Categories
мэдээ нийгэм

Уурхайн гүнд ухаангүй байсан иргэнийг аварчээ

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн бичил уурхайн /налуу ам/ 20 метрийн гүнд агааргүйдэж нэг иргэн ухаан алдаж унасан тухай дуудлага өчигдөр орой ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангид ирсэн байна.

Дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Г.Тогмид /40 настай, эрэгтэй/-г уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Уурхайн гүнд ухаангүй байсан иргэнийг аварчэ

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэг “Нацагдорж” болох уу

Өнгөрөгч жил Гадаад хэргийн яам “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд “Үндэстнийг брэндчилэх” онолыг үндэслэгч S.Anholt-ыг урьж авч ирэн, “Үндэстнийг брэндчилэх нь (nation branding): Монгол Улсын бизнес, аялал жуулчлалын салбар” сэдвээр илтгэл тавиулж, зөвлөгөө авсан билээ. Үндэстнийг брэндчилэх онолын нэгэн салаа мөчир нь “land branding” буюу орон нутгийн брэндийг бий болгох гэсэн онол байх. Үндэстний брэндээ зөв томъёолж, аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлэхийн зөв хөшүүргэ нь “land branding”-ийг амжилттай хөгжүүлэх явдал аж.

Манайд эл онол, ойлголт нэвтрэхээс ч өмнө орон нутгийн брэндийн чанарыг аль эртнээс мэдэрчихсэн байсны жишээ нь Булганы Сайханы айраг, Архангайн цагаан идээ, Хөвсгөлийн цай, хүнсний бүтээгдэхүүн, Сэлэнгийн зөгийн бал гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч Орон нутгийн брэнд мөн л хамаатай. Ойрын жишээ дурьдахад өнгөрөгч онд Хатгалд амарсан дотоодын жуулчдын тоо 40 мянга, гадаадын жуулчдын тоо 30 мянгад хүрсэн тохиолдол юм. Ядуурлын түвшнээр 21 аймгаас хоёрдугаарт жагсдаг, 120 гаруй мянган хүн амтай, ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 7.9 хувьтай байхад улсын дунджаас нэг дахин их гэсэн үзүүлэлттэй Хоймор нутгийн орлого жуулчдын тоогоо дагаад хэдэнтээ өссөн нь дамжиггүй.

Үүний жишгээр аймаг бүр, сум дүүрэг бүхэн өөр өөрийн ялгарах “брэнд”-ийн эрэлд гарсан. Эрсэн эрэлдээ төөрч, цөхөж буй газар орон байхад өмнөөс нь “land brand”-ийг олж өгч санал санаачлага өрнүүлсэн тохиолдол ч гарлаа. Үүний тод жишээ бол Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Багануур /дагуул хот/ дүүргийн нэрийг НАЦАГДОРЖ болгох санаачлагыг зохиолч П.Батхуяг эхлүүлэн Багануур дүүргээс гарвалт нэр бүхий сэхээтнүүд, тус дүүргийн дунд сургуулиудын хэл уран зохиолын багш нар давалгаалан аян өрнүүлж эхэлсэн гэнэ. Дээрх санаачилгыг уржигдархан тамгаа гардан авч, албан ёсоор ажлаа хүлээн авсан Засаг дарга Ц.Сандаг-Очирт өргөн барьж, Дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа базааж дууссан гэнэ.

Санаачлагыг эхлүүлэгч зохиолч Д.Батхуягийн үзэж буйгаар, “Сүхбаатар гэдэг дүүрэгт би амьдардаг. Чойбалсан гэж хот байна. Чингис хаан гэж хот байна. Тэгвэл яагаад өсөж төрсөн Гүнгалуут нутгийг нэрээр нэрлэчихэж болохгүй гэж? Тэртэй тэргүй Багануурын гол брэнд нь НҮҮРС биш Нацагдорж шүү дээ. Шинээр томилогдсон ИТХ-ын төлөөлөгчид, Багануур хотын шинэ удирдлага том алхам хийхийг зорьж буй бол нэрнээс эхлэх ёстой” гэж байв.

Categories
мэдээ улс-төр

2017 оны төсвийн хуулийг баталлаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2017 оны Монгол Улсын төсвийн хуулийг баталлаа. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төсөлд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтэд анхаарах талаар тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

Ирэх 2017 онд Төсвийн Ерөнхийлөн захирагч нарын зарцуулах төсвийн дүнг доорх хүснэгтээс харна уу.

Төсвийн Ерөнхийлөн захирагч нар

Захиран зарцуулах төсөв /төгрөгөөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

4.4 тэрбум

УИХ-ын дарга

27.5 тэрбум

Монгол Улсын Ерөнхий сайд

163 тэрбум

Монгол Улсын Шадар сайд

122.8 тэрбум

ЗХЭГ-ын дарга

20.5 тэрбум

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

70.6 тэрбум

Гадаад харилцааны сайд

59.6 тэрбум

Сангийн сайд

7.1 их наяд

Хууль зүй, дотоод хэргийн сайд

437.1 тэрбум

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

185.8 тэрбум

Батлан хамгаалахын сайд

206.8 тэрбум

Барилга, хот байгуулалтын яам

56.9 тэрбум

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

1.3 их наяд

Зам, тээврийн хөгжлийн сайд

315, 5 тэрбум

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

20.2 тэрбум

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

1.7 их наяд

Эрчим хүчний сайд

111.4 тэрбум

Эрүүл мэндийн сайд

654.4 тэрбум

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн Баянбүрдэд үхлийн шарх үүсгэх ёсгүй

Увсын Тэс:

Хуучнаар Дөрвөд далай хан буюу Чандмань уулын аймгийн Пандиа бээл, Жажинбал, Дандар гүний хошуу нь одоогийн Увс аймгийн Тэс сум. Өмнө нь Тэс гол сум ч гэж нэрлэж байсан гэдэг. Тус сум нь их нууруудын хотгорт Увс аймгийн Зүүнговь, Давст сум ба ОХУ-ын Тува улстай хил залган оршдог. Увс аймгийн төв Улаангом хотоос 158 километр, улсын нийслэл Улаанбаатар хотоос 1400 километрийн зайд оршдог. Нутгийн нийт талбайн хэмжээ нь 3085 квадрат километр.

Увс нуур:

Увс аймаг. Увс нуур аймаг. Увс нуур. Монгол улсын хамгийн том нуур. Увс нуурын нилээд хэсэг нь Тэс сумын нутагт оршдог. Нуурын талбайн хэмжээ нь 3350 кв.км. Гүн нь 6-22 метр. Нуурыг тэжээдэг хамгийн том гол нь Тэсийн гол. Далайн түвшнээс дээш 759 метрт оршдог. Хамгийн урт хэсэгтээ 84 км, хамгийн өргөн хэсэгтээ 79 км. Увс нуур зөвхөн Увс аймгийнхны өмч биш. Увс нуур нь Монголын баялаг. Увс нуур бол Дэлхийн өв.

Газар нутаг, байгалийн бүс, бүслүүр:

Тэс сумын газар нутаг дээр ой, ойт хээр, тал, голын хөндий, говь, цөлөрхөг тал, элсэн цөл, нуурын ай сав зэрэг байгалийн бүс,бүслүүрүүд бий. ОХУ-ын Тувагийн нутагт орших Тагнын нурууг оролцуулбал тэнд байгалийн бараг бүх бүслүүр залгаа оршдог. Увс нуурын ай сав газар нь бүх талаараа уулсаар хүрээлэгдсэн өвөрмөц тогтоц. Увсын Тэсийнхнийг Тэс таван голынхон ч гэдэг. Хошит эрэг, Их гол буюу Тэсийн гол, Жирээг, Үхэг, Нарийны гол тус сумын нутаг дээгүүр урсаж Увс нуурт цутгадаг. Тэсийн голыг эх оронч гол ч гэж нэрлэдэг. Хилээр гарч урсаж байснаа буцаад ороод ирдэг учраас.

Дэлхийн өв буюу дэлхийн дархан цаазат газар:

1994 онд Монгол улсын засгийн газар, орон нутгийн удирдлага нь Увс нуурын ай сав газрыг тусгай хамгаалалтанд авсан байдаг. 1999 оноос эхлэн Монгол, ОХУ-ын талуудаас хүсэлт тавьж ихээхэн хичээл зүтгэл гаргасны үрээр 2003 онд UNESCO-гийн 27 дугаар чуулганаар хэлэлцсэний үндсэн дээр Увс нуурын ай сав газрыг дэлхийн дархан цаазат газар болгосон байдаг. Википедиа тайлбар толь бичигт оруулсан зурган мэдээллээс үзэхэд Тэс сумын нутаг бараг бүхэлдээ Увс нуурын ай сав газарт багтсан байгаа юм. Азийн зүрхэн дэх Увс нуурын ай сав газрын нийт талбай нь 898,064 га, түүний 87,830 га нь ОХУ-д, 810,234 га нь Монгол улсад хамаардаг. Улс хоорондын буюу олон улсын дархан цаазат газар. Дэлхийн өвд бүртгүүлэх, дархан цаазат газар болгохын утга учир нь Монголиа гладвилл Увс петролиум компанид газрын тосны хайгуул хийлгэхэд зориулагдаагүй л баймаар юм. Олон улсын дархан цаазат газрыг Монгол улсын засгийн газар дангаараа дур мэдэн Хятадын компанид “худалдаж буй” нь олон улсын гэрээ, эрх зүйн актыг зөрчиж буй үйлдэл биш үү?.

Дэлхийн хамгийн хойд захын Баян бүрд:

Баян бүрд гэж юу вэ?. Цөлийн хаа нэгтээ тохиолдох, цэнгэг усны байнгын эх үүсвэртэй, үржил шимтэй бүс нутаг. Британниканэвтэрхий толь бичигт ингэж тодорхойлжээ. Тэгвэл Тэс сумын нутгаар урсах Нарийны голын сав газрыг дэлхийн хамгийн хойд захын баян бүрд ч гэлцдэг. Одоогоор баянбүрдийн шинж чанараа бараг алдчих дөхөөд байгаа Нарийны голын хөндийд маань газрын тосны хайгуул, ашиглалт явуулаад эхлэхээр сүйрэл ирэх нь ойлгомжтой биз дээ?!.Энэ мэт цөөхөн үлдсэн баянбүрдээ Монголын төр засаг нь ч, ард иргэд нь ч хайрлан хамгаалмаар байна. Манайханд нийтлэг нэг дутагдал байна. Яг устах болоод ирэхээр л хамгаалах тухай ярьж эхлэдэг. Аюулыг урьдчилан харж, сэргийлэх хэрэгтэй байна.

Хүн ам ба нүүдэл:

Тэсд борлууд, харганууд, цагаагчууд, хошууд, тайжиуд, шарнууд, шарайд, харчууд, галзад, монголмууд, цорс, булгадар зэрэг олон овгийн баяд ястнууд оршин суудаг. Одоогоор 1000 гаруй өрх, 5300 орчим хүн амтай. 1990-ээд оноос хойш Тэс сумаас баримжаагаар 10000 хүн буюу одоо тус суманд амьдарч байгаагаас 2 дахин олон хүн Увс аймгийн төв, зарим сумууд, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг хотууд болон Төв, Дархан-уул, Орхон, Булган, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймгуудын сумууд руу нүүдэллэн ирж суурьшсан байгаа. Тэдний олонхийнх нь нүүдэл нь амар жимэр амьдрал хайж бус, Тэсийн газар нутагтаа адгуулан амьдарч буй мал сүрэг нь багтаж, бэлчээрлэх боломжгүй болсноос үүдэлтэй. Мал сүрэг нь багтахгүй, бэлчээрийн даац нь нүдэн баримжаагаар 50-60% алдагдчихсан байгаа, дөрвөн улиралдаа 30-40-өөдхөн километр газар нутагт нүүдэллэн амьдарч байгаа нутгийн уугуул, суугуул иргэдийг хаана нь амьдарч нутаглаг гэж нийт нутгийнх нь 40%-ийг манай эрх баригчид Монголиа гладвилл Увс петролиум компанид хайгуул, ашиглалтын зориулалтаар олгочихоод санаа амар сууж чадаж байна вэ?.

Амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй:

Хүн амын үнэмлэхүй олонхи нь мал аж ахуй эрхэлж амьдардаг. Одоогоор 300000 гаруй толгой малтай. Увс аймагтаа хамгийн олон толгой малтай. Мал аж ахуй эрхлэх боломжит талбай буюу малчдын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа нь ердөө 30-40 км өргөнтэй, 50-60 км урттай газар нутагт байна. Хүн ам харьцангуй олонтой тул маш шигүү суурьшсан.

Уур амьсгал:

Тэс сум нь цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай. Зундаа цельсийн нэмэх 45 хэм давж хална. Өвөлдөө цельсийн хасах 50 хэм хүрч хүйтэрнэ.

Тэсийн тэмцэгчид:

Тэнд оршин суугчдын дотор Тэс сумаа, газар нутагаа худалдаад идчихье гэж бодож байгаа хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Харин засгийн газар шийдсэн, газрын тосны газар гэрээ байгуулсан, аймгийн удирдлага Монголиа гладвилл Увс петролиум компанийг дэмжиж ажилла гэдэг албан бичиг ирүүлсэн учраас сумын удирдлага дэмжиж ажиллахаас өөр аргагүй, хэрэв тус компанийг эсэргүүцвэл би ажилгүй болчихно гэхчилэн шахаанд орсон ч юм уу, жаахан айдастай ч юм уу цөөн хүн байх шиг анзаарагдсан. Тиймээс л Б.Орлом, Ц.Батнасан, Г.Цогт-Очир тэргүүтэй хэн нэгнээс хараат бус амьдарч чаддаг цөөн хэдхэн хүмүүс л нилээд тууштай тэмцэцгээж байгаа дүр зураг харагдаж байна лээ. Мэдээж тэднийг дотор нь хагаралдуулах, заримыг нь худалдаж авах, тэмцэл нь үр дүнд хүрэхгүй дээ гэж ухуулга, явууллага хийх зэргийг Монголиа гладвилл Увс петролиум компанитай эрх ашгаараа сүлбэлдэгсэд юу эс андахав. Тиймэрхүү үйлдлүүд хийгээд эхлэчихсэн л байна гэсэн. Газар нутагт нь эзэн суухын тулд эдийн засгийн алуурчид нь эрх мэдэл, албан тушаалтай, эсвэл мөнгө төгрөг харуулчихвал гэмт хэрэг хийхээс ч буцахгүй ухвар мөчид бөгөөд ирээдүйд ямар сөрөг үр дагавар нутаг оронд нь, үр хойчид нь нүүр тулж угтахыг боддоггүй дээр дурдсан хоёр ангиллын хүмүүсийг худалдаж авч нутгийн иргэдийнх нь эсрэг нохой шиг турхирахаа ч мэднэ. Ийм үйлдлүүдийг ч хийгээд аймгийн удирдлагууд болон нутгийн ажилгүй, хүмүүжил муутай зарим залуусыг худалдаж аваад эхлэчихсэн л байна лээ. Ийм нөхцөл байдлыг бодож эргэцүүлээд, зөв ойлголт ард иргэддээ өгөөд, хор хөнөөлийнх нь талаар таниулга, ухуулга хийгээд ирэхээр нутгаа хамгаалж тэмцэгсдийн хүрээ өргөжих нь тодорхой.

Газар нутагт нь лицензи олгох, хуваах, хувьчлах нь улс орныг ч устгах хор хөнөөлтэй:

Нэгэн нэрт хүмүүн …. Өвөг дээдсээсээ бид эх орноо бүрэн бүтэн хүлээж авсан, үр хойчдоо бүрэн бүтэн хүлээлгэж өгнө… гэж хэлсэн байдаг. Газар нутаг, түүний хэвлийн баялаг бол зөвхөн энэ үед амьдарч буй хэдэн хүний өмч байж болохгүй шүү дээ. Үеийн үед Монголчуудын үр сад үргэлжлүүлээд л амьдрах эх нутаг нь юм. Эх нутаг, эх орон, эх газар, төрсөн нутаг гэж хүн бүр л хэлдэг. Эх, ээж хоёр адилхан үг. Тэгвэл ээж нутаг, ээж орон, ээж газар, төрсөн ээж гэж ойлгогдоно доо. Тухайн орон, нутаг, газарт үр нь болж төрчихөөд ээж нутаг, ээж орон, төрсөн ээжээ алж, арьсыг нь хуулж, цус, тунгалагыг нь сорж, шөрмөсийг нь тасдаж авч идэж, ууж амьдрахаас өөр арга алга уу?, манай өнөө үеийн төр, засгийн болон орон нутгийн удирдлага нарт?. Цагаан тэмээ-аалзны амьдралаар бус, ухаант хүний амьдралаар амьдарвал ямар вэ?. Ер нь улс орон, газар нутагаа хэсэгчлээд, хуваагаад, хувьчлаад эхлэхээр л бүрэн бүтэн байдал нь алдагдаад, гадныханд, харийнханд худалдагдах, эзлэгдэх замдаа л ордог юм гэж ухаантай хүмүүс хэлдэг юм байна лээ. Лицензи олгохгүй, хувьчлахгүй, хуваахгүйгээр тухайн орон нутагт амьдран суугаа иргэд нь бүгдээрээ л энэ манайхны, манай багийн, манай сумын, манай аймгийн, манай улсын буюу манай нутаг гэж хэлж, эзэмшиж л байвал тэр нутаг нь харийнханд буюу гадаадын эдийн засгийн алуурчдад эзлэгдэх магадлал багатай байдаг юм гэсэн дээ. Үүнийг мэддэг харийн эдийн засгийн алуурчид, тэдний бэлтгэж бойжуулсан тэжээврүүд нь гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр Монгол улс хэзээ ч хөгжихгүй гэдэг ухуулга, сурталчилгаа, явууллага хийж лицензи, хайгуул, ашиглалт, олборлолт нэрээр манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулаад л ард иргэдийг нь хооронд нь хагаралдуулаад л үзэж тарж байна л даа. Ард иргэд нэг л зүйлийг ойлгох цаг болсон. Өнгөрсөн хугацаанд Монгол орны газар нутагт хаа сайгүй л харийнхантай нийлсэн олз хайгчид газар шороогоо хангалттай ихээр ухаж сүйтгэлээ. Үр дүнд нь хэн баяжив?. Газар нутагаа ухаад Монголчууд сайхан амьдарна аа гэж ухуулсаар ирсэн. Одоо хаана байна?, тэр сайхан амьдрал нь?. Үр дүн нь одоогийн энэ улсаасаа баян болсон гэх 200 орчим гэр бүл, үгээгүй ядууралтай амьдарч буй нийгмийн олонхи биш юм уу?. Наад зах нь ард иргэдэд ирээдүйд ямар амьдралд хүрэх талаар төсөөлөл, сайн сайханд хүрэх итгэл үнэмшил ч алга байна шүү дээ. Монголын өвөг дээдсүүд ч …миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг…гэж сургаж байсан юм гэсэн. Монгол улсын төрийн толгойд одоохондоо зайдагнаж байгаа америк, европ, хятад зэрэг мөнгө хайгчид буюу эдийн засгийн алуурчдын гар хөл болсон тэжээврүүд нь их эзэн хаадынхаа, ухаант дээдэс, эрдэмт хүмүүсийнхээ үгийг үл огоорон Монгол улсын газар нутгийг минь харийн тонуулчдын харуулсан, долоолгосон хэдэн юань, евро, долларын авлигалын нөхөөсөнд өгөөд дуусах нь. Тэдгээр бирдүүдийн шуналын хараанд Тэс нутаг минь ч өртжээ.

Увс аймгийн газар нутгийн гуравны нэгийг нь газрын тосны хайгуул ашиглалтын талбай болгожээ:

2015 оны 05 сарын 04-ний өдөр Монгол улсын засгийн газрын агентлаг Газрын тосны газар, Монголиа гладвилл увс петролиум ХХК-ий хооронд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулж Увс аймгийн 19000 гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутагт газрын тосны хайгуул, ашиглалт явуулж байна. Увс аймаг 69000 гаруй км.кв. нутагтай. Монгол улс нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээ буюу нэг километр квадратад 1.77 (2012 оныхоор. Алган дээрхи дэлхий цувралаас.)хүн оногдох үзүүлэлтээрээ дэлхийд эхний байранд ордог. Ийм байна, бид том газар нутагтай гээд л газар нутагаа заавал ухуулж түнхүүлэх ёстой юу?. Газар нутагаа ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтанд сүйтгүүлсэн жишээ манай улсад хангалттай байгаа. Өмнө нь бөгөөд одоогоор газар нутгийг нь ухаж устгаад Монгол улсад болон тухайн нутгийн ард иргэдэд ямар сайн сайхан зүйл үлдсэн бэ?. Заавал нутаг, газар шороогоо ухуулж байж л сайн сайхан амьдрах ёстой юу?. Өөрөөр сайхан амьдрах арга алга уу?. Амьдрах газар нутаггүй байснаас, газар нутагаа бүрэн бүтэн байлгаад нутагтаа одоогийнхоороо амьдрах нь дээр биш үү?. Газар доороо баялаггүй орны иргэд яаж амьдарч болоод байна вэ?. Газрын хэвлийдээ баялагтай ч түүнийгээ ухахгүй сайхан амьдарч болоод байгаа орнууд бас байна шүү дээ?. Эдгээр асуултыг энэ асуудалтай холбоотой Монгол хүн бүр, тэр дундаас тухайн нутагт төрж өссөн, амьдарч байгаа иргэн бүр өөртөө тавьж, эргэцүүлж үзмээр байна.

Газрын тосны хайгуул хийхэд ганцхан Газрын тосны тухай хууль л үйлчлэх ёстой юу?:

Монголиа гладвилл увс петролиум ХХК болон түүнтэй сүлбэлдэгсдийн тухайд бүх асуудал хуулийн хүрээнд явж байгаа гэх тайлбарыг өгдөг гэнэ лээ. Ямар хуулийн хүрээнд хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгааг нь асууж, тодруулах гэхээр Газрын тосны тухай хуулийг нэрлэнэ. Уг хуулинд байгаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, иргэдийн нийтийн хурлын санал, протокол зэргийг дурдасхийгээд зогсоно. Засгийн газар, газрын тосны газартай гэрээ байгуулсан, аймгийн удирдлагаас дэмжсэн, хамтран ажиллах тухай албан бичиг авч, гэрээ байгуулчихсан, сумын удирдлагад аймгаас үүрэг өгүүлчихсэн, хангалттай мөнгө аманд нь чихэж байгаад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулчихсан, яаж ийгээд иргэдийн нийтийн хурлын санал, протокол гэгчийг гартаа оруулчихсан учраас бүх асуудал Монголиа гладвилл увс петролиум ХХК-ий талд гээд бат итгэчихсэн этгээдүүд байна. Тэгээд нөгөө талаас нь аваад үзэхээр Монгол улсад газрын хэвлийн баялагыг хэн эзэмшдэг, газар, газрын хэвлийг хэрхэн хамгаалж, ашиглах ёстой, байгаль орчинг яаж хамгаалдаг, тэнд оршин суугчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах ёстой, мал сүргийн бэлчээрээ яаж эзэмшдэг, хүний эрх, эрх чөлөө тус улсын хуулиар болон Монгол улс элсэн орсон олон улсын гэрээ, конвенцийн дагуу хэрхэн хангагддаг, олон улс, дэлхийн өвийг хэрхэн хамгаалдаг талаархи хууль, эрх зүйн актуудыг нилээд зөрчиж буй байдал харагдах юм. Манай УИХ болон хууль санаачлагч, тогтоогч нар газрын тосны тухай хуулийг боловсруулж батлахдаа манай улсад хэдэн төгрөг л орж ирж, албан тушаалтнууд авлигал авах нөхцөл бүрэлдэж л байвал газар нутаг болон тэнд амьдрагсдад ямархуу хортой нөлөөлөхүйц үр дагавар үүсч, хүндрэл бэрхшээл бий болж, байгаль орчин сүйдэж, Монгол улсын хуулиуд зөрчигдөх нь огт хамаагүй бөгөөд тэр бол юу ч биш гэж бодоогүй л байлтай.

Газрын хэвлийн баялаг, байгаль орчин хамгаалах, нутгийн оршин суугчдын эрхийг хамгаалах талаас нь авч үзээд холбогдох хуулийн зүйл заалтуудыг эрж хайхаар нилээд олон хууль, эрх зүйн актын олон зүйлийг зөрчсөн нь илэрхий л байх юм. Хууль, эрх зүйн актууд хүн бүрт өөр өөрөөр ойлгогдоод байна гэж баймааргүй л юм. Тухайлбал,

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1, 16.2 дугаар зүйл;, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйл;, Газрын хэвлийн тухай хуулийн 3 дугаар зүйл;, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойнсан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5;, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8, 8.7, 8.8;, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1, 4.2;, 5 дугаар зүйл.5.1, 5.2;, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/А/III/ тогтоолоор Парист батлагдсан “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын 3, 8, 20 дугаар зүйлүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1945 оны 11 дүгээр сард батлагдсан дүрмийн дагуу 1946 онд байгуулагдсан “ЮНЕСКО-гийн дүрэм”-ийг дагаж мөрдөхөөр нэгдэн орсон Монгол Улс нь тус байгууллагын жинхэнэ гишүүн юм.

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 17 дугаа чуулганаар 1972.11.16-ны өдөр Парист баталсан Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах конвенцид Монгол Улс 1990 онд нэгдэн орсон билээ. Монгол Улс нь “ЮНЕСКО-гийн дүрэм”-ийг чандлан мөрдөхийг батлан илэрхийлж Увс нуурын сав газрыг Дэлхийн өвд бүртгүүлснээр Монгол Улс төдийгүй Олон Улсын түвшинд Увс нуурын сав газрыг дэлхийн хамгаалалтад авсан болно.

Эдийн засгийн алуурчдын өмнө хүчин мөхөсдөх:

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа Гладвилл Увс Петролиум” ХХК, тэдний хамтрагч нэг компани, орон нутаг дахь тэдний төлөөлөл нар хамтран 2015 оны 06 сараас эхлэн газрын тосны хайгуул хийж Увс аймгийн нийт газар нутгийн гуравны нэгтэй нь тэнцүү газрын хөрсийг нь эргүүлэх, талыг там болгох ажлаа эхлүүлээд байна. Нутгийн олон маань төрж өссөн газар нутагаа хамгаалан тэмцэж байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт нэрээр хуулиар халхавчилсан эдийн засгийн алуурчидтай сүлбэлдсэн засгийн газар, сайд, албан тушаалтан, орон нутгийнхаа хэтийн ирээдүйн талаар эргэцүүлж, хол ойроос санамж, сургамж авах ухаан мөхөс авлигачин түшмэд, тэдгээр олз хайгч хятадуудын хамгаалалтын албанд манаач, зуудаг нохойн үүрэг гүйцэтгэж буй хөлсний “боол”-ууд мэтийн халдагч, эзлэн түрэмгийлэгчдийн өмнө хүчин мөхөсдөх хандлагатай байна. Яг л John Perkins-ийн “Эдийн засгийн алуурчны наминчлал” номонд бичсэний нэг жижиг хувилбар.

Тархи угаагчид:

Зарим мэдэмхийрэгчид болон энэ хайгуул, судалгаа нэртэй халдагч, хорлон сүйтгэгчдийн үйлдлээс олз горьдогсод нь байгаль, хүрээлэн буй орчинд хамгийн хор хөнөөл багатай ашигт малтмалын нэг нь газрын тос гэх ухуулга хийж л явна. Нутгийн иргэдэд хэлэхдээ, бид зөвхөн хайгуул, судалгаа л хийнэ. Ашиглалт явуулах эсэх нь дараагийн асуудал, та бүхний саналыг авч, харгалзаж үзсэний үндсэн дээр шийднэ гэж тархи угааж явна. Үнэн хэрэгтээ “бүтээгдэхүүн хуваах гэрээ”-гээр бол хайгуул, ашиглалтын зөвшөөрлийг зэрэг олгочихсон юм байна лээ. Бас иргэдэд хандаж ингээд хэнд ч газраа ухуулахгүй, дарж хэвтээд ядуугаараа байх юм уу, түүний оронд газар нутаг, эх дэлхийгээ ухуулаад, газрын хөрсийг нь эргүүлж сүйтгүүлээд их мөнгө олж аваад амар сайхан жаргах уу ч гэх санал тавьж буй ухуулагч хүмүүсийг нутгийн иргэд дундаас “бэлтгэж” явуулах тохиолдол ч байна гэх.

Мөнгөөр дарамтлах, мөнгөний сүрдүүлэл:

Нутгийн иргэдийн зүгээс байгаль орчин, төрсөн нутагаа сүйтгүүлэхгүй гэх эсэргүүцэл, шаардлага тавихаар Монголиа гладвилл увс петролиум ХХК-ийхан хуулийн болон хамгаалалтын албаны хасар басаруудаа явуулна. Тэдний хамгаалалт нь амжилтгүй болоод ирэхээр тус компани Монголын засгийн газарт ихээхэн мөнгө төлсөн, аймгийн ойн баяр наадам тэмдэглэхэд 400 сая, 200 сая төгрөгний “авлигал” өгсөн, Увс аймагт ажиллах хугацаандаа 6-7 сая доллар зарцуулсан, зөвхөн Тэс суманд хайгуул хийх гэж ирэхдээ 1.8 сая доллар үрсэн, тэр бүхнээ Монгол улсын засгийн газраас, арбитрийн шүүхэд хандаж нэхэмжилнэ гэх мэтээр нутгийн ядарсан иргэд болон аймаг, сумын удирдлага нарыг дааж давшгүй их мөнгөөр дарамтлана шүү гэх сүрдүүлгийг хийсээр энэ удаад ямартаа ч Хятад руугаа буцав.

Шархдуулах нь халгүй, аюулгүй гэх “нөлөөллийн үнэлгээ” гаргагсад:

Увс нуурын ай сав газарт 800 гаруй сая доллар зарцуулж, 500 орчим цооног өрөмдөн газрын тосны хайгуул хийхэд Увс нуурын ай сав газар, тэндэхийн оршин суугчид, байгаль орчин, ус, ургамал, амьтны аймагт “ямар ч сөрөг нөлөөлөлгүй ээ” гэж байгаль орчинд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг халтуурдаж, нилээд өндөр үнээр “хийж” өгдөг этгээдүүдийн дүгнэлт ч ихээхэн эргэлзээтэй гарсан нь ойлгомжтой байгаа юм. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн этгээдүүдээр одоо Монголиа гладвилл увс петролиум ХХК Увс аймгийн Малчин суманд урьдчилсан судалгаа хийлгүйгээр, хар таамгаар, гэрээгээ зөрчиж 1950 метр, 940 метр өрөмдөж цоолчихоод, эргэн тойрныг нь сүйдлэчихээд байгаа тэр хоёр “мөнхийн шарх” нь газар нутаг, хүрээлэн буй байгаль орчинд хал, аюул үлдээсэн эсэхэд дүгнэлт гаргуулмаар байна. Ер нь яаж ч бодсон 2000 орчим метр гүнтэйгээр, 500-аад удаа өрөмдөж цоолон энэ багахан газрыг аймшигтайгаар сийчиж, шарх үүсгэхэд “огт сөрөг” нөлөөлөлгүй байна гэж байх уу?. Өвөг дээдэс маань газарт гадас хатгаад, мартаад хэд хонуулчихад л газрын өр цооллоо, газар шархдууллаа гэж загнадагсан. Тэр үнэлгээг гаргаж өгч буй этгээдүүд нь зөвхөн мөнгө олох шуналын үрээр бидний төрсөн нутагт үхлийн шарх үүсгэх “зөвшөөрөл” олгож буйгаа ухаарч байгаа болов уу?. Эдгээр үхлийн шархыг үүсгэсний дараа Увс нуур болон түүний ай сав газарт ямархуу хор хөнөөл учирч болохыг одоохондоо, бурхан байсан ч хэлж чадахгүй гэдгийг тэр мөнгөний шуналтан буюу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ гэгчийг гаргагчдад сонсгох ёстой. Цаашид тэдний гаргасан тэр хорлон сүйтгэлийн “үнэлгээ”-ний хуурамч болохыг ч тогтоолгох хэрэгтэй.

Үхлийн шарх:

Монголын алдарт зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал” шүлэгт “…Чиний шарх, Зүрхний шархнаас хожидож анина, тал минь…” гэх мөрүүд бий. Эмнэл зүйн шинжлэх ухаанд “шархны биологи” гэх ойлголт байх бөгөөд тэнд шарх үүсэхээс илаарших хүртэлх үеийг хоёр хуваасан байгаа. Эхлээд шарх үүсч – шингэн татах буюу гидратацийн шат, дараа нь шарх хуурайшиж – эдгэрэх буюу дегидратацийн шат гэж. Зохиолч дээр дурдсан шүлгийг бичих үедээ шархны биологи сайтар судласан ч байж болох, эсвэл нөгөө онгод гээч нь бичүүлсэн ч байж магад. Уншигч миний л хувьд зохиолч гайхалтай онож хэлсэн гэж боддог. Хүний зүрхэнд шарх үүсэх, тэр шарх нь насан туршид нь хадгалагдана гэж бодоход тэр хугацаатай нь харьцуулахад газарт үүсгэсэн гүн шарх хавьгүй урт хугацааны дараа аниж, сорвижиж илааршдаг юм билээ. Амьтны шархны тухайд илааршихгүй шууд үхэлд хүргэх нь ч бий. Газрыг ухаж худаг гаргаж буйг амьтны арьсыг зүсэж шарх үүсгэж буйтай адилтгаж үзэж болмоор юм билээ. Худаг ухах үед нарийхан сувгуудаас ус урсаж гарч буй нь арьс, булчингийн эдийг зүсээд шарх үүсгэх үед эдүүдийн доторхи нарийхан хялгасан судсуудаас цус урсан гарч буйтай яг л адилхан байдаг. Миний өнгөц харьцуулалт оновчтой биш ч байж магад. Газар бол амьд зүй тогтолтой гэдгийг л биологийн үүднээс жишиж тайлбарлах гэж оролдож буй нь энэ.

Амьтны биемахбодод үүссэн шарх нь байрлал, шархны өнгөц буюу гүн, үүсгэгчийн хор хөнөөл, шархаар дамжих хордлого, бохирдол зэргээс шалтгаалж тухайн эзэн бодгалийг үхэлд хүргэх үү, илаарших уу гэдэг тавилан нь шийдэгдэнэ. Энэ логикоор бодоход Увс нуурын ай сав, Тэсийн голын сав газар, дэлхийн хамгийн хойд захын баянбүрд Нарийны голын хөндийд Хятадын хөрөнгө оруулалттай “Монголиа Гладвилл Увс Петролиум” компаний олз хайгчдын үүсгэх шарх эх нутгийн маань амь насанд туйлын халтай байх нь эргэлзээгүй. Иймээс л үхлийн шархнаас сэрэмжлэх ёстой.

Галзад овогт ЦЭДЭВИЙН ӨЛЗИЙТОГТОХ

Categories
энтертаймент-ертөнц

А.Баярцэцэг “Дэлхийн мисс”-д оролцохоор Вашингтоныг зорих гэж байна

“Miss World 2016” Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотноо 11 сарын 26-наас 12 сарын 18-ны хооронд болох гэж байна.

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Баярцэцэг шалгаран титмээ шилжүүлэн аваад байгаа билээ.

Тэрбээр “Эх дэлхийн мисс – 2015” шилдэг 16-д шалгарч байсан. Тухайн тэмцээний үеэр Монголоо сурталчилсан танилцуулга видео нь 225,000 гаруй хүнд хүрч тэмцээний түүхэнд байгаагүй их хандалтыг үзүүлсэн юм. Мөн Нэтфелксийн Марко Поло цувралд туслах дүрд тоглосон амжилттай.

А.Баярцэцэг өөрийн багийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ нь Монгол Улсын хувьд миссийн тэмцээнд мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллаж байгаа анхны тохиолдол юм.

“Miss World 2016” нь нийт 10 төрлийн шалгуур үзүүлэлтүүдээр оноо өгч шилдэг хорин тав, шилдэг арвыг шалгаруулдаг. Үүнээс танилцуулга видео, Мултьмедиа болон авъяас төрлүүд нь хамгийн өндөр оноотой байдаг.
Тус тэмцээнд хамгийн эртний, хамгийн олон улс орны төлөөлөгчид оролцдог бөгөөд энэ жил дэлхийн 140 орны иргэдэд Монгол орноо сурталчилан таниулах боломжтой.

Categories
энтертаймент-ертөнц

Т.Ариунаагийн “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” хэмээх шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ

Image result for Т.Ариунаа

Сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ түр холдоод байсан Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Төмөрийн Ариунаа фэйнүүддээ “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” хэмээх шинэхэн уран бүтээлээрээ иргэн ирлээ. Дууны үгийг яруу найрагч Цоодолын Хулан бичсэн бөгөөд аяыг хөгжмийн зохиолч Л.Балхжав зохиожээ.

Image result for ХуланImage result for БалхжавХарин хөгжмийн найруулга дээр “Up music” продакшны продюссер Н.Халиун ажилласан бөгөөд клипний зураг авалтыг “АСЕМ Виллаж” хотхонд хийсэн ажээ.

Тэрбээр өөрийн нүүр номдоо “Хайр бидний жинхэнэ мөн чанар, оршихуйн төв юм. “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” шинэ уран бүтээлийг минь болгооно уу” хэмээжээ. Энэхүү дууг та бүхэнд хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Т.АРИУНАА

Image result for Т.Ариунаагийн сүүлийн үеийн

Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа нь 1967 онд Улаанбаатар хотноо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Төмөр, Баянжаргал нарын охин болон төржээ. Тэрбээр багаасаа л дуу бүжигт авьяастай хүүхэд байсан аж. Ариунаа нь нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургуульд сурагч байх үеэсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор “Нарны дуулал” хамтлагт дуулж байсан юм. 15 настай байхдаа “16 нас” хэмээх дууг анх дуулсан нь түүнийг олонд таниулан, энэхүү дуу нь хүүхэд, залуучуудын сонсох дуртай дуу болж чадсан байдаг. 16 натайд нь буюу нэг жилийн дараа уг дуу нь Монголын радиогийн алтан фондод бичигдсэн байна.

Image result for Т.Аринаа дунд сургуульдДунд сургуульд байхдаа тэрбээр Монголын пионерийн байгууллагын урлагийн үзлэгийн мөнгөн медаль хүртсэн ба мөн Зөвлөлтийн дуу дуулаачийн улсын уралдаанд шалгарч байжээ. Хожим нь тэрээр Болгар улсын Хөгжмийн дээд сургуульд суралцан төгсч мэргэжлийн дуучин болсон байна. Т.Ариунаа Улсын филармонийн “Соёл Эрдэнэ” чуулгад дагалдан дуучнаар дуулж гараагаа эхэлсэн ба хожим нь тус хамтлагтаа гоцлол дуучны үүргийг гүйцэтгэж байлаа. Одоо тэрээр бие даасан уран бүтээлч. НҮБ-ын хүүхдийн элч дуучин.

Image result for Т.Ариунаа шүүгч

Image result for Т.Ариунаа шүүгч

Уран бүтээл:

1996 онд анхны “Эрос №1” хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадахгvй”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан юм. Уг цомогт багтсан “Утасны дугаар” хэмээх дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон нь тухайн үедээ олны таашаалыг хүртэж байлаа.

Дараа жил буюу 1997 онд “Зөвхөн чиний тухай” хэмээх хоёр дахь цомгоо гаргасан ба энэ цомогт нь “Зөвхөн тэр хайрандаа”, “Хайрлахын цаана”, дуучин Оюунбилэгтэй хамтарсан “Хайрын тухай ярилцъя”, дуучин Маркатай хамтарсан “Yггvй мордсон чи минь” зэрэг хит дуунууд нь түүний нэр хүндийг улам баталгаажуулж, Монголын шилдэг дуучдын тоонд орсон юм.

Image result for Т.Ариунаа МУГЖ боллоо2001 онд гарсан түүний “Чи минь” цомог нь урьд урьдынхаа цомгуудын амжилтыг илүү ихээр эвдэж чадсан. Уг цомог нь “Нарны хаан хүүхэд”, “37 дахь захидал”, “Санааны чимээ”, “Чи минь”, “Аялгуу чиний увидас” зэрэг хитүүдийг агуулсан юм.

2002 онд “Хаврын шөнийн бодол” цомгоо гаргасан ба уг цомогт нь нилээд уянгалаг намуухан аястай дуунууд багтжээ.

Image result for Хаврын шөнийн бодол цомогДуучин Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон Хүүхдийн асуудалтай холбоотой НYБ-аас зохион байгуулсан чуулганы “Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье” уриан дор болсон концертод оролцон “Нарны хаан хүүхэд” дуугаа дуулсан.

Тэрээр 2003 онд уран бүтээлийн нилээд олзтой байсан ба “You are my life”, “Миний шинэ орон зай” хэмээх хоёр шинэ цомгоо гаргаж, уг цомгуудад багтсан “Чамтай бас чамгүй”, “Хайрын зай”, “Би”, “Жаргаж үзээгvй зул дурлал минь”, “Маяами аялгуу” зэрэг дуунуудадаа клип хийлгэж олны хүртээл болгосон юм.

Image result for Т.Ариунаагийн сүүлийн үеийн

Э.МӨНХ

Categories
гадаад мэдээ

Хиллари Клинтон: Надад итгэл хүлээлгэсэн сая сая америкчууд сэтгэл гонсойж байгаа. Би ч үүнийг мэдэрч байна

АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшин, өрсөлдөгч Д.Трампад ялагдсан Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон өнөөдөр албан ёсоор ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр:

Намайг дэмжиж саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Энэ миний амьдралын хамгийн дурсамжтай сайхан үе боллоо. Надад итгэл хүлээлгэж байсан сая сая америкчууд сэтгэл гонсойж байгаа. Учир нь би ч бас үүнийг мэдэрч байна. Хэцүү байгаа ч нэг зүйлийг хэзээ ч битгий мартаарай гэж хэлье. Бидний энэ кампанит ажил нэг хүний тухай, нэг сонгуульд зориулсан кампанит ажил байгаагүй юм шүү. Энэ бол манай улс үндэстэнд зориулсан ажил юм. Энэ сонгуулиар улс орон маань маш олон хэсэгт хуваагдсаныг олж харлаа. Гэхдээ би Америк оронд итгэдэг. Итгэсээр ч байх болно. Тиймээс би үр дүнг хүлээн зөвшөөрч ирээдүй өөд харах ёстой. Би хувь хүнийхээ хувьд илүү хүчирхэг шударга Америк орныг хүсч байгаагийнхаа хэрээр хариуцлагатай байх ёстой. Ухамсарт амьдралынхаа туршид итгэл үнэмшлийнхээ төлөө зүтгэж ирлээ. Надад амжилт олох, унаж бүдрэх үе ч байсан. Ажил мэргэжил, улс төрийн гараагаа эхлүүлж байгаа залуус та бүхэнд хандаж хэлэхэд та нарт ч бас урагшлах ухрах эргэлзээ төрөх үе их гарах байх.

Бүх юм хэцүү хүнд байсан ч та бүхэн итгэл үнэмшилдээ тууштай байж, хэзээ ч битгий ухраарай. Бас нэг зүйл нэмж хэлэхэд намайг дэмжиж ажилласан охид бүсгүйчүүд та бүхнийг төлөөлөн ажилласан маань гайхалтай зүйл байлаа. Бидний дээр маш зузаан шилэн тааз байсаар байна. Үүнийг хагалж чадаагүй л байна. Одоо харж байгаа бяцхан охиддоо өөрийнхөө үнэ цэнэ, хүчийг хэзээ ч бүү алдаарай. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломж бүрийг бүү алдаарай гэж зөвлөмөөр байна гэлээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 2-оос 4 хувь, инфляцийг 3-аас 5 хувь байхаар төсөөлжээ

Image result for МонголбанкМонголбанкнаас инфляцийн төлөв байдлын тайланг олон нийтэд мэдээлсэн. Уг тайлангаар Монголбанк ирэх онд эдийн засгийн өсөлтийг 2-оос 4 хувьтай байна хэмээн төсөөлжээ. Харин инфляцийг 2017 онд 3-аас 5 хувь байхаар төсөөлсөн аж.

Тухайлбал, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөх төсөөллөөс бууруулахад уул уурхайн салбарын сэргэлт удаан, сул, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ хүлээгдэж байснаас буурч болзошгүй байгаа нь нөлөөлжээ. Мөн хувийн хэрэглээ эрчтэй агшсан болон бодлогын хүү өссөн нь эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурахад нөлөөлсөн байна. Суурь төсөөллөөр эдийн засгийн өсөлт 2016 онд үргэлжлэн саарч, 2017 онд бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байгааг тайланд дурджээ.


Харин УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд хийж, зарчмын зөрүүтэй саналуудыг санал хурааж дэмжсэн. Чуулганы нэгдсэн хуралдааны дундуур Төсвийн байнгын хороог зарлан хуралдуулж, төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Image result for Чуулганы нэгдсэн хуралдаан 2016

2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд дараах үзүүлэлтүүдийг тусгасан байна. Тодруулбал, ДНБ-ийн өсөлтийн хувь 2017 онд 3.0 хувь, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувийн үзүүлэлттэй байна. Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 6,160.2 их наяд, 2018 онд 6,822.6 их наяд, 2019 онд 7,561.3 их наяд байхаар заажээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд 8,568.9 их наяд, 2018 онд 8,971.2 их наяд, 2019 онд 9,316.5 их наяд, зэсийн үнэ 2017 онд 4800 ам.доллар байхаар тооцжээ.

Нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнэ:

2017 онд 4,599.4 ам.долларт

2018 онд 4,658.9 ам.долларт

2019 онд 4,725.5 ам.долларт хэлбэлзэхээр байна.

Зах зээлийн үнэ:

2017 онд 4,800.0 ам.долларт

2018 онд 4,800.0 ам.долларт

2019 онд 4,900.0 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцсон. Ингэснээр Төсвийн тогтворжуулалтын санд 2017 онд 12.5 тэрбум төгрөг, 2018 онд 10.7 тэрбум төгрөг, 2019 онд 11.8 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлэхээр тооцсон байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ ирэх 16-ны өдөр хуралдана

Ардчилсан намынхан намын дүрмээ өөрчлөхгүй бол ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадахгүй гэж олон хүмүүс үзэж байна. Намын гишүүдийн дунд ч үүнийгээ ил хэлдэг болсон. Дүрмийн гажуудаад байгаа нэг зүйл нь орон нутагт байгаа намын нөхдөөс авахуулаад төрийн өндөр алба эрхэлж байгаа бүх хүмүүсээсээ санал асуулга авалгүй бүх үйл ажиллагаагаа шийдэж байгаа явдал юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ одоогийнх шиг Үндэсний Зөвлөлдөх хорооны хурлаар шийдэх бус бүх нийтээр дэмжих ёстой хэмээн ихэнх гишүүд нь үзэж байгаа аж.

Өчигдөрхөн Н.Алтанхуяг “Манай Засгийн газраас хойш явагдаж байгаа үйл ажиллагааг хараад зүгээр сууж чадахгүй боллоо. Улс орны нөхцөл байдал, дураараа авирлаж буй үйл ажиллагаа, хууль ёсыг гажуудуулдаг, бизнесийг дарамталдаг боллоо. Үүнийг зүгээр хараад сууж чадахгүй учир Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдлээ” гэсэн юм.

Гэхдээ энэ бол хувийнх нь шийдвэр юм. Хуулиараа бол Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших учиртай. Тиймээс түүнийг намаас нь дэмжих үү гэдэг эргэлзээтэй. Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан ч тус намаас нэр дэвших яриа нисч буй.

Тэд энэ сарын 16-нд Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, үндсэн дүрмээ шинэчлэх ажлын хэсгийг байгуулж намынхаа Их хуралд бэлдэх гэнэ. Ингэснээр ирэх сарын 6-нд намын Их хурлаа хуралдуулж үндсэн дүрмээ шинэчлэх юм байна. Үүгээр хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших нь тодрох буй за.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Төрийн өмчит компаниудын бүтээмжийг нэмэгдүүлэхийн оронд үнийг нь унагаж хувьчилж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төрийн өмчит компаниудын алдагдал сүүлийн хэдэн жилд хэт их өссөн байна. Бид өнөөдөр төрийн өмчийн компаниудынхаа бүтээмжийг нь нэмэгдүүлж ажиллуулахын оронд үнийг нь унагаж хувьчилдаг болж байна. Өр авлага үүсгэсэн хүмүүст хариуцлага тооцдог, ашигтай ажиллуулдаг болох талаар ямар зохицуулалт хийхээр уг тогтоолын төсөлд тусгасан бэ гэсэн юм.

Үүнд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулахдаа:Төсөв дагаж гарах тогтоолын төслүүд дотор нилээн олон дүгнэлтийг оруулсан. Тухайн төрийн аж ахуйд нэгжид аль нэгэн захирал очоод ажлаа сайжруулж чадахгүй бол ажлаас нь чөлөөлөхөөр болсон. Тэр хүн тухайн байгууллагад дөрвөн жилд хаан ноёноор очиж байгаа хүн биш. Ажлыг нь сайжруулах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн өмчит аж, ахуй нэгжид улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгөө бага төлөөд банкуудад их зээл тавьсан байгаа. Тиймээс ТУЗ-д нь мэргэжлийн хүмүүсийг тавьж өгөх ёстой гэдэг чиглэлийг ч мөн өгч байгаа. Төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийн зээлийг буулгах үр ашгийг нь нэмэгдүүлэх ажил руу чиглэсэн ажлуудыг хийлгэхээр даалгасан. Тэгэхээр хариуцлагагүй ажилбал ажлаас нь чөлөөлнө гэв.