Гавьяат эдийн засагч Б.Мэдрээтэй ярилцлаа.
-Гадаадын банкны салбарыг Монголд нээх талаар хүмүүс олон янзын санал бодолтой байдаг. Та энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Дэлхийд ч, манай улсад ч эдийн засгийн хямралтай энэ үед богино хугацааны хийсвэр, өнгөц нөлөөнд авталгүй, хожим засах боломжгүй буруу шийдвэрүүд гарахаас сэргийлэх ёстой. Энэ асуудлаас үүсэж буй нэг зүйл гэвэл Монголын төр эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, банк, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг нь улам тод ойлгогдож байна. Гадаадын банкны салбар охин компани хэлбэрээр орж ирэх нь манай орны хуулийн дагуу үүсэн байгуулагдаж, дүрмийн сангаа тусгаарлаж, ижил юм уу ойролцоо нөхцөлөөр шударгаар өрсөлддөг, бүртгэгдсэн орныхоо хууль тогтоомжоор бүрэн зохицуулагддаг учраас харьцангуй өөр. Манайд энэ аргаар байгуулагдсан 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай Чингис хаан, Кредит гээд банкууд байж л байсан харьцангуй танил хэлбэр нь. Оруулах хэлбэрийн хувьд ч бодох л ёстой. Зэс, нүүрс, цайр, төмөр, гутал, хувцас, талх тариа, хүнсний ногоо өөр бусад зүйлийг үйлдвэрлэдэг хөрөнгө оруулагчид тэр л зүйлээ хийхээс бус бусад салбар, компанийн ажилд оролцох, нөлөөлөх боломжгүй. Татвараа төлөөд л зах зээлийн хуулиар оршин тогтдог. Харин банк бол дээрх бүх салбарыг мөнгө, зээл, худалдааны санхүүжилт гээд олон зүйлээрээ дэмжих эсэх, хэрхэн өрсөлдөхүйц байлгах талаар байнга нөлөө үзүүлэхүйц бодлогын бизнес хийдэг. Уул уурхай, газар тариалан, барилга, зам гүүр гээд яривал манай эдийн засгийн голлох салбарууд улирлын хамааралтай. Өнөөдөр л шийдэхгүй юм бол бүтэн жилийг алдах онцлогтой бизнесүүд. Төрөөс олгодог зөвшөөрөл, гэрээ хэлцэл, бэлтгэл ажлууд, бараа материалын татан авалт гэх мэтээр банкны зүгээс эрсдэлээ бодвол шийдэж болмооргүй ч эх орноо гэх үү, харилцагчаа халамжилсан ч гэх үү, эдийн засгийнхаа нийтлэг эрх ашгийг бодоод шийдээд явдаг.
-Гадны банк уул уурхай гэх мэт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай салбарынхантай тулж ажиллана гээд байгаа. Уул уурхай улирлын хамааралтай. Ийм онцлогтой салбарт өгөх зээлийн циклийг зөрүүлж өгөөд байвал том эрсдэл үүсэх нь ээ?
-Хатуу шаардлагаа тавиад долоо хоног хүлээлгэж зээл олгоход бизнесийн цикл нь зөрчигдөөд зөв санхүүгийн тус бус харин ч буруу туc болж, барьцаагаа, бизнесээ алдахад хүрдэг. Бизнесийн циклийг нь 2-3 жил багахан зөрүүлэхэд л газар тариалан, барилга, уул уурхай гээд улирлын чанартай салбарууд ханараад унана. Эцэст барьцаагаа өгч таарна. Дэлхий нийтэд санхүү, зээлийн үйлчилгээний хүрэлцээ гэсэн үзүүлэлт их чухал байдаг. Хүмүүс зээл авах боломж байна уу, үгүй юу гэдэг шалгуур байгаа юм. Монгол энэ үзүүлэлтээр бол маш өндөр. Өнөөдөр зээлгүй иргэн, аж ахуйн нэгжийг олоход хэцүү. Зээлгүй хүн алга гээд л зээлийн хүртээмж сайн байгаа нь зовлон шахуу л юм болоод байна.
-Банкуудын зээлийн хүү өндөр, хугацаа богино учраас гадны банк оруулж ирэхээс аргагүй гэсэн тайлбар сонсогддог. Өөрөөр шийдэх гарц үнэхээр байхгүй хэрэг үү?
-Зээлийн хүү нь өндөр, хугацаа нь богино байгаа нь үнэн. Үүнийг төрийн бодлогоор нааштай шийдэж болно. Монгол Улсын аль ч байгууллага ажилтнууддаа боломжийн цалин олгох, түүнчлэн, зээлийн хүүг бууруулах арга хэмжээг боломжит бүх хүрээнд авч хэрэгжүүлэх төрийн бодлого үгүйлэгдэж байна. 1990 оноос хойш зээлийн хүүг бууруулах, банкны салбараа санхүүгийн талаар дэмжсэн бодлого бараг байгаагүй гэж хэлэхэд дэгсдүүлсэн болохгүй. Харин ч банкуудаа баяжиж байна гэж цоллоод банкуудынхаа үйл ажиллагааных нь зардлыг нэмэгдүүлэх, зээлийн хүүгийн өртгийг өсгөх тал дээр чамгүй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Банкууд баяжиж байна гэдэг бол эндүү ойлголт. Банкуудыг активтай нь харьцуулбал 1.5 – 2 хувийн ашигтай ажилладаг. Өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал 9-10 хувийн ашигтай ажилладаг юм.
-Уул уурхайн компани тусгай зөвшөөрлөө гадны банкинд барьцаалчихлаа гэж бодъё. Зээлээ төлж чадахгүй тохиолдолд алдах эрсдэл юу?
-Гадны банкууд бидэн шиг эх оронч, энэрэнгүй, уян хатан шийдвэр гаргахгүй. Хатуу шаардлагаа тавиад эхлэхэд зээлдэгчид барьцаагаа, бизнесээ алдахад хүрнэ. Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг банк, санхүүгийн байгууллагад барьцаалж болдог. Тусгай зөвшөөрлийг барьцаалагч банк нь энэхүү тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг үүрэг хүлээдэггүй. Тэгэхээр гадаадын банкууд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах бүрэн боломжтой болно гэсэн үг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасны дагуу зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ бүрэн төлөөгүй бөгөөд дуудлага худалдаагаар аль нэг этгээд барьцааны зүйлийг худалдан аваагүй бол тухайн эд хөрөнгийг банк төлбөртөө тооцон авч, банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжүүлэх байдлаар шийдвэрлэдэг. Үндэсний компаниудаа төлөвшиж, томорч амжаагүй байхад нь газар, лиценз зэрэг эмзэг, эдийн засгийн суурь хөрөнгийг барьцаалах эрхтэй гадаадын банкийг оруулахыг хойшлуулсаар ирсэн нь төрийн зөв бодлого. Том бодлогын асуудал. Туршиж үзээд больж, сольж болохооргүй урт хугацааны асуудал гэдгийг онцолмоор байна. Өөрөөр хэлбэл, их хэмжээний зээл авсан томоохон төсөл, бизнесүүдийн барьцаа хөрөнгө дээрх байдлаар гадаадын банкны захиран зарцуулах эрхэд шилжих хууль зүйн бүрэн боломж бий. Гадаадын банкны хувьд өөрийн улсын компанид, эсхүл хэн нэг этгээдэд барьцааны хөрөнгийг ямар үнээр шилжүүлэх нь тус банкны шийдвэрлэх бүрэн эрх болж хувирна.
-Газраа барьцаалж зээл аваад эхэлбэл том эрсдэл үүснэ гэсэн болгоомжлол бий. Гадны банк орж ирлээ гэхэд газар барьцаа болж чадах уу?
-Монгол Улсын хуулийн этгээдийн эзэмшиж буй газрын хувьд гадаадын банк Монгол Улсын Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг ч барьцаалах бүрэн боломжтой. Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасны дагуу дээр дурдсанчлан зээлийн барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
-Гадаадын банк ороод ирэхээр иргэд, хувийн хэвшлийнхний нарийн ширийн мэдээлэл ил болох эрсдэл байгаа гэх юм. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?
-Гадаадын банкнаас Монголд банкны үйл ажиллагаа хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор, анхааралдаа авах шаардлагатай асуудлын нэг нь иргэн, хувийн хэвшлийн талаарх мэдээлэл нууцлал, алдагдах асуудал яах аргагүй мөн. Зээлийн мэдээллийн тухай хуульд заасны дагуу Гадаадын банк нь Монголд банкны үйл ажиллагаа эрхэлж эхэлснээр зээлдэгч иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээлэл, зээлийн лавлагааг тухай бүр онлайн болон бичгэн хэлбэрээр авах бүрэн эрхтэй. Уг хуулийн зургадугаар зүйлд “зээлийн мэдээлэл” гэдэгт ямар мэдээлэл агуулагдахыг заачихсан. Зээлдэгчтэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын аюулгүй байдал, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийн аюулгүй байдал хөндөгдөх өндөр эрсдэлтэй.Хэрэв банк, түүний ажилтнууд шударга бишээр ажиллавал харилцагчдынхаа нарийн мэдээллийг нь авдаг зах зээлийг судалж, хувьдаа хэрэгтэй, өөртөө ашигтай гэсэн зүйлээ янз бүрийн аргаар эрсдэлд оруулж, барьцаа хөрөнгийг өөртөө ч ашигтайгаар шийдэх юм уу, эсвэл хэн нэгний захиалгаар ажиллах ч боломж бий. Буурай хөгжилтэй, эдийн засгийн хямралд автсан дээр нь дөрөөлж ашигтай гэсэн болгоныг зээлээрээ дамжуулж эздээс нь авах, эсвэл эдийн засагт нь мөнгө, зээлийн хомсдол үүсгэж нураагаад, зээлдэгчдэд ялгаатай хандаад хэнийг нь ялагч болгохыг нь шийдэх гэх мэтээр зөндөө олон үр дагаврыг шууд болон шууд бусаар бий болгож болно. Амыг нь мөнгөөр таглах гэдэг арга хэрэглэвэл яах вэ. Ийм төрлийн санхүүжилттэй холбоотой нэмэлт эрсдэл үүсэхэд зүүн Европын зарим орны хүмүүс зээлээ шийдвэрлүүлэхийн тулд Лондон, Парис явдаг шиг манайхан Бээжин явдаг болж ч магадгүй.
-Яагаад Бээжин явах гэж, банк нь өөрөө шийдвэрээ эндээ гаргах юм биш үү?
-Бээжин үү, Лондон явах уу гэдэг нь хаанахын өмчлөл, харъяалалтай байхаас хамаарна. Хуучин социалист орнуудын жишээнээс харахад бүгд үндэсний арилжааны банкуудгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, гадныхан банкуудыг нь худалдаад авчихсан. Тэдгээр улсын ард түмэн нь тэр чигээрээ зовхи нь доошоо болчихсон байсан, үүнийг миний бие Унгар, Болгар, Чех улсад албан ажлаар явж байхдаа банкируудтай нь ярилцахдаа мэдэрсэн. Хямрал болохоор барууны банкууд нь зээлээ олгохоо зогсоочихдог. Ямар сайндаа хэдхэн жилийн өмнө Унгарын тухайн үеийн Засгийн газар барууны орнуудад авсан зээл, хүүгээ төлөхгүй гэж “тэнэгтэж” байхав дээ. Нэгэнт зээл өгсөн бол банкууд зээлээ, хүүтэй нь буцааж авах л ёстой. Олон улсын стандарт, хууль гэж бий. Тийм байдалд улс орноо хүргэж болохгүй. Одоо ч яахав аваагүй байхад авгай сайхан гэгчээр Хятадын төрийн банкийг л оруулж байж л диваажингийн орон болох юм яриад байна. Тун удахгүй хөрш том гүрэнтэйгээ энх тайванч, найрамдалт харилцаандаа сэв суулгах суурийг тавьж байж ч магадгүй тул ийм юмаар оролдохгүй байх нь дээр биз дээ.Гадны банк оруулж болно. Гэхдээ тодорхой хязгаарлалт, нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдээ хууль, журам, гэрээндээ тусгаж өгөх ёстой.
-Ямар шалгуур босго тавьбал зүгээр бол, дэлхийн улсууд гадны банк оруулж ирэхдээ ер нь ямархуу болзлууд тавьдаг вэ?
-Хуучны Бирм буюу одоогийн Мьянмар улсад Төв банк нь гадны банк орж ирж салбараа байгуулахыг зөвшөөрсөн. Гэхдээ 4-5 болзол тавьсан байдаг.
Тодруулбал, тус банкны ганцхан салбар үйл ажиллагаа явуулах ёстой, энэхүү банкны салбар нь жижиглэнгийн салбарт орж ажиллахгүй, том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийнэ. Валютаар зээл олгож болох ч үндэсний мөнгөн тэмдэгтээр зээл олгож болохгүй. Эцэст нь, 30 – 40 жилийн хугацаатай 20 тэрбум ам.долларыг жилийн 1 хүртэл хувийн хүүтэй Төв банкинд нь зээл олгоно, Төв банкны тухайд зээлүүлсэн мөнгийг нь рейтингээр нь дотоодын арилжааны банкууддаа хуваарилан зээлдүүлж, улс орныхоо банк санхүүгийн салбарыг хөл дээр нь баттай зогсоох болно гэсэн болзол тавьсан. Оруулж ирвэл зөв, эсхүл буруу гэж ярихын оронд манай улсад ашигтай хувилбараар нь, үндэсний аюулгүй байдалд харшлахааргүй байдлаар гадны банкуудыг оруулж болно гэсэн л байр суурьтай байна. Монголынхоо банкуудыг болохоор хувьчлаад, гадаадын төрийн өмчит банкийг болохоор урихаар байдалтай байна. Ийм зөрчилтэй бодлого явуулж болохгүй.
-Тэгээд таныхаар энэ асуудлыг яаж шийдэх ёстой вэ. Бизнесүүдийн хувьд бага хүүтэй зээл амин хэрэгцээтэй байгаа…?
-Гадаадын банкийг оруулахын тулд бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй. Наад зах нь ямар банкийг оруулж болох, ямар нөхцлөөр оруулах, зохицуулалт, хяналтын тогтолцооны чадавхтай болох гэх мэт олон асуудал бий. Энэ бүгдийг ярьж, шийдэхгүйгээр нийгмийн сүлжээгээр хэсэг нөхөд уриалан дуудсаны дагуу нийгмийн сэтгэлзүйд нийцүүлэх байдлаар шийдвэр гаргаж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид, хүмүүсийн яриад байгаа шиг бага хүүтэй зээл олгохгүй байгаа нь бодит зүйл. Гадаадын 63.7 хувийн хөрөнгө оруулалттай ХААН банк, 77.9 хувийн хөрөнгө оруулалттай ХАС банкны зээлийн хүү нь дотоодын, үндэсний хөрөнгө оруулалттай банкуудынхаас байнга өндөр байсан. Өнөөдөр ч хэвээрээ байгаа.
-Гадаадын том банкууд яагаад, ямар сонирхлоор гадны улс оронд салбараа нээж ажиллуулдаг юм бол?
-Ганц банк ч биш, бүх бизнес ашиг олж болох, бүтээгдэхүүн үйлчилгээндээ шинэ зах зээл хайж л ордог. Зарим хүмүүсийн бодож байгаа шиг зайлуул энэ ядуу зүдүү Монголын бизнес хийдэг хэдэн нөхдөд бага хүүтэй, буяны чанартай зээл олгоё гэсэндээ орж ирэхгүй нь тодорхой. Банкны бизнесийг маш энгийнээр хэлбэл мөнгөний илүүдэлтэй нь банкинд мөнгөө хадгалуулж хүү авдаг, мөнгөний хэрэгцээтэй нь зээл авч ажлаа бүтээгээд ашигласан хугацааныхаа хүүг төлдөг, дунд нь зуучилж өгсөн банкүйл ажиллагааныхаа зардал, ашгийг олдог гурван талт харилцаа.
-Зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нь юу вэ. Банкууд хүүгээ буулгахгүй байна гэж шүүмжилцгээгээд байдаг…?
-Зээлийн хүүг банк тогтоодоггүй, зах зээлийнхээ зарчмаар тогтдог, түүнд нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Хамгийн чухал хүчин зүйл нь тухайн орны нийт эдийн засгийн эрсдэл. Үүнээс гадна эдийн засгийн тогтвортой байдал, инфляцийн түвшин, санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээ, санхүүгийн зуучлалын зардал, татан төвлөрүүлж буй хөрөнгө буюу эх үүсвэрийн өртөг, Төв банкны бодлогын хүү зэрэг олон хүчин зүйлс зээлийн хүүнд нөлөөлнө. Гадаадын банкууд ч ийм л зарчмаар зээлийн хүүгээ тогтоодог. Манай улсын нийт эдийн засгийн эрсдэл буураагүй, эдийн засгийн дархлаа тогтож амжаагүй байгаа үед гадаадын ямар банкийг оруулж ирэхээс үл хамаараад дотоодын санхүүгийн зах зээлд зээлийн хүү хүссэн хэмжээнд буурах нөхцөл бүрдээгүй, боломж ч хязгаарлагдмал байна.
Бодит байдал дээр манай орон хадгаламж, мөнгөн хуримтлал багатай, байгаа жаахан эх үүсвэр маань хугацаа нь богино, дээр нь банкууд болон хадгаламж зээлийн хоршоод гээд өрсөлдөөн их учраас хүүг нь бага байлгах боломж багатай. Зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах талаар банкууд хамтарч хийх ажил мөн цөөнгүй байгаа. Тухайлбал, АТМ, карт уншдаг пос терминал машин, гар утсаар хийдэг төлбөр тооцоо, Свифт сүлжээ, Зээлийн мэдээллийн сан зэргийг банк дундаа хамтран ашиглаж, давхардсан зардлыг мэдэгдэхүйц багасгах боломж бүрэн бий. Зээл төлүүлэлтийн хувьд хамгийн хүнд, удаан, өндөр өртөг зардалтай байдаг. Энэ мэт банкнаас шалтгаалахгүй, зээлийн хүүнд нөлөөлж буй зүйл ч бий. Гэхдээ, зээлийн хүүг сүүлийн 20 гаруй жил боломжоо тултал бууруулсан. Хүүгээ бага байлгах өрсөлдөөнөөр банкууд өөрсдийнхөө хэмжээнд шийдэж ирсэн болохоос төр, засгаас оролцоод дэмжээд нөлөөлсөн юм байхгүй. ОХУ-д гэхэд манай банкууд шиг хамтарч ажиллаж чадахгүй байгаа хэсэг дээр Төв банк нь оролцоод зах зээлийг илүү үр ашигтай болгох талаар шийдвэрээ гаргаж бүгдэд нь тэгш, эцсийн дүндээ ард түмэндээ ашигтай байх зохицуулалт хийдэг.
-Та гадаадын банкны салбар байгуулах нөлөөний талаар яриад байна. Яг Хятадын банк, жишээ нь одоо яригдаад байгаа Банк оф Чайна манай улсад байгуулагдвал Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлэх бол?
-Заавал төрийн өмчтэй, хөрш орны том банкны салбарыг нээж ажиллуул гээд шуугилдаад байгаад эргэлзээ төрж байгаа. Энэ банкийг оруулж ирэх сонирхолтой хүмүүс аюулгүй, санаа зовоох зүйл байхгүй гэдгээ нотлоод нухацтай ярих байлгүй дээ. Банк оф Чайна нь дэлхийн топ таван банкинд багтдаг, нийт 2.6 их наяд ам.доллар (Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 217 дахин их) – ын актив хөрөнгөтэй, Хятад улсын төрийн өмчит банк. Төр нь тухайн банкны бодлого, үйл ажиллагаа, ашиг, үр дүнд нь сонирхолтой байж, шаардлага гарвал төр нь нөлөөлж, эрх ашгийг нь хамгаалах, төлөөлөх боломжтой гэсэн үг.
Манай улсад Европын Сэргээн босголтын банк, Японы Токио Мицубиши банк болон Сумитомо Мицуй банк гэх мэт банкууд салбар банкаа ажиллуулахгүй, зөвхөн төлөөлөгчийн газраа ажиллуулж байна. Эднээс сонголт хийх боломж бас бий. Зөвхөн Европын Сэргээн босголтын банк гэхэд 2010 – 2016 оны байдлаар Төлөөлөгчийн газраараа дамжуулан Монголд нийт 83 төсөл болон компаниудад 1.4 тэрбум еврогийн буюу 3.8 их наяд төгрөгийн зээл санхүүжилт, хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнтэй адилхан Банк оф Чайна Төлөөлөгчийн газраараа дамжуулан зээл олгож болно. Монгол Улсын банкны салбарт хөрш хил залгаа орны төрийн өмчтэй банкны ноёрхол тогтох нь бусад салбартай зүйрлэшгүй өөр, хүнд үр дагавартай, угтаа үндэсний эдийн засгийн бодлогыг хэн удирдах тухай, хараат улс болох уу, үгүй юу гэдэг асуудал юм. Хөрш улсууд нэгэндээ банк байгуулж ажиллах нь оновчтой бус. Учир нь банкнаас өөр хүний өмч хөрөнгийг хуулийн дагуу барьцаалдаг бизнес байдаггүй. Тэр барьцаанд нь газар, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, ашигт малтмалын орд гээд бүх л зүйл байж болдог. Энэ бол шууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүнд эдийн засгийн аюулгүй байдал хамаарахын зэрэгцээ эргүүлж засах боломжгүй маш буруу шийдвэр болно гэж үзэж байна. Хятадын банк салбараа байгуулж, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээгээр зээл олгох боломжтой хэдий ч, нөгөө талаас дунд болон урт хугацаандаа Монгол Улсын томоохон төсөл, бизнесүүд БНХАУ-ын төрийн бодлого бүхий банкны нөлөөлөл, барьцаанд бүхлээрээ орох, улмаар тэдгээрээс Монгол Улсад үзүүлэх нөлөө, шахалт ихсэх, БНХАУ- ын төр өөрийн бодлогыг ямар ч саад, хязгаарлалтгүй хэрэгжүүлж эхлэх аюултай. Мөн стратегийн ач холбогдол бүхийд тооцож буй манай дотоодын банкны салбар, Монголын банкууд сайн харилцагчгүй, хадгаламж эзэмшигчгүй, зээлдэгчгүй, төсөлгүй болж, өрсөлдөх чадвараа бүхэлд нь алдах, татан буугдах эрсдэлтэй. Эдийн засгийн хувьд хуваагдмал байдал ч үүсэх эрсдэл бий.
-Хуваагдмал байдал үүснэ гэдгээ тодруулаач?
-Тус банкны төлөөлөгч Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлэхдээ хятадын хөрөнгө оруулалттай 6000 гаруй аж ахуйн нэгжийг дэмжин ажиллахаа мэдэгдсэн. Харьцангуй хямд гэх хүүтэй санхүүжилт авах зорилгоор Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд Хятадын банкнаас зээл авах, хятад хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах, улмаар 100 хувь үндэсний гэх аж ахуйн нэгж, байгууллагууд уусан “үгүй болох”, түүнчлэн, Хятадын хөрөнгө, оролцоотой хэдэн мянган компанид улсынх нь банк үйлчилж эхлэхэд зах зээлд ямар ч тэнцвэргүй монополь байдал бий болж, манай улсын эдийн засаг Монголын болон Хятадын хамааралтай гэсэн хуваагдмал байдалтай болохыг үгүйсгэх аргагүй.
-Гадаадын банк салбараа Монгол Улсад нээснээр манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө нь юу байх бол?
-Юуны өмнө манай улсын эдийн засагт таагүй нөхцөл үүсэх нь их байх болов уу. Тухайлбал, банкны тогтолцоонд хэт давамгайлна. Манай банкуудын зээлийн хүү олон улсын жишгээс харьцангуй өндөр. Энэ нь гадаадын банкны салбарын хувьд давуу тал болох учир өнөөдөр арилжааны банкуудаас санал болгож буй зээлийн хүүнээс хавьгүй бага хүүг зах зээлд санал болгох нь ойлгомжтой. Дотоодын банкууд дээр дурдсан хүчин зүйлийн улмаас гадаадын банкны салбартай үнээр өрсөлдөж чадахгүй учир зах зээлээс шууд шахагдаж, үндэсний гэх арилжааны банкууд байхгүй болох аюултай. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг эмзэг болгох эрсдэл байгаа. Зээлийн хүүг бууруулах, гадаад валютын ханшийг тогтворжуулах зэрэгт эерэг нөлөө үзүүлж болох ч эдийн засаг, улс төрийн шалтгааны улмаас Монгол дахь үйл ажиллагаагаа зогсоох буюу хязгаарлах эрсдэлтэй. Зах зээлд шууд нөлөөлөгч оролцогч банк манай зах зээлийг орхих буюу үйл ажиллагаагаа хязгаарлахад л тус улсын санхүүгийн зах зээлийг тогтворгүй байдалд оруулах аюултай. Дотоодын банкуудыг сулруулна. Гадаадын банкны салбар орж ирснээс банк хоорондын өрсөлдөөн нэмэгдэж, үр дүнд нь дотоодын банкууд шигшигдэн, одоо байгаа арилжааны банкууд нэгдэх замаар цөөн тооны илүү өрсөлдөх чадвартай банкууд үүсч болно. Эсвэл эсрэгээрээ тодорхой зах зээлийн хэсэгт төвлөрсөн цөөн тооны банк, банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч идэвхгүй бусад банкууд үүсэх эрсдэлтэй. Гадаадын банкны салбар ашиг өндөртэй зах зээлийг сорчлох буюу зах зээлийн “өрмийг хамаад хусмыг үлдээх” бодлого явуулахыг үгүйсгэх аргагүй. Байгууллагын банкны буюу том компаниудын зах зээлийг алдах нь эхний ээлжинд дотоодын банкуудын ашигт ажиллагаанд, дараагаар нь санхүүгийн чадавхид нь сөргөөр нөлөөлнө. Төрийн мөнгөний бодлого хүчгүйдэх эрсдэлтэй. Гадаадын банкны салбар санхүүгийн чадавхиар дотоодын арилжааны банк төдийгүй, манай улсын Монголбанктай ч харьцуулашгүй давуу талтай. Тэдэнд мөнгөний нийлүүлэлтэд хангалттай нөлөөлөх хэмжээний санхүүгийн эх үүсвэр бий. Санхүүгийн чадавхид нь Монголбанкны мөнгө – зээлийн бодлогын арга хэрэгсэл хязгаарлалт болон хөшүүрэг байдлаар нөлөөлж чадахгүй нөхцөлд хүрвэл Монгол Улсын эдийн засгийн тусгаар байдал аюулд учирна. Санхүүжилтийн ялгавартай бодлого баримтлах магадлалтай. Ялангуяа, Төрийн өмчтэй гадаадын банкны салбар үйл ажиллагаагаа Монгол Улсад явуулбал, ийм банк нь өөрийн улсын хилийн чанад дахь эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах, стратегийн ач холбогдолтой бүс нутагт улсынхаа худалдаа, бизнесийн бодлогыг дэмжих нь зайлшгүй.
-Гадаадын банкны салбар манай улсад байгуулагдсанаар нийгэмд үзүүлэх нөлөө нь юу байх бол?
-Төрийн өмчтэй гадаадын банкны салбар Монгол Улсын санхүүгийн зах зээлд нэвтэрсэнтэй холбоотойгоор зах зээлээ хадгалж үлдэхийн тулд манай улсын арилжааны банкууд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн, боловсон хүчний цомхотгол явуулах, эс бөгөөс зах зээлээс шахагдсан банкууд үүдээ барьснаас тодорхой хэмжээний ажилгүйдэл үүснэ. Гэвч, үүнээс илүүтэйгээр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг илүү ихээр анхаарал татаж байна. Учир нь, гадаадын банкны салбар Монгол улсын санхүүгийн зах зээлд нэвтэрснээр тэдэнд чиглэсэн зээлийн үйлчилгээний зардал буурч, хүртээмж нь дээшлэх үү гэдэг асуудал тодорхойгүй. Мөн Монголын том компаниудын зах зээлээс шахагдсан арилжааны банкууд хоорондоо нэгдэх, эсвэл ирээдүйд эдийн засгийн ашиг авчирах магадлалтай тусгай зөвшөөрөл эзэмшигч төдий идэвхгүй байдалд шилжих магадлалтай. Харин ч гадаадын банкны салбараас өөрийн орны эдийн засгийн ашиг сонирхолд нийцсэн ялгавартай бодлогоор улсынхаа хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ашиггүй байдал үүсэх болно. Ийм байдал цаашид даамжирвал банкны төдийгүй бизнесийн зах зээлийн тодорхой хувийг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид алдахад хүрч, улмаар иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө.