж бай гэж Аглуу сургасан. Би өөрийгөө алив зүйлийг дээрээс нь харж чаддаг, тиймээс ч илүүтэй зөв дүн шинжилгээ, гаргалгаа хийдэг гэж боддог. Гэхдээ “манай сумандаа л Маркс Энгельс” гэгчээр энэ хавьдаа л юм шүү. Cи Ай Эй ч юм уу кримналистикийн том лабораторид дүн шинжээчээр ажиллах чадвар надад байхгүй. Тийм болъё гэж мөрөөдөж ч байгаагүй. Бичих авьяасыг бурхан надад өгсөөн, гэхдээ л тэр нь “манай сумандаа”.

6. Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

-40 шахам бие даасан ном хэвлүүлжээ. Үүнд орчуулга ч хамаарна. Цэнддоо, Баярхүү нартай хамтарч бичсэн 2-3 ном ч орно. Эхнэртэйгээ хамтарч орчуулсан 2-3 ном ч багтана. Гэхдээ дахин хэвлэлтийг тооцоогүй. Миний мэргэжил биохимич, бүр тодруулан нарийвчилбал энзимологич. Би химийн лабораторид цөөнгүй жил ажилласан. Алив юмыг нягтлан хэмжих, дахин шалгах, өөр эх сурвалж хайх дадлыг энэ мэргэжил надад олгосон. Иймээс би бичиж байгаа юмандаа логик уялдаа, үнэн зөвийг эрхэмлэдэг. Янз бүрийн сэдвээр бичдэг боловч яг мэргэжлийн хүн нь үзээд шоолох вий гэдгээс их айдаг. Яагаад гэвэл үнэн зөв тэнд хэмжигдэнэ үү гэхээс нийгмийн сүлжээ, сайтын сэтгэгдэл бол хүн тоохоор юм биш. Бичих юмаа эхэлж толгойдоо эмхлэх нь тун цаг авдаг бэрхшээлтэй зүйл. Нэгэнт эмхлэгдсэн бол компьютер дээр буулгах нь зөвхөн бичих хурдаас хамаарна. Маш олон санаа толгойд эргэлдэж байдаг ч хагас нь огт эмхлэгдэхгүй ор мөргүй алга болдог. Би бичсэнээ эргэж харж засдаггүй. Зүгээр л залхуу хүрээд байдаг юм.

7. -Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-1996 онд бичсэн “Нүүдэл суудал: Монголын түүх” номыг сая үндсээр нь өөрчлөн нэмж бичиж дуусгалаа. Тухайн үед 450 орчим эшлэлтэй байсан бол шинэ хэвлэл нь 1700 орчим эшлэлтэй гэхээр аль зэрэг нэмэгдсэн нь харагдах байх. Мөн Цэдэнбалын намтрыг бичиж дуусгасан. Энэ бол өнгөрсөн өвөл, хаваржингаа нойр хоолгүй шахам хийж дуусгасан бүтээл. Дуусангуутаа л асар их ядарснаа мэдэрсэн дээ. Төлөвлөх дургүй болохоор бодсон юм одоохондоо алга. Гэхдээ тун удалгүй санаа орж ирэх байлгүй дээ.

8. Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

-Би нам гүм орчинд ажилладаг. Шөнө л гэсэн үг л дээ. Тиймээс ажиллаж байхдаа хөгжим сонсдоггүй. Чайковский, Бетховэнд дуртай. Бах надад хүндэддэг. Битлзийг шүтдэг. Хип хоп ойлгодоггүй. Ер нь алдартай дуучин юм уу хөгжмийн зохиолчид ганц хоёр л гайхамшигтай бүтээлтэй байдаг, тэр болгонд нь дуртай даа. Стивэн Вондэрийн “Ай жаст коол ю тү сэй ай лав ю”, Бий Жийсийн “Мэссэчүсэтс”, Пинк Флойдын “Воол” рок оопэр, Шаравын “Гэгээн алсад одох юмсан”, Нино Рота, Энно Мориконэ нарын зарим киноны аяз, Сэйжи Озавагийн удирдаж буй симфони гэх мэт.

9. -Таны яг одоо уншиж буй ном, нийтлэл юу вэ?

-Би амьдралдаа уншсан юмныхаа ихэнхийг жорлон дотор, орон дээрээ гүйцээсэн байх аа. Багад нойлд ороод түгжээд суучихаар аав, ээж байн байн хаалга нүдэж “Цагаан мах чинь гарлаа, бушуу гараач” гэдэгсэн. Ойролцоогоор 10 орчим ном зэрэг уншдаг. Аль болох нэг амьсгаагаар уншиж дуусгамаар санагддаг ч зарим номын ард хэдэн сарын дараа гардаг. Саяхан аль дээр үед худалдаж аваад таг мартчихсан Аюурзанын эмхэтгэсэн “Дэлхийн сонгомол өгүүлэл”-ийг шкафнаасаа олж аваад шөнөд нь уншиж дуусгасан. Тэгээд тэр талаар шүүмж хүртэл бичсэн шүү. Уран зохиолын ном бараг уншихаа больж дээ. Гэхдээ олон жил дахин дахин уншдаг уран зохиолын хэдэн ном бий. Марк Твэйн “Хак Финн”, Ярослав Хашэк “Швэйкийн паян”, Антон Чеховын өгүүлэл, жүжиг гэх мэт. Яг одоо Дэн Сяопиний намтар уншаад дуусгалаа. Р.Болдын бичсэн Монголын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдсөн тухай ном оросоор гарч, тэрийг уншиж байна. Яков Блюмкины намтар аваад уншиж байна. Дөшнөр гэж нэг герман хүн фашистууд болон Ватикан хэрхэн холбоотой байсан тухай ном дээр үед бичсэн юм байна, тэрийг сонирхож байна. Эргээд хэрэг болсон учир Чуевийн Молотовтой хийсэн ярилцлагаар бүтээсэн номыг эргүүлж байна. Цэдэнбалын бие хамгаалагч асан Батдолгор гэж хүний бичсэн дурсамж өнөөдөр олж авлаа. Шуудангаар захисан Каку физикчийн бичсэн Ирээдүйн физикийн ном, Олсоны бичсэн Хүний үүсэл, ген, үүлдрийн тухай номыг хүлээж аваад хэд дэх өдрөө ч юм, сонирхон уншиж байна. Мичио Какуг би урьд нь мэддэггүй байж, шинжлэх ухааны хялбаршуулсан кино гарахаар л нэг урт үстэй ази нөхөр зурагтаар баахан ярьдаг шүү дээ. Уг нь утаслагийн онол дэвшүүлсэн мундаг онолын физикч л дээ. Гэхдээ ирээдүйн тухай, шинэ нээлтийн тухай бичихээрээ мөн ч уран сайхантай панаалдах юм аа. Фройдоос илүү панаалсаг. Итгэхгүй мөртөө л ам ангайн алмайрч, бүр автагдах юм гээч.

10. Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Би хаа очиж маш нээлттэй хүн шүү. Энэ нь заримдаа хэтэрчих гээд байдаг юм. Гэхдээ нээлттэй, илэн далангүй байх нь бас нэг төрлийн өөрийгөө бодсон хамгаалалт мөн шүү.

11. Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

-Би голдуу шөнийн гурав, дөрөвт унтаж өглөө есөн цагийн орчимд босдог. Зургаан цаг унтаад сурчихсан юм. Гэхдээ заримдаа нойроо хурааж чаддаг. Өдөрт гурав, дөрвөн цаг унтаж сар ажилласны дараа дутуугаа нөхөж бүтэн хоёр хоног унтах тохиолдол бий. Өнгөрсөн өвөл яг тэгсэн.

12. Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?

-Би компани дээрээ, эсвэл гэртээ. Амарч байх үедээ голдуу зурагтаар кино үздэг. Кино миний нэг том хообий. Кино урлагийн талаар би хэдэн өдөр тасралтгүй донгосч чадна. Тоглоом наадам хөөдөггүй, гуанз ресторанаар тэнэдэггүй. Хүмүүжилтэйдээ ч тэр биш, надад огт таашаал өгдөггүй учраас.

13. Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

-Шинэ санаа л ёстой гоё. Тэр нь хүний түүхэн дэх шинэ санаа биш л дээ, зүгээр наддаа л шинэ байвал бөөн кайф. Манай чөлөөт нийгэм дэх чөлөөт сэтгэлгээтэй шинэ үеийн залуусаас би урам зориг авдаг. Миний мэдэхээр урьд нь монгол хүн ийм цоглог байгаагүй юм аа. Ерөнхийдөө л бүгдээрээ унжгар, аймхай, хувиа бодсон, “цэвэр ичимхий”. Хөөрхий дөө, нийгэм нь тийм байхыг албаддаг байж дээ.

14. Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

-Намайг хойно сурч байхад нэг хичээлийн шалгалт дээр уначихсан чинь профессор маань “Чи заавал биохимич болох гэх хэрэг байгаа юм уу? Энэ дэлхий дээр 17 мянган мэргэжил байна шүү дээ” гэж билээ. Би хожим нь “сумандаа” муугүй биохимич болсон л доо. Гэхдээ хүн өөрийгөө, авьяасаа зөв сонгон олох хэрэгтэй гэдгийг ясандаа тултал ойлгосон.

15. -Та залуу мэргэжилтнүүдэд нэг чухал зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

-Дээрх профессорынхоо хэлснийг л би залууст сургадаг. Энэ хорвоод юунд ч авьяасгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Ядахнаа л тэвэг тоглох, чавхаар харвахдаа авьяастай байж болно шүү дээ. Түүнийгээ л зөв тодорхойлж цааш хөгжүүлэн энэ хорвоо дээр өөрийн гэх орон зайгаа олж хөл дээрээ бат зогс. Өөрөө байраа олоогүй байж эх орон ард түмэн, озоны цоорхой, галактикийн сүйрэлд санаа зовон архи ууж шүлэг бичих нь арай эртэднэ шүү. Өөрөө байраа олоогүй хүн эх орон, озоны цоорхойд гай болно уу гэхээс тус болж чадахгүй. Гэртээ дэнгүй байж айлд чийдэн тусгах гэж гүйгээд хэрэггүй ээ.

16. Энэ буланд та хэнийг санал болгож, ажлынх нь арга барилтай танилцмаар байна вэ?

-Би твиттерээр заримдаа ордог юм. Өдөр шөнө, өглөө оройгүй твиттер дээр завгүй сууж байдаг хэдэн хүн байх юм. Тэдний хэрхэн ажилладаг, амьдралаа яаж залгуулдаг нь их сонин байна. Шүүмжилж, үгүйсгэж, шоолж байгаа юм биш шүү, зүгээр л саваагүйтэн сонирхож буй хэрэг.

БААБАР Ингэж Өгүүлэв

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Нацагдоржийн тухай гурав дахь уран бүтээлийг амилуулна

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан МУСГЗ Ш.Гүрбазарын зохиолоор УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин “Жаргаагүй нар” жүжиг тавин өнгөрөгч баасан гарагт олны хүртээл болгосон билээ. Ойн хүрээнд Улсын хүүхэлдэйн театрт ирэх лхагва гарагт МУСГЗ Ц.Хулангийн зохиолоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулан “Монгол Ардын суут” жүжиг тавихаар болсон. Түүнээс гадна зохиолч П.Батхуяг Их зохиолчийн амьдралаас сэдэвлэн “Чулуудын хүүрнэл” эмгэнэлт жүжгийг ирэх сарын дундуур ДБЭТ-т тавихаар болжээ. Жүжгийг Ц.Бат-найрамдал найруулж, Г.Түвшинтөр хөгжмийг зохиох гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол зураач олон улсын уран зургийн наадамд түрүүллээ

Мэргэжлийн уран зургийн их наадам энэ сард Канад улсад болж өнгөрлөө. Тус наадамд дэлхийн 200 гаруй орны мэргэжлийн уран зураачид өрсөлдсөнөөс манай улсын залуу зураач Б.Одсүрэн оролцон тэргүүн байр эзэлж, алтан цомын эзэн болжээ. Тэрээр өнгөрсөн жил БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон залуу зураачдын уралдаанд оролцож, мөн алтан медаль хүртсэн юм. Залуу уран бүтээлч өөрийн гэсэн урлантай болж, галерей болгон өргөжүүлэх мөрөөдөлтэй төдийгүй зурах дуртай хүүхдүүдэд авьяасаа хөгжүүлэхэд нь туслахыг хүсдэг гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 2 хэм хүйтэн

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө солигдмол үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2016 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-12-нд зарим газраар цас орно. Салхи 9, 12-нд зарим газраар, 10,11-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм

“Солонгос дарга бөөтэй байсныхаа төлөө, монгол дарга бөөгүй байсныхаа төлөө балардаг гэнэ ээ” нийтлэл хэвлэгдлээ


“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, уншигч захиалагчдадаа хүрч байна. Энэ өдрийн цоо шинэхэн дугаараас унших сонирхолтой ярилцлага, даацтай нийтлэл, цаг үеийн сурвалжлагаас тоймлон танилцуулж байна.


Өнгөрсөн амралтын өдрөөр манай орны ихэнх нутгаар цас орж, улмаар замын халтиргаа гулгаанаас болж осол аваар багагүй гарсан. Тиймээс Гэмтэл согог судлалын үндэсний төв бэртэж гэмтсэн иргэдээр дүүрсэн байна. Энэ тухай бид дэлгэрэнгүй сурвалжлага бэлтгэн хүргэж байна. Нэг, 15 дугаар нүүрээс уншина уу.

Ардчилсан нам УИХ-д
цөөн суудал авсан ийм үед орон нутгийн
сонгуульд ялалт байгуулж,
Баянгол дүүргийн Засаг
даргаар сонгогдсон хүн бол С.Одонтуяа юм. Түүний ярилцлагыг өнөөдрийн дугаартаа нийтлээд байна. Тэрбээр манай сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Улстөрч хүн гэдэг бол
ард түмнийхээ сайн сайхны
төлөө юм хийнэ гэж гарч
ирдэг. Улстөрчийн жинхэнэ
сонгодог утга нь тэр болов
уу. Харин зарим нь өөрийнхөө
амьжиргааг сайжруулахын
төлөө, эрх мэдэлтэй болохын
төлөө улстөрч болдог л байх.
Миний хувьд ард иргэдийнхээ
төлөө юм хийе гэсэн зорилго,
хүсэлтэй хэмээсэн байна. Ярилцлагыг бүрэн эхээр нь нэг, тавдугаар нүүрээс тольдоорой. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн “Төсвийн тогтворжилтын
санд байгаа 326 тэрбум төгрөгийг
ирэх онд ашиглахаар болсон” ярилцлагыг “Өдрийн сонин”-ы улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы хамгийн гол нийтлэл хэвлэгддэг гуравдугаар нүүрт нийгмийн оюун санааны чиг хандлагыг тодорхойлж байдаг, нийгэмд шуугиан тарьсан нийтлэлүүд гардаг билээ. Энэ удаа “Солонгос дарга бөөтэй байсныхаа төлөө, монгол дарга бөөгүй байсныхаа төлөө балардаг гэнэ ээ” хэмээх гарчигтай нийтлэлийг гарлаа. Уг нийтлэлээс эшилбэл “… Улстөрчдийн мэдлэг чадвар дутаж, улм орноо удирдаж чадахгүйд хүрч, цөхрөнгөө барахаараа оюун санааны хувьд хамгийн ойр зүйл нь бөө, шашин, мухар сүсэг болдог гэсэн амьдралын үнэн. Тэгвэл дэлхийн их гүрэн ЗХУ задарч, замаа алдаж байх үед Ельцин нэг ч удаа сүмээр ороогүй байдаг юм шүү” хэмээн бичжээ.

Харин Баримт, үйл явдлын долдугаар нүүрт “Улсын ерөнхий прокурор асан
М.Алтанхуягийн хүү, Ц.Сандуйн дүү нарыг
оффшор бүсийн мэдээлэл илчлэв үү” нийтлэл гарлаа.

Туркийн Засгийн газар
Монгол, Туркийн хамтарсан
сургуулиудыг хаалгахын тулд
нэлээд хүчин чармайлт гаргаж
байгаа гэх мэдээлэл гадны
болон дотоодын хэвлэлээр
гарсан.
Монгол, Туркийн хамтарсан
сургуулийн сурагчид эцэг
эхчүүд гайхаж, ямар учиртай
мэдээлэл гарсан эсэхийг
сонирхож байгаа юм. Энэ талаар манай сонин албаны эх сурвалжаас тодруулан өнөөдрийн дугаартаа нийтэллээ. Монголд байгаа Турк сургуулиуд хаагдахгүй юм байна. Энэ тухай 11 дүгээр нүүрээс дэлгэрэнгүй уншаарай.

Эдгээрээс гадна “Эрүүл мэнд” булан, “Утга зохиол”, “Уран бүтээлч”, “Дэлхийн мэдээ”, “Энэ өдөр” зэрэг булангуудыг өнөөдрийн дугаараас унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ улс-төр

ШШГЕГ-ын дэд дарга нарыг томилжээ

ШШГЕГ зурган илэрцүүд

Хууль зүй, дотоод хэргийн
сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар хурандаа
Г.Туулхүү, Ж.Батсайхан нарыг томилжээ. Энэхүү шийдвэрийг Хууль зүй, дотоод
хэргийн сайд С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногт гаргаж, баасан гаригт шинэ дарга нар ажлаа хүлээн авсан байна. Ж.Батсайхан нь өмнө Авлигатай тэмцэх газарт хэлтсийн даргаар
ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дэд дарга болж буй бол
Г.Туулхүү нь өмнө нь тус газарт дэд даргаар ажиллаж байжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргаар
Ц.Амгаланбаяр томилогдон ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхболд НҮБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.11.07/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч Биата Транкман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Суурин Зохицуулагч Биата Транкман Байнгын хорооны дарга Н.Энхболдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсад тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх институцийн тогтолцооны өнөөгийн байдал, цаашид боловсронгуй болгох зураглалыг боловсруулах талаарх судалгааны дүнгээ танилцуулахаар ирсэн гэв.

Тэрбээр “Монгол Улсад тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд институцийн механизм ямар байх вэ гэдэг дээр бид судалгаа хийлээ. УИХ-ын тогтоолоор тогтвортой хөгжлийн зорилт бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд Төрийн байгуулалтын байнгын хороо бодлогын хувьд удирдаж, чиглүүлэх үүрэгтэй гэж ойлгож байгаа. Энэ хүрээнд институцийн механизмыг зөв болгох хэлэлцүүлгийг УИХ, Засгийн газрын төлөөллийг хамран оролцуулж танай байнгын хороо зохион байгуулаад явах саналыг тавих гэсэн юм” гэж хэлэв.

Энэ үеэр судалгааны багийн ахлагч, доктор Ч.Хашчулуун судалгааны талаар товч танилцуулга хийлээ. Танилцуулгад “Нийгэм, эдийн засгийн хувьд томоохон сорилтууд байна. Үүнийг яаж шийдэх вэ гэсэн гаргалгааг бидний зүгээс гаргалаа. Үүнд үндэсний, салбарын, бүс нутгийн, аймаг орон нутгийн бодлогыг Тогтвортой Хөгжил 2030 үзэл баримтлал, Тогтвортой Хөгжлийн Загвартай уялдуулах, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, хүний нөөц, чадавхийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг ажлууд багтаж байна” гэж хэлэв.

Байнгын хорооны дарга Н.Энхболд маш хэрэгтэй судалгааг боловсруулсан байна. Тогтвортой хөгжлийг хангах чиглэлд үүнийг зохицуулах хэд хэдэн боломж бий. Тогтвортой хөгжье гэвэл тодорхой хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах, магадгүй Үндсэн хуулинд ч өөрчлөлт оруулах асуудал яригдана. Өөрөөр хэлбэл бид олон хууль гаргаад үүнийг дараагийн төр нь өөрчилдөг энэ тогтолцооноос салах хэрэгтэй болоод байна гэдгийг онцолсон.

НҮБ-ын хийсэн судалгааг судалж үзээд хэлэлцүүлэг зохион байгуулах талаар санаачилга гаргах болно гэдгээ Байнгын хорооны дарга Н.Энхболд илэрхийллээ.