Categories
мэдээ улс-төр

“АСЕМ-ын өдөр”-тэй болохыг дэмжив

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.11.16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Албан тушаалтнууд гар утасны төлбөрөө өөрсдөө төлнө

Гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж байгаа 248 хүн цаашид өөрсдөө төлбөрөө төлж байх тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Ингэснээр энэ онд батлагдсан төсөв 90 сая төгрөгөөр, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэгдэх тооцоо гараад байна.

Дээрх 248 хүний 107 нь УИХ болон түүний харьяа байгууллага, 52 нь Засгийн газар, түүний харьяа байгууллага, 89 нь орон нутгийн төсвийн байгууллагын албан тушаалтан юм.

2016 оны төсвийн тодотголд албан тушаалтны гар утасны хэрэглээний зардлыг төсвөөс төлөхгүй байхаар шийдвэрлэн, энэ оны сүүлийн дөрвөн сард төсөвлөсөн зардлыг 100 хувь бууруулсан билээ.

Засгийн газар 1999 онд “Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт, зардлын нормативыг шинэчлэн батлах тухай” тогтоол гаргасан.

Энэ дагуу Засгийн газар, агентлагийн эрх бүхий 20, нийслэл, зарим аймгийн Засаг дарга, түүний харьяа байгууллагын долоон удирдах албан тушаалтны гар утасны сарын нийт хэрэглээний зардлыг 65 мянган төгрөгөөр тооцож төсвөөс төлж байна. Мөн тогтоолоор эрх бүхий албан тушаалтан 130 мянган төгрөгөөр гар утас худалдаж авахыг зөвшөөрсөн байдаг юм. Энэ тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болголоо.

Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо

Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд:

  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж,
  • Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг
  • Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг
  • Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд,
  • Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч,
  • Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,
  • Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан,
  • Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан,
  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр,
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг томилуулахаар болж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.

Тэмдэглэлт ой, баяр ёслолд Засгийн газрын нөөц хөрөнгөөс хөрөнгө зарцуулахгүй

Төсвийн хөрөнгөөр шууд болон шууд бус хэлбэрээр шинэ жил, баяр ёслолын аливаа арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, өмнө нь ийм зориулалтаар гаргасан зарим шийдвэрийг эргэж авч үзэх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Онцгой нөхцөлд дайчлагдан ажилласан иргэд, албан хаагчдын урамшуулал, томилолтын зардал, улсын нөөц нөхөн бүрдүүлэх, түймрийн хохирол арилгах, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцин үйлдвэрлэх, малын эм, тарилга зэрэгт зориулж энэ онд таван тэрбум гаруй төгрөгийг зайлшгүй санхүүжүүлнэ.

Харин ажил гүйцэтгэх гэрээний дүнгээр болон гүйцэтгэлээр хэмнэсэн зардлууд, Үндэсний аудитын зөвлөмжид заасны дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг хориглосон арга хэмжээний зардлуудыг хэмнэхээр боллоо. Ингэснээр Засгийн газрын нөөц сангийн 2016 оны батлагдсан 25 тэрбум төгрөгөөс гурван тэрбум гаруйг зарцуулах шаардлагагүй болж байна.

Хэмнэгдсэн хөрөнгийг урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй гамшиг, осол, бусад нөхцөл байдлын улмаас үүссэн хохирлыг бууруулах, арилгах, төсөвт урьдчилан тусгах боломжгүй олон улсын гэрээ, шүүхийн шийдвэрийн улмаас төлөх төлбөр, хураамж зэрэгт зарцуулах боломж бүрдэх юм.

Тэтгэвэр авагч банкаа сонгох эрхтэй боллоо

Тэтгэвэр авагч Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээ авах банкаа өөрөө сонгох боломжтой болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Одоогийн байдлаар 370 орчим мянган иргэн арилжааны долоон банкаар дамжуулан тэтгэврээ авдаг. Судалгаанаас үзэхэд нийт тэтгэвэр авагчдын 48.5 хувь нь Хаан банк, 42.2 хувь нь Төрийн, 8.6 хувь нь Капитал, үлдсэн нь Улаанбаатар, Хас, Чингис хаан, Худалдаа хөгжлийн банкаар тэтгэврээ авч байна.

Одоогийн байдлаар тэтгэвэр авагч нь тэтгэврээ авах банкаа сонгох тухай нэгдсэн зохицуулалт байхгүй бөгөөд тэдний өмнөөс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс банкийг нь сонгож өгдөг. Үүнийг өөрчилж, тухайн тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаараа тэтгэврээ авах ажлыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ. Иргэн тэтгэвэр авах банкаа сонгох хүсэлтээ Нийгмийн даатгалын байгууллагад гаргах юм.

Банкаа өөрөө сонгодог болсноор банкуудын дунд өрсөлдөөн үүсч, үйлчилгээний чанар, түргэн шуурхай байдал сайжрах, үйлчилгээний шимтгэл, хураамж багасах, улмаар тэтгэврийн зээлийн хүүг буулгах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Аж ахуйн нэгжүүд түлш, шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 81900 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг сайд Ц.Дашдоржид даалгалаа.

Энэ онд нэр бүхий 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 7,530 тонн, АИ-92 автобензин 28,200 тонн, дизелийн түлш 48,900 тонн нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт дүнгээр 84,720 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.

2015 оны наймдугаар сараас энэ оны наймдугаар сар хүртэл хугацаанд дээрх аж ахуйн нэгж болон бусад аж ахуйн нэгж 982 мянга гаруй тонн шатахуун импортоор оруулж иржээ.

С вирусийг эмчлэх эмийн үнэд ЭМД-ын сангаас хөнгөлөлт үзүүлнэ

Элэгний С вирусийн тархалт өндөр, эмчилгээ ч үр дүнгээ өгч байгаа учир эмийн үнэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

С вирусийг эмчлэх АНУ-ын “Харвони”, Энэтхэгийн “Ледвир”, “Ледифос”, “Хедсинат-ЛП”, “Вирпас” эм манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээд байна. Эдгээр эм зах зээлд 340-702 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Энэ оны есдүгээр сарын байдлаар С вирустэй гэх 18-аас дээш насны 4681 хүн “Харвони” эмийг уусан бөгөөд эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн шинжилгээний хариуг харахад 98.9 хувьд нь вирус тоологдоогүй гэсэн үзүүлэлт гарчээ.

Цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой өр төлбөрийг эцэслэн шийднэ

Төсвийн зарим байгууллагад хийсэн бүтцийн өөрчлөлттэй холбогдон гарсан төсөвт урьдчилан тусгах боломжгүй дараах зардалтай холбоотой асуудлыг 2016 оны есдүгээр сарын есний өдрөөр тасалбар болгон эцэслэн шийдвэрлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Үүнд:

  • Цалин хөлс, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлыг өр төлбөрийг барагдуулах;
  • Байгууллага нь татан буугдсан, чиг үүрэг нь орон тооны хамт цомхотгогдсоны улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад хууль тогтооомжийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийн зардал;
  • Бүтцийн өөрчлөлттэй холбогдох шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үүрэг бүхий комисс, ажлын хэсгийн үйл ажиллагааны тусгагдаагүй нэмэлт зардал, татан буугдсан буюу өөрчлөн байгуулагдсан байгууллагын архив, эд хогшлыг нүүлгэн шилжүүлэхэд гарсан бусад зардал зэргийг эцэслэн шийдвэрлэх юм.

МАК компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрлөө

“Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрлөө.

Уг төсөлд зарцуулагдах 32.231.104.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарийн дагуу жил бүр улсын төсөвт тусгахыг Сангийн сайдад даалгалаа.

Энэ төслийг хэрэгжүүлснээр Цагаансуваргын ордын бүтээн байгуулалтыг цахилгаанаар хангахын зэрэгцээ Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбох юм.

150 орчим хүүхэд “Байгууллагын цэцэрлэг”-т хамрагдана

Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах Тагнуулын ерөнхий газрын эзэмшиж байгаа хоёр давхар, 546 ам.метр талбай бүхий барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж ажиллуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.

Ингэснээр тагнуулын байгууллагын албан хаагчдын 150 орчим хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдэх юм. Тус байгууллагын нийт албан хаагчдын 80 гаруй хувь нь залуу гэр бүл бөгөөд 2-5 настай 350 орчим хүүхэд байдгаас 40 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна.

Засгийн газар хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавин “Байгууллагын цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дүнд одоогоор яам, агентлагийн албан хаагчдын 230 гаруй хүүхэд цэцэрлэгт явж байна.

“АСЕМ-ын өдөр”-тэй болохыг дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хэлэлцэв.

2016 оны долоодугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын ач холбогдлыг тодруулах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын нэгнийг “АСЕМ-ын өдөр” болгох зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив. Гэхдээ гуравдугаар сард баяр, тэмдэглэлт өдөр олон таардаг тул жил бүрийн 10 дугаар сарын 17-ныг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэх саналыг уламжлахаар тогтлоо.

40-50 орны хүүхдийн спортын их наадам Улаанбаатарт болно

“Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын YII наадмыг 2020 онд Монгол Улсад зохион байгуулна. Тэмцээний зохион байгуулалт, арга хэмжээний зардалд зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 60 хувийг улс, орон нутгийн төсвөөс, үлдсэн 40 хувийг ивээн тэтгэгчид болон олон улсын байгууллагаас бүрдүүлнэ гэж тооцжээ.

Энэ наадамд 45-50 орны 3000 гаруй тамирчин, 500-гаад дасгалжуулагч, 90 шүүгч, албаны 120-иод төлөөлөгч ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. Олон улсын нэр хүнд бүхий наадмын бэлтгэлийг хангах, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт үүрэг болголоо.

Академич Д.Батсүрэнг 100 сая төгрөгөөр шагнана

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны шагналыг академич Д.Батсүрэнд олгохоор боллоо. Тэрээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын эзэн болж байна. Д.Батсүрэнгийн дээрх бүтээлийг дэлхийн 150 гаруй орон зарлаж судалж эхэлжээ.

Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг БСШУС-ын сайдад зөвшөөрлөө. Өмнөх жилүүдэд академич С.Төмөрбат, академич Х.Намсрай, инженер Н.Нацагням, доктор Б.Дэмбэрэлнямба нар уг шагналыг хүртэж байжээ.

Товч мэдээ

  • Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • УИХ-ын дарга М.Энхболдын 2016 оны 10 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
  • УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны түүхэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох тухай хуулийн төсөл боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.
  • “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн төслийг зарчмын хувьд дэмжив. Санамж бичиг нь 19 зүйлтэй бөгөөд хоёр орны нийгэм, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх ач холбогдолтой бичиг баримт юм. Австрали Улс манай улсад Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, “Монгол, Австралийн олоборлох үйлдвэрлэлийн төсөл”, Австралийн сайн дурын ажилтны хөтөлбөр гэсэн үндсэн гурван чиглэлээр хөгжлийн тусламж үзүүлж байна.
  • Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон өөрчилж орон тооны дээд хязгаарыг 95 байхаар тогтов. Хүрээлэнгийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв”-ийн нэрийг “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори” болгон өөрчилж, “Биобэлдмэлийн үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв”-д шилжүүлэв.
  • Нялх, балчир хүүхдийн хоол, ундны бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
  • Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан А.Амарын мэндэлсний 130 жилийн ойг энэ сард, Монгол Улсын үндэсний спортын ууган мастер, даяар дуурсагдах далай даян дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэх тухай тогтоол гаргалаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комисс, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг сайд Ж.Батсуурьт даалгав.
  • Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.5, 21.6, 21.7-д заасныг үндэслэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд удирдлага, менежментийн чиглэлээр Х.Чилаажавыг Монгол Улсын Засгийн газраас УИХ-д санал болгохоор тогтлоо.
  • “Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хамгаалах Дэлхийн өвийн газрын Менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх юм.
  • ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN
Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ-ны хуралдаан эхэллээ

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан Төрийн ордны их танхимд эхэллээ. ҮЗХ-ны гишүүдийн зарим нь хуралдаа ирээгүй байгаа аж.

Энэ удаагийн хуралдаанаар Их хурлаа зарлан хуралдуулах, дүрмийн шинэчлэлийн төслийг боловсруулах ажлын хэсгийг томилох, Хяналтын хорооноос гаргасан УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий 15 гишүүнийг намаас хөөх шийдвэрийг хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, экс намын дарга З.Энхболд нар оролцохгүй ажээ.

Categories
гадаад мэдээ

Турк улс Европын “хоёр нүүрнээс” залхаж байгаагаа мэдэгдлээ

Турк улс Европын Холбоонд элсэх яриа хэлэлцээрээс залхаж байгааг тус улсын гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу өчигдөр буюу Мягмар гарагт Анкарад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрээр Туркэд айлчилж байгаа Германы гадаад хэргийн сайд Франк Уолтер Штейнмайертай уулзсаны дараа хамтарсан мэдэгдэл хийсэн юм.

11 жил үргэлжилж байгаа яриа хэлэлцээр сүүлийн үед Туркэд үүсээд байгаа хүний эрхийн нөхцөл байдлаас болоод бүтэшгүй зүйл болон хувирч байгаа аж. “Бид Туркийг шүүмжилсэн мэдэгдлээс үнэхээр залхаж байна. Шалгуур нь тодорхой байгаа боловч тэд бидэнд хоёр нүүр гаргасан хэвээр байгаа юм. Энэ нь биднийг бухимдуулж байна” хэмээн Чавушоглу хэвлэлийн хурлын үеэр өгүүлжээ.

Хэдийгээр Сириэс ирэх дүрвэгсдийн урсгалыг зохицуулахад нь Европт Турк улс хэрэгтэй боловч өнгөрсөн долдугаар сард гарсан төрийн эргэлтийн оролдлогын дараа сөрөг хүчинтэй харьцаж буй Анкарагийн хандлага эргэлзээ төрүүлж эхэлсэн юм.

Хамгийн сүүлд гэхэд Европын Холбоо хэрвээ Турк улс цаазын ялыг сэргээвэл тус холбоонд нэгдэх явцыг бүр мөсөн дуусгана гэж мэдэгдээд байгаа.

Германы гадаад хэргийн сайд энэ үеэр төрийн эргэлт хийх оролдлогын дараа иргэдийг бөөнөөр баривчилсан, хэвлэл мэдээллийн сувгуудыг хаасан зэрэг Анкарагийн үйлдэлд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн долдугаар сараас хойш Туркийн эрх баригчдын авсан арга хэмжээнд нийт 110 мянган хүн янз бүрийн хэлбэрээр өртөөд байгаагийн 36,000 нь баривчлагдсан юм.

Турк улс Европ руу чиглэсэн дүрвэгсдийн урсгалыг хязгаарлаж өгснийхөө хариуд иргэдээ Европт визгүй аялуулах тохиролцоо хийсэн. Гэвч Брюссель үүнээс өмнө Анкараг терроризмтай тэмцэх хуулиа өөрчлөхийг шаардаж байгаа юм. Хэт өргөн хүрээг хамарсан гэж шүүмжилж байгаа уг хуулийг өөрчлөхөөс Турк удаа дараа татгалзаад байна.

Туркийн ерөнхий сайд Бинали Илдирим өчигдөр парламент дахь өөрийн намын гишүүдийн өмнө үг хэлэхдээ “Тэд биднийг терроризмтай тэмцэх тэмцлээс ухраах юм уу зогсоож чадахгүй. Европын Холбооны элч нар Туркэд хууль хэрхэн үйлчлэхийг заах ёсгүй” гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого явагдаж байна

галт зэвсг зурган илэрцүүд

Улсын хэмжээнд галт зэвсгийн нэгдсэн тооллого энэ 14-нөөс ирэх сарын 18-ныг хүртэл үргэлжлэн явагдах юм байна. Уг нэгдсэн тооллогод галт зэвсэг эзэмшигч иргэд, хуулийн этгээдүүд өөрийн эзэмшилд байгаа галт зэвсгийг цагдаагийн газрын болон харьяа сум, баг хариуцсан хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарт авч ирж бүртгүүлэх ёстой аж.

Хэрэв тогтсон хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Галт зэвгийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр хуульчлан заажээ. Иргэдийн хувьд галт зэвсгээ бүртгүүлэхдээ галт зэвсэг, гэрчилгээ, иргэний үнэмлэхээ авчрах бөгөөд зайлшгүй өөрийн биеэр очих ёстой юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлийг өгүүлэх “Харанхуй хад” УСК маргааш нээлтээ хийнэ

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд түүний амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Харанхуй хад” УСК-ны нээлтийн үйл ажиллагаа маргааш 18:00 цагаас “I Max” кино театрт болох гэж байна.

Киноны ерөнхий найруулагчаар Б.Цогтбаяр ажилласан бол ерөнхий зураглаач Б.Лхагвадорж, С.Энхмөрөн, ерөнхий зураачаар О.Нямдаваа, продюсер Д.Энхжин, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, дууны найруулагчаар Н.Батмөнх, зургийн даргаар Ц.Мөнхцогт нар ажиллажээ.

Харин их зохиолчийн дүрийг Ганболдын Баярхүү бүтээсэн байна. “Харанхуй хад” УСК маргааш нээлтээ хийж 18-ны өдрөөс бүх кино театруудаар гарах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсний зузаан хүн, мал зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

Гол мөрний мөсний зузаан зурган илэрцүүд

Маргааш өдөр Завхан, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Говь-Алтай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

11/16-11/17УЛААНБААТАР ХОТОД: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, хүйтэрч өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Мөн манай орны ихэнх голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч, томоохон голуудад мөсөн зах өргөсөн зузаарч, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа юм байна.

Хэдийгээр гол мөрний мөс зузаарч байгаа боловч мөсний зузаан хүн, мал, автомашин зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэгт цус цуглуулах төв ажиллаж эхэлжээ

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ байр өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад орсон ч тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулалгүй удсан билээ. Тэгвэл тус төвийнхөн саяхнаас шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тухайлбал Улсын II төв эмнэлгийн хажууд байрлах, дөрвөн давхар энэ байрны хаяг нь Баянзүрх цус цуглуулах төв.

Засгийн газрын 2.9 тэрбум, Азийн хөгжлийн банкны 419 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр барьсан дээрх төв нэгэн зэрэг 16 хүнээс цус авах боломжтой, орчин үеийн дэвшилт тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан аж.

Мөн Улаанбаатар хотын 1000 хүн тутмын 15 нь цусаа өгдөг бол орон нутагт энэ үзүүлэлт гурав дахин бага байна. Гэхдээ сүүлийн гурван жилд донорын тоо 35 хувиар нэмэгдсэн гэж албаны хүмүүс хэлэв. Таны бэлэглэсэн нэг удаагийн цус гурван хүний амь авардаг. Учир нь донорын цуснаас улаан эс, ялтаст эс болон сийвэн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гарган авч, өвчтөнд хэрэглэдэг ажээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ барилаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иринео Рауль Силверо Силвани, Камбожийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кхек Каймеали Сисода, Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Диего Рамиро Гуэлар, Бүгд Найрамдах Армян Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Манасарян нар ИЖБ барилаа.

ИЖБ хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдон ирсэн Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иринео Рауль Силверо Силвани уулзалтын эхэнд Парагвай Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжууллаа.

Уулзалтын үеэр хоёр талын хооронд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын салбарт сайн харилцаа хөгжиж байгааг дурдаж байв. Монгол, Парагвай хоёр орны хооронд адил төстэй зүйлс олон бөгөөд, тухайлбал, хүн ам тархуу суурьшсан, хөдөө аж ахуй сайн хөгжсөн, далайд гарцгүй, эдийн засгийн хөгжил сайтай орнуудаар хүрээлэгдсэн зэргээрээ ижил юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдад амжилт ерөөж, Парагвайн Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ уламжлахыг хүслээ.

Камбожийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кхек Каймеали Сисодаг хүлээн авч уулзах үеэр Элчин сайд Монгол, Камбожийн Вант Улсын найрсаг харилцаа цаашид бүх салбар чиглэлд сэргээн идэвхжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Камбож хоёр улс нь газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн бэрхшээлтэй ч боломжтой чиглэлээр хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалуудыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэж байв.

Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Диего Рамиро Гуэлартай уулзах үеэр Аргентин нь Латин Америкийн орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг гэдгийг онцолж байлаа.

Хоёр орны олон жилийн сайн харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхинй төлөө чармайж ажиллахаа Элчин сайд энэ үеэр илэрхийлж байв.

Бүгд Найрамдах Армян Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Манасаряныг хүлээн авч уулзах үеэр хоёр орон эртнээс найрсаг, сайн харилцаатай явж ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдлаа. Тухайлбал, Армяныг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад соёл, боловсролын чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, Монголын олон оюутан Ереван болон бусад хотуудын их, дээд сургуулиудад суралцан төгссөн байдаг.

Энэхүү сайн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллахаа Элчин сайд илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарын ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийлээд тэдэнд амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.

Categories
мэдээ улс-төр

11 дүгээр сарын 26-нд бүх нийтээрээ амрах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаад 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон байна.

Төсөл санаачлагчид 1924 оны арваннэгдүгээр сарын 26 бол Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал болсон өдөр тул энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийг баталснаар тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархлаа сэргээх, залуу хойч үед эх оронч үзэл төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж. Дэлхийн бараг бүх орон Үндсэн хуулиа баталсан, улсаа тунхагласан өдрийг эн тэргүүнд эрхэмлэж, Үндэсний хэмжээний баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2445 төгрөгтэй тэнцэж байна

Долларын ханш зурган илэрцүүд

Өнгөрсөн долоон хоногт ам.долларын ханш түүхэнд байгаагүйгээр их өссөн билээ. Тэгвэл өсөж байсныг нь ор тас мартсан юм шиг бүгд эдгээр өдрүүдэд чимээгүй байна. Харин ноён долларын ханш тийм ч их буугаагүй урьдын адил аюулын харанга дэгдэн оршин тогтносоор байна.

Өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют борлуулах цэг дээр ам.долларыг 2434 төгрөгөөр худалдан авч 2445 төгрөгөөр зарж байна. Харин юаны ханш 355/357, рубль 38/38,5, иен 22/23-ын ханштай байна.

О.ӨНӨР