Categories
мэдээ улс-төр

УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаархи танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хийсэн юм.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 17 зорилт, 104 бодлогын арга хэмжээг тусгажээ. Түүнчлэн эдгээр зорилт, арга хэмжээ тус бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тодорхой зааж өгсөн. Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агентлагаас ирүүлсэн саналд үндэслэн, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан гэдгийг сайд танилцуулгадаа онцоллоо

Үндсэн чиглэлийн төсөлд Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх; инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх; валютын орох урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй, валютын нөөцийг хамгаалах зарчим баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Харин Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох; энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж, хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог сайжруулан, хөрш орнуудад хийх худалдааг өргөжүүлэх бодлого баримтлах; батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг сайжруулж, улс орныг батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тусгасныг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдлаа.

Мөн салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 104 арга хэмжээний хүрээнд нийтдээ 5.3 их наяд төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр 327.6 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 825.2 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан болохыг танилцуулсан юм.

Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Энх-Амгалан, С.Батболд, Ж.Энхбаяр нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан тус байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй 6 санал гаргаснаас 4 нь олонхийн дэмжлэг авч, хоёр санал дэмжигдсэнгүй.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тогтоолын төслийн хавсралтын 4 дүгээр зорилтын 2 дахь хэсэгт “хөнгөн үйлдвэрийн техникийн парк байгуулах”, хавсралтын 16 дугаар зорилтын 3 дахь хэсэгт “гадаад худалдааг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх” гэж нэмэх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тогтоолын төслийн хавсралтын 12 дугаар зорилтын 4 дэх хэсэгт “программ хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, хавсралтын 17 дугаар зорилтын 2 дахь хэсэгт “кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог сайжруулах, чадавхийг нэмэгдүүлэх” гэж тус тус нэмэх санал гаргаж олонхийн дэмжлэг авсан юм.

Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

”Ус руугаа бохир нийлүүлдэг газар байхгүй”

Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат нар өнөөдөр /2016.11.09/ Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлахаар Төв болон Харгиа цэвэрлэх байгууламж, мөн Шувуун фабрикийн орчимд хайрга олборлодог карьеруудын үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Өргөдлийн байнгын хороо нь Туул голын бохирдлыг бууруулах, урсацыг хамгаалах, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, усны чанарын стандартад хүргэхэд шаардлагатай арга хэмжээг авах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тогтоол гаргаж, Ажлын хэсгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан байна.

Ажлын хэсгийн гишүүд эхлээд Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, түүний шинэчлэлийн хэрэгжилтийн байдал, тулгамдаж буй бэрхшээлийн талаар мэдээлэл солилцон холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авахын зэрэгцээ үүрэг, чиглэл өглөө.

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү мэдээлэл хийх үеэр, тус цэвэрлэх байгууламж нь хоногт дунджаар 160000-190000 м3 бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт ягаан туягаар халдваргүйжүүлсний дараа Туул голд нийлүүлдэг. Бохир усны худгийн ихэнх нь удаан хугацааны ашиглалтын явцад элэгдэж хуучрах, хагаралт цууралт үүсэх зэрэг гэмтлүүд тохиолдож байгаагаас тус байгууламжийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргээд байна. Иймд 250 000 шоометр/хоног хүчин чадал бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү асуудал өчигдөр /2016.11.08/ зохион байгуулагдсан “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж, шинэ Төв цэвэрлэх байгууламжийг барихын тулд шинээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах бус өмнө нь боловсруулагдсан техник эдийн засгийн үндэслэлийг ашиглаад явах нь зөв гэсэн байр суурь илэрхийлэгдэж байсан гэлээ.

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ, Нийслэлийн иргэдийн 97.5 хувь нь Туул голоос ундаалдаг гэтэл бид өөрсдийнхөө ундаалдаг ус руугаа бохир нийлүүлж байна. Туул голыг бохирдуулж буй гурван үндсэн хүчин зүйлс бол цэвэрлэх байгууламж болон арьс, ширний үйлдвэрүүдээс гарч буй бохир мөн Туул голын орчмоос элс, хайрга олборлож байгаа явдал нь голын урсацыг багасгах, байгалийн тэнцвэрийг алдагдуулахад хүргээд байна. Саяхан хийгдсэн судалгаагаар Туул голын усыг цэвэршүүлсний дараа гэдэсний өвчин үүсгэдэг савханцар нян илэрсэн. Иймд УИХ-ын зарим гишүүд Туул голыг хамгаалах тусгай хууль гаргах тухай санал нэгдээд байгаа гэлээ.

Дараа нь Ажлын хэсгийн гишүүд болон дагалдан яваа албаны хүмүүс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Шувуун фабрикийн орчимд хайрга олборлодог карьер болон Харгиа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат хэлэхдээ, Туул голын ай савуудыг ихээр сүйтгэж байна. Туул голын энгийн хамгаалалтын бүсээс элс, хайрга олборлож буй аж ахуйн нэгжүүд хэдийгээр тусгай зөвшөөрөл авсан хэдий ч нөхөн сэргээлт хийхгүй байна. Үүнд хариуцлага тооцуулах тал дээр бид ажиллаад зогсохгүй эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар ажиллах болно гэлээ. Түүнчлэн Туул голыг бохирдуулж буй бусад хүчин зүйлсийг арилгахад шат бүртээ хяналтаа сайжруулж, хууль эрх зүйн асуудлыг боловсронгүй болгох нэн шаардлагатй байна гэж анхаарууллаа.

Гишүүд дээрх газруудын үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм

Categories
мэдээ нийгэм

П.Ганхүү: Эгийн гол болон Ховд голын усан цахилгаан станцуудыг барих ажлыг эхлүүлэхээр зорьж байна

Эрчим хүчний сайд П.Ганхүү Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзахдаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хоёр орон хэрхэн хамтран ажиллах боломжтой тухайд онцолж ярилцлаа. Элчин сайд Галт МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсөл ажлуудын талаар сонирхож, АНУ-ын зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлд түлхүү хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэв.

Сайд П.Ганхүү Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулж мэдээлэл өгснөөс гадна монголын сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд АНУ-ын Мянганы хөгжлийн сангаас үзүүлсэн дэмжлэг үр дүнгээ өгч, Салхитын 50МВ т-ын төсөл загвар болж байгааг тодотгов.

Хатагтай Галт “Монголын уул уурхайн салбарт Америкийн томоохон хөрөнгө оруулалт байдаг нь Оюутолгой төсөл. Монголын олон залуус Оюутолгойд ажиллаж байгаад баяртай байна. Цаашид манай зүгээс нар, салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний аль ч чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэв.

Сайд П.Ганхүү “Оюутолгой уурхайн цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээр хангах нь чухал болсон. Олон жилийн турш яригдсан Тавантолгойн цахилгаан станцыг Засгийн газар, Эрчим хүчний яамнаас дэмжиж ирэх онд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Оюутолгой уурхай өнөөдөр жилдээ 100 сая ам.долларын цахилгаан эрчим хүч худалдан авдаг. Цаашид далд уурхай ашиглалтад ороход эрчим хүчний хэрэглээ хоёр дахин нэмэгдэж, жилд хоёр сая ам.долларын өртөг бүхий цахилгаан шаардах учраас энэ бол Засгийн газраас ач холбогдол өгч буй томоохон төслийн нэг. Санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалж Тавантолгойн 450 МВт-ын цахилгааны станцыг сэргээгдэх эрчим хүч бус нүүрсний эх үүсвэрээр шийднэ. Цаашид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой харьцаагаар хөгжүүлж нар, салхины цахилгаан станц, Эгийн гол болон Ховд голын усан цахилгаан станцуудыг барих ажлыг эхлүүлэхээр зорьж байна. Америк, Монголын харилцаа сэргээгдэх эрчим хүчний салбарт хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдал, байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжлийн бодлогыг тэргүүлэх чиглэл болгоход зорьж байгаагаа танилцуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

“ИТХ-д хүүхдүүдийн төлөөлөл оролцож санал бодлоо тусгуулах шаардлагатай” гэв

Манай улсад ЕБС-ийн 486 дотуур байранд 32 мянга гаруй сурагч амьдарч байна. Тэдгээрийн төлөөлөл болох Баян-Өлгий, Ховд аймгийн дотуур байрны хүүхдүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, түүнээс гарах арга замыг эрэлхийллээ.

Баян-Өлгий аймгийн Толбо суманд Норвегийн тусламжийн байгууллагаас санаачлан БСШУСЯ болон ЗГХА Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЗДТГ хамтран “Дотуур байр- Хүүхдийн хөгжил, оролцооны орчин” сэдэвт форумыг амжилттай зохион явууллаа. Гурван өдөр үргэлжилсэн тус форумд дотуур байрны хүүхдүүд, багш, нийгмийн ажилтан, тогооч, жижүүр, сургуулийн удирдлагууд, холбогдох яам, агентлагийн дарга, мэргэжилтнүүд зэрэг нийт 150 орчим төлөөлөгч оролцсон юм.

Дотуур байрны хүүхдүүд тухайн жилийнхээ 250 гаруй хоногт нь эцэг эхээсээ хол амьдарч байна. Энэ нь тэдэнд онцгойлон анхаарал хандуулах шаардлага буйг харуулж байна. Тиймдээ ч гурван өдрийн турш чуулахдаа нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэхээс гадна хөгжил, оролцоогоо хэрхэн хангах тал дээр санал солилцлоо.

Тухайлбал, хүүхдийн оролцоог дэмжсэн үйл ажиллагаа түлхүү зохион байгуулах тэднийг манлайлалд сургахын зэрэгцээ орон нутгийн удирдлагад хандаж асуудлаа хэлэлцэх, ИТХ-д хүүхдүүдийн төлөөлөл оролцож санал бодлоо тусгуулах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Цасаа цэвэрлээгүй ААН-үүд халтирч гэмтсэн иргэдийн хохирлыг барагдуулна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүйтэрсэнтэй холбоотойгоор албан байгууллагын эзэмшлийн талбайд бэртэж гэмтсэн иргэд тухайн албан байгууллагаас хохирлоо нэмэмжлэх боломжтой аж. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон” байдаг.

Тиймээс аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэн, орчны 50 метр талбайнхаа цас мөсийг цэвэрлэх ёстой юм. Үүргээ биелүүлээгүйн улмаас иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс хохирлоо барагдуулахыг нэхэмжлэх эрхтэй ажээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь хувь улстөрчийн шийдвэр

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлалаа-

Тэрээр “Захиалгын УИХ-ыг бүрдүүлж, хуйвалдааныхаа төрийг бэхжүүлэх ажлыг улам эрчимжүүллээ. Үүний нэг тод жишээ нь сонгогчдын дөч орчим хувийн дэмжлэг авсан Ардчилсан нам УИХ-ын суудлын 10 гаруйхан хувийг эзэлж байхад, 60 гаруй суудлыг буюу 85 хувийг МАН эзэлж байгаа явдал юм. Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн хуйвалдааны бүлэглэл ард түмэндээ амласнаасаа буцаж, төрийн бүхий л салбарт хяналтаа тогтоохоор мэрийж байна. Мөн Монгол Улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, хуйвалдааны аргаар өөрийн болгосноор цөөнхийн ноёрхлыг он удаан жилээр хадгалж, мөнхөд засаглахаар санаархаж байна. Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гудаан доромжилж, үнэнийг эрх мэдэл, мөнгөөр хаана гэж бардам зан гаргаж байна. Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглийн санаархлыг тас зохиж, Монгол төрөө хуйвалдагчаас тусгаарлах, чөлөөлөх цаг нь ирсэн. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаалан гэсэн үгэндээ эзэн болж, бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ. Учир нь улам бүр үнэгүйдэн алсарч байгаа шударга ёс, хуулийн тогтолцоог сэргээн босгож, Монголын нийгэмд үүрлэсэн худал хуурмагийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо. Өнөөдөр авлигатай тэмцэх гэдэг нь улстөрчид өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болгож байна. Хуйвалдааны бүлэглэл өөрсдийнхөө хууль бус үйлдлийг гавьяа мэт ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавина. Монголчууд сүүлийн 26 жилийн турш тэмцэж ирсэн ардчилал бүрэн унаж байна. Хүний эрх, эрх чөлөөний төлөөх бидний үг хоосон үг мэт болох бодит аюул нүүрлэлээ. Монголын заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Хэн нь хэн бэ гэдгийн тод ялгаа одоо харагдаж байна. Цаг иржээ. Монгол орноо газар авсан хуйвалдааны бүлгээс чөлөөлөх энэ тэмцлийг өнөөдрөөс өргөн хүрээнд эхлүүлье. Хуйвалдааны Төрд битгий давар гэж хэлье. Эрх чөлөөт Монгол, тусгаар тогтносон Монгол цаашид ч орших болно. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг, урсдаггүй гол ширгэдэг. Эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Миний Монгол үүрд мандан бадраг.

Мэдээллийн үеэр сэтгүүлчид түүнээс дараахь асуултад хариулт авлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тань хувь ултөрчийн шийдвэр үү, намаас гаргасан шийдвэр үү. Мөн таны эхнэрийг хилээр гаргахыг хориглолоо. Энэ талаарх та тайлбар өгөхгүй юу?
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь хувь улстөрчийн шийдвэр. Манай эхнэр, хүүхэд, миний эргэн тойрны хүмүүсийн асуудал бол бодиттой асуудал биш. Намайг Ерөнхий сайдаас огцруулсан үеэс эхэлсэн гүтгэлэг. Харин одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн том кампанит ажлуудын өчүүхэн хэсэг нь юм.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ийн ажилчид Ц.Оюундарийг шалгуулахаар АТГ-т ханджээ

МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн дундуур өчигдөр Ц.Оюундарь захирлын эсрэг мэдэгдэл гарсан нь олны анхаарлыг татлаа. Уг мэдэгдлийг МҮОНРТ-ийн “Ажиллагсдын түр хороо”-ноос тус телевизийн Үндэсний зөвлөлд хандан гаргажээ.

Мэдэгдэлд “Ц.Оюундарийг 2015 оны нэгдүгээр сард АН-ын “генсек”-ийн тамгаа хүлээлгэж өгөөгүй байхдаа МҮОНРТ-д улс төрийн зорилгоор томилогдон ажилласан” тухай дурдсан байна. Мөн ажиллах хугацаандаа олон нийтийн телевизийг “улстөржүүлж” уран бүтээлчдийн ажиллах нөхцлийг доройтуулсан гэжээ.

Түүнчлэн халаа сэлгээ ихээр явуулдагаас гадна шилэн данс хөтөлдөггүй байсныг ч онцолсон байна. Энэ нь төсвийг үр ашигггүй зарцуулдаг байсантай холбоотой бөгөөд санхүүгийн зөрчилтэй баримтууд ч илэрсэн гэж мэдээлжээ.

Үүний зэрэгцээ МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийг 50 дугаар суваг руу “цөлж”, үзэгчдээс холдуулж, дампууруулсан нь цаашлаад улс төрчдийн хувьчилж авах нөхцлийг бүрдүүлж байгаа гэх.

Тиймээс Ц.Оюундарийг ажлаа өгөхийг шаардаж буй аж. Энэ дагуу өнөөдөр МҮОНРТ-ийн Ажиллагсдын түр хорооноос АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байна.

Харин дээрх мэдэгдэл, мэдээллийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь үгүйсгэлээ.

Тэрээр “Цагийн хүрдээр гарсан мэдэгдлийг МАН-ын явуулга ч гэж үзэх хүмүүс байна. Тийм зүйл огт байхгүй шүү. Нам энд огт хамаагүй. Манай ММ-ийн ажилтнууд бүгд мэдээгээ хийж дуусаад эфирт өгчихөөд явчихсан байж. Энэ эзгүй үеэр тэр дарга эфирт бэлэн бэлтгэсэн ийм мэдээ оруулж ирээд шууд “Цагийн хүрд” дундуур өгсөн байгаа юм. Ийм ёс зүйгүй байж болохгүй л дээ… Манай сэтгүүлчид байсан бол хэн нь ч ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй байх байсан” хэмээгээд эл асуудлыг Монголын мэдээ сувгийн захиралтай холбон тайлбарлажээ.

МҮОНРТ-ийн ажилчид Ц.Оюундарийг шалгуулахаар АТГ-т ханджээ

Categories
мэдээ улс-төр

​Ч.Содномцэрэн: Сонгуулиар ирц зааж тогтоодгийг өөрчлөх саналтай байна

Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны УИХ-ын сонгууль, сонгуульд нэр дэвшигчдийн хандивыг аудитын байгууллагаар шалгуулсан тухай болон Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой зарим мэдээллийг өгөхөөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хурлын эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Манай байгууллагын зүгээс өнгөрсөн сонгуулийн бүхий л мэдээллийг өөрийн веб сайтдаа нийтэлсэн. Үүнээс дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч болно. УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын дүн мэдээг тухайн бүрд нь зарлаж байсан. Нам эвсэл, нэр дэвшигчдийн хандивын тайланг аудитын газраар хянуулсан. Үндэсний аудитын газраас мэдээлснээр 15 нам эвслээс 13 нь тайлангаа хуулийн хугацаанд өгсөн гэнэ. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай учраас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзэж УИХ-д хүргүүлсэн. Мөн УИХ-ын сонгуультай холбоотой эрх зүйн зохицуулалтын бодлого боловсруулж УИХ-д хүргүүлэх болно” гэлээ.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад дараахь байдлаар хариулав.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан гэж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Сонгуулийн тухай хууль гэж нэгдсэн бүлэг хууль бий. Үүнд бүх шатны сонгуулийн эрх зүйн орчин нэгдчихсэн байгаа. Энэ нь зарим шатны сонгууль явуулахад хүндрэлтэй байна. Тийм учраас энэ хуулиудыг тус тусад нь боловсруулан гаргах нь зөв юм. Мөн өнгөрсөн сонгуулиудаас харж байхад одоо мөрдөж буй сонгуулийн тухай хуулинд зайлшгүй өөрчлөлт орох шаардлагатай заалт бол бий. Бусад улс оронд ямар нэгэн сонгууль явуулахдаа ирц зааж тогтоодоггүй. Харин манай улсад 50 хувь гэж тогтоосон. Үүнийг болих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол сонгуулийн үйл явц, ажил удаан болж байна. Тэгэхээр энэ бүгдийг бид салган оруулах саналтай байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд ирц зааж өгнө.
-Орон нутгийн сонгуулиар УИХ-ын сонгуулиар ашиглаж байсан санал өгсөн хуудас гарч ирсэн гэсэн мэдээлэл байна. Сонгуулийн ирц хүрэхгүй байгаа шалтгаан нь СЕХ тааруухан ажилласантай холбоотой юу?
-Ирцийн судалгаагаар залуучууд энэ удаагийн сонгуульд идэвхгүй оролцсон гэсэн дүн гарсан. Гэртээ унтаад, хэвтэж байгаа хүнийг СЕХ-ноос очиж босгоод чи саналаа өгөх хэрэгтэй гэсэн шахалт байж болохгүй л дээ. Үндсэн хуулиараа сонгох, сонгогдох эрхтэй шүү дээ. Тэгэхээр манай залуучууд өөрсдөө Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх шаардлагатай. СЕХ, хэвлэл мэдээллийн салбар хангалттай сурталчилгаа явуулсан.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ спорт

ДАШТ-нд зодоглох бөхчүүдийн нэрс тодорлоо

ДАШТ-нд зодоглох бөхчүүдийн нэрс тодорлоо зурган илэрцүүдУнгарын Будапешт хотноо ирэх сарын 10-11-ний өдрүүдэд чөлөөт бөхийн олимпийн бус жингүүдийн ДАШТ болно. Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах барилдаан өнөөдөр боллоо. Ийнхүү эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 70 кг-д Азийн аварга Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 55 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонцэцэг, 60 кг-д Б.Шоовдор нар ялалт байгуулж, ДАШТ-д зодоглохоор эрхээ авлаа.

Categories
мэдээ улс-төр

​АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар хэн юу хэлэв?

Хэдхэн хормын өмнө АНУ-ын Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп сонгогдлоо. Дэлхийн хамгийн нөлөө бүхий их гүрний Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудсанд “Дөнгөж сая Хиллари Клинтон Дональд Трамп руу утасдаж сонгуулийн дүнг зөвшөөрчээ. Үндэснийхээ эрх ашиг, хийж бүтээхийн талд сонгогчид нь зогсов” хэмээсэн байна.
Мөн АНУ-аас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Майкл Макфол өөрийн твиттер хуудаснаа ингэж жиргэжээ. Тэрээр энэхүү сонгуульд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нөлөөлсөн гээд “Путин манай сонгуульд гараа сунгаж өөрийн хүнээ АНУ-ын төрийн тэргүүн болголоо”гэжээ. Сануулахад Дональд Трамп ялалт байгуулбал Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө Путинтай уулзана гэж мэдэгдэж байсан билээ.

О.ӨНӨР