Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяртай ярилцлаа.
-Засгийн газрын 100 хоногийн хүрээнд танай яам ямар ажлууд хийсэн бэ?
-Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шинээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан. 100 хоногийн хүрээнд ирэх дөрвөн жил манай яамнаас хийх 47 ажлын 13-ыг эхлүүлчихээд байна. Нийт Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийгдсэн 20 ажлын зургаа нь манай яамны хийсэн ажил. Бидний ажлын эхлэл бол ажилгүйдэл. Нийгэмд ажилгүйдэл ихэсч, ядуурал хавтгайрлаа. Төр засгийн бодлого энэ салбарын хүрээнд төсвийн захиран зарцуулалтыг төдийлөн зөв оновчтой зохион байгуулаагүйгээс үүдэлтэй нэлээд асуудал үүссэн байсан. Ахмадууд, залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд гээд асуудалгүй хүн бараг алга. Бидний ажил бол эдгээр хүмүүсийн амьдралын асуудлыг шийдвэрлэх. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал бусад салбарыг бодвол бүх хүнийг хамардгаараа онцлог. Эхийн хэвлийд хүүхэд бий болсноос бурхан болох хүртэл бүх л санхүү, эдийн засгийн харилцааг зохицуулж байдаг үүрэгтэй яам. Бид улс орны эдийн засгийн бодлого боловсруулахад салбарын түвшинд дуу хоолойгоо илэрхийлж байх ёстой. Монгол Улсад макро эдийн засгийн бодлогын баталгаажсан хэлбэр бол ирэх дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын хийж хэрэгжүүлэх хөтөлбөр. Мөн 2030 он хүртэлх Монгол Улсын эдийн засгийн бодлого. Энэ нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар зохицуулагддаг. Эдийн засгийн бодлого эргэлдэж байж хөдөлмөрийн салбараа дагаж хөдөлдөг. Хөдөлмөрийн салбар эргэснээр халамж, даатгал, боловсролын асуудал дагаж эргэлтэд ордог. Тэгэхээр хоорондоо хамаарал бүхий эргэлтийн бодлогын хүрээнд салбарынхаа үүрэг, хариуцлагыг мэдэж байх ёстой. Үүний хэрэгжилтийг хангахад насны бүлгээр хувааж ямар ажил хийж байгаагаа гаргасан.
Юуны өмнө 1050 орчим ахмадтай хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүнд нь өнгөрсөн долоо хоногт ахмад настнуудын тухай хуулийг Засгийн газарт танилцуулж УИХ-д өргөн барихаар бэлэн болсон байна. Энэ хуульд ахмадуудын хүсэлт, шаардлагын дагуу хөдөлмөр эрхлэлт, халамж, эрүүл мэнд, орон сууц, амралт сувиллын үндсэн таван бодлого багтсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлогын байнгын хороон дээр томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Миний бие намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт залуучуудын хөгжлийн хэсгийг хариуцсан ахлахаар ажиллалаа. Энэ хугацаанд нийтдээ 27400 орчим залуучуудтай уулзаж, ажил амьдралтай нь танилцсаны үр дүнд залуучуудын хөгжлийн тухай хуулийг боловсруулаад дууссан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар бид анхны танилцуулгыг хийж, УИХ-д өргөн барина. Өнөөдөр залуучууд нэн ядуу гэсэн томьёололд үндсэндээ багтаж байгаа. Монгол Улсын нийт хүн амын 70 орчим хувийг залуучууд эзэлдэг. 70 орчим хувийг эзэлж байгаа залуучууд ядуу байна гэдэг нь үндэсний хэмжээний томоохон асуудал гэж хэлж болно. Залуучуудын хөгжлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг зарчмыг баримтална. Уг хууль залуучуудын хувь хүний хөгжил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, чөлөөт цаг гэсэн үндсэн таван бодлогоос бүрдсэн нийт 18 хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Томоохон хуулийн төслийг манай яам хийж дууслаа. Энэ хуулийн үзэл баримтлалын хүрээнд зарим ажил хэрэгжээд явж байгаа. Жишээлбэл, боловсролын зээлийн санг анх бид санаалчилсан. Харьяаллын дагуу Боловсролын яам хариуцаж, манай яамтай хамтран зээл олгогдож эхэлсэн. Төрөөс сургалтынхаа төлбөрийг зээлээд төгссөн хойноо төлье гэдэг зарчимтай ажиллаж байна. Үүний цаана хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг боловсролын зээлийн сангаараа зохицуулалтыг хийх үндсэн ажил орж байгаа юм.
-Гадаадад ажиллах хүч илгээх ажлын хүрээнд Японы талтай санал солилцсон. Энэ ажлын явц ямар шатандаа байна вэ. Танай яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?
-Гадаадад ажиллах хүч авахтай холбоотой томоохон ажлууд хийж байна. Үүний хүрээнд саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд, холбогдох хүмүүс Япон улсад албаны айлчлал хийсэн. Үүний үр дүнд аравдугаар сарын 21-нд Японы доод танхим дадлагажигч авахыг дэмжсэн. Одоо дээд танхим нь араваннэгдүгээр сарын 30-нд шийднэ. Хууль нь батлагдмагц үүний хэрэгжилтийг хангадаг “Житко” гэх байгууллагын удирдлагууд Монгол Улсад ирж хамтарсан семинар зохион байгуулна. Миний оролцоо бол эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртэй уялдуулан боловсон хүчнээ Японд бэлтгэж, Монголдоо ирж салбарынхаа хүрээнд ажиллах юм. Жишээлбэл, ССТ буюу цэвэр нүүрсний технологийн Таван толгойн ордод түшиглэж үйлдвэр байгуулах саналыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ бидэнд тавьсан. Энэ нь хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Уг хуванцраар автомашины доторх салоныг үйлдвэрлэдэг. Япон улс жилдээ 13.2 тэрбум ам.долларын пластик буюу хуванцар материал гаднаас худалдаж авдаг тоо бий. Үүнийг Монголд үйлдвэрлэе гэж ярьсан. Үүнтэй уялдуулаад нүүрсний цэвэр технологи буюу нүүрс химийн салбарын хүрээнд сургалтынхаа бодлогыг хамтдаа хэрэгжүүлнэ. Мөн монгол залуусыг Японд очиж дадлагажуулах, хөдөлмөрийн ур чадварыг эзэмшүүлэх, мэргэжил боловсролыг дээшлүүлэх улмаар Монголдоо ирж ажиллах нөхцөл бололцоогоор хангахаар болсон.
Мөн Японоос хуурай сүүний технологи худалдаж авч байгаа. Энэ ажлын үр дүнд 17 мянган ажлын байр бий болно гэсэн техник эдийн засгийн үндэслэл гарсан байгаа. Энэ ажлын хүрээнд манай МСҮТ-ийнхэн эдгээр боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Ийм л эдийн засгийн цикль бүхий уялдаа холбоог хангаж ажиллах гэж байна. Өмнө нь хэн дуртай нь гадагш гараад явчихдаг. Түүнийг нь төр мэдэхгүй, статистик тоо байгаагүй. Бид одооноос мэдээлэлтэй болж байна. Мөн энэ ажлын хүрээнд манай ажилтан Солонгост ажиллаж байгаа. Хэтдээ бид ХХАА-н салбарын хүрээнд Франц улс, эрчим хүнсний салбар болоод ХХАА-н салбарын хүрээнд Герман улс, хөнгөн үйлдвэрлэлийн хүрээнд Чех улс руу тус тус ажиллах хүч явуулна. Чех улсад л гэхэд 138 мянган ажлын байрны эрэлт хэрэгцээ бий.
-МСҮТ-тэй уялдаатай ажиллах юм байна. Тус төвийн санхүүжилтийг зогсоосон. Энэ нь танай яамнаас хийсэн шалгалттай холбоотой юу. Чухам ямар асуудал гарсан юм бэ?
-МСҮТ-д шалгалт хийхэд асуудал бүхий нэг сургууль гарсан. Хаяг бүртгэлтэй мөртлөө хаягаар нь очиход ямар ч сургууль байхгүй байсан. Тэгсэн хэрнээ хувьсах зардал, оюутны 70 мянгыг авч байсан байгаа юм.
МСҮТ-ийн оюутны 70 мянган төгрөгийг хассан. Энэ мөнгө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүждэг. Энэ сангийн бодлого нь дотоодод хөдөлмөрийн зах зээлээ хамгаалахад хөрөнгө оруулалт хийгддэг. Гэтэл МСҮТ-ийн оюутнуудын 70 мянгыг санхүүжүүлээд тус сан хөдөлмөр эрхлэлтийг санхүүжүүлэх ямар ч эх үүсвэргүй болчихоод байна. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа ажлын байран дээр тавигдаж буй мэргэжлийг судлаад үзэхээр 70 хувь нь МСҮТ-ийг төгссөн хүмүүсийнх байдаг. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа боловсон хүчнийг бэлтгэх үүрэг хариуцлагыг манай яам хүлээж байгаа. Гэтэл эрэлтэд нийцсэн оюутан залуусыг төгсгөж байна уу гэвэл бас л үгүй. Жишээлбэл, эрчим хүчний салбар байна. Энэ салбар өнөөдөр 10 квт-ын шугам дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өмнө нь зургаан квт байсан юм. Гэтэл манайхан зургаан квт эрчим хүч дээр ажиллах боловсон хүчин бэлтгэж байна. Энэ нь ажил олгогчийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлд оролцуулахгүй байгаатай холбоотой. Тийм учраас уг хуулийг бид арваннэгдүгээр сард хэлэлцүүлэхээр томоохон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Тус хуульд өөрчлөлт оруулна. Дээрээс нь боловсролын зээлийн сантай МСҮТ-ийг холбож төлбөртэй болгоно. Одоогийн байгаа хуулиар төлбөр авах боломжгүй байгаа. Тэд төгсөөд ажилтай, орлоготой болохоороо төлөх нь зүйн хэрэг. Тодорхой хэмжээнд төр МСҮТ-ийн хувь эзэмшлээ хадгална. Заримыг нь хувьчилна. Ажил олгож байгаа байгууллага нь боловсон хүчнээ бэлтгэх бааз болох хэрэгтэй. Ийм хувьчлалын шилдэг загварууд олон бий. Тэгж байж МСҮТ хөгжинө.
-Эдийн засаг хямралтай байгаа цаг үед ажлын байр чухал байр суурийг эзэлдэг. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?
-Засгийн газар өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хямралыг даван туулах онцгой хөтөлбөрийг УИХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд улс орны хэмжээнд нийтдээ 20-оод томоохон аж үйлдвэрийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд урьдчилсан байдлаар суусан байгаа. Одоо УИХ шийдвэрээ гаргаж хэлэлцэнэ. Мэдээж ажлын байр гэдэг хамгийн чухал асуудал. Ажлын байрыг нэмэгдүүлэх арга зам нь өөрөө аж үйлдвэрийг дэмжих шүү дээ. Манай яам үүн дээр нэлээд онцгойлон ажиллаж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал дээр арга хэмжээ авч байгаа юу. Тэд ямар нэг байгууллагад ажиллах боломж үндсэндээ хомс байдаг шүү дээ?
-Би ажлаа авмагцаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 орчим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж үүрэг даалгавар хүлээж авсан. Үүний хүрээнд хийгдэж байгаа эхний ажил хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчино. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах бодлогын томоохон ажлын суурийг тавьж байна. Хамгийн гол нь хөдөлмөр эрхлэхэд таатай байх бодлогыг л хэрэгжүүлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн эрүүл хүнийг бодвол ажиллах эрмэлзэл өндөр байдаг нь судалгаагаар харагддаг. Манай яам халамжаас хөдөлмөр эхлэлт рүү шилжих бодлого баримтална. Халамжийн төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүс маш олон байгаа. Үүнийг санхүүжүүлэх арга бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан. 2017 онд бид 62 тэрбум төгрөг энэ сандаа орлогодоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ мөнгө халамжаас хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг санхүүжүүлэх хэрэгжилтийг хангахад зарцуулна. Үүнийг хөдөлмөр эрхлэх боломжтой чадамжтай, хөдөлмөр эрхлэх боломжгүй чадамжгүй гэсэн хоёр томьёоллын хүрээнд харна гэсэн үг. Дээрээс нь энэ судалгааны хүрээнд амьжиргааны түвшин боломжийн хүн халамж хөтөлбөрт хамрагдаад байгаа асуудал байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэг рүүгээ манай салбарын хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна гэсэн үг. Зорилтот бүлэгтээ мөнгө очихгүй байгаа асуудал ч бий. Үүний дагуу ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна.
-МАН эрх барьж өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн сайн хөтөлбөрүүдийг зогсооно гэж байсан ч хүүхэд харах үйлчилгээг буцаан сэргээж байх шиг байна?
-Миний бие хөдөө орон нутгаар ажиллаж хүүхэд харах үйлчилгээ үзүүлж байгаа зарим төвүүдтэй танилцсан. Үнэхээр стандарт шаардлагыг хангаж үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн мэдээж байсан. Үүний хажуугаар саар нь ч байсан. Стандартын дагуу хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүст тавигдах хяналт шаардлагаа бид сайжруулна. Үүнд хяналт тавих хэрэгтэй. Бид энэ асуудлыг өргөн барьснаар байнгын хороод дэмжчихээд байна. Үндсэндээ хүүхэд харах үйлчилгээгээр 1392 ажлын байр нэмэгдэж, 6700 хүүхэд хамрагдаж байгаа. Өмнөх Засгийн газар зөв ажил эхлүүлсэн. Гагцхүү хэрэгжилтэн дээрээ алдаа гаргасан учраас бид үүнийг зөв голдрилд нь оруулна.
-Та өнгөрсөн дөрвөн жил тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Сүүлийн үед энэ асуудал ахин яригдаад байгаа. Чухам яаж хүүг нь бууруулах юм бэ?
-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах улмаар цалингийн зээлийн хүүг бууруулах шаардлагыг өнгөрсөн дөрвөн жил цөөнхийн дэд дарга байхдаа тавьж байсан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын наймдугаар сард болсон хуралдаанаар надад үүрэг даалгавар өгч Төрийн банктай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Сайн мэдээ хэлэхэд тэтгэврийн зээлийн хүү, цалингийн зээлийн хүүг бууруулах бүрэн дүүрэн боломжтой. Арга зам нь тодорхой. Ямар ч хууль, дүрэмд өөрчлөлт оруулахгүйгээр банкны тухай хуулийн 9.1-ийг удирдлага болгоод бидний цалингаасаа төлдөг нийгмийн даатгалын хуримтлалыг арилжааны банкинд байршуулах замаар бууруулах арга зам байгаа. Харамсалтай мэдээ гэвэл, ажлын хэсгийн дүгнэлтээр Төрийн банкны зардал маш өндөр байна гэж гарсан. Төрийн банкны урсгал зардал өндөр байгаа нь өгч байгаа зээлийнхээ хүүнд шингэдэгтэй холбоотой. Ажлын хэсэг маржин (банкны үйл ажиллагааны зардал, эрсдэлийн зардал) зургаан хувьд багтаах боломжтой байна гэсэн дүгнэлт өнгөрсөн долоо хоногт өгсөн. Зургаан хувь гэдэг маш өндөр тоо. Энэ зардлыг бид Төрийн банкинд байршуулахдаа хуваалцах шаардлагатай болчихоод байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн орлого тэр хэмжээгээр буурна гэсэн үг. 2016 оны тавдугаар сарын 17-нд буюу сонгуулийн өмнө нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл болох 577 тэрбум төгрөг 11.8 хувийн хүүтэй арилжааны банкуудад нэгээс хоёр жилийн хугацаатай хадгаламж хэлбэрээр байршиж байсан юм байна. Гэтэл тавдугаар сарын 17-ны нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар энэ хүүг бууруулаад жилд есөн хувь болгосон. Өөрөөр хэлбэл, бид 577 тэрбум төгрөгөөс гурван хувийн хүүгийн орлого олох боломжоо алдсан. Энд 17 орчим тэрбум төгрөгийн асуудал хөндөгдөж байгаа. Ийм шийдвэрийг би одоогийн байдлаар гаргаж чадахгүй. Төрийн банкны захирал Д.Баярсайхантай уулзаж зургаан хувиа буулга гэдэг шаардлага тавьсан. Энэ бол цэвэр арилжааны зарчмаар явж байгаа хэрэг. Хэрэв Төрийн банк зургаан хувиа буулгаж чадахгүй бол бусад банкуудад би албан ёсоор хүсэлт тавина. Хэн нь надад бага зардал бүхий маржины хүү санал болгоно тэр банктай л би хамтарч ажиллана. Ихэнх хүн цалингаа Төрийн банк, Хаан банкаар авч байгаа байх. Төрийн байгууллагууд болон тэтгэвэр авагчид үндсэндээ энэ хоёр банкаар үйлчлүүлдэг. Энд шударга өрсөлдөөний зарчмыг хангаж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал үүсээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт бид энэ асуудлыг ярилцсан. Чөлөөт өрсөлдөөний хуулиар цалин, тэтгэврээ авах банкаа сонгодог болгоё гэж урьдчилсан байдлаар ярилцсан. Өөрөөр хэлбэл, энэ монопол бүхий өнөөдрийн хэв маягийг эвдсэнээр банкууд хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Өрсөлдөнө гэдэг үйлчилгээгээ сайжруулж, янз бүрийн шимтгэл хураамж авахаа болино. Улмаар зээлийн хүүгээ бууруулна.
-Өмнөх сайд ажлаа хүлээлгэж өгөхдөө нийгмийн даатгалын санд 900 тэрбум төгрөг байгаа гэж хэлсэн. Одоо хэдэн төгрөг байгаа вэ. Үүнийг ашигтай салбарт хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулах боломж бий юу?
-Харилцах хадгаламжаа нийлүүлээд нэг их наяд төгрөг байдаг юм. Үүний 587 тэрбум төгрөг нь хадгаламж хэлбэрээр, үлдсэн 500 орчим нь харилцах хэлбэрээр бий. Би энэ ажлыг авснаас хойш эрүүл мэнд, нийгмийн даатгалын удирдлагуудтай ярьж байгаад сангийн мөнгийг банкинд хадгаламж хэлбэрээр өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Хадгаламж хэлбэрээр байршуулахад хадгаламжийн хүү дунджаар 15 хувь орчим байгаа. Хадгаламж хэлбэр гэдэг маань тухайн мөнгийг 15 орчим хувьд байршуулах боломжтой гэсэн үг. Харин харилцах хэлбэр нь дунджаар дөрвөн хувь байгаа. Харилцах хэлбэрээр багагүй хэмжээний мөнгө яваад байдаг. Бид 80 тэрбум төгрөгийг харилцах хэлбэрээс хадгаламж хэлбэр рүү шилжүүлье гэдэг тооцоог гаргаад байгаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн хувийн хүүтэй байсан харилцах дансыг хадгаламжийн дундаж буюу 15 орчим хувийн хүүтэй байршуулах буюу 11 хувийн хүүтэй орлого олох боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Ийм байдлаар нийгмийн даатгалын хуримтлалд төвлөрдөг сангийн мөнгийг эдийн засгийн идэвхтэй байдалд байлгана. Гадны туршлагаас харахад нийгмийн даатгалынхаа сангаас янз бүрийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашигладаг. Гэтэл ийм байдал руу шилжүүлбэл шийдвэр гаргагч улстөрчдөд тавигдах шударга, ил тод, олон нийтийн санаа бодолд тулгуурлаж шийдвэр гаргадаг ийм зарчим үнэндээ манайд байхгүй.
Ямартай ч би энэ салбарт байх хугацаанд манай баг бүрэлдэхүүн ямар нэгэн байдлаар олны эрх ашигт нийцэхгүй, хулгайн шинж чанартай үйлдэл нэгийг ч гаргахгүй. Эрх зүйн орчин нээлттэй болж хөрөнгө оруулалтын сан хэлбэрт шилжүүлчихвэл миний яриад байгаа шиг шударга биш хүн томилогдвол үндсэндээ энэ сангийн мөнгөөр тоглож дуусна. Тэгэхээр би илүү хамгаалалттай байх бодлого барьсан нь дээр юм болов уу гэж бодож байна. Энэ улстөрчид нь жаахан хөгжих хэрэгтэй. Ард иргэдийн хяналт, шаардлага өндөр болох ёстой. Тэрний дараа энэ асуудал хөндөгдөх байх. Энэ дөрвөн жилд хөрөнгө оруулалтын сан хэлбэрт шилжүүлэхийг би туйлын үндэслэлтэй гэж үзэж байна.
-Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдэж байгаа. Харин цалин, хөлс нэмэгдэх үү?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оноос 240 мянган төгрөг болно. Хүний цалин амьдралдаа худалдан авалт хийхэд хангалттай хүрэлцэхүйц байх ёстой байтал өнөөдөр хүрэлцэхгүй байна. Ажил хийж байгаа мөртлөө цалингийн зээлтэй ядуу амьдраад байна. Үүнийг л бид арилгахын тулд ажиллана. 2017 онд цалин нэмэх ямар ч боломж байхгүй. Улсын төсвийн орлого 5.3 их наяд байгаа. Бидний 2017 онд төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 6.3 их наяд шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг их наяд сох дутаж байгаа юм.