Categories
мэдээ нийгэм

М.Намсрай: “Цагаан сар”-ыг нэгдүгээр сарын 28-д тэмдэглэх нь зүйтэй

Цагаан сар дөхөөд ирэхээр зурхайчид хэдэн сарын хэдний өдөр золгох ёстой дээрээ маргадаг болоод удаж байна. Хубилай хааны “Цагийг мэдээлэх зурхай” буюу Монгол шар зурхай бол байгаль хүн хоёрын дээд зохицлыг маш сайн тооцсон, монгол төрийн сонгодог зурхай учир үүнийг баримтлах ёстой гэж Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч М.Намсрай үзэж байна.

Энэ тухайгаа өнөөдөр хэвлэлийн хурал зарлан нийтэд сонордуулсан юм. Тэрээр “Монголчууд бид ирэх жил цагаан сараа нэгдүгээр сарын 28-д тэмдэглэх ёстой хэмээлээ . Харин Төгс буянт зурхайнхан буюу зурхайч Л.Тэрбиш тэргүүтэй нөхөд хоёрдугаар сарын 28-д шинэлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Ураг төрлийн хүчирхийлэл нийгэмд далд хэлбэрээр оршиж байна

Бага насны охидыг хойд эцэг нь байтугай төрсөн эцэг нь ч хүчирхийлсэн хэрэг сүүлийн үед олширчээ. Насных нь хувьд авч үзвэл 17-49 насны үйлдэгчид байдаг байна. Бусармаг сэтгэлтэй, бузар үйлдэлтэй хүмүүсийн хохирогч нь өсвөр үеийнхэн болоод байна. Хохирогч охидын дунд хийсэн судалгаагаар 56.7 хувь нь ураг төрлийн хүчин, 29.7 хувь нь болзооны хүчин, 13.6 хувь нь гудамж талбайн хүчингийн хохирогч болсон байна.

Хүчирхийлэлд өртөж, сэтгэл гутралд орсон охид өөрийн биеийг үзэн ядах сэтгэлгээтэй болж цочирлоосоо болж зан үйлийн өөрчлөлт орж, сурлага нь муудах, бусдыг дээрэлхэх, дээрэлхүүлэх, хэнтэй ч нийлэхгүй болж гэрийнхэнтэйгээ сөргөлдөх үйлдэл гаргадаг байна. Гэвч ихэнх эцэг эхчүүд хүүхдээ шилжилтийнхээ үедээ явж байна гэж боддог байна.

Энэ гэмт хэрэг яагаад далд байдаг вэ гэхээр ихэнх нь ураг төрлийн дотны хүн нь байдаг. Эсвэл төрөл бүрийн аргаар заналхийлдэг учир хүүхэд айдаг байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд өөрийгөө илчлэх нь бага байдаг. Тиймээс ойр дотны хүмүүс нь л үүнийг мэдэх боломжтой.

Хохирогчид шууд сэтгэлзүйн хувьд өөрөө илчилж чадахгүй байдалд орох нь бий. Мөн эдийн засгийн асуудлаас шалтгаалаад илчлэхгүй байх тохиолдол ч байдаг байна. Сэтгэлзүйн түвшинд нойргүйдэх, ямар өвчнөөр өвдсөн нь тодорхойгүй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь бага насандаа хүчирхийлэлд өртсөн байдаг гэсэн судалгаа гарчээ.

Англи, Австрийн судлаачдын үзэж байгаагаар хүчирхийлэгчид нь бага насандаа өөрсдөө хүчирхийллийн хохирогч болсон эсвэл харсан гэрчүүд байдаг байна. Мөн хүний наймааны золиос болсон хүмүүс ийм үйлдэл хийх нь элбэг байдаг байна.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Япончууд зам дээр гарсан нүхийг бүрэн засварлажээ

Өнгөрсөн долоон хоногийн ням гаригт Японы Фукуоко гудамжинд гэнэт зам цөмөрч том нүх үүссэн хэрэг гарсан билээ. Зам цөмрөх үеэр доогуур нь явж байсан цахилгаан, газ, утас, ус гээд бүх төрлийн шугмууд тасалдсан юм. Тэгвэл энэ ус дүүрсэн нүхийг өнгөрсөн бямба гаригт бүрэн засварлж, түүгээр дамжиж байсан шугам хоолойг бүгдийг нь сэргээжээ.

15 метрийн гүн нүх үүссэн шалтгааныг метроны шугам дээр барилга барьсны улмаас газар цөмөрсөн гэж үзэж байгаа юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто замын ажил дуусчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Хан-Уул дүүргийн 8-р хороо, 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК шалгарч,гэрээт ажлыг эхлүүлсэн. Зам барилгын ажлыг гэрээт хугацаандаа бүрэн дуусгаж, нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисс ажиллуулах хүсэлтээ хүргүүлжээ

Categories
мэдээ улс-төр

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдав

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан өнөөдөр /2016.11.15/ боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Д.Гантулга, О.Баасанхүү нар оролцлоо.

Хуралдааны эхэнд НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдвээр илтгэл тавилаа.

Илтгэлд дурьдсанаар Монгол Улс цаашид хөгжье гэвэл:

  • Үндэсний болон орон нутгийн түвшинд бодлогын уялдааг хангах
  • Бодлогодоо тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах
  • Үр дүнгийн хяналтад шаардагдах тоо мэдээллийн олдоц, хэрэглээний ойлголтыг сайжруулах
  • Зөвлөгөө, сурталчилгаа, оролцоог бэхжүүлэх шаардлагатай аж.

Мөн бодлогын болон хэрэгжилтийн босоо, хэвтээ түвшний уялдааг хангахад институцийн зохистой тогтолцоог бүрдүүлэх, төсөвт дүн шинжилгээ хийж зарлагын оновчтой зарцуулалтыг бий болгох шаардлагатай гэж НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман онцоллоо.

Үүний дараа Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” сэдвээр илтгэл тавив.

Үндэсний хөгжлийн газар байгуулагдаад удаагүй байгаа. Манай байгууллага Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын бодлогыг зөв зохистой төлөвлөж, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, салбарын хөгжлийн бодлогыг хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутаг, орон нутгийн хөгжлийн бодлого, хот байгуулалтын бодлоготой зөв уялдуулан экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан хүн амын ажиллаж, амьдрах эдийн засгийн таатай орчныг бий болгож, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна гэж А.Мөнхболд дурьдлаа.

Илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Гишүүд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг хэрэгжүүлэх холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Халтиргаатай үед эмэгтэйчүүдийг өсгийтэй гуталнаас татгалзахыг зөвлөлөө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсч явганаас халтирч хөл, гараа хугалж, гэмтэж бэртсэн хүний тоо эрс нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд халтирч унаснаас болж хөл, гараа гэмтээж бэртсэн хүний тоо 100 хол давжээ. Ихэнхдээ ахмад насны хүмүүс, мөн өндөр өсгийтэй гутал өмссөн эмэгтэйчүүд гудамж талбайд халтирч гэмтэх тохиолдол нэмэгдсэн байна.

Мөн гулгааны улмаас гарцаар гарч буй иргэдийг автомашин шүргэсэн 20 гаруй дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд халтирч гэмтдэг бол албан байгууллагын шат довжоо гөлгөр плитагаар хийснээс болж халтирч унах явдал их гарч байна. Мөн өөр нэг судалгааг харвал ихэнхдээ эмэгтэйчүүд явганаас гэмтэж бэртдэг байна. Учир нь эмэгтэйчүүд өндөр өсгийтэй гуталтай явдагтай холбоотой. Цас орох үеэр гутал засварын үйлчилгээ нэмэгддэг байна. Өдөрт орж ирж байгаа 10 хүний 8 нь эмэгтэй хүн байдаг гэнэ.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоглоно

Хүн бүхний танил, дэлхий дахинд алдартай “Цасангоо” хэмээх энэхүү үлгэрийг ах дүү Гримм 1812 онд зохиосон бөгөөд дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулагдан тайз, дэлгэцийн олон арван бүтээлүүдийн гол сэдэв болсон гайхалтай бүтээл юм.

1937 онд Уолт Дисней студийн 5 жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн “Цасангоо ба долоон одой” нэртэй бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн кино хамгийн алдартай Цасангоо бөгөөд энэ дүр нь өнөөгийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн, хайртай дүр билээ. Дэлхийн олон театрт Цасангоо балетыг тоглодог бөгөөд Nomadic Ballet Production-ы авъяаслаг, хөдөлмөрч залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр анх удаа амилуулан, Монголын сонгодог урлагийн хөгжилд бас нэгэн шинэ хуудсыг нээж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хулгайн гэмт хэрэг өсчээ

Нийслэлд хулгайн гэмт хэрэг өсчээ зурган илэрцүүдУлаанбаатар хотын цагдаагийн газраас өнөөдөр 2016 оны эхний арван сард үйлдэгдсэн хэргийн статистик тоо болоод зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийлээ.


2016 оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллага улсын хэмжээнд 406 мянган гомдол мэдээлэл авсан байна. Үүнээс 293 мянга нь Улаанбаатар хотод харьяалагдсан бөгөөд хэргийн гаралт 2015 оноос 12.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Өөрөөр хэлбэл, нийт ирсэн дуудлага, мэдээллийн 23080 нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд үүний 15257 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэсэн үг. Гэмт хэргийн улмаас 5815 хүн бэртэж, гэмтэж, аж ахуйн нэгжүүдэд 109 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн тоо өссөн хэдий ч хүүхэд холбогдсон гэмт хэрэг 11.4 хувиар буурсан нь эерэг үр дүн гэдгийг цагдаа нар онцоллоо.

Цагдаагийн 102 дугаарын утсанд хоногтоо дунджаар 1500-2000 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар дуудлага ирдэг байна. Энэ тоо ид ачаалалтай үед 2500 хүртэл өсдөг ажээ. Албаны мэдээллээс харахад, зургаан дүүргийн цагдаагийн хэлтэс хоногтоо 100-130 дуудлага мэдээлэл хүлээн авч, шалган шийдвэрлэдэг аж.

Categories
их-уншсан туслах-ангилал

Ерөнхий сайд Эрдэнэбат эздийнхээ авсан “Эрдэнэт”-д очоогүй байж “Оюу толгой”-н амсар дээр омогдож омогдож ирлээ

Сүүлийн үеийн Монголын нийгмийн гол шуугиан нь “Эрдэнэт” үйлдэр тойрсон асуудал болоод байгаа. “2016 оны эхний найман сарын байдлаар “Оюу толгой” компани 244.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Харин “Эрдэнэт” үйлдвэр өнгөрөгч жил 284 тэрбумыг өгсөн хэрнээ өнөө жил 20.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн нь Оюу толгойтой харьцуулахад хэрхэн ажиллаж байгаа нь тодорхой харагдана” гэж Их хурлын гишүүн Ц.Нямдорж мэдэгдсэн. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан тус үйлдвэрээс хэвлэлийн хурал зарлаж, Нямдоржийн мэдэгдэл ташаа болохыг залруулсан юм.

“Эрдэнэт” үйлдвэр 2016 оны эхний найман сарын байдлаар улсын төсөвт 64 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна гэж ерөнхий захирал нь дуулгасан. Хорин тэрбумын уг асуудалтай зэрэгцээд “49 хувийг хувийн хэвшил авч буй нь сайн хэрэг. Ингэснээр эрх барьж буй намынхны хошуугаа зоож байгаад сордог байдал алга болно. Төр 51 хувь дээрээ нэмээд 49-ийг авсан бол дураараа дургиж, ялсан намынхны сонгуулийн мөнгөө босгох гол талбар нь болно” гэх зэргээр эдийн засагч, судлаачдын байр суурь нийгэмд зогсоо зайгүй хүрч байв. Мөн Ж.Батзандан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Засгийн газар дур мэдэн шийдсэнийг эсэргүүцсэнээрээ намаасаа хөөгдөх дээрээ тулсан гээд яалт ч үгүй Монголын нийгмийн гол трэнд нь “Эрдэнэт” болоод байв.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат улстөрчдийн дунд хамгийн халуун сэдэв болж, төрийн түшээдийг өөр хооронд нь дайсагнуулан, хэн бүхний анхаарлын төвд байгаа “Эрдэнэт” үйлдвэрийг тойрч, Монголын төрд өндөр татвар төлсөн гэх “Оюу толгой”-д очин сүржин мэдэгдэл хийдэг нь ямар учиртай вэ. Үндсэндээ нийгмийн шуугианы гол цэгээс зайлсхийж, манайхны хэлдгээр “Нүдэн балай чихэн дүлий” царайлан, өндөр татвар төлж буйд нь өширхсөн юм шиг “Оюу толгой”-д очиж омогдсон нь олон түмний гайхшралыг төрүүллээ. Энэ дашрамд дуулгахад, “Эрдэнэт” бол Эрдэнэбатын эздийнх нь юм гэсэн. Тэгж яригдаад байгаа. Эздийнхээ “саалийн ферм” рүү очиж элдэв үг хэлэх шонгүй учир Өмнийн говийг зорьж л дээ, хөөрхий.

“Оюу толгой ажилчдаа олон жил онгоцоор зөөлөө. Одоо орон сууцны хотхон барьж өгөх хэрэгтэй. Компанийн гадаад, дотоод худалдан авалт болон ханган нийлүүлэлт, ялангуяа санхүүгийн үйл ажиллагаанд Монголын Засгийн газар 34 хувьдаа ногдох хяналтыг бодитой хэрэгжүүлнэ. Оюу толгойн ажилчид нь Оюу толгойн ашигт малтмалаасаа үнэ цэнэтэй” гэж Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Оюу толгой” болон “Оюу толгой” компанийн удирдлагуудад үүрэг өгсөн. Эрдэнэбатын энэ үгийг сонсоход их гоё. Үнэхээр л ард иргэдийнхээ өмнөөс тэнд ажилладаг бүх хүний төлөө хэлсэн үг шиг санагдана. Гэвч бизнесийн ёс зүйн дүрэм гэж маш чухал зүйл бий. Компани хоорондын гэрээ яаж хийгдсэн, түүний дагуу л бүх зүйл явах журамтай. Түүнээс хэн нэгэн дарга сайд очиж гоё ганган үг хэлж, үүрэг өгсний дагуу байдал өөрчлөгдөхгүй. Үндсэн гэрээнд нь тусгагдаагүй бол энгийн иргэн байтуай Ерөнхий сайд нь хэлээд ч асуудал шийдэгдчихдэг юм биш. Эрдэнэбат хэлсэн юм чинь гээд шууд л хот байгуулаад эхэлнэ гэвэл үнэндээ инээдтэй хэрэг болно. “Оюу толгой” бол барууны соёлтой, эхнээсээ л тэрхүү хууль журмыг чандлан сахисан компани. Дэлхийн шилдэг компаниудын оршин тогтнох гол үндэс суурийн нэг нь компанийн дотоод соёл, дэг журам, гэрээ, дүрмэндээ байдаг.

“Оюу толгой” компани “Бидний ажлын арга барил” хэмээх бизнесийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажилладаг. Үүнийгээ бизнесийн үйл ажиллагаандаа баримталдаг хэм хэмжээ гэж тодорхойлсон байна лээ. “Бидний ажлын арга барил нь бизнесийн үйл ажиллагааг ёс зүйтэй, шударга явуулах зорилгыг тусган харуулсан бөгөөд компанийн засаглалын өндөр стандартыг даган мөрдөж, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг шаарддаг. Маш олон стандарт байдаг. Тэдгээр нь хүндэтгэл, ёс зүй, хамтын зүтгэл, хариуцлага зэрэг гол үнэт зүйлсэд суурилна” гэжээ.

Энэ нь хаашаа ч хөдлөн гуйвж дайвахгүй, хэний ч үг үйлдэл, улс төрийн мэдэгдэлд автахгүй, зөвхөн гэрээ дүрмийнхээ дагуу ажлаа явуулна гэсэн уриа тунхаг нь юм. Өнгөрөгч жил “Эрдэнэс Монгол компанийн удирдлагууд давхар дээл өмслөө, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод жилд 100 мянган ам.долларын цалинг хувааж авдаг” гэх мэдээллүүд гарч байсан. Үүнд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Энэ бол бидний буюу манай компанийн хийх ёстой ажил. Компанийн хуулийн дагуу, засаглалын зарчмаараа бид ажиллах ёстой. Эрдэнэс Монгол-ын ажилтнууд бүрэлдэхүүн компаниудынхаа ТУЗ-ийн гишүүнээр томилогдож компанийн үр ашигтай удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегийг баримтлан ажиллах дүрэмтэй” гэж хариулаад бүхний амыг хааж байсан удаатай.

Дэлхий дахины хөрөнгө оруулагчдад нээлттэй, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд хувьцаагаа гаргасан компаниуд засаглалын ийм л зарчмаар явдаг. Тэгэхээр Эрдэнэбатын “Оюун толгой”-н удирдлагуудад өгсөн үүрэг бол зүгээр жүжиг. Ард түмэндээ хайртай болж харагдах гэсэн, ажил хийж байгаа дүр үзүүлэх гэсэн, түүнийгээ олон нийтэд хүргэх гэсэн ядарсан аргынх нь нэг юм. Үндсэндээ телевиз дагуулж очин Монгол даяар шоудах гэсэн өрөвдмөөр санаа нь байхгүй юу. Харин өнөө телевизийн нөхөд нь даргын суудал булаацалдан хоорондоо алалцаад юун Эрдэнэбатынхаа шоуг нэвтрүүлэх вэ. Мэдээллийн хөтөлбөрийнхөө дундуур нэгнийхээ нэр хүндэд халдсан нэвтрүүлгийг явуулаад Оюу толгойн мэдэгдлийг нь олигтой ч гаргаж чадаагүй дээ.

Харин нийгмийн сүлжээгээр “Манай дарга ширүүхэн дуугарлаа”, “Оюу толгойд очоод хатуу үүрэг өглөө” гэж долдойчууд нь хэлэх үгээ олж ядан, нус нулимсаа унагах нь холгүй, завсар зайгүй бичиж байна. Энэ үйл явцыг хараад өмнөөс нь ичих юм. Үнэндээ хэлэх ч үг олдохгүй юм.

Оюун толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн эхний зардал болох 4.2 тэрбум ам.долларыг олон улсын 19 банк, санхүүгийн байгууллага шийдээд явж байгаа. Эдгээр байгууллага болоод олон улсын дүрэм журамтай санхүүгийн нэгдэл комдпаниуд Эрдэнэбатыг ингэж үүрэг даалгавар өгөхийг хараад инээд нь хүрч байгаа нь мэдээж. Монголын Засгийн газрын тэргүүн нь бизнесийн ёс зүйн зарчмыг мэддэггүй юм байна гэх ойлголтыг авсан нь харамсалтай. Үнэндээ өнөөдөр чинь монголчууд бидний туулж өнгөрүүлсэн социализм шиг нэг нь үүрэг тавиад, нөгөөх нь тэмдэглэж аваад явагддаг ажил гэж байхгүй болсон шүү дээ. Төгсгөлд нь хэлэхэд, нийгмийн гол дуулиан болсон “Эрдэнэт”-д очиж ганц үг ганхийгээгүй байж Оюу толгойн амсар дээр омогдож омогдож ирсэн чинь цагаа олсонгүй Эрдэнэбат сайд аа. Ингэж хий хоосон жүжиг тавьж, долдойчуудаараа магтуулан Монголд нэгэнт унаад байсан нэр хүндээ олон улсад унагахын хэрэг байсан уу.

Б.БАТБОЛД

Categories
мэдээ нийгэм

Манай улсын 169 иргэн гадаадад ял эдэлж байна

Он гарсаар эхний арван сард буюу энэ сарын 11-ний байдлаар хилийн чанадад манай улсын 294 иргэн гэмт хэрэгт холбогдож, 15 улсад нийт 169 Монгол иргэн ял эдэлж буй талаар ГХЯ-ын консулын газраас мэдээллээ.

Тухайлбал, Швейцарь, Австри, Канад, ХБНГУ, Япон, БНЧУ, ИБУИНВУ-д ял эдлэж буй иргэдийн үйлдсэн хэргийн талаар тухайн улсын хуулиар хувь хүний мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өгөхгүй гэсэн үндэслэлээр ЭСЯ-дад тодорхой мэдээлэл өгдөггүй байна.

Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр 2016 оны 10 дугаар сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 45 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын 23 иргэн, БНСУ-ын 5, ОХУ-ын 6, АНУ-ын 5, Япон, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израйль, Нигери улсын тус бүр 1 иргэн байна.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар гадаадын 11 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 иргэн ял эдэлж байгаа аж. Харин гадаадын 123 иргэн гэмт хэрэгт өртөн хохирчээ.