Д.Трамп гэр бүлийн хамт
АНУ-д өнгөрсөн мягмар гарагт болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнгээр Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдсөн Д.Трамп ялалт байгуулснаар тус улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр ажиллах нь тодорхой болов. Тэрбээр ялалт байгуулахад шаардлагатай 270 саналаас илүү буюу 276 санал авснаар тус улсыг ирэх дөрвөн жил удирдахаар болж байна. Харин гол өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон 218 санал авсан юм. Тэрбээр Д.Трамптай утсаар холбогдон ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ. Д.Трампын мөрийн хөтөлбөртөө тусгасан гол асуудлуудын нэг нь цагаачлалын бодлогыг шинэчилж, цагаач иргэдийн тоог хумих юм. Мөн терроризмтой тэмцэх, тэр дундаа “Лалын улс”, “Аль Кайда” зэрэг алан хядах бүлэглэлүүдийн эсрэг хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Бүгд найрамдах нам татварыг багасгана гэсэн амлалт өгдөг ч тус намаас нэр дэвшигч Трамп уг бодлогыг сөрж, татварыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн юм.
Д.ТРАМП ГЭГЧ ХЭН БЭ?
Тэрбээр 1946 оны долдугаар сарын 14-нд АНУ-ын Нью-Йорк хотноо мэндэлжээ. Үл хөдлөх хөрөнгийн магнат, дэлхийн 324 тэрбумтан, АНУ-ын 133 дахь тэрбумтан. Түүний нийт хөрөнгө есөн тэрбум ам.доллар аж. Телевизийн реалити шоуны од тэрбээр 2000 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан удаатай. Д.Трампын эцгийн тал герман гаралтай хүмүүс, харин ээж нь Шотланд гаралтай. Трампын амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн хүн нь эцэг Фред. Дональд Трампыг зан аашийн хувьд аавыгаа дуурайсан гэдэг. Эцэг нь сахилгагүй, хэл ам таталдаг хүүгээ 13 настайд нь Нью-Йоркийн цэргийн академид оруулж байж. Чухам энэ үеэс Дональд өрсөлдөөн гэж юу болох, хүссэндээ хүрэхийн тулд бага зэрэг догшин авиртай байх нь илүүдэхгүй гэдгийг ойлгосон юм. Хар багын спортод дуртай тэрбээр бейсбол, сагсан бөмбөг, хөлбөмбөгөөр хичээллэдэг байжээ. Трампын хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч нь Теодор Добиас бөгөөд хожмоо түүнийг “Тэр тамирчин болох байсан юм” гэж дурссан удаатай. Д.Трамп 1964 онд Фордхэмийн их сургуульд элсэн оржээ. Хоёр жилийн дараа Пенсилвань мужийн Санхүү худалдааны их сургуульд шилжин суралцсан байна. Трамп 1968 онд Уортоны их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй дүүргэжээ. Оюутан Трамп онц сурлагатан биш ч архи, тамхи хэрэглэдэггүй, амбицтай залуу байж. Хожим нэлээд баяжсан хойноо л хүүхэмсэг зангаараа алдаршсан гэдэг. Эцгийнхээ эрхэлдэг үл хөдлөх хөрөнгийн наймааг сонирхож, хэзээ нэгэн цагт эцгээсээ илүү том гарын бизнесмэн болно гэж мөрөөддөг байжээ. Оюутан байх үеэс нь эцэг нь үл хөдлөх хөрөнгийн бизнестээ туслуулах болжээ. Охайо мужийн Цинцинати хотын дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны цогцолборыг худалдаж авсан Трамп, зургаан саяар авсан цогцолбороо улсаар засуулж, 12 сая ам.доллараар эргүүлэн зарж байжээ. Энэ амжилттай наймаа нь урам хайрласан талаар хожмоо дурссан байдаг. Тэрбээр анхны сая ам.доллараа олсон даруйдаа Манхеттанд амьдрах болжээ. Даруухан орон сууцанд амьдран Нью-Йорк хэмээх мөнгөний уурхайг судлах болж. 28 насандаа Манхэттений баруун хэсэгт бизнес төв барьжээ. Мөн “Commodore” хэмээх тансаг зэрэглэлийн зочид буудлыг завсарлах тендерт ялав. “Коммодор” зочид буудлын шинэ сүлжээ болох Гранд Хаяатыг дампуурлаас аварсан талаар нь хэвлэлээр шуугьсанаас хойш олны хараанд орж, Нью-Йорк хотын барилгын салбарт нөлөөгөө тогтоож эхэлжээ. Өөрийн нэрээр нэрлэсэн цамхаг нь түүнийг барилгын магнат болгосон гэдэг. Трамп цамхагт Саудын Арабын хаан, Софи Лорен зэрэг алдартнууд байртай болсон нь энэхүү төсөлд маш том сурталчилгаа болсон байдаг. Энэ үеэс хойш Д.Трампын барьсан байшинд амьдрах нь нэр төрийн баталгаа гэсэн ойлголт хэвшиж эхэлсэн юм.
Д.ТРАМПЫН ГЭР БҮЛ
Түүний эхнэр Меланья Трамп өдгөө 46 настай. Словени гаралтай. Загварын шоу бизнест 16 настайдаа хөл тавьсан гэдэг. Тэд 2005 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ. Словенийн их сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр дүүргэсэн тэрээр 1996 оноос хойш Нью-Йорк хотод амьдарч байна. Тэрээр загвар өмсөгчийн хувиар зар сурталчилгааны топ компаниудад ажиллаж байсан нэгэн. Мөн “Vogue”, “Harper s Bazaar”, “GQ”, “In Style” зэрэг алдарт сэтгүүлийн нүүрийг чимж байсан тэрээр буяны үйлстэн гэдгээрээ алдартай. 2005 онд Улаан Загалмайн нийгэмлэгийн Америк дахь салбарын сайн дурын элч болж байв. Харин түүнээс таван жилийн дараа “QVC” брэнд бүхий үнэт эдлэлийн хувийн цуглуулгыг бүтээжээ. Меланья Трамп эр нөхрийнхөө сонгуулийн өмнөх кампанит ажилд оролцсон нь бас дуулиангүй өнгөрсөнгүй. Охайо муж улсын Кливлендэд өнгөрсөн долдугаар сард болсон Бүгд найрамдах намын их хурлын үеэр үг хэлж байжээ. Тэрбээр энэ үеэр АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамаг 2008 онд болсон Ардчилсан намын их хурал дээр үг хэлэхдээ бусдын хэлсэн үгийг ашигласан гэж буруутгасан удаатай. Д.Трамп ч этгээд ааш үйлдлээрээ ч алдартай нэгэн. Гурвантаа гэрлэж, таван хүүхэд, найман ачийн өвөө болоод байна. Анхны эхнэр нь Ивана Зельничкова. Тэд 1977 онд гэрлэж байжээ. Чехословакийн цаначин, хожмоо фото модель, амжилттай бизнес эмэгтэй болсон тэрээр Дональд, Иванка, Эрика гэсэн гурван хүүхэд төрүүлж өгчээ. Гэвч 1993 онд тэд салцгаасан байна. Хоёр дахь эхнэрээрээ Д.Трамп жүжигчин, продюсер Марла Мейплзийг сонгожээ. Гэрлээд зургаан жил болсон бөгөөд 1999 онд салжээ. Тэрээр энэ тухай ярихдаа ажлаас нь үүдсэн элдэв өрсөлдөөнийг эхнэр нь давж чадаагүй гэсэн байдаг. Тэдний дундаас Тиффани Ариана охин нь мэндэлжээ. Харин 2005 онд Д.Трамп өөрөөсөө 24 дүү Меланье Кнаус бүсгүйтэй гэрлэсэн аж. Тэдний дундаас хүү Бэррон Уильям мэндэлсэн юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн мягмар гарагт болж өндөрлөсөн сонгуулийн үеэр том хүүхдүүд нь голлох зөвлөхөөр нь ажиллаж байж. Трампын ууган хүүг мөн Дональд гэнэ. Түүнийг 12 настай байхад нь эцэг, эх нь хоёр тийш болсон гэдэг. Өөрөөр мөн түүнийг “Бага Дональд” гэж дууддаг бөгөөд “Trump Organisation” байгууллагад гүйцэтгэх дэд ерөнхийлөгчийн ажилтай. Тэрбээр загвар зохион бүтээгч Ванесса Хейдонтай гэрлэсэн бөгөөд таван хүүхэдтэй. Д.Трамп ярихдаа “Карьерт хүрэхэд олон арга байдаг. Гэвч эдгээрийн хамгийн гол нь хэрэгтэй гэр бүлд төрөх” гэсэн удаатай. Анхны гэрлэлтээс нь мэндэлсэн хүү Эрик Трамп нь олон жил сүүдэрт байжээ. Тэрбээр Жоржтауны их сургуулийг дүүргэсний дараа эцгийнхээ компанид ажиллах болсон юм. Мөн ууган ахынхаа адил гүйцэтгэх дэд ерөнхийлөгчийн алба хашдаг. Эрик Трамп 2014 онд хуучин найз, телевизийн продюсер Лара Юнаскатай гэрлэжээ. Харин Д.Трампын отгон охин Тиффани Ариана нь хоёр дахь гэрлэлтээс нь мэндэлсэн юм. Эцэг, эх нь охиныг таван настай байхад нь хоёр тийш болжээ. Тэрээр бага нас, өсвөр насаа ээж дээрээ өнгөрүүлсэн аж. Тиффани нь эдүгээ интернэтийн од нэгэн. Инстаграмд түүнийг дагалдагчдын тоо 170 мянгад хүрчээ. 2016 онд Пенсильванийн их сургуулийг дүүргэжээ. Харин Д.Трампын гурав дахь эхнэрээс мэндэлсэн хүү Бэррон нь ах, эгчээ бодвол эцгээ илүү өвчсөн гэх. Хүүгийнхээ талаар Меланья Трамп ярихдаа “Бэррон ямар нэг зүйлийг барьж угсрах дуртай. Дараа нь буулгаж, эргээд шинээр барьдаг. Зарим үед би түүнийг “бяцхан Дональд” гэж нэрлэдэг гэжээ. Ирээдүйн өв залгамжлагчийн гол хувцас нь костюм. Манхэттэний төвд байрлах тавдугаар өргөн чөлөөнд байрлах “Трамп цамхаг” -т эцэг, эхийнх нь пентхаусын нэг давхар нь бүхэлдээ түүний мэдлийнх. Мөн тус газарт сонгуулийн штаб болох “Trump Organisation” хэмээх гэр бүлийнх нь төв байр байрлаж байжээ.
Тэрбумтан нэгэн удаа “Би эцгээсээ баян. Гэхдээ би юмаа тэгээс эхлүүлээгүй. Бизнесээ эхлүүлэхийн өмнө надад сайн суурь байсан. Үүний зэрэгцээ эцэг маань миний хувьд бизнесмэн хүний томоохон жишээ байлаа. Би түүний хажууд хүү нь төдийгүй, бизнесмэн болж өссөн. Гэвч манай гэр бүлийн гишүүд хэзээ ч өөр хоорондоо өрсөлдөж байгаагүй. Бид хэзээ ч ийм байдалд хүрэхгүй гэж бодож байна” гэж онцолж байв.
Д.ЦЭРЭНДОЛГОР