Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанд Цаг уур, орчны шинжилгээний газар ирэх саруудын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн хэд хоногт цас их хэмжээгээр орсноос нийт нутгийн 30 гаруй хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй болжээ. Ингэхдээ зуд тохиолдож болзошгүй аймгуудад Увс, Дорнод, Төв, Хэнтий, Дархан, Сэлэнгийн ихэнх сумд, Завханы хойд, Булганы зүүн өмнөд, Хөвсгөлийн баруун хэсэг хамаарч байна.
Мөн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээр арваннэгдүгээр сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болох төлөв гарчээ.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, арваннэгдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа аж.
Мөн арваннэгдүгээр сарын 17-нд нутгийн хойд хэсэг, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Туул голын хөндий, Дархадын хотгороор -42-47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, дулааны хангамжид хүндрэл учруулах онцгой нөхцөл байдал бүрдэж байгааг анхаарууллаа.
Одоогийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Тэшиг, Хангал сум, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Хөлөнбуйр сум, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Тэс, Түдэвтэй сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхонтуул, Орхон, Түшиг сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Сагил, Түргэн сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сум, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батноров, Биндэр, Өмнөдэлгэр, Норовлин сумын нутгаар цасны зузаан 11-20 см (нягт 0.10-0.30 гр/см3), Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Цагааннуур, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Цагаанхайрхан сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Хатгал сум, Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар цасны зузаан 21-40 см (нягт 0.12-0.28 гр/см3)-т хүрсэн байна.