Categories
мэдээ улс-төр

Г.Уянга: Ерөнхийлөгч хувьчлалтай төстэй дээрэм хийлээ

Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам-ын дарга Г.Уянга намынхаа хэсэг нөхдийн хамт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хурлаар дамжуулж тус намынхан “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалд анхаарал хандуулж байгаагаа мэдэгдлээ.

Намын дарга Г.Уянга ”Эрдэнэт үйлдвэрийг худалдах эсэх нь Монгол, ОХУ-ын төрийн мэдлийн асуудал мөн. ОХУ өөрийн мэдлийн хувийг манайд зарж шилжүүлсэн тохиолдолд түүнийг өмчлөгч нь юуны өмнө Монголын төр байх нь гарцаагүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн тэрээр “Эрдэнэтэд хувьчлал болоогүй, худалдан авалт болсон гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн. Ерөнхийлөгч хэлэхдээ “Эрдэнэтийн хувьчлал гэж яриад байна.

Гадны улс орон, аж ахуйн нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн. Тэгэхээр нэр томьёоны хувьд хувьчлал биш. Хэрвээ хувьчлал хийхээр бол УИХ-аар хэлэлцүүлэх хуультай гэж мэдэгдсэн. Зөвхөн энэ өгүүлбэрээрээ Ерөнхийлөгч өөрийгөө илчилсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь хувийн өмчид шилжсэн л бол бид хувьчлал гэж ярих эрхтэй. Хэрэв Монголын болон Оросын талын аль нь ч хувьчлал хийгээгүй зүгээр л худалдан авалт хийсэн байхад яахаараа Эрдэнэтийн 49 хувь ганцхан компанийн хувийн өмч болов гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтэд тайлбарлах ёстой. Ерөнхийлөгч хувьчлал биш гэж залилах оролдлого хийсэн ч бодит байдал дээр хувьчлалтай төстэй дээрэм болсон нь тодорхой байна” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Богд уулын замын гэрэлтүүлгийн ажил дуусчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Богд уулын арын 17.1 км авто замын гэрэлтүүлэгийн ажлын хөрөнгө батлагдаж, дээрх ажлыг 2 багцад хувааж гүйцэтгэгч сонгон шалгаруулсан.

Яармагийн гүүрнээс 240 дүгээр тулгуур хүртэлх ажлын гүйцэтгэгчээр “ДМТМ трейд”ХХК, 241 дүгээр тулгуураас Баянзүрхийн товчоо хүртэлх ажлын гүйцэтгэгчээр “Гэгээн цайдам” ХХК шалгарсан юм. Гэрэлтүүлгийн 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

​Доналд Трамп: АНУ-ын эрх ашгийг эрхэмлэн бусад улстай хамтран ажиллана

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр: “АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарлаа. Ард түмэндээ туйлаас их баярлалаа. Би өнгөрсөн хугацаанд та бүхэндээ найдаж байсан. Бүхий л заавар зөвлөгөөгөө та нараас л авч байлаа. Бидний хувьд гайхамшигтай хөдөлгөөнийг өрнүүлж чадлаа. Амеркийн ард түмэн бол төрөл бүрийн үндэстэн угсаатнаас бүрддэг. Бид одоо хамтдаа улс үндэстнээ дахин сэргээхийн төлөө ажиллах болно. Бид бусад улсуудын чадвар бололцоонд ч гэсэн итгэх ёстой.

Бид эх орноо бүрдүүлж байгаа олон үндэстэнд анхаарал хандуулах ёстой. Сургууль, зам гүүр барих ёстой. Улс үндэстнийхээ төлөө тулалдсан агуу ахмад дайчдаа хүндэтгэх ёстой. Бид 18 сарын турш өрсөлдлөө. Одоо эдийн засгийн төлөвлөгөөгөө дахин боловсруулах болно. Бидэнтэй хамт явах тэдгээр улсуудыг ч уриалах болно. Бид мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэ хэцүү аян замд гарах ёстой. Бид гайхамшигтай үйл явдлын гэрч боллоо.

Хамгийн түрүүнд Америкийн эрх ашгийг эрхэмлэнэ. Манай улсыг агуу болгох тэр түншлэлийг хэрэгжүүлэх болно. Агуу ард түмэн та бүхэндээ талархал илэрхийлэхийг дахин хүсч байна. Эцэг эх, дүү нартаа талархал илэрхийлье. Миний ах Ром тэнд зогсож байна. Мөн бурхны оронд очсон ахыгаа дурсъя. Би үнэхээр гайхамшигтай аав ээж, ах дүүтэй хүн. Эхнэр Мелания, хүү Эрик, охиндоо баярлалаа гэж хэлье. Миний сонгуульд үнэхээр авьяастай, мундаг хүмүүс оролцсон. Хиллари Клинтоны хувьд үнэхээр хүнд хэцүү хатуу өрсөлдөгч байлаа. Би эх орондоо хайртай” гэлээ.
О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп ялсны дараах америкчуудын дүр зураг

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж өнгөрлөө. Бүгд Найрамдах намыг төлөөлөн өрсөлдсөн тэрбумтан Дональд Трамп энэ удаагийн сонгуульд ялалт байгууллаа. Ялалтын дараах Америкийн ард түмний зургуудыг хүргэж байна.


Categories
гадаад мэдээ

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарлаа. Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 270 төлөөлөгчийн санал авснаар энэ удаагийн сонгуульд ялалт байгууллаа. Хиллари Клинтон өнөөдөр үг хэлэхгүй юм байна. Тэрээр өөрийнх нь төлөө ажилласан сонгуулийн штабынхандаа болон бүх хүмүүст талархлаа илэрхийлээд явжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Австралид суралцах оюутны тоог нэмэгдүүлэх боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбат Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн
Эрхт Элчин сайд Жон Лантриг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн
ой 2017 онд тохионо, өнгөрсөн хугацаанд хоёр талын найрсаг харилцаа боловсрол,
хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөжиж ирснийг
Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Австрали улс 1994 оноос Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгосон.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 440 орчим Монгол иргэн тус хөтөлбөрийн хүрээнд тус
улсад боловсрол эзэмшээд байгаа. Оюутан суралцуулах тэр дундаа уул уурхайн
мэргэжилтэн бэлтгэн гаргахад дэлхийд дээгүүрт бичигддэг тус улсын хувьд
тэтгэлгээр суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтойг Элчин сайд
хэллээ.

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэн
ажиллахаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Томоохон
төслүүддээ өндөр ач холбогдол өгч байгаагаа Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн
амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Оюутолгойн үйл ажиллагаа,
гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай танилцсан гэдгээ тэмдэглэлээ.

Categories
мэдээ улс-төр

Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд
Ж.Эрдэнэбат өнөөдөр Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд Ивана Гролловаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНЧУ-тай тогтоосон найрсаг харилцаа, хамтын
ажиллагааны түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа дурдаж, цаашид энэ хамтын
ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч хамтран ажиллахаа Монгол
Улсын Ерөнхий сайд илэрхийллээ.

Элчин сайд Ивана Гроллова, хоёр улсын худалдаа, эдийн засгийн
харилцаа идэвхтэй хөгжиж байгааг дурдаад 1996 оноос хойш үр дүнтэй хэрэгжиж
байгаа төслүүдийг уламжилж, эдгээр төслүүдийг цаашид үргэлжлүүлэхэд дэмжлэг
үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хооронд байгуулахаар
төлөвлөж буй хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурах Ерөнхий сайдаас хүсэв.

Уулзалтын үеэр Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн
эрхт Элчин сайд Ивана Гроллова Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Чех
Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урилаа

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэнээ зарлалаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрээр хуйвалдагчдаас төрөө хамгаалахыг уриалаад ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэнээ мэдэгдлээ. Ард түмний эрх ашиг гэдэг юунаас ч илүү чухал бөгөөд үүний төлөө зүтгэх нь миний ард түмэн, хойч үеийнхээ төлөө хийж буй миний үүрэг юм. Намайг эх болсон эх орон минь дуудаж байна. Тийм учраас эцсээ болтол зүтгэнэ гэлээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалаа ондоо багтааж төлөхгүй бол торгууль оногдуулна

Эрүүл мэндийн даатгалаа зурган илэрцүүдМонгол улсын нийт хүн амын 98 хувь нь эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд хамрагддаг гэх статистик тоо бий. Иргэд жил бүр 8040 төгрөг даатгалд төлж долоон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байсан бол шинээр мөрдөгдөж буй хуулийн дагуу даатгалд төлөх мөнгө 1-2 хувиар буюу 28-46 мянган төгрөгөөр нэмэгдсэн.

Ингэснээр иргэд эрүүл мэндийн даатгалаар 14 төрлийн үзлэг оношилгоо хийлгэх боломжтой болсноос гадна даатгалын мөнгөө тухайн жилдээ төлөөгүй бол торгууль оногдуулахаар болжээ. Тодруулбал, иргэд эрүүл мэндийн даатгалаа сар болон жилдээ багтааж төлөөгүй тохиолдолд даатгалд төлөх ёстой мөнгөн дүнг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно хэмээн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэ хуулийн 25.2.1-д заажээ.

Эрүүл мэндийн салбарын нийт орлогын 24 хувийг иргэний эрүүл мэндийн даатгал бүрдүүлдэг байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хувьд өнгөрсөн онд 231 сая төгрөг төвлөрүүлснээс 174 сая төгрөгийг давхардсан тоогоор 4.4 сая иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зарцуулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: Одоо “Стэнд бай”-г хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

-Ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж байна. Ямархуу байр байдалтай төсөв орж ирж байна вэ. Үүнд эдийн засагчийнхаа байр суурийг илэрхийлэхгүй юу?

-2017 оны төсвийн танилцуулга л орж ирчихээд байна, дөнгөж. Уг танилцуулгад 1.3 хувьтай байгаа өсөлтийг гурван хувьд хүргэх буюу 1.7 хувиар өсгөнө гэж байна. Энэ тоонд хүргэхийн тулд томоохон төслүүдийг эрчимжүүлэх асуудал яригдаж байгаа. Оюу толгойн далд уурхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Таван толгойн цахилгаан станцыг барьж байгуулах, төмөр зам, Эрдэнэс Таван толгойг эрчимжүүлэх, үр ашгийг нь нэмэгдүүлэх зэргээр томоохон төслүүдийг явуулснаар Монгол Улсын эдийн засаг гурван хувьд хүрнэ гэсэн асуудал яригдаж байгаа. Мөнгөний бодлогын хувьд инфляцийн түвшинг найман хувьд барина гэсэн. 2017 онд ДНБ-ийг 9.9 хувь руу оруулчихъя гэж байгаа. Ер нь томоор нь харвал томоохон төслүүдийг явуулна гэдэг цаг хугацааны асуудал. Гэтэл эдийн засгийн байдал тэр хугацаа хүртэл тэсч чадах уу. Үүнтэй холбоотойгоор бага хувийн хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг эрэлхийлж байгаа нь үнэн. Саналаа тавьчихсан байгаа нь ч үнэн. Зээлийн асуудал бол санал тавих төдий шатанд явна. ОУВС-гаас “Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд байгаа. Тус сангаас хүмүүс ирээд ажиллаж байгаа байх. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага гарч магадгүй. Өмнө нь хоёр удаа аваад хэрэгжүүлсэн байдаг. Гэхдээ газрын баялгийн үнийн өсөлттэй холбоотойгоор “Стэнд бай” хөтөлбөрөөс хурдан хугацаанд гараад байсан юм. Энэ удаад ОУВС-гийнхан ажиллаад манай Засгийн газартай хэлэлцэж тохирох юм бол ямар ч байсан дараагийнхаа амь тариаг авах хүртэл “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага гарч болно.

-БНХАУ-аас авах гэж буй зээлийг улс төрийн зорилготой гэж тодотгоод байгаа. Хэрвээ энэ зээлийг авбал газар нутгаа алдчихаж ч болзошгүй байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Ийм жишээ ойрхон болоод байгаа шүү гэдгийг хэлэх хүмүүс их байна?

-Гаднаас томоохон зээл хөтөлбөрийг авахад тэр асуудал заавал УИХ-аар орж ирнэ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэнэ гээд асуудал зөндөө. Саяхан орон нутгийн сонгууль болж өнгөрсөнтэй холбоотойгоор тийм яриа гарсан байх. Улс төрийн зорилго гэдэг нь өөрөө манайхан хэтэрхий улстөржөөд байгаатай холбоотой. Улс төрийн зорилготой гэдэг нь юуг яриад байна вэ гэхээр би Өмнөговь аймгаас сонгогдсон шүү дээ. Гэтэл Өмнөговь аймгийн газар нутгийг 4.2 тэрбум ам.долларын өрөнд тавьчихаад ирчихэж гэнэ ээ, барьцаанд тавьчихсан байна гэж зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.

Өмнөговь аймаг 61 мянган хүн амтай, тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд байна. Энэ томоохон зээл тусламжууд чинь УИХ-аар хэлэлцэгдэж байж эцэслэгдэн шийдвэрлэгддэг. Тэгж байж бид олон талаас нь авч хэлэлцэнэ. Үнэхээр газар нутгаа барьцаанд тавих зорилготой байна уу, үгүй юу гэдэг нь тодорхой биш. УИХ-аар хэлэлцэж, энэ мөнгийг эргээд яаж төлөх юм, тэд цаанаас ямар шаардлага нөхцөл тавьж байна вэ гэдгийг ярина. Одоо бүх юм тодорхойгүй байна. Зөвхөн Монгол Улсын талаас санал тавьж 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй зээл хэрэгтэй байна гэдгээ илэрхийлсэн.

Яагаад 4.2 тэрбум төгрөгийн асуудал яригдаад байна вэ гэхээр манайх зээлжих хувиа 88 гэчихсэн шүү дээ. Түүгээр бидэнд одоо 4.2 тэрбум ам.долларын зээл авах босго, боломж л байгаа юм. Тэрийг л хүмүүс шууд утгаар нь ойлгоод Хятадаас тийм хэмжээний мөнгө зээлчихэж байгаа юм байна гэж хүлээн аваад байна. Бусдаар бол дөрвөн тэрбум ам.доллар гаргаад өгчих улс нь хаана байгаа юм. Хятад өгөх гэж байгаа юм уу, үгүй ч юм уу. Тэд бидэнд дөрөв, хоёр эсвэл 500 сая ам.доллар өгөх гэж байгаа юм уу, бүх юм тодорхойгүй. Хэвлэлийнхний ингэж хардаад байгаа, ард иргэдийн яриад байгаа улс төрийн зээл гээд байгаа нь улстөржилттэй л холбоотой.

-Тэгэхээр эдийн засаг амь тариатайгаа залгах хүртлээ “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна уу?

-“Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлбэл амь тариагаа авах боломжтой болно. Энэ хөтөлбөр жаахан хумигдмал. Сөрөг тал нь гэвэл манай улсын эдийн засаг, улсын төсөв маань ОУВС-гаас хараат болж, орж гарч байгаа мөнгө нь хяналтад орж, зарим халамж зогсч болзошгүй.

-“Стэнд бай” хөтөлбөр нарийн шат дарааллаар өндөр хяналтын дор хэрэгждэг учир улстөрчид түүнээс хувьдаа мөнгө завших боломжгүй. Тиймээс Хятадаас хэцүүхэн нөхцөлтэй зээл авахаар улайрч байна гэж хардаж байгаа?

-Буруу л ойлголт. Хэн нэгнийг муулаад байх зохимжгүй. Гэхдээ ийм зүйлийг ард түмний сэтгэхүйд хэн суулгаад өгчихөв өө. Төрд гараад ирэхээрээ, том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээрээ мөнгө идээд эдийн засгаа хямраагаад байдаг гэдэг зүйлийг хэн суулгачихав гэдэг чинь өөрөө өөр асуудал болчихоод байна.

“Стэнд бай” хөтөлбөрийг авчихвал манай төсвийг ОУВС хянаад эхэлнэ. Тусгаар тогтносон улс маань ОУВС-гаас хараат болчихно гээд байгаа юм. Нөгөө талаас тэр зээл байна. Зээлгүй орон гэж байхгүй шүү дээ. Алдагдлаа нөхөхийн тулд зээл авч нөхөхөөс өөр аргагүй, магадгүй шууд эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортлоод эхлэх уул уурхайн бүтээгдэхүүн бэлэн байхгүй, өнөөдөр гэхэд “Эрдэнэт”-д асуудал гарчихаад л яваад байна. Эдийн засгаа шууд сэргээчих бололцоо бага байгаа тохиолдолд, элгээрээ уначихгүйн тулд яаралтай амь тариа хэрэглэхээс өөр аргагүй. Удахгүй “Чингис”, “Самурай” бондын хүү, үндсэн зээлээ төлж эхэлнэ гэхээр чинь үндсэндээ элгээрээ хэвтчихсэн эдийн засагтай байгаа бидэнд хэцүү шүү дээ. Тиймээс “Стэнд бай” хөтөлбөрийг эхний ээлжинд хэрэгжүүлж болзошгүй. Тэр нь ч дээр байж магадгүй. Жил, хагас жил хэрэгжүүлээд. Үүнээс их хэмжээний мөнгө авахгүй гэж бодож байгаа. Үсрээд л тэрбум ам.долларын зээл авах байх. Тэгээд үүгээр эдийн засгаа жаахан сэргээж байх хоорондоо нэг жилийн дараагаар урт хугацааны зээлээ олох боломжтой.

Одоо чинь зээлийн нөхцөлийг өөрчлөх гэж нэг юм яриад байна. Хугацааг нь уртасгаад хүүг нь багасгах зэргээр хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрчлөхийг ярьж байгаа. Бусдаар бол бүх улс л өртэй шүү дээ. Бүх улс гаднаас зээл авдаг. Манайхан зээл авахаараа эдийн засгийн өгөөжөө удаан хугацаанд өгдөг зам, барилга руу л оруулчихаараа өндөр хүүтэй арилжааны банкны шахуу арилжааны зээлээ эргээд гүйцэхгүй, хүүгээ төлөөд ирэхээрээ хүнд байдалд ороод байгаа юм.

-Эдийн засгийн үр ашгаа хурдан өгөх үйлдвэрүүд байгуулбал энэ байдал дээрдэнэ гэж тооцож байна уу?

-Эдийн засгийн үр ашгаа хурдан өгөх томоохон үйлдвэрүүд, төслүүдийг яаралтай оруулах хэрэгтэй. Баяжуулах, нефть боловсруулах үйлдвэр, олон хүнийг ажлын байраар хангах хөнгөн үйлдвэрүүдийг баривал эдийн засгийн онолоороо ажлын байртай болж эдийн засаг сайжирна. Гол нь эдийн засаг маань “Стэнд бай” хөтөлбөр, зээл аваад сайжирдаг юм биш. Хүмүүс ажлын байртай болбол цалинтай болно. Цалинтай болбол эдийн засагт мөнгө эргэлдэж эхэлнэ. Тийм болохоор ажлын байр бий болгож, түргэн ашгаа өгдөг үйлдвэрүүд рүү энэ гаднаас авах санхүүжилтээ оруулж ирэх хэрэгтэй. Ингэж санхүүжилт хийхгүй бол 20, 30 жилийн дараа үр ашгаа өгөх дэд бүтэц рүү хөрөнгө оруулах нь өнөөгийн нөхцөлд хүнд байна. Гэхдээ дэд бүтэц хөгжиж байж эдийн засаг хөгжинө гэдэг нь салшгүй л юм. Гэвч энэ бүхний харьцаа балансыг бариулахгүй бол болохгүй. Зээл авбал төсвийн алдагдлаа жаахан нөхөж багасгах ёстой. Үгүй ядаж ДНБ-ээ 3-5 хувь руу оруулаад ирвэл гадаад талд нэр хүнд өсчихнө. Хөнгөлөлттэй зээл авах, гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ гээд олон талын ач холбогдолтой л доо. Эдийн засгийн тал дээрээ орлого талаа нэмэгдүүлэх боломжоо хайх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дандаа зарлага тал руу яваад байна. Үгүй ядаж л энэ хэдэн хилийн боомтын эргэлтийг түргэтгэх ёстой. Жишээ нь, Өмнөговьд 30, 40 км урт машины цуваа байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэр гаалийг олон улсын чанартай болгож, түргэн эргэлтэд оруулж байвал Монголд орж ирэх мөнгө нь нэмэгдэнэ. Жижиг гэлтгүй иймэрхүү зүйлүүдийг харж тэгээд макро түвшинд нь том төлөвлөгөө гаргаад явчихвал Монгол чинь тавхан их наядын төсөвтэй. Ийм улс чинь эдийн засгийн хувьд сэргэх бүрэн боломжтой. Тийм учраас гаднаас, Хятадаас авах гэж байгаа зээлийг авахаас өмнө маш том улс төр явж байна, маш том хардалт бий болж байна. Энэ бүхэн хэзээ бодит болох вэ гэхээр Хятадын тал судалгаагаа хийгээд зээл өгөхөө илэрхийлснээс хойш харин нөхцөл нь юу юм гэдэг дээр УИХ-ын 76 гишүүн санаа бодлоо уралдуулна. Тиймээс ард түмэн одоо санаа бодлоо уралдуулаад хэрэггүй. Үүн дээр нь улстөрчид аваачаад улстөржүүлээд ард түмнийг талцуулаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь зээл авах нь дамжиггүй.

Улс төрийн сонгууль явагдсанаас хойш эдийн засагт гэгээлэг гэгээлэг юм болоод л байна. Хонины нэхий гурав, дөрвөн мянган төгрөг хүрчихлээ. Ямааны ноолуурын үнэ өслөө. Улс төрийн тогтвортой байдал, гадныхны хандах хандлага өөрчлөгдөж байна. Гадны хөрөнгө оруулагчид биднийг сонирхож эхэллээ. Янз бүрийн форум, уулзалтууд болж байна. Ингэж жаахан эерэг хандлагууд бий боллоо. Тийм болохоор одоо “Стэнд бай”-г аваад хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг байж мэднэ.

-Хууль зүйн байнгын хороон дээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ирж оролцож “Эрдэнэт”-ийн асуудалд тайлбар хийсэн нь олон хүний анхаарлыг татсан. МАН-ынхан бүгд түүн рүү дайрч байсныг урьдаар бэлтгэсэн асуултуудаас нь харж болохоор байсан?

-Ч.Сайханбилэгийн нэг л зүйл нь таалагдаж байгаа юм. Гадаадад байсан юмыг Монголд авчраад өгчихлөө гэсэн зүйл нь л таалагдаж байгаа. Гэхдээ Монгол Улс эрхзүйт, парламентын засаглалтай улс. Төрийн өндөрлөгүүд нь хуулийн хүрээнд ажлаа явуулахгүй байж ард түмнээ хуулиа хэрэгжүүл гээд шаардаад хэрэггүй шүү дээ. Тиймээс нэгдүгээрт, тэр үйл явц хуулийн хүрээнд явсан уу, үгүй юу гэдэг асуудал бий. Хоёрдугаарт, Монголыг тойроод цөлмөж байгаа Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очих ёстой юм уу, Монголын ард түмэн, гурван сая иргэний мэдэлд очих ёстой юм уу. Энэ хоёр асуудал дээр л гишүүд анхаарлаа хандуулж ярьсан. Үүнээс нэг л зүйл олж харсан. Хууль зөрчжээ гэдэг нь харагдсан. Үйл явдал болдгоо болоод өнгөрчихсөн байхад буруу тайлбар хийгээд зогсч байдаг Ерөнхий сайд байж болохгүй шүү дээ. Бүхнийг хуулийн хүрээнд л шийдчих ёстой байсан. Хуулийн хүрээнд шийдээгүй учраас юу болсон бэ гэхээр томоохон улстөрчид хуйвалдаж аваад эзэн суучихлаа гэдэг хардлага гарсан. Энэ хардлагыг гаргахын тулд одоогийн парламент ард түмэнд үнэн зөвөөр харуулах нь чухал. Тэр л өнцгөөс нь харж байна. Хуулийн хүрээнд явагдаагүй бол асуудлыг хуулийн хүрээнд нь шийдэх ёстой. Үүний цаана томоохон улстөрч, олигархи оролцсон бол тэрийг ил гаргах ёстой. Тэгэхгүй бол Монгол ганцхан эзэнтэй болох гээд байна.

Хууль, хяналтын байгууллагууд энэ үйл явц хууль зөрчсөн эсэхийг шалгаад гаргаад ирэх ёстой, үнэхээр хууль зөрчсөн байвал хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Ийм шийдэл гаргах байх. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг гаргах эцсийн шийдвэр гаргалаа гэж харж байгаа.

-УИХ-ын гишүүдийн хувьд төсөв хэлэлцэх үеэр гадны хөрөнгө оруулагчдыг татах нь хамгийн зөв алхам. Тэднийг татахын тулд зоригтой алхам хийх ёстой гэцгээж байсан. Хөрөнгө оруулагчид ч биднийг сонирхсон хэвээр байгаа гэдгээ илэрхийлээд байгаа?

-Гадны хөрөнгө оруулагчид ямар нөхцөлд орж ирэх вэ гэхээр улс төрийн тогтвортой байдал. Хоёрдугаарт, мөнгөний бодлого, зээлтэй холбоотой асуудлаа зөв шийдвэрлэсэн байвал. Хөрөнгө оруулагчид биднийг сонирхож байгаа гэдэг нь үнэн. Сонирхол байгаа мөртлөө яагаад орж ирэхгүй байна вэ гэдэг дээр тэр саадыг нь арилгах ёстой. Тэр саадыг арилгахын тулд Монгол Улсын Засгийн газар ажиллаж ёстой болчихоод байна. “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засаг сахилга баттай боллоо гэж бодъё. Энэ хөтөлбөрөөс гараад авсан жаахан зээлээ төлөөд цаашилбал зээлжих зэрэглэл маань тогтворжоод эхэлнэ. Эхний удаад хөрөнгө оруулагчид төрийн маш их дарамттай байсан учраас зугтаагаад гарсан. Улс төр нь тогтворгүй байсан. Засгийн газар нь байнга солигдож өнөөдөр нэг сайдтай ярьсан бол маргааш өөр нэг сайдтай ажил ярих болчихоод байлаа. Гэх мэтчилэнгийн шалтгаанаар гадны хөрөнгө оруулагчид гараад эдийн засаг тогтворгүй болоод эхэлсэн. Тэгэхээр сахилга баттай эдийн засагтай, тогтвортой улс төртэй байвал гадны хөрөнгө оруулагчид дахин орж ирнэ. Хөрөнгө оруулагчид ийм байдал нэхэж байгаа нь зөв. Бид тэр шаардлагыг нь биелүүлэх хэрэгтэй.

Д.ГАНСАРУУЛ