Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны гишүүд прокурорын цалинг нэмэхийг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2016.11.04/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүд, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.

Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын их хурлын тогтоолын төслийг ихэнх гишүүд дэмжиж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Баделхан “Тогтоолын төслийг дэмжиж байна. Ялангуяа прокурорын байгууллагын цалинг нэмэхийг дэмжиж байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ өөрчлөлтөөр прокурорын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх юм байна гэж ойлгосон. Үүнийг дэмжиж байна. Цалин нэмнэ гэсэн нь сайн ажил гэсэн хэрэг байх. Энэ батлагдвал прокурорын байгууллагыг дэмжих шийдвэр УИХ-аас гарч байна гэсэн үг” хэмээн саналаа хэллээ.

Санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Дараа нь, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулж, тус Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Ийнхүү Төсвийн байнгын хорооноос санаачлан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар болло

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Өнөөдөр зарим нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байна. Цаг агаарын энэхүү таагүй байдлын улмаас орон нутгийн зарим замуудын нөхцөл байдал хүндэрчээ.

Тухайлбал, Хөвсгөл аймагт цас их орж замын нөхцөл хүндэрсэн тул аймгийн Засаг даргийн захирамжаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 14:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна.

Мөн Авто тээврийн үндэсний төвөөс өгсөн мэдээллээр цас ихээр орсны улмаас хойд чиглэлд Орхон аймаг Хөшөөтийн даваа хальтиргаа гулгаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж. Тиймээс зорчигчдод замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхаарууллаа

Categories
мэдээ эдийн-засаг

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмнэ

tsetsИрэх оны улсын төсвийг өчигдөр УИХ-аар хэлэлцэж, хэдий таналт хийж байгаа ч зарим салбарын зардлыг нэмэгдүүлжээ. Тухайлбал, прокуроруудын цалинг нэмэгдүүлэх санал гишүүдийн дэмжлэгийг авсан байна. Прокуроруудын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 9.462.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлэхээр 341.8 сая төгрөгийг суулгасан байна.

Түүнчлэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хувьсах зардлыг 1,968.8 сая, Өвөрхангай аймгийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг 1,296.0 сая, Хөвсгөл аймгийн халамжийн сангийн зардлыг 1,376.6 сая, Дорнод аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг 270.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гишүүд дэмжсэн байна.

Categories
мэдээ нийгэм

1000 жилийн настай соёлын өвийг сэргээн засчээ

dornot Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Хэрлэн барс хотын туурь цамхагийг бэхжүүлж, сэргээн засварлах ажил дуусч, хүлээлцэх ёслол энэ сарын гуравны өдөр болжээ.
Энэхүү туурь нь Х зууны үед эртний Кидан гүрний үед баригдсан 1000 жилийн настай соёлын үнэт өв Хэрлэн барс хотын туурь цамхаг нь байгаль цаг агаар, хүний буруутай үйлдэл зэргээс шалтгаалан олон зуун жилийн туршид элэгдэж, гэмтсээр хазайлт үүсэн, нурах эрсдэлд орсон байжээ.
Иймд МУ-ын Соёлын өвийн төв, БНХАУ-ын Соёлын өвийн академи хооронд цамхагийг бэхжүүлэх, хамгаалахад хамтран дурсгалыг сэргээн засварлах ажлыг 2014 оноос эхлүүлсэн аж. Сэргээн засварлах ажилд шаардлагатай нийт 270 сая төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын тал Соёлын буцалтгүй тусламж болгон олгожээ.

Categories
гадаад мэдээ

Пак Гын Хэ Ерөнхийлөгч ард түмнээсээ хоёр дахь удаагаа уучлал гуйлаа

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдөр 10 цаг 30 минутад бүх ард түмэндээ хандан үг хэлж, уучлалт гуйжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Ард түмэн та бүхнээс дахин уучлалт гуйж байна. Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нь намайг хүнд хэцүү үед сэтгэл санаагаар дэмжиж, тусалж байсан хүн юм. Би эх орон, иргэдийнхээ төлөө бүх амьдралаа зориулан ажиллаж байхдаа зарим үед надтай эртнээс танил байсан хүмүүсээс тусламж гуйдаг байсан.

Гэвч энэ нь өөрийнхөө найз нөхөд, дотно хүмүүсийг албан ажилтайгаа холбосон нь миний алдаа байсан бөгөөд би энэ үйлдэлдээ уучлалт гуйж байсан. Би Ерөнхийлөгчийн албан тушаалыг авсан цагаасаа эхлэн эх орныхоо эдийн засгийг өсгөх, иргэдийнхээ амьдралыг улам дээшлүүлэх зорилготой ажиллаж байна.

Зорилгоо биелүүлэхийн тулд Засгийн газартайгаа хамтран олон тооны ажлыг төлөвлөн гүйцэтгэж байсан бөгөөд уг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан улсын мөнгөнөөс тодорхой хэсэг хүмүүс их хэмжээгээр завшиж байсныг бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас илрүүллээ.

Өөрөөр хэлбэл миний үүрэг болгосон ажлыг гүйцэтгэх явцдаа миний танилууд мөнгө завшиж байсан юм байна. Мөнгө завшсан хэрэгт холбогдуулан миний эртний танил, бизнес эрхлэгч Чуй Сүн Шил болон миний туслахаар ажиллаж байсан Ан Жунг Боб нарт эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон.

Гэвч энэ бүхэнд ажилдаа хариуцлагатай хандаж чадаагүй надад ч буруу байгаа. Иймд би цаашдаа хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас дуудсан цагт мэдүүлэг өгч, өөрт хамаарах хүрээллийг бүхэлд нь шалгуулах болно.

Би иргэд та бүхний итгэлийг алдсандаа болон надтай хамт төрийн албанд үнэнч зүтгэж байгаа Засгийн газрын бусад гишүүдээсээ уучлалт гуйж байна.

Ингээд би энэ асуудал дэгдсэнээс хойш ард иргэдээсээ 2 дахь удаагаа уучлалт гуйж байгааг минь та бүгд хүлээн авна уу” хэмээн хэлсэн байна.

Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь бүх ард түмэндээ хандаж үг хэлэх үед хоолой нь зангиран нүдэнд нь нулимс цийлэгнэж байсан бөгөөд тэрээр Чуй Сүн Шил-тэй холбоотой байж болох бүх албан байгууллага, хүмүүсийг шалгах үүргийг цагдаагийн газарт өгсөн бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хатуу хариуцлага тооцон зохих ял шийтгэлийг оноохыг үүрэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Билл Клинтоны Сан нэг сая долларын хандив хүлээн авчээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны Сан Катарын эрх баригчдаас нэг сая долларын хандив авсан гэнэ. Энэ мэдээллийг тус Сангийн төлөөлөгч Брайан Кукстра баталсан байна.

Хандивыг Билл Клинтоны 65 насны ойг тохиолдуулан өгсөн аж. Энэ мөнгө нь тус Сан дахь Катарын хувийг “материаллагаар өсгөх” зориулалттай биш байсан хэмээн Кукстра мэдээлжээ.

WikiLeaks сайт тус Сангийн ажилтнууд болон Хиллари Клинтоны сонгуулийн штабын удирдагч Жон Подеста нарын хоорондоо бичилцсэн зурвасуудыг өмнө нь дэлгэж байсан билээ. Катарын эрх баригчид Билл Клинтонд нэг сая доллар бэлэглэн, хувьчлан уулзах хүсэлтэй байгаа тухай тэдгээр захидлуудад дурдагдаж байсан аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Самар эмгэн

Хүмүүсийг хувилгадаг нэгэн эмгэн байжээ. Түүний гар нь урт, шүд нь хурц, нуруу нь бөгтгөр, бие нь хавирган сар шиг хэлбэртэй гэнээ. Түүнийг харсан хүмүүс ховор ч үлгэр домогт түүнийг өглөө үүр цайхад шуудайгаа үүрээд бөгцөг бөгцөг алхаж байдаг гэлцэнэ.

Эртэч эмгэнийг харсан хүмүүс тэр өдрөө баяртай үйл явдал тохиох нь гэж самрын яс хагалдаг заншилтай болжээ. Эмгэн самрын яс хагарахад доторх үрийг нь идэх гэж эргэж ирдэг гэж үздэг учир хүмүүс самрынхаа үрийг идэлгүй өргөдөг ажээ. Тийм ч учраас түүнийг Самар эмгэн гэж нэрлэцгээнэ. Түүнийг шуудайтай юм үүрч явдаг гэлцдэг бөгөөд тэрийг нь самрын үр ч гэж хүмүүс ярилцдаг байв.

Эмгэн туслах хүндээ тусалж, бас шоглох хүнээ шоголчихоод яваад өгдөг адтай нэгэн ажээ.

Ингээд нэгэн удаа Самар эмгэнд тохиолдсон явдлыг яръя.

Нэгэн өглөө тэрээр айл гэрийг үймүүлж, эхнэрийг нь эзгүйчилж явдаг нэгэн завхай хүүхэнтэй таарчээ. Хар үүрээр айлын гэрээс гараад хаашаа ч юм бэ хулгайч шиг яаран алхах тэр хүүхэн дээр эмгэн очоод

Хүү минь ээ чамд ингэж явахаас өөр хийх ажил алга уу, ингэж айл гэр үймүүлэхээ больсон чинь дээргүй юу гэж эв аргаар ойлгуулах санаатай хэлэхэд Хүүхэн муухай харж, эмгэнийг доороос нь дээш нь сонжоод

Хн…Хог лааз түүж явдаг, хогийн тантан шиг хувцастай, хөгшин эмгэн чамд миний явдал ямар хамаа байна гээд хэнэг ч үгүй өндөр өсгийт дээрээ тогтож ядан товор товорхийн алхаж одож гэнэ.

Самар эмгэн уурлан үүрч явсан шуудайгаа газарт тавиад дотроос нь нэгэн самрын үр гаргаж ирэн амандаа шившээд араас нь шидэхэд тэр бүсгүй тэр дороо үзэшгүй муухай эмгэн болж хувирав. Нүүр нь үрчийж, үс нь ширэлдэн шүүр шиг болж, хөл гар нь тахийв гэнэ. Хүүхэн өөрийгөө хувирсныг ч анзааралгүй алхаж явтал зөрсөн хүн болгон түүнээс зугтаж, ямар муухай эмгэн бэ гэж шивэр авир гэлцээд байхаар нь гайхан үсээ илэх гэтэл хоёр гар нь үзэшгүй муухай болсоныг олж харав. Тэрээр хоёр гараа ээлжлэн харж, нүдэндээ ч итгэлгүй бушуухан цүнхнээсээ толио гарган өөрийнхөө үнэн төрхийг олж хараад тэр дороо ухаан алдан газарт пидхийн ойчов.

Нэг мэдсэн цагаан халадтай эмч дээрээс нь өнгийн зогсож байв.

Өө эмээ та сэрчихэв үү, өвдөж байгаа зүйл байна уу гэж уриалагхан асуухад нь

Эмээ гэнэ үү, чи юу яриад байгаа юм бэ, би эмээ биш гэж босох гэж зүтгэхэд нь эмч түүнийг даран хэвтүүлж

Босож болохгүй ээ эмээ, бие чинь их муу байна. Ийм өндөр настай хүн байж ганцаар явж болохгүй ш дээ, үр хүүхдээ, үгүй ядаж ач зээгээ дагуулаад явж бай л даа гэхэд нь

Бурхан минь, энэ авгай чинь одоо юу яриад байнаа, алив толь байна уу толь гэж хашгирлаа. Сувилагч бүсгүй тайвшруулах тариа тэр дор нь хийж тэрээр жаахан тайвшран юу болсныг санах гэж оролдон толинд гунигтайяа дахин харав

Түүний хими хийлгэсэн дэрэвгэр хар сормуусных нь оронд гомдмоор хэдэн үс сөрвийж, давхраа хийлгэсэн алаг нүднийх нь оронд цэхийсэн хоёр цийдэм өөдөөс нь ширтэж, өөгүй шулуун хамрынх нь оронд үл мэдэг товгор яс, хоёр нүх л харлаж үзэгдэв. Хайртай гэж залуус ханаж цадахаа мэдэхгүй үнсэж үнгэлдэг улаахан уруулынх нь оронд шүдгүй буйл бултасхийхэд хорвоо тэр чигээрээ л хөмөрчих шиг санагдав.

Хувирч өөрчлөгдсөн гадаад төрхөө хичээж засаж буцаж залуу сайхан болъё гэвэл өөрийн гэмээ ухаарч өдөр бүр нэг сайн үйл хийж бай гэсэн эмгэний үг тархинд нь харван орж ирэхэд түүнд уур нь хүрч хамаг юмаа авч шидлэв. Хагарсан толь хананд ойн цацагдахад тэрээр “Энэ бүхэн шударга бус байна, өнөөгийн нийгэмд ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч байгаа хүн хаана байна” гэж уурсан хашгирч орноосоо үсрэн буухад өвдгөөр нь хатгуулан өвдөж буцаад л ёо ёо гэсээр буцан суулаа. Хэчнээн уурлалаа ч ямар нэмэргүй учир тэрээр энэхүү гэнэтийн гайг өрөөл бусдад тохолгүй өөрөө л үүрч гаръя гэж шийдэн эмнэлэгээс гарлаа.Гэр бүлийнхэн дээрээ ч очилгүй өнөөх шоолж байсан эмгэнээ дуурайн шуудай үүрч, шил лааз цуглуулан арай гэж амиа зогоон явах болж гэнээ.

Урьд нь харж байсан муу муухай гэж бодож явсан бүхэн нь түүний нүдэнд үнэ цэнэтэй харагдаж, баячуудаас илүү ядуу хүмүүс илүү хүн чанартай юм байна гэдгийг тэрээр олж мэдэн олон сайхан найз нөхөдтэй ч болж удалгүй түүнийг өрөвдөн хүмүүс гэр барьж өгөхөд тэрээр хашаандаа мод тарьж, ногоо ургуулж зогсолтгүй хөдөлмөрлөсний хүчинд өөрт илүү гарснаараа хүүхэд багачуудыг баярлуулан үр жимсээр нь ундаалан тэдний азжаргалтай инээд хөөрийг харан суусаар нэг мэдэхэд гадаад төрх байдал нь өөрчлөгдсөөр урьдын адил залуу сайхан болж гэнээ. Тэрээр одоо чадах бүхнээ бусдын төлөө зориулан, гайхамшигтай амьдрал хайрласан бурхандаа өдөр бүр залбиран талархах болжээ.

Түүнийг ийнхүү өөрчлөгдөж буйг хараад Самар эмгэн баярлан түүнрүү дахин нэг үр шившин шидэхэд удалгүй тэрээр сайхан залуутай таарч хамтдаа амьдран хөөрхөн хүүхдүүд төрүүлжээ.

Энэ бүхнийг харан сэтгэл нь амарсан Самар эмгэн өөр олон хүмүүст сургамжаа өгөхөөр шуудайгаа үүрэн жирийн одлоо. O. Өнөрцэцэг

Categories
гадаад мэдээ

НҮБ: “Лалын улс” 1600 хүнийг “амьд бамбай” болгож болзошгүй

МОСУЛ. /Kyodo/. Иракийн хоёр дахь том хот болох Мосул орчмын нэгэн тосгоны 1600 орчим оршин суугчийг “Лалын улс” бүлэглэлийнхэн Мосул хотын дүүрэг рүү хүчээр аваачсан гэж НҮБ-ын албаны хүн хэлээд, “тэднийг амьд бамбай болгох гэж байж болзошгүй” гэж анхаарууллаа.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани баасан гарагт мэдэгдэхдээ “Мосул хотоос өмнө зүгт орших нэгэн тосгоны оршин суугчдыг энэ долоо хоногийн мягмар гарагт ачааны машинаар Мосулаас баруун зүгт холгүй орших Тал-Афар дүүрэгт аваачсан” гэв.

Тал-Афар нь Мосул болон Сирийн Ракка хотын хооронд оршдог аж. Ракка хотыг босогчид өөрсдийн тунхагласан лалын халифт улсынхаа нийслэл гэдэг билээ.

Мөн “Лалын улс”-ынхан 9-өөс дээш насны хөвгүүдээ өгөхийг оршин суугчдад тушаасан гэсэн мэдээлэл байна. Хөвгүүдийг босогчид өөрсдийнхөө эгнээнд нэгтгэх гэж байгаа бололтой. Хэрвээ хөвгүүдийг өгөхгүй бол ар гэрийнхнийг нь хүйс тэмтэрнэ гэж босогчид заналхийлжээ.

Мосул хотыг чөлөөлөх цэргийн ажиллагааг өнгөрсөн сараас явуулж эхэлсэн Иракийн засгийн газрын цэргүүд өнгөрсөн мягмар гарагт тус хот руу нэвтэрсэн юм. Иракийн армийнхан өчигдөр Мосулын зүүн хэсгийн зургаан дүүргийг чөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Үнэт цаасны мэдлэг олгох сургалт болно

birjАрваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 14:00 цагт Монголын Хөрөнгийн биржийн сургалтын танхимд Үнэт цаасны мэдлэг олгох сургалт эхлэх ажээ. Тус сургалтыг санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд удирдан явуулах юм байна.

Үнэт цаасны мэдлэх олгох энэ удаагийн сургалт хөрөнгийн зах зээл сонирхогч хэн бүхэнд нээлттэй ажээ. Тус сургалтад хамрагдахыг хүссэн хөрөнгийн зах зээл сонирхогч, оролцогч иргэн Та хөрөнгийн биржийн сургалтын төвийн 11-313747-2121 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ найман иргэний мэдүүлгийг буцаажээ

АТГ-ээс томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр найман иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 282 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Өнгөрсөн долоо хоногт 329 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 282 нь зөрчилгүй байсан бол 8-ыг нь буцааж, 36-д нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 231 урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж.

“Улаанбаатар чуулга” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Дашлхагва, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшсэн Ө.Ган-Өлзий, Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд нэр дэвшсэн Ц.Алтанзаяа нарын зэрэг 282 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшсэн М, Монголын цахилгаан холбоо ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшсэн Ө, Дорнод аймаг дахь Гаалийн газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн В нарын мэдүүлгийг хянаж үзээд ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзжээ.