Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2016 оны 6 дугаар сарын 20-нд ашиглалтад хүлээн авсан энэ төв нийслэлийн хүүхэд багачууд, оюутан залуус, иргэдэд гамшиг ослын үед хэрхэн өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм.
Сургалт, арга зүйн төвийн барилга нь хичээлийн 7 танхимтай, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаат орчноос аврах ажиллагааны дадлага хийх, өндрөөс аврах үйл ажиллагааны танхим, гал унтраах багаж хэрэгсэл ашиглах танхим, хүүхдүүдэд зориулсан аюул, ослоос хамгаалах танхим, газар хөдлөлтийн тусгай тоноглол бүхий танхим, үзвэрийн ЗD бичил кино театр, номын сан, нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим, бага хурлын танхимтай. Мөн албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зориулалттай 7 айлын албаны орон сууц, дуудлагын автомашины тавиулан бүхий гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах Сургалт арга зүйн төв болон гамшиг, ослын дуудлагаар ажиллах Аврах анги хосолсон иж бүрэн цогцолбор байгууламж юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Олон улсын стандартад нийцсэн энэ төв газар хөдлөлт, гал түймэр, ахуйн ослын үед хэрхэн ажиллах мэдлэгийг иргэдэд олгох зориулалттай. Ирэх оны эхээр нийслэлийн Ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд, албан байгууллагуудтай гэрээ хийгээд, байнгын сургалт зохион байгуулна. Гамшиг осол байнга дэргэд байдаг гэдгийг манай иргэд санаж явах хэрэгтэй. Ялангуяа хүн ам ихээр төвлөрсөн том хотын хувьд гамшиг ослын бэлэн байдлыг үргэлж хангах шаардлагатай. Гамшиг ослын үед гарах хохирлыг бууруулахад иргэдийн мэдлэг чухал. Тиймээс энэ төв байгуулагдсанаар гамшгийн хор хохирлыг бууруулах ач холбогдолтой гэж харж байна” гэлээ.
Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв өнөөдрийн байдлаар 750 мянган гаруй иргэнийг сургалт, дадлагад хамруулсан байна.