Энэ удаагийнхаа дугаарт дэлхийд хамгийн алдартай кофе үйлдвэрлэгч компани болох “Старбакс”-ыг танилцуулж байна. Энэ бол кофены зах зээлд тэргүүлэгч хамгийн элит, хамгийн нэр хүндтэй компани юм. Түүнийг үндэслэгчид нь Сан Францискогийн их сургуулийн оюутнууд болох Jerry Baldwin, Zev Siegl, Gordon Bowker нар юм. Тэд 1971 онд кофены үрийг савлаж борлуулах компани байгуулж Вашингтон мужийн Сиэтл хотод анхны салбараа нээж байжээ. Компаниа алдарт “Моби Дик” зохиолын баатар болох Старбаксын нэрээр нэрлэсэн байна.
Харин өнөөгийн агуу том “Старбакс”-ын сүлжээг бий болгоход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол яах аргагүй одоогийн тэргүүн Ховард Шульц юм. Тэрээр Италид явж байхдаа нэгэн кофе шопоор үйлчлүүлжээ. Тэр газрын бариста эмэгтэй нь эелдэг зөөлөн ааштайн дээр үйлчлүүлэгчидтэй халуун дотно яриа өрнүүлэн үргэлж инээмсэглэж буйг хараад түүнд нэгэн шинэ санаа төрсөн байна.
Ингээд тэрээр нутагтаа буцаж ирээд яг тийм соёлтой үйлчилгээтэй кофе шопыг нээн ажиллуулсан нь үйлчлүүлэгчдэд ихэд таалагджээ. Энэ үед “Старбакс” хэмээх брэнд нэр түүнд хэрэг болохыг мэдэж. Тэрээр компанийн нэр, логог 1986 онд худалдан авч 1998 онд 83 сая доллараар Сиэтл дэх гол компанийг ч өөрийн болгов.
Ингэснээр урьд нь зөвхөн кофены үрийг савлаж зардаг байсан компанийг жинхэнэ утгаар нь тав тухтай орчинд кофег чанаж боловсруулан, цаасан аяганд худалдаалдаг болгон өргөжүүлсэн юм. Анхны “Старбакс” экспрессо кофены дэлгүүрээ нээж өнгө үзэмж, чанарт нь анхаарч эхэлжээ. Компани эхлээд кофены аяганы гадуур гар халахаас сэргийлсэн резинийг жийрэг болгон хийж өгсөн нь хэрэглэгчдэд таалагджээ. Үүний дараа “Бүхнийг хүрээлэн буй орчны төлөө” хэмээх уриан дор кофе худалдаж авсан хүн бүрт картон цаасан жийргэвч үнэгүй дагалдуулж өгөх эсвэл арай илүү мөнгө төлөөд гоёмсог Starbucks лого бүхий хөөсөн жийргэвч авч болохоор шийдсэн байна.
Ховард Шульц хилийн чанадад салбар дэлгүүрүүдээ нээх боломж буйг олж харж 1996 онд анхны салбараа Японы Токио хотод нээв. Анхны итали маягийн кофены газрууд америк хэв маягт тохирохгүй болох нь удалгүй тогтоогджээ. Учир нь итали кофены газрууд 100 хүрэхгүй хавтгай дөрвөлжин метр бүхий талбайд хэдхэн тооны сандал ширээтэй байдаг аж. Ихэнх үйлчлүүлэгч ширээний ард ярилцаж суух дуртай. Америкт тийм хувилбар төдийлөн тохирохгүй байлаа. Тиймээс “Старбакс”-ыг яриа хөөрөө өрнүүлэх газар болгохын тулд маш олон өөрчлөлт хийв. Тухайлбал, талбайг томсгож, лангууны ард тавигддаг өндөр сандлуудын оронд тохилог зөөлөн буйдангууд сонгож. Ингээд америкчууд түүний хүссэнээр “Старбакс”-т уулзалдах болсон байна.
“Старбакс”-ын ӨвӨрмӨц байдлыг хадгалахын тулд цорын ганц стандартыг баримталдаг
Ховард Шульцын хувьд бүх салбартаа “Старбакс”-ын өвөрмөц байдлыг хадгалахын тулд цорын ганц стандартыг баримтлахыг шаарддаг. Тиймээс бүх кофены газар ижил дизайнтай байхаас гадна кофены амт ч ижил байх ёстой. Өөр хотод байсан ч гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлж, романтик орчноор хангах нь Шульцэд маш чухал байв. Орчныг бүрдүүлэхийн тулд кафед байнга уянгалаг хөгжим явуулж байхыг үүрэгдэв. Гэхдээ Нью-Йоркийн кофены газарт эгшиглэж буй аяз Сиэтлийнхт ч бас эгшиглэх ёстой.
Нэгэн өдөр өөр өөр хотын кофены газрын менежерүүд “Старбакс”-ын төвд нэг асуудлаар хандлаа. Үйлчлүүлэгчдэд кафед эгшиглэж буй жааз хөгжим тун ихээр таалагдаж байсан учраас хаанаас тэрхүү хуурцгийг худалдаж авч болохыг асуусан гэнэ. Төд удалгүй “Старбакс”-ын удирдлага “Capitol Records” компанитай гэрээ байгуулан 1995 оны гуравдугаар сард жааз, блюз хөгжмийн цомгоо худалдаанд гаргасан байна. Эхний өдрөө л 75 мянган хувь борлогджээ. Ингээд “Старбакс” “Hear Music” хэмээх охин компаниа байгуулж, жил бүр шинэ цомог худалдаанд гаргах болжээ.
Үүний зэрэгцээ “Старбакс”-ын бас нэгэн сонирхолтой баримтыг дэлгэхэд кофены газруудын орох хаалга нь үргэлж зүүн эсвэл өмнө зүг рүү харсан байдаг бөгөөд хэзээ ч хойшоо хардаггүй. Учир нь үйлчлүүлэгчид өдрийн гэрэлд тухлах чухал ач холбогдолтой гэж компанийн удирдлагууд үздэг.
“Бид эргэн ирнэ”
Компанийн амжилт үргэлж дардан явсангүй. 2007 онд АНУ-д эдийн засгийн хямрал болж “Старбакс” ч үүнд өртжээ. Ховард Шульц өөрийн дэлгүүрийг бараг л 50 метр тутамд нэгийг байгуулсан нь үйлчлүүлэгчдэд нь “Старбакс хаа сайгүй л байж байдаг юм” гэсэн хямдхан ойлголтыг төрүүлчихэж. 2007 оны аравдугаар сард 26 ам.доллараар зарагдаж байсан нэгж хувьцааны үнэ ам.доллар болтлоо буурчээ. Ингээд 2008 оны эхээр тэрбээр Америкийн хамгийн чинээлэг 400 эрхмийн жагсаалтаас хүртэл хасагдсан байна.
Иймээс хамгийн түрүүнд авсан арга хэмжээнүүдийнх нь нэг нь брэндийн нэр хүндийг дахин бий болгох. Ингэснээр Амерк дахь 7100 салбар дэлгүүрээ нэгэн зэрэг хаан, бариста нараа дахин сургалаа. Үүгээрээ нийт үйлчлүүлэгчдэдээ “Бид эргэн ирнэ” гэсэн хүчтэй дохиог илгээж буй гэж үзсэн байна. Тиймдээ ч үйлчлүүлэгчид их хүлээлттэй хоцорчээ.
2008 оны гуравдугаар сард “Starbucks-т зориулсан шинэ санааны цахим хуудас” хэмээх тун сонирхолтой төсөл боловсруулж интернэтэд тавьжээ. Компанийн ажилтан, үйлчлүүлэгч гэх мэт ямар ч хүн тус төсөлд оролцож, кофены газруудыг сайжруулахын тулд юу хийж болох тухай өөрийн санаагаа илэрхийлэх боломжтой байв. Хүмүүс таалагдсан санаандаа саналаа өгөх бөгөөд түүнээс шилдгийг нь шигшиж, хэрэгжүүлэх боломжтой байсан аж. Тэд өөрсдийн өнгө төрхөө эрс өөрчилж, ресторануудынхаа загвар дизайныг шинэчилснээр илүү олон дэлгүүр нээж эхэлсэн байна. Ингэснээр 2011 он гэхэд нэгж хувьцааны үнэ нь 36 ам.доллар болтлоо өсчээ. Дэлхийн өнцөг булан бүрт кофе шопуудаа нээж, хамгийн чанартай кофег үйлдвэрлэж, итгэж болох хамгийн үнэнч брэндийг бий болгожээ.
“Старбакс”-ын СЕО Ховард Шульцэд байнга авч явдаг хоёр түлхүүр байдаг. Нэг нь 1,400 ам метр талбайтай дэлхийн хамгийн тансаг “Старбакс” дэлгүүрийнх. Сиэтл хотын Конгрессын ордны ойролцоо байрлах энэхүү дээд зэрэглэлийн кафе үйлчлүүлэгчдэдээ шинэхэн хуурсан кофег мэргэжлийн аргаар чанаж өгдөг. Nike брэнд өөрийн гэсэн Niketown гэх хоттой байхад Шульц өөрийн кофены бизнесээ өргөтгөж “вилли вонка” маягийн хэв загварыг бий болгожээ.
Нөгөө түлхүүр нь илүү гүн гүнзгий утга бүхий түүхийг өгүүлнэ. Уг түлхүүр Starbucks анх үүд хаалгаа нээж байсан Сиэттл дэх жижигхэн дэлгүүрийнх юм. Тэнд очиход үргэлж 1971 онд эргэж очсон мэт сэтгэгдэл төрөх ба Вьетнамын дайны үед тухайн брэндийг тодорхойлж байсан хуучин тавилгуудаа өөрчлөөгүй хэвээр. Шульц “Би хааяа тэнд үүрээр 04:15 цагт очдог. Ганцаараа байж төвлөрөх шаардлага гарсан үед тэнд л очдог юм” хэмээжээ.
“Старбакс” амжилттай Яваагийн нууц нь хҮний ходоодыг дҮҮргэх буссэтгэлийг нь дҮҮргэхэд оршдог
“Старбакс” салбартаа тэргүүлдэг томоохон шалтгаан нь хүний ходоодыг биш сэтгэлийг нь дүүргэдэгтэй салшгүй холбоотой гэж үздэг. Тус компанийн лого нь хүн бүрийн анхаарлыг эрхгүй татдаг. Анх эмэгтэй хүний бүтэн биеийг дүрсэлсэн байсан бол яван явсаар зөвхөн нүүрний хэсгийг дүрсэлснээр тогтжээ. Сонирхуулахад, логогоо хамгийн их өөрчилсөн компани гэгддэг юм билээ. “Старбакс” нийт 65 оронд 23.305 салбартай, 160 мянган ажилтантай бөгөөд АНУ-д 13.049, Хятадад 1909, Канадад 1555, Японд 1089, Их Британид 927 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүнчлэн “Starbucks Coffee Company”, “Ethos water”, “Evolution Fresh”, “Hear Music”, “La Boulange Bakery”, “Seattle’s Best Coffee”, “Tazo, Teavana”, “Torrefazione Italia” зэрэг охин компаниуд байгуулжээ.
“Старбакс”-ын онцлогоос дурдвал:
-Өнгөрсөн жилийн 1.39 тэрбум ам.долларын цэвэр орлогоороо “Старбакс” кофены зах зээлд тэргүүлжээ.
– Тус компани жилд 93 сая галлон сүү хэрэглэдэг. Энэ нь олимпийн наадмын усан санг 115 удаа дүүргэхтэй тэнцүү аж.
-Харин жилд 2.3 тэрбум цаасан аяга ашигладаг.
-“Старбакс” 137 мянган ажилтантай. Энэ нь Гринландын хүн амаас хоёр дахин их тоо юм.
-“Старбакс”-ын дундаж хэрэглэгч тус дэлгүүрт сард зургаан удаа зочилдог байна. Харин Старбакст дурлагсдын 20 хувь нь сард 16 удаа энэ кофег уухаар ирдэг байна.
-“Старбакс”-ын хамгийн том ундаа бол Trenta кофе. Багтаамжаар хүний ходоодноос том аж. Trenta 916 мл.л багтаамжтай бол хүний ходоод 900 мл.л-ийн багтаамжтай.
-Мэргэжилтнүүд тус кофены чанарыг шагшин магтдаг. Нэг аяга “Старбакс”-т 320 мл кофейн агуулагддаг нь алдарт “Red Bull”-ээс дөрөв дахин илүү хэмжээ юм.
-Илчлэгийн хэмжээгээрээ нэг фунтэд 480 калори агуулдаг “МакДоналдс”-аас ч илүү аж.
-“Старбакс”-ын ажилтан бүр унших ёстой гарын авлага “The Green Apron” нэртэй. Тус номонд хамгийн ихээр анхааруулсан зүйл бол үйлчлүүлэгчдийг үргэлж инээдээр шагнаж байх.
-Дэлхий даяар “Старбакс”-ийн салбар бүр онгойно гэж бичсэн цагаасаа 10 минутын өмнө бэлэн байх үүрэгтэй.
-Калифорнийн Santa Fe Springs хот хамгийн олон “Старбакс”-ын дэлгүүртэй. 25 миль тутамд 560 Starbucks-ийн дэлгүүр байрладаг.
-“Старбакс”-ыг хамгийн ихээр хэрэглэдэг орон нь АНУ, Канад, Япон, Их Британи, Хятад, Өмнөд Солонгос.
-Тус компани 1971 онд байгуулагдсан хэдий ч 1980-аад оны сүүлчээс эхлэн дэлхийд танигдах брэнд болсон гэгддэг.
О.ӨНӨРЦЭЦЭГ