Categories
мэдээ нийгэм

Гэрчилгээ олгох, сунгах шийдвэрийг гаргалаа

Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон Чанарын удирдлагын тогтолцоонд явуулсан үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэст 2 жилээр олгох, Үндэсний Тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг “Сүү” ХК, Орхон аймгийн “Боса катеринг” ХХК, “Од-Дөл” ХХК, “Цагаан давс” ХХК-нд 3, “Эрдэнэт Өег” ХХК-нд 2 жилээр, Орхон аймгийн “Жаргалант трейд” ХХК-нд 1 жилээр олгох, мөн 7 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг тус тус гаргалаа.

Аж ахуй нэгжийн нэр

Баталгаажуулалтын объектын нэр

Шийдвэрлэсэн нь:

1

Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн байгууллагад гэрчилгээг олгох, сунгах

1.1

Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс

Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэн байдалд анхдагч аудит явуулсан тухай

Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 2 жилээр олгох.

2

Бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгох, сунгах

2.1

“Сүү” ХК

Сүү,сүүн бүтээгдэхүүн

ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах.

2.2

Орхон аймгийн “Боса катеринг” ХХК

Катерингийн үйлчилгээ

ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр олгох.

2.3

Орхон аймгийн ”Од-Дөл” ХХК

Катерингийн үйлчилгээ

ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр олгох.

2.4

Орхон аймгийн “Эрдэнэт Өег” ХХК

Гурилан бүтээгдэхүүн

/3 нэр/

ҮТТ хэрэглэх эрхийг 2 жилээр олгох.

2.5

Орхон аймгийн “Жаргалант трейд” ХХК

Савласан цэвэр ус

ҮТТ хэрэглэх эрхийг 1 жилээр олгох.

2.6

“ Цагаан давс “ХХК

Хүнсний иоджуулсан давс

ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах.

3

Бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах

3.1

“Айплмүүн “ ХХК

“Алиман сар” нэрийн чанамал болон жигнэмэл гурилан бүтээгдэхүүн – 12 нэр, төрөл

Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгож, сунгах.

3.2

‘’М Си Эс Азиа Пасифик Брюэри’’ХХК

Шар айраг – 7 нэр, төрөл ,

Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгож, сунгах.

3.3

“Баянгол зочид буудал’’ ХХК

Зочид буудал, рестораны үйлчилгээ

Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох.

3.4

“Баялаг- Өлзий” ХХК

Сүлжмэл бүтээгдэхүүн

Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах.

3.5

“Мах импекс” ХХК

Мах, махан бүтээгдэхүүн

Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах.

3.6

“Арвайн Үндэс” ХХК

Цагаан болон өвөрмөц архи

Тохирлын гэрчилгээг 2 жилээр сунгах.

3.7

“Хүчит шонхор” ХХК

Худалдааны газрын үйлчилгээ

Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах.

ЭХ СУРВАЛЖ: СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

Зам тээврийн сайд асан А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогтыг баривчилжээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хүмүүсийг шинэ төмөр зам төслийн хэргээр шалгаж буй. Энэ хэрэг шийдэгдэж амжаагүй байтал тус яаманд ажиллаж байсан зарим албан тушаалтныг хуулийнхан сая баривчилсан байна.

Тухайлбал, Зам тээврийн сайд асан А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогт болон тухайн үед тус яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг саатуулан цагдан хорьсон байна. Тодруулбал, Болгарын компаниас программ авахаар гэрээ байгуулжээ. Гэтэл манай талын мэргэжилтнүүд тус программыг 700 сая-аар худалдан авсан байна. Гэтэл Болгарын компани 300 саяар өгье гэж байжээ.Ингээд тендер дээр будлиан үүсч одоо шалгагдаж байгаа юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэгт 6.44 км авто зам ашиглалтад орлоо

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан 6,44км авто зам ашиглалтад орлоо. “Ялгуусан” ХХК-ийн гүйцэтгэсэн тус замыг 8м өргөн, 1.5 м явган зам, дугуйн зам, гадна гэрэлтүүлэг бүхий замын ажил хунацаандаа дуусч, 2016 оны 09 дүгээр сарын 19-нд байнгын ашиглалтад орлоо.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөсөн анхны барилгын оршин суугчид түлхүүрээ гардлаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар арьс ширний 25 дугаар байр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 оны 7 дугаар сард гарсан байдаг. Энэхүү байрыг буулгаж, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Эфэс констракшн” ХХК шалгарсан юм. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр барилгыг чөлөөлж, дахин төлөвлөлтийн барилгын ажлыг эхлүүлсэн байна. Хуучин арьс ширний 25 дугаар байранд амьдарч байсан 24 өрх тус бүрт “Эфэс констракшн” ХХК 10 м.кв талбай үнэгүй нэмж олгон, 16 айлд орон сууц, 8 айлд үйлчилгээний талбай өгөхөөр тохиролцож, барилга ашиглалтад орох хүртэлх түрээсийн зардлыг олгожээ.

Ашиглалтын шаардлага хангахаа больж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулаад байсан 25-р байрны буурин дээр 1 жил 2 сарын дараа “Морьтон” цогцолбор сүндэрлэж, өнөөдөр оршин суугчид нь түлхүүрээ гардан, шинэ сууцандаа орлоо.

Оршин суугчдад түлхүүр гардуулан өгөх үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сар хүрэхгүй хугацааны өмнө НИТХ-аар баталсан Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах, хот байгуулалт, төлөвлөлтийн олон асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Тухайлбал, “Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцнуудыг шинэчлэх” төсөл хэрэгжүүлэхээр тусгаж, бид ажлаа эхэлсэн. Өнөөгийн мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн дагуу эдгээр орон сууцнуудыг шинэчлэх ажлыг НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба шат дараалан хийж байна. “Эфэс констракшн” ХХК-ийн хамт олон төр, иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, шинээр барьж, иргэддээ орон сууцыг нь хүлээлгэн өгч байгаад талархаж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд иргэдээ чанартай, аюулгүй, тохилог орон сууцаар хангах зорилтыг хотын удирдлагууд бодлогоор дэмжин ажиллана” гэлээ.

Мөн Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд орон сууцны нээлтэд оролцлоо. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар ашиглалтын шаардлага хангахгүй байгаа 170 барилга байна. Зөвхөн Хан-Уул дүүрэгт 30-аад барилга бий. Үүнээс 8 байрны оршин суугч, барилгын компанийн асуудал шүүх дээр явж байна. Хэрвээ оршин суугчид, компанитайгаа ойлголцож чадвал цаг алдалгүй, шинэ байрандаа орох боломжтойг “Эфэс констракшн” ХХК харууллаа. Барилгын бусад компаниуд ч үүнээс үлгэр аваасай гэж бодож байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, анхны орон сууц босч, эхний айлууд түлхүүрээ гардаж байгаад баяртай байна. Энэ ажил цаашид амжилттай үргэлжлэн явагдана гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд оршин суугчдад аз жаргал хүслээ.

Categories
мэдээ нийгэм

“Их Монгол Улс” гудамжны 2,1 км авто замыг хүлээлгэн өглөө

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 2 багцад хувааж, гүйцэтгэгч сонгон шалгаруулсан. Багц-1 буюу “Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их Монгол улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто зам” –ын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эрдэнэ зам” ХХК,Багц-2 буюу “Их Монгол Улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвараас ураш Их тэнгэрийн ам хүртэлх авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тотал Инж” ХХК шалгарсан юм.

Тухайн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 м өргөнтэй зорчих хэсгийг 14 м өргөнтэй 4 эгнээ болгон өргөтгөж, явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах систем зэрэг ажлууд хийгдсэн бөгөөд зам барилгын ажил гэрээт хугацаандаа дуусч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байнгын ашиглалтад оруулав.

Categories
мэдээ нийгэм

Парис хотод Монгол эмэгтэй амиа алджээ

Франц улсын нийслэл Парис хотын Сэйнэ Сэйнт Дэнист оршин суугч 59 настай Монгол эмэгтэй биедээ олон удаагийн мэсний шархтай нас барсан байдалтай аравдугаар сарын 31-ний өглөө олдсон тухай эх сурвалж мэдээллээ.

Хэргийн газарт эмэгтэйн гэр бүлийн хүн 45 настай Монгол эрэгтэй хүзүү, бугуйн тус газраа хутгалуулсан байжээ. Тэрбээр өнгөрсөн даваа гарагийн өглөө хөршөөсөө тусламж гуйснаар хөршүүд нь цагдаад дуудлага өгч, ийнхүү Парис хотын цагдаа нар хэргийн газарт үзлэг хийж эхэлсэн байна. Цагдаа нарыг ирэхэд өрөөн дэх тавилгууд дээр цус, ялгадасны ул мөр байсан бөгөөд хохирогч эмэгтэй газар хэвтсэн байдалтай байжээ. Мөрдөн байцаагчид цогцосны бугуй, хүзүү, гэдсэн дээрх шархыг одоо шинжилж буй юм. Гэр бүлийн хоёр хоёул хохирогч уу, эсвэл нөхөр нь эхнэрээ хөнөөгөөд хохирогч мэт дүр эсгэж байгаа эсэхийг Парисын цагдаа нар шалгаж байна.

Эл хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл Гадаад харилцааны яамнаас авах гэсэн боловч боломжгүй гэдгээ илэрхийллээ. Хохирогчийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авч байж, хэргийн талаар Гадаад харилцааны яам мэдээлнэ гэлээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын удирдлагуудыг фракцаа тараахыг шаарджээ

АН дахь “Нэг ардчилал” фракц тарсныг гишүүд нь албан ёсоор зарласан. Тэд АН гэх нэг тугийн дор нэгдэхийг намынхандаа уриалсан билээ.

Тэгвэл энэ уриалгыг Баян-Өлгий аймгийн АН-ынхан дэмжиж, намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн байна.

Тус шаардлагад фракц хоорондын талцал, хэдхэн бүлэглэлийн явцуу эрх ашгаас болж АН удаа дараагийн сонгуульд ялагдсан гэдгийг онцолсон байна. Тиймээс Нэг ардчиллын санаачилгыг дэмжиж, намын удирдлагыг гартаа авахыг санаархсан фракц, бүлэглэлийг бүгдийг нь тарааж, зөвхөн Ардчиллын туган дор нэгдэж, шинэчлэлийг эхлүүлэх ёстой гэдгийг намын удирдлагадаа уламжилжээ.

Categories
мэдээ улс-төр

Швейцарийн элчин сайдтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Швейцари Улсын Элчин сайд Шан Шак де Дарделийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын болон нийслэл хотуудын харилцан хамтын ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч ярилцлаа.

Элчин сайд Шан Шак де Дардел “Тантай анх удаагаа уулзан, танилцаж байгаадаа баяртай байна. Хэдийгээр би Бээжин хотод суудаг ч Улаанбаатар хотыг өдрөөс өдөрт хөгжин дэвшиж олон талаараа өргөжин тэлж байгаа, хөгжлийн төлөө олон сайхан шийдлүүдийг эрэлхийлэн ажиллаж байгаа талаар мэдээлэл авч байдаг. Манай хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа улам бэхжиж, шинэ шатанд хүрэхэд энэ уулзалт илүү нөлөөлөх байх гэж бодож байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хотын даргаар ажиллаж байгаагийн хувьд иргэдийнхээ эрүүл аюулгүй, амгалан тайван амьдруулах тал дээр анхааран ажиллаж байна. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа болон бусад зүйлс дээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Даваасүрэн ОХУ-ын Гадаад хэргийн яаманд уулзалт хийв

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ОХУ-ын ГХЯ-ны Азийн I газрын дарга А.Б.Куликтай 11 дүгээр сарын 3-ны өдөр уулзаж, хоёр талын харилцааны цаг үеийн асуудлаар санал солилцов. Уулзалтанд оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Азийн I газрын орлогч дарга В.А.Калинин, хэлтсийн дарга Р.И.Журавлев, ахлах зөвлөх В.В.Окнянский нар, монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасар, ЭСЯ-ны Элчин зөвлөх Ч.Баттөмөр, гуравдугаар нарийн бичгийн дарга Ц.Баттөр нар байлцав.

Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нарын баярын мэндчилгээг харилцан солилцов. Түүнчлэн хоёр тал Монгол, Оросын харилцаа бүхэлдээ, ялангуяа улс төрийн харилцаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэн, цаашид харилцааны агуулгыг баяжуулж, юуны өмнө худалдаа, эдийн засгийн чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны шинэ хэлбэр, механизмыг хайх шаардлагатай байгаа талаар санал нэгдэв.

Хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд сүүлийн үед байгуулсан баримт бичгүүд, тухайлбал харилцааны бүх салбарыг хамарсан “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Орос, Монгол, Хятадын хоорондын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал”, “Орос, Монгол, Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн заалтыг ажил хэрэг болгох явдал чухал ач холбогдолтойг хоёр тал тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 95 жилийн түүхтэй орчин цагийн Монгол-Оросын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн хүрээнд сэргээн хөгжүүлэх, энэ зорилгоор яриа хэлэлцээг бүхий л түвшинд тогтмол хийж, санал солилцож байх, хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг хамтдаа тухай бүр нь шийдвэрлэж байх саналтай буйгаа илэрхийллээ.

Categories
мэдээ спорт

Гар бөмбөгийн УАШТ-д 63 баг оролцож байна

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит өсвөрийн волейболын Улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотод эхэллээ. Уг тэмцээнд 17 аймаг, таван дүүргийн хөвгүүд, охидын 63 багийн 600 гаруй өсвөрийн волейболчид оролцож байна. Тэмцээний нээлтийн үеэр Ховд аймгийн дасгалжуулагч Ч.Түмэндэмбэрэл, Хэнтий аймгийн дасгалжуулагч П.Нэргүй, Баян-Өлгий аймгийн дасгалжуулагч М.Диммухамед нарыг Монголын Волейболын холбооны “Хүндэт тэмдэг” ээр шагнаж урамшууллаа.

2016 оны өсвөрийн УАШТ-ий медальтнууд энэ сарын 9-ний өдөр тодорно.