Categories
мэдээ нийгэм

Гадаад ажилчдын тоо нь нийт ажилчдын таван хувиас хэтрэхгүй байхаар тогтоолоо

adb79fb2d9c55d7bgreat Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг Засгийн газрын тогтоолоор баталлаа.

Гадаад ажилчдын тоо нь тухайн байгууллагын нийт ажилчдын таван хувиас хэтрэхгүй байхаар тогтоолоо. Тогтоосон квотын 50 хүртэлх хувьтай тэнцэх гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, 50-иас дээш бол Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болголоо.

2016 оны аравдугаар сарын байдлаар 11072 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 33 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2015 онд 43 тэрбум төгрөг төвлөрч байсан бол 2016 онд 37.8 тэрбум төвлөрүүлэхээс энэ оны аравдугаар сарын байдлаар 12 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ-ыг “Сүхбаатар” одонгоор шагналаа

Улсын драмын эрдмийн театр нь 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50 дугаар тогтоолоор “Улсын төв театр” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Ингэхдээ С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгийг тайзнаа тавин үүд хаалгаа нээсэн түүхтэй.

Тус театрын урын санд У.Шекспир, Ж.Б.Мольер, К.Гольдони, А.П.Чехов, Л.Ванган, Д.Мягмар, Д.Намдаг, Б.Лхагвасүрэн нарын гадаад дотоодын зохиолчдын 400 гаруй бүтээл байдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн өвчлөл нэмэгдэж, эмнэлгүүдийн ор хүрэлцэхгүй байна

emnelegНийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8 хувь нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн дийлэнх буюу 88.4 хувийг 0-9 насны хүүхдүүд, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 42.5 хувийг томуу, томуу төст өвчин тус тус эзэлж байгаа аж.

Мөн нийслэлийн хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн 187 буюу 47.2 хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаагаас 75.9 хувь нь хүүхдүүд ажээ. Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 20.7 хувиар нэмэгдэж, 789 орон дээр 952 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн орны ачаалал Баянзүрх нэгдсэн эмнэлэгт 43.8%, Багануур ЭМТ-д 41.2 хувиар тус тус хэтэрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт аж.

Иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр өвчнөө хүндрүүлэх хандлагатай байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж, эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг эмч нар зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Олимпийн медальт, МУГТ Л.Сумъяад 100 сая төгрөг гардуулав

sumyaӨнгөрсөн бямба гаригт “Рио 2016” Олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяагийн хүндэтгэлийн цайллага болжээ. Тус хүндэтгэлийн цайллагад салбар бүрийн төлөөлөл уригдсан байна. Энэ үеэр Увс аймгийн нутгийн зөвлөлөөс Д.Сумъяад 100 сая төгрөг гардуулан өгчээ. Дашрамд дурдахад, Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн “Хүлэгү пикчерс” “Цагаан хадаг” хэмээх уран сайхны кино бүтээсэн нь олны хүртээл болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

Зургаан компани хувьчилж 159,6 тэрбумыг олно

Засгийн газраас өргөн мэдүүлсэн
2017 оны улсын төсвийг УИХ энэ долоо хоногийн пүрэв гаригт баталсан. Төсвийн
орлогыг нэмэгдүүлэх үүднээс Төрийн өмчит зарим компанийг хувьчлах тухай
асуудлыг тусгасан юм.

Тодруулбал, Төрийн банкийг 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20
тэрбум төгрөг, Оргил рашаан сувилал 7 тэрбум төгрөг, Монголын цахилгаан
холбоо компанийг 7.6 тэрбум төгрөг, Монгол шуудан компанийг 20 тэрбум
төгрөг, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум
төгрөгөөр хувьчлахаар болжээ. Ингэснээр улсын төсөвт төвлөрөх орлого 159,6
тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж Засгийн газраас тооцоолжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон нутгийн чиглэлд зорчих хөдөлгөөнийг хаалаа

Өнгөрсөн шөнө их хэмжээний цас орж, хүчтэй цасан шуурга шуурч зам даваа хаагдаж автотээврийн хэрэгсэл зорчиход аюултай нөхцөл байдал үүсээд байна. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар хотоос орон нутгийн бүх чиглэлд зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хаалаа.

ОБЕГ-аас маргааш буюу даваа гарагийн өглөө 10:00 цаг хүртэл хаахаар шийдвэрлэжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Жүжигчин Б.Одончимэг МУСТА боллоо

Тайз дэлгэцийн салбарын шинэ үеийн төлөөлөл УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг Драмын театрын 85 жилийн ойн баяраар МУСТА цол тэмдгээр шагнууллаа.

Бид түүний тоглосон “Гэрлэн дохио”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс” зэрэг олон уран бүтээлийг нь мэдэх билээ.

Тэрээр “Гэгээ Муза-2011” наадмын “Шилдэг залуу жүжигчин”-ий шагналыг хүртэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлав

Арваннэгдүгээр сарын 13-ны үүрийн 5.00 цагаас Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумдын нутгаар цас орж эхэлсэн, Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн замын зорчих хэсэг дээр 0,5-5см цас тогтсон, А-1002 дугаартай Эрдэнэт-Булган, А-0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн замуудын зорчих хэсэг дээр 30см цас тогтсон, Архангай аймгийн нутгаар цас орж замын зорчих хэсэг дээр 5-10 см цасан бүрхүүл тогтож, Замын-Үүдэд хүчтэй шороон шуурга шуурч эхэлж байна.

Төвийн аймгуудын нийт нутгаар цас орж, Зүүн болон зүүн урд чиглэлд зарим газраар цас орж, зарим нутгаар шороон шуургатай байна.

Хойд чиглэлд Дархан, Орхон, Хөвсгөлийн замд шуургатай, замын гадаргуу хальтиргаа гулгаа үүссэн, A1702 Хандгайт чиглэлийн замын зорчих хэсэг мөн цасан болох мөсөн бүрхүүл тогтож, олон нуурын хотгор Увс, Хяргас нуурын орчим олон хоног цас үргэлжлэх төлөвтэй байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

Төв аймагт замын нөхцөл хальтиргаа гулгаа ихтэй, зам даваанууд цасанд боогдож замын хөдөлгөөн хязгаарлаад байна.

Categories
мэдээ цаг-үе

Дархан хүний бурхан ухаан ханхалсан “Хөх урлан”-д зочлов

Монгол төрийн хаан тамга урласан Д.Энхдаваа дархныг хүмүүс
“Төрийн дархан” хэмээн нэрлэдэг. Ганг уяраадаг энэ эрхэм “Торгон хийц” хэмээх
дэгийг бий болгосон. “Торгон хийц нь торгон хээ угалз бүхий язгуурын хөх
дархаас улбаалсан нэгэн зүйлийн дэг” гэж тэрбээр “Хөх дарх” номдоо тайлбарласан
байна лээ. Түүний Хөх урланд зочлоход, “Хөх дарх” хэмээх номоо дурсгасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Уран дархны урлагийг дэмжих тухай” зарлиг гарсны дараа
СУИС-ийн санхүүжилтээр түүний номыг хэвлэжээ. Түүгээр ч барахгүй дархан маань
Хөх тамга овогтой. Хамгийн сүүлд урласан баримал нь “Хөх зүүд” нэртэй байсныг
яана.

Доктор хамгаалсан, монгол төрийн хаан тамга урласан дархны урлан
ямар байдаг бол гэж ихэд сонирхсон юм. Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн нэг
булан дахь түүний урлан дэндүү энгийн. Үүдний хэсэгт нь хэдэн шавь нар нь дарх
хийж, төмөр нүдэж балбацгааж байна лээ. Хөх утаанд удаахан суувал нүд хорсч,
хоолой аргах янзтай. Харин багш хоймор хэсэг дэх умгар өрөөнд суудаг аж.
Багшийн өрөөнд нүд хужирлах юм бишгүй харагдана. Ширээн дээрээ хавтгай
дэлгэцтэй компьютертой юм билээ. Цаахна талд нь номын тавиур, өрөөний хананд
дархны шүтээн сахиус болох Дамдиндорлиг бурхны хөрөг үзэгдэв. Д.Энхдаваа дархны
тахилын дөш ч бас хүндтэй байранд заларчээ. Эхэндээ түүнийг нь дөш гэж
санасангүй. Эрдэнэсийн сав юм болов уу гэж андуурсныг яана. Гэтэл тэр нь ган
биетэй, алтан шармал эд юм билээ. Торгон хийцээр бүрсэн нь энгийн нэг дөшийг
эрдэнэс адил чамин харагдуулна. Дархны өмнө урлангийн аяга нь тавиастай.
Малайзад ургадаг ширэнгэн ойн модоор бүрсэн, мөнгөөр доторлосон, кофены аяга
баймаар хэлбэртэй эд. 18 жил болсон аяга гэнэ. Бас мөнгөөр бөгжилсөн савх ч
ширээн дээр харагдсан.

Өрөөнд бас гангаар урласан баримлууд дэгжин “зогсоно”. Энэ уран
бүтээлчийн нүдэнд бүсгүй хүн өвөрмөц галбиртай буудаг бололтой юм. Тэр дандаа
хөх явсангүй. Улаан өнгөөр “шатаж” явсан үе бий. “Улаан нүцгэн бүсгүй” баримал
нь Урчуудын эвлэлийн шагнал хүртсэн удаатай. Хятадад сурч байхдаа улаан өнгөтэй
бүтээлүүд “үйлдвэрлэж” эхэлсэн гэнэ. Англи, Финландаар аялахдаа улаан өнгийн
бүтээл хийх санаагаа олжээ. Дараахан нь алтан шаргал өнгөнд шилжсэн. Одоо бол
хөх өнгөн дээр тогтоод буй. “Хөх аялгуу”, “Хөх хатан”, “Хөх зүүд” хэмээн түүний
баримлууд үргэлжилнэ.

Мань эр өөрийн бүтээлүүдийг хуучин сейфнээсээ гаргаж ирж
харуулахад музейд байгаа юм шиг л сэтгэгдэл төрсөн. Үнэхээр нүд баясаж, сэтгэл
сэргээх шидтэй юм билээ. Түүний бүтээлүүд өөрийнх нь хэлснээр амь сүнстэй юм
шиг ээ.

Энэ эр яггүй үндсэрхэг үзэлтэй нь яриад эхлэнгүүт мэдрэгдэв.
Номынхоо хуудсыг эргүүлж, Монголын эзэнт гүрний газрын зургийг харуулаад “Хөх
гүрэн” гэж тодорхойлсон. “Энэ газрын зураг 1935 онд Парист хэвлэгдсэн.
Гитлерийн гаргасан номонд орсон гэнэ. Монголын тухай үнэн түүхийг маш их
судалсан, дэлхийн том толгойнуудын нэг үнэндээ Гитлер л байгаа юм” гэнэ.
“Монгол дархны урлал гэдэг үндэсний язгуур урлаг. Тийм болохоор үндсэрхэг үзэл
давамгайлсан хүн” хэмээн өөрийгөө тодорхойлов. 1986 онд Украинд сурч байхдаа
Чингис хааны тамгыг сэргээн Монгол төрийн хаан тамгыг хийх сэдэл төржээ. Энэ
тамгыг урлахад 20 жил зарцуулсан гэнэ. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны
800 жилийн ойгоор өөрийн оргил бүтээлээ төрд өргөн барьж, Төрийн ордонд залсан
түүхтэй.

“Төр байсан цагт тамгатай л байна. Дархан хүний хувьд агуу тамга
бүтээх бодол хамгийн түрүүнд төрсөн” гэсэн шүү.

Дархны түүх ингэж эхэлжээ

-Миний аав гэрийн мод, тэрэг, зуух, тулга хийдэг хүн байлаа.
Аавын дэргэд сууж өдрийг өнгөрүүлдэг байсан маань энэ их урлагт хөл тавихад
нөлөөлсөн. Дунд сургуульд гурав, дөрөвдүгээр ангид байхдаа л Улаанбаатар хотод
зургийн сургууль байдаг гэсэн. Тэрэнд л сурах юмсан гэсэн мөрөөдөлтэй байв.
Долдугаар ангийн сурагч байхдаа Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирал
Д.Амгаланд захидал бичиж, өөрийнхөө бүтээлүүдийг илгээсэн. (Одоо бол СУИС-ийн
Дүрслэх, дизайн урлагийн сургууль, Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач
Д.Амгалангийн нэрэмжит болсон. сурв) Тэр үед барилгын цагаан тоосгоор сийлбэр
хийдэг байв. Сургуульд орохоосоо өмнө ч ул боовны хэв сийлдэг байлаа.
Наймдугаар анги төгсөөд энэ сургуульд шалгалт өгөөд, суралцсан. Соёлын гавьяат
зүтгэлтэн Д.Нямхүү багшийн шавь болсон л доо. Үүнээс хойш дархны их урлагтай
амьдралаа холбосон. Сургуулиа төгсөөд мастер багшаар үлдсэн юм. Дараа нь хэдэн
жил гадагшаа сургуульд явж ирснийг эс тооцвол эндээ 35 жил болж байна. Гадаадад
сурсан он жилүүд маань надад Монголынхоо төлөө бүтээл хийх бодлыг огшоож өгсөн
хэмээн дархан ярилаа.

“Украины уран зургийн академид сурсан нь аз завшаан болсон. Их
урлагт хөл тавих, судалгаа шинжилгээ хийхэд дөхөм болсон. Монгол дархны
урлагийг мэргэжлийн түвшинд хүргэж, баяжуулан хөгжүүлэх суурь дэвсгэр болсон
гэж боддог” гэж тэр ярив.

Мөнх тэнгэрийн зарлигаар бүтээсэн тамга

Монгол төрийн хаан тамгаа мөнх тэнгэрийн зарлигаар бүтсэн гэж би
боддог. Дэлхийд хамгийн томд орох тамга. Ямар ч хүн ганц гараараа барьж
дийлэхгүй. Заавал хоёр гараараа барина. Өөрийнхөө хүндийн жингээр дарагддаг
тамга. Чингис хааны тамга ган байсан гэж би үздэг. Үсэгнийх нь хийц хэлбэр
чулуун дээр сийлэхийн аргагүй л дээ. Өмнөд хөршид хаш чулуун дээр сийлсэн
хасбуу тамга гэх мэтээр нэрлэдэг. Хяс гэж дархчуудын айхавтар том овог Монголд
байсан. Хясан дээр улайтгаж хатаасан тамгыг монголчууд хас тамга гэж нэрлэдэг
байсан гэсэнсанааг би дэвшүүлдэг. Яагаад гангаар хийсэн гэхээр дэлхий ганхаж,
галав юүлэвч Монгол төрийн тамга байж л байна. Ган тамга гэдэг бол хэдэн мянган
жилийг давна. Их хааны суу билиг мянга мянган жилийн цаанаас гэрэлтэх учиртай.
Оросын түүхэн эх сурвалжуудад Монголын төрийн тамгыг орос дархан гангаар
сийлсэн гэж бичсэн байдаг. Ямар ч байсан дөчөөд номноос би тэгж уншсан. Хятад
эх сурвалжуудад болохоор хашаар хийгдсэн, дотор газрын хүн урласан гэцгээдэг.
Би бол монгол хүн хийсэн, монгол дархан урласан гэдгийг батлахын тулд энэ
тамгыг бүтээсэн юм. Үүгээрээ омогшиж явдаг гэж төрийн дархан ярилаа.

Чингисийн тамга урласан ганг 1989 онд Ангарскийн гангийн
үйлдвэрээс авч байжээ. Анх 22 кг ган авчирч байсан ч есөн кг болтол нь сийлсэн
гэнэ. Түүний урласан Чингисийн тамгыг хэн дарж үзсэн бол хэмээн сонирхлоо.

-Анх
төрд өгөхдөө тамгаадарж үзүүлсэн. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байв. Гадны хүмүүст
Чингис хааны тамгыг дарж үзүүлж байгаасай гэж хүссэн. Монгол бахархлын өдөр
Чингисийн тамгыг дарж, дардсыг нь өргөн олондоо үзүүлж байх хэрэгтэй гэж
боддог. Тамганы ёс жаягийн тухай өөрийн цуглуулсанмэдээллийг
тамгатайгаа хамт гардуулсан хэмээн өгүүллээ. Тэрбээр мөн “Монгол тамганы өргөө,
танхимтай болъё” гэж санал тавьсан удаатай. Тамганы дардас нь “Мөнх тэнгэрийн
хүчин дор Их Монгол Улсын далай хааны зарлиг эл булха иргэнд хүрвээс биширтүгэй
аюутугай” гэсэн бичээстэй аж. Төрийн тамганы хайрцгийг торгон хийцээр битүү
“шаглахад” ямар хугацаа зарцуулсныг лавлахад “Хоёр жил орсон” гэлээ. Тамганы
толь, дардастай хэсгүүдийг бүтээхэд таван жил оржээ. Тамганд шингээсэн ур, цаг
хугацааг мөнгөөр үнэлэхэд “аймаар” тоо гарах шинжтэй. Гэхдээ дархан “Би үүнийг
Монголдоо үлдээх гэж зорьсон юм. Монголчууд монгол дархны урлалаар бахархаж
яваг” гэсэн.

Тамганы гэрийг гэхэд л мөнгөөр урлаж алтадсан байна. Тамга
хийхдээ санхүүжилтийг хэрхэн шийдсэнийг тодруулав. Тамганы чимэглэлд орсон алт,
мөнгөний үнийг төр гаргажээ. “Монголын төр, түмэн олонд зориулж хийсэн болохоор
үнэ хөлс гэж ярьдаггүй л дээ. Сэтгэлийн дуудлагаар хийж байгаа. Мөнх тэнгэрийн
зарлиг гэж бодож хийдэг. Ийм тамга хийлгэх гэж намайг төрүүлсэн байх гэж
боддог. Тамга, гэрэгэг хийж байхад зүүд юм шиг сэтгэлд буудаг. Мөнх тэнгэрийн
хишиг ивээл гэж байдаг гэж итгэдэг. Түүхийн судалгаа хийж явахад ч баялаг
мэдээлэл олдож байсан. Яг л тэр үед Зөвлөлтөд сурах завшаан тохиосон” гэлээ.
Төрийн дархан гэж нэрлэгддэг энэ эрхэм мөн төрийн их ган тулгыг дөнгөж сургууль
төгсөөд багшилж эхлэхдээ урлажээ. 1991 онд Монголд Ёслол, хүндэтгэлийн өргөө
байгуулагдахад түүний ган тулгыг Төрийн ордонд залсан түүхтэй. “Мандухай цэцэн
хатан” кинонд Батмөнх Даян хааныг залах ёслолын зурганд түүний бүтээсэн ган
тулганд гал түлж байгаагаар зураг авсанд ихэд бэлгэшээжээ. Д.Энхдаваа дархан
бас Монгол төрийн есөн хөлт их цагаан сүлдийг урласан гэдэг. Монгол төрийн хаан
тамгыг хийгээд “Дэлхийд дарагдах тамгыг би хийлээ” гэж омогшсон гэнэ. Найзууд
нь “Өчнөөн жил төрийн тамга хийнэ гээд яриад л байсан чинь хийчихлээ шүү” гэж
түүнийг магтжээ.

Багш шүтээн

Багшийгаа шүтэж явдаг

энэ хүн Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямхүү багшийгаа онцолсон.
Москвад ган сийлбэрчээр төгссөн, Монголын орчин үеийн дархны мэргэжилтнүүдийн
нэг Д.Нямхүү гэдэг хүн бий. Тэр хүний нөмөр нөөлөг, алсын хараа надад их
нөлөөлсөн. Миний багш түүх, урлаг, утга зохиол, бичгийн соёлд нэвтэрхий
боловсорсон. Дуулдаг, хөгжимддөг, бүжиглэдэг хүн. Одоо ер дөхөж яваа. Багш
маань Монголын түүх, эзэнт гүрний түүх, Чингис хааны эд өлгийн түүх рүү орох
том шалтгаан болсон. XII зууны сүүлч, XIII зууны эхэн үе бол монгол дархны
урлагт гарсан их эргэлийн үе байлаа. Ганг монгол хүн эзэмшиж, дэлхийд алдартай
есөн ирт, таван хаттай тахир сэлэм гэдгийг гаргасан. Хамгийн хөнгөн зэвсэг, хөө
хуягийг монгол дархчуул бүтээжээ. Тэр үед Европт 20-30 кг-ын илд барьж байхад
монголчууд хоёр кг ч хүрэхгүй хөнгөн илдтэй болсон байв. Энэ гайхамшигт хурдаар
дэлхийг төвшитгөх алхмыг хийсэн. Бид уруудсан болохоос биш тухайн үедээ бүгдийг
хийж, бүтээж байв. Иран, Иракаас олдсон хувцас хунарыг шатдаггүй даавуугаар
хийсэн байсан. Үүнийг Монгол нутагт хийж байсан. Алхими гэдэг юмыг Монголд
эхэлж хөгжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Алхимийн гол зүтгэлтнүүд тухайн үеийн
дархчууд байсан. Одоогийн ойлгодог шиг Урт цагаанд суудаг хүнийг дархан
гэдэггүй байсан. Дархан хүн дархан эрхтэй байлаа. Дуртай газраа нүүдэг, цэргийн
алба хаадаггүй, татвар төлдөггүй байсан гэж Д.Энхдаваа хуучилсан.

Тэрбээр “Монгол дархны арга ухааныг баримтжуулан судлахын учир”
сэдвээр докторын зэрэг хамгаалсан. “Ерөнхийлөгч дархны урлалыг дэмжих тухай
нүдээ олсон зарлиг гаргасан. Монголын урлагийг хамгийн түрүүнд дархнаар нь
дэлхий мэддэг” гэж тэр хэллээ.

“Монгол дархны бүтээл амьтай байдаг”

“Монгол дархны бүтээлд шид оруулж хийдэг байсан” хэмээн манай
баатар онцолсон. Шид гэдэг нь зургаа дахь мэдрэхүйтэй холбоотой ойлголт гэнэ.
Дархны бүтээл дэндүү чимхлүүр, нарийн. Маш удаан хийх явцад амь сууж байдаг.
Дархны бүтээлүүд сэтгэлийн дуудлагаар хийгддэг. Хэдэн төгрөг олчихъё гэж хийж
байгаа бүтээлээс өөр” гэж тэр тайлбарласан юм.

Хувьсгалын өмнөхөн дархан хүний дөшийг улсын сангийн эд хөрөнгө
гэж тооцдог байжээ. Ноёд хаад үр хүүхдэдээ хөрөнгө тасалж өгөхдөө дөш өгдөг.
Дархны урлалыг гар урлал гэж үзээд орхигдуулаад байгаа болохоос биш их урлагийн
хэмжээнд судлахгүй байна. XIII зуунд Монголын дархны технологи өндөр хөгжсөн
гэдгийг л би зарлан тунхаглахыг хичээдэг хэмээн тэр тэмдэглэсэн.

Д.Энхдаваа торгон хийц гэдэг өөрийн урлахуйн дэгээр шавь нараа
сургадаг. Сэтгэл оюунд зурагласнаа гараараа ур ухаан шингээж хийсэн бүтээл амь
төгөлдөр, дахин давтагдашгүй болдог. Дахиад хийсэн ч яг адилхан хийж чадахгүй.
Торгон хийцийн гол хээ нь цэцэглэн бадрагч гүн ухааны увдистай цэцгэн хээ
байдаг гэнэ.

Түүн дээр олон орны оюутан ирж торгон хийцийг сурдаг. “Энэ
хийцийг олон орноос түүж ирсэн. Тэгэхээр би энэ дэлхийн ямар ч дархнаас
харамлах ёсгүй. Өөрийнхөө мэдлэг оюун, шанаганыхаа хэмжээгээр л хутгаад аваг.
Цааш нь хөгжүүлбэл тэр биз. Чадахгүй бол хоолоо олж идээд л яваг. Манайхан ном
бичихээрээ “хуулж болохгүй” гэдэг. Би бол хэзээ ч номон дээрээ ингэж
тавьдаггүй. Бусдад түгээхийн тулд энэ хийцийг бий болгож байгаа юм чинь
харамлаж таарахгүй” гэсэн л дээ.

Үнэтэй дархан

Түүний хамгийн үнэд хүрсэн бүтээлийг сонирхсон ч ямар нэг үнэ
ханш хэлэхээс цааргалав. “Би өөрийгөө Монголын дархны урлагийн үнэлэмжийг
өндөрт гаргасан хүн гэж боддог” гэлээ. Түүний урласан жижиг мөнгөн аяганууд
гэхэд л тав, зургаан сая төгрөг хүрдэг юм билээ. “Оюунаа зарцуулж, гараараа
хийж байгаа, дахин давтагдахгүй урлагийн бүтээл шүү дээ” гэсэн л дээ. “Аяганы
ёроолын алттай хэсгийг нь утсан сүлжмэлээр урлажээ. Мөнгө шигтгэдэг од жийжүү
гэх арга хэрэглэсэн юм билээ. Од жийжүү нь Хөх урлангийн бас нэг брэнд.
Математикийн томьёоллоор хэмжээ дамжааг нь тооцож од бүрийг адилхан суулгадаг
ажээ. “Би захиалга авдаггүй. Дархны бүтээл очих хүндээ л очдог. Мөнх тэнгэрийн
ивээлээр бүтээл хийгдэнэ гэдэг цаана нь авах хүн нь байгаа гэсэн үг. Ертөнцийн
уялдаа холбоо байдаг гэдэгт итгэдэг. Эзэнгүй уран бүтээл байдаггүй. Би хийж
байгаа ч жинхэнэ эзэн нь цаана нь хүлээгээд, ийм аяга хийлгэх юмсан гэсэн бодол
нь хийх хүнд нь дамжиж ирээд хийлгэх сэдэл төрүүлдэг гэж би хар ухаанаар
боддог” гэж дархан тайлбарласан.

Түүний урласан хэт хутгыг харахад л сэтгэл сэргэв. Зааны
соёогоор урласан, мөнгөн чимэгтэй ясан савхтай юм. Урьд цагт эр хүн хаана ч
явсан бэлийг нь хараад аль нутаг, хэр зэрэг бэл бэнчинтэйг нь асуухгүйгээр
мэддэг байсан гэнэ. Ган сийлбэрийг урлахад найман жилийн хөдөлмөр оржээ. Ногоон
хаш шигтгэсэн, алтан нуухтай, аварга могойн арьсыг зуулгаж урласанд гол ид шид
нь оршдог. Молцогны ган сийлбэрт алт шагайлгасан байна лээ. Эрчүүд нь хүртэл
ийм нүнжигтэй гоёлтой болохоор дархны хэлсэнчлэн “Монголчууд амны хишигтэй,
тэнгэрт ивээгдсэн улсууд юм даа”.

Дархны хобби

Түүний хобби хээ цуглуулах. 1978 оноос хээ цуглуулжээ. Дорноговь
аймгийн нэг худаг дээрээс хүүхэд байхдаа нууц хас гэж дөрвөлжин хас хээ олсон.
Урьд харагдаагүй ямар сонин хээ вэ гэж хээ цуглуулж эхэлсэн гэнэ. Тив
дэлхийгээр явахдаа түмэн хээ цуглуулсан байна. Бурхан ухаантай дархан маань
харин гэрийн ажилд авьяасгүй гэнэ. Хоол хийж чаддаггүй учраас хоол голдоггүй.
Дархлаад суухаараа өлсөхөө мартчихдаг зантай. Эхнэрийнхээ төрсөн өдрөөр гоёл
чимэг урлаж бэлэглэдэг гэнэ. Сүүлийн үед цагаа гамнаж, том бүтээл рүүгээ л
“шуурч” байгаа.

Дархан хүний гоёл энгийн байдаг. Д.Энхдаваа дархан манан
хөөрөгтэй аж. Дархан хүн бөгж зүүдэггүй юм билээ. Үр хүүхдэдээ өвлүүлнэ гээд
мөнгөн аяга, хэт хутга урлажээ. Гэргий нь бас уран бүтээлч. Боловсролын их
сургуулийн хувцас дизайны багш Ц.Мөнхцэцэг гэдэг эмэгтэй бий. Гэр нь ч бас
урлагийн уур амьсгалтай. Уран зургийн цуглуулга ихтэй. Найз нөхөд, хуучны
зураачдын бүтээлүүдийг хадгалдаг. С.Дондогийн “Гэр” уран зургийг агуу бүтээл
гэж боддог гэсэн л дээ. Гэрийнхээ бурхан, тахилын хэрэглэл, тулга зэргээ өөрөө
урлажээ. Манай баатар хоёр хүүхэдтэй. Том нь компьютерийн анимэйшн төрлөөр
мэргэжил эзэмшсэн. Бага нь мэргэжил сонгох насанд хүрээгүй байгаа. Ихэнх цагаа
урландаа өнгөрөөдөг тэрбээр тэтгэвэрт гарахдаа гэрийнхэндээ цагаа зарцуулна
хэмээн мөрөөддөг аж.

Чингисийн тамгыг сэргээн, Монгол төрийн хаан тамга бүтээжээ

Урлангийн аяга, савх

Од жийжүү шигтгэх аргаар хийсэн алт сүлжсэн мөнгөн аяга

Хараахан дуусаагүй байгаа Чингисийн гарын тамга

Б.Янжмаа

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ цаг-үе

Ё.Отгонбаяр: Бид дэлхийн боловсролын систем рүү орох ёстой

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Таныг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд байхад ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлсэн “Кембридж”-ийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаагаас ярилцлагаа эхэлье. Энэ хөтөлбөр өнөөдөр хичнээн сургууль дээр явдаг юм бэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн шилжилт зургаан жил үргэлжилж байна. Дахиад хоёр жил хэрэгжүүлээд дуусгачихвал эцсийн үр дүнг нь үзнэ дээ. Энэ хөтөлбөр бүх сургууль дээр явж байгаа. Хүмүүс хос хэлний сургалттай гурван сургууль дээр хэрэгждэг гэж ойлгоод байдаг. “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиуд бол хос хэлний хөтөлбөртэй. Эдгээр сургуулиудын зорилго нь сургалтын хөтөлбөрөө туршаад, Монголын нөхцөлд тохирсон хөтөлбөрийг гаргах юм. Дээрээс нь 41 үндэсний лаборатори сургууль байна. Аймаг, дүүрэг болгоноос нэг, нэг сургууль багтсан. Тэнд олон улсын лаборатори сургуульд туршигдсан хөтөлбөрүүдийг Монголын нөхцөлдөө оруулж ирээд тухайн дүүрэг, сумдынхаа бусад багш нарыг сургах ёстой. Тиймээс үндэсний лаборатори сургууль гэж нэрлэгдэж байгаа юм. Хоёр жилийн дараа гэхэд яг 12 жилийн шилжилтээ хийж дуусангуут хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. “Монголын боловсролын систем олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартдаа орчихжээ” гэсэн дүн авах зорилготой эдгээр ажлуудыг хийгээд явж байгаа юм.

-Энэ жилээс сурагчдын хичээлийг кредит цагаар тооцох болсонд хүүхдүүд ч, эцэг эхчүүд ч ойлголт муутай байх шиг байна?

-Олон улсад мөрдөгддөг системээр хүүхдүүд ахлах ангид ороод ирэхээр мэргэжлийнхээ чиглэл рүү хуваагддаг. Манайх бол сургуулиа төгстөлөө бүгд нэг хичээл үздэг. Харин олон улсад төгсөх ангийн сурагчид мэргэжлийн чиглэл рүүгээ явах учраас их сургуулийн бэлтгэл болгоод кредитийн үнэлгээнүүд орж эхэлдэг. Үүнийг манайд өнөө жилээс мөрдөж эхэлж байгаа болохоор багш нар, эцэг эхчүүд, хүүхдүүд тийм ч сайн ойлголтгүй байна. Хэрэв эмч болох сонирхолтой хүүхэд байлаа гэхэд хими, биологийн хичээл нь чухал. Сэтгүүлч болох хүсэлтэй сурагчид дээд математик хэрэггүй. Харин математикаа хөнгөрүүлсэн хэлбэрээр үзээд нийгэм, түүх, монгол хэлнийхээ хичээлийг түлхүү судлах юм. Кредит үнэлгээ гэдэг бол хүүхдүүдийг ингэж мэргэжлийн чиглэл рүү нь оруулж байгаа хэлбэр. -Энэ систем цаашид тогтвортой мөрдөгдөөд явна биз дээ?

-XX зуунд бид Зөвлөлтийн боловсролыг хуулж хөгжилд хүрсэн шүү дээ. Одоо XXI зуунд дэлхийн боловсролын систем рүү орох ёстой. Бид тэрийгээ дагаж хөгжье гэж байгаа юм. Монголчуудад зааж байсан ОХУ энэ систем рүү шилжээд арван жил болсон байна. Тэгэхээр бид хоцрогдож болохгүй. Мэдээж тэр систем рүү ороход нэлээд бэрхшээл бий. Олон жил уламжлалт системээр бэлтгэгдсэн багш нар ойлгохгүй байх зовлон байна. Ямартай ч бид үүнийг даван туулаад дэлхийд хүүхдийг яаж бэлтгэдэг яг тэр системээр нь явъя гэж байгаа юм. Манайхан “Кембридж” гэхээр англи хичээл заах нь гэж ойлгодог. Энэ ташаа ойлголт. Хятад, англи, монгол математик гэж байхгүй. Хоёр хоёрын дөрөв гэдгийг бүгд мэднэ. Англид тавдугаар ангийн хүүхэд математикийн хичээлд юу үздэг яг тэрийг нь заадаг болъё гэж байгаа юм. Тэгэхээр энэ системд орж байгаагийн гол шалтгаан нь манай Монголын хүүхэд Англи, Герман, Франц, АНУ-д сурч байгаа хүүхдүүдээс дутуу мэдлэг авч болохгүй. Гол зорилго нь энэ.

-Ингэхэд Монголын боловсрол дэлхийн хаахна явдаг юм бол?

-Манайх муу боловсролтой биш юм билээ. Энэ реформыг эхэлж байхад ямар асуудал гарсан бэ гэвэл математикийн хувьд зааж байгаа агуулга нь 10 хувь бага байсан. Хамгийн муу нь химийн агуулга байсан. Одоо тэр дутуу агуулгыг нь нэмж байгаа юм. 12 жилийн дараа баруунд хүүхэд ямар мэдлэгтэй төгсөнө, Монголын хүүхэд яг л тийм мэдлэгтэй төгсөх ёстой. “Кембридж”-ийн хөтөлбөрийг нэвтрүүлэхдээ дандаа байгалийн шинжлэх ухаан дээр суурилсан. Харин нийт хөтөлбөрөө бүгдийг нь шинэчилж байгаа нь “Цөм” хөтөлбөр болчихоод байгаа юм. Олон улсын стандартад орно гээд арван жилийнхээ сургалтыг 12 жил болгож сунгасан шүү дээ. Тэнд заадаг агуулгыг нь бүрэн хэмжээгээр өгч чадаагүй. Одоо мэдээж 10 болон 12 жилд авч байгаа мэдлэг өөр байж таарна. Тэгэхээр тэр 12 жилд авдаг мэдлэгээс дутууг нь нөхнө. Тэрнээс монгол хүүхдийг англи болгочихъё гэсэн юм огт байхгүй. Тэр бодлого л одоо үргэлжлээд явж байгаа хэрэг. Цаг хугацааны хувьд амаргүй. Нэлээд олон жилийн хөдөлмөр гарна л даа.

-Тэгэхээр 12 жилийн тогтолцоотой болсон хэрнээ 10 жилд үздэг байсан хичээлийг сунгачихсан гэсэн үг үү?

-Миний хувьд яг тэгж хэлж чадахгүй. Агуулга бол нэмэгдсэн. Гэхдээ бас ажиглаад байхад тав, зургадугаар ангид үзэх хичээлийг сунгачихсан харагдаад байгаа юм. Жишээлбэл, миний үед цагаан толгойн баярыг шинэ жилийн өмнө хийдэг байсан. Харин одоо хавар дөрөвдүгээр сард бүх үсгээ үзэж дуусгаад эрдмийн баяраа тэмдэглэж байх жишээтэй. Энэ бол хичээлийн хөтөлбөрийг сунгасныг харуулж байгаа юм. 12 жилийн тогтолцоотой яваад ирсэн улсуудын хувьд энэ хугацаанд ийм юм үзнэ гээд хичээлийн агуулгууд нь байж байна. Харин манайх 10 жилд үзэх программыг сунгачихсан. Өмнө 10 жил сурч төгсөөд таван жил их, дээд сургуульд сурдаг байсан. Харин одоо бол 12 жилээ төгсөөд дөрвөн жил их, дээд сургуульд сураад цаашаа магистрт явж байгаа. Эндээс харахад эцсийн дүн нь адилхан. Гэтэл доод талдаа 12 жил рүү 10 жилээ сунгачихсан юм шиг байгаа. Хичээлийн агуулга нь нэмэгдсэн ч бусад орнуудтай харьцуулахад тэр мэдлэгийг нь өгч чадахгүй байгаа юм.

-Ер нь боловсролын хөтөлбөр сайдаа дагаад дөрөв, дөрвөн жилийн хугацаатай өөрчлөгдөж байх юм. Шинэ сайд томилогдоод өөр шинэ хөтөлбөр нэвтрүүлнэ гээд л бужигнуулдаг. Боловсролын тогтолцоогоо тогтвортой үргэлжлүүлээд явж болдоггүй юм уу?

-Ерөнхий бодлого бол өөрчлөгдөхгүй байгаа. Түрүүчийн парламентын үед Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлагдсан.

Тэр бодлогыг батлахад МАН-аас миний бие ажлын хэсгийн дарга нь байсан. АН-аас С.Одонтуяа гишүүн ахалж байв. Бид ярилцаж байгаад үндсэн бодлогоо хатуу барина гэж харилцан тохиролцсон. Нэг, хоёр зөрүүтэй асуудал байсан л даа. Тэр бол системийн асуудал биш. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө гэх мэт дээр зөрөлдсөн. Харин өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжсэн “Цөм” хөтөлбөр бол “Кембридж”-ийн хөтөлбөрийг шинэчлээд явсан ажил. Энэ “Цөм” хөтөлбөрийн реформ дуусах ёстой. Тэгэхээр боловсролын бодлогыг хөдлөөд байгаа гэж бодохгүй байна. Мэдээж, ирсэн сайд болгоны ньюансууд байна. Тэр нь гарч байгаа байх. Ж.Батсуурь сайдын хувьд хуучин хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдээс бодитойгоор хэрэгжүүлэхийг нь сонгож аваад явъя гэсэн бодлого баримталж байгаа.

-Монголын боловсролын тогтолцоог хүнээ хөгжүүлэх тал дээр сул гэсэн шүүмжлэл дагадаг. Өмнө боловсролын салбарыг удирдаж байсан хүний хувьд энэ асуудалд яаж анхаарч ажиллах вэ. Ойрын хугацаанд хийж, хэрэгжүүлэх ажлуудаасаа сонирхуулахгүй юу?

-Боловсролынхоо салбарт буцаж ирдэг гол зорилго бол эхэлсэн реформоо дуусгана гэсэн бодолтой байгаа. Боловсролын реформ дөрвөн жилийн ажил биш. Мэдээж янз бүрийн асуудал гарсан. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилд үндсэн ажил нь зогсоогүй үргэлжилсэнд баяртай явна. Энэ ажлыг эхэлж байх үед Кембриджийн их сургуулийнхан ирээд надаас “Одоо та нар ямар тогтолцоо хүсээд байна вэ. Байгалийн шинжлэх ухааны юу эсвэл хүнийг хүн болгодог тогтолцоо хүсч байна уу” гэж асууж байсан юм. Жишээлбэл, XX зууны үед манайх хойд хөршөөс хуулбарлаж авсан боловсролын тогтолцоо бол Орос орон аж үйлдвэржиж байх үеийнх. Аль 1930-аад оны тогтолцоо болохоор математик, хими, физик түлхүү ордог байв. Кембриджийн их сургуулийнхны оруулж ирээд байгаа “Цөм” хөтөлбөрийн цаад гол зорилго бол хүн ямар мэргэжил хөөх нь хамаагүй. Гэхдээ хүн өөрөө өөрийгөө хөгжүүлдэг, баяжуулдаг байх ёстой тогтолцоо. Хүн ямар мэргэжилтэй болохыг хүсч байна, тэрүүгээр нь түлхүү явуулдаг. Философи нь “Би өөрөө ийм хүн болох ёстой, үүнийхээ төлөө өөрөө өөрийгөө хөгжүүлэх ёстой” гэдэг суурийг суулгаж өгдөг тогтолцоо юм. Өмнө “Чи инженер болно” шүү гэдэг тогтолцоо байсан. Харин одоо “Чи өөрөө өөрийнхөө чиглэлээр явна шүү” гэдгээрээ ялгаатай. Энэ тогтолцоог Монголд нэвтрүүлэх нь цаг үеийн хэрэгцээ юм.

-Сурах бичгүүд нэлээд хэл ам дагуулсан. Хүүхдүүдийн сэтгэхүйд тохирохгүй сэдэв оруулж байна, алдаатай хэвлэгдлээ гэхчилэн асуудлууд бий. Сурах бичгийн чанарт хэр анхаарах вэ. Хэдэн жилийн зайтай шинэчлээд явах ёстой юм бэ?

-Яам бол сурах бичиг хариуцах болохоос гадуур хэвлэгдэж байгаа үлгэрийг хянахгүй. Сурах бичгэн дээр ганц, хоёр алдаа байна лээ. Жишээлбэл, хүүхдэд зориулсан тоо бодлогын номон дээр харагдсан. Аажмаар засаад явна. Энэ бол хөгжиж явдаг зүйл учраас гэнэт нэг өглөө засагдчихгүй. Интернэтээр яваад байгаа шиг хэтэрсэн алдаатай юм байхгүй гэдгийг хэлье.

Сурах бичгүүдийг сургалтын хөтөлбөрөө дагаж шинэчлэх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд үндсэндээ санхүүгийн боломжгүй байснаас хэд хэдэн сурах бичгүүдийг хийгээгүй байна. Тэгэхээр сурах бичгүүд хоцрогдох маягтай болжээ. Дараагийн нэг асуудал нь сурах бичгүүдийг дандаа их, дээд сургуулиудын багш нар боловсруулдаг болохоор онол их ордог талтай. Гэтэл дунд сургуулийн багш нар практик, даалгавар, дасгал ажил ихтэй байхыг хүсдэг. Тэрийг цэгцлэх бодолтой байна. Энэ тал дээр чиглэл даалгавар өгөөд ажиллаж байгаа. Мөн сурах бичгийг урьд нь шууд тендер зарлаад бичүүлээд авчихдаг байсан. Гэтэл хоёр өөр хүний бичсэн сурах бичиг уялдахгүй бол яах юм гэдэг асуудал нь үлдчихээд байдаг. Одоогийн явж байгаа систем дээр сурах бичгээ лаборатори сургуулиудад нэг жил ашигласны дараа эргэлтэд оруулж байгаа. Лаборатори сургуулийн багш нар тэр сурах бичгээр хичээлээ заагаад дэлгэрүүлмээр, засмаар, хумимаар байгаа сэдвүүдийг нь гаргаад ирнэ. Ийм туршилтын хугацаа гарсан учраас хэвлэлт жаахан хоцорч байгаа юм. Нөгөө талаар хүүхдэд таамгийн мэдлэг өгчихөөд байхааргүй болсон нь давуу тал юм уу даа.

-Нийслэлд олон сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Байр савны асуудал мөд шийдэгдэх үү?

-Улаанбаатарт 254 бүлэг гурван ээлжээр хичээллэж байна. Анги танхимын хүрэлцээгүйгээс “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд химиэр явах сонирхолтой хүүхдүүдэд зориулсан химийн лаборатори байгуулмаар байна. Гэтэл анги танхимын боломж нь байхгүй болохоор хүүхдүүд биеийн тамир, дуу хөгжмөөр их яваад байгаа. Би хувьдаа монголчуудыг бүгдээрээ бөх барилддаг, дуучин болоосой гэж хүсэхгүй байна. Монголд инженерүүд хэрэгтэй.

Эдийн засгийн хувьд улс хүнд байгаа тул ирэх жилийн төсөвт нэг ч шинэ цэцэрлэг, сургууль баригдахгүй. Харин манай яам гадны хөрөнгө оруулалт татаж эхэлсэн. Эхний ээлжинд 29 сургуулийн өргөтгөлийн асуудлыг шийдэхээр Засгийн газрын шийдвэр нь гарчихсан. Боловсруулалтын шатандаа явж байна. Цэцэрлэггүй нэлээд олон хороо бий. Огт цэцэрлэггүй 10, төрийн өмчийн цэцэрлэггүй 26 хороо байгаа. Эдгээр хорооны цэцэрлэгийн асуудлуудыг гадны хөрөнгө оруулалтаар шийдэхээр ажиллаж байна. Мэдээж сургууль нэг жилд баригдахгүй. Тэгэхээр хоёр жилийн дараагаас хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ.

-Хүүхэд харах үйлчилгээ цэцэрлэгийн ачааллыг хөнгөлөх байсан биз дээ?

-Би боловсролын салбарын хүн учраас энэ үйлчилгээг дэмжихгүй байгаа. Анхнаасаа ч хууль батлагдахад нь ч эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг л дээ. Нийгэмд цэцэрлэгүүдэд ор хүрэхгүй байгаа учраас үүнийг шийдэх арга зам гэж хараад байна. Хүүхэд харах үйлчилгээ бол хүүхдийг хооллоод л асраад байж байх газар. Яагаад сургуулийн өмнөх боловсрол гэдэг юм бэ гэхээр хүүхдийг сургуульд ороход нь бэлтгэл хийдэг болохоор ингэж нэрлэдэг. Цэцэрлэгээр дамжсан хүүхэд илүү сайн сурдаг нь судалгаагаар батлагдсан. Цэцэрлэгт явсан хүүхэд нийгэмшдэг, нүүр нь хагарсан байдаг болохоор илүү сурах нь мэдээж. Гэтэл бид цэцэрлэгийн ор хүрэлцээгүй гэдэг зовлонгоос үүдээд ийм үйлчилгээ гаргаад ирэхээр хүүхдийг хоёр өөр нөхцөл байдалд тавьчихаад байгаа юм. Нэг нь цэцэрлэгээр дамжаад илүү сайн сурах боломжтой байдаг. Нөгөө нь хүүхэд харах үйлчилгээ гэдэг юмаар дамжаад сургуульд орохдоо сайн сурах нь эргэлзээтэй. Ер нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна гэж тусгасан. Тиймээс концессоор цэцэрлэгүүдийг барих асуудлыг шийдээд явна. Ер нь Хүүхэд харах үйлчилгээ бол манай яамны харьяа биш, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамаарагддаг. Тэд шалгалт хийгээд үзэхэд үйлчилгээ явуулж байсан газрууд хүүхдийн аюулгүй байдал, боловсролын нөхцөлийг нь хангаагүй байсан гэсэн.

-Их, дээд сургуулиудын чанарын асуудлаар ярилцлагаа үргэлжлүүлье. Шинэ төгсөгчид ажил дээр гараад гологдож, тэднийг ажилд авахгүй байна. Хэтэрхий олон их, дээд сургууль чанаргүй боловсрол олгож байгаатай холбон тайлбарладаг. Энэ асуудлыг яаж цэгцлэх вэ?

-Өнөөдөр дээд боловсролын нийлүүлэлт өндөр байна. Баян-Өлгий аймагт гэхэд 1000 гаруй багшийн орон тоо илүүдэлтэй байгаа. Тиймээс төгсөөд гарсан хүмүүсийг шүүж байгаад авах нь зүйтэй л дээ. Нөгөөтэйгүүр намайг сайд байхад Азийн хөгжлийн банктай хамтраад боловсролын чанарыг сайжруулах 20 сая ам.долларын төсөл авсан нь одоо ч хэрэгжиж байна. Тухайн үед намайг ажил авахад 154 дээд сургуультай байсан. Харин би ажлаа өгөхдөө 99 болгож цөөлсөн. Яагаад гэвэл хэт олон дээд сургууль хүнд ажил мэргэжлийн гараа болох газар гэхээс илүү бизнес болсон байсан. Тиймээс чанаргүй сургуулиудыг хаасан. Одоо 101 дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол манайд ахадсан тоо. Сингапур улс гурван сая хүн амтай хэрнээ долоон дээд сургуультай. Сургуулийн тоо гэхээсээ илүү чанараар нь шахах ёстой. Хүнд олгож байгаа боловсрол гэхээсээ илүүтэйгээр төгсөгчдийн хэдэн хувь нь мэргэжлийнхээ чиглэлээр ажлын байртай болж байгааг хармаар байгаа юм. Өнгөрсөн жил Шүүхийн ерөнхий зөвлөл 34 ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлахад 1800 хүн өрсөлдсөн байсан. Тэгэхээр бид эрэлтдээ нийцсэн систем рүү явмаар байгаа юм. Төрийн бодлого ийшээ чиглэх ёстой. Монгол Улс 1990 онд хүний эрхийг дээдэлдэг нийгэм сонгоод авчихсан учраас хүүхдийн мэргэжил сонголт дээр шахаж, тулгаж болохгүй. Харин “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт ийм байна. Ховор мэргэжлүүд, өндөр цалинтай мэргэжил ийм байна” гэж эцэг, эх, хүүхдүүдэд ойлгуулж байж үүнийг зохицуулах ёстой. Гэтэл 7800 хуульч төгсч байгааг мэдэхгүй байна. Багшийн мэргэжилд төр тусдаа бодлого баримталж байгаа. Яагаад гэвэл социализмын үед сурлага нь төдийлөн өндөр биш нөхдүүд багшийн сургуульд ордог байлаа. Намайг сайд байхад төрөөс 600-гаас дээш оноотой хүүхэд Багшийн сургуульд орвол шууд сургалтын төлбөрийг төрөөс даана гэсэн бодлого гарсан. Яагаад гэвэл сайн багштай байж сайн хүүхдүүд гарна. Мөн багш нарын үр дүнгийн урамшуулал гэж гаргасан. Шинэ төгссөн багш боломжийн цалинтай ажилтай байх хэрэгтэй. Тэгэхийн тулд багш нар төрийн албан хаагчийн цалингаас гадна үр дүнгийн урамшуулал авах юм. Ингэж байж сурлага сайтай хүүхдүүдийг багш руу татна. Тэд эргээд сайн хүүхэд бэлдэнэ гэсэн бодлого барина.

-Хөдөө орон нутагт ажилладаг багш нарт нэмэгдэл цалин өгдөг хэвээрээ юү?

-Хөдөөгийн багш нар таван жилийн нэмэгдэл цалин авч байгаа. Мөн тэтгэвэрт

авч байна. Монгол Улсын иргэн суурь боловсрол эзэмших эрхтэй гээд заачихсан. Тэгэхээр хамгийн захын суманд ч мэргэжлийн багш нар байх ёстой. Тиймээс хөдөө орон нутгийн багш нарын нэмэгдэл цалин гэдгийг бий болгосон. Үүний хүчинд мэргэжлийн багшийн хангалт 98 хувьтай байна. Дутагдаж байгаа зүйл нь багшийн давтан сургалтын асуудал байна. Олон жил санхүүгийн нөхцөл байдлаасаа болоод энэ мэргэжил дээшлүүлэх ажил хоцрогдчихсон. Тиймээс 2011 онд багшийн мэргэжил дээшлүүлэх институт гэж байгуулсан. Ажиллаж байгаа багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэх ёстой. 20 жилийн өмнө хаа нэгтээ суманд очсон багш өөрөө мэргэжил дээшлүүлэх боломжгүй. Тэгэхээр таван жил тутамд мэргэжлийг нь дээшлүүлэх юм. Сүүлийн дөрвөн жилд санхүүгийн нөхцөл байдлаас болоод санаанд хүртэл энэ ажил яваагүй юм шиг байна.

-Засгийн газраас “Оюутан зээл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Оюутнууд сургалтын төлбөрөө төлж чадаагүйгээс дипломоо сургуульдаа барьцаалуулж, ажилд орж чадахгүй байгаа тохиолдлууд олон бий. Энэ зээлийн өгөөж нь ямар байх бол?

-Оюутны 70 мянгыг өгөх боломжгүйгээс үүдэж энэ зээлийн хөтөлбөрийг санаачилсан юм. Оюутны сургалтын төлбөрийн зээл олгосноор тухайн оюутныг хариуцлагажуулна. Тэр зээлийг оюутан өөрөө авна. Харин эцэг, эх батлан даалт болно. Тэгээд сургуулиа төгсөөд ажил хийж байгаад зээлээ төлнө. Мөн ойрын хугацаанд “Орлоготой оюутан” хөтөлбөр гаргана. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй оюутныг хариуцлагажуулах юм. Энэ жил 90-ээд тэрбум төгрөг тавьсан. Он дуустал энэ зээлийг олгох байх. Ирэх жил 100 тэрбум төгрөг төсөвлөсөн. Зээлийн хувьд гурван төрөлтэй. Эхнийх нь хүү бууруулах зээл. Хэн нэгэн жилийн 16 хувийн хүүтэй цалингийн зээл аваад хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн байлаа гэж бодъё. Харин оюутны зээл жилийн таван хувийн хүүтэй. Тухайн эцэг, эх таван хувийн хүүтэй зээл аваад цалингийнхаа зээлийг төлөх нэг боломж байна. Хоёр дахь нь богино хугацааны зээл. Төгсөх курсын оюутан богино хугацааны зээл аваад сургалтын төлбөрөө төлөх боломжтой. Голч дүн нь хоёроос дээш байхыг шаардана. Гурав дахь нь урт хугацааны зээл юм. Энэ нь гурваас дээш голч дүнтэй оюутанд үйлчлэх зээл. Муу сурсан нөхөрт төр зээл өгөхгүй. Төгсөөд ажилд орохгүй, төлөх боломжгүй. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүдээ сайн сургах хэрэгтэй.

-Сургуулиуд дөнгөж нэгдүгээр курст элсэнгүүт нь төлбөрөө нэхдэг. Ийм нөхцөлд голч дүнгүй оюутан зээл авах боломж бий юу?

-Мэдээж голч дүн байхгүй учраас богино хугацааны зээл авна. Харин нэгдүгээр курсээ төгсөөд голч дүн нь өндөр байвал урт хугацааны зээл авч болно. Энэ нь 10 хүртэлх жилийн хугацаатай зээл. Тухайн оюутан дөрвөн жил сурч төгссөнийхөө дараа 4-5 жил ажиллаж байгаад зээлээ төлнө. Одоо ерөнхий гэрээгээ хийж байна. Арилжааны банкуудаар дамжиж зээл олгоно. Магадгүй, ажилгүй хүмүүс байвал үл хөдлөх барьцаалж болох байх.

М.МӨНХЦЭЦЭГ