Categories
мэдээ нийгэм

Б.Цэнддоогийн “Номоороо яваа бүхэн чимээгүй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн уншигч, захиалагчдадаа хүрч байна. Өнөөдрийн шинэ дугаарт гарсан нийтлэл, ярилцлага, сурвалжлагаас онцолж, тоймлон хүргэе.

Ойрын үед ханиад томууны дэгдэлт хэр байгаа болон түүнээс хэрхэн сэргийлэх талаар “Өдрийн сурвалжлага” буланд гарлаа. Ханиаднаас сэргийлэхийн тулд хүүхдээ үнсэхгүй, гадуур авч явахгүй байхыг мэргэжлийн эмч нар зөвлөсөн байна. Нэг, 12 дугаар нүүрээс дэлгэрэнгүй уншаарай.

Мөн УИХ-ын гишүүн асан, эдийн засагч Б.Гарамгайбаатартай хийсэн ярилцлага энэ өдрийн дугаарын тэргүүн нүүрт гарлаа. Тэрбэээр “Ардын намынхан бүх зүйлийг шүүмжилсэн шигээ хийх хэрэгтэй” хэмээн энэхүү ярилцлагадаа онцолжээ.Үргэлжлэлийг 4,5-р нүүрээс уншаарай. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийн Э.Бат-үүлтэй холбогдох хэсгийн зүйл заалтыг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон уу хэмээх гарчигтай материал нэгдүгээр нүүрт хэвлэгдэв.

Харин Улс төрийн хоёрдугаар нүүрт УИХ-ын гишүүн Л.Энхболдтой хийсэн ярилцлага орлоо. Тэрбээр, одоо “Стэнд бай”-г хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт манай сонины Орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Номоороо яваа бүхэн чимээгүй” нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн 11-р нүүрт МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Ц.Батболдтой хийсэн “Засгийн газрын бодлого, зорилго, хэрэгжүүлэх үйлдэл нь тодорхойгүй байна” ярилцлага болон “Хүмүүс, хувь тавилан” буланд МУ-ын гавьяат жүжигчин, нэрт дуучин С.Бооройтой хийсэн “Мао Зэ Дун даргатай бүжиглэж, Ким Ир Сентэй гар бариад гурав хоног угаалгүй явж байлаа” нэртэй сонирхолтой ярилцлагыг зэргийг өнөөдрийн дугаараас унших боломжтой. Мөн уламжлалт “Багш” буланд 40 жил математикийн хичээл зааж байгаа О.Дашдоржтэй хийсэн ярилцлага орлоо.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

33 уурхайчин амиа алджээ

БНХАУ-ын баруун хэсгийн Чунцин мужид байрлах “Jinshangou” гэх нүүрсний уурхайд хүчтэй дэлбэрэлт болсон талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас тус уурхайн 33 уурхайчин амиа алдсан гэнэ.

Аврагчид шуухай ажиллаж нурангид даруулаад байсан хоёр уурхайчинг аварч, эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Цагдаагийнхан ямар шалтгааны улмаас дэлбэрэлт болсныг тодруулахаар ажиллаж буй юм.

Тус улсад уурхайн ослоор олон хүн амиа алддаг билээ. Эрх баригчид уг асуудалд анхаарлаа хандуулан, уурхайд ажилдаг ажилчдын аюулгүй байдалд анхаарлаа хандуулахыг шаарддаг ч осол болон эндэгдэл буурахгүй байна.

Энэ оны найман сарын байдлаар уурхайн ослоор 277 хүн амиа алджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгыг Үндэсний урлагийн их театр болгов

Чуулгын нэрийг өөрчилж Их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буйгаа Засгийн газрын хуралдаанд тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн, гадаадын улс орнуудынхаа ижил төрлийн байгууллагатай статус нэг болох шаардлагтай байгаа юм.

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга 1945 онд “Эстрад концертын товчоо” нэртэйгээр байгуулагдсан. Анх 19 дуучин, 27 хөгжимчин, 13 бүжигчин, уран сайхны удирдагч, багш гээд нийт 62 уран бүтээлчтэй байсан бол одоо 24 дуучин, 64 хөгжимчин, 48 бүжигчин болон багш, удирдлага бүхий 190 гаруй хүнтэй байгууллага болжээ.

Categories
гадаад мэдээ

ДАШТ-ий цомыг зохион бүтээгч 95 насандаа таалал төгслөө

ОУХБХ (FIFA)-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга багт олгодог “Алтан дагина” цомыг зохион бүтээсэн Италийн алдарт загвар зохион бүтээгч, уран барималч Силвио Газзанига 95 насандаа өөд боллоо. “Тэрээр гэртээ унтаж байхдаа тайван амгалан мөнхийн орон руу явлаа” хэмээн хүү Жоржио Газзанига нь “Gazzeta dello Sport” сонинд ярьжээ. Хөлбөмбөгийн спортод тамирчин бүр өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж, ялалт авахыг хүсдэг. Энэ гайхамшигт үнэт зүйлийнхээ үндсэн дээр ч энэ спорт үүсч хөгжин, нэр алдар улам өсөн нэмэгдсээр байна. Харин энэхүү зорилго, тэмүүллийн эцсийн дүн нь зөвхөн аваргын цомыг үнсэж, толгой дээрээ өргөх явдал билээ.

Дэлхийн хамгийн их үзэгчтэй спорт хөлбөмбөгийн хамгийн нэр хүнд, алдар цуутай, дэлхийн таван тивийн 7 тэрбум хүний 5 тэрбумыг нь хамарч чаддаг томоохон тэмцээн бол дөрвөн жил тутамд нэг удаа зохиогддог дэлхийн аварга багийг шалгаруулах тэмцээн билээ. Энэ тэмцээний аварга багийн амжилтыг нь бататган олгодог “Алтан дагина” цомыг Силвио Газзанига гэх эрхэм 1971 онд урлаж байсан. Улмаар Германы шигшээ баг 1974 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Нидерландийн шигшээ багийг 2:1-ийн харьцаатай хожин түрүүлснээр анхны “Алтан дагина” цомын эзнээр тодорч байсан түүхтэй. Энэ цом бүтсэнээс хойш 11 удаа ДАШТ зохиогдоход Герман 3, Бразил, Аргентин, Итали тус бүр 2, Франц, Испанийн шигшээ багууд нэг удаа түрүүлээд байна. Германууд Силвиогийн үзсэн хамгийн сүүлийн дэлхийн аварга буюу 2014 оны ДАШТ-д мөн аваргын цомыг мөн өргөж чадсан юм.

1970 онд Мексикт болсон ДАШТ-д Бразилийн шигшээ баг түрүүлж, 3 дахь удаагаа аваргын цомыг өргөснөөр үүрд хадгалах болсон юм. Ингэснээр ОУХБХ-нд шинэ цом хэрэгтэй болсон. Улмаар 1971 оны 4-р сарын 5-нд Цюрих хотноо болсон ОУХБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар шинэ цомыг уран бүтээлчдийн дундах өрсөлдөөнөөс шалгаруулан сонгох шийдвэр гаргажээ. Үүнд 25 орноос 53 загвар ирснээс Силвио Газзанигагийн бүтээл хамгийн үзэсгэлэнтэй, сүр жавхлантай нь байжээ.

Силвио Газзанига 1972 онд ЕХХ (UEFA)-ны “Европа лиг”, 1973 онд“Супер цом”-ын тэмцээний цомын загварыг урлан бүтээж байв. Түүнчлэн 2001 онд Бейсболын ДАШТ-ий цомыг зохион бүтээснээс гадна волейболын ДАШТ болон сагсан бөмбөг, усанд сэлэлт, уулын цанын спортын томоохон тэмцээн уралдаануудын медалийн загварыг урлаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард цаг агаар ямар байх вэ

улаанбаатарт  цаг агаар өдөртөө 10-15 хэмийн хүйтэн зурган илэрцүүд

11-р сард өдөртөө 10-15 хэмийн хүйтэн байна

Энэ сард Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, төвийн нутгаар Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Зүүн зүгийн нутгаар ихэнх нутгаар дундаж температур 8-13 градус хүйтэн байх ба Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна.

Говийн нутгаар дунджаар 6-11 градус хүйтэн байна. Дундговь, Говьсүмбэрийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байна.

Гуравдугаар арав хоногт Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгуудаар шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Ерөнхийдөө энэ сард хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нутгийн хувьд хойд болон төвийн хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Ихэнх нутгаар цас ахиу орж, агаарын температур олон жилийн дунджаас дулаан байна. Цасан бүрхүүл тогтож, мөстөж хатууран малын хариулаг маллагаа, зам тээврийн ажилд таагүй нөхцөл байдал үүсч болохыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

И.Танигучи: Япон улсын дэвшилтэт технологийг зааж,бакалавраас ч илүү мэдлэг чадвар бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэнэ

Япон орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон Коосэн боловсролын системийн нэгдсэн удирдлагын төв байгууллага болох Үндэсний Технологийн Хүрээлэнгийн төлөөлөл манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Исао Танигучи:Бид инженер болох хүсэл тэмүүлэлтэй хүүхэд залуусыг 15 наснаас нь эхлэн элсүүлж, таван жилийн хугацаанд чадварлаг боловсон хүчин болгон төгсгөдөг. Манай хөтөлбөрийн гол онцлог нь залууст Япон улсын дэвшилтэт технологийг зааж, дадлага туршлагатай бакалавраас ч илүү мэдлэг чадвар бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэдэгт оршиж байгаа юм.

Харин энэ талаар Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын дэд сайд Ё.Отгонбаяр “Манай улсаас Японд суралцаж байгаа хүүхдүүд ихэвчлэн нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг байсан. Монгол Улсын хөгжлийн хэрэгцээ шаардлага нь инженер технологийн боловсон хүчин болоод байна. Коосэний болосвролын тогтолцоогоор Монголд улсад төрийн өмчийн нэг, хувийн өмчийн хоёр сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн өмчийн сургуульд суралцаж байгаа хүүхдүүд эхнээсээ Япон улсад суралцахаар болоод байгаа. Бидэнд инженер технологийн боловсон хүчин шаардлагатай байгаа учраас Монгол болон Японы Засгийн Газар хамтран “1,000 инженер бэлтгэх” төсөл хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл Коосэн сургалтын загвараар явж байгаагаараа онцлогтой. Цаашид бид үйл ажиллагаагаа улам төрөлжүүлж, зам тээвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг хэрэгцээ шаардлага бүхий мэргэжилтнүүдийг хамтран бэлтгэх тал дээр ажиллах болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн Засаг даргаар Ж.Батсуурь дахин сонгогджээ

Сум, дүүргийн орон нутгийн сонгуулийн дүнгээр Ардчилсан нам хэд, хэдэн газарт ялалт байгуулсан. Түүний нэг нь Сүхбаатар аймаг. Өнөөдөр Сүхбаатар аймгийн ИТХ хуралдаж Засаг даргаараа Ж.Батсуурийг сонгосон байна. Өмнөх дөрвөн жилд Ж.Батсуурь Сүхбаатар аймгийг удирдан хөгжүүлж, шилдэг аймгаар удаа дараа шалгарч байсан билээ. Мөн өнөөөдөр Баянгол дүүргийн Засаг даргаар С.Одонтуяа сонгогдсон байна.

Categories
мэдээ улс-төр

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл хэвийн үргэлжилнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ.

-Донорын зар сурталчилгаа, зуучлалыг хориглоно-

Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Мөн уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

Монгол Улсын Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Уг хуулийг шинэчлэн найруулж баталснаар эрхтэн шилжүүлэх мэс заслыг өөрийн оронд хийдэг болох, ингэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулах, амьгүй донорыг дэмжих, амьд донорыг хамгаалах, донорын зар сурталчилгаа, зуучлалыг хуульчлан хориглож хүний наймаанаас сэргийлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл хэвийн үргэлжилнэ-

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон билээ. Уг хуулийн хүрээнд 2016 онд 243 иргэн аж ахуй нэгжээс 51.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн бөгөөд одоогоор 102 төсөлд 39.2 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Экспортын болон импортыг орлох үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгийг урьдын адил хэвийн олгож байх нь эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд эерэг бөгөөд нийгмийн ач холбогдолтой гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. Иймд хуулийн төслийг боловсруулж батлуулах хүртэлх хугацаанд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг зохицуулах түр журмыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Хоёр тэрбум хүртэл төгрөгийн зээл олгодог Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2009-2015 оны хооронд 703 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд эргэн төлөлт 95.9 хувьтай байна.

-Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжив-

Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Дэлхийн худалдааны байгууллагын 164 орны 89 нь энэ хэлэлцээрт нэгдэн ороод байна.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд гаалийн үйлчилгээг сайжруулах, хилээр нэвтрүүлэх болон дамжин өнгөрөх барааг түргэн шуурхай нэвтрүүлэх, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, дамжин өнгөрөх бараатай холбоотой үл ялгаварлах зарчмыг баримтлах, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж байгаа болон нэн буурай хөгжилтэй орнуудад технкийн туслалцаа үзүүлж, чадавхийг нь бэхжүүлэх юм.

-Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгыг Үндэсний урлагийн их театр болгов-

Чуулгын нэрийг өөрчилж Их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буйгаа Засгийн газрын хуралдаанд тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн, гадаадын улс орнуудынхаа ижил төрлийн байгууллагатай статус нэг болох шаардлагтай байгаа юм.

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга 1945 онд “Эстрад концертын товчоо” нэртэйгээр байгуулагдсан. Анх 19 дуучин, 27 хөгжимчин, 13 бүжигчин, уран сайхны удирдагч, багш гээд нийт 62 уран бүтээлчтэй байсан бол одоо 24 дуучин, 64 хөгжимчин, 48 бүжигчин болон багш, удирдлага бүхий 190 гаруй хүнтэй байгууллага болжээ.

Товч мэдээ

• Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Ерөнхий сайдын албан ёсны айлчлал нь дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн тэлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад өндөр ач холбогдолтой болсон гэж үзлээ.

• Бүлэг жуулчид хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхээр зорчих нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Уг хэлэлцээрийн төслийг боловсруулж БНХАУ-ын талтай хэлэлцээ хийхийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаяр: Айх хэрэггүй, айвал хорхой болно

Өнөөдөр МУБИС-ийн 65 жилийн ой болж буйтай холбогдуулан Намбарын Энхбаяр оюутан залууст зориулан утга зохиолын талаар сонирхолтой лекц уншлаа. Хүндэт зочноор Монголын утга зохиолын алдартнууд болох Д.Урианхай, Г.Мэнд-Ооёо, Долгорын Нямаа гуай болон МУИС-ын утга зохиолын тэнхимийн хүндэт багш нар уригдан ирсэн байлаа. Ингээд лекцийг тоймлон хүргэе.

Тэрбээр: Утга зохиол, урлаг талаасаа ямар ямар сонин зүүд байж болдог вэ гэдгийг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон юм. Жишээ нь, эртний Грекийн баатар Парис Елена хэмээх гүнжийг хулгайлдаг. Тэгснээр Еленаг авах гэж араас нь ирснээр Трой хот шатсан байдаг. Тэгвэл Парисыг эхийнхээ хэвлийд байхад нь ээж нь асаж байгаа бамбар зүүдэлжээ. Үүнийг зүүд тайлагч эмэгтэй “Наадах чинь Трой хотыг шатаах хүн байна. Ууланд аваачиж хая” гэсэн. Тэгээд түүнийг ууланд аваачиж хаясан боловч том болоод буцаад ирэхэд нь бүгд өнөөх зүүдийг мартаад түүнийг хүлээн авсан байдаг. Тэгээд Парис үзэсгэлэнт Еленаг булааснаар Трой хот шатаж сүйрсэн байдаг.

Өнөөдөр би мөн хоёр төрлийн зүүдний талаар яръя. Хятадын эртний Даогийн сургаал гэж байдаг. Монголчууд бид Даогийн шашин гэж ярьдаг. Лао Зи гэж хүн үндэслэсэн. МЭӨ 6-р зуунд тэрээр амьдарч байсан. Ер нь МЭӨ 6-р зуунд маш олон алдартнууд төрсөн байдаг. Жишээ нь Бурхан багш, Сократ, Макавари, Күнз зэрэг олон суутнууд төрсөн. Зургаадугаар зууныг хүн төрөлхтний оюун санаанд тэсрэлт авчирсан, олон шашин төрсөн зуун гэж үздэг.

Лао Зи-тэй адил алдартай Жуан Зи гэж нэг байсан. Тэр хүн нэг өдөр эрвээхий зүүдэлжээ. Тэгээд тэрээр сэрснийхээ дараа их л бодлогшронгуй сууж байтал шавь нар нь “та юу зүүдлэв” гэж асуужээ.

Би эрвээхэй болж байна гэж зүүдлэв үү, эрвээхий намайг зүүдлэв үү гэдэгт би эргэлзэж байна гэж тэрээр хэлжээ. Үүнээс хойш эрвээхэйн талаар үзэл бий болсон байдаг. Тэгэхээр Дао-н шашны нэг онцлог байдаг. Мөнх наслах тухай сургаал байдаг. Чан чунь ламыг нэг удаа Чингис хаан урьжээ. Тэрээр Бээжингээс гараад одоогийн Афганистанд сууж байсан Чингис хаан дээр ирсэн. Гэтэл Чингис хаан Дао-н шашныхан мөнх насалдаг ус хийдэг гэж сонссон учир “Чи надад мөнх амьдрах ус авчирсан уу” гэсэн. Гэтэл Чан чунь лам, Үгүй ээ, хүн үйл хэргээрээ мөнх амьдардаг юм гэсэн гэдэг.

Дао-н шашинд ч тэр, Христийн шашинд ч гэсэн эрвээхийг мөнх амьдралыг бэлэгддэг. Эрвээхий нь өт болдог, өт нь буцаад эрвээхий болдог.

Та бүхэн бурхан багш зүүдэлж байсан тухай сонсож байсан уу, би бурхан багшийн сургаалийн зах зухаас л судалж яваа хүн. Би сэрж байж гэгээрнэ гэж боддог. Бид одоо бие биенээ харж байгаа боловч унтаж байгаа гэсэн үг юм. Оюун ухааны доод түвшинд байгаа учраас. Тийм учраас бид хэд дахин сэрэх ёстой. Тэгж байж гэгээрнэ. Тэгэхээр бурхан багш сэрчихсэн учир зүүдлэх шаардлагагүй байх гэж бодож байна. Гэхдээ зохиол сонирхдог залуучууд байвал бурхан багшийн зүүд гээд бичиж ч болох юм.

Би одоо өөр зүүдний тухай яръя. Одоо аймшгийн зүүдний тухай ярина. Та бүхэн Кафкагийн “Хувирал” зохиолыг уншсан уу. Энэ бол Григор Замза унтаад хар дарж зүүдэлсэн. Тэгээд өглөө сэрээд өөрийгөө хорхой болсныг мэдсэн. Яагаад гэвэл тэрээр гэр бүлийнхнийхээ төлөө, дүүгийнхээ төлөө маш их санаа зовдог нэгэн байсан. Тийм учраас тэрээр айдсаасаа болоод хорхой болсон гэж тайлбарладаг. Тэгэхээр монголчууд ч гэсэн ярьдаг. “Айгаад чи хорхой боллоо шүү дээ” гэж. “Хүний хамгийн их айж явах зүйл бол айдсаасаа” юм.

Энэ мэтчилэн Намбарын Энхбаярын лекц сонирхолтой өрнөсөн бөгөөд тэрээр өөрийн өвөө болох Ц.Раднаагийн 100 жилийн ойд энэхүү лекцээ зориулж байгаагаа хэллээ. Ц.Раднаа нь 1916 онд төрж МУБИС-д сурган, сэтгэл судлалын багшаар ажиллаж байжээ. Өвөөгөө өөд болоход Н.Энхбаяр гуай 4 настай байсан бөгөөд түүний талаар бүдэг бадаг санадаг тухайгаа дурсан ярилаа. Лекцийн ерөнхий гол санаа нь хүн юунаас ч айх хэрэггүй, хэрвээ айгаад явах юм бол Кафкагийн “Хувирал” тууж дээр гардаг шиг хүн хорхой болох юм шүү гэсэн санаа байлаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Тусгай сангуудын өр төлбөрийн хэмжээ 713.4 тэрбум төгрөгт хүрээд байна

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаан 55.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уг хуралдаанаар Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааны талаархи мэдээллийг сонсч, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

Үндэсний аудитын газрын дарга А.Зангад танилцуулгадаа Монгол Улсын 2017 оны төсвийн төсөлд 21 тусгай сан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд нийт 2.4 тэрбум төгрөг тусгасан. Энэ нь төсвийн зарлагын 25 хувийг эзэлж байна. 2015 онд Засгийн газрын тусгай сангийн тоо 15, 2016 онд 18 байсан бол 2017 онд 21 боллоо. Үндэсний аудитын газраас сүүлийн гурван жилийн турш хийсэн шалгалтын дүнгээс харахад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэрэг цөөхөн тусгай сангаас бусад нь орлогын эх үүсвэр тодорхойгүй, улсын төсвөөс санхүүжсээр байна. Үндэсний аудитын газраас жил тутам 4-5 тусгай санд аудитын шалгалт хийдэг. Аудитын дүгнэлтээс харахад зарим тусгай сангуудын өр төлбөрийн үлдэгдэл байнга өсөх, тооцоо нийлж батлагаажаагүй зэрэг томоохон зөрчлүүд гаргасаар байна гэдгийг онцлон дурдаж байлаа.

Тэрбээр Үндэсний аудитын газраас сүүлийн гурван жилийн турш хийсэн шалгалтын дүнгээс харахад тусгай сангуудын хөрөнгийн зарлагын гүйцэтгэлд удирдлага нь шийдвэр гаргадаг бус Удирдах зөвлөлөөр гаргадаг болгох, чиглэсэн зорилготой сангуудыг бий болгож, харьяа салбарын яамтай үйл ажиллагаа нь давхардсан сангийн тоог цөөлөх хэрэгтэй гэдгийг сануулав.

Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, З.Нарантуяа, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн олонхи нь тусгай сангуудын өр төлбөр хэдэн сая төгрөгт хүрснийг, зөрчил гаргасан сангуудад ямар хариуцлага тооцож байгааг талаар илүүтэй сонирхож байлаа.

Үндэсний адитын газрын дарга А.Зангад хариулахдаа үйл ажиллагаа явуулж байгаа 18 тусгай сангийн өр төлбөрийн хэмжээ 713.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Дэд хорооны гишүүдэд аль сан хэдий хэрийн өр төлбөртэй байгааг талаар тодорхой мэдээлэл хүргүүлье. Зөрчил гаргасан сангуудад бид дүгнэлт, тайлан, зөвлөмж, зөрчил арилгуулах акт, биелэлтийг нь хангуулах хугацаатай үүрэг өгдөг. Энэ талаархи зөвлөмж дүгнэлтээ тухайн асуудал эрхэлсэн салбарын яамны удирдлага, ноцтой томоохон зөрчил байвал Засгийн газарт мэдэгддэг гэж байв.
Дараа нь УИХ-ын гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тусгай сангийн өр төлбөр, авлагыг барагдуулах чиглэлээр Сангийн яам идэвх санаачлагатай ажиллахыг, УИХ-ын гишүүн З.Нарантуяа Сангийн яамнаас тухайн салбарын яамтайгаа давхардан үйл ажиллагаа явуулдаг тусгай сангуудыг цэгцлэх шаардлагатай гэж байв.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов