Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дөнгөж сая хуралдаан өндөрлөлөө.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим асуудлаар холбогдох сайд нарт үүрэг өгөв. Тухайлбал, Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллахдаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой зэрэг компанийн удирдлагуудад тодорхой үүрэг өгсөн. Энэ үүргийн биелэлтийг хангах, хяналт тавих, мөн Гашуунсухатын боомтын талаар авах арга хэмэээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллахыг холбогдох сайд нар үүрэг болголоо.
Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад, валютын ханшийн өсөлтийг барих талаар холбогдох байгууллагуудтай зөвшилцөн судалж засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулахыг Сангийн сайдад үүрэг болголоо. Тухайлбал:
- Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох,
- Арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах,
- Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болгов.
-ТӨРИЙН ӨМЧИТ ХОЁР ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ НЭГТГЭЛЭЭ-
“Төрийн үйлчилгээ”, “Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаа” гэж төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг тус тус зогсоож, тус хоёр үйлдвэрийн газрын гүйцэтгэж байсан чиг үүрэг, хөрөнгө санхүү, хүний нөөцийг нийлүүлэн “Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчиллөө. Мөн тус газрын дүрмийг баталлаа.
-ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД 259 ХУУЛИЙГ ШИНЭЧИЛНЭ-
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Үндсэн чиглэлийн төсөлд ирэх дөрвөн жилд 259 хуулийн төсөл, УИХ-ын 16 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ. Холбогдох нийт 43 байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн уг үндсэн чиглэлд тусгах хууль тогтоомжийн жагсаалтыг гаргасан байна. Ирэх дөрвөн жилд өөрчлөх 260 хууль, тогтоолын төслийг санаачлагчаар нь үзвэл Засгийн газар 238, УИХ-ын гишүүд 17, Ерөнхийлөгч 4 хуулийн төслийг санаачлахаар тус тус тусгажээ.
-МОНГОЛЫН ХЭСГИЙГ ШАДАР САЙД АХАЛНА-
Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Зөвлөлийн бүрэлдэхүүний Монголын хэсгийн даргаар Монгол Улсын Шадар сайд ажиллана. Зөвлөлийн анхдугаар хуралдаан ирэх сард БНХАУ-ын Бээжин хотод болох юм. Уг хуралдаанд болон хэлэлцэх асуудалтай холбогдуулан Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
-ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ЗЭЭЛИЙН ОЛГОЛТЫГ ЗОГСООХГҮЙ, “ТҮР ЖУРАМ”-ААР ЗОХИЦУУЛНА-
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх арваннэгдүгээр сард УИХ-аар хэлэлцэнэ. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгодог хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг саадгүй, тасралтгүй явуулах нь эдийн засгийн болон нийгмийн ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. Тийм учраас уг хуулийн төслийг батлагдах хүртэлх хугацаанд үйлчлэх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжих хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах түр журмыг баталлаа. Уг түр журмаар 2016 онд олгогдох 35 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.
-ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ТООГ БАТЛАВ-
Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг Засгийн газрын тогтоолоор баталлаа.
Гадаад ажилчдын тоо нь тухайн байгуллагын нийт ажилчдын таван хувиас хэтрэхгүй байхаар тогтоолоо. Тогтоосон квотын 50 хүртэлх хувьтай тэнцэх гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, 50-иас дээш бол Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болголоо.
2016 оны аравдугаар сарын байдлаар 11072 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 33 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2015 онд 43 тэрбум төгрөг төвлөрч байсан бол 2016 онд 37.8 тэрбум төвлөрүүлэхээс энэ оны аравдугаар сарын байдлаар 12 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа юм байна.
ТОВЧ МЭДЭЭ
- Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй болох юм.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн журмыг шинэчлэн баталлаа. Дүрмийн шинэчлэлийн гол зохицуулалт нь уг зөвлөл нь Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажиллах юм.
- УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд уг төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хэд хэдэн хуультай зөрчилдөж байгаа тул дэмжих боломжгүй гэж үзэв.
- УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар болов.