2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.08/ хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийн талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй учир ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.
Тухайлбал, Эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2017 онд 5,974.8 гэснийг 6,160.2 гэж, ДНБ-д эзлэх хувь 22.8 гэснийг 23.3, 2018 онд 6,681.0 гэснийг 6,822.6, ДНБ-д эзлэх хувь 23.4 гэснийг 23.8, 2019 онд 2019 онд 7,211.6 гэснийг 7,561.3, ДНБ-д эзлэх хувь 22.7 гэснийг 23.7 гэж өөрчлөх саналыг гишүүдийн 90.0 хувь нь дэмжлээ.
Мөн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 8,564.0 гэснийг 8,568.9, ДНБ-д эзлэх хувь 32.7 гэснийг 32.3, 2018 онд 8,821.8 гэснийг 8,971.2, ДНБ-д эзлэх хувь 30.9 гэснийг 31.3, 2019 онд 8,961.4 гэснийг 9,316.5, ДНБ-д эзлэх хувь 28.2 гэснийг 29.2 гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.
Түүнчлэн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2017 онд -1.130.4 гэснийг -1,125.5, ДНБ-д эзлэх хувь -4.3 гэснийг -4.2, 2018 онд 257.8 гэснийг 402.3, ДНБ-д эзлэх хувь 0.9 гэснийг 1.4, 2019 онд 139.5 гэснийг 345.3, ДНБ-д эзлэх хувь 0.4 гэснийг 1.1 гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.
Ажлынх хэсгээс гаргасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 онд -2,589.2 гэснийг -2,408.7, ДНБ-д эзлэх хувь -9.9 гэснийг -9.1, 2018 онд -2,140.8 гэснийг -2,148.6, 2019 онд -1,749.8 гэснийг -1,755.2 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 2017 онд 1,494.2 гэснийг 1,483.9 гэж ДНБ-д эзлэх хувь 5.7 гэснийг 5.6, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр 2017 онд 22,197.4 гэснийг 22,363.7, ДНБ-д эзлэх хувь 84.8 гэснийг 84.4, 2018 онд 22,818.0 гэснийг 22,889.5, 2019 онд 23,798.9 гэснийг 23,903.1, ДНБ-д эзлэх хувь 74.8 гэснийг 74.9 гэж өөрчлөхийг гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулахаар болсон юм.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд асуулт асууж, санал, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй.
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Хүүхдийн мөнгө олгох талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
10 хууль, гурван тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Үүний дараа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажилллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль болон тогтоолын төслүүдтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдвал прокуроруудын одоо авч байгаа цалин нь хэдэн хувиар нэмэгдэхийг тодруулсан юм. Ажлын хэсгээс прокурорууд шүүгчдээс гурав дахин бага цалин авдаг байсан бол УИХ-ын шинэчилсэн тогтоолоор шат, шатны шүүхийн цалингийнхны 65 хувьд хүрсэн гэж хариулсан юм.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-ын 2001 оны 74 дүгээр тогтоолын дагуу төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг түүний албан тушаалын сарын цалингаас төрийн алба хаасан хугацааг харгалзан 5-25 хувиар тооцож олгодог байсныг өөрчилж, жигд 10 хувиар тооцож олгох нь зүйтэй гэсэн санал байв. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. 10 хууль, гурван тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Н.Амарзаяа, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг бүтцийн хувьд цэгцлэх, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орон нутгийн төлөөлөл оролцуулах шаардлагатай байгаа талаар саналаа хэлсэн юм. Үүний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тав дахь асуудал нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг байв. Уг хэлэлцүүлэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Ингээд төслийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэж байгаа ч хугацааны талаар тодорхой хариу хэлэхийг, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг нэг мөр цэгцэлж, 2008 онд батлагдсан Татварын багц хуулиудыг хэдийд шинэчлэхийг тодруулж байлаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2017 оны төсвийн төсөлд Оюутолгой” төслийн далд уурхай, “Тавантолгой”, “Тавантолгой цахилгаан станц”, “ДЦС-3”-ын өргөтгөл, “Гацуурт” зэрэг томоохон төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр тусгагдсан байгаа. 2017 онд эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Харин татварын хөнгөлөлтийг багасгах, нэг мөр болгох, Татварын багц хуулиудыг шинэчлэх талаар бид ажиллаж байгаа гэж хариуллаа.
Гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа төсөвтэй холбогдуулж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 онд ДНБ-д эзлэх хувь -9.9 гэснийг -9.1 гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ.