Categories
мэдээ нийгэм

”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2016 оны 41 дэх дугаарт Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай, Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиудыг нийтэлсэн байна.

УИХ-аас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан юм.

Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрамдах Сан Марино Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатарыг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрамдах Сан Марино Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдоржийг томилсон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Дугарын Сүнжид, Эрдэнээгийн Энхтуяа, Ванчигдоогийн Жавхлан, Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг нарыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр тус тус томилжээ.

Түүнчлэн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлсэн байна.

Categories
мэдээ спорт

Самбо бөхийн ДАШТ эхэллээ

Самбо бөхийн Дэлхийн аварга
шалгаруулах 41 дэх удаагийн тэмцээн Болгарын Софид эхэлж байна.

Өнөөдөр Монгол Улсын тамирчин Ч.Марал-Эрдэнэ (52 кг),
Н.Тогтохбаяр (байлдааны самбо 57 кг) нар барилдах бөгөөд энэ удаагийн ДАШТ-д
Б.Солонго (56 кг), Г.Сарангоо (-80 кг) нарын хоёр эмэгтэй, Б.Амартүвшин (57
кг), Г.Түвшинжаргал (-100 кг), Б.Ариунболд (байлдааны самбо 68 кг) нарын
эрэгтэй бөхчүүд хүч үзэх юм.

Софид самбо бөхийн ДАШТ гурав дахь удаагаа явагдаж байгаа нь
энэ. Өмнө нь 1995 онд гавьяат тамирчин О.Одгэрэл +100 кг-д, 2006 онд ОУХМ
С.Орхонбаатар байлдааны самбогийн 57 кг-д тус тус алтан медаль хүртэж байсан
түүхтэй.

Categories
мэдээ улс-төр

Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүнтэй уулзав

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.11.11/ Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Улсын Их Хурал шинээр бүрэлдэж, олон шинэ, залуу гишүүд орж ирсэн. Үүнийг дагаад шинэ туслах, зөвлөхүүд олноороо ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг дадлагажуулж, сургаж өгөх тал дээр танай сангийн хөтөлбөрийн хүрээнд туслалцаа үзүүлж, хамтран ажиллах хүсэлт тавих гэсэн юм хэмээн онцлов.

ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрбээр Ханнс Зайделийн сан 1993 оноос хойш Монголд үйл ажиллагаагаа явуулж байна. Гурван жил тутам үе шаттайгаар үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Монголын хуулийг боловсронгуй болгоход маш их дэмжлэг, туслалцаа, зөвлөгөө үзүүлж ирсэн гэлээ.

Түүнчлэн “Төрийн албаны хууль болоод эрэлт хэрэгцээтэй хуулийг цаашид боловсруулахад, бидний зүгээс олон улсын туршлага судлах, зөв хувилбаруудыг сонгоход дэмжин ажиллахад бэлэн байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд өөрчилбөл зохилтой, хийдэлтэй ямар хууль, эрх зүйн зохицуулалт байна, тэдгээрийг засч залруулахад ч хамтын ажиллагааг өрнүүлж болох юм” гэж тэрээ тодотголоо.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх бусад асуудлаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулахад шинэ технологи, инноваци нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Ногоон
хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон
холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал
болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл
өглөө.

Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их
байгаа юм. Нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх жилд 1 сая тонн нүүрс
хэрэглэдэг бөгөөд агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг байна. Харин нийслэлд
ашиглаж буй 330 мянга гаруй тээврийн хэрэгсэл 10 хувийг, 3 ДЦС 6 хувийг,
хөрснөөс дэгдэж буй тоос 4 хувийг эзэлдэг аж. Нийслэлийн агаарын бохирдлыг
бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын
ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011- 2015 он хүртэл 132.5
тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэвч нийслэлийн агаарын бохирдол төдийлөн
буухгүй байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдлыг
бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч
хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Дулаан хуримтлуулах, цахилгаан инновацийг бий
болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг
бууруулах сан байгуулж ажиллах зэргээр дорвитой арга хэмжээ аван ажиллахаар
төлөвлөөд байна” гэдгийг онцлоод цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа
зарим ажлаа танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2030” төслийг
шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ дагуу хөтөлбөр боловсруулан гаргаж,
хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Өмнө нь хэрэгжүүлж байсан
бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв
системтэй үргэлжлүүлэх. Олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын
бохирдлыг бууруулах шинэ техник технологи нэвтрүүлэх. Шөнийн цагт эрчим хүч
хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр
төлөвлөж байна. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж,
түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн.
Мөн нийтийн тээвэрт явж буй дизель хөдөлгүүртэй автобусанд тортогжилтыг 80
хүртэл хувиар бууруулах төхөөрөмж суурилуулах зэрэг олон ажил төлөвлөж байна

Categories
мэдээ улс-төр

П.Сэргэлэн: 70 гаруй сая малтай мөртлөө 5000 тонн мах экспортолж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Мал аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргахаар дэвшүүлж буй зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Мал аж ахуйн салбар нь 3.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг анхан шатанд үйлдвэрлэсэн бол экспортын 7.1 хувийг эзэлж байна. Мөн экспортод 5.1 мянган тонн мах экспортолжээ. Гишүүд асуулт асууж, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хариулт өгч байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Махны үйлдвэрүүдийг нэмж байгуулах уу, махны экспортыг нэмэгдүүлэх тал дээр юу хийх вэ?

П.Сэргэлэн: Махны экспортын асуудал маш чухал байгаа. Цех, жижиг үйлдвэрийн хэмжээнд том бага нийлсэн 70 гаруй жижиг үйлдвэрүүд байгаа. Эд нар тоног төхөөрөмжөө сайжруулах шаардлага байгаа. Экспорт тун бага гарч байгаа эдгээр үйлдвэрүүдийг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх тал дээр бид нар ажиллана. МУ-ын Засгийн газраас боловсруулсан эдийн засгийн хөтөлбөрт махны үйлдвэрийг байгуулах санал дэмжигдээд явж байгаа. Манай улсад махны 20 гаруй том үйлдвэр ажиллаж байна. 70 гаруй сая мөртлөө 5000 тонн мах л экспортолж байна. Тэгэхээр мах бэлтгэлийн асуудал, түүхий эдээ үйлдвэрийн аргаар бэлдэх хэрэгтэй байна. Өнөөдөр бидний бэлдэж байгаа арьс ширний 70 хувь нь үйлдвэрт гологдож байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, дэд дарга нарыг хэлэлцүүлэгт урилаа

УИХ-ын гишүүн С.Жавхлан Эрдэнэт үйлдвэр болон цаг үеийн асуудлаар Төрийн ордны В танхимд хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрээр “ Эрдэнэт үйлдвэрийн талаар өмнө би УИХ-ын чуулган дээр хэлж байсан. Яг энэ асуудлаар нүүр нүүрээ хараад үнэнийг ярьж чаддаггүй. Түмэн олонд энэ асуудлын талаар учир нь үл ологдох байдал үүсээд байна. Тийм учраас энэ талаар хариулт авах үүднээс өргөн олныхоо дуудлагаар нэр бүхий хүмүүс МҮОНРТ-д очиж ярилцлага өгөөч. Ийм саналаа “Монголын мэдээ” телевизийн захирал Ч.Батцэнгэлд бичгээр хүргүүлсэн боловч Ц.Оюундарь Монголын мэдээ телевизийн захирал Ч.Батцэнгэлийг ажлаас нь халсан байна.Эрдэнэттэй холбоотой асуудлаар телевизүүдтэй хаалтын гэрээ хийсэн байна гэж ойлгож байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооноос МҮОНРТ-ийг шалгах ажлын хэсэгт орох хүсэлтээ өгсөн. Миний хийх нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлэг нь энэ сарын 18-ны 21:00 цаг. “ММ” сувгийн “Нээлттэй хэлэлцүүлгийн цаг” гэсэн нэвтрүүлэг бий. Энэ бол Монголын ард түмэн зөв зүйтэй мэдээлэл авах хамгийн боломжтой цаг байгаа юм. Тиймээс би энэ цагийг сонгосон.Хамгийн түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой нэр холбогдоод байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид урилга хүргүүлж байна. Мөн УИХ-ынн дарга М.Энхболдод, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Энэ хүн хамгийн түрүүнд үсрээд ирэх байх. Мөн 27 настай хөвүүн ч ирэх байх. Ямар эх үүсвэрээр хувьчилж авснаа ярих хэрэгтэй.Түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгч Золжаргалыг ирээсэй гэж хүсч байна.Ингээд энэ сарын 18-нд 21:00 цагт болзоо тогтоож байна. Түмэн олон минь анхаарлаа сайн хандуулаасай. Мөн өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан албан тушаалтнууд сайн дураараа, итгэл үнэмшлээрээ ирээсэй гэж хүсч байна” гэв.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын шинэ ерөнхийлөгч ирэх оны эхээр тангарагаа өргөнө

Шинээр сонгогдсон ерөнхийлөгч ирэх 2017 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөснөөр албан ёсоор ерөнхийлөгч болж, үүрэгт ажилдаа орно. Үүгээр өмнөх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм.

Мөн одоогийн Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай тангараг өргөх ёслолын өмнө шинэ Ерөнхийлөгч болон түүний гэргийг цайны ёслолд урьдаг бөгөөд үүнээс зургаан цагийн дараа шинэ ерөнхийлөгчийн гэр бүл Цагаан ордон руу нүүж ордог байна.

Categories
мэдээ нийгэм

Дорнодод иргэд цасанд боогджээ

Энэ сар гарснаас хойш нийт нутгаар цас орж хүйтэрч байна. Тухайлбал, Дорнод аймагт цас нэлээд орж нийт нутгаар зузаан цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс шалтгаалан орон нутгийн замд зорчиж буй иргэд цасанд боогдох тохиолдол гарах болсон байна. Өчигдөр тус аймгийн Баян-Уул сумын төвөөс 4 км орчим зайтай Хайлант хэмээх газар авто машинтай явсан хоёр иргэн цасанд суусныг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид татаж гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт тус аймгийн сумдаас Баян-уул орчмоор хамгийн их цас орсон бөгөөд зузаан нь 20 см хүрээд байна.

Тиймээс онц шаардлагагүй бол иргэдийг холын замд гарахгүй байхыг онцгой байдлын албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Хууль, тогтоолын төслүүд өргөн барив

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ахмад настны тухай” болон ”Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, “УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барив.

Хуулийн төслүүдийг ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар зохицуулж байсан ижил төрлийн тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор санаачлан боловсруулжээ.

Түүнчлэн “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 65-аас дээш настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээ, зохицуулалтыг тусгасан байна.

“УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөлд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрын төлөөллийг өөрчлөх асуудлыг тусгажээ.


ТАНИЛЦУУЛГА

Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн тухай

Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байна. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянган болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, өөрсдөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуулийн төслийг боловсруулав.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж тусгасан. Иймд энэ хуулийн төсөлд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд 2 удаа 50.0 мянгаас 250.0 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцсон бөгөөд энэ арга хэмжээнд зориулан 20.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулийн төсөлд тусгалаа.

Ахмад настны тухай хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд 4 бүлэг, 17 зүйлтэй.

Энэ хуулийн хүрээнд ахмад настанд лавлагаа, мэдээллийн зөвлөгөө өгөх, сургах, хөгжүүлэх болон явуулын үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн хэрэгцээт дэмжлэг туслалцаа, үйлчилгээний талаарх мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр хүргэх гэх мэт шинэ төрлийн үйлчилгээг бий болгохоор тусгалаа.

Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас давуу талтай болсон.

Хуулийн төсөлтэй уялдан нийгмийн халамжийн санд нийт 20.4 тэрбум төгрөг нэмж шаардагдах юм Харин ахмад настны эрүүл мэндийг сайжруулах, хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих арга хэмжээ нь холбогдох бусад хуулиудтай уялдаж байгаа тул төсөвт нэмэлт дарамт учруулахгүйгээр тухайн сангуудаас санхүүжин хэрэгжих юм.

Түүнчлэн Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаатай холбогдуулан одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиас алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтуудыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлага гарч байна.

Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулиар улс эх орноо хөгжүүлэх, бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн төрөөс сар бүр нэмэгдэл олгодог билээ.

Иймд алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар зохицуулж байсан ижил төрлийн тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулав.

Хуулийн төсөлд шинэ зохицуулалт нэмэгдээгүй тул хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсөвт нэмэлт зардал шаардагдахгүй бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой юм.

Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар ахмад настны амьдралын туршлага, мэдлэг, ур чадварыг нийгмийн баялагт тооцож, тэднийг халамжлахын зэрэгцээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулж, баялаг бүтээгч байлгах нь улс орны хөгжилд төдийгүй ахмад настны амьжиргаа, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх болно.

Дээрх хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон болно.

ТАНИЛЦУУЛГА

УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д ”Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох…” гэж хуульчилсан болно. Үүний дагуу Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь даатгуулагчийн эрх ашгийг хөндсөн, цаг үеийн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө, зарлагын гүйцэтгэл, сангийн батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг хүлээдэг.

УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрын төлөөллийг өөрчлөх шаардлагатай байна.

Нийгмийн даатгалын бодлогын чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдэд даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, даатгуулагчийг дээдэлсэн даатгалын шинэ тогтолцоог бүрдүүлж ажиллах үүднээс Засгийн газрын гишүүн болон Үндэсний зөвлөлийн ажлын уялдааг хангахын тулд Үндэсний зөвлөлийн дарга нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Засгийн газрыг төлөөлсөн бусад гишүүдээр Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар ажиллахаар төсөлд тусгав.

Тогтоолын төслийг Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Categories
мэдээ нийгэм

“Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал боллоо 24 минутын өмнө

Манай улсад хавдар судлалын алба үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан “Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинэжилгээний хурал боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү хурлаар эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хорт хавдрын урьдчилан сэргийлт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний практикт нэвтрүүлэхийг зорьж ажилладаг юм. Энэ үеэр гадаад дотоодын эмч, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд 20 гаруй эрдэм шинжилгээний ажлын үр дүн, зөвлөмжийг танилцуулж , хэлэлцүүлэхийн зэрэгцээ хавдар судлалын салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо хуваалсан юм. Мөн хот хөдөөгийн 200 гаруй эмч, судлаачид оюутнууд оролцов.

Хавдраас сэргийлэх, хянах бодлого, хөтөлбөрийг төлөвлөх, хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд шинэ арга, технологи нэвтрүүлэхэд эмч, эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хүмүүсийн эрдэм шинжилгээний ажилд суурилсан санаа бодол, дүгнэлт зөвлөмж тун чухал гэдгийг оролцогчид онцолсон.

Манай орны хувьд хавдрын судалгаа, шинжилгээний ажил 1960 аад оноос эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж 30 гаруй эрдэмтэн эрдмийн зэрэг цол хамгаалжээ. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлсэнээр хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрт үед нь оношилж, эмчилсэнэр олон хүний амь нас, эрүүл мэндийг аварч байна.