Categories
мэдээ нийгэм

Малын эмийн салбар зөвлөл хуралдлаа

Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар шинээр улсын бүртгэлд малын эм, бэлдмэл бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн гурван аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн эмийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Энэхүү хуралдаанд долоон аж ахуйн нэгжийн 29 нэр төрлийн эм, бүртгэлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлжээ. Мөн зарим аж ахуйн нэгжүүдээс бүртгүүлэхээр ирүүлсэн эмийн шошго болон сав боодол стандартын шаардлага хангаагүй, бичиг баримтыг шаардлагын дагуу боловсруулж, баталгаажуулан ирүүлээгүй зэрэг алдаа дутагдал илэрсэн байна.

Салбар зөвлөлийн шийдвэрээр малын эмийн улсын бүртгэлд 28 нэр төрлийн эм бэлдмэлийг бүртгэж, 11 нэр төрлийн эмийн бүртгэлийн хугацааг сунгажээ. Мөн хуралдаанаар антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор энэ төрлийн эмийн бүртгэлийн асуудалд зохицуулалт хийх талаар гаргасан зарим гишүүдийн саналыг авч хэлэлцэн дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралт эхэллээ

Сурагчдын амралт эхэллээ зурган илэрцүүд

Энэ хичээлийн жилийн ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. Нийслэл болон аймаг, сум, багуудын ЕБС-ийн сурагчдын амралт ийм байх нь.

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ

Нэгдүгээр улирлын амралт

-Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт

-I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,

-VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт

-Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;

Зуны амралт

– I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

– III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,

-VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН АМРАЛТ

Нэгдүгээр улирлын амралт

-Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт

– I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,

– VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;

Гуравдугаар улирлын дундуур

– Цагаан сарын амралт 1 долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт

-Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

-I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

-III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,

– VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.

Categories
мэдээ спорт

Бүх Оросын чөлөөт бөхийн тэмцээнээс гурван алт хүртжээ

ОХУ-ын Хабаровск хотноо нэрт дасгалжуулагч В.Д.Васильевийн нэрэмжит Бүх Оросын чөлөөт бөхийн “Ерофей Хабаров” уламжлалт тэмцээнд “Арслан” клубын дөрөв, “Хилчин” спорт хорооны нэг нийт таван бөх оролцсоноос гурван алт, хоёр мөнгөн медаль хүртжээ.

Тухайлбал, эрэгтэй 57 кг-д З.Занабазар, эмэгтэй 55 кг-д Б.Хатантуул, 75 кг-д Б.Цэцэгбаяр нар алт, эрэгтэй 61 кг-д С.Билгүүн, 74 кг-д Д.Алтангэрэл нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна. Д.Алтангэрэлийн хувьд 4 ялж алтан медалийн төлөө барилдаанд Тувагийн бөхөд 4:5 онооны харьцаагаар дийлджээ. Энэ удаагийн тэмцээнд Армян, Казахстан, Монгол, Тажикстан, Узбекстан, ОХУ-ын Алс Дорнод, Сибирь, Умард Осет улсын 200 орчим бөх хүчээ сорьжээ.

МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр дасгалжуулагч-шүүгчээр тус тэмцээнд оролцсон байна.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгост Ерөнхийлөгчөө эсэргүүцсэн жагсаал болжээ

Өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод олон мянган хүн цуглаж, сүүлийн өдрүүдэд дэгдсэн улс төрийн дуулиан шуугиантай холбоотойгоор Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаарджээ.

Цагдаа нарын мэдээлснээр “Seoul Station” галт тэрэгний буудлын ойролцоо болсон жагсаалд 8000 орчим хүн оролцсон байна. Жагсагчид “Пак бол Чойгийн утсан хүүхэлдэй” гэсэн утгатай зурагт хуудас барьж, Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байжээ.

Ерөнхийлөгч Пак эртний анд Чой Сүн Силээс зөвлөгөө авч, түүнд улс төрийн баримт бичгүүдийг үзүүлж, хэлэх үгээ хянуулдаг байсан гэсэн мэдээлэл тархсаны дараа Пак Гын Хэг олон нийт хатуу шүүмжлэх болсон юм.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр “Рио-2016” олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчид мөнгөн шагнал авна

Өнөөдөр "Рио-2016" олимпийн наадмаас медал зурган илэрцүүд

Засгийн газрын тогтоолд зааснаар олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчинд 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчинд 30 сая төгрөг нэг удаа олгоно.

Дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заасан байдаг.

Өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны “Ёслол хүндэтгэлийн А” танхимд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олимпоос мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай болон паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпэлжээ нарт мөнгөн шагналыг олгохоор болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчит компаниудыг хувьчилна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Ямархуу төсөв орж ирсэн бэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байна. Энэ үед ирэх оны төсөв, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөллийг өргөн барьсан. Эдгээрээс харахад ирэх жил Монгол гэдэг айл хэдэн төгрөг олох, юунд зарахаа маш нарийн төлөвлөхгүй бол болохгүй болсон дүр зураг харагдаж байгаа. Хэрэгцээтэй газраа зайлшгүй хөрөнгө мөнгө зарцуулахаас өөр илүү үйлдэл хийх боломжгүй цаг үе тулж ирлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд авсан их хэмжээний өр, зээлийг төлөх үе болчихсон байна. Ирэх оны тавдугаар сард 580 сая ам.доллар төлнө. Оны төгсгөлд 500 сая ам.доллар төлнө. Цаашилбал, Засгийн газрын өрийн хүү, үндсэн үйлчилгээний төлбөрт зургаан их наяд гаруй төгрөг төлөх төлөвлөгөөтэй. Нэг ёсондоо Монгол Улсын бүтэн нэг жилд олдог орлогоо өр, зээлэнд өгөх ёстой болчихоод байгаа учраас хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна. Орлого нэмэгдүүлэх бүх боломжийг дайчлах шаардлага тулгарч байгаа. Зарлагаа тэвчиж болох хэмжээнд хүртэл танана. Засгийн газар болон УИХ-аас болж өгвөл иргэдийнхээ халаас руу орохгүй, аж ахуйн нэгждээ дарамт учруулахгүйгээр даван туулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа.

-Голчлон танаж буй ямар зарлага байна вэ?

-Нэгдүгээрт, бид улсын төсвийн хөрөнгөөр шинээр обьект барих ажилэхлүүлэхгүй. Хоёрдугаарт, шинээр вексел нэмж бичихгүй байя гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ өмнө нь эхлүүлчихсэн байсан дуусаагүй барилга, байгууламжаа дуусгая гэж ярьж байна. Тэгэхгүй бол олон жил дамжсан барилгууд байна. Энийг нэг талдаа гаргахгүй бол үргүй зардал болчих гээд байгаа.

-Тэгэхээр ирэх онд улсын төсвөөр бүтээн байгуулалтын ажил хийхгүй нь ээ?

-Өрийн менежмэнтээ сайжруулж хямд эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх замаар зээлийн хүүгийн зардлын өсөлтийг бууруулах, төсвийн орлогыг бодитой төсөвлөх, татварын бааз суурь нэмэгдүүлэх шинэ төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Зарлага танах тал дээр халамжийг аль болох зорилтот бүлэг рүү чиглүүлэхээр ярилцаж байна. Мөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны түвшинг бууруулахгүй байя. Гэхдээ цаашид төрийн албаны үр дүнг харж байж санхүүжүүлдэг хэлбэр рүү шилжье гэж ярьж байгаа. Тэгэхгүй бол өнөөдөр төрийн албаны орон тоо, зардлыг санхүүжүүлж байна. Үнэхээр сайн ажиллаж байгаа, илүү үр дүн гаргаж буй ажилтандаа өндөр цалин өгдөг тогтолцоо руу шилжих ёстой. Тэгэхгүй нэг хэвэнд нь хавтгайруулаад байж болохгүй. Дараагийн нэг зүйл бол төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх асуудал яригдаж байна. Үнэхээр төрийн өмчит компаниудын хэд нь ашигтай ажиллаж байгаа вэ. 70 хувь нь алдагдалтай ажиллаж байна. Бодит байдал ийм байхад эдийн засгийн хувьд ашигтай ажиллаж байгааг нь үлдээгээд бусдыг нь хувьчилъя. Ингэж төр хэрэггүй ачаанаасаа салах ёстой. Үүнээс гадна ер нь томоохон шинэчлэл хийвэл яасан юм бэ гэх санал гишүүдээс орж ирж байна. Тухайлбал, бид эдийн засгийнхаа ерөнхий бүтэц, төрийн албаны чиг үүрэг, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж өнөөгийн энэ буруу тогтолцооноос гарах байх. АН-ын үед ч, МАН-ын үед ч байж л байдаг 200 гаруй мянган төрийн албан хаагчтай, халамж хавтгайруулдаг эдийн засагтай, алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниа чирээд явж байдаг үрэлгэн айл болчихлоо. Энийг өөрчилж цомхон хэрнээ чадварлаг төрийн албан хаагчтай болох ёстой. Төр өөрийн хариуцаж чадах зүйлээ л хийх хэрэгтэй. Бусдыг нь хувийн хэвшил, төрийн бус байгууллагын мэдэлд зоригтойгоор шилжүүлдэг баймаар байна. Төрийн зүгээс бизнес эрхлэгчдэд үзүүлж буй хандлагаа зөв болгох гэхчилэн олон өөрчлөлт хэрэгтэй. Нэг ёсондоо бизнесийн орчинг эрүүл, зөв, дарамт шахалтгүй, цэвэр өрсөлдөөний шинжтэй болговол эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа.

-Улс авлагатай гэсэн. Хаа, хаанаас ямар авлага авах вэ. Авлагуудаа цуглуулбал хэдэн төгрөг төсөвт орж ирэх бол?

-1990 оноос хойш бий болсон авлагууд бий. Засгийн газраас дамжуулан зээлсэн мөртлөө эргэн төлөлт хийгээгүй олон тохиолдол байгаа. Энэ мөнгийг яаж олж авах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Улсын хэмжээнд нийтдээ хоёр гаруй их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний авлага орж ирэх ёстой. 1991 оноос Засгийн газрын шугамаар орж ирсэн гадаадын зээлийг дотоодынхонд дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан. Зарим нь яамдаар, зарим нь Засгийн газрын тусгай сангаар дамжсан байдаг. Өнөөдрийн байдлаар төрийн сан дээр байгаа санхүүгийн тайлангаас аваад үзэхэд хоёр их наяд найман зуу гаруй тэрбум төгрөгийн авлага гарч ирж байна. Энэ авлагаас эхний ээлжинд буюу ирэх ондоо багтаагаад зуу гаруй тэрбум төгрөгийг барагдуулахаар төлөвлөсөн. Гэхдээ аж ахуйн нэгж нь татан буугдсан, эзэн холбогдогч нь тодорхойгүй болсон, олон жил дамжсан өр шир ч бий. Ямартай ч дээрх авлагын арван хувийг ч болтугай ирэх жилд оруулаад ирмээр байна. Өөр нэг орлого нэмэгдүүлэх арга бол байгалийн гаралтай уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тавих ёстой. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний ханш өсөх хандлага байна. Мөн татварын бааз суурийг нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлэх байдлаар улсын төсвийн орлогыг нэмэгдүүлнэ. Төрийн өмчийн томоохон обьектуудыг хувьчлах байдлаар төсөвт 110 тэрбум төгрөг олох байх.

-Ямар обьект хувьчлахаар төлөвлөж байна вэ?

-Хөрөнгийн бирж, Төрийн банк, Оргил рашаан сувилал гэхчилэн нэлээн олон аж ахуйн нэгжийн асуудал яригдаж байгаа. Эдгээр байгууллагын үйл ажиллагааг зөв хэлбэрт оруулж явуулах зайлшгүй шаардлагатай.

-Та түрүүн гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа гэлээ. Гэтэл бид маш хямд үнээр нүүрсээ зарж байна. Энэ үнийг өсгөх, гэрээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг яагаад хөндөхгүй байгаа юм бэ?

-МАН 2011 онд Засгийн эрх барьж байхдаа 70 ам.доллараар арван жилийн хугацаатай нүүрсээ заръя гэсэн гэрээ хийчихсэн байсан. Уг гэрээг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед цуцалсан. Тэрнээс хойш 26 ам.доллараар зарсан. Одоо харин үнэ өсөөд гуч гаруй ам.доллараар худалдаж байгаа. Ирэх жил энэ үнэ өсөөд 40 гаруй ам.доллар болох байх. Гэхдээ яг өнөөдрийн зарж буй үнэ, гадны хэвлэл мэдээллийн бичиж буй үнэ ялгаатай байгаа. Бидний ярьж буй үнэ уурхайн аман дээрээс худалдаж буй ханш. Нөгөөх нь уурхайгаас аваад угаагаад, замын зардал шингээгээд, хил гаалиар гарч буй татвар хураамжаа шингээсэн үнэ. Яг эдийн засгийн агуулгаар аваад үзвэл тийм хол зөрүүтэйгээр нүүрсээ өгч буй зүйл байхгүй. Бид нүүрсээ боловсруулаад, угаагаад, нэмүү өртөг шингээгээд эцсийн байдлаар хэрэглэгчид өгч чадвал үнэ өсөх боломж бий. Тийм хэмжээнд хүртэл дотоод ойлголцлоо бий болгох, нэг цонхны бодлого баримтлах, техник технологийн асуудлаа бүрэн шийдэж чадвал бид ашигтай ажиллана. Харамсалтай нь олон жил тогтвортой байх байсан үнийг өөрчлөөд гэрээгээ цуцалчихсан. Тиймээс бид одоо тулгарч буй хүндрэлүүдийг даван туулах чиглэлээр тусгайлсан бодлого боловсруулж ажиллах шаардлага гарч ирж байгаа. Ер нь ирэх оноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бага хэмжээгээр өсөх юм билээ. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Үнэ өсөж орлого нэмэгдлээ ч зарлагаа нэмж болохгүй гэдгийг хатуу ойлгомоор байна. Бид өнгөрсөн хэдэн жил уул уурхайн баялгийн үнийн өсөлтийг дагаж зарлагаа өсгөчихсөн чинь эдийн засаг хүндэрсэн үед зарлагаа танаж чадахаа больчихсон. Өнөөдөр ч гэсэн Монгол Улс 9.9 хувийн алдагдалтай төсөв батлах гээд сууж байна. Тиймээс бид орлогыг дагаж зарлагаа өсгөхгүй гэсэн бодлого баримтлах ёстой. Үр дүнд нь эдийн засгийн үзүүлэлтүүд л сайжирна. Үүнийг дагаад зээлжих зэрэглэл өсөх эерэг хандлага гарч ирэх юм. Нэг ёсондоо 2017 он бидний хувьд эдийн засгийн уналтыг тогтоож сэргэлт хийж чадах уу гэсэн хариуцлагатай жил болно.

-Ирэх онд гадаадаас ямар, ямар хөнгөлөлттэй зээл тусламж авах бол?

-Шинэ Засгийн газар гарч ирээд бүх л арга замыг хайн ажиллаж байна. ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай харилцаагаа сэргээж байна. ОУВС-гийн ажлын хэсгийнхэн манай улсад ирчихсэн ажиллаж байгаа. Төсвийн алдагдлыг бууруулахын тулд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх саналаа манай улс тавьчихсан байна. Энэ хөтөлбөрийг хэржүүлбэл сайн. Мөн олон жил хамтын ажиллагаатай явж ирсэн гадаад улс оронд эдийн засаг, хамтын ажиллагааны олон талт саналуудаа тавьж байгаа. Ялангуяа экспортын орлогоо нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, олон жил ярьсан бүс нутгийн хэмжээний төслүүдэд хамрагдаж хамтрагчаар оролцох гэхчилэн ажлууд ярьж байна. Мөн хориос дээш жилийн хугацаатай, хоёр хүртэлх хувийн хүүтэй урт хугацааны хөнгөлөлттэй зээл авъя гэсэн олон асуудалд анхаарал хандуулж байгаа. Улсын эдийн засагт хүндрэл учруулаад байгаа их хэмжээний өр зээлийг өнөөдрийнхөө чадавхиар төлөөд явна гэвэл худлаа. Тийм чадавхи улсын эдийн засагт байхгүй. Эхний ээлжинд чадавхитай болохын тулд амьсгаа авах хэрэгтэй.

-Ирэх онд төсөв, мөнгөний бодлого хоёр хэр уялдаж байгаа вэ?

-Уялдах ёстой. Мөнгөний бодлого, төсөв хоёрыг уялдуулалгүй ирсний уршиг нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн нэг чухал үзүүлэлт. Ялангуяа төсвийн сахилга бат хэтэрхий алдагдсан. Монголбанк бие даасан, хараат бус байдлаа алдаж Засгийн газрын халаасанд хэтэрхий их орж явлаа. Үүнээс болж монгол төгрөгийн ханш урьд хожид байгаагүйгээр буурсан. Монголын эдийн засагт төлбөрийн тэнцлийн их хэмжээний алдагдал бий болж байна. Манай улсын эдийн засгийн өсөлтүүд бүгд унасан. Бараг 1990 оныхоо түвшин рүү оччихлоо. Хорин жилийн турш олон үеийн Засгийн газар, Монголбанкны ажлын үр дүнг өнгөрсөн дөрвөн жилд баллаад дуусгасан гэж харж байгаа. Эргээд мацах үүрэг хүлээчихээд байна. Мөнгөний бодлого, төсөв хоёр төрийн тулах цэг учраас уялдуулахаас өөр аргагүй. Тоон үзүүлэлтийнхээ хувьд ч, удирдлага зохион байгуулалтынхаа хувьд ч уялдаж явах ёстой. Тэгж байж эдийн засаг сэргэнэ. Ер нь бидэнд мөнгө дутаагүй байсан гэдгийг санах ёстой. Энэ зүйлүүдийг засахын тулд эхлээд бодлогын алдаануудаа харах хэрэгтэй. Монгол гэдэг айл руу орж ирж буй орлогын хүүдийг цэвэрлэх хэрэгтэй. Ёроолынх нь цоорхойг сайн бөглөж байж мөнгө хийхгүй бол дахиад хаанаас ч зээл авсан цоорхой уутанд гурил хийсэн юм шиг байна. Бодлогоо цэгцэлж засаж чадахгүй бол бид дахиад л буруу замаар будаа тээнэ. Тиймээс хамгийн түрүүнд бодлогын алдаагаа засаад авах ёстой.

-Ирэх дөрвөн жилд амжиж тогтолцоогоо өөрчлөх ёстой гэж ярьж байгаа. Өөрчилж чадах уу?

-Ард түмэн МАН-д маш өндөр итгэл хүлээлгэлээ. Улс төрийн том итгэлийг дагаад хүлээлтэд нийцүүлэхийн тулд нийгмийн шинэ цаг үетэй нийлсэн томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Шинэчлэлийг хийхийн тулд томоохон реформын шинжтэй ажлуудыг хийнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас эхлэх ёстой. Эдийн засгийн томоохон бодлого, төрийн албаны шинэчлэл зэргийг хийж байх олон жилийн хөгжлийн сууриа зөв тавих хэрэгтэй. Мэдээж хэрэг хямрал хүндрэл бидэнд эргэж алдаа гаргахгүй байх сургамж үлдээж байна. Нэг ёсондоо байгаа боломжоо зөв ашиглаад хүндрэлийг давчих юм бол цаашид тогтвортой хөгжил бий болгох гарц болно. Тэр талаас нь харвал энэ удаагийн хямрал бидэнд олон ухаарал өгч байгаа.

-Шинэчлэлийг юунаас эхлүүлэх вэ?

-Эхлээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулмаар байна. Өнөөдрийн Үндсэн хууль сайн хууль. Өнгөрсөн 25 жилийн бүхий л зүйлийг зохицуулж ирлээ. Одоо харин ирэх 25 жилийг зохицуулах Үндсэн хуультай болмоор байна. Эрх мэдлийн зөв хуваарилалт бий болгосон, хариуцлагыг улам бүр тодорхой болгосон Үндсэн хуулийн өөрчлөлт рүү явах ёстой. Хоёрдугаарт, эдийн засгийн бүтцийг солонгоруулна, олон тулгууртай болгоно гэж олон жил ярьж байна. Энэ бүтцээ хийх үйлдвэржилтийн бодлого гаргаж тавих хэрэгтэй. Гуравдугаарт, халамжийн бодлогыг зорилтот зах зээл рүү хандуулах ёстой. Бид халамжийн хавтгайрсан бодлогоос татгалзах цаг болсон гэдгийг иргэд болон төрийн байгууллагынхан ойлгох цаг болсон. Дөрөвдүгээрт, Монголын баялгийн хуваарилалтыг зөв хиймээр байна. Баян хоосны ялгаа ихсээд байгааг яаж зохицуулах юм бэ. Чинээлэг дундаж давхаргыг олонхи болгосон нийгэм бий болгох үзэл санааг агуулсан татвар, эдийн засаг, төрийн бодлогын шинэчлэл хийхгүй бол болохгүй. Тавдугаарт, 200 гаруй мянган хүнтэй төрийн албыг шинэчилж чадавхижуулах зайлшгүй хэрэгтэй. Ингээд ярих юм бол ойрын хугацаанд хийх томоохон шинэчлэлийн чиглэлүүд бий.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баясгалан: Олон улсын хэмжээнд монголчуудын нээсэн теорем гэж ярьж, бичигдвэл хичнээн сайхан байхав

Б.Баясгалан багш бол уг нь онолын математикч мэргэжилтэй. Өөрийнх
нь ярьснаар хувь заяаны эрхээр багшилсан гэнэ. МУИС, Багшийн их сургуульд багшаар
ажиллаж байгаад “Олонлог” сургуулийг үүсгэн байгуулсан. Одоо ч математикийн олимпиадад
оролцох сурагчдаа өөрөө хичээл зааж бэлддэг, бүр тусгай өрөөтэй. Тэр өрөөний хананд
“Тархинд шулуун суумал. Тэнгэрт үүл нүүмэл” гэсэн өөрийнх нь хэлсэн үгийг бичсэн
нь ихэд содон харагдав. Б.Баясгалан захирал бид хоёрын яриа түүний нээсэн нэгэн
математикийн теоремоос эхэлсэн юм.

-Би бүр залуу байхдаа буюу 1988 онд Монгол Улсын математикийн олимпиадад
нэгэн бодлого дэвшүүлсэн. Тэрийгээ өргөтгөж, судалсаар яваад Монголоор овоглогдох
чухал теорем болж чадсан юм. Баяржаргал багш маань “Багш аа, та энэ бодлогоо нэг
янзлаач, их гоё шүү дээ” гэж хэлсэнийх нь дагуу нэлээд нухаж явсаар байгаад Багшийн
дээд сургуульд багшаар очиход оюутан байсан, Монголын дархан аварга математикчид
болсон Ганбилэг, Баяржаргал бид гурав нийлж уг теоремийг баталсан хэрэг. Энэ бол
үнэхээр гайхамшигтай теорем. Харамсалтай нь Монголдоо дэмжлэг авч чадалгүй хоёр
жилийг үджээ. Яагаад гэдгийг нь ойлгодоггүй. Би боломж гарангуут л уулзаж учирсан
дарга, сайдуудад түүнийгээ тайлбарлаж хэлээд л явдаг. Улаанбаатарын Матетматикийн
семинар дээр олон эрдэмтэнд нээлттэй хэлэлцүүлж буруу, зөвийг нь нягтлуулсан үр
дүн. Монголчуудаар овоглогддог учиртай нэгэн теорем бий. Их эрдэмтэн Мянгатын үр
дүн л дээ. Гэхдээ тэр нь Каталаны тоо гэж итали хүний нэрээр нэрлэгддэг. Гэтэл Каталанаас
70-80 жилийн өмнө монгол хүн баталсныг дөнгөж 2014 онд Америкийн зарим нэгэн сурах
бичигт Монголын эрдэмтэн нээсэн гэж бичсэн байдаг. Үүн шиг түүх давтагдах вий гэж
санаа зовдог. Хувийн сургуулийн нөхдүүд хийсэн юм гэнэ. Энд тэнд ярьж болохгүй,
сурталчилгаа болно гэж хэлдэг. “Дунд сургуулийн багш нар ийм гайхалтай теорем батлах
тохиолдол ховор шүү” гэж би хэлдэг юм. Энэ бол Баясгалан, Ганбилэг, Баяржаргалын
асуудал биш. Монгол хүний ухаанаар бүтсэн маш сайхан теорем тул цааш нь аваад яваарай
гэж хэлдэг. Олон улсын хэмжээнд монголчуудын теорем гэж ярьж, бичигдвэл хичнээн
сайхан байхав гэж боддог доо.

-Та олон улсын олимпиадад сурагчдаа авч явахдаа гадаадын мэргэжлийн
хүмүүст энэ теоремынхоо талаар ярьж, танилцуулдаг уу?

-Математикийн хөгжлийг тодорхойлдог том гүрнүүд жижиг орны математикчдийн
хийсэн зүйлд эргэлзэнгүй ханддаг. Хоёрдугаарт, бид Японы математикч Кавасаки болон
бусад мэргэжлийн хүмүүст явуулж байсан. Гадныхан гайхамшигтай үр дүн байна гэдэг.

1982 онд би есдүгээр ангиа төгсөөд Унгарт болсон олон улсын математикийн
олимпиадад явж байсан. Одоо бол нэлээд алдартай болчихсон Оросын математикч Г.Перельман
тэр тэмцээнд надтай цуг оролцож билээ. Тэр хүн нэг сая ам.долларын шагналтай бодлогыг
бодоод интернэтэд тавьчихсан. Түүнийг шагналаа аваач гэхээр авдаггүй “Надад шагнал
хэрэггүй. Энэ теоремын зөв гэдэг нь батлагдвал боллоо” гэж хэлдэг. Тухайн үед тэр
хүнтэй цуг олимпиадад орж байсан болоод ч тэр үү Г.Перлман надад их ойр санагддаг.
Түүн шиг бид нээсэн теоремоо интернэтэд тавьсан. Интернэтэд ороход баталгаа зэрэгтэйгээ
байж байгаа.

-Манайхан албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй теоремыг ингэж хамаагүй
интернэтэд байрлуулж болох уу. Зохиогчийн эрхийн асуудалд л санаа зовоод байна?

-Сайн тал нь гэвэл интернэтэд байрлуулсан он, сар, өдөр гэж байна.
Монголын “Олонлог” сэтгүүл дээр хэвлэгдчихсэн. Бид юуны түрүүн зохиогчийн эрхээ
хадгалах үүднээс яаралтай арга хэмжээ авсан байгаа. Чимээгүй дараад байх юм бол
харин ч өөр хүний хоол болох аюултай. Тиймээс ч Г.Перельманы жишээгээр олон түмэнд
задлаад тавьчихсан. Сүүлд Ираны нэг математикч түүнийг интернэтээс олж үзээд “Та
нарын баталсан теоремыг үзлээ. Маш гоё теорем баталсан байна” гэж бичиж байсан.
Жижиг улс орнууд өөрсдийн судлаач, эрдэмтдийн баталсан теорем, хийсэн нээлтийг нандигнан
хайрлаж байх ёстой. Хүн төрөлхтний оюуны бүтээлд Монголоос оруулж байгаа хувь нэмэр
гэдгээрээ гайхамшигтай. Ингэснээр 100 см диаметртэй тойрог дээр хоорондын зай нь
бүхэл байх хичнээн цэг байх уу гэдгийг монголчууд л мэднэ. Бид бол зургаа байна,
долоо байхгүй гэдгийг баталж чадсан. Цаашлаад бүх утган дээр хэд гарахыг монголчууд
л хариулж чадна даа. Би үүгээр бахархдаг. Математик өөрийнхөө дотоод хөгжлөөр явсаар
байгаад их хийсвэр, математикийн багш нар ч тайлбарлаж чадахааргүй тийм түвшинд
хүрчихээд байгаа. Өөрөөр хэлбэл, сонгодог математикт шинэ нээлт хийнэ гэдэг боломжгүй.
Яагаад би энэ талаар ярих их дуртай байдаг вэ гэвэл бидний нээсэн энэ теорем нь
сонгодог математикт гаргасан үр дүн. Бид гурвын нээсэн теоремыг дунд сургуулийн
хүүхэд ч ойлгоно.

-Та бол боловсролын салбарт олон жил ажиллаж байгаа хүн. Тэгэхлээр
энэ салбарын талаар ярилцъя.

-Сүүлийн үед сургалтын үйл явцын гол тоглогч нь сурагч өөрөө гэж
яригдах боллоо. Өөрөөр нь өөрийг нь хөгжүүлэх хандлагууд нэлээд гарч байна. Үүнийг
би маш том алдаа гэж боддог. Энэ нь зөв байж болно, гэхдээ хүмүүст ихэнхдээ буруу
утгаар буудаг. Сургалтын үйл явцын гол хөтлөгч нь багш. Сайн багш дээр сайн шавь
таарахгүйгээр сайн сургалт гэж байхгүй. Хоёр талаасаа шүү дээ. Нэгдүгээрт, эцэг
эхээс заяасан хүмүүжил, удамшлын тухай асуудал. Энэ нь хүүхэд. Хоёрдугаарт, багш.
Хичнээн сайн хүүхэд байгаад олигтой багштай таарахгүй бол амжилт байхгүй. Би л гэхэд
тавдугаар ангидаа Монгол Улсын Гавьяат багш Алтайгаар тоо заалгаж байсан. Дараа
нь Нэгдүгээр сургуулийн тооны ангид шилжиж ирээд Монголд математикийн гүнзгийрүүлсэн
сургалтын суурийг тавьсан гавьяат багш Шарав, Цагаан багш нараар заалгасан. Тэдний
ачаар олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртэж байлаа. Медаль авсан
гээд ОХУ руу шалгалтгүйгээр сургуульд явуулж байлаа. Тэнд дэлхийн II дайны үед Урал
рүү шилжээд ирчихсэн еврей багш нараар хичээл заалгалаа. Би 26 настайдаа математикийн
ухааны доктор хамгаалсан нь эдгээр багш нарын маань ач. Нэг үгээр хэлэхэд, үргэлж
мундаг багштай байсан. Ялангуяа Монгол шиг жижиг орон бол боловсролыг массыг хамарсан
үйлдвэрлэл мэтээр явж болохгүй гэж боддог. Монгол Улс бол еврейчүүд шиг Израил улс
шиг иргэн болгоноо боловсролтой болгоно гэсэн бодлоготой байх ёстой. Үүнд онцгой
анхаарал хандуулж, хүүхэд бүр сайн сурах ёстой гэсэн зарчим баримтлах нь зүйтэй.
Зоргоор нь тавих юм бол хүн хэзээ ч сурдаггүй. Үүнийг хүн бүр практикаас мэддэг.
Би их, дээд сургуульд багшилж үзсэн. Хувь заяаны эрхээр дунд сургуультай холбоотой
болчихлоо. Миний шавь нар багш болчихоод надтай цуг ажиллаж байна. Багшийн ажил
бол сурагчдын гол удирдагчаас гадна үндэсний аюулгүй байдал, тухайн үндэстэн оршин
тогтнох гол баталгаа нь юм байна гэсэн бодол надад үргэлж төрдөг. Багш хүн ёс зүйтэй,
хариуцлагатай, чадвартай, хүнлэг байж улс орон аятайхан болно. Хүний уураг тархины
чадамж удамшдаг нь бараг нотлогдсон зүйл. Ээж, аав хоёр нь хичнээн их ном уншина,
бодож сэтгэнэ үр хүүхэд чинь төдий чинээ ухаалаг төрнө. Еврейчүүдийн парадокс гэж
хэлдэг. Яагаад тэд бүх салбарт мундаг байдаг вэ гэхээр гуталчин аав хуримтлуулсан
бүх мөнгөө хүүхдүүдийнхээ боловсролд зориулдаг. Ингэж удмаа сайжруулж байна. Манайх
шиг гурван сая хүн амтай оронд энэ бол их чухал. Хүн болж төрсөн утга учрын нэг
нь дараа үеэ бэлдэх. Багшийн албанд зүтгэж, Монголын дараа үеийг бэлдэхэд өөрийн
бие, хүчээ зориулж байгаадаа баяртай байдаг. Намайг ийм болоход гол үүрэг гүйцэтгэсэн
багш нартаа талархаж явдаг даа.

Дашрамд дурдахад эрх чөлөөний баталгаа болсон танай сонинд ч талархаж
явдаг гэдгээ хэлмээр байна. Аль ч цаг үед гарч л байдаг. Танай сонинтой холбож өгсөн
талийгаач, миний анд Ж.Гангаа найздаа, “Багш” буландаа урьсан та бүхэнд талархаж
явдаг шүү.

Categories
мэдээ цаг-үе

Сэгс цагаан богд ууланд сэрүү унах болоогүй байна

Хатан суудлын застав дээр аяны тоосоо үргээж хоносон “Говийн гайхамшигт зургаа”-гийнхан маань Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байдаг Цагаан богд уулыг зорин хөдөллөө. Нутгийнхны ийн нэрлэх уул бол ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн найраглалаар алдаршсан Сэгс цагаан богд хайрхан билээ. Алтайн өвөр говьд ид зунаараа. Ялаа шумуул, царцаа дэвхрэг л харин улирлын эрхээр бараа сураггүй алга болжээ. Бор шаргал далавчтай жигтэйхэн гоё эрвээхэй хоёр хоногийн өмнө майхан дээр ирж суухад зурагчин П.Отгонбаатар ихэд олзуурхан зургийг нь дарсныг эс тооцвол хорхой шавьж ч таараагүй гэж хэлж болно. Ээж хайрханд тэр жил наймдугаар сард очиход энд тэндгүй гүйлдэж байсан замба гүрвэлүүд ч ичсэн бололтой, ганц нь ч бараагаа харуулаагүй сэн. Цагаан бургасны шанд дээр бил үү, харин загийн шар хэмээх хачиг элсэн дээр олноор явж байхыг үзсэн. Алтайн өвөр говийн цаг агаарын байдал хорин хэмээс дээш дулаахан байсан. Тэгэхэд Улаанбаатарт цас ороод хасах хэмтэй байсныг санаж байна.

Шар хулсны баянбүрд дээр мазаалайн мөр үзсэн болохоор үндсэндээ говийн баавгайтай таарсан мэт сэтгэл хангалуун байцгаасан. Учир нь мазаалайн тухай бичлэг цахимаар нэг байдаг болохоор тийн сэтгэл цадацгаасан байх талтай. Говийн хадан уулын сайр даган явах бидний аяллын зам улам бартаатай болсоор. Хоёр талаар хүрээлсэн сүрлэг хадан байцууд агуй, нүх ихтэй нь ямар нэг амьтны ухархайг нь ухсан гавалтай төстэй. Эгц хадан уулын энгэрт хүний хөл хүрэхгүй шахуу харагдах нэгэн хүнхэр агуйг сайн эр Хөөтийн агуй гэдэг аж. Өвөрхангай аймгийн прокуророор ажиллаж байсан Хөөт хэмээх хүн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын сайн эр Дашдаваагийн хэргийг шалгаж байгаад нэг л өдөр “Хуульчийн ажлаа өглөө. Хулгайчийн замд орлоо” гэсэн бичгийг ажлынхаа ширээний нүдэнд хийж орхиод оргож одсон гэх. Дашдаваа, Хөөт хоёрын тухай аман домог говийнхны дунд элбэг. Дашдаваа сайн эрээс гадна элдэв увдистай хүн байсан шиг яригддаг. Түүнийг барихаар олон хүн бүслэн очиход дөч тавин хувь Дашдаваа болж хувилчихаад алийг нь барихаа мэдэхээ байсан үед жинхэнэ Дашдаваа нь зугтаад явчихдаг байсан, мөрдөнд түгжчихэд цоож нь ямар ч түлхүүргүй онгойдог байсан гэх мэт үлгэр домог шиг зүйл зөндөө яригдана.

Хүж хад

Хөөтийн агуйг үзэж, Сүүжийн булгийг чиглэн хөдөлсөн манай фургон хадан хавцгай өөд хаазлан зүтгэж байгаад унтарч хүч алдан ухрав. Чулуу ивэн байж газрын хэвгийд бууж ирвэл зүүн хойд талын дугуйны тахир гол гээч юм хугарчээ. “Эзгүй хээр газар ингээд балардаг байжээ” гэж бодтол жолооч маань ерээд оны баячуудын барьдаг байсан данхар хар гар утас шиг юм бариад уулын оройгоод гараад явчихдаг юм. Урт антеннтай мөнөөх зүйлийнх нь дуу чимээ ч сүртэй. “Байна уу, байна уу, Эхийн гол оо” гэж дээр үеийн сумын холбооныхон шиг хашгирсаар хоёр зуугаад километрийн цаана байгаа хүргэн ахтайгаа холбогдож машины сэлбэгээ захьчихаад бууж ирсэн. Тэгэхнээ тэр зүйл нь говийнхны “ховч хар” хэмээн нэрлэсэн сүлжээ сайн барьдаг бэсрэг станц ажээ. Жолооч маань “Нутгийн бараа хараад машин эвдэрсэн нь ёстой аз боллоо. Хар сайрын хөндийд хааш хаашаа эзгүй цөлд саатсан бол яана” гэж биднийхээ сэтгэлийг засаж байна. Нээрээ л усгүй элсэн цөлд Говь-Алтай, Баянхонгороос алс эзгүй хээр суучихсан бол бид яалтай билээ. Мань эр уулын оройгоос “ховч хар”-аа барин бууж ирэхдээ “За, Эхийн голоос хүргэн ахаа сэлбэг аваад ир” гэлээ гэж байна. “Хэдэн километр газар билээ” гэсэн чинь “Хоёр зуун тавин километр. Мотоцикльтой хүнд юухан байхав” гэж байна. Холхон саахалтын газрын тухай ярьж байгаа юм шиг хээвнэг байгаа нь говийнхны уудам дэлгэр нутгийнхаа тэнгээр сэтгэж ярьдгийн ганц жишээ болмоор.

Өргөнөөрөө 7.1 метр бүдүүн Хаан
тоорой

Алтайнхныхаа фургонд шилжин суусан бид хадтай аараг сүлжин явсаар үдшийн бүрийгээр Сэгс цагаан богд хайрхны зүүн талд отоглосон түрүү машиныхан дээрээ ирцгээсэн. Сэгс цагаан богд уул дэргэдээс нь харахад хэвтэж байгаа ачаатай тэмээ шиг хүглийж үргэлжилсэн хар хайрхан байна. Дэндэвийн Пүрэвдорж гуай ч энэ сайхан нутгийг үнэндээ л бишрэн шүтэж алдаршуулжээ. Сэгс цагаан богд бол мазаалай, хулан, хавтгай, хар сүүлт, аргаль, янгир, ирвэс, шилүүс, чоно үнэг зэрэг хээрийн зэрлэг ан амьтдын төрөлх өлгий нутаг юм. Энд говийн гоёо, бажууна, таана хүмүүл цулхираас эхлээд төрөл бүрийн эмийн ховор ургамал, хонин хармаг, чонон хармаг, харгана, буйлс, заг, тоорой, хайлаас, сухай гээд говийн өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлсэн мод бут ургахаас гадна ёл, хойлог, эрээн хавиргат хахилга, ногтруу зэрэг жигүүртэн элбэгтэй. Сэгс цагаан богд байгалийн үзэмж төгсөөс гадна хилийн зааг Торгоны замын дагуух нутгийн хувьд Ойрад, Зүүнгарын хаант улс, Түвд, Хятадтай холбоотой олон түүхийн гэрч болж арвангуравдугаар Далай лам, Жаа лам Дамбийжанцангаас өгсүүлээд олонд алдартай хүмүүсийн эерэг, эсрэг эрчис домог болон үлдсэн нутаг аж. Шинэжинстийн уугуул зураач Батжаргал ах “Манай нутагт хятадууд хулангийн махаар консерв үйлдвэрлэж гаргадаг байсан гэхээр овоо их хулантай байсан байгаа биз” гэж байсан.

Сарны саруулд загийн галын гэрэлд тойрон сууцгаасан гучаад хүний сонорыг мялааж

“Аяа сайхан говь минь

Алтан шаргал говь минь

Солонгын долоон өнгө билээ

Идээний таван амт билээ

Ижил нь үгүй үнэртэн билээ

Солонгон уул буюу Ногоон цав. Баянхонгор
Шинэжинст сум

Ид шидийн үзэсгэлэн билээ” гэсэн сөөнгө хоолой сонсогдох нь яруу найрагч Мөнхтогтох дүүгийн дуу мөн. Сэгс цагаан богд уулын савдаг нь цагаан тэмээ унасан урт цагаан сахалтай өвгөн байдаг гэх бөгөөд нутгийн зарим хөгшчүүл савдаг нь цагаан тэмээтэй Дугар зайсан гэлцдэг аж. Энэ тухай насаараа энэ нутагт цаг уурчаар ажилласан, бидний хамгийн ахмад настан Дашчирав гуай хуучилсан шиг сууна. Олон хоногийн аялалд хамт явсаар ижилдэн дассан Алтай, Хонгор нутгийн залуус сэтгэлдээ гунигтай, дуугаа хураан сууцгаана. Маргааш нутаг нутгийн зүг хүлгийн жолоо зална гэхээс “учрахын баяр их тусмаа хагацлын гуниг хүнд” хэмээх Урианхай найрагчийн үгийн үнэнг мэдэрцгээсэн биз.

“Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киноны хүний наймаачин авгай, “Намрын синдром” уран сайхны киноны кондуктор, “Хархны өгөөш”, “Хайрын эрэлд” зэрэг арваад кинонд дүр бүтээсэн Монголын радиогийн найруулагч, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Сарантуяа бүсгүй гал тогоотой шадарлаж, хээрийн цай пурхийлгэнэ. Говь-Алтайнхан хонин тогоонд хорхог шаржигнуулж, Цагаан богд уулын савдгийг аргадан, сэтгэлийн сэржим өргөцгөөлөө. Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагч Доржсүрэн ахын дуу яльгүй өндөрсөж “Танай сонины сэтгүүлч Гангаа юу хийж байна” гэж палхийтэл асуулаа. Хэлэх үг ч олдсонгүй. Монгол даяарын арслан сэтгэгч, Шар бичээч овогт Жамбалын Гангаа шиг байгальд элгэн халуун хайртай сэтгүүлч Монголд хэзээ дахин төрөх бол. Тэр бол Монголынхоо нутгаар их аялсан, тэр хэрээрээ уншигч олон аян замын тэмдэглэлээ жинхэнэ утгаар уншуулж мэдрүүлж чаддаг чадварлаг бичээч байлаа.

Дээлтэй төрсөн ах минь болсон эл ачтанаа хоёр жилийн өмнө бурхан болсныг Доржсүрэн ахад дуулгавал хэсэг чимээгүй байснаа хуурайшиж борлосон хацрыг нь зуран гашуун гунигийн горхи салаалан урсах нь түүдгийн гэрэлд гялалзана. Сайн хүнийг дурсахад санаа сэтгэл ариусдаг гэгчээр Доржсүрэн ах ийн хүүрнэж байна. “Гангаа бид хоёр цэргийн онжавууд. Манай хүн “Алдар” спорт хороонд хүндийг өргөлтөөр ах Пүрэвсүрэнтэйгээ хамт хичээллэдэг байлаа. Уржнан бид хэд энэ Алтайн өвөр говиор хамт явсан. Би газарчилсан ухаантай юм. Мөн ч хээгүй сайхан хүнсэн. Хүний сайныг…” гээд санаа алдав. Биднийг ийн хөөрөлдөж суутал Говь-Алтайн боловсролын салбарт олон жил ажилласан Баян-уулын уугуул Энхжаргал зураач “Гангаатайгаа “Алдар”-т хамт байлаа. Хүний дээд байсан даа” гэж хажуугаас үг ивсэн шиг сууна.

“Тоост их говийн

Тортогт хөх асар

Сэгс цагаан богддоо

Сэтгэл хоргодоод болдоггүй” тэмээчин бүсгүй Сүхбат гуайн нутаг бидний буурилсан газраас хөөрхөн зайтай аж. Хүн бүхэн л Сүхбат гуай, яруу найрагч Долгорын Нямаа хоёрын тухай, 44 жилийн дараахь уулзалтын сайхныг хүүрнэцгээнэ. Амбасэлмаа сэтгүүлчийн хийсэн нэвтрүүлэг ард түмний сэтгэлд хоногшжээ. Шөнө дунд мотоциклийн дуу цингэнэсээр ирсэн нь манай унааны “түргэн тусламжийн эмч” Шинэжинстийн малчин Сүхдалай, цэргээс энэ хавар халагдсан хүүгээ морин жолооч болгон ирсэн хэрэг байлаа.

“Анагай гурван цоохор

Ажин гурван ширдэг

Ах дүү гурван хаалга

Аман гурван сээр

Ар гурван дэл

Алаг гурван шанд

Задгай гурван хээр

Зах гурван бамбуу”-гаа алдаршуулсан Сэгс цагаан богдоос хөдөлж, Монголын хамгийн том тооройг очиж үзэв. Хаан тоорой хэмээн нэрийдсэн эл модыг зургаан хүн гараа барин алдалмаар бүдүүн юм билээ. Эхийн голын суурин орж сэрүүн сайхан баян бүрдээр нь сэтгэлийн мэлмийгээ баясгаж өнжсөн аяллынхан Алтай сайхан нутгаас зорин ирсэн багийнхнаа нутгийн хилийн овооноос үдэж өгөхөд хүн бүхэн нүдэндээ баяр, гунигийн нулимстай зогсоцгоосон билээ. Ээж хайрхны бэлээс алтайнхны унаанд сууж явсан Мөнхтогтох, Батхуяг хоёрыгоо харахад хаврын ноолорсон ботго шиг юмнууд болцгоосон байж билээ. Шинэжинст сумын нутагт Солонгон уул хэмээн алдаршсан Ногоон цав уул үнэхээр үзэсгэлэнтэй газар юм. Хүж хад гэсэн сонин тогтоцтой газар ч очлоо. Шинэжинстийнхэн энэ жил ноолуур нь дэлхийн зах зээл дээр өндөр үнэлэгддэг Залаажинстийн цагаан ямаагаа УИХ-ын тогтоолоор үүлдрийг нь тогтоолгож баталгаажуулсандаа сэтгэл өндөр байцгаана лээ. Энэ сумын хоёр зуун мянган малын тэн хагас нь цагаан ямаа юм билээ.

Баянхонгор аймгаас хөдөлж Баацагаан суманд хоноглон, Монгол бөхийн овоонд мөргөж, Бөөн цагаан нуурт сүслэн, Баян тооройд буудаллаж, Ээж хайрханд залбиран, Захын усны хавтгай үржлийн төвд зочлон, Гантөмөрийн сайрт цүү хаян, Отгоны уснаа үдлэн, Хар сайрын хөндийг хөндлөн туулж, Баруун шаргын баян бүрдэд тухлан, Шар хулс-Цагаан бургасны баян бүрдээр орж, Хатан суудлын хавцлыг өгсөн, Сэгс цагаан богд уул, Сүүжийн булаг, Эхийн гол, Хаан тоорой, Ногоон цав, Дөш уул, Зуун мод, Хүж хад гэсэн маршрутаар аялсаар Их Богд уулаа арлан Түйн голынхоо хөвөө Номгон хайрхныхаа бэлд ирэхэд даруй хоёр мянга гаруй километр замыг ардаа эвхжээ. Баянхонгорын төвд орж ирүүт аяганы амсар зуув уу, үгүй юу салхинд хөөгдсөн хамхуул шиг Улаанбаатарынхаа унаанд суухад говийн донсолгоот замаар орос тэрэгний хатуу явдалд дассан бидний таван уран бүтээлч зөөлөн буйданд тухалсан мэт нүд анилдан дугжирвай. Алтайн өвөр говьд зунтай айлсан явсаар гурван мянган километр замыг туулан нийслэл хотдоо үүрээр хөл тавихад шөнийн орсон цасны жавар хүрэм нэвт жиндүүлж хүйтний ам наашилсныг өөрийн эрхгүй ойлгуулав аа.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургуудыг

Д.БАТБОЛД

П.ОТГОНБААТАР

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурав дахь хөрш ба гурван Хөрш

Дэлхий ертөнц хэрхэхийг Хархорумд шийдэж байсан үе нэгэнт түүх болжээ. Түүхээр бахархаж болохоос давтаж болдоггүй. Дараа нь хэрхэхийг Бээжингээс, улмаар Москвагаас асуудаг зуунууд байсан. Бас л түүх болсон. Харин дэлхийтэй хэрхэн харилцахаа Улаанбаатарт шийддэг болоод хорь гаруй жил өнгөрлөө. Гадаад харилцааны цангаагаа гаргах ээлж ингэж ирэв. Бээжин хорвоод байдаггүй аятай, Москва гэж оршдоггүй байлтай санагдаж эхлэв. Гадаад харилцаа барьдаг эрхмүүд гэлтгүй, ерөөсөө л нийт үндэстний сэтгэлгээ тийм байсан.

Монгол Улсын гурав дахь хөршийн бодлого гэж гарч ирсэн. Уул санаа нь орчин үеийн хөгжил дэвшлийн үрээр, хил хязгаараас үүдсэн садаа бэрхшээл багасч, улмаар “дэлхий тэгш” болж байгаа сайхан нөхцөлийг ашиглах санаа. Хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол орон “Та минь ээ, би энд байгаа шүү” гэж байн байн хашгирч, олон амьтанд мэдэгдэж байх нь оршин тогтнохуйн баталгаа. Манай цэргүүд энхийг сахиулж, олон улсын үйл ажиллагаанд Монголын тал идэвхтэй оролцож байгаа нь хадны завсар халиуны зулзага байгааг ертөнцийн чихнээ сануулж байдаг. Ингэснээрээ Монгол Улсын тусгаар тогтнол хүн төрөлхтний ой санамжинд бат “сээв”-лээстэй оршдог хэрэг. Түрүүхэн манай Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргаж “ Монгол Улс Ойрхи Дорнодын бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад анхаарч ирсэн орны хувьд Ирак Левантын “Лалын улс” хэмээх террорист бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж, 2014 оны есдүгээр сарын 15-ны өдөр Парис хотноо болсон Иракийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлын үр дүнг сайшааж байна” гэх жишээний. Уг нь хаа байсан Ойрхи Дорнод, юу яасны Левант, харганы ноосоор эсгий хийхийн үлгэр гэмээр. Гэвч энэ бүхэн бидний улс орчин цагийн ертөнцөд оршихуйн нэг хэсэг. Яг л 1945 онд, дэлхийн дайны төгсгөлийн өдрүүдэд, тэртэй тэргүй ялагдаж байсан Японд амжиж дайн зарлан пижигнүүлж байсан шиг, тусгаар тогтнолын төлөөх алхам мөн. Манай гурав дахь хөршийн бодлого амжилттай хэрэгжиж байна.

Уул уурхайгаар хөллөсөн хөгжлийн замаа барууныхантай буюу гурав дахь хөрштэйгөө хамтран урагшлах боломж хэмээн бид харсан. Ер нь ард нийтээрээ гурав дахь хөршийн бодлого гэдгээ “зөвхөн гурав дахь нь л хөрш мөн” санаагаар хүлээн авч байлаа. Ингээд Оюу толгой, Таван толгой зэрэг “Учиртай хэдэн толгой”-гоо Оросгүй, Хятадгүйгээр ашиглах мөрөөдлөөр зүтгүүлсэн. Гэтэл явдаггүй. Нүдэн дээр өрнөж байгаа үйл явцад итгэх юм бол “Оюу толгой хятад ажилчин авчирч Монголыг дүүргэх гэлээ”, “Таван толгойг цаагуураа хятадуудтай нийлж ашиглах гэж байгаа учраас яаралтай зогсоох нь чухал” гэсэн уриа лоозонгийн дор их бүтээн байгуулалтууд нурж, гацаж байлаа. Эх орныхоо амин чухал бүтээн байгуулалтыг нурааж буй “эх орноо гэсэн сэтгэлтэй эх орончид” ийм л лоозонтой байсан. Логик нь, Хятадын оролцоогүй үйлдвэр барих гэтэл ямар нэгэн байдлаар хятадууд оролцсон нь илрээд ажил урагшилж өгөхгүй байгаа хэрэг.

Харин ураны хайгуулын салбар дахь барууны хөрөнгө оруулалтыг хөөх үйлст бол “байгаль орчин ба мал хамгаалах асуудал” тэмцлийн гол уриа байв. Хуучин Зөвлөлт улс нууц концессоор ашиглаж байсан Мардайн ураны орд энд орно. Иймээс хятад ажилчид ирсэн асуудал байхгүй. Уран айхавтар хортой эд аж. Ердөө л хайж байхад л цацрагаар шараад эхэлнэ. Францын Арева компанийн хайж байсан “олоогүй” уранд урьдчилан хордож 0-1 насны хичнээн ч тугал эндэж, хөл хүндтэй хичнээн ч үнээ тугалын зулай үнэрлэх хувь дутсаныг бурхан л хэлэх буй заа. Үнэндээ бол Оросын нэрийг муугаар хэлэхээс цээрлэж ирсэн уламжлалаа хадгалан “тугал”, “үнээ” гэхчилэн авгайлж байгаа юм.

Монголын асуудлыг Монголдоо эхэлж шийддэг болоод хорь гаруй жил өнгөрсний хойно бид гадаад бодлогоо цэгнэн харж байна. Бидний Хятадын оролцоогүйгээр шийдэх гээд дөнгөөгүй зүйлс маань Хятадыг ерөөсөө оролцуулаагүй учраас шийдэгдэхгүй байсан юм биш үү? Хятадын эсрэг уриа лоозонтой тэмцлийн цаана, Хятадыг оролцуулах шаардлага явж байсан байх нь уу? Оросгүйгээр ашиглах гээд ахиагүй ажил маань Оросгүй учраас л ахиагүй юм биш үү? Бид гурав дахь хөршийн бодлогоо дэврүүлэн үнэлж, гурав дахиас бусад нь хөрш биш гэх хэмжээнд очсон юм биш байгаа? Манай орон баян, бас сайхан нь үнэн боловч тэнгис далайн цаанаас хэн нэгэн давхиж ирээд “Монголыгоо та хоёрын хэнд ч өгөхгүй. Би тэжээнэ мэдэв үү” гээд тас тэврэх тийм учир шалтгаан бий бил үү?

Бид Москвагийнхаар, эсвэл Бээжингийнхээр явж болохгүй, бас Москвагүйгээр, Бээжингүйгээр явж болохгүй бололтой. Ингээд гурав дахь хөршийн бодлого маань “гурвуулаа бид бас хөрш” гэсэн агуулгаар баяжиж эхэллээ.

Бид хэн нэгнийхээ амнаас “Хэдийгээр надаас асуух ямар ч шаардлагагүй боловч хүн гэж тоогоогүйд нь дургүй хүрээд байгаа юм” гэсэн үг сонсож л байсан. Сая сая “хэн нэгэн” нийлснийг л улс гэдэг биз дээ. Ийм шалтагтай ч байж болох хөгжлийн садааг арилгаж эхэлж байна.

БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд манайд ээлж дараалан ирлээ. Манай Ерөнхийлөгч нэг жилийн дотор Си даргатай тав, Путин Ерөнхийлөгчтэй дөрөв уулзаж, дараа нь гурвуулаа ч бас уулзаж амжлаа. Ийм гурван хөршийн уулзалтыг гурвуулхнаа тогтмол хийж, гурван талынхаа асуудлыг ярьж байхаар тохирсон аж. Манай гадаад харилцааны энэ практикийг Казахстан, Киргиз улсууд хуулбарлан хэрэгжүүлэхээр сонирхон хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл байна. Тэд хэдийгээр ийм хоёрхон хөршгүй, зарим нь шууд Оростой хиллэдэггүй ч хувь заяа нь энэ л хоёр их гүрнээс хамааралтай билээ.

Хоёр хөршийн тэргүүн ирж байна, гурвуулхнаа уулзаж байна гэдэг нь дув дуугүй сууж байгаад өнгөрсөн ч байг хамаагүй, мөнөөх “халиуны зулзага” оршин оршин байгааг хүлээн зөвшөөрч байгаа л хэрэг шүү дээ.

Орос, Монгол хоёр орон шинэ дэлхий ертөнцөд шинээр дахин ойлголцох үе эхлэхтэй хамт Хятад улс Монголд бүтээгдсэн баялгийг худалдан авдаг “байнгын үйлчлүүлэгч” болно гэдгээ илэрхийллээ.

Юмтай байх, юм хийх гэдэг бол өнөө “юмыг яаж мэдэх вэ гэж юмтай төрсөн лам”-ын үлгэртэй агаар нэг. Юмаа авах хүн олох, юмаа борлуулах байнгын найдвартай зах зээлтэй байх нь амин чухал. Авах хүнгүй бол сандаал хийсэн ч, сандал хийсэн ч ялгаагүй, өөрөө нэгийг өмсөж, нэг дээр нь суугаад гүйцээ. Харин чиний сүлжсэн углаашийг хятад хүн бүр нэгийг авна гэвэл юу болох вэ? Нэг төгрөгөөр зарлаа гэхэд л бараг хоёр тэрбум босоод ирнэ. Хятадын зах зээл бол даанч Хятадынх л болохоос (монгол өнцгөөс харахад) мөрөөдлийн зах зээл, бизнес эхлүүлсэн болгон зүүдэлдэг боломж юм гэсэн.

Бидэнд нүүрснээс эхлээд юм, юм байна, юмхныг маань юм болгоход хамтрах гурав дахь хөршийн хөрөнгө оруулагчид байна, юмыг нь авна гэсэн бодит хөршийн тал байна. Монголын нүүрсийг авна гэдэг бол заавал монгол хүн, монгол ухаанаараа монгол хүрзээр ухаад, монгол маягаар боловсруулсан нүүрс гэсэн үг биш. Монгол нутгаас очиж байгаа нүүрс, хэнтэй хамтарсан, хэрхэн ухсан нь хамаагүй, чаддаг юм бол саран дээрээс зөөгөөд ирсэн байж болно гэсэн үг.

Хөгжлийн шинэ үе эхэлж байна. Сүгсэлзэж сагсалзаж олны дургүйг хүргэхийн оронд улс амьтны эвийг олж, хойгуур урдуур нь гүйж байгаад хэргээ бүтээдэг овжин хүн байдаг даа. Монгол үндэстэн овжин байх цаг одоо лав мөн. Нэг иймэрхүү байх жишээний…

Б.ЦЭНДДОО

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

Чуулганы нэгдсэн хуралдаантай зурган илэрцүүд

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. 2016 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 03, 04-ний өдөр /пүрэв, баасан гараг/-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулъя.


10.00 цагаас:

  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016.10.21-ний өдрийн 11 дүгээр дүгнэлт;
  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдсон, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар.