Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-д салхи оруулах бололцоог хангах уу

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан Төрийн ордны их танхимд товлосон цагаасаа хоцорч эхэллээ. ҮЗХ-ны гишүүдийн зарим нь хуралдаа ирээгүй байгаа аж. Гэхдээ хуралдаан ирцээс хамаарахгүй явна гэдгээ мэдэгдэж байсан билээ. Энэ удаагийн хуралдаанаар Их хурлаа зарлан хуралдуулах, дүрмийн шинэчлэлийн төслийг боловсруулах ажлын хэсгийг томилох, Хяналтын хорооноос гаргасан УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий 15 гишүүнийг намаас хөөх шийдвэрийг хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, экс намын дарга З.Энхболд нар оролцсонгүй.

Яг одоо болж буй АН-ын ҮЗХ-ны хуралдааны үеэр гишүүд дараахь байр суурийг илэрхийлэв.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан: АН-ын шинэчлэл хийхдээ хамгийн эхлээд дүрмээ дагадаг болох шаардлагатай байна. Даргаасаа өгсүүлээд намынхаа дүрмийг дагадаг болох хэрэгтэй. Асуудлаа дүрмийн дагуу энгийн гишүүдийн оролцоотойгоор шийддэг болох шаардлагатай. Хамгийн гол нь дүрэмтэй нам дүрэмгүй болчихоод байна. Миний хувьд намын даргад дэвших үгүй нь одоогоор тодорхой бус. Намын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг гишүүд л шийднэ.

АН-ын ҮЗХ-ны гишүүн Р.Амаржаргал:Үндэсний зөвлөлдөх хороог шинэчлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Шинэчилдэг механизм нь бүх хүнийг хамардаг бол зүгээр байгаа юм. Тухайлбал, УИХ, орон нутгийн сонгуулиар ҮЗХ нь автоматаар шинэчлэгддэг байх хэрэгтэй. Манай намын өнөөгийн дүрэмд ийм зүйлийг оруулж өгөөгүй. Тийм болохоор аль нэгэн хүнийг ҮЗХ-нд бүх насаар нь дархалчихдаг юм шиг зөрчил бий. АН-д өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал бол намын дотоод ардчилал.Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх асуудал юу байна. Өнөөдөр үг хэлэх болон намын дүрэмд өөрчлөлт оруулах хүмүүс эсвэл ямар нэгэн фракц,хөдөлгөөнийхөн энэ өнцгөөс асуудлыг хараасай.Миний ярьж буй үг үйл хөдлөл намын дотоод ардчиллыг бэхжүүлж байна уу эсвэл ямар нэгэн байдлаар саад тотгор болсон уу гэдгийг харах хэрэгтэй. Эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн дархлагдсан байдлыг баталгаажуулаад байна уу, салхи оруулах бололцоог хангаж өгөх үү гэдэг өнцгөөс харах ёстой. Энэ бүхэн намын дүрэмд тусгагдах хэрэгтэй байна.

ҮЗХ-ны өнөөдрийн хурлаар намын дүрмийг шинэчлэх ёстой юм. Энэ талаар хувилбар гаргаж ирээд түүнийгээ нийт гишүүнээр хэлэлцүүлээд явуулъя гэсэн шийдвэр гаргачихвал болж байна. Мөн Их хурлаар намын дүрмийг батална. Энэ утгаараа намын Их хурлыг хуралдуулах түүнд бэлтгэх ажлын хэсгийг байгуулна. Ингээд хоёр ажлын хэсэг байгуулчихвал энэ ҮЗХ-ны хурал түүхэн үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг.

Намын даргыг сонгох асуудал нь дотоод ардчиллаар явагдах уу, үгүй юу. Мөн дотоод ардчиллыг бэхжүүлэх үү, үгүй юу гэдгийг харуулж өгөх байх. Энэ утгаараа хамгийн найдвартай арга бол нийт гишүүдийн дунд сунгаа зохион байгуулаад бусад гишүүдээр нь даргыг сонгуулах нь зүйтэй.

АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Ганхуяг: Намын даргыг сунгаагаар сонгох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. ҮЗХ-ны хурал өмнө нь хуралдчихсан байсан. Бид бүхэн нэгдүгээрт, намын дүрмээ шинэчлэх, хоёрдугаарт, ирэх сарын 6-нд болох Их хурлын тэргүүлэгчдээ сонгох асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа мөн намынхаа дүрмээ шинэчилсний дараа намын даргаа сонгох ажил эхэлнэ. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч гэсэн нэр дэвшихээ чөлөөтэй зарлаж болно. Гол нь төрийн сонгууль Сонгуулийн тухай хуулийнхаа дагуу явагдах ёстой. Хувь хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаж болно. Намаас бол одоогоор шийдвэр гараагүй байна.

АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Батцогт: Намын удирдлагын баг хаанаас яаж сонгогддог асуудлаа тодорхой болгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намд гаднаас салхи ороогүй гэсэн шүүмжлэл явж байгаа. Хэдэн улсуудыг сонгочихдог, тэдгээр хүмүүс нь маш олон жил намын ажлыг хийж явснаас болж, алдаа дутагдал гарлаа гэсэн шүүмжлэл ч байна. Миний хувь АН-ыг шинэчлэх процесс зөв явж байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ удаа бид намын дүрмээ шинэчлэх ажлаа хийх ёстой. Ингэснээр намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд намын дарга нь хэрхэн сонгогдох, ҮЗХ-ны гишүүдээ яаж сонгох, аймаг дүүргийн намын хороодын дарга нараа яаж сонгох зэрэг асуудлууд илүү тодорхой болох юм. Шинэчлэлээ ингэж доороосоо хийж байж, нам шинэчлэгдэнэ гэж харж байна.

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хууль зөрчсөн болохыг эцэслэн тогтоов

Үндсэн хуулийн цэц өнөөдөр их суудлаар хуралдлаа.

Хуралдаанаар “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт … өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ.” гэсэн Шүүхийн тухай хуулийн заалт нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүгчийн хараат бусаар ажиллах зарчмыг алдагдуулах, зөвлөлдөх тасалгааны нууцыг хамгаалах зарчим хөндөгдөх нөхцлийг бүрдүүлж, “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн болохыг эцэслэн тогтоожээ.

Иймээс Үндсэн хуулийн цэц Шүүхийн тухай хуулийн дээрх заалт болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай” 50 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болголоо.

Эх сурвалж: Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч

Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн сонгуулиар “хар машин”-аас луйврын шинжтэй ноцтой зөрчил илэрсэн гэв

Л.Болд: зурган илэрцүүдУИХ-ын гишүүн Л.Болд орон нутгийн сонгуулийн үеэр луйврын шинжтэй байж болох ноцтой зөрчил цөөнгүй илэрсэн талаар мэдээллээ. Тодруулбал зарим дүүрэг, сумдын сонгуульд ашиглагдсан хар машины архивыг машинаас CD-нд шууд хуулбарлан авахад 2016 оны УИХ-ын сонгуульд өөр аймаг, суманд ашиглагдсан саналын хуудсууд хэдэн зуугаараа гарч ирсэн байна. Үүний дийлэнх нь МАН-ын нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөсөн байдалтай байсан аж.

Тэдгээр саналын хуудсууд нь тухайн орон нутгийн сонгуулийн хүчинтэй хуудсуудтай холилдсон дараалалтай байсан тул хар машин саналыг нь тоолж хүчинтэйд тооцсон байх магадлалтай бөгөөд “цаасан царцаа” гэх луйврын технологи байж болох тухай зарим эх сурвалж тайлбарлажээ. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Болд уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж орон нутгийн сонгуулийн үр дүнг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх санал, шаардлага тавьж байгаа юм байна. Дараахь таван баримтад ямар зөрчил илэрснийг дурдав.

Баримт 1.

Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 1958-р хэсгийн санал авах байрны санал тоолох хоёр машины дүн мэдээг 2016 оны 10-р сарын 19-ний орой 22.07 цагт ажиглагч нарт өгсөн билл, CD-г шалгах явцад нийт уншигдсан хүчинтэй саналын хуудасны тоо 455 байх ёстой атал 793 саналын хуудас гарсан байна. Үүний 338 нь УИХ-ын сонгуулийн 38-р тойргийн 14-р хэсэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум гэсэн 2 янзын саналын хуудас байв.

Баримт 2.

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр СХД-ийн 9-р хорооны санал авах 1885-р хэсэг дээр ажилласан санал тоолох машинаас сонгуулийн саналын хуудсыг CD-нд хуулж авсан. Гэтэл хар машинаас хуулагдсан 1419 саналын хуудасны 1114 нь тус тойргийн саналын хуудас байсан бол 305 нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн 24-р тойргийн 40 дүгээр хэсэг буюу Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын саналын хуудас байлаа.

Баримт 3.

Мөн Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр СХД-ийн 17-р хорооны 17-р тойрогт CD уншигч ажиллахгүй байна гэсэн шалтгаанаар автомат машинд тоологдсон саналыг хуулж өгөөгүй. Үүний ард хэчнээн сонгогчийн саналыг луйвардсан байж болох вэ.

Баримт 4.

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн СХД-ийн санал авах 1903-р хэсэгт 2016 оны 10-р сарын 23-нд болсон нэмэлт санал хураалтын дараа автомат машинд тоологдсон саналын хуудсыг CD-нд хуулж авахад Монгол Улсын Их хурлын сонгуулийн 37-р тойргийн 20-р хэсэг буюу Хөвсгөл аймгийн Ринчэнлхүмбэ сумын санал өгсөн хуудас бүхий 318санал уншсан файл давхардан бичигдэн гарч ирсэн.

Баримт 5.

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр СХД-ийн 1903-р санал авах хэсэгт 2016 оны 10-р сарын 23-нд болсон нэмэлт санал хураалтад 914 хүний санал уншсан билл хэвлэж өгсөн байтал CD дээр 915 хүний саналын хуудас гарч ирсэн. Сонгуульд нэг сонгогчийн саналын зөрүүгээр ч шууд ялалт байгуулсанд тооцогддог.

Categories
мэдээ нийгэм

Академич Д.Батсүрэнг 100 сая төгрөгөөр шагнана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал, Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны шагналыг академич Д.Батсүрэнд олгохоор боллоо. Тэрээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын эзэн болж байна. Д.Батсүрэнгийн дээрх бүтээлийг дэлхийн 150 гаруй орон зарлаж судалж эхэлжээ.

Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг БСШУС-ын сайдад зөвшөөрлөө. Өмнөх жилүүдэд академич С.Төмөрбат, академич Х.Намсрай, инженер Н.Нацагням, доктор Б.Дэмбэрэлнямба нар уг шагналыг хүртэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хонх дарж, хаалга тогшьё” хөдөлгөөн эхэллээ

Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Хонх дарж, хаалга тогшьё” хөдөлгөөнийг нийслэлийн хэмжээнд 11 дүгээр сараас эхэллээ.

Энэ хөдөлгөөний зорилго нь хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, хүн бүхэн хүчирхийллийг үл тэвчих, таслан зогсоох, шуурхай мэдээлдэг болгох, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх юм гэж УБХЦГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Эрдэнэцэцэг ярив. Одоогоор нийслэлийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хамгийн ихээр бүртгэгдсэн 27 хороог сонгон авч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтад хамруулах, хүчирхийлэлд өртсөний улмаас эрх ашиг нь хохирсон иргэдийг хамтарсан багийн хяналтад авч эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх зэрэг олон талт ажлыг хийхээр төлөвлөжээ.

Нийслэлд эхний 10 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 696 гэмт хэрэг үйлдэгдэж, 645 иргэн өртөж хохирчээ. Гэмт хэрэгт өртсөн иргэдийн 584 нь эмэгтэй, 34 нь эрэгтэй, 27 нь хүүхэд байгаа юм. Энэ он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас хоёр хүн нас барсан. Гэр бүлийн хүчирхийллийн 241-ийг согтуугаар, 38 хэрэгт эмэгтэй хүн оролцсон, 6 хэргийг бүлэглэсэн, 4 хэргийг гадаадын иргэн үйлдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хотод хоногт 20-45, сард дунджаар 1300 бүртгэгджээ. Дүүрэгт нэг хоногт 8-10, сард 60-110 дуудлага, мэдээлэл ирдэг байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг Түр хамгаалах байранд эхний 9 сарын байдлаар 113 гэр бүлийн 250 үйлчлүүлэгчийг хүлээн авч, амь нас, аюулгүй байдлыг нь хамгаалсан мэдээллийг УБХЦГ-аас өглөө.

Categories
гадаад мэдээ

Япон, БНСУ “Цэрэг дайны нууцыг хамгаалах гэрээ”-г үзэглэжээ

Энэ сарын 14-нд Токио хотод Япон болон БНСУ-ын засгийн газрын төлөөлөгчид “Цэрэг дайны нууцыг хамгаалах гэрээ”-г үзэглэсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.Дөрвөн жилээр хойшлогдоод байсан цэрэг дайны энэхүү гэрээнд албан ёсоор гарын үсэг зурснаар БНАСАУ-ын цөмийн асуудал, пуужин зэргийг багтаасан цэрэг дайны нууц мэдээллийг Япон, БНСУ шууд хуваалцах болж байгаа юм. Ингэснээр энэ төрлийн мэдээллийг АНУ-аар дамжуулах шаардлагагүй болжээ.

Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихиде Суга “БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн асуудалтай тэмцэхийн тулд Япон, БНСУ хамтран ажиллах нь маш чухал юм. “Цэрэг дайны нууцыг хамгаалах гэрээ”-нд албан ёсоор яаралтай гарын үсэг зурахыг багтаасан Япон, БНСУ-ын аюулгүйн баталгааны хамтын ажиллагааг улам урагшлуулахад Японы тал бэлэн байна” гэжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан тайлбартаа “Японы тагнуулын чадавхийг уян хатнаар ашиглаж, БНСУ-ын аюулгүйн ашиг сонирхлыг хамгаалж болох юм. БНАСАУ-ын баллистик пуужингийн талаархи нууц мэдээлэлийг БНСУ олж мэдэхэд энэхүү гэрээ бодит тусламж хангах болно” гэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Камбожийн харилцааг сэргээхээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иринео Рауль Силверо Силвани, Камбожийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кхек Каймеали Сисода, Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Диего Рамиро Гуэлар, Бүгд Найрамдах Армян Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Манасарян нар ИЖБ барилаа.

ИЖБ хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр томилогдон ирсэн Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Бүгд Найрамдах Парагвай Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иринео Рауль Силверо Силвани уулзалтын эхэнд Парагвай Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжууллаа.

Уулзалтын үеэр хоёр талын хооронд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын салбарт сайн харилцаа хөгжиж байгааг дурдаж байв. Монгол, Парагвай хоёр орны хооронд адил төстэй зүйлс олон бөгөөд, тухайлбал, хүн ам тархуу суурьшсан, хөдөө аж ахуй сайн хөгжсөн, далайд гарцгүй, эдийн засгийн хөгжил сайтай орнуудаар хүрээлэгдсэн зэргээрээ ижил юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдад амжилт ерөөж, Парагвайн Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ уламжлахыг хүслээ.

Камбожийн Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кхек Каймеали Сисодаг хүлээн авч уулзах үеэр Элчин сайд Монгол, Камбожийн Вант Улсын найрсаг харилцаа цаашид бүх салбар чиглэлд сэргээн идэвхжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Камбож хоёр улс нь газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн бэрхшээлтэй ч боломжтой чиглэлээр хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалуудыг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байгааг тэмдэглэж байв.

Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Диего Рамиро Гуэлартай уулзах үеэр Аргентин нь Латин Америкийн орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг гэдгийг онцолж байлаа.

Хоёр орны олон жилийн сайн харилцааг цаашид өргөжүүлэн гүнзгийрүүлэхинй төлөө чармайж ажиллахаа Элчин сайд энэ үеэр илэрхийлж байв.

Бүгд Найрамдах Армян Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сергей Манасаряныг хүлээн авч уулзах үеэр хоёр орон эртнээс найрсаг, сайн харилцаатай явж ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдлаа. Тухайлбал, Армяныг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад соёл, боловсролын чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, Монголын олон оюутан Ереван болон бусад хотуудын их, дээд сургуулиудад суралцан төгссөн байдаг.

Энэхүү сайн харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллахаа Элчин сайд илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарын ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг илэрхийлээд тэдэнд амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уулын эмнэлэгт 184 саяын тоног төхөөрөмж нийлүүллээ

Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Тус тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамны 184 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 18 төрлийн 70 гаруй тоног төхөөрөмжийг Бэссан компани нийлүүлжээ.

Энэхүү тоног төхөөрөмжийг нийлүүлснээр тус эмнэлэг багаж тоног төхөөрөмжийн тусламжаар бүрэн хангагдаж, өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломжтой боллоо.

Мөн хяналтын монитор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн дуран, нүдний дуран, ультра зевурк, оцосс, утлагын аппарат, маск, хүчилтөрөгчийн зөөврийн баллон зэрэг тоног төхөөрөмжүүдийг Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө.

Categories
мэдээ улс-төр

Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабуг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд ихээхэн идэвхжиж, стратегийн түншлэлийн зарчмаар хөгжиж байна. Хоёр орны олон салбарыг хамарсан хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал байр суурийг эзэлдэг. Манай хоёр орны парламент болон парламентын Тамгын газрын хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Манай парламентын Тамгын газрын ажилтнууд Энэтхэгийн парламентад очиж туршлага судлахын зэрэгцээ суралцаж байгаад талархалтай байна. Баримт бичигт тусгалаа олсон ажил, арга хэмжээг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглэв.

Тэрбээр “Хоёр орны харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр суурьтай. 2015 онд Монгол Улсад Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон. Тэр үеэр хэлэлцэн тохирсон ажил арга хэмжээнүүдийг, тухайлбал Энэтхэгийн талын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг өгөөж, үр дүнтэй томоохон төслүүдэд ашиглах нь чухал” хэмээн тэмдэглэлээ. Түүнчлэн батлан хамгаалах, соёл, боловсролын уламжлалт харилцаа, банк санхүү, иргэний нисэхийн салбарын шинэхэн харилцааг үр дүнтэй хөгжүүлэх ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Ноён Суреш Бабу энэ онд явагдсан УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргээд “Энэ нь төр засгийн болон эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн ирээдүйдээ итгэх итгэлд нэн чухал юм” хэмээн онцоллоо. Тэрбээр:

-Манай хоёр орны харилцаа олон талт харилцаанаас стратегийн түвшинд хүртэл хөгжиж байна. Манай Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад 2015 онд хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон гэдэгтэй Тантай санал нэг байна. Энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн парламентын Доод танхим Лок Сабхагийн дарга, хатагтай Сумитра Махажаны хийсэн айлчлалын үеэр парламент хоорондын болон парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг шинэчлэн, гарын үсэг зурсан. Эдгээр айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон зүйлүүд хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт найдаж байна гэв.

Ноён Суреш Бабу Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын үеэр тохирсон 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ойрын үед ашиглаж эхлэх, Улаанбаатар-Делигийн хооронд агаарын шинэ шугам нээж, хамтарсан нислэг үйлдэх, Улаанбаатарт байгуулагдах Энэтхэг-Монголын найрамдлын нэрэмжит сургуулийг барих, Мэдээллийн технологийн төвийг ашиглалтад оруулах зэрэг асуудалд УИХ-ын даргыг анхаарлаа хандуулахыг хүслээ.

Тэрбээр Энэтхэгт Монголын төрийн албаны 200 орчим албан хаагчийг сургахаар Н.Модигийн айлчлалын үеэр мөн тохирсон. Одоогоор 100 орчим хүн хамрагдаад байна. Гуравдугаар сард манай төсвийн жил дуусахаас өмнө энэ боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй байна гэв.

УИХ-ын дарга М.Энхболд ноён Элчин сайдын санал бодлыг бүрэн хуваалцаж байгаагаа илэрхийлээд УИХ-ын зүгээс болон хувиасаа нэгэнт хэлэлцэн тохирсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах болно гэв

Categories
мэдээ улс-төр

Японы Элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг эх орондоо бүрмөсөн буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Ноён Т.Шимизү цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд УИХ-ын даргад талархал илэрхийлээд “1973 онд анх удаа Монголд хөл тавьж, нийтдээ 16 жил Монголд амьдарлаа. Ер нь бол амьдралынхаа тал хувийг буюу 30 гаруй жилийг Монголтой холбоотой ажил алба эрхэлж өнгөрүүлжээ. Тэгэхээр Монгол Улс бол миний хоёр дахь эх орон. Япон, Монгол хоёр орны харилцаа хамтын ажиллагаа миний анх хүсэж байсан түвшинд хүртэл хөгжлөө. Гэхдээ хийх зүйл ч их бий. Би энэ чиглэлээр цаашдаа ч ажиллаж, өөрөөс хамаарах бүхнийг зориулах болно. Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд миний ажлыг байнга дэмжиж ирсэнд ноён М.Энхболд Танд тусгайлан талархал илэрхийлье” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Та Элчин сайдын хувьд нутаг буцах нь. Гэхдээ хүнийхээ хувьд бидний анд нөхөр, сайн түншийн харилцаа цаашид ч хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглээд,

-Хүндрэл бэрхшээл тулгарсан үед Японы Засгийн газар, ард түмэн бидэнд цаг ямагт тусалж дэмжсээр ирсэн. Монголчууд үүнийг огт мартдаггүй.

Таны Монголд Элчин сайдаар ажилласан 5 жилийн хугацаанд хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүртэл амжилттай хөгжлөө. Япон, Монголын талаас өндөр дээд хэмжээний, ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй харилцан айлчлал 5-6 удаа боллоо. Стратегийн түншлэлийн баримт бичиг батлагдсаныг зориуд цохон тэмдэглэе. Энэ бол хоёр орны харилцаанд маш чухал ач холбогдолтой баримт бичиг. Цаашид хоёр тал Дунд хугацааны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар зорьж байна гэлээ.

Ноён Т.Шимизү “Дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоос өмнө хөтөлбөрт гарын үсэг зуруулах зорилготой байгаа. Ноён Улсын Их Хурлын дарга Та ирэх жил Японд айлчилна. Тэр үеэр гарын үсэг зурвал сайнсан гэж бодож байна” гээд “Стратегийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахдаа Монголын боломж, нөөцийг бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай. Манай тал энэ чиглэлээр холбогдох судалгаа, дүгнэлт хийж байгаа. Монголд маш их боломж бий. Түүнийг олж нээн, Японы талаас техникийн хамтын ажиллагааны дэмжлэг үзүүлэх замаар дэлхийн зах зээлд Монголыг гаргах ёстой гэж би боддог” хэмээлээ.

Тэрбээр Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн асуудлыг хугацаа алдалгүй шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газраас уг асуудлаар УИХ-д танилцуулга ирүүлсэн. Парламент уг асуудлыг онцгой анхаарч, Японы талын саналыг харгалзан үзэх болно гээд “Таны Элчин сайдаар ажилласан хугацааны ажлыг Монголын төр, засаг, ард түмэн өндрөөр үнэлж байгаа. Таны цаашдын амьдрал, ажил үйлсэд амжилт ололт, сайн сайхныг хүсье” гэлээ