-Юуны өмнө танай намд өрнөж байгаа, олны анхаарлыг татсан асуудлаас ярилцлагаа эхлэе. Энэ сарын дундуур ҮЗХ-ны хурал зарлагдсан. Энэ хурал бас л танай намын удирдлагуудын ээлжит тоглоомын дүрмээр явагдах улс төрийн жүжиг байх болно гэж хэвлэлүүдээр бичиж байна. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Ардчилсан нам хувиа хичээсэн, эрх мэдлийн төлөө яахаас ч буцахаа байсан, өөрийн номлолоор улайран дарангуйлах гэдэг цөөхөн хүний үйл хөдлөлөөс болж одоогийн хөшүүн байдалд орчихоод байна. Энэ нам Монгол төрийн тулгуур багануудын нэг гэдгийг хамгаас сайн мэддэг эдгээр нөхөд ялагдлаасаа, буруудлаасаа сургамж авч сэхээрэх, ухаарч эргэцүүлэх шинжгүй болоод удаж байна даа. Ардчилсан нам фракцуудад хуваагдсан, тэд нь аливааг урагшлуулахгүй мөргөлдөөд сөргөлдөөд байгаа гэдэг чинь зүгээр л нэг хий яриа шүү дээ. Жинхэнэ зөв бүтэцтэй, намын дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг фракц харин ч улстөрийн хүчний эрүүл төлөвшил, зөв хөгжилд нэмэртэй байх учиртай.
Монголын төрийг дампууруулж, улстөрийг булингартуулж, эдийн засгийг сөхрөөж байгаа нам дамжсан, улстөрийн бүлэглэл Монголд үүсээд бүх зүйлийг хянаж зохицуулж тохируулдаг болсон учраас АН ч ийм хөшүүн байдалд удаан хугацаагаар оршсоор байна.
Эцсийн бүлэгтээ, АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу, хуралдсан ч өмнө тавьсан дэглэлт, зохиомжит захиалгаар хийгдэх үү зэрэг нь нэг их сонин биш юм. Хамгийн чухал нь энэ улс орныг хүнд байдлаас гаргаж, эдийн засгийн өсөлт, иргэдэд итгэл найдвар өгч чадах нам болох эсэхээ хэлэх учиртай цаг үе юм. Нам ийм үгээ хэлэхгүй бол би ч бас байдлыг улам дордохыг, намаа үхширч ялзрахыг ажаад дуугүй байх сонирхолгүй байна.
Монголын төлөө зүтгэх улстөрчийн замналыг албан ёсоор 2 жилийн өмнө зарласан минь ч ийм учиртай. Улстөр бол миний амьдралын зам гэж зарласан нь цөөхөн дөө, ний нуугүй хэлэхэд. Ингэж хэлэх амаргүй шүү дээ. Ялагдал гэж байна, хэн ч биш болж гудманд лааз өшиглөж ч мэднэ шүү. Ялагдахаас үл айн улстөрч хэмээн зарласан амандаа хүрч эх орон, эгэл олны төлөө зүтгэдэг АН-ын төлөө би дуустлаа явах болно.
-2017 оны нэгдүгээр сарын 01-нд, сонгуулийн жил эхлэхэд танай нам өнөөдрийн бахь байдгаараа байвал юу болно гэж та үзэж байна?
– Бид, АН-ынхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдөр шиг тодорхойгүй, арчаагүй байдлаараа явж орвол хялбархан ялагдах болно.
Ерөөс АН өнөөдөр хүнээр бол хүнд өвчин тусчихсан хэвтрийн байдалд байгаагаа хүлээн зөвшөөрч эрчимтэй, зөв эмчилгээ хийх хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш ном уншуулж, хоросол уух төдийхнөөр аргалаад илаар болчихгүй. Ингэж аргалаад хэвтрийн байдалд нь байлгаад байх сонирхолтой хүмүүс байгаа хэдий ч намын олон арван мянган гишүүд дэмжигчид маань эрүүл саруул, ирээдүйтэй, залуу намыг хүсэж байгаа. Улстөрчийн хувьд би шинэчлэл, хөгжил, дэвшлийн талд байнга дуугарч, хөдөлж тэмцэх болно. Надтай санал бодол, үзэл санаа нийлдэг олон арван хүмүүн бий гэдэгт гүнээ итгэдэг тул АН-аа муужралтын төлвөөс аварч чадна гэж бодож байна.
-Чуулган харж байхад бүхий л асуудлуудаар МАН-ын зүгээс Ч.Хүрэлбаатар гишүүн, харин сөрөг хүчний зүгээс та голчлон дуугарч байна. Заримдаа та хоёрыг хараад байхад бүх л асуудлаар чуулганы танхимаар дүүрэн хэрэлдээд суух шиг сэтгэгдэл төрөх юм?
-Нэг намын хэт олонхийн дарангуйлал үүсэх нөхцөл байдал Монголын улстөрд үүсчихээд байна. АН ялсан үед түүний тугийг өргөж гүйх дуртай хүмүүс цөөддөггүй л дээ. АН маань ялагдсан, хэт цөөн болсон үед түүнийгээ өмгөөлөх, намайг, манай намыг итгэж дэмжсэн иргэдийнхээ үзэл санаа, хүсэл зоригийг өдөр бүр, ил тод, чангаар илэрхийлэн хэлэх учиртай, тийм үүрэгтэй гэж би өөрийгөө хатуужуулж ирлэж явдаг.
Бид УИХ-д хэт цөөхүүлээ тул МАН дангаараа хүссэн шийдлээ гаргаад л явчихна л даа. Гэхдээ л би 100 үг орилж хашгирч байж нэг үгийг нь хууль, төрийн бодлогод шигтгэж чадваас амжилт хэмээн бодож чармайж байгаа шүү.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд зарлачихлаа. Иргэд хэр дэмжих бол гэхээс илүүтэй танай намынхан энэ хүнийг хэр дэмжиж байгаа юм бэ? Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн суудлын төлөө хүчтэй өрсөлдөгч байж чадах уу?
-Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлана гэдгийг шууд утгаар нь парламентад суудалтай гурван намын аль нэгэнтэй нь баараггүй тохиролцсон мэтээр харж болно. Миний мэдэж байгаагаар манай АН-аас хэн нэгнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлсэн шийдвэр гаргаагүй. Хэрэв Н.Алтанхуяг МАН, МАХН-аас нэр дэвшихээр урьдчилан тохиролцчихоогүй л бол АН-аасаа л нэр дэвшихийг хүсч байгаа байлгүй.
Нөгөө талаас, аль нэг хүн Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлэх нь хувийн бодол нь л юм. Гэхдээ Алтанхуяг шиг АН дотроо багагүй нөлөөтэй улстөрчийн ийм мэдэгдэл өөр агуулгатай л даа. Алтанхуяг АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байсны хувьд улстөрийн хүч чадлыг нь дутуу үнэлж хэрэггүй. Тиймээс түүний зүгээс АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хамтран ажиллах урилгыг их эрт явуулж байна ч гэж ойлгож болох болов уу.
-Н.Алтанхуяг тэгвэл эхлээд намын даргад нэр дэвших ёстой байсан биш үү?
-Мэдэхгүй. Хэн нэгэн хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд АН-ын даргад нэрээ заавал дэвшүүлэх ёс журам байхгүй.
-Ардчилсан намын даргын төлөө П.Цагаан, Л.Гантөмөр гээд хоёр хүн өрсөлдөнө гэдгээ ил зарлачихлаа. Харин олон нийт, хэвлэлүүд бусад өрсөлдөгчдийн тоонд таны нэрийг оруулж байна?
– Хэн намын дарга болох нь чухал бус, юуг хэрэгжүүлж чадах нь үнэтэй. Ардчилсан намыг намын дүрмээ ягштал барьдаг, тавьсан зорилтоо нэг бүрчлэн хэрэгжүүлдэг, мөрийн хөтөлбөрийн нам болгож чадахгүй юм бол тэнд хэн ч очсон ялгаа байхгүй. Монголыг тусгаар бөгөөд тогтвортой хөгжүүлэх мөрийн хөтөлбөр, журмыг боловсруулж баримтлахын төлөө хэзээд зүтгэнэ. Энэ ч үүднээсээ би АН-аа байр суурь нь унасан, эв дүйгээ олохгүй байгаа энэ цагт тулж түшиж аван бие, сэтгэлээрээ зүтгэхээс хойш суухгүй.
-Намын даргад нэр дэвшигчид тодроод л байна, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хүртэл танай намаас тодорч байна. Ер нь танай намынхан урдаа байгаа бул чулууг харахгүй байж, их л том юманд тодруулбал албан тушаалын төлөө л зүтгээд байгаа юм шиг танд санагдахгүй байна уу?
-Тэр тийм. АН улстөрийн том, маш нөлөөтэй хүчин учраас энэ намын хаялга их гэдгийг бүгд мэдэж байгаа, бүгд битүү горьдлоготой явж байдаг. Гэтэл намаа сэргээх, ил тод болгох, иргэдэд, залуучуудад, шинэ сэтгэлгээнд нээлттэй болгох шийдлийг гаргахгүй байгаа нь ийм сэтгэгдэл төрүүлээд байгаа юм. АН-ын нөлөө бүхий манлайлагч гишүүдийн хооронд он жилүүдээр, тодорхой сонирхлын шалтгаанаар бий болсон гүнзгий зөрчлүүд тийм амар алга болохгүй нь тодорхой л доо. Тиймээс юуны өмнө энэ хувийн зөрчлүүдийг хэсэгтээ мартагнах, цаашид намын дүрмийн заалтуудаар хязгаарлан ийм зөрчлийг өндөр авахуулдаггүй байх шийдлүүдийг гаргах хэрэгтэй юм. Хэн нэгнийгээ хардах, явуулга хийж хилсээр гүтгэх, хэрэгт унагахыг санаархах гээд зүсэн бүрийн муу үйлдлүүд улстөрийн орчинд хийгдэж байна. Үүнийг зохион байгуулагч нь нам дамжсан, том компаниудын сонирхлыг илэрхийлэгч бүлэглэлийн явуулга гэдгийг улстөрчид бид ухаарах цаг болчихсон байна. Улстөрийг, улс орныг ийм бүлэглэл түрэмгийлээд эхэлсэнтэй улстөрчид л хатуу тэмцэж чаднаа.
-Манай өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, ардчиллын төлөв байдал, хуулийн хэрэгжилт, шударга ёсны төлөвшлийг аваад үзвэл үндэсний хэмжээний энэ том нам парламентын гадна буюу гудамжнаас даргаа тодруулж яавч болохгүй гэсэн байр суурийг цөөнгүй хүн илэрхийлэх болсон энэ талаар таны байр суурь?
-Хууль ёс журмаараа, хүний эрх, эрх чөлөө сайн хангагдсан орчинд бол хэн ч улстөрийн намын дарга байж болно л доо. Өнөөдөр манай намын хувьд парламентын гишүүдээсээ дарга сонгох эсвэл гаднаас сонгохын давуу болон сул тал юу байхыг нухацтай бодож шийдэх хэрэгтэй гэж би журмын нөхөддөө хэлж байгаа.
-Америкийн иргэд шинэ уур амьсгал, шинэ өөрчлөлт хүсэж сонголтоо хийж байна. Түүн шиг ирэх жил манай улсын иргэд эрх баригчдын төлөөллөөс татгалзаж сонголтоо хийх болов уу, та юу гэж бодож байна?
-Цогц бодлоготой, бодитой зорилттой, ажил хэрэгч Ерөнхийлөгчийг монголчууд сонгоно гэж найдаж байгаа.
-Та залуусыг дэмждэг, өөрөө ч залуусын дундаас тодорч улстөрд гарч ирсэн. Одоо танай намыг шинэчлэхийг хүсэгчдийн дунд залуус олон байна. Тэднийг та яаж дэмжиж байна. Уулзаж, заавар зөвөлгөө өгч байна уу?
-Ардчиллын шинэ түрлэг бол залуучууд гэж би хэлдэг. Залуу хүний онцгой энерги, эр зоригийг би олонтаа хэлж ярьж явдаг л даа. Монгол орны эрдэнэ нь эрүүл чийрэг, оюун төгс залуу хүн юм. АН-ын найдвар нь сэтгэлгээ шинэлэг, зүрх сэтгэл нь монгол залуус. Шинэ үеийн залуусаас эх орон, олон түмнийхээ төлөө өөрийгөө золиосолж чадахуйц төлөөллийг улс орон өөрөө хүмүүжүүлж, ивээж дэмжихгүйгээр бид урагшлахгүй.
-Хүүхдийн мөнгөний төлөө та байн байн дуугарч харагдах юм. Гэтэл олонхийн зүгээс танд хариу баридаг үгс байна аа. Танай намын үед хүүхдийн мөнгийг бүр судалгаагаар нь ялгаад, миний ойлгосноор бол өндөр орлоготой, баян айлын хүүхдүүдэд өгөхгүй гэж Ч.Сайханбилэг Ерөнхий сайд бараг уриалга гаргах шахаж байсан шүү дээ. Харин одоо МАН-ын Засгийн газар бэлэн, бэлэн бусаар ч болов бүх хүүхдэд өгье гэж байна. Энэ хоёрын ялгааг та юу гэж харж байна.
-Нэг зүйлийг бараг мартчихаад байна. Энэ бол халамжийн бодлого биш. Энэ бол эх орны баялгийг тэгш хуваарилах тухай асуудал юм. Хэрвээ боломж, бололцоо хязгаарлагдмал байгаа бол бүх иргэдэдээ биш юм гэхэд ядаж л үр хүүхдүүдээ ялгаварлахгүй байгаачээ гээд би дуугараад, гуйгаад байгаа.
-Улстөрд танай намынхан ч юмуу, нэг ийм шийдвэр гаргаж байхад нь би зогсоох боломж байсан даа гэж бодож харамсаж явдаг тохиолдол танд бий юу?
-Улс орныхоо баялгийг иргэддээ тэгш хуваарилж, хадгаламж үүсгэх тухай Баян Монгол корпорацийн тухай хуулийн төсөл, газар өмчлөлийг эрчимжүүлэх тухай Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслөө анхны үзэл баримтлалаар нь батлуулж чадаагүйдээ харамсч явдаг. Эдгээр нь, түүнчлэн одоо миний санаачилан боловсруулаад байгаа Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслүүд нь Монголын хөгжлийн гарцын тулгуур үзэл баримтлалууд гэдэгт би бат итгэдэг. Иймээс энэ бүхнээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай зогсох болно.
-Ардын намын 65 гишүүн Үндсэн хуулийг ч өөрчлөх хэмжээний хүч чадалтай байна. Ийм үед мэдээж сөрөг хүчний гишүүдэд амаргүй байгаа байх. Ер нь энэ 65-ыг яаж хазаарлах ёстой юм бэ. Тийм хазаар бий юу?
-Улстөрийн нам 76 суудалтай байсан ч тэднийг хязгаарлах, хазаарлах боломж бий. Шинэ хувьсгал, шинэ давалгаа, түрлэг гарч ирээд л унагачихна шүү дээ. Монгол хүн эрх чөлөө, үзэл санааныхаа чөлөөт байдал, ардчиллын төлөө яаж босч тэмцэхээ тэртээ 1990 онд мэдээд авчихсан юм. Энэ бол Монголын ардчиллын том сургамж, үнэт зүйлсийнх нь нэг.
-Долларын ханш удахгүй 2500 байтугай 3000 ч давж болохоор байна. Эрх баригчдаас асуухаар Ардчилсан намынхан ийм байдал бий болгож, үлдээсэн гээд байдаг. Тэгээд олигтой арга хэмжээ авдаггүй?
-Аливаа бүтэлгүй байдал, эс үйлдлийн буруутныг өмнөх үеийнхэн рүү чихдэг зан бол сонгодог коммунист арга барил юм. Төрийн эрхийг барихыг маш ихээр хүслээ, азаар, олны дэмээр ялчихлаа, тэгвэл та ажилла, ажилла, битгий гонгино гэдэг чинь энэ шүү дээ. Мэдээгүй, энэ АН-ынхан л ийм болгоод хаячихсан байж гэх нь үнэхээр утгагүй хандлага юм. Тэгвэл яах гэж ч Засгийн эрх рүү тэмүүлсэн юм. АН-ынхан тийм л их буруутай бол нотолгоотой гаргаж ирээд зохих хариуцлагыг нь үүрүүлэх хангалттай хугацаа өнгөрлөө.
-Намынхаа их хурал дээр та цогтой илтгэл тавиад, ёстой нөгөө хошгируулаад, хашгируулаад ч хамаагүй намын даргын төлөө нэр дэвшээд, гишүүдийнхээ дундаас санал хураалт явуулаад гараад ирэх боломж танд байх шиг. Та өөрөө юу гэж үздэг юм бэ?
-Би өөрийгөө АН-ын бэлтгэгдсэн улстөрч гэж үздэг. Миний хийж чадахгүй, хойш суух алба ажил байхгүй гэж бодож байна. Монголоо аль замаар хөгжиж яаж төлөвшихийг бүтнээр нь, бүхлээр нь харж чадах эрийн цээнд хүрсэн гэж боддог. Улс орныхоо батлан хамгаалах, аюулгүй байдал, гадаад бодлогын нарийн нандин албуудыг АН-ынхаа даалгавраар хашиж явахдаа сэтгэл зүрх минь юуны төлөө цохилж оюун ухаан минь хэнд зориулагдах учиртайг гүн мэдэрсэн.
Улстөрийн нөхцөл байдал, улс орны төлвөөс хамаарч шийдээ гаргана даа.
-Таныг бодлогын улстөрч гэж олон хүн хардаг. Бодлогын улстөрчөөс хувьсгалч байр сууринд шилжихэд ямархуу мэдрэмж төрж байх юм?
-Би улс орноо, аливаа асуудлыг томоор нь, алс ирээдүйтэй нь харахыг хичээдэг. Ерөнхийдөө тайван хүлээцтэй ханддаг. Гэхдээ л би төрөлхийн тэмцэгч хүн шиг. Ардчилсан хувьсгалын эхний өдрөөс л хувьсгалжсан даа. Зорьж зүтгэж явсан нийгмээ, тогтолцоогоо төлөвшүүлж боловсронгүй болгох гээд 25 жил зүтгэлээ, дэвшил их ч санаанд хүрдэггүй. Дахиад л тэмцэх болох нь дээ.