БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцрохдоо тулаад байна. Солонгосын ард түмэн бол тэрхүү нөхөр Чой Сүн Силь гэж эмэгтэйн мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг нэг их тоохгүй байгаа юм байна. Харин Солонгосын төрийн ажил хэрэгт бөөгийн нөлөө орж, Ерөнхийлөгч нь мухар сүсгээр улс орныг удирдахыг оролдож байсных нь төлөө ард түмэн асар ихээр зэвүүцэж, асар ихээр эгдүүцэж байна. Ерөнхийлөгчийн хар багын найз, аав нь Солонгосын бөө нарын удирдагч байсан Чой Сүн Силийн хувийн компьютероос 200 гаруй албан бичгийн файл олдсоны ихэнх нь Пак Гын Хэгээс түүнд илгээсэн төрийн нууцад хамаарах бичиг баримтууд, хэлэх үгнүүд, зөрүүлээд Чойгоос түүн рүү явуулсан заавар зөвлөгөө, сэдэл санаа, ингэ тэг гэсэн шийдвэрүүд байсан нь солонгосчуудын уурыг дээд цэгт нь хүргэжээ. Өнөөдөр Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр хүнд 14 хувиар унасан нь амиа хорлосон Ерөнхийлөгч Но Му Хёнгийнхоос хэд дахин илүү болжээ. Ерөнхийлөгч нь бөө удган, лам зайрангийн үгээр улсаа удирдаж залах гэвэл иргэний нийгэм төлөвшсөн улс орон ийм эмзэг, ийм мэдрэмтгий хүлээж авдгийг дэлхий ертөнц өнөөдөр харж байна.
Ингэхээс ч өөр аргагүйд хүрсэн бололтой. Өнөөдөр олон улсын шинжээчдийн бичиж байгаагаар бол Пак Гын Хэ эдгээр бөө удгануудынхаа нөлөө, тэднийхээ хэлсэн мэргэ төлгөнд итгэж Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хааж, эдийн засгийн хамтын ажиллагаанаас бүрэн татгалзсан байх магадлалтай гэнэ. Хоёр Солонгосын ойлголцлын хамгийн дээд шат бол энэхүү Кэсоны аж үйлдвэрийн бүс байсан юм. Умард Солонгосын нутагт ийм онцгой бүсийг БНСУ-ын зүгээс байгуулж, умардаасаа ажилчид авч ажиллуулж байсан нь бараг нэгдэж нийлэх мөрөөдлийнх нь эхлэл байсан гэж судлаачид үздэг юм билээ. Гэтэл Ерөнхийлөгч Пакад бөө найз нь “Ким Чен Ун эдгэшгүй өвчтэй болсон учир удахгүй болсон, хоёр жилийн дараа гэхэд хоёр Солонгос нэгдэх үйл явц эхэлнэ” хэмээн итгүүлснээр Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хаасан гэж үзжээ. Үнэхээр бөө нар Солонгосын Ерөнхийлөгчид ингэтлээ нөлөөлж байсан бол улс орноо мухар сүсгээр удирдаж байжээ гэдэгт нь итгэхээс өөр арга алга. Солонгосын ард түмний уур хилэн үүнд л багтраад байна. Өнөөдөр бөөтэй хамтран улс орноо удирдах гэсэн Ерөнхийлөгчөө эсэргүүцсэн жагсаал Солонгост хүрээгээ тэлж, жинхэнэ давалгаалж байна. Юунд хүрэхийг мэдэхгүй. Хэрэвзээ Пак хатагтай дан ганц авлигын хэргээр асуудал боссон бол эсэргүүцэгчдийн тоо ингэтлээ цаг минутаар өсөхгүй байсан байх. Иргэний нийгэм хэдийнэ төлөвшсөн Солонгосын ард түмэнд авлига, хээл хахуулийн гэмт хэргээс илүүтэй оюун санааны гэмт хэрэг аймшигтай хүндээр тусч байгааг дэлхий харж байна. Өнөөдрийн хүн төрөлхтөн шинжлэх ухаанжсан төр засагтай байхыг хүсч, тэмүүлж, итгэл найдвараа болгодог болгосныг эндээс харж болно.
Дэлхийн энэ хандлага тэгвэл өнөөдөр манайд ямар байна вэ. Улс орон удирдаж байгаа хүмүүс, улстөрчдийн хувьд бөө, ламгүй байгаанууд нь бараг баларлаа гэж дуулдах болсон. Улстөрч нэгэнд урагшгүй жаахан юм тохиолдвол л “Тэрийгээ тэгж аргалуулсангүйгээс боллоо, энийг ингэж бөөлүүлсэнгүйгээс боллоо, энэ удганы хэлснээр явсан бол Их хурлын гишүүн болчих байсан юм, тэр зайрангийн заавраар явсан бол төрийн сайд болчих байсан юм” гэж ярьдаг болжээ. Ингэтлээ цагаандаа гарчихаад байна. Их тэнгэрт байсан гурван айлаас сэжиг хүрмээр зүйлс олноороо дуулддаг байсан. Тэд бүгдээрээ л энэ улсад нэр дуулдсан бөө зайран, лам хар, мэргэч төлгөч, үзмэрч, хутагт хувилгаад, ирээдүйд иш үзүүлэгч… ер бүгдийг нь хамж аваачаад биесийнхээ эсрэг юм хийлгэж байна гэсэн яриа байсхийгээд л гардаг байсан нь гайхмаар юм биш. Тэр айлуудын өрхийн тэргүүнүүд дотор ном ёсоороо сургууль төгсөж, системтэй боловсрол эзэмшсэн хүн төгс байхгүй дээ. М.Энхсайхан, Н.Алтанхуяг нарыг эс тооцвол. Ийм л хүмүүс байсан болоод ч тэр юм уу, энэ улс орныг мухар сүсгийн хэмжээнд удирдах сургууль хийсэн байж магадгүй. Ер нь манай дарга нар, улстөрчид байсхийгээд л Түвд, Балба, Дарамсала… гээд энэ ертөнцийн хөгжлийн мухардмал газрууд руу явцгаадаг. Тэндээсээ баахан хутагт хувилгаад залж, ном уншлага болж, элдэв хараал жатгын эсрэг яриа хөөрөө болдог. Салтаагаараа баахан шороо цацаж, сор залж, бөө дуудаж, уул ус руугаа архи дарс цацаж ирсэн. Тэр байтугай нэгэн өрхийн тэргүүн нь зуурдаар өнгөрөхөд нөгөөгийнх нь бие тавирч, хөлс нь гарч байсан тухай яриа ч бий. Мэдэх хүмүүс нь мэднэ. Өмнөх УИХ-д лав “чанар” гэл үү юмаа авсан найман бөө байгаа тухай барин тавин яриа бий. Өнөөдрийн УИХ-д дуулдаж байгаа нь таван бөө байгаа гэх. Цаашдаа нэмэгдэх биз. Ер нь манай төр засгийн ажил, тушаал шийдвэр, ажлын хэмнэл нь огцом, гэв гэнэтийн байдгийг ард түмэн мэднэ. УИХ-ын дарга солигдох, Засгийн газар огцрох гээд цаад шалтаг, шалтгааныг нь хайхаар хүн үнэмшихээр, итгэл үнэмшил төрөхөөр юм байдаггүй. Одоо бодоход нөгөө л бөө зайран, лам хувилгаадынх нь “Үүнийг болохгүй” гэсэн айлдвар зарлигтай холбоотой байх. Сүүлийн жилүүдэд хутагт, хувилгаад, богдуудаа би ч тодруулна, чи ч тодруулна хэмээн маргаж, булаацалдаж байгаа дуулдах болсон. Бодвол тэднээрээ дамжуулан нийгэмд нөлөөлөх, нэр төрөө өсгөх, том бизнес болгох гэхчилэн хүчин зүйлүүдтэй байдаг байх. Энэ нь Монголын төр-шашин хоёр холион бантан болж хамаагаа алдсаны шинж. Уг нь бол Үндсэн хуульдаа шашин-төр хоёрыг салгасан заалттай.
Солонгосын энэхүү Ерөнхийлөгч нь хувьдаа бөөтэй байсан, түүнийгээ төрийн ажилд оролцуулдаг байсан явдал нь бидэнд сургамж болох ёстой. Манай төрийн ажлыг бөө зааварлаж ирсэн жишээ бий гэж бараг болно. Бөөгөөрөө гайхуулж шашны ёслолыг төрийн ордонд хийж, Монголын бүх л улстөрчдийг цуглуулан, тойруулж зогсоодог байсныг өнгөрсөн жилд өчнөөн харсан даа. Ийм л мухар сүсэг төрд орох тохиолдлыг одооноос эхлэн албан ёсоор хуульчлан хааж, таслан зогсоох хэрэгтэй. Монголчуудын шинэ үе асар ихээр баруунжиж, шинжлэх ухааныг шүтэж, өндөр соёлтой болж байна. Эд бол мухар сүсгийг үзэж чадахгүй, автахгүй, нөлөөлөх ч боломжгүй үеийнхэн. Ийм шинэ монголчууд олноороо бидний нүдэн дээр өсөн торниж, үржин тэлж байна. Эдэнд бууж өгөхөөс өөр сонголт байхгүй. Тэд ирээдүйд Монголыг авч явна. Өнөөдрийн Монголын төр дэх мухар сүсгийг анхааралтай ажиглаж, буурь суурьтай судалж байгаа эрдэмтэнд, судлаачид цөөнгүй байгаа юм билээ. Тэд удахгүй судалгаагаа эрдэм шинжилгээний бүтээлийн хэмжээнд ард түмний оюун санаанд хүргэх байх. Үүнд итгэлтэй байна. Тэр цагаас эхлэн төр шашны ялгаа, бөө, мухар сүсгийн зааг нийгмийн сэтгэл зүйд бодитой ойлгогдох биз ээ.
Харин өнөөдөр бодитой хэлж чадах, олон улсад батлагдсан нэг л үнэн байна. Улстөрчдийн мэдлэг чадвар дутаж, улс орноо удирдаж чадахгүйд хүрч, цөхрөнгөө барахаараа оюун санааны хувьд хамгийн ойр зүйл нь бөө, шашин, мухар сүсэг болдог гэсэн амьдралын үнэн. Тэгвэл дэлхийн их гүрэн ЗХУ задарч, замаа алдаж байх үед Ельцин нэг ч удаа сүмээр ороогүй байдаг юм шүү. Тэр өөрийнхөө бяраар л Орос орныг авч үлдсэн. Оросын католик шашны том зүтгэлтнүүд бүгдээрээ түүнтэй уулзахыг хүссэн байдаг юм. Хүчтэй удирдагч бол Үндсэн хуульдаа итгэдэг. Хүчтэй удирдагч бол өөртөө, улмаар хүчтэй залгамж үедээ итгэж найддаг. Үүнийг бид хоёр хөршөөсөө бэлхнээ харж байна даа, уг нь.
С.БАТБОЛД